Categories
мэдээ нийгэм

Уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын гажиг засах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна DNN.mn

Уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээ 430 мянган төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 323 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 131.6 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.


Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.

Categories
гадаад мэдээ

“KFC” уучлал хүсэв DNN.mn

KFC түргэн хоолны сүлжээ ресторан “Болор шөнө” буюу Кристаллнахтийг тусгай бяслагтай тахианы махтай тэмдэглэхийг уриалсан зурвас илгээснийхээ төлөө Германы хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлал гуйжээ.

Түүхнээ “Болор шөнө” гэж тэмдэглэгдсэн 1938 оны арваннэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нацистууд еврейчүүдийн дэлгүүр хоршоог галдан шатааж, орон гэрийг нь түйвээж, 90 гаруй еврейн амийг хөнөөж, 30 мянга гаруй хүнийг баривчилж байсан. Энэ шөнө еврейчүүдийг хоморголон устгах холокостийн эхлэл тавигдсан гэж зарим түүхчид үздэг. Тэгвэл түүхэнд хар мөр үлдээсэн энэ өдрийг тэмдэглэхийг уриалж KFC-гийн Герман дахь салбар “Өнөөдөр Болор шөнийг дурсах өдөр. Нэмэлт зөөлөн бяслагтай шаржигнуур тахиагаар өөрсдийгөө дайлаарай” гэсэн зурвасыг иргэдийн гар утас руу илгээжээ. Үүнийхээ дараа удалгүй уучлал гуйсан шинэ зурвасыг илгээсэн байна. “Бид маш их харамсаж байна. Ийм алдаа дахин гаргахгуйн тулд дотоод хяналтдаа шалгалт хийх болно. Бидний алдааг уучлаарай” гэжээ. Их Британийн еврей төлөөлөгчдийн зөвлөлийн дарга Даниэл Шугарман KFC-гийн зурвасыг байж боломгүй, жигшмээр явдал гэжээ.

“KFC”-ийн албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар автомат мэдээллийн өгөгдлийн хуанлид нь Германы баярууд болон тэмдэглэлт өдрүүд бүртгэгдсэн байдаг учир автоматаар ийм зурвас илгээгдсэн гэжээ.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм

АТГ: 1.1 тэрбум төгрөг завшсан УИХ-ын гишүүний зөвлөхийн хэргийг шүүхэд шилжүүлнэ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 743 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 717 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь Цагаан хад суурьшлын бүсэд албан үүрэг гүйцэтгэх явцдаа хахууль авсан гэх;
  • “Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн албан тушаалтан “Д” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албан тушаалтан “Б” нь гомдол гаргагчаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эрүүл мэндийн төвийн албан тушаалтан “Ө” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас тус Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний буюу 104 сая төгрөгийн хохирол учирсан гэх;
  • МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн удирдах албан тушаалтан “Э” нь өөрийн албан тушаалын үүргийг хэрэгжүүлэх явцдаа бусдад давуу байдал олгосон гэх;
  • “А” нь ИТХ-ын ажлын албаны даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал “С” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үрийн нөөцийн агуулахаас 89 тн улаан буудайн “Дархан-144” элит сортын үрийг бусдад давуу байдал бий болгож хууль бусаар олгосноор улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Нямдорж: Би бол зөнгөөрөө, зоволгүй амьдарч байгаа хүн DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.


-МҮБХ-ны 25 жилийн ой болж байгаа гэхээр их л хэцүү цагт байгуулагдсан байж таарах нь. Цаг төр ороо бусгаа, нийгэм шилжиж байх үед чухам Монгол бөхийг онцлох санаа хаанаас төрсөн бол?

-Улсын заан Давааням анх санаачилсан юм. Миний дүү л дээ. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэлд МоАХ-ны анхны жагсаал болсон. Энэ жагсаал нийгмийн дуудлага болсон. Олон санаа хүмүүст төрсөн. МҮБХ-г байгуулах санаа Даваанямд төрж л дээ. Яагаад намайг шахав гэхээр багаасаа нэг гэрт өссөн ах дүү хоёр. Дээр нь би бөхийн хорхойтон. “Монгол бөх” гэдэг сэтгүүл 1988 онд гаргасан хуульч мэргэжилтэй гээд хэрэг болох зүйл надад байж л дээ. Бид 1990 оны хоёрдугаар сард шуурхай ажиллаж эхэлсэн. Тэгээд 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд МҮБХ-г зохион байгуулах хурлыг хийсэн юм.

