Categories
мэдээ эдийн-засаг

“Манай улсын валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн” гэв DNN.mn

Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Эдийн Засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт танилцууллаа.

Тэрбээр “Энэ оны аравдугаар сарын албан мэдээллээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн.

Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү 150-200 төгрөг хүрсэн, валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан тэр үеийг бодвол өнөөдөр ханшийн зөрүү 20-30 төгрөг, арилжааны банкнаас өдөрт олгодог валютын дүн нэг сая төгрөг байсан бол 10 сая төгрөг болсон зэргээр үр дүн сайжирч байна.

Төрийн өмчит компаниуд дээр хийгдэж буй тодорхой ажлууд хэрэгжүүлснээр өмнөх саруудад оруулж ирдэг байсан валютын дундаж урсгал сүүлийн сард нэмэгдлээ.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол өнгөрсөн сард 70.5 сая ам.долларт хүрсэн. “Эрдэнэт үйлдвэр” 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сард 104 сая ам.доллар оруулсан” гэлээ.

Мөн манай улсын валютын нөөц нь 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж. Хэдийгээр макро нөхцөл сайжирч байгаа ч нөөцөө хамгаалах, бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатайг тэрбээр мөн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Омикроны BQ.1.2 шинэ хувилбарын илрэх шинж тэмдгүүд DNN.mn

Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 гадаадын нэг хүнд, BQ.1.2 Монгол Улсын 5 хүнд илэрснийг ХӨСҮТ өнөөдөр мэдээллээ.

Омикроны шинэ дэд хувилбар BQ.1.2 сорьцод эерэг гарах хувь нь 0.42 байна. 40-49 насныхны дунд тархалт их. Дамжих тархах хурд бусад хувилбарын адил өндөр. Нууц үеийн хугацаа богино.

Илрэх шинж тэмдэг:

  • Ядрах
  • Халуурах
  • Чичрүүдэс хүрэх
  • Ханиалгах
  • Амьсгал давчдах.

Уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.

BQ.1.2 хувилбар оношлогдсон таван хүний хоёрт нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Гурван хүнд нь халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлжээ.

Шинэ хувилбараар өвдсөн иргэдээс дөрөв нь Ковид-ын халдвараар өвдөж байсан. Үүнээс харвал давтан халдвар авах эрсдэл байгааг ХӨСҮТ-ийн дарга мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан барилгын компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалан санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул үнийн зөрүүг нь энэ ондоо багтааж, олгох боломж бий эсэхийг тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан, Бид 2023, 2024 оны төсөвт өмнөх жилүүдэд гарсан үнийн өсөлтийн нэмэгдлүүдийг суулгаж өгсөн. Харин энэ жилийн хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлүүлэхээс өөр аргагүй” хэмээн хариулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлын талаар залруулга хийхтэй холбоотой гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос Хууль зүй, дотоод хэргийн салбарын тоног, төхөөрөмжтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийн заалт бүрээр хэлэлцэв.

Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2/29 дүгээр зүйлийн 29.3.6 дахь заалт “тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх” гэж нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн.

Харин Ажлын хэсгээс гаргасан саналууд дэмжигдээгүйтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс төслийн 1/19 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтыг “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Л.Мөнхбаатар нараас төслийн 2/291 дүгээр зүйлийн заалтыг “барилга, байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдэд хуралдааны үеэр гаргасан саналуудыг нэмж тусган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа “Нөхөн олговор олгох” тухай хуулийн төсөл боловсруулан өнөөдөр (2022.11.09) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас ангижрах, баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах зорилтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-д суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутагт барьж байгуулахаар болсон билээ.

Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нийт 270 айл өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал тулгарсан. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу төрөөс эдгээр иргэдэд нэг удаагийн нөхөх олговор зайлшгүй олгох шаардлагатай болж байгааг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

Тэрбээр үргэлжлүүлэн, өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаад нөлөөний улмаас хүндрэлтэй тулгарсан тул нөхөх олговорыг улсын төсвөөс гаргах боломж хязгаарлагдмал юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ээр шийдвэрлэгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөнөөс эдгээр 270 айл өрхийн иргэдэд олгох нөхөх олговорын асуудлыг шийдвэрлэх боломжтой гээд тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай асуудлыг тодорхой зохицуулсан “Нөхөх олговор олгох тухай” хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулахад учирч болох сөрөг нөлөөг бууруулах, баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, шинэ ажлын байр бий болж, дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны эхний есөн сард сар бүр дунджаар 65 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 70.5 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний есөн сард сар бүр дунджаар 81 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 103 сая ам.доллар болж тус тус нэмэгдэж эхлээд байна. Мөн гадаад валютын улсын нөөц есдүгээр сард танилцуулга хийхээс өмнө буюу 2022 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 2696 сая ам.доллар байсан бол аравдугаар сарын эцсийн байдлаар 2786 сая ам.доллар болж валюттай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарч, тогтоол батлагдахаас өмнөх түвшнээс 90 сая ам.доллар нэмэгджээ.

Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын журамт цэргийн эмчээр унгар үндэстэн Андор Раднати ажиллаж байжээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ч.Чулуунбаатар Анагаах ухааны дээд сургууль, Намын дээд сургууль төгссөн. Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн яаманд түшмэлээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарын түүхийн сэдвээр олон бүтээл бичиж, хэвлүүлсэн судлаач хүн.


Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх байлдаанд унгар эмч эмнэлгийн тусламж үзүүлж байсан тухай та ярьж байсан. Энэ хүн яаж яваад ардын журамт цэрэгт ирсэн юм бол?

-Монголын ардын журамт цэрэг 1921 онд Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх байлдаанд орох үедтэр үеийн Хиагтын Орос тосгонд Оросын цэргийн эмч нар байсан. Тэдэн дунд Унгар гаралтай Андор Раднати Адольфович гэж эмч байжээ.Хиагтад тулалдаан болох үед унгар эмч Ардын журамт цэргийн эмчээр ажиллаж, Монголын партизан цэрэгтхүний их эмчийн мэргэжлийн түвшинд тусламж үзүүлсэн байна.

Богд хаант Монгол Улсаас хойш анхны их эмчийн тусламжийг хүн амд, цэргүүдэд үзүүлсэн хүн нь Раднати Адольфович байгаа юм. Энэ хүн 1893 онд Унгар улсын Мышкальц хотод төрсөн. 1914 онд цэргийн албанд дайчлагдаж, Венгер-Орос, Туркийн дайнд оролцож явахдаа оросуудад олзлогдож, Дээд Үдийн орчимд Березовскийн хорих лагерт хоригдож байжээ. 1915 онд суллагдан Оросын цэргийн госпиталь ба Дээд Үдийн Улаан загалмайн нийгэмлэгийн больницод их эмчээр ажиллаж байжээ. Дараа нь хэсэг унгар нөхдийн хамт улаан цэргийн отряд байгуулж, дарга, их эмчээр ажиллаж, Сэлэнгэ тосгоны их эмчээр ажилласан байна. Энд ажиллаж байхдаа Жамсрангийн Цэвээн, Дамбадорж нартай танилцаж тэдний тусламжтайгаар Монголоор дамжин Бээжин орж, эхнэр хүүхдийн хамт Унгар буцахыг завдсан ч Хиагтын гамингийн цэргийн яам зөвшөөрөөгүй учир Хиагтад байх үедээ Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явах гэж байсан Д.Сүхбаатартай танилцсан байна. Энэ үед оросууд Андорыг дахин цэргийн хүн эмнэлгийн албанд дайчилж, Хиагтын эмнэлгийн даргаар ажиллуулсан байдаг. Андор Раднати дахин нутаг буцахыг оролдсон ч чадалгүй Монголд буцаж ирээд 1922 оны нэгдүгээр сарын 20-ноос Ардын цэргийн хүн эмнэлгийн хэлтсийн сургагч, хүн малын өвчнийг эмчлэх хэлтсийн даргаар ажилласан байна. Нийслэл хүрээнд байсан. Эх сурвалжуудад тэмдэглэн үлдээснээс харвал судлаач, соёлтой хүн байсан юм билээ. “Энэхүү Андор Раднати фото зургийн гурван аппараттай” гэсэн тэр үеийн Оросын цэргийн тагнуулын байгууллагын баримт байх жишээтэй. Андор гуай 50 гаруй зураг авсан нь зарим судлаачдад байдаг юм билээ.

Энэ хүн хаана эмчийн мэргэжил эзэмшсэн юм бол?

-Унгартаа эмчийн мэргэжил эзэмшсэн, дэлхийн нэгдүгээр дайнд Европын олон орон оролцсон. Олзны хүмүүс Сибирь рүү цөлөгдөж ирдэг. Хиагт орчмоор байсан. Ганц Унгар ч биш тухайн үед Хаант Оростой байлдаж байсан улсуудын олзлогдсон хүмүүсийг цөллөгөнд авчирсан баримтууд байдаг.

