БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн төлөөлөгч манай сонины асуултад хариуллаа.
-БНХАУ-ын Коммунист намын их хурлаар шинэ засаг бүрэлдлээ. Улс төрийн хорооны бүрэлдэхүүн насны хувьд залуужиж, талаас илүү хувь нь шинэчлэгдлээ. Монголтой харилцах бодлогод өөрчлөлт орох уу. Си Жиньпин манай улсад айлчлахдаа “Хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжинө” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан. Түүний энэ уриалгыг одоогийн шинэ засгийн бүрэлдэхүүн дагах уу?
-Саяхан, ХКН-ын ХХ их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар өнгөрсөн таван жилийн ажил болон шинэ эриний арван жилийн агуу өөрчлөлтийг дүгнэлээ. Мөн Хятад маягийн орчин үеийн Хятадын онцлог хийгээд мөн чанарын шаардлага зэрэг томоохон асуудлыг хэлэлцсэн. Хятадын хөгжлийн ирээдүйн чиглэл, үүргийг тодорхойлж, ирээдүйд хийх чухал ажлуудын талаарх стратегийн төлөвлөгөө гаргасан. Шинэ эриний шинэ аян дахь нам болон улс орны хөгжлийн үйл хэрэг, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлийг мөн тодорхойлсон.
Хурлаар Си Жиньпин даргыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Намын Төв хорооны удирдлагын шинэ бүрэлдэхүүн төрөн гарлаа. Хурлаар мөн Намын Төв хорооны шинэ гишүүд, Төв хорооны Улс төрийн товчооны шинэ гишүүд, сахилга, хяналтын хорооны шинэ гишүүдийг сонгосон. Эдгээр гишүүд нь бүх бүс нутаг, алба, салбарын намын гишүүд, шилдэг төлөөлөгчдөөс бүрдэж байгаа.
Хурлаар Хятадын цаашдын гадаад харилцааны чиглэл, бодлогыг тодорхойлж, Монгол Улс болон хөрш зэргэлдээ орнуудын харилцааны хөгжлийн чиглэлийг тогтоосон. “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй, уужуу багтаамжтай”, “Хөрштэйгөө найрсаар харилцах, түншлэх” үзэл баримтлалыг баримталж, хөрш зэргэлдээ орнуудтай найрсаг харилцан итгэлцэл, хамтын ашигтай байдлыг гүнзгийрүүлнэ гэж хурлаар онцолсон. Жинхэнэ элэгсэг дотно, үнэнч шударга үзэл болон эрх ашгийн зөв үзлийг баримталж, хөгжиж буй орнуудтай эв нэгдэлтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын эрх ашгийг хамгаална. Хятадын тухай сайн ойлголттой монгол нөхөд маань мэдэж байгаа байх, Хятадын дотоодын болон гадаадын бодлого тууштай, тогтвортой байдлаа хадгалдаг. Хятад улс “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй, уужуу багтаамжтай” хэмээх хөршийн найрсаг бодлогыг баримталж, хөршүүдийнхээ сонирхлыг харгалзан үздэг, Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна.