-Бөхийн холбоог бөх бус хүн тэргүүлэх болсон нь тухайн үед хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байсан уу?

-Тэр үед их сургуулийн багш гэдэг нэр хүндтэй ажил. Их сургууль гэдэг тухайн үед ямар агуулгаар тодорхойлогдож байсан гэхээр манай багш нар Намын төв хорооны боловсон хүчний нөөцийн боловсон хүчин гэдгээр үнэлэгддэг байсан. Дээрээс бууж ирсэн дарга нар их сургуульд шингэдэг. Соёлын яамны сайд Ц.Намсрай гэдэг хүн буугаад, их сургуулийн багш болоход их сургуулийн ректор Ж.Батмөнх гэдэг хүн Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болж байх жишээтэй. Ийм үе юм.

-Таныг бас улстөрчидтэй ч хэл үгээ ойлголцох хүн гэж үзсэн болов уу?

-Намайг сонгоход нэгдүгээрт бөхийн хорхойтон гэдэг маань нөлөөлсөн болов уу. Хоёр хүн барилдсан ч очиж үздэг байлаа. Багаасаа Даваанямтай барилдаж өссөн. Яг нарийн яривал 1990 оны Ардчилсан холбооны хөдөлгөөн миний эрхэлдэг Кримналистикийн лабораторид төвлөрч байлаа. С.Зориг бид хоёр нэг факултетийн хоёр тэнхмийн багш байлаа. Лүндээжанцан, Амарсанаа, Дэлгэрмаа гээд манай их сургуулийн багш нар бүгд л тус тусын замаар улс төрд явсан. Гэхдээ би энд ирсэндээ баярлаж явдаг хүн шүү.

-Бөхийн өргөө байгуулахаар нэлээд хэдэн жил яригдаад сүүлд төрөөс хөрөнгө оруулж, барилгын ажлыг дуусгаж байсан санагддаг?

-Бөхийн өргөө байгуулна гэж 1991 онд Данзан, Нямдорж хоёр санаачлаад гараараа хар зураг гаргаад, ийм дугуй байх юм. Энэ дотроо найман сектортой, дээрээ цонхтой, найман сектор нь арагшаа арван эгнээ суудалтай байх юм, голдоо чөлөөт бөхийн дэвжээ гурвыг засах юм гээд л. МҮБХ байгуулагдаад жилийн дараа Бөхийн өргөө байгуулахаар хөөцөлдөж явлаа. Манай тэргүүлэгчид мундаг улсууд байв. Соёлын яамны орлогч сайд байсан Даваасамбуу гуай манай нэг дэд тэргүүн, Худалдаа аж үйлдвэрийн яам гэж байсан түүний дэд сайд Мандалсүрэн, Барилгын цэргийн удирдах газрын дарга, хурандаа Жаргал гэх мэт ажил амьдралын туршлагатай бүгд Данзан бид хоёроос ахмад улсууд байлаа. Улсын заан Мягмар, Дагвасүрэн гээд нэртэй тохьтой бөхчүүд мөн тэргүүлэгчид. Бид хоёр тэднээсээ айж байгаад ийм байшин барья гэж хэлж байсан даа.

-Тэр үед идэх талхаа олоход хэцүү үе байсан. Хандив өгнө гэдэг бэрх байсан үе биз?

