-Төмөр замаар ачаа тээвэрлэхдээ 300-500 сая төгрөгөөр вагон авдаг асуудал бий –
УИХ-ын гишүүн, УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболдтой ярилцлаа.
-Боомтын хяналт шалгалтын түр хорооны гишүүд боомтуудаар нэлээн ажиллах шиг боллоо. Шалгалтаар нийгмийн анхаарлыг татсан ямар асуудлууд илэрч байна. Боомтуудын нэвтрүүлэх чадварт ахиц харагдана уу?
-УИХ-аас 2021 онд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу УИХ2022 онд нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар гурван түр хороо байгуулсан. Хөгжлийн банкны асуудлаарх Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажиллаж байна. Харин хуурамч эмийн асуудлаарх Түр хороог Н.Учрал гишүүн ахалж байна. Гурав дахь Түр хороо болох УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог миний бие ахалж байна. Энэхүү түр хороог байгуулах санаачилгыг 26 гишүүн дэмжиж, 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Түр хорооны хянан шалгах хуулийн дагуу УИХ-аас өгсөн тодорхой хамрах хүрээнд шалгалтын ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн Түр хорооны гишүүд хилийн боомтуудаар ажиллаж байна. Ховдын Ярантын боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Дорнодын боомт, зарим хянан шалгагчид маань Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажиллаж байна. Боомтын үндэсний зөвлөл, Автотээврийн үндэсний төв, Зам, тээвэр хөгжлийн яам, УУХҮ-ийн яам, АТГ, Эрдэнэс Таван толгой, Монголын төмөр зам зэрэг олон байгууллагууд түр хорооны багт ажиллаж байгаа.
Нийгэмд нэлээн дуулиан шуугиан болоод байгаа нүүрсний ачаа тээвэртэй холбоотойгоор маш их гомдол байгаа. Хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан, Гаалийн бүрдүүлэлтгүй хоосон машин гаргасан зэргээр нийгэмд олон хүн шүгэл үлээж байна. УИХ-ын гишүүд ч чуулганы танхимаас шүгэл үлээж байна.
Зөвхөн Цагаанхад-Ганмод боомт хоорон дахь 26-хан километрт нэг машин нүүрс тээвэрлэхэд 80, 100 сая хүрч байна гэх гомдол их байгаа. Бөмбөлөг тээвэртэй холбоотой гомдол ч нэлээдгүй байна. Бөмбөлөгт орохын тулд авлига өгдөг гэх асуудал байна. “С” зөвшөөрөлтэй холбоотой авлига хээл хахуулийн асуудлууд, төмөр замаар ачаа тээвэрлэхдээ 300-500 сая төгрөгөөр вагон авдаг зэргээр олон асуудлууд байгаа учраас үүнийг шалгаж тогтоохоор ажиллаж байна.
Монгол Улс 2023 онд 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн том зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд төрийн болоод төрийн албан хаагчийн зүгээс ямар нэгэн хүнд суртал, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй тээвэрлэлт, эргэлтэд оруулах, авлига хээл хахуульгүй явдаг байх, хулгайд нүүрс алдагдахгүй байх арга замуудыг Хянан шалгах түр хороо судалж дүнгээ УИХ-д тайлагнана.
-Тайлан дүн бэлэн болж байгаа юу. Хэзээ танилцуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Түр хороо зургаан сарын хугацаатай ажиллах ёстой. Нэг удаа сунгаж болдог. Манай түр хороо өнгөрөгч зургадугаар сард байгуулагдсан. Анх удаа шинэ тутам байгуулагдсан болохоор зардал мөнгөний асуудал шийдэгдээгүй, мөн чуулган завсарласнаас болж Түр хорооны ирц бүрдэхгүй байсан зэргээс үүдэлтэйгээр ажил удааширсан асуудал бий. Олон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан учраас хил гааль, боомтуудаар явахад, мөн хянан шалгагч нар, шинжээчдийг ажиллуулахын тулд тодорхой хэмжээний урамшуулал, цалин хөлсний зардал гарна. Санхүүжилт нь шийдэгдэхгүй нэлээн удаан явсан. Гэхдээ одоо бол Түр хорооны бүх үйл ажиллагаа нь жигдэрчихсэн явж байна. Ирэх арванхоёрдугаар сард багтаж боомтын асуудлаар нийтийн сонсгол хийж, УИХ-д тайлагнана гэсэн бодолтой байна.