Ардын журамт цэрэгт их эмчийн тусламж үзүүлсэн анхны хүн бол яах аргагүй энэ хүн. Энэ хүний дараа А.И.Ружеский гэж Улаан цэргийн эмч хүнажиллаж байсан. Түүний дараа Шастин эмч уригдаж ирээд Цэргийн госпитальд ажиллаж байгаад Халдвартын эмнэлгийг анх байгуулж байсан. Бие нь тавгүйрхэж буцаад эргэж уригдаж 1923 онд Монголд ирж ажиллаж байсан юм билээ.

Ардын цэргийн анхны эмч ямар тусламж үзүүлж байсан юм бол?

-Хиагтыг чөлөөлөх байлдааны эмнэлгийн хохирол, шархдагсдын тухай актад энэ хүн гарын үсэг зурсан тухай түүх байдаг. 1921 оны гуравдугаар сарын 22-нд Ардын журамт цэрэгт“… халдвартай хижиг өвчнийг арилгах нэгдүгээр монгол ангиудын эмнэлгийн даргаар унгар эмч Раднати ажиллаж байв” гэж“ Ардын журамт цэргийн түүхэн ялалт. Баримтын эмхэтгэл УБ. 1980”-д тэмдэглэгдэн үлджээ. Цэрэг дайны үед гэмтэл, мэс заслын тусламж үзүүлж байсан л даа. Одоогийнх шиг эмнэлгийн тогтолцоо байхгүй. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байсан гэсэн үг. Шархадсан, гэмтсэн хүмүүст мэс заслын тусламж голдуу үзүүлж байсан. Гэхдээ их эмчийн түвшинд үзүүлж байсан.

Тэр үеийн томчууд ямар эмчид үзүүлж харуулж байсан юм бол?

-Тэр үед Хаант Оросын эмч нар байсан. Консулын дэнжид буриад эмнэлэг гэж ажиллуулж байсан. Түүнчлэн Солонгосын эмч Ли Тэ Жүн гэж хүн бас энд ажиллаж байсан. Ли Тэ Жүн 1914 онд хүрээнд эмнэлгийн тусламж үзүүлж байсан. 1917 он хүртэл Богд хааны их эмчээр ажиллаж байжээ. Тэр хүн Нанжин хотоор дамжаад Хүрээнд ирсэн гэдэг. Тэр үед нь Богд хүсэлт тавиад эмчээр ажиллаж байж. Богдын үйлчилгээний албаныханд бас сайн үйлчилгээ үзүүлж байсан учраас Эрдэнийн Очир одонгоор шагнасан байдаг. Дээд мэргэжлийн тусламжийг өмчийн олон хэлбэрээр үзүүлж байжээ. Хужирбуланд арван хүн хэвтдэг дөрвөн бага эмчтэй Оросын цэргийн жижиг эмнэлэг ажиллаж байсан. Хятад, япон, дани гаралтай хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлдэг, эм тан залдаг байж.

Ардын цэргийн эмч ямар үнэ хөлстэйгээр ажиллаж байсан бол. Энэ тухай мэдээлэл байдаг уу?

-Ерөнхий жишиг байдаг. Гэхдээ Андор гуайд тэдэн төгрөг олгосон гэсэн баримт байдаггүй. Шастиныг Монголд урихдаа байртай байна, 200 орчим лан мөнгө өгнө, хүн үзнэ, Цэргийн эмнэлэгт ажиллана гэж урьсан талаар тухайн үед Өргөөд гарч байсан орос сонинд бичсэн байдаг. Андор гуай анхны их эмчийн тусламж үзүүлснээс гадна анх удаа Монголд хийсэн Европ эмнэлгийн задлан шинжилгээнд оролцсон хүн. Анхны задлан шинжилгээг Д.Сүхбаатар жанжныг өөд болсны дараа хийхэд хоёр орос эмч, япон Данзан, хэд хэдэн хүн оролцсон байдаг. Одоогоор бол шүүх эмнэлгийн анхны үйл ажиллагааг 1923 онд хийсэн хүмүүсийн бүрэлдэхүүнд Андор гуай орсон хэрэг.

Янз бүрийн эх сурвалжууд янз бүрийн юм ярьдаг. Гэхдээ архивт задлан шинжилгээ хийсэн, тийм хүмүүс оролцсон гэсэн мэдээлэл л үлдсэн.

Кинон дээр лам хувцастай хүн хор өгчихдөг шүү дээ. Бодит байдал дээр юунаас болж өөд болсон бол?

-Кинонд бол уран сайхны аргаар илэрхийлсэн зүйл байж болно.