-Бид 1993 онд ажлаа эхэлсэн. Тэгэхэд картын бараанд шилжсэн байсан. Лангуун дээр давс л байсан үе. Хандив цуглуулах гэж янз бүрийн юм сэдсэн. Тэгээд төгсгөлд нь төрөөс мөнгө гуйсан. Намайг ингэж гуйх чигийг одоогийн Ерөнхийлөгч гаргасан гэж болно. Засаг бариагүй жирийн иргэн байхдаа тэр нэг удаа бөх үзэж суугаад надад “Ард иргэдийн үүсгэл санаачилгын ажил 40 хувийн биелэлттэй байвал төр засгаас дэмждэг практик дэлхийд байдаг юм аа. Та Жасрай гуайд хандаач” гэсэн. Тэр үед нь би хандаагүй боловч 1996 онд одоогийн Ерөнхийлөгч Олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дарга Р.Гончигдорж байхад гэрээр бол ханаа дугуйлаад, тооноо босгоод, униа өлгөчихсөн. Бүрээс, зуух хэрэгтэй байх үед нь төрд хандсан юм. Р.Гончигдорж бид их сургуульд хамт багшилж байсан хүмүүс. Би түүн дээр ороод “Одоо бол ард түмэн юу ч өгөх чадваргүй болсоон. Өгдөгөө өгчихлөө. 800 сая төгрөг та нар шийдэж өг өө” гэж гэлээ. Гончигоо “Би ганцаараа шийдэхгүй” гэсэн. Олонхийн бүлгийн хурлаар энэ асуудал орсон юм. Ц.Элбэгдорж дарга бага залуу байж дээ. Тэр хурлыг их урлагтай даргалсан. Гончигдорж бол намайг хажуудаа суулгаж байгаад зааварчилсан. “Одоо дуугүй байгаарай. Одоо тайлбараа хэл” гээд…Зарим нь уур хүрмээр юм хэлнэ шүү дээ. “Арзайж сэрзийсэн хагас дутуу юм босгочихоод, мөнгө нэхээд байдаг болно шүү” гэж хэлэх хүн байсан. Янз бүрийн үзэл бодлын дундуур. 800 сая төгрөг шийдэж өгсөн дөө. “Төрөөс ТББ-д дэмжлэг үзүүлж болно” гэсэн ТББ-ын тухай хуулийн заалтаар өгсөн юм. Түүнээс төрөөс хөрөнгө оруулалт хийсэн юм биш л дээ.

-Хүн бүр гэрээ яаж авч явах вэ гэж байх үед монгол бөхийг яаж хөгжүүлэх вэ гээд явна гэдэг уужим сэтгэл ээ?

-Уужим ч гэх юу байх вэ. Ер нь аав ээжийн л буян юм. Манай аав, ээж хоёр намайг үнэнч хүмүүжүүлсний хүч гэж их байна гэж бодогддог. Хорвоо ертөнцөд тэнэж явсан сүнс аав, ээжид очиж, хүн болж биежинэ гэдэг том учрал ерөөл гэдэг. Үүний төлөө хүн аав, ээж хоёртоо баярлаж явах учиртай. Би аав ээжийнхээ зөв бүтээл болохоор зөнгөөрөө зоволгүй амьдарч байгаа хүн. Түүнээс би ингэчихвэл мөнгө олчих юм байна, ингэчихвэл миний нэр хүнд дээшлэх юм байна гэж яваагүй.

– Гэргий тань “Юун бөх вэ. Ахуй амьдралаа бод” энэ тэр гээгүй юу?

-Гэргий маань бас их сургуулийн физикийн анги төгссөн, нэг сургуульд сурч байсан, хар залуугаасаа хань бүл болчихсон. Угаасаа миний хийж байгаа ажлыг хүлээн зөвшөөрнө. Энэ хөнгөн савсаг юм хөөцөлдөхгүй гэж мэддэг л дээ. Би их боддог, бодож бодож тэгнэ ээ гэсэн юмыг “За, энэ хийгүй бодсон байгаа” гэж ойлгоод хүлээж авдаг юм. Амьдралаа энэ хүн аваад явсан. Манайх ядуу амьдраагүй бас баяжаагүй. Зүгээр л сайхан дундаж амьдарч байна.

-Тэр үеийн мундаг хүмүүс Бөхийн холбооны тэргүүлэгчид байсан гэж хэллээ. Тэр үед энэ хүмүүс Бөхийн холбоог байгуулахдаа монгол бөх цаашдаа ингэж хөгжих ёстой гэсэн төсөөлөл байсан болов уу?