-Эрдэнэс Таван толгой компанид яг ямар асуудал үүсчихээд онцгой дэглэм тогтоочихов оо. Та бүхний шалгалтаар Эрдэнэс Таван толгой компанид хичнээн сая тонн нүүрс бүрдүүлбэргүй гаргасан гэсэн дүн гарсан бэ?
-Түр хороо хяналт, шалгалт хийж байна. Хичнээн тонн нүүрс гараад байгаа, түүнээс хэдий хэмжээний мөнгө орж ирж байна гэдгийг шалгалтаар тогтоож тайлагнах ажил одоо явж байна. Нөгөө талаар хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан гэж яригдаж байгаа шүү дээ. Тиймээс үүнийг нотлох баримт цуглуулж байна.
Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын гурав, дөрвөн удаагийн шалгалтын дүнгээр маш их хэмжээний нүүрс алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Үүний дагуу мөн нотлох баримт цуглуулж байгаа. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас тэдэн тонн нүүрс хулгайд алдагдсан гэж одоо хэлэх боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ.
-Булганы боомтоор нэг сая тонн нүүрс бүрдүүлбэргүй гарсан мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Биднийг тус боомтод ажиллах явцад аравдугаар сарын байдлаар 1.845 мянган тонн нүүрс гарсан гэсэн мэдээллийг өгсөн. Хятадын талын хэвлэл мэдээллээр 2.300 орчим тонн нүүрс Монголоос импортолж авсан гэсэн мэдээ явж байгаа юм билээ. Үүнийг Түр хорооны мэдээлэлд мэдээлсэн. Гэхдээ хамгийн гол нь манайхаас гарсан гаалийн мэдүүлгийг Хятадын талд хүлээж авсан гаалийн мэдүүлэгтэй нийлүүлж авахын тулд гадаад харилцаа талдаа БНХАУ-ын талд санал тавих ажил байгаа юм. 2013 оны шалгалтаар Хятадын тал мэдээгээ шууд өгч тэр мэдээний дүнгээр тулгаж байсан бол 2018 оны шалгалтаар Хятадын тал мэдээллээ өгөөгүй. Тиймээс Хятадын талд энэ мэдээллээ өгнө үү гэсэн хүсэлтийг гадаад харилцааны шугамаар явуулах ажил байна.
-БНХАУ-ын гадаад худалдаа өнгөрөгч хоёр жилд эерэг гарсан хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа. Судлаачид хил гаалийн хориггүй юм шиг худалдаа хийсэн байна гэж дүгнэж буй. Гэтэл манайх Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй, ковидын бодлого хэмээн шалтаглаж байна шүү дээ. Түр хорооны шалгалтаар хил гаалийн хяналтын байгууллагын авлигын байдал ямархуу дүнтэй гарсан бэ?
-Дан ганц манайхаас болоод нүүрсээ гаргаж чадахгүй байна гэдэг өрөөсгөл. Учир нь манай боомтууд олон улсын зэрэглэлтэй биш. Хоёр талын зэрэглэлтэй боомт олон байна. Жишээлбэл, Ярантын боомт гэхэд Өвөрмонголын Шинжаан-Уйгарын нутагтай, Бургастай боомт гэхэд БНХАУ-ын Хами аймагтай, Шивээхүрэн Альшаа аймагтай гээд аймаг хооронд хиллэж байгаа юм.
Нөгөө талаас хичнээн машин нүүрс авахаа Хятадын тал шийдэж байна. Жишээлбэл, Булган боомт дээр очиход Хятадын тал маргааш 150 машин, нөгөөдөр 100, нөгөөдрийн маргааш 250 машин авна гээд өөрсдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж авч байгаа юм. Манайх хичнээнийг гаргая гээд оочерлоод цаад тал авахгүй гэвэл боломжгүй болчихно. Өөрөөр хэлбэл, манайх цаад талаас хэт их хамааралтай.
