Categories
мэдээ нийгэм

Австрали улсын эрдэс баялгийн зөвлөл болон Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзав DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Демус Кингтэй уулзлаа.

ВНР, Ринто Тинто, Янкоул Австрали зэрэг компаниудын гишүүнчлэлээс бүрддэг тус байгууллага нь эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг дэмжих, сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр Австралийн геологи хайгуул, олборлолтын компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах боломж, манай улсын геологийн нөөц, бололцооны талаар талууд санал, мэдээлэл солилцлоо. Геологи хайгуул, олборлолтын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, цаашид геологи хайгуулын чиглэлээр өндөр технологи нэвтрүүлэх шаардлага, Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага геологийн хайгуулын ажил гүйцэтгэж, дараагийн шатанд хайгуул хийх компаниудын эрсдэлийг бууруулдаг нь хөрөнгө оруулалт татахад ихээхэн хувь нэмэр оруулдаг тул энэ жишгийг Монгол Улсад нутагшуулах нь чухал болох талаар Демус дурдлаа. Хоёр тал цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн өдрийн үдээс хойш сайд Ж.Ганбаатар Викториа мужийн Дэд комиссар бөгөөд Ойрхи Дорнод, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Кассем Янестай уулзлаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журам, газрын ховор элемент, критикал минерал, зэсийн хайгуул, олборлолтын асуудлаар санал солилцож, байнгын харилцаатай хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын Австрали Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний оргил ачаалал 1270 МВт-д хүрээд байна DNN.mn

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүнтэй өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ээлжит хурлыг хуралдуулж, ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцсэн.

Дэд сайд М.Баярмагнай дулаан хангамжийн улирал эхэлсэн холбогдуулан зарим мэдээллийг өглөө. Эрчим хүчний оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВт-д хүрсэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өмнөх онтой харьцуулахад илүү сайн байгааг тодотгов.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 91 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн тулгарч буй асуудлын хүрээнд дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

• Улсын онцгой комиссын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн IV хуралдаанаас “Эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагон хангалтыг нэмэгдүүлэх” үүрэг даалгаврын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-уудын ерөнхий инженер нарт,

• Дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа дөрвөн үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллаас өмнө дуусгаж ажиллахыг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “ДЦС-3” ТӨХК, “ЭДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ерөнхий инженер нарт,

• “ДЦС-3” ТӨХК-ийн мазутын нөөцийг бүрдүүлэх талаар шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт,

• “ДЦС-4” ТӨХК-ийн 2Т трансформаторын засварыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, ажиллагаанд залгахыг “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженерт,

• “ДЦС-4” ТӨХК-ийн 2Т трансформаторыг засвартай холбоотойгоор Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний горим ажиллагааг зохицуулж ажиллахыг “ДҮТ” ТӨХХК-ийн ерөнхий инженерт тус тус үүрэг болголоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хэрэгтнийг хил давуулсан шүүгч “Х” гэж хэн бэ? DNN.mn

Монголд хөрөнгө оруулахаар ирсэн гадаадын иргэдийг залилдаг, хөрөнгийг нь булааж аваад хилээр хөөгөөд гаргачихдаг тухай баримт мэдээллүүд нэлээд эртнээс яригдаж, бичигдэж ирсэн сэдэв. Бүр хууль хяналтын байгууллагын томчууд, хурандаа нар хамсан хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь зарласан. Тэр дундаас нэлээд алдартай нь Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг юм.

Товчхондоо бол энэ хэрэг ингэж өрнөсөн. Макс Жонсон 2016 онд Хонконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох бусадтай үгсэн хуйвалдаж 19 сая ам.долларыг нь хувьдаа завшсан. Макс Жонсон Монголын шүүх байгууллагуудад нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрээгүй. Хариуцагч Д.Буянтогтох нь хил даваад зугтаачихсан. Эцэст нь тэрээр Арбитрт хандсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Макс Жонсон байсхийгээд Монголд ирдэг. Шүүх байгууллагууд нэхэмжлэлийг нь хангаагүй учраас төр засгийн удирдлагуудад ханддаг, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарддаг. Тэрээр хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хэд, хэдэн удаа уулзжээ. Энэ уулзалтын талаар сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт ноцтой баримт ярив.

Тэрээр “…Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Д.Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэхүү хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явуулчихсан” гэсэн.