-Тэр хүмүүс яг нарийндаа бөхийн нарийн ширийн юм руу оролцоогүй. Тэр мундаг хүмүүс яасан гэхээр Худалдаа аж үйлдврийн дэд сайд Мандалсүрэн гэхэд худалдааны салбарын байгууллагуудаар Бөхийн өргөөнд хандив өргүүлэх дэмжлэг авах ажлыг хийж байсан. Ю.Жаргал хурандаа Монгол бөхийн өргөөг барилгын цэргээр бариулах санаачилга гаргаж байсан гэх мэт.

-Бөхийн өргөөний хананд хэр олон байгууллага, хүмүүсийн нэрийг мөнхөлсөн бэ?

-Хувь хүн цөөхөн юм. Долоон хүн сая төгрөг, арваад хүн 500 мянган төгрөг, хориод хүн 250 мянган төгрөгөөр нэрээ мөнхжүүлж байсан юм. Байгууллагыг хоёр, гурав, таван сая төгрөгөөр мөнхөлсөн.

-Тэр үед онцгой хүмүүс сая төгрөг гаргасан байж таарна?

-Тэгэлгүй яах вэ. Б.Бат-Эрдэнэ аварга, санаачлагч Давааням, улсын заан Хүрэлбаатар, Баярсайхан, Ганболд гээд тухайн үедээ амьжиргаатай явсан хэд нь гаргасан даа. Гэхдээ амьжиргаатай явсан бөх болгон өгөөгүй юм шүү. Манайд 526 хүн хандив өгсөн байдаг.

-Та нэр төрийн арилжаа гэж яаж бодож олов?

-Говь-Алтай аймагт хандивын ажлаар очсон байсан чинь аймгийн захиргаан дээр хурал хийлээ. Хурал дээр хүмүүс ярих нь “Янз бүрийн гоё нэртэй хандивын гуйлга дарж байна, үүнийг болимоор байна” гээд бараг надад зориулсан юм шиг уур амьсгал үүслээ. Тэгэнгүүт л гэнэт нэр төрийн арилжаа гэдэг үг санаанд ороход нь босоод ярьсан. “Би та нараас хандив гуйх гэж ирээгүй. Би та нарыг наана яривал монгол бөхийн түүхэнд цаана яривал Монголын түүхэнд мөнхлөх гэж анх удаа аймагтаа ирлээ. Та нар одоо бүтээн босгож байгаа Монгол бөхийн өргөөнд 5 сая төгрөг өгвөл ингэнэ” гээд яралзтал ярьсан. Нэр төрийн арилжаа гэдэг ингэж эхэлсэн. Өмнө нь хандив өгсөн хүмүүс хандиваа нэр төрийн арилжаанд тооцуулъя гээд хоёр сая төгрөг өгсөн нь гурван сая төгрөг нэмж өгч явсан юм шүү дээ. Нэг уран тодорхой санаа мундаг шүү.

-Өнгөрсөн 25 жилийн турш та юу хийснээрээ бахархдаг вэ, хийж амжаагүйдээ харамсдаг зүйл байдаг уу?

