Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: “Гавал тархины гэмтлийн дурангийн мэс засал”-ыг амжилттай нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад тус эмнэлгийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг Монголд анх удаа “Suction bovie” багажийн тусламжтайгаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага зэрэг олон ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цээж нүцгэн фанат, бүлэмцүү эрсээс ангид Катарын ДАШТ айсуй DNN.mn

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад энэ сарын 21-ний өдөр эхэлнэ. Зуны эхэн сард хөшгөө нээдэг хөлбөмбөгийн их баяр анх удаагаа өвлийн цагт зохион байгуулагдаж байгаа нь энэ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс Катарт зуны цагт 40 градус давж халдаг тул өвлийн улиралд явуулах нь илүү тохиромжтой гэж үзжээ. Тэмцээн зохион байгуулагдах арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд Дубайд 21-30 градус дулаан байх нь.

Хөлбөмбөгийн ДАШТ Ойрхи Дорнодын улсад анх удаа зохион байгуулагдаж байгааюм. Катар улс 3 сая орчим хүн амтай. Үүний олонх нь буюу 65.5 хувь нь исламын шашинтай. Энэ нь ДАШТ-ний үеэр цуглах жуулчдад асуудал болох нь. Зохион байгуулагчдын зүгээс наанадаж л жуулчдын хувцаслалтад стандарт тогтоожээ. Шалдан чээжээрээ дүүрэн шивээстэй галзуу фанатууд хоолойгоо сөөтөл уухайлж багаа дэмжих зураглалыг исламын шашинтай Катарын ДАШТ-ээс харахгүй нь. ДАШТ-ий үеэр гудамж талбайгаар дээгүүрээ нүцгэн явахыг хоригложээ. Фанатуудад хөлбөмбөгийн жерситэй (ханцуйтай фодволк) явахыг л зөвшөөрч байгаа гэнэ. Ердөө арван хоёр жилийн өмнө тохиосон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ДАШТ-ий нэг чимэг болж байсан богино шортоор гоёж, үсээ сүлжсэн өнгөт арьст бүсгүйчүүд Дубайд урт өмд, жерсигээр гангарч багаа дэмжих нь. 30 градус шүргэсэн халуунд тэдэнд гивлүүр зүүхийг тулгаагүй бололтой. Мөн улс төрийн агууламжтай төрөл бүрийн шивээсийг хатуу хориглох анхааруулгыг тэмцээний албан ёсны сайтад байршуулжээ. Катарын ДАШТ-ийг үзэх жуулчид элдэв төрлийн шивээснээс татгалзаж, гуя хасаа гялалзуулсан задгай хувцсыг мартаж даруухан очих нь. Тэмцээний үеэр тоглолтын дараах халуун уур амьсгалтай үдэшлэгийн талаар санаад ч хэрэггүй. Хөлчүүрхэж элдэв асуудал гаргавал гудамжны булан тохой бүрт гарсан хамгаалалтынхан хөөгөөд явуулчих эрсдэлтэй. ДАШТ-ий үеэр усыг нь уусан жуулчид исламын шашинтай Катарын ёсыг л дагах юм байна.

Исламын шашинтай холбоотойгоор зарим тамирчид ч Катарын ДАШТ-ээс татгалзжээ. Жуулчид цэнхэр дэлгэцээр хөлбөмбөгийн наадмыг сонирхох нь. Гэсэн ч сонирхолтой нь ДАШТ-ий үеэр гурван сая орчим хүн амтай энэ улсад дэлхийн өнцөг булан бүрээс олон сая жуулчид цуглана гэж зохион байгуулагчид тооцоолжээ. Тэмцээний өдрүүдэд Дубайд өдөрт л 1300 онгоц буух гэнэ.

Энэ удаагийн ДАШТ маш өндөр өртөгтэй. Зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 138 тэрбум фунт стерлинг (220 тэрбум ам. доллар) хүрнэ гэсэн тооцоог тэмцээн зохион байгуулах хорооноос гаргажээ. Эндээс харахад түүхэн дэх хамгийн өндөр зардалтай ДАШТ Катарт болох нь. Энэ нь дараагийн хамгийн өндөр өртөгтэй ДАШТ болох Бразил (11.6 тэрбум фунт стерлинг) болон Орос (14.2 тэрбум фунт стерлинг) хоёроос ойролцоогоор 10 дахин их юм.Катар улс шинээр хөлбөмбөгийн долоон цэнгэлдэх хүрээлэн барьсантай холбоотой гэнэ. Жуулчид Катарыг зорихын тулд их хэмжээний хөрөнгө зарна. Дубайд захын буудал багадаа л 500 долларын ханштай.2018 онд ОХУ-д болсон ДАШТ шиг булан тохойд майхан сав барьж хоноод зардлаа хэмнэх боломж байхгүй.