Д.Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Д.Буянтогтохын хилийн хоригийг авсны маргааш нь нөгөөх нь “Koreаn air”-ээр АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа…” гэв.

Энэ мэдээлэлд олон ноцтой баримт дурдагдаж байгаа юм. Хариуцагч Д.Буянтогтох гэгч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын ойрын хамаатан гэх. Бүр ноцтой нь шүүгч “Х” хэрэгтний хил давах эрхийг цуцлаад хилаар гарсны маргааш нь буцаад сэргээсэн тухай. Энэ үйл явдал 2020 онд болсон гэдэг. Тэгвэл тэр “Х” гэх шүүгч хэн бэ?

Аливаа хэргийн таслан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 17 шүүх ажилладаг. Тэгвэл дээрх 17 шүүхэд “Х” үсгээр эхэлсэн нэлээд олон шүүгч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Хишигбаатар нар байгаа бол эрүүгийн хэргийн шүүхүүдээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Хатанцэцэг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Халиун, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Халиуна нар байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярьснаар бол “Х” гэх шүүгч өнөөдөр хүртэл ажилладаг гэж үзвэл дээрх шүүгчдээс л шүүрдэж харахаар болчихоод байна.

Categories
гадаад мэдээ спорт

“Бамбаруушууд” баг алтан медаль хүртлээ DNN.mn

ОХУ, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа холбоо 2022 оны сүүлчийн хагас жилээс хойш амжилттай хөгжиж байна. ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны 2022-2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын хоккейн баг Улаан-Үүд хотноо болон олон улсын тэмцээнд оролцоод ирлээ.

ОХУ-ын дорнод бүсийн “Золотая Нерпа” олон улсын тэмцээнд нийтдээ найман багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангилалын АШТ-ээс Монгол Улсын “Мэргэн” хоккейн академийн “Бамбаруушууд” баг амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хоккейн эх орон ОХУ-аас алтан медаль хүртлээ.

Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар баг, ОХУ, Улаан-Үүд хотын “IceBars”, Буриадын Кабанск аймгийн “Сарман” баг, Эрхүү мужийн “РСШОР” хүүхдийн спортын сургуулийн баг оролцжээ.

Монголын хоккейн багийн хүүхдүүд маш уран гоё тоглолтуудыг үзүүлж, хурд хүч, техник, гулгалт, тэсвэр тэвчээрээ харуулж, нэг баг болон амжилттай тоглож Монгол улсынхаа төрийн дууллыг ийнхүү эгшиглүүлсэн юм. Монголын “Бамбаруушууд” баг нь нийтдээ таван тоглолт хийснээс нэг тэнцэж, дөрөв хожиж, нэг ч хожигдолгүй түрүү байрын шагналыг хүртэж чадлаа. Өсвөрийн хоккейчдыг “Хас” банк, “Мобиком”, “Mongol Bazalt” компани, Улаан-Үдийн консулын газар, тус хоккейн клу

Categories
мэдээ улс-төр

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ DNN.mn

Эдийн засаг амаргүй, нийгэм бухимдалтай байгаа ч зам харилцаа, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж буй сайн мэдээ байна. Улиг болсон Дарханы зам ашиглалтад орж, олон хүний нурууг тэнийлгэв. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Бор-Өндөр хүртэлх 50 км хатуу хучилттай зам бэлэн болсон. Дээрээс нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орлоо. Тэгвэл Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна. Ямартаа ч хүнд үзүүлэх юмтай сууж байна гэдэг сайн хэрэг. Энэ мэтчилэн сүүлийн үед Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл бүхэн бодит ажил болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж байгааг судлаачид онцолж байна. Том зургаараа баруун, зүүн талдаа боомтуудаа авто замаар холбох нь жижиг эдийн засагтай манай улсад үнэхээр үр дүнгээ өгөх биз ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд мэдэгдсэн юм. Уг асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр “Тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км авто замын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Энэ нь олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд ШХАБ-ын цахим хуралдаанд оролцсон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг урилаа. Боомтын сэргэлт урагшилсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт үргэлжилж байна DNN.mn

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.

БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг зохион байгууллаа.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл, Говьсүмбэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Төв аймаг, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 160 сургуультай хамтран ажиллаж сургалт хийсэн юм.

Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж нийслэл болон орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулсан үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аргазүйг нэвтрүүлж байна.

Урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд дээрэлхэгч, гэрч, хохирогч гурван талыг оролцуулан хүүхдийн зан төлөвийг засах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сурах арт терапи арга зүй олгох сургалтад Баянхонгор аймгийн 33 сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг хамруулав.

Сургалтын үр дүнд “Мөрөөдлийн жигүүр” арт терапи хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа. Энэ жилийн аяны хүрээнд сургуулийн ажилтнууд, дотуур байрны багш нар, нэгдсэн сургууль, удирдлага, багш сурагчид, эцэг эхчүүд, хүүхдийн оролцооны клубууд нэгдэж дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр олон ажил өрнүүлж байна.

Эх сурвалж: БШУЯ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Халловины баяраар мөрддөг дүрэмтэй болъё DNN.mn

АНУ-д Халловины баярын өдрөөр олон нийтийн газар, хувийн компани, дэлгүүрт маск зүүдэггүй, оройн 18-20 цагийн хооронд л баг, зүүсгэлтэй хүүхдүүд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалга тогшиж “Айх уу, эсвэл чихэр өг” гэж хэлдэг. 12 наснаас дээш насны хүмүүс маск зүүж, айлуудаар явдаггүй. Бэлгийн гэмт хэрэг хийж байсан хүмүүс энэ баяраар хүүхдүүдэд чихэр өгч болохгүй, баг зүүж болдоггүй бөгөөд цагдаа нар тэднийг хянаж байдаг. Мөн лам хувраг, санваартны хувцас өмсөж болохгүй гэх зэрэг хууль, дүрэм тус улсад Халловинээр үйлчилдэг юм байна. Зөрчвөл торгуультай, бүр хорих шийтгэл ч бий.

Манайд энэ баяр шинэ тутам учир ойлголтын зөрүүнээс үүдэлтэй үл ойлголцол гарах боллоо. Эхний ээлжинд бид үр хүүхдээ элдэв халдлагаас хамгаалахын тулд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалгыг тодорхой тогтоосон хугацаанд тогшдог гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ тал дээр нэгдсэн ойлголтод хүрэх юм уу, нийтээр дагаж мөрддөг тэр чигийн дүрэмтэй болъё. Эцэг эхчүүд, томчууд л үүнд анхаарал тавьж албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлээр хэлэлцүүлэг өрнүүлж хоорондоо тохиролц. Яваандаа энэ баяр хүссэн хүсээгүй дэлгэрэх нь ойлгомжтой. Тэр цагт нь хуулиар зохицуулаад явчих байх.

Хүүхдүүдэд чихэр өгөх дур сонирхолтой айлууд нь хаалган дээрээ тэмдэглэгээ, лого, зураг наах ч юм уу, бариулнаасаа юу ч юм өлгөчихөд л хүүхдүүд тэр айлын хаалгыг тогшино шүү дээ. Ингэж таних тэмдэг тавихгүй бол цаашид хичнээн хүүхэд том хүмүүст зодуулж, загнуулж өшиглүүлэхийг мэдэмгүй.

Бид дэлхийн найман тэрбум шахуу хүнтэй бөөрөө нийлүүлэн оршин байгаа бол даяарчлалаас зугтаж, алив юмыг хорьж, хориглож дангаарчилж, ганцаараа гозойж үлдэнэ гэж байх ч үгүй, тэгэх ч боломжгүй. Дараа жилийн Халловинээр ч хүүхдүүд хаалга тогшиж л таарна.

Categories
мэдээ нийгэм

22 автомашины цонхыг хагалж, бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан 20 настай этгээдийг баривчилжээ DNN.mn

Автомашины цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны 04:00 цагийн орчимд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ дагуу хэрэг үйлдсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, 20 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хуульч Б.Пүрэвсүрэн: Гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг DNN.mn


НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ныг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл төв”-өөс сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг хийжээ. Судалгааны талаар тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Манай улс сэтгүүлчдийн аюулгүй байдлын хувьд ямар улс юм бол. Судалгаагаар ямар үр дүн гарав?

-Глоб интернэшнл төвөөс өнгөрсөн хавар 233 сэтгүүлчийг хамруулан аюулгүй байдлын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд сэтгүүлчдийн аюулгүй байдалд огт ахиц дэвшил гараагүй байна. Тодруулж хэлбэл, гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг. Таван сэтгүүлч тутмын гурвынх нь хэвлэл мэдээллийн техник хэрэгсэл, бие махбодод халддаг. Гурван сэтгүүлч тутмын хоёрыг нь заналхийлж, сүрдүүлдэг үзэгдэл байна.

-Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг голчлон гүтгэх, доромжлохтой холбогддог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүндрүүлж хуульчилдаг нь сэтгүүлчийн аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Зөв үү?

-1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 хэрэг байна. Үүний 42 хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогддог.

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр бид иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд судалсан. Ингэхэд мэдээлэл хайх эрхтэй холбоотой зөрчил 49 хувь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан зөрчил 27 хувь, тайван замаар жагсаал цуглаан хийхтэй холбоотой зөрчил 24 хувьтай байгаа юм.

-Гүтгэх, доромжлох заалтыг хуульд яаж хуульчлах асуудал одоо ч маргаантай байгаа. Хуульчийн зүгээс та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах

шаардлагагүй гэдгийг илтгэх маш олон судалгаа бий. Тиймээс ч дэлхийн бусад улс орнууд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл, заалтуудыг тус хуулиас хасаж байна. Тухайлбал, Украин, Гана 2001 онд, Шри-Ланка 2002 онд, Гүрж, Того 2004 онд дээрх заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан байдаг.

Монголд үг хэлэх эрх чөлөө бий. Гэвч үг хэлснийхээ дараа эрх чөлөөгүй байж болохгүй. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л иргэний болон улс төрийн эрхийн нийт 233 зөрчил бүртгэгдсэн байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой 64 зөрчил, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийн 55 зөрчил, мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх эрхтэй холбоотой 114 зөрчил тус тус гарсан.

Categories
гадаад мэдээ

Сармагчинд эрхтэн шилжүүлэн суулгав DNN.mn

Хятадын Агаарын цэргийн хүчний Сиань Анагаах Ухааны Их Сургуулийн “Шижин” эмнэлэгт генийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж “China Daily” мэдээлжээ. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын дундуур хийсэн ба нийт 14 цаг үргэлжилжээ. Сармагчнуудад элэг, бөөр, зүрх, нүдний эвэрлэг бүрхэвч, арьс ба ясны хэсэг шилжүүлэн суулгасан байна. Туршилтад дөрвөн сармагчин оролцсон бөгөөд нэг нь үхжээ. Сармагчинд шилжүүлэн суулгасан элэг, бөөр нь хүлээн авагч биедээ дасан зохицож чадаагүйгээс мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа нэг нь үхсэн аж. Үлдсэн гурван сармагчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эрхтнүүд нь хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Хятадын эрдэмтэд “хүний эд эрхтний хомсдолын асуудлыг шийдэхэд том алхам хийсэн” гэж “Шижин” эмнэлгийн удирдлага мэдээлжээ. Тус эмнэлгийн эмч нар нэг донороос хэд хэдэн эрхтэн, эд эсийг амьтдын огт өөр бүлэгт хамаарах хэд хэдэн хүлээн авагчид нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийсэн юм байна.

“Шижин” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Доу Кэфэн хэлэхдээ, “генийн хувьд өөрчилсөн амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахтай холбоотой олон бэрхшээл байсаар байна. Шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм хүлээж авахгүй байхаас зайлсхийхийн тулд донор гахайнаас гурван генийг авсан. Гэсэн хэдий ч хүлээн авагчдад дархлаа дарангуйлагч шаардлагатай байдаг бөгөөд энэ нь эсрэг гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Тиймээс илүү их судалгаа хийх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Хүний биед нян бактери, вирус, мөөгөнцөр эсвэл шилжүүлэн суулгаж буй гахайн эрхтнээс шимэгч хорхой орохгүй байх нь маш чухал гэж Доу Кэфэн онцлон хэлэв. Гэхдээ ийм асуудлуудаас зайлсхийх боломжтой гэдэгт тэрбээр илтгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Ксенотрансплантаци буюу биологийн нэг төрөл зүйлээс өөр төрөл зүйлд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь донор эрхтэн, эд эсийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй анагаах ухааны хөгжилд эргэлт хийнэ. Энэ нь биологийн болон эмнэлзүйн шинэ технологийг хөгжүүлэхэд түлхэц болж, эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө” гэж профессор дүгнэн хэлсэн байна.

Г.АМАРСАНАА