-Монгол бөх хаягдаад байсан. Данзан бид хоёр 1988 онд “Бөхийн хөдөлмөр” гэдэг өгүүлэл бичсэн. Тэр үед Монгол улс дөрөв тавхан сонинтой байсан. Тэрэнд өгүүлэл бичнэ гэдэг эрдэмтэн болох шахуу юм байлаа. Бид хоёрын бичсэн зүйлийг “Хөдөлмөр” сонинд гаргасан. Тэгэхэд бөх ийм байж болохгүй, бөхчүүдийн хөдөлмөр үнэлэгдэх ёстой гээд бичсэнийг бодоход тэр үед ийм байх ёстой гэсэн ямар нэг дүр зураг босгочихсон байж. Тэгээд 1990 онд боломж гарахаар “Та, насаараа бөх үзлээ, ингэх ёстой гээд өгүүлэл бичлээ, сэтгүүл гаргалаа. Одоо үүнийгээ ажил болгооч, та худлаа хүн байна шүү дээ” гээд дүү маань хор хуссан. Хоёр сар шахуу ингэж яриад би эрдмийн ажил бүх юмаа орхиод холбоо байгуулаад нэг жил ажиллахад ямар бэрхшээл тохиолдсон гээч. Спортын төв ордон бөх барилдуулаад олсон орлогоо өөрөө авдаг байсан. Бөхөө барилдуулаад орлогоо аваад, бөхийнхөө нийгмийн асуудлыг шийдэх гэхээр зааландаа барилдуулахгүй гэлээ. Энэ байдлаас үүдээд Монгол бөхийг тууштай хөгжүүлье гэвэл бие даасан ордонтой болох ёстой юм байна гэж бодсон. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сард ашиглалтанд орсон. Бид Монгол бөхөд урьд өмнө байгаагүй 50 шинэ зүйл хийсэн байдаг. МҮБХ-г байгуулна гэдэг өөрөө нэг шинэ зүйл. Нийгэмд 17 жишиг тогтоосон байна. Жишээлбэл МҮБХ гэдэг байгууллага зах зээлийн нийгэмд ТББ хэрхэн ажиллах жишиг тогтоосон. МҮБХ 200 төлөөлөгч хуралддаг “Их эе” гэдэг хуралтай. Дөрвөн жилдээ нэг хуралддаг, энэ хооронд МҮБХ-ны удирдлагыг хэн хэрэгжүүлдэг гэхээр 67 хүний бүрэлдэхүүнтэй Цэцдийн зөвлөл гэж жил бүр хуралддаг хурал шийддэг. Өдөр тутмын удирдлагыг тэргүүн, тэргүүлэгчдийн хамт хэрэгжүүлдэг ийм удирдлагын тогтолцоог бий болгосон. 10 рекорд амжилт тогтоосон. Нийгэмд өгөөжөө өгсөн 10 сэдэл хэрэгжүүлсэн. Сүмо бөхөд “Ошима” дэвжээний эзэнтэй гэрээ байгуулаад, зургаан хүүхдийг 1992 онд анх явууллаа. Энэ бол Монголыг дэлхийд сурталчлах цоо шинэ гарц. Сүмод явсан хүүхдийн тоогоор монгол айлын санхүүгийн асуудал шийдэгдэж байна.

-Монгол эр хүн монгол бөх гэдэг цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа байх аа. Гэхдээ монгол бөхийн ёс, жудгийг яаж хадгалах ёстой вэ?

-Монгол хүн бөхөө монгол эрчүүдийн загвар шүтээн гэдэг. Тэрэнд нийцэж байж монгол бөх байх ёстой гэдэг үүднээс Бөхийн холбоо ханддаг. Бөх хүн жудагтай. Монгол бөх зан араншингийн онцлогтой гэсэн судалгааны дүн бий. Монгол бөхөөр явахад зан араншингийн хувьд бөх араншин гэдэг юм байна гэж бид ярьж байгаа. Жирийн эр хүнд байдаггүй чанар. Амьдралаа алдсан бөх гэж байдаггүй.

-Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Бөхийн секцэнд хүүгээ оруулбал жудагтай эр хүн болох байх гэж эцэг эхчүүд найдлага тээж магадгүй?

-“Нутгийн салхи”гэж хөтөлбөр бид хэрэгжүүлсэн. Ерөнхий боловсролын бүх сургуулийг бөх барилдах хивс, зодог шуудаг, Монгол бөхөд анхлан суралцах бичиг гэсэн бүтээлээр хангасан. Тавдугаар ангиас эхлээд бүх эрэгтэй хүүхэддээ зодог шуудаг өмсүүлж, ангийн аварга шалгаруулж барилдуулах удирдамжтай. Бүгдийг нь бөх болгох гэж байгаа юм биш зодог шуудаг өмсөөд, ялан дийлээд, туг тойрохоор хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардгийг өвлүүлэх зорилготой. Одоогийн хүүхдүүд байнга компьютер ширтээд, амьд организмтай харьцаж чаддаггүй болж байна. Ийм болохоор спортын хүмүүжлийг япончууд бол жүдо, сүмогоор олгож байгаа юм билээ. Үүнийг бид монгол бөхөөр олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

-Яагаад 1024 бөх барилдуулахаар болсон юм бэ?