Хөлбөмбөгийн фанатуудын гол хэрэглээ шар айраг л гэхэд аяга нь 20 ам.доллар. 90 минутын турш тоглолт үзэх явцдаа гурван аяга шар айраг уухад 60 ам.доллар төлөх хэрэгтэй. Манайхаар бол дунд зэрэглэлийн гурван аяга шар айраг шимэхэд л 180 мянган төгрөг төлөх нь. Улаанбаатарт хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд лигийн тоглолт үзэх явцдаа гурван лааз шар айраг уухад 10 мянган төгрөг л хангалттай. Дубайд тийм биш. Катарын ДАШТ-ээс хөлбөмбөгийн нэг хэсэг бүлэмцсэн фанатуудын төрх мөн л ажиглагдахгүй.

Нэмэгдээд тоглолтын такс, хоол хүнсний зардал шаардлагатай. Жуулчид ганцхан тоглолт үзэхээр Дубайг зорихгүй. Хэсгийн шатны гурван тоглолт үзэх төлөвлөгөөтэй хөлбөмбөгийн фанат дээрх зардлыг гурав нугалж төлөх шаардлагатай. Хамгийн багадаа л 2100 долларын зардал гарах нь. Жуулчдад санхүүгийн том дарамт учруулж байгаа талаар ч спортын хэвлэлүүд бичээд эхэлж. Өмнөх ДАШТ-ий билетүүд худалдаанд гарсан даруйдаа л шуураад дуусч байсан бол энэ удаа тэмцээн хаяанд ирсэн өдрүүдэд ч сул суудлууд хаа сайгүй байна. Энэ янзаараа бол хэсгийн шатны тоглолтууд хагас дүүргэлттэй цэнгэлдэхэд л явагдаж таарах нь. Амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд явагддаг барилдаанууд шиг л дүүргэлттэй цэнгэлдэхэд хөлбөмбөгийн баяр болох юм байна. Мэдээж энэ нь тэмцээний үеийн өндөр зардалтай шууд холбоотой.

Улаанбаатараас Дубайд очиж ганцхан тоглолт үзэхэд багадаа нэг хүнээс 7-8 сая төгрөгийн зардал гарах нь. Аялал жуулчлалын компаниуд ч ДАШТ-ий аяллыг зохион байгуулж байна. Дэлхийн аварга Герман болон Испанийн шигшээ багуудын тоглолт үзэх таван өдрийн аяллын зардал л 12 сая төгрөгийн ханштай байх юм. Ингэхдээ үүнд аялагчийн хувийн хэрэглээний зардал багтаагүй. Монгол дахь хөлбөмбөгийн фанатуудын зүгээс ганцхан тоглолт үзэхийн тулд 10 сая төгрөг зарлагадахаас зайлсхийж байгаа талаар хэлж байна. Мөн хэтэрхий баригдмал нөхцөлд нь таатай хандахгүй байгаа талаар ярьж байгаа юм. Манайханд онцлууштай мэдээ дуулгахад, энэ ДАШТ-ийг үзэх гэж нойроо хумслах хэрэг бараг гарахгүй. Тэмцээний тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 21:00, 00:00, 03:00 цагуудаас явагдана. Ажлаа тарж очоод удирдлагатай “ноцолддог” цагаар хөлбөмбөгийн баярын халуухан тоглолтууд явагдаж таарна. Ганц тоглолт үзээд л амрахад яг тохиромжтой. Харин задгай асарт шар айраг шимэх зуураа хөлбөмбөг үзэх боломж манайханд гарахгүй нь.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Чихрийн шижингийн эрсдэлээ цахим асуумж бөглөж мэдэх боломжтой DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) болон “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар хамтран “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн цахим мэдээллийн сан боловсруулж, ашиглалтыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, дүгнэх уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтад НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ТЗШУА-ны дарга Б.Баярмаа болон мэдээллийн сангийн дизайн, цэсийг зохиосон мэргэжилтэн Б.Баасандорж, Орбис интернэйшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ, төслийн менежер Ж.Наранчимэг, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Төслийн гол үр дүн болох “Чихрийн шижингийн цахим мэдээллийн сан”-г НЭМҮТ-ийн вэб сайтад түшиглэн шинэ дэд цэс үүсгэн бүтээсэн байна. Энэ линкээр хэрэглэгч мэдээллийн санд нэвтрэн орох боломжтой.

Энэхүү дэд цэс нь иргэдэд болон эрүүл мэндийн ажилтанд чиглэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд иргэд чихрийн шижингийн эрсдэлээ өөрсдөө үнэлэх цахим асуумж бөглөж хариугаа харах боломжтойгоос гадна тухайн хүний эрсдэлийн үнэлгээний дагуу зөвлөмж уншиж мэдээлэл авах боломжтой аж. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамж, цахим хичээл, гарын авлага, судалгааны үр дүнг унших, татаж авах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги улсад ашиглахыг зөвшөөрөв DNN.mn

Бельгийн Хаант Улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус ЭСЯ Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулсны дүнд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргав.

Тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байв.
Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна.
Энэ завшааныг ашиглан Бельгийн Зам, тээвэр, хөдөлгөөний яаманд талархал илэрхийлье. Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа бөгөөд Нидерланд, Люксембург Улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг бүрэн шинэчиллээ DNN.mn

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн төрөх тасгийг бүрэн шинэчлэх ажлыг хийлээ. Энэ хүрээнд тус төвийн төрөх тасаг бүрэн шинэчлэгдэж агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам байршуулсан юм. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинд эмчилгээ үйлчилгээ авахаар боллоо.

Мөн энгийн болон VIP өрөө бүхэнд стандартын ор, аавын буйдантай, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр гээд төрөх ээжүүд болон гэр бүлийнхэнд нь тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн юм.

Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.

Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явагдаж байгаа бөгөөд үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм.

Дашрамд дурдахад, байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп ирэх долоо хоногт мэдэгдэл хийнэ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 11 дүгээр сарын 15-ны өдөр “маш том мэдэгдэл” хийнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

“Миний бие 11 дүгээр сарын 15-ны өдөр Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ маш том мэдэгдэл хийнэ” гэж Д.Трамп Охайо муж улсад болсон сонгуулийн цуглааны үеэр хэлсэн байна.

Д.Трампын туслахууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх тохиромжтой хугацааг 11 дүгээр сарын гурав дахь долоо хоног гэж харж байна хэмээн уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “CNN” телевизэд өмнө нь мэдээлээд байжээ.

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Байнгын хорооны тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.08) хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хороо 11 дүгээр сард “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх, “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төсөл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ш.Сүхбаатар: Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Хууль зүйн ухааны док­тор Ширчингийн Сүх­баатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Юм бүрт урагш давшилттай байваас юуг ч бүтээж
чадна. Монгол төрийн жо­лоог ухаалгаар удир­дан залж явсан Жамс­рангийн Самбуу гуай
ингэж хэлсэн бай­даг билээ. Түүний амьд­ралын хуудсууд хий­гээд төрийн албыг ямар
сайхан төвшин нуруулаг хашиж яв­сан тухай түүхийг “Мон­гол төрийн мэргэн өвөө” ном өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны док­тор
Ширчингийн Сүх­баатар­тай ярилцлаа.


-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Сам­буу
гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө” ном тань хоёр дахиа хэвлэгджээ.
Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс сонирхож эхлэв?

-Би 1982 оноос энэ мундаг хүний
талаар су­далж эхэлсэн гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу
гуайн талаар маш сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон
аман түүхээ “Мон­гол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л
дээ. Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэв­лэлээ одоо гаргаж бай­на. Ж.Самбуу гуай на­сан туршдаа тавин жил тасралтгүй
төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хо­шуу тамгын хавсраа бичээчээс, Сангийн яамны
тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад нь анхны
дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга бай­лаа. Орон нутагт төр төвхнүүлэх ажлыг
хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлт­сийн дарга, дараа нь Гадаад
яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дипломат хүн. Мон­гол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг
со­нир­хон судлах бүх ухаад барш­гүй уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ
бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.

-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн талаар олон ном бичсэн байх
аа?

-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин,
мал сүрэг хоёртоо амиа тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс
нь харагддаг. “Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арч­лалт арга маягийн
сэ­дэв” гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэр­лэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичи­хийн
тулд хуучнаар Д.На­цагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан эсгий
гэр бариулаад Монгол орны бүх бүсээс шалгарсан
сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж авсан байдаг юм. Ингэхдээ
уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл ч бий. Ийм хашир малчдын мал
маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаан­тайгаа нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн.
Эдгээр номууд бол мал маллах ухааны ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай
мал аж ахуйн талаар томоохон эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бү­тээсэн хүн.
Энэ тухай Академич Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж
эрдэмтэд санал тавихад Ж.Самбуу гуай “Би
төрийн том алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.

-Түүний талаар хү­мүүс ер нь юу ярьдаг юм бол?

-Ж.Самбуу гуайн тө­рийн хүний
төвч ухаан, ноён нуруу, зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал
дар­га гэхэд “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж
онож хэлсэн. Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг
чанарыг хүндэтгэдэг” гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу
даргын ард түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг
эрхлэх ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрх­гүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж байсан
сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний жудагтай, хүнтэй
нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн хоёрдугаар дайны үед гадаадын
Элчин сайд нар Москвагаас хол­дож, зарим нь нутаг буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч
сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд
үнэлж дайны дараа Монголын Элчин сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр
гаргаж байсан түүхтэй. Бас Хойд солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж.
Ким Ир Сен Монголд ирэхдээ “Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан
удаатай.