Андор эмч Монголд хэр удаан ажиллав, хувь заяа нь цаашдаа яаж эргэсэн бол?

-Андор эмч буцаад Унгар улсдаа очоод Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэх ерөнхий газрын эмнэлгийн албаны даргаар ажилласан. Унгарын цагдаагийн хурандаа цолтой байгаад өөд болсон. Монголд дахиж ирсэн. Гэр бүлийн хүн нь ч ирсэн. Монголын эмнэлгийн түүхтэй холбоотой учраас 1961 онд Монголд урьжирүүлсэн юм билээ. Манай одонгоор шагнагдаж байсан түүх байдаг.

Монголын тухай дурсамж бичсэн үү?

-Монголд ирэхэд нь манай хөдөөгийн эмнэлэг ийм боллоо гээд Архангайд очиж үзүүлсэн юм билээ. Тэр тухайгаа хэдэн хуудас бичиж үлдээсэн байдаг. Нутагтаа очсон хойноо Монголын тухай DVD маягийн жижиг баримтат кино хийгээд Монгол Улсын төв музейд хаяглаж явуулсанюм билээ. Яах аргагүй Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дорвитой хувь нэмэр оруулсан хүн. Хиагтад Унгар хүмүүс байсан. Манай мэс заслын гавьяат эмч Евгени Бадер гэжэмч байсан. Нэгдүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан юм. Тэр хүн бас Хиагтад байсан Унгар гаралтай хүн.

Унгарууд анагаах ухааны хувьд ямар түвшинд хүрсэн улс юм бэ?

-Унгарууд Европын анагаах ухааны өндөр түвшинд хүрсэн улсад тооцогддог. Унгарын анагаах ухааны сургуулиуд олон зуун жилийн түүхтэй. Ялангуяа дэлхийд алдартай 140-150 жилийн настай “Годен Рехтер” гээд Унгарын эмийн үйлдвэр бий. Дэлхийд хоёр том эмийн үйлдвэр байна л даа. Нэг нь Баир гээд Германы эмийн үйлдвэр, Унгарын “Годен Рехтер” гэж маш их эрэлт хэрэгцээтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эмийн үйлдвэр бий. Мөн вакцин биологийн бэлдмэлийн хувьд Унгар дэлхийд дээгүүрт ордог. Жишээ нь Унгарын тусламжаар манайд Биокомбинат барьсан. Тэр бол вакцин үйлдвэрлэдэг газар. Ер нь Унгар вакцин үйлдвэрлэх талаараа Европт нэлээд дээгүүрт ордог. Малын вакцин үйлдвэрлэлтээр ч дэлхийд дээгүүр байр суурь эзэлж байгаа. Био комбинатын вакцин үйлдвэрлэлтийн том иж бүрдлийг хуучин тогтолцооны үед барьж өгсөн. Энд малаас хүнд дамждаг өвчнийг таслан зогсоох арга хэмжээ авбал хүнд халдвар дамжихгүй гэж боддог.

Та бас халдварт өвчний талаар судалсан хүн. Дээр үед бактерилогийн дайны аюулын тухай яригддаг байсан. Өнөө үед халдварт өвчнийг хил давуулан зориуд оруулж ирэх аюул хэр байдаг юм бэ?

-Ер нь түүхийн баримт бичгээс харахад манай орны хувьд бактерилогийн туршилтад сүүлийнзуугаад жилд нэг л удаа өртсөн байдаг. 1939 оны долдугаар сарын 12-ны шөнө, 13-ны өглөө Квантуны армийн 731 дүгээр отрядын хэсэг хүн Халх голд холер, тарваган тахлын хэд хэдэн нян хаясан байдаг. Тэдгээр нянг Харбин хотын ойролцоо байсан 731 дүгээр отрядын лабораторид хийж байсан. Сүүлд олон улсын шүүхээр батлагдсан. 1947-1948 онд Японд болсон Цэргийн гэмт хэргийн шүүхээр бактерилогийн зэвсгийг Зүүн хойд Хятадад, Монголд туршсан гэдэг нь батлагдсан. 1932 оноос эхлээд Харбины ойролцоо бактерилогийн зэвсэг турших 731-р отряд гээд 3000 гаруй хүнтэй үйлдвэр ажиллаж арваад мянган хүнийг туршилтанд оруулсан байдаг. Хятад, өвөрмонгол, монгол, солонгос хүмүүст туршилт хийсэн. Зүүн хойд Хятадад амьд гэрчүүд байдаг юм билээ. Гэхдээ өвчний нянг манай Халх гол руу хийсэн арваад хүн өөрсдөө буцах замдаа өвчлөөд нас барсан байдаг. Энд Японы цэргийн эмч хоёр хүн бас нас барсан байдаг.