-25 жилийн ойгоор дөрөвдүгээр сарын 11-нд цэцэрлэгийн насны 256 хүүхэд барилдана. 11-нд бас нийтийн монгол бөхийн шандастан барилдана. Монгол бөхөөр байнга барилддаггүй ч ажлынхаа хажуугаар хааяа барилддаг залуусыг нийтийн монгол бөх гэж байгаа юм. 12-ны 14 цагаас улс аймгийн алдар цолтой болон цолгүй 45 наснаас дээш ахмад бөхчүүдийн барилдаан болно.

-45 наснаас дээш бөхчүүдийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга, бусад алдартай аваргууд зодоглох болов уу?

-Үгүй байхаа 45-51 насныхан барилдах болов уу. Манай бөхчүүд идэр залуу байсан бие хаагаараа хүмүүст тогтоогдсон болохоор өнөөдөр гарахад ямар байх вэ гэдгээ тооцоолдог. Ахмад бөхчүүдээ 11-ндээ бүртгээд 12-ндоо барилдуулна.

-Монгол бөхийн холбоог танаас өөр хүн тэргүүлж байгаагаар төсөөлөхөд хэцүү. МҮБХ-ны дараагийн удирдлага ямар хүн байгаа­сай гэж та боддог вэ?

-Үнэхээр бид энэ 25 жилд маш хурдтай эрчимтэй ажиллалаа. Хүрсэн түвшнээс буулгахгүй, бөхийн хоббитой, улс төрийн бус хүн энэ холбоог тэргүүлэх ёстой гэдэг жишиг бий. Гэхдээ бөхийн холбоог булааж авахыг санаархдаг увайгүй хүмүүст өгч болохгүй. Монгол бөхийн ирээдүй “Их эе”-ийн 200 төлөөлөгчийн гарт бий.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

Боксчид Тивийн аваргаас 10 медаль хүртжээ DNN.mn

Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдсан билээ. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв.

Тэмцээнд Монголын 17 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль авсан юм.

Эрчүүдийн 60 кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Монголын баг медалийн тоогоор дөрөвт жагссан бол медалийн чанараар 11-д бичигдсэн юм.

Казахстан улс зургаан алт, долоон мөнгө, найман хүрэл, нийт 21 медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан (6-3-3), Энэтхэгийн боксчид (4-2-6) удаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд 1000 км хурдны авто зам барина DNN.mn

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тус замын тендер 2011 онд буюу одоогоос 11 жилийн өмнө зарлагдаж “Шинэ хөгжлийн зам” компани шалгарсан юм. Тухайн компани 2014 онд Эдийн засаг хөгжлийн яамтай 30 жилийн концессийн гэрээ байгуулсан байна.

Гэрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр замын ажлыг гүйцэтгэх юм. Энэ зам ашиглалтад орсноор Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд баригдах аж. Замын ажил 2.5-3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 35,000-45,000 ажлын байрыг бий болгох тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэргийн алба хаагчид дунд дүрмийн бус шийтгэл 13 хувиар нэмэгджээ DNN.mn

Цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг ХЭҮК-оос танилцууллаа.

Хугацаат цэргийн алба хаагчдын 18,8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45,1 хувь нь цэргийн алба хааж бах үедээ дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж хариулсныг 2006 оны судалгааны дүнтэй харьцуулжээ.

Харин офицер,ахлагчидтай хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хүний биед халдах, сэтгэл санаанд дарамт учруулах, эд мөнгө татах тохиолдол байдаг гэсэн хариултыг аль аль салбарынхан өгч байлаа. Тухайлбал, хүний биед халдах явдал байдаг гэж зэвсэгт хүчний 2, хилийн цэргийн6,дотоодынцэргийн1офицер,ахлагч,сэтгэлсанааныдарамтучруулах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 24, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч, эд мөнгө нэхэх, татах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 7, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч тус тус хариулт өгчээ.