2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн
өргөө гэрийг босгоход Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол
төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг
торгоор хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэ­тэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм билээ.
Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй. Жаргал зовлонгоо
хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя” гэсэн. Энэ дагуу 150
хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний гэрийн хөшгийг хатгаж
өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10 дахин өндөр зардал гарах
байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм. Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй
ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.

-Монгол төрийг 20-иод жил удирдаж явсан энэ эрхмийн талаар
судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс хара­хад төрийн хүн ийм л байх ёстой”
гэх бодол байгаа байх…?

-Монголын төрд Сам­буулаг хүнийг
олон болгох хэрэгтэй гэж сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би
түүнтэй санал нэг байна. Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж
хашдагийн үлгэр жишээ бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ
барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирж.
Тэгэхэд Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн та­лаар Элчин Самбуу
шиг бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм шуналгүй
хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байхдаа Улаанбаатар
хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө
“Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу гээд гарын үсгээ зурчихсан байсан
гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай хүмүүс тухайн үед бариг­даж буй барилгаас
дураа­раа авдаг байсан цаг шүү дээ. Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй
ханддаг байж. Нэг удаа Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хү­сэлт
тавьж л дээ. Тэг­сэн Ж.Самбуу гуай “Дам­динсүрээн наадах чинь хороон даргын чинь
шийдэх асуудал байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга
оролцож аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний
үгийг тэвчээр­тэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.

Аливаа асуудалд Монголоо, монгол
хүнээ юун түрүүн боддог байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист
өмч үрэгдүүлж, хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд
Ж.Самбуу гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ
л гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын баатар
цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд шийдэгдэхээр орж
ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж байсан. Үнэхээр Монголд
улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй аж. Ингээд анх Түвдэнгийн
Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн шагнаж, анхны эмэгтэй баатар болгож
байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг хүн байлаа. Түүний шинж чанарыг
харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой. Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн
нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна. Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр
хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг
юм байна. Төрийн ажил бол ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай
нь өнөөгийн манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал байдаг
юм. “Төрийн алба хаагч хүн амнаас гарах
хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү.
Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын
тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ. Хүрз зээтүү барьж,
малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно. Тиймээс төрийн том албанд
хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим
барьж бай” гэдэг байсан юм билээ.

-Ж.Самбуу гуайн гэр бүлийнх­нийх нь талаар сонирхуулахгүй
юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?

-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа
гуай нар төрүүлсэн үр хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд,
хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу
гуайд төрсөн хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр
хүүхэд нь уулздаг, өргөмөл хүүхдүүдтэй нь
ойр дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн Цэвэгжав
гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд охин нь төрж
л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно холбоотой байсныг
О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү С.Ганбаатар нар нотолдог.

-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж үзэв үү?

-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ган­баатар,
С.Баярсайхан гэж байсан. Харин С.Баярсайхан нь өөд бол­чихсон юм билээ. С.Баярсайханы
хүү Б.Батсайхан гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу
гуай төрсөн үр хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу
ухаанаар ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад
Цэнд эгч хамт байсан, түүний тухай ярихгүй
бол алдас болно” гэж хэлж байна билээ.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг байсан гэдэг. Та ч бас
энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн бэ?

-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн
дүү, ах дүүс манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн.
Мал хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг байв.
Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай намайг сургуульд
орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт янжуур тамхи шиг бал
өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг сургуульд ороход өгсөн юм.
Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг.
Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг
байв. Тэр үед ховор байсан хулсан сам, толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд морь сарлаг буюу коньяк зэрэг
ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу
байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо суулгаж байгаад хурал хийдэг байсан. Ан ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг
хоршоонд тушаагаад хамт явсан хүмүүстээ хувь тараагаад өгдөг хүн байсан юм билээ.

-Та ч бас төрд олон жил ажил­лаж байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас
үлгэр дуурайлал авдаг болов уу?

-Би төрдөө зүтгэж л явна. Ийм
хүний тухай ном бичихээр өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж та дээр хэллээ.
Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?

-Төрийн албаны зөвлөл өөрийн­хөө
хууль эрх зүйн баримт бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор
Д.Даваа-Очир “Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа.
Энэ нь төрд Сам­буулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.

-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм бол?

-Төрийн албаны хуулиар хүлээ­сэн
үүрэг, төрийн албан хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх.
Яг үнэндээ өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс
Ж.Самуу гуайн нэрэмжит шагнал бий болох байх.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна DNN.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дээрх төлөвлөгөөний дагуу тус хугацаанд нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Харин энэ оны эхний 9 сард нийт 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны 10 дугаар сард 56.25 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна гэж Монголбанк мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

2022 оны 11-р сарын 07-ны 20 цагаас 11-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.