Тэр нян Монголд хэр их хор уршиг тарьсан бэ?

-Монгол талд нь үзүүлсэн хор уршиг бага байсан. Яагаад гэвэл 1939 оны дайны үед Орос, Монголын цэргүүд тийм асуудал үүсэхээс сэргийлээд усаа өөр газраас авч байсан байдаг. Япончууд 1945 оны наймдугаар сард энэ байгууламжаа бүгдийг дэлбэлээд бичиг баримтаа авч явсан хүмүүс нь олзлогджээ. Халдварт өвчин гэхээсээ тухайн үед Халхын голд хаясан боомын нян гурав дөрвөн удаа үржээд өсөөд, газарт байж байгаад Монголын малыг өвчлүүлэх хүнд халдвар тархаахыг үгүйсгэх арга байхгүй. Биотерроризмийн эсрэг хязгаарлалт хийх талаар дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Хэнд ч хэлэхгүйгээр ямар ч хүнээр дамжаад орж ирж болох халдварт өвчнүүд бий. Улс энэ талаар зангидсан бодлоготой байх учиртай.

Богдын эмч гэснээс Богдыг оршуулсан газрын тухай сонин яриа байдаг юм билээ?

-Богд хаант Оросын Санкт-Петербург руу элч илгээж, хүний биеийн анатомийн өнгөт зурагтай мэс заслын багаж захиж байж. Сүүлд Богдын ордонд үйлчилгээний албаны дарга байсан Нанзад гэж хүний хүүхэд Дашзэвэг гэж анагаах төгссөн лам хүн байсан. Тэр Жадамба, Жамба, Ямааранз гэж гурван эм залдаг оточтой. Ордны үйлчилгээний алба маш нарийн дэг журамтай байсан гэдэг. Нас барсан тухайд нь ам дамжсан олон яриа байдаг. Богд өөрөө сүсэгтэн олны сэтгэлийг бодоод намайг Түвдэд хөдөөлүүлсэн гэж хэлэх байх. Гэхдээ та нар намайг Далан давхарт нутаглуулаад дээр нь Саша гээд тэмдэг тавиад орхичихоорой. Тэгэхгүй бол яс үсийг минь өндөлзүүлэн ухаж төнхөөд байж магадгүй гэж хэлсэн гэдэг. Тэр нь ч ортой байж магадгүй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хашаа, хайс чөлөөлөх ажлын явц 94.1 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.

Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж гаргаснаар Ажлын хэсэг байгуулагдан, зөрчилтэй хашаа хайсны судалгааг хийсэн. 1104 га газрыг хамран хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3566 хашаа, хайсны зөрчил илэрчээ.

Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгдсэн байна. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/585 дугаар захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна. Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт болон “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ.

Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт гэсэн салбартай.

Засгийн газрын хэвлэх үйлдвэр тусгай зориулалтын болон төр, засгийн шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1968 онд байгуулагджээ.

Эдгээр байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт шилжүүлж, улмаар төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах нийтийн хоол, хэвлэл, амралтын зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр удирдлагын давхардсан зардал буурах, нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо багасгах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасны дагуу ийм шийдвэр гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Б.Ариунзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан үйлдэл гаргасан юм. Уг хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасанчлан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тооцоод байгаа юм.

Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа талаар албаны эх сурвалж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Ирэх оноос зөрчлийг цаасаар биш цахимаар шалгадаг болно DNN.mn

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан туршилтын журмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж дууссан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан“ гэж ХЗДХ-ийн сайд танилцууллаа.

Тус системийг нэвтрүүлснээр зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсэх ба зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид тус системд хандан хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар хийх, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.

Эдгээр үйл ажиллагааг цахимжуулснаар цаасны хэрэглээ эрс багасах, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн Тэрбээр “Өчигдөр иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

Тодруулбал, нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь эрүүгийн хуулийн 23.1 буюу хуулийн сахиулагчийг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг нь 2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд шилжсэн байдаг.

Болсон үйл явдлыг сэргээж яривал, 2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь хохирогчийг автомашинаар санаатай мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан.

Уг дагуу тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг өгсөн.

Өөрөөр хэлбэл, цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна гэх мэдээллийг Э.Одбаяр олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулсан байдаг.

Нөгөөх нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн цагдан хорих байрны журам дэглэмийг зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж, улмаар уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн авч гарсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжиж, өчигдөр шийдэгдсэн” гэлээ.