May be an image of 3 people, monument and text

Ингэхэд дүрмийн бус харилцааны зөрчлүүд ихэнх нь буурсан, зарим төрөл өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, ялгаварлан гадуурхалт 11.4, заналхийлж сүрдүүлэх 4,6, хүч хэрэглэх, зодох 11, дээрэмдэх, хараах, нэр хоч өгөх 13, бусдаар зодуулах 2,1 хувиар тус тус буурсан бол дүрмийн бус шийтгэл хүлээлгэх 33,3 хувь болж өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 33,3 хувиар өсчээ.

Categories
гадаад мэдээ

Истанбул хотын төвд дэлбэрэлт болов DNN.mn

Истанбул хотын төвд байрлах жуулчдад зориулсан Истиклал гудамжинд дэлбэрэлт болсны улмаас дор хаяж зургаан хүн нас барсан гэж Истанбул мужийн захирагч Али Йерликая твиттер хуудсандаа бичжээ. Үүнээс гадна 81 хүн шархадсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна.

Дэлбэрэлт болсон газар цагдаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай Истанбулд болсон дэлбэрэлтийг “террорист үйлдэл” гэж орой нь хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Үүний зэрэгцээ одоогоор дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэж таамаглаж байна.



Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм

“Эрээнд хөл хорио тогтоосон ч төмөр замын тээвэрт үүссэн хүндрэл байхгүй” гэв DNN.mn

БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байна. Энэ нь, Замын-Үүд-Эрээн өртөөний экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатараас тодрууллаа.

Тэрбээр, “Замын-Үүд-Эрээн өртөөний төмөр замаар нэвтрэх ачаа тээвэрт үүссэн хүндрэл байхгүй, галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна. Бид өргөн царигаар хоногтоо 14 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгч, нарийн царигаар хоногт 7 галт тэрэг хүлээн авдаг. Энэ нь хоёр улсын төмөр замуудын хооронд хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна гэсэн үг. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас хойш БНХАУ дотоод дахь цар тахлын халдвараа хумих зорилгоор Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог хоногт 4 болтол нь бууруулаад байсныг та бүхэн мэднэ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын удирдлагууд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч БНХАУ-ын Хөх хотын төмөр замын удирдлагуудтай тогтмол цахим уулзалт хийж, албан хүсэлтүүд явуулж шаргуу ажилласны үр дүнд 2022 оны нэгдүгээр сараас хойш галт тэрэг солилцоо аажмаар сайжирч, өнөөдөр хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу хоногтоо 14 галт тэрэг солилцох хэмжээнд хүрлээ.

Энэ удаа Эрээн хотод ковид-19-ийн тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон ч галт тэрэг солилцоо хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааны үр дүн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн энэ нь, цар тахлын үед хөрш төмөр замууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөн ажиллах туршлагатай болсныг ч илтгэн харуулж байгаа хэрэг юм. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахад чухал үүрэгтэй галт тэрэг солилцоог хэвийн хэмжээнд хүргэхийн төлөө ажилласан УБТЗ-ын удирдлагуудын олон сарын хүчин чармайлтыг Хятад нөхөд маань ойлгон хүндэтгэж байгаа нь үүгээр харагдаж байна” гэв.

Эх сурвалж: УБТЗ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 116 мянган тонн нөөц байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 27 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 76 хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 99 хувьтай, замын цас, мөс цэвэрлэгээний ажлыг бүрэн хийж дуусжээ.

Давсны 2808 тонн, бодисын 2030 тонн нөөц байна. Мөн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 643 цэгээр сайжруулсан түлш борлуулж, 116 мянган тонн нөөцтэй байна. Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 8758 аж ахуйн нэгж, байгууллага гаднах орчны 50 метрийн зам талбайн цэвэрлэгээг хийж, нийт 408,644 ам метр талбайд цас, мөсний цэвэрлэгээ хийжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын Бага тойрууд зургаан давхраас дээш барилга, байгууламж бариулахгүй, зөвшөөрөл олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай нь боловсруулан танилцуулах үүрэг өгсөн юм. Энэ дагуу барилга байгууламж барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахгүй байхаар 85 га талбайд барилгажилтын судалгаа хийжээ.