Боомтын сайдаа хурдан томилж, боомтын асуудал эрхэлсэн хүмүүсээ яаралтай ажилд оруулж, хятадын холбогдох яам төрийн нөхдүүдтэй Боомтын асуудал эрхэлсэн сайд нь дагнаж хөөцөлдөх нь зөв юм байна лээ. Манайд боомтын асуудал эрхэлсэн сайд байхгүйгээс гаалийн асуудал нь Сангийн яаманд, тээврийн зохицуулалт, “С” зөвшөөрөл нь Зам, тээвэр хөгжлийн яаманд, Хилийн цэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд, мэргэжлийн хяналт нь Шадар сайдын харьяанд байна. Ямар ч уялдаа холбоогүй асар олон бие даасан байгууллага байгаа учраас хүндрэлтэй байгаа юм. Тиймээс боомтын сайдтай болж боомтод ажиллаж байгаа бүх хүмүүс нь нэг удирдлага дор зангилагдчихвал хүндрэлээс гарах боломж нээгдэх юм байна лээ.
Гаалийн ерөнхий газар өөрөө гурван удаагийн шалгалтаар ийм хэмжээний нүүрс Хятадын талын гаалийн мэдүүлэгтэй зөрж байна. Ингэж хулгайд алдагдсан байна гэдгийг дотоод шалгалтаараа тогтоочихсон. Гэтэл хууль хүчний байгууллага дээр очоод дарагдчихдаг. Тиймээс бидний хамгийн гол зорилго нь энэ бүх зүйлүүдэд гэрчийг нь дуудаж байцаагаад нотлох баримтыг цуглуулаад “Ийм зүйлүүд гарсан. Энэ нь ингэж нотлогдсон. Ийм шатанд явж байна” гээд нээлттэй сонсголоор ард түмэн танилцуулна. Ард түмний хараа хяналтад оруулж, шахаж шаардуулж шийдүүлэх зорилготой ажиллаж байна.
Булган боомт дээр нэг талдаа 310 км газар 100 тонны нүүрс зөөж байгаа тухайн жолооч 2.800 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ирж очихын 620 км газар хоёр сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Гэтэл Гашуунсухайт боомт дээр 26 км газар явахад 80 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, уурхайн ам дээрх нүүрсний үнэ хилийн цаана байгаа нүүрсний үнийн зөрүү өндөр байгаа учраас тээврийн зардал ийм өндрөөр шингэж байгаа юм. Тиймээс цаашид гаалийн хяналтын бүсийг дунд нь байх эсэх, эсвэл нүүрсний уурхайн амаас шууд гаалийн бичигтэйгээр зөөж дунд нь ямар нэгэн буулгалт дамжлагагүй явуулах зэрэг асуудал яригдана. Нүүрсний үнийг нэмэгдүүлэх, оффтейк гэрээг ил болгохыг нийгэм шаардаж байна. Засгийн газар ч, УИХ ч энэ чиглэлд ажиллаж байгаа.
-Нүүрсний орлого Хятадын барилгын компани руу ороод байна гэдгийг зарим гишүүд хэлж буй. Түр хорооны шалгалтаар энэ тухайд ямар дүн гарсан бол?
-Үүнийг одоохондоо бид үзээгүй явж байна. Эрдэнэс Таван толгойд онцгой дэглэм тогтоочихсон байгаа учраас бид зэрэгцэж ороод материалыг нь харах боломжгүй байна. Тиймээс онцгой дэглэмийн үйл ажиллагаа жигдэрсний дараа энэ асуудлыг судлах боломж бүрдэнэ.
-Хилээр хичнээн тонн нүүрс гарч байгаа мэдээллийг цахим болгож болохгүй юу?
