Хүмүүнлэгийн их сургуулийн профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Энэ цаг үед Монгол Улсад геополитикийн алтан боломж нээгдлээ гэж зарим судлаач, улстөрч дуугарах боллоо. Энэ нь юуг хэлээд байна вэ, ямар цонх нээгдэж байгаа юм бол?
-Өнөөдөр дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин хурдацтай доройтсоор байна. Цөмийн заналхийлэл бодитой хүчин зүйл болсоор байгааг үгүйсгэх боломжгүй байна. Хойд хөрш ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа дэлхий нийтийг эрчим хүч, хүнсний хямрал руу түлхэж, үүнээс үүдэлтэй инфляцийн огцом өсөлт хөгжиж буй төдийгүй хөгжингүй орнуудын ард иргэдийн амьжиргааг туйлдуулж байгааг бид харж байна.
Ер нь эдийн засгийн онолд хямралыг хөгжлийн гарц шийдэл, алтан боломж гэж үзэх нь бий. Урьд өмнө тохиож байгаагүй цар тахал, геополитикийн сөргөлдөөн урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, онцгой байдал, хямралын үеийн бэлэн байдал, шуурхай удирдлага, оновчтой шийдвэр, аюулгүйжүүлэх бодлого явуулах арга барилыг чадварлаг эзэмшихийг шаардаж байгаа нь тодорхой. Дэлхийн эдийн засаг ихээхэн зовуурьтайгаар сэргэхийг оролдож байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” чухамдаа үүнд чиглэж байгааг бид харж байна. Өөр нэг чухал зүйл бол Монгол Улсын газарзүйн байршлын геостратегийн үнэлгээг шинээр авч үзэх шаардлагатай болсон. Далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хоёр их гүрний дунд хашигдсан, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй, бага жижиг улс хэмээн онцолж байсан Монгол Улсын газарзүйн байршлын геополитикийн тодорхойлолт хэдийнэ хуучирсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Манайх геополитик, гео-эдийн засгийн орчинд далайд гарцгүй ч холболтын байршилтай. Цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнд хоёр жил тутамд үнэлгээ хийж тогтоолын төсөл баталдаг,
Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс улс төрийн баталгаа гаргасан. Нөгөө талд хоёр их гүрний дунд хашигдсан ч монгол угсаатнаар хүрээлэгдсэн онцлогтой. Хоёр хөрштэйгөө “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг баттай тавьж, Зүүн хойд Ази болон Төв Азид газар нутаг, улс төрийн аливаа маргаангүй цорын ганц улс болов. АНУ Монгол Улстай “хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, Монгол Улсын ардчилал, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг дэмжихээ илэрхийлдэг.
Европын холбооны Ази дахь “үнэ цэнэтэй түнш” бөгөөд давтагдашгүй геостратегийн “онцгой” байршилтай ардчилсан Монгол Улсын бие даасан гадаад бодлого явуулахад нь дэмжлэг үзүүлнэ хэмээн Европын парламентын тогтоолд онцлон тэмдэглэсэн байдаг. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Bloomberg L.P, “Goldman Sachs Group”, Standard & Poor’s Financial Services LLC, Moody’s Investors Service, Fitch Ratings Монгол Улсын газарзүйн байршил нь стратегийн онцгой ач холбогдолтой гэж дүгнэх болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй бүс нутагт орших болж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний үлэмж нөөцтэй нь тодорхой болсон. Энэ нь олон улсын анхаарал, их гүрнүүдийн болон үндэстэн дамнасан бизнес бүлэглэлүүдийн геополитик, гео-эдийн засгийн ашиг сонирхлыг эрхгүй татдаг. Тиймдээ ч томоохон шинэ боломж төдийгүй эрсдэлийг дагуулж байгааг хэлэх нь зүйтэй.
-Богино хугацаанд эдийн засгаа сэргээх, 1990 оны шилжилтийн үе шиг дахин сэргэн мандах ямар боломж байна вэ?
-У.Хүрэлсүхийн Засгийн газрын зоримог үйл ажиллагааны үр дүн болон Л.Оюун-Эрдэнийн Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд “ТЭГ” гараанаас эхлүүлсэн. Монгол Улс Оюу толгойн ордыг “гуравдагч хөрш” орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан шүү дээ. Тийнхүү гүний уурхайг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар тохиролцсон гэж мэдээлж байв. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой болж байна. Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэхээр байгаа юм.
Монгол Улсын оюун санааны хөрш, стратегийн түнш БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт өртөг зардлаар “Оюу толгой” төслөөс бага боловч ашиглалтад орсноор эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал улам баталгаажих учиртай.
ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн ТЭЗҮ маш ашигтай гарсан. Монголын нутгийн босоо тэнхлэгээр 970 км үргэлжлэх хийн хоолой зургаан аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдана. Цаад хугацаа нь 2028 он гэхэд ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажиллахад жилд 53 тэрбум шоо метр хий дамжуулах юм билээ. Ойролцоогоор 12 мянган ажлын байр шинээр буй болж, транзитын нэмэлт орлого орж ирэх юм. Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс өмнөд хөрш рүү төмөр замын хоёр гарцтай боллоо. Энэ нь эрдэс, түүхий эдийн экспортод хувьсгал авчрахуйц үйл явдал болсон. Малын тоо толгой түүхэндээ энэ жил анх удаа 71 саяыг давж байна. Энэ бол эдийн засгийг солонгоруулах асар их нөөц боломж байгааг харуулж байна.
-Засгийн газраас боомтын сэргэлтийг эрчимжүүлж байна. Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсыг холбох хурдны замын ТЭЗҮ бэлэн болсон гэж зарлалаа. Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридор байгуулах боломжтой гэж үздэг. Судлаачийн хувьд том зургаар нь хэрхэн харж байна вэ?
-Бид ер нь урьд өмнө экспортоо нэмэгдүүлэх тухай ярьж байснаас боомтын тухай ярьж байсангүй. Боомтын сэргэлт хичнээн чухал болохыг бид эдүгээ бие сэтгэлээрээ мэдэрч байгаа болов уу. Гурван хөршийг эдийн засгийн коридороор холбох мега хөтөлбөрийн 32 төслөөс эхний ээлжинд тэргүүлэх гурван чиглэл болох эрчим хүчний сүлжээ, төмөр зам, автозамын коридорт төвлөрөхөөр тохиролцсон. Үүн дээр хийн хоолойн төсөл шинээр орж ирж байна. Монгол Улс Ази-Европ, Орос-Хятадыг дөт замаар холбож байна. 2022 онд Орос-Хятадын худалдааны эргэлт 140 тэрбум ам.долларыг давсан. 2023-2024 онд 200 тэрбум ам. долларт хүргэх төлөвлөгөөтэй. Европын холбоо, Хятадын аль аль нь худалдаа эдийн засгийн харилцааны түвшинг хэвээр хадгалах сонирхолтой байна. Тиймээс Монгол Улс “газрын гүүр”, идэвхтэй “транзит” улс байхын тулд эдийн засгийн коридор төслийг эрчимжүүлж байна. Саяхан гурван хөршийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн 745 км авто зам ашиглалтад орлоо. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болжээ. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Таван толгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болж бүрдсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Бид босоо тэнхлэгийн магистраль төмөр замаас бусад өмнөд хөрш рүү чиглэсэн экспортын чиглэлтэй төмөр замын сүлжээгээ нарийн царигаар тавих хэрэг гарах болов уу.
Одоогийн Засгийн газар асар өргөн хүрээтэй эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эхлүүлж, дотоодоос үл хамаарах хүндэл сорилтуудтай тулгарч байгаа ч амжилтай урагшилж байна. Өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бэхжиж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нийт хүн төрөлхтөн, дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол учруулсаар байна. Тиймээс гурван хөршийн хамтын ажиллагаа энэ чиглэлд идэвхиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилга үндэсний хөдөлгөөн болон өргөжөөд зогсохгүй дэлхийн хамтын нийгэмлэг, улс гүрнүүдийн дэмжлэгийг хэдийнэ авч эрчээ авсныг тэмдэглэх нь зүйтэй.
-Хоёр хөршийн хувьд цаашид манай улстай геополитикийн ямар бодлого явуулах хандлага ажиглагдаж байна вэ?
-Монгол Улс хоёр хөрштэйгөө “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн эрх зүйн үндсийг баттай тавьсан. Мэдээж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндөөгүй хоёр хөрш хийгээд “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөнд манай улс оролцохгүй. Түүнчлэн их гүрнүүдийн аливаа геополитикийн сөргөлдөөнт хэрэг явдалд Монгол Улс төвийг сахисан голч, төвч байр суурь илэрхийлж буйг “төвийг сахих олон улсын эрхзүйн статус”-тай хольж хутгаж болохгүй.