Хятад, Монгол хоёр улс бол хөгжиж буй орнууд. Талууд ашиг сонирхлын олон нийтлэг талтай. Монгол бол Хятадын ойрын хөрш орон. Тиймээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд газар зүйн байрлалын том давуу тал бий. Хятад улс Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг хөрш зэргэлдээ орны гадаад харилцааны чухал байранд тавьсаар байна. Цаашдаа Хятад улс хичнээн их хөгжилд хүрсэн бай энэ бодлого өөрчлөгдөхгүй. Хятадын хөгжил Монголын хөгжилд олон чухал боломж, чухал тавцан бий болгож байгаад бид итгэж байна. Таны хэлсэнчлэн Си Жиньпин дарга 2014 онд Монгол Улсын Их хурлын индэр дээрээс үг хэлж, хоёр улсын харилцааны ирээдүйд хөгжлийн зургийг гаргаж байсан. Энэ нь Си Жиньпин даргын Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол, хүлээлт өгдгийг харуулж байна. Саяхан, Си Жиньпин дарга Самаркандад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийг улам бүр тодорхой болгосон. Цаашид Си Жиньпин дарга болон Монголын удирдагчдын дэмжлэгээр талууд стратегийн уялдаа, бодлогын зохицуулалтаа сайжруулж, төрөл бүрийн сорилттой хамт тэмцэж, харилцан ашигтай байж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг байгуулж, бүс нутаг, дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
-Саяын ХКН-ын хурлаар Ван И тушаал дэвшиж Улс төрийн хороонд сонгогдлоо. Тэрбээр “Дайчин чонын дипломат арга барил”-ыг хөгжүүлсэн нь ингэж үнэлэгдсэн тухай олон улсад мэдээлж байна. Энэ бодлого цаашид үргэлжлэх үү. “Дайчин чонын бодлого” нь Бээжинг дагахгүй байгаа улсуудад шахалт үзүүлэх бодлого гэж олон улсад зарлаж байсан шүү дээ?
-Хятад улс “Дайчин чонын дипломат арга” гэх бодлого гаргасан гэдэг яриаг тараасан хүн Хятадын талаар ямар ч ойлголтгүй хүн байх. Зөвхөн Хятадыг буруутгах зорилготой л байсан байх. Хятадын соёл, гадаад бодлогыг мэддэг монголчууд маань мэдэж байгаа байх, Хятад улс ямагт тусгаар, бие даасан, энх тайванч гадаад бодлого баримталдаг. Түрэмгийлэл хэзээ ч манай гадаад бодлогын уламжлал байгаагүй. Сул дорой байдал мөн хятад хүний чин зориг биш. Хятад улс асуудал үүсгэхгүй ч асуудлаас мөн айхгүй. Хятад улс хэзээ ч бусад улсад өдөөн хатгалга явуулж байгаагүй. Бусад улсын дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй. Бусад улсад хэзээ ч дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хятад улс бусад улсын сүрдүүлэг, өдөөн хатгалгаас айхгүй.
Уг үндсээр нь яривал, “дайчин чонын дипломат арга” гэх үг нь “Хятадын сүрдүүлгийн онол”-ын өөр нэгэн хувилбар юм. Хэсэг хүмүүсийн Хятадад тавьж буй “үгийн урхи” гэж ойлгож болно. Учир нь эдгээр хүмүүс бусдад “багшлах” дуртай ч бусдын няцаалтад дургүй. Тэдний зорилго нь Хятадыг хариу үзүүлэх чадваргүй болгож, энэхүү малгайг Хятадад өмсгөн Хятадын талыг сүрдүүлэн шахалт үзүүлснээр үнэнийг хэлэх эрхийг нь орхиулах явдал юм. Эдгээр хүмүүс Хятад улс 100 жилийн өмнөх Хятад биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад улс бусдыг дээрэлхдэггүй. Мөн, хятад хүн зарчимч, зоригтой. Хятадын дипломат ажиллагаа нь дэлхийн хүн амын бараг тавны нэгийг бүрдүүлдэг 1.4 тэрбум ард түмний эрх ашиг, нэр төрийг төлөөлж, хамгаалдаг. Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашиг болон олон улсын шударга байдалтай холбоотой асуудалд Хятадын дипломат ажиллагаа муу санаалсан өдөөн хатгалгад тууштай хариу өгдөг. Улсынхаа эрх ашиг, хүндлэлийг олон улсын шударга байдлыг хамгаалах хүчтэй.
-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа цаашид хэрхэн өргөжин тэлэх вэ. Ахисан түвшнээ сайжруулахад ямар боломжууд байна гэж харж болох вэ?
-Хятад, Монголын харилцаа 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэл хэмээх улс төрийн энэ өндөр түвшинд хүрсэн. Хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа тасралтгүй явагдаж, тэр хэрээр стратегийн харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Ялангуяа, хоёр улсын эдийн засгийн харилцаа цар тахлын нөлөөллийг даван туулж амжилтад хүрлээ. Хятадын тал 18 жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш болон чухал хөрөнгө оруулагч орон гэдэг байр сууриа хадгалсаар ирлээ. Хятад, Монголын худалдаа өнгөрсөн онд 10 тэрбум ам.долларт хүрсэн. Монголын талын статистик мэдээллээр энэ оны эхний 10 сарын байдлаар, хоёр талын худалдааны нийт эргэлт хэдийн 11 тэрбум ам.долларыг даваад байна. Ингэснээр дахин түүхэн амжилтыг эвдлээ. Энэ оны хоёр улсын өндөр дээд түвшний харилцааны явцад Хятадын тал хоёр улсын эдийн засаг харилцан нөхөх чадвар өндөртэй, Хятадын тал Монголын талд нөөц баялагаа хөгжлийн боломж, бодит үр ашиг болгон ашиглахад нь туслахад бэлэн хэмээн олон удаа онцолсон. Одоогийн байдлаар, талууд боомтын нэвтрүүлэлтийн бүтээн байгуулалт, нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтэц бий болгох, эрчим хүч зэрэг томоохон хүрээний төслийн талаар нэгдмэл ойлголтод хүрээд байна.
Саяхан, Си Жиньпин дарга Самаркандад Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийх үеэрээ, Хятад, Монгол хоёр улс найрсаг харилцаагаа хадгалж, харилцан туслалцаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг үзүүлэх хэрэгтэй хэмээн дахин онцолсон. Хятадын тал “нэг бүс нэг зам” санаачилга болон “талын зам” стратегийн уялдааг нэмэгдүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна. Мөн, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, Монгол Улсын илүү хурдан, илүү сайн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Монголын талтай цөлжилтийн эсрэг хамтран ажиллахад бэлэн байна. Талууд боомт, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах олон боломж бий.
-Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн хаалттай байдал эдийн засаг сөрөг нөлөөтэй байгаа. Ер нь дээд түвшиндээ яриа хэлэлцээр болж зөвшилцдөг ч гүйцэтгэх шатныхан ачаа тээш гацахад хүргэж байна гэх юм билээ. Хэзээ хэвийн үйл ажиллагаанд шилжих вэ?
-Өдгөө, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байна. Украины хямрал болон цар тахлын нөлөө даамжирч, Монголын болон дэлхийн эдийн засагт томоохон цохилт авчирлаа. Хятад, Монголын эдийн засаг мөн нөлөөнд өртсөн. Гэвч, хоёр улсын удирдагчдын удирдлага, хоёр улсын бүхий л түвшний хамтын хичээл зүтгэл болон хоёр улсын ард түмэн санаа тавьснаар Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд олон амжилт гарсан. Ялангуяа, талуудын худалдааны эргэлт цар тахлын хүнд хэцүүг даван туулж, дахин шинэ түвшинд хүрсэн. Энэ нь хоёр улсын харилцааны өндөр түвшинг илтгэж байна. Хятадын тал ямагт Монголын талын чухал асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Цар тахлаас хойш, Монгол Улсад туслан Тяньжин боомтод гацсан Монголын чингэлэг тээврийн асуудлыг шийдсэн. Мөн, Монголын уул, уурхайн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох, өргөн хэрэглээний барааны импорт зэрэг асуудлуудад туслалцаа үзүүлсэн. Ингэснээр Монголын эдийн засгийн сэргэлт болон ард түмний амьдралд туслалцаа үзүүлсэн. Өмнө нь, хоёр улсын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлт гацсан гол шалтгаан нь боомтод цар тахал илэрсэнтэй холбоотой. Цар тахал намдсаны дараа, хоёр улсын боомтын нэмтрүүлэлт түргэн хугацаанд хэвийн түвшиндээ очно гэдэгт итгэлтэй байна.