-Саяхан баталсан хуулиар гаалийн мэдээллийг татварын мэдээлэлтэй уядаг байхаар болж байна. Экспортолсон л бол татвар нь бодогдоод явдаг харилцан хяналттай хуулийн төсөл батлагдсан. Бидний зорилго яаралтай тайлангаа тавьчихмаар байгаа юм. Жишээлбэл, баруун хил дээр ямар нэгэн бөмбөлгийн зохион байгуулалт байхгүй. Оочерлож зогсож байгаад шинжилгээгээ өгөөд явчихдаг. Гэтэл Гашуунсухайт дээр бөмбөлөг гэж зүйл үүсгэчихсэн. Тэр нь бөөн зардал болдог. PCR шинжилгээг зарим нь хуурамчаар хийлгэдэг, зармынх нь шинжилгээний хариу гарахгүй уддаг, заримынх нь урьдчилаад гарчихсан байдаг гэхчлэнгээр асуудлууд байгаа юм. Тиймээс заавал бөмбөлгийн зохион байгуулалт байх уу үгүй юү. Яаж хүндрэл саатал, авлига хээл хахууль болохгүй цуваанд оруулах вэ гэдгийг судлахаар манай шинжээчид ажиллаж байгаа. Үүнийгээ дүгнэж тайлангаа танилцуулна. Ийм зохион байгуулалтад оруулчихвал хэн нэгнээс зөвшөөрөл авах гэж авлига өгөх шаардлагагүй.
-Экспортод гарч байгаа нүүрснээс бусад түүхий эд дээр нүүрс шиг хулгайлагдах асуудал гарч байна уу?
-Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр, нүүрс, зэс, алт, жонш. Экспортлогдож байгаа бүтээгдэхүүнүүд зүгээр гарч байна. Эрдэнэс Таван толгой дээр л хулгайлсан гэсэн асуудал үүсээд байгаа болохоос хувийн компаниудынх зүгээр байна. Манайд ганц үүсч байгаа асуудал нь тээвэр. Жишээ нь, төмөр зам дээр гэхэд нэг вагоныг 300-500 саяар худалдаж авч байна гэх асуудал байгаа. Яг үнэндээ ложистикийн эрхтэй маш олон компаниуд бий болчихсон. Өөрсдөө гаргах ямар нэгэн бүтээгдэхүүн байхгүй ч гэсэн төмөр замд баахан өргөдөл өгчихдөг. Өргөдлийнх нь дагуу төмөр замаас зөвшөөрөл олгохоор түүнийгээ нүүрс, жонш гаргаж байгаа хүмүүст зараад байгаа юм. Тиймээс үүнийг цахимд оруулахаас гадна гаргах түүхий эдгүй хоосон компаниудад зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг ярьж байна. Тэгэхгүй бол хүн бүр хий компани байгуулаад авсан зөвшөөрлөө зарах тогтолцоо явж байна. Үүнийг яахыг төмөр замынхантай уулзаж ярилцаж байна.
-2023 оны төсөв хэлэлцэгдэж байна. Та төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ жилийн төсөв 20 орчим их наяд төгрөгийн төсөв батлагдаж байгаа. Өнгөрч жилтэй харьцуулбал орлогоо гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шинээр нэг ч хөрөнгө оруулалтаа хийхгүй. Харамсалтай нь урсгал зардлаа 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэхээр орлого нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтаа тэглэсэн нь ямар ч ач холбогдолгүй болчихож байгаа юм. Энэ утгаараа ирэх жилийн төсөв сэтгэл дундуур болсон.
Үүнээс гадна би ирээдүй хойч үедээ өргүй улс орныг үлдээхийн тулд аль нэг УИХ, Засгийн газар заавал алхам хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Өрийг барагдуулах мөнгийг жил бүрийн улсын төсвөөс гаргаж байх санал гаргасан ч дэмжигдээгүй.
Ажлын хэсгийн зорилго бол дайчилж болох орлогуудаа дайчилж, төсвөө алдагдалгүй баталчих юмсан гэсэн зорилттой байсан. Жил бүр алдагдалтай төсөв батлаад байна. Үүнийг нь бууруулчих юмсан гээд газар болон үл хөдлөхийн татвар, алтны АМНАТ зэргийг өнгөрөгч жилийн гүйцэтгэлээр тавьсан. Энэ мэтээр 120, 130 тэрбум төгрөгөөр ч болтугай алдагдалгүй төсөв баталчих юмсан гээд явж байна. Ажлын хэсгийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулбал ямар нэгэн хөрөнгө оруулалт шинээр хийе гэж зориогүй. Яаж орлого дайчилж, яаж зарлага бууруулах уу гэж ажилласан. Энэ хүрээнд өргөн барьсан төсвөөс төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 95 орчим тэрбум төгрөгөөр танаж байна. Ингэж танасан төсвөө нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалд зарцуулахаар тусгаж байна. Энэ жилийн ажлын хэсэг нэлээн үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа.