Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” одонгоор шагнах хүнийг лхагва гаригт зарлана DNN.mn

Чингис хаан одон хүртсэн эрхмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ жил арваннэгдүгээр сарын 24 буюу пүрэв гарагт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонгоор шагнах хүний нэрийг энэ лхагва гарагт /2022.11.23/ зарлана гэж ЕТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголын занараас Арабынхаас ч чанартай тос гарна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВАААС… “Монголын занараас Арабынхаас ч чанартай тос гарна” ХЭМЭЭХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


Гар утасны дайтай
шатдаг занарын өөдөснөөс нэг пенциллиний шил дүүрэн Арабын газрын тосноос илүү
сайн чанарын, цэвэр дизелийн тос гаргаж авах бололцоотойг Америкийн эрдэмтэд
баталжээ. Тэд Монголын шатдаг занарыг лабораторид шинжпээд ийм дүгнэлт гаргачихаж.
Гар утасны дайны занарын хэлтэрхийнээс тосноос гадна пенциллиний шилний хэртэй
хий гарна гэж манайд занар хайж байгаа Америкийн судлаачид хэлж байна. Говьд
занараас тос гаргаж авбал мөн ийм хэмжээний нэрмэл ус ялгардаг гэж байгаа. Шууд
уухад тохиромжгүй ч ус ховортой говь нутагт зүлэгжүүлэлт энэ тэрд ашиглахад
боломжийн ус гэнэ.

Гар утасны хэмжээний
жижигхэн хэсгийг томруулаад хааш хаашаагаа нэг хавтгай дөрвөлжин км талбай
бүхий газар гэж бодъё. Ийм талбайгаас дор хаяж 150-200, түүнээс дээш метрийн
зузаантай чанарын зохих түвшинд байгаа занар олбол Монголын өнөөдрийн дизелийн
долоон жилийн хэрэгцээг хангахаар хэмжээний тос гарна. Таатай мэдээ дуулгахад
америк эрдэмтэд Монголд ийм занар байгааг баталжээ. Хэрэгцээгээ бүрэн хангаад
экспортолж мөнгө олох боломж бидэнд байна гэсэн үг.

Занар яаж үүсдэгийг
хар үгээр тайлбарлавал 150 сая жилийн өмнө нуур байсан газарт үүсчээ. Нуурын
замаг нуурынхаа гүнд шороо элстэй холилдож сүүлдээ чулуужсаныг шатдаг занар
гээд ойлгочихож болно. Товчхондоо Монголынх цэрдийн үед хамаарах нуурын ёроолын
гаралтай шатдаг занар. АНУ-ын Колорадагийн ордтой ижил бүтэцтэй, сайн чанарын
занар гэж судлаачид ам сайтай байгаа. Нэг тонн чулуунаас 115 литр тос гарна
гэсэн тооцоог судлаачид хийжээ. Монгол занар хүхрийн агууламж багатай гэдгийг
дэлхийн судлаачид тогтоогоод байна.

Манай улсын хувьд
шатдаг занарын таамаг нөөцийг 800 тэрбум тонн гэдэг. Дэлхий дээр шатдаг занарын
нөөцөөрөө Америк тэргүүлдэг. Америкийн дараа Иордани, Израйль жагсдаг. Монголын
хувьд хайгуулаа сайн хийгээд нөөцөө баталгаажуулбал дээгүүрт жагсана гэж
геологичид онцолдог. Өгий нуур, Чойр, Тамсагийн хавьд нөөц сайтай гэсэн таамаг
бий.

Манайтай хамтарч буй
Америкийн хувьд занарын салбар нь өндөр түвшинд хөгжсөн цөөхөн улсын нэг.
Нефтийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог энэ улс газрын тосны
хэрэглээнийхээ 60 орчим хувийг гаднаас хангадаг. Ойрын 15 жилдээ багтаж газар
дор байгаа занараа боловсруулж дотоодынхоо хэрэглээгээ 100 хувь хангах зорилт
тавиад ажиллаж байгаа улс.

Уул уурхайн яаманд
шатдаг занарын чиглэлээр хамтрах саналыг судалгаагаа сайн чанарын занар Монголд
байна гэж зарласан Америкийн “Жени ойл энд газ”- аас гадна Францын компани тавьжээ.
Монголоос МАК, “Нарантуул трейд” компани туршилтын ажпаа эхлэхэд бэлэн болжээ.
Хориод компани хайгуул хийх хүсэлтээ тавиад байгаа гэнэ. Одоогоор технологио
санал болгож, урьдчилсан ТЭЗҮ-гээ хийж, ажил нь нэлээд явцтай байгаа компани
бол “Жени ойл шэйл Монголиа”. Америкийн “Жени ойл энд газ”-ийн охин компани.
Толгой компани нь Нью- Иоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, эрчим хүч, газрын
тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийг
ашиглах талаар нэлээд судалгаа, шинжилгээ, туршилт хийсэн үндэстэн дамнасан
корпораци. АНУ, Израйльд газрын тос болон шатдаг занарын хэд хэдэн орд дээр
хайгуул, ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа.

“Жени ойл шэйл
Монголиа” Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сумдын зааг Өвөржаргалантын хөндийгөөс
болон Хөөтөөс занарын их хэмжээний нөөц илрүүлж, газрын гүнд нь боловсруулж тос
гаргаж авах боломжийг санал болгож байгаа юм. Дэлхий дээр шатдаг занарыг газрын
гүнд болон ил уурхай гэсэн хоёр аргаар олборлодог. Ил аргаар олборлохыг нь
байгаль орчинд халтай гэдэг бол газрын гүнд халаах маягаар тос гаргаж авахыг нь
экологид хор нөлөө багатай гэж үздэг аж.

Шатдаг занарыг
энгийнээр хэлбэл уламжлалт газрын тос болон байгалийн хийн өмнөх шатны
бүтээгдэхүүн гээд ойлгочихож болно. 2000-3000 метрийн гүнд булагдсан бол
байгалийнхаа жамаар боловсорч газрын тос болж хувирах байж. Харин шатдаг занарын
хувьд 200-300 метрийн гүнд байдаг учраас энэ процесс явагдаж амжаагүй гэсэн үг.
Боловсруулж тос гаргана гэдэг нь тос болж хувираагүй байхад нь техник
технологийн хүчээр халааж гаргаж авахыг хэлдэг аж. Химийн бодис ашигладаггүй нь
энэ аргын нэг давуу тал.1940-1960 онд газрын тосны үнэ галзуурч байхад Швейдэд
анх энэ аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаж байсан түүх
бий. Гүнээс олборлоход газрын гадарга дээр сөрөг нөлөө үзүүлдэггүйг энэ мэт
туршлага баталдаг. Өнөөдөр гэхэд Колорадад хэд хэдэн төсөл хэрэгжиж байна.
Занараас хөнгөн нэгдлүүдийг нь л ялгаж авдаг учраас газар хотойно гэсэн ойлголт
байхгүй аж.

“Жени ойл шэйл
Монголиа” компанийнхан дэлхийд эхний тавд ордог санхүүгийн зөвлөгөө өгдөг
компанид хандаж урьдчилсан ТЭЗҮ хийлгэжээ. Өдөрт 600-700 тонн газрын тос
олборлох бүрэн хэмжээний үйлдвэрийг Монголд байгуулахаар тооцжээ. Жилд 18 сая
баррель газрын тос, 900 сая метр куб байгалийн хий боловсруулах хэмжээний том
үйлдвэр байгуулах ажил яригдаад эхэлсэн

гэсэн үг. Нэг тонн
газрын тос гаргах үйлдвэрийн өртөг нь 350 ам.дол- лар гэж гарчээ. Гэтэл өнөөдөр
дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 100 ам.доллараас буухгүй байгаа.
Өмнө нь арав гаруйхан ам.доллар байсан газрын тос сүүлийн хорин жилд л лав
100-гаас буураагүй. Шатдаг занараас тос гаргавал баррелийг нь 45-50 ам.доллараар
борлуулах боломжтой гэсэн тооцоог тэд хийжээ. Тэгэхээр бид занараасаа тос
гаргаад эхэлбэл илүү сайн чанарын тосыг хоёр дахин бага үнээр авах боломж
нээгдэх нь. 15- 20 жилийн дараа бүрэн хэмжээний үйлдвэр ажиллах тооцоо гарчээ.
Үйлдвэр босгох өртөг нь дөрвөн тэрбум орчим ам.доллар. Улсын төсөвт энэ
үйлдвэрээс жилд 850 сая ам.доллар орно гэсэн тооцоо гарсан байна лээ.

Тээр доор байгаа
занарыг эрчим хүчний ямар эх үүсвэрээр халаах вэ гэдгийг ч тэд тооцжээ. Эхний
халаах эрчим хүч чухал байдаг гэнэ. Тэр эрчим хүчээ салхинаас гаргах бүрэн
боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Нэг халаагаад газрын тосоо гаргаад ирсэн байхад
байгалийн хий давхар гараад ирнэ. Байгалийн хий бол эрчим хүчний том эх үүсвэр.
Байгалийн хийгээ халаалтандаа эргээд ашиглана. Эрчим хүчээ энэ маягаар шийдчих
боломжтой юм билээ. Занараас гарах хийг ганцхан занараас тос гаргахад
ашиглахгүй. Шатдаг занараас гарах хийг эрчим хүчний асуудлаа шийдэх том боломж
гэж харж болно. Занараасаа эрчим хүч гаргаж хөгжсөн улсын нэг нь Эстони. Манайх
шиг их нөөцгүй, байгалийн өөр ямар нэг баялаггүй энэ улс зургаан ил уурхай
ажиллуулж жилд 20 орчим сая тонн занар олборлож уламжлалт аргаар нэрж, занарын
цахилгааны болон дулааны станцыг ажиллуулж байна. Дотоодынхоо эрчим хүчний
хэрэгцээний 90 гаруй хувийг занараас гаргаад авчихдаг. Манайхаас 2.5 дахин
цөөхөн хүн амтай, нутаг дэвсгэрээрээ 45 дахин жижиг Эстонийн компаниуд занарын
үйлдвэрлэл технологийг идэвхтэй хөгжүүлж, зөвхөн дотоодод төдийгүй гадаадын улсуудад
хөрөнгө оруулах хэмжээнд хүртэл томорчээ. Тэгэхээр бидний өмнө занараараа эрчим
хүч, газрын тосны хэрэглээгээ хангаж, цаашлаад харвал бүс нутагтаа нөлөөллөө
тогтоосон улс болох боломж ч нээлттэй байна. Газрын тос гэдэг бүтээгдэхүүнд улс
орнуудын харилцаа, байр суурийг эргүүлэхээр их хүч нуугддаг гэдэг. Ингээд харахаар
занарт ч тийм ирээдүй байна. Дэлхий Монголыг занараар нь үнэлж, занараас
гаргасан өндөр чанартай газрын тос Монголыг дэлхийн онцлох улсын нэг болгоход
дор хаяж 5-6 жил шаардлагатай гэж судлаачид үздэг юм билээ. Гэхдээ занарын
төслүүд энэ янзаараа урагшилбал шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Энэ пүрэв гаригт бүх нийтээр амарна DNN.mn

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна | News.MN

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.

Энэ пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 24-нд Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгосон юм.

Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ жил Их хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Мөн Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол Сүхбаатарын талбайд болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Харин Улс тунхагласны өдөр бүх нийтээр амардаг ч энэ сарын 26-ны өдөр бямба гарагт тохиож байна.

Categories
гадаад мэдээ

Сая 500 мянган ам.км нутаг DNN.mn

Саяхан АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээчБен Ходжес “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятадууд Оросууд гэрээгээр авчихаад өгөхгүйбайсан 1 сая 500 мянган ам.км газар нутгаасаа бүр цаашилж Сибирийгтэрчигтнь авах боломжтой болоод байна” гэж хэлсэн нь олон монголчуудыг “манай нутгийг хэлсэн юм биш үү” гэж нийтийн сүлжэээнд бичихэд хүргэжээ. Иймээс бид генерал Бен Ходжес ярилцлага өгөхдөө яг ямар нутгийг хэлснийг уншигчиддаа тодруулан хүргэж байна.

XIX зууны Манж Чин улс Европчуудад хаалттай баян чинээлэг улс байжээ. Энэ нь өөрсдөө иргэдийнхээ хэрэгцээт бүх зүйлийг үйлдвэрлэж гадны гарыг хардаггүй байсан гэсэн үг. Харин евопчууд энэ улсаас шаазан эдлэл, цай, торгоноос авахуулаад маш олон зүйлийг экспортлон авдаг байв. Энэ нь тэдэнд гадаад худалдааны алдагдлыг бий болголоо. Энэ үед мануфактур дээрээ уурын хөдөлгүүрийг инноваци болгон нэмж, аж үйлдвэрийнI хувьсгал хийн, эдийн засгийн шинэчлэл хийсэн Англи тэргүүтэй улс цэрэг, техникийн ололт амжилтандаа тулгуурлан нөлөөгөө тэлэхэд бэлэн болоод байв. Хүн ам нягт суурьшсан олон иргэдтэй Манж Чин улс Европын маш том зах зээл болох байлаа. Гэвч манжууд “цагаан луйварчдыг цухуйлгаж ч болохгүй” гэсэн хатуугийн хатуу, хаалттай бодлого баримталж байв.

XIX зууны дунд үед европын наймаачид зөвхөн Гуанжоу боомтод наймаа хийдэг бөгөөд тус боомтод байрлах газраас цааш ганц ч алхах эрхгүй байлаа. Европчуудтай худалдаа хийх эрхтэй манжийн 13-хан компани байсан учир дуртай цагтаа үгсэн хуйвалдаж үнээ нэмж байв. Энэ 13 компанийг улсаас хатуу хянаж улсынхаа тухай ямар нэгэн мэдээ европ худалдаачдад дамжуулах, хятад, манж хэл заахыг хатуу хориглож зөрчвөл бөндгөртэй нь ярьдаг байжээ. Эдгээр компаниуд бараагаа зөвхөн алт, мөнгөн зоос, гулдмайгаар зарж байсан тул европт үнэт металлын хомсдол үүсэж ялангуяа фунт стерлингийн ханш уналаа. Иймээс англичуудад худалдааны алдагдлаа засах, Хятадад маш их эрэлт үүсгэн завсаргүй зарагдах бараа олох хэрэгтэй болов. Үүнийгээ ч олов. Энэ нь хар тамхи.

XVIII зуунаас Энэтхэгийн худалдааг хариуцсан Английн ”Ост-Инд” компани Бенгалийн хар тамхийг худалдан авах монополь эрхтэй байжээ. Энэ компани XIX зууны эхээр хар тамхиа Хятадын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн байна. 1834 оноос энэ компаниас гадна олон англичууд хар тамхины наймаа эрхлэх болж монополь эрх цуцлагдсанаар хятадад нийлүүлдэг хар тамхи хэдэн арав дахин нэмэгдэв. Үүнээс өмнө Манж Чин улс хар тамхийг маш бага хэмжээгээр, зөвхөн эмийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Ийнхүү Манж Чин улсад хар тамхи тахал болон тархаж удалгүй жирийн иргэдээс гадна төрийн албан хаагчид, цэрэг армийнхан хүртэл хэрэглэдэг болов. Англичууд хар тамхийг зөвхөн цэвэр мөнгөөр зарж байсан нь гадаад худалдааны алдагдлыг арилган бүр ашигтай болгож үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол барих боломжтой болов. Манж Чин улсын хаан зүгээр байсангүй. Хар тамхийг хориглосон маш хатуу арга хэмжээ авч явууллаа. Ингээд түүхэнд “Хар тамхины” гэж нэрлэгдсэн дайн эхлэх боломж хоёр талаасаа бүрэн бүрдэх нь тэр.

1840 онд Манж Чин улсын усан хилд английн флот хүрч ирэв. Ингээд Манж Чин улсаас хурааж авсан хар тамхины үнийг төлөх, адил тэгш эрхтэйгээр худалдаа явуулах боломж олгохыг шаардав. Бээжин зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн боловч барууны зэвсгийн хөгжлийн өмнө хүчин мөхөсдөв. Англичууд чухал түшиц газруудыг ээлж дараалан эзлэн авч бүр Бээжинд тулж ирлээ. Ингээд удтал хэлэлцсэний эцэст 1842 оны наймдугаар сарын 26-нд Нанхийны энхийн хэлэлцээр байгуулагдаж Бээжин Лондонд олон сая мөнгөн зоос төлөх, Хонгонкийг Английн мэдэлд өгөх, далайн гол боомтуудаа Английн худалдаачдад нээх үүрэг хүлээжээ.

Нэг их удсангүй, Оросыг ялж Крымын дайныг амжилттай дуусгасан Англи Бээжинтэй дахин байлдах шалтаг хайж эхлэв. Ийм шалтаг ч олдлоо. Манж Чин улс Английн далбаатай Хонгонкийн “Эрроу” гэх худалдааны хөлгийг далайн дээрэм хийсэн хэмээн олзлон авсан нь дайн хийх сайхан шалтаг болов. Энэ удаа Манжийн эсрэг анличуудаас гадна холбоотон Франц ч хамтран довтлов. 1857 онд англичууд Гуанжоу боомтыг эзлэн авав. Гэтэл Энэтхэгт сипаечуудын зэвсэгт бослого гарсан нь байлдааныг цаашид өргөжүүлэх англичуудын боломжийг хаав. Ингээд 1858 онд энхийн хэлэлцээр эхэлжээ. Англи, Франц болон Манжийн хэлэлцээрт орос, америкчууд хүртэл оролцов. Оросууд сиймхийг ашиглан манжуудтай дангаар гэрээ хийж хүн амсаад байх юмгүй ч маш их баялагтай, далайд гарах чухал түшиц газар болох нэг сая ам.км газар нутгийг нь түр ашиглах гэрээ хийн салгаж амжив. Энэ үед Манж хаан гадны шахалтнаас гадна дотооддоо Манжуурт гарсан бослогыг яая гэж байсан учир англи, франц, америкийн бүх болзлыг хүлээн авсан байна. Ийнхүү Тяньжины гэх гэрээ байгуулагдав. Европчууд Манж Чин улсын бүх нутагт чөлөөтэй худалдаа эрхлэх эрхтэй болж хэд хэдэн далайн чухал боомтуудад нэмж эзэн суух болсон төдийгүй хятадад христийн шашин дэлгэрүүлэх эрхтэй болжээ. Гэхдээ энэ гэрээг Манжийн эзэн хаан баталж байж хэрэгжих байв. Иймээс хаан элдэв шалтаг заан гэрээг баталсангүй. Иймээс 1860 оны зун англи, францын шинэ довтолгоо эхлэв. Энэ удаа далайгаас гадна хуурай замаар довтолжээ. Харин манжууд тэдний эсрэг монгол цэргүүдийг татан авчирсан байлаа. Монголын Сэнгэринчин ноёноор удирдуулсан манжийн(тэр үед хятад иргэд цэрэг болох эрхгүй байв) 60 мянга орчим цэрэг 1860 оны есдүгээр сард англи, француудыг довтлон жижиг тулаанд амжилт үзүүлж байсан ч шийдвэрлэх тулалдаанд 3000 цэрэг 27 үхэр буугаа алдан ялагджээ. Бялтат буунд цахиур буу, нум сум, их буунд үхэр буу ялагдав. Ийнхүү торох саадгүй болсон европ цэргүүд ялалт байгуулсаар Бээжинд нэвтрэн орж эзэн хааны зуны ордныг тонон дээрэмдэв. Манжийн эзэн хаан Сяньфэн өөрийн нутгийн захад орших ордон руу зугатсан учир гэрээ байгуулах хүн байсангүй. Үүнийг оросууд овжноор ашиглан зуучлагч болов. Ингээд Бээжингийн гэрээ байгуулагдан манжаас бусад нь сэтгэл хангалуун үлдэв. Энэ гэрээнд АНУ, оросууд хүртэл оролцож өөрсдийн эрх ашгийг хангав. Манжууд газар нутгаасаа оросуудад нэмж алдан, англи, француудад дайны төлбөр төлөхөөс гадна бүр олон шинэ боомтуудад эзэн суух эрх найр тавин өгч “кули” гэх хямд ажиллах хүч болсон хятадуудыг европт гаргахыг зөвшөөрчээ. Ийнхүү манжууд европыг хямд бараа,түүхий эд болон ажиллах хүчээр хангадаг хагас колони байдалтай улс болон хувирав.

XVI зуунаас оросууд байгалийн баялаг ихтэй Алс Дорнодыг сонирхох болж 1587 оноос орос иргэдийг Байгаль нуур болон Амар мөрний орчим байгалийн хишиг ялангуяа үслэг ан олзворлуулан суурьшуулах болов. 1650 оноос эхлэн орос манжууд энэ нутгийг булаацалдан 40 жилийн турш байсхийгээд л зэвсэгт мөргөлдөөн хийсний эцэст 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулж Амар мөрний орчим нутаг манжийн мэдэлд үлджээ. Гэхдээ нарийн хил гэж байсангүй. 1858 онд Амар мөрний орчим нутаг, Камчатк, Уссурийн хязгаарыг нэгтгэсэн Примори муж байгуулагдав. Эцэст нь 1858 оны тавдугаар сарын 28-нд манжийн Айгунь хотод энхийн гэрээ байгуулагдлаа. Түүхэнд “Айгуний гэрээ” гэж нэрлэгдсэн энэхүү гэрээгээр хар тамхины хоёрдугаар дайнд ялагдаад байсныг нь далимдуулан Амар мөрний эргээр хил тогтоох гэсэн оросын саналыг хоёр фронт дээр тулалдахгүйн тулд манжууд хүлээж авахаас өөр арга байсангүй. Мөн Амар болон Уссур мөрнөөр зөвхөн манж, оросын хөлөг явах эрхтэй боллоо. Энэ нь тухайн нутагт барууны улсууд нэвтрэхийг хорьсон хаалт байв. Ингэснээр манжууд “Эзэн хааны ангийн дархан цаазат газар” хэмээн монгол цэргүүдээр мануулан хятадуудын хөлийг хорьж байсан нэг сая орчим ам.км газар нутгаа оросуудад түр алджээ. Удалгүй оросууд манжийн арга ядсан байдалд орсныг нь ашиглан зэвсгийн болон мөнгөн тусламж үзүүлэх болзолтойгоор 1860 оны Бээжингийн гэрээгээр Амар мөрний хилийг тэлж Уссурийн хязгаарын 500 мянга гаруй ам.км газрыг нэмж авчээ.

ОХУ өөрсдийгөө ЗХУ-ын, БНХАУ өөрсдийгөө Манжийн эзэнт гүрний үргэлжлэл гэдэг. Иймээс өнөөдөр манай хоёр хөршийн “хэрүүлийн алим” болох өндөр магадлалтай болчихоод байгаа, байгалийн асар их баялагтай, бараг хүн суудаггүй, далайн гарц бүхий 1 500 000 ам.км нутаг Манжаас Орост түр шилжсэн түүхийг товч дурдвал ийм ажгуу.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм спорт

А.Энхбаясгалан каратэгийн Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn


Малайз Улсын Куала Лампур хотод шинкиокушинкай каратэгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-ны өдөр боллоо. Тус 18 дахь удаагийн Азийн аваргад 30 орны баг, тамирчид оролцсон байна. Азийн аваргын тэмцээний 65 кг-ын жинд өрсөлдсөн А.Энхбаясгалан мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт ирэх сарын 19-нээс эхэлнэ DNN.mn

ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт ирэх сарын 19-нээс ирэх оны нэгдүгээр сарын 29-н хүртэл үргэлжилнэ.

Тодруулбал,

  • Нэгдүгээр улирал 2022.12.19-01.29
  • Хоёрдугаар улирал 2023.03.27-04.02
  • Гуравдугаар улирал 2023.4.3-06.09 хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Тиймээс ээж, аавууд сурагчдын амралтын хуваариа харан хүүхдүүдээ хүүхэд хөгжлийн дугуйлан, секцэд хамруулах боломжтой юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэллээ DNN.mn

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Эмират улсын нийслэл Дохагийн хойд хэсэгт орших Аль Ховр хотын Эль-Байт цэнгэлдэх хүрээлэнд томоохон хэмжээний гэрлийн шоугаар эхлэв. Ёслолын гол сэдэв нь бүх хүн төрөлхтний эв нэгдэл, тэгш эрх тогтоохынач холбогдлын тухай санаа байлаа.

Нээлтийн ёслолд оролцсон зочдын дунд Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани, Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино төдийгүй Холливудын од Морген Фриман, түүнчлэн Өмнөд Солонгосын дуучин Жон Жонгүк нар байв. Мөн цэнгэлдэх хүрээлэнд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ий бэлэг тэмдэг болсон чоно Забиваки, мөн 1974 онд Германд болсон ДАШТ-ий үеэр алдаршсан “Tip and Tap” хөл бөмбөгийн хүүхэлдэй, 2006 онд Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сахиус Голео арслан оролцон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сахиусуудын жагсаал зохион байгуулагдав.

ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч орон Катар, Эквадорын багуудын хооронд болж 0:2:-оор зочин багийн ялалтаар өндөрлөв.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Буанганы товч танилцуулга DNN.mn


Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанганы товч танилцуулгыг хүргэж байна.


Төрсөн газар, төрөлх хотоо танилцуулна уу?

Би Сан Диего хотод төрсөн. Миний аав тэнгисийн флотод алба хааж байхдаа тэнд томилогдож очоод ээжтэй маань танилцсан. Сан Диего хот Улаанбаатараас хэд хэдэн зүйлээр ялгаатай, ялангуяа цаг агаар нь. Гэхдээ хүмүүс нь олон талаараа адилхан юм. Сан Диего хотынхон ерөнхийдөө монголчууд шиг их найрсаг, тайван амгалан бөгөөд тэд гадна орчин, байгальтай ойр байх их дуртай болохоор хүн бүр л гарчихсан, ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж байдаг. Түүнээс гадна Сан Диего болон Улаанбаатар хотуудын хүн амын тоо нь бараг ойролцоо.

Эцэг эхээ танилцуулна уу?

Дээр хэлсэнчлэн, аав маань АНУ-ын Тэнгисийн флотод алба хааж байсан. Тэрээр Филиппинд өссөн бөгөөд өмнө нь хэзээ ч очиж үзээгүй АНУ-ыг бишрэн, Тэнгисийн флотод нь алба хаахыг мөрөөддөг байж. Харин ээж маань тэр үед зөвхөн эзэмшсэн мэргэжил болон ганц жижиг чемодантай л АНУ-д очоод байсан жирийн нягтлан бодогч байв. Би үе үе эцэг эхийнхээ тэрхүү түүхийг бодохоор тэдний хийсэн шийдэмгий алхам нь олон олон хүмүүс, АНУ-д суурьшсан монголчуудын хувьд ч мөн адил, тэдний итгэл мөрөөдлөө олж авахын тулд үзэж туулж буйтай адил төстэй санагддаг.

Ах дүү, хүүхэд насаа танилцуулна уу?

Миний хүүхэд нас олон газраар нүүдэллэсэн байдалтай өнгөрсөн. Аав маань цэргийн томилолтоор АНУ-д нэг газраас нөгөө газар луу байнга шилжин явдаг байв. Би Сан Диегод төрсөн ч хүүхэд насныхаа нилээд хугацааг Хавайд өнгөрөөсөн учраас Хавайг хоёр дахь гэрээ гэж үздэг.

Би нэг эрэгтэй дүүтэй, надаас хоёр насаар дүү. Миний Элчин сайдын тангараг өргөх ёслолд оролцохоор дүү минь Вашингтон хот руу их холоос нисэж очсон байсныг би мэдээгүй байж билээ. Багадаа бид хоёр байнга л хамт гадаа тоглодог байсан. Бага насны дурсамжаас, Хавай мужийн Уайпаху хот дахь филиппинчүүдийн жижиг хүрээлэл санаанд орж байна, хоорондоо их ойр нягт байдаг, хөршүүд маань ч намайг өөрийн хүүхэд шигээ үздэг байж билээ. Миний гэр бүл бол өмөг түшиг минь, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан байх аа.

Таны хобби?

Би дуу хөгжим сонирхож төгөлдөр хуур, үкүлэлэ тоглодог. Гэхдээ ном унших, бусад улс орны хэл, соёл, түүхийн талаар сурч мэдэх үнэхээр дуртай. Түүх дундаа бодит түүхийг илүүтэй сонирхон уншдаг. Уран зохиолын хувьд магадгүй Эрнест Хэмингуэй, Жон Стэйнбэк хоёр миний хамгийн дуртай зохиолч нар маань, номыг нь дахин дахин унших дуртай. Жозэф Кэмбэлл бас миний унших дуртай зохиолч, тэрээр бид бүхний түүх, бидний үлгэр дуурайл болон баатруудын маань талаар маш нарийн судалгаа дүгнэлтүүдийг хийсэн байдаг шиг санагддаг.
Би Жэк Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг ч уншсан. Энэ номыг 2012 онд Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах товчооны Цахим харилцааны газрын захирлын хувиар Монголд айлчилахад минь дурсгаж байсан юм.

Спортын хувьд?

Гадаа, байгальд байх нь миний хувьд их чухал байдаг учраас би аль болох гадуур явах, гольф тоглох дуртай. Би өсвөр насандаа тийм ч сүрхий тамирчин байгаагүй л дээ. Гэхдээ бага лигт бэйсбол тоглодог байсан маань магадгүй Сан Диего Падрес багийн үнэнч фэн болоход нөлөөлсөн байх. Сан Диего спортын олон багтай биш ч бэйсболын баг бол бий шүү. Төрөлх Сан Диего хотоороо их бахархдаг учраас би тэндхийн багуудаа хөгжөөн дэмждэг.

Таны сонсдог хөгжим?

Би сонгодог хөгжимд дуртай, мөн Элвисийн шүтэн бишрэгч. Дуурь үзэх, ялангуяа Моцарт, Вагнер, Вердигийн бүтээлүүдийг сонсох их дуртай. Монголд ирээд хамгийн түрүүнд үзсэн урлагийн тоглолт маань Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдсан “Тоска” дуурь байлаа. Ромео Жульеттатай хэд хэдэн сэдвээр холбогддог “Тристан Изольда хоёр” бол миний хамгийн дуртай дуурь.

Та амьдралдаа юунд хамгийн их талархдаг вэ?

Гэр бүл, найз нөхөддөө. Гэр бүл маань миний өмөг түшиг, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр өнөөдөр өөрийгөө энд байгаагаар төсөөлөхгүй байсан гэж би дээр хэлсэн. Тэр үг найз нөхдөд маань ч бас хамаарах юм шүү.

Өнөөг хүртэл танилцсан монгол хүмүүсийн талаар юу хэлэхсэн бол?

Монголчуудын нөхөрсөг, хүлээцтэй, бас нээлттэй зан чанар нь хүндлэл бишрэл төрүүлж байна. Намайг үнэхээр уриалгахан хүлээж авч байгаа Монголчуудад баярласанаа илэрхийлъе!

Ажил мэргэжлийн талаар

Дипломатч байна гэдэг таны хувьд ямар утга учиртай вэ?

Миний бодлоор дипломатч гэдэг улс орноо гадны улсад төлөөлж, нийтлэг байр суурь, харилцан ойлголцолд хүрэх арга замыг хайж олж чаддаг хүнийг хэлнэ. Амжилттай дипломатчид бусад улс орнуудаас, тэдний нийгэм, соёлоос нь суралцаж байдаг чадавхитай байх болов уу.

Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллах хугацаандаа нэн тэргүүнд тавих гурван зорилт тань юу вэ?

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар миний тэргүүлэх зорилтууд бол иргэд хоорондын, ардчиллын, мөн эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх явдал. Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг хөрвөх чадвартай байлгахын төлөө миний бие болон манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллах болно. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш Монгол Улс хүний эрх, хуулийн засаглалд тууштай байж, бат бэх, амьд эрчимлэг иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг бойжуулахад туйлбартай түнш байсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламж, гамшиг ослын хариу арга хэмжээнд дэлхий даяар үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үргэлжлүүлэн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэж итгэж байна. Манай хоёр улс ойр нягт, өнө удаан жилийн харилцаатай. Энэ бол эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйгээ бататгахын төлөө мөр зэрэгцэн зүтгэж буй анд нөхдийн, түншлэлийн харилцаа юм.

Хэрэв та маргааш өглөө сэрэхдээ ямар нэгэн зүйлийг хийж чаддаг болсон байх байсан бол тэр нь юу байх байсан бэ?

Монголоор ярьдаг болохыг хүсэх байсан.

Өнөөг хүртэл таны амьдралд тохиосон хамгийн том зүйл юу вэ?

АНУ-ыг төлөөлөн ажиллах Элчин сайд болсон явдлыг би нэрлэнэ.

Монголоос буцахад тань монголчууд таныг юугаар тань дурсаасай гэж хүсэж байна вэ?

Намайг гэлтгүй, ер нь америкчуудыг сайн хүмүүс, жинхэнэ анд нөхөр, хамтрагч байж чаддаг гэсэн бодол Монголчуудад үлдээсэй гэж би хүсэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс цацжээ DNN.mn

Зам талбайд 186 тонн бодис, 282 тонн давс цацжээ - Eguur.MN

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас эхлэн цас орсон. Үргэлжлэн орсон цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацсан байна. Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж. Бүх талбайд нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэжээ. Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах байр сууриа нэгтгэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг өмнөх хуралдаанаараа Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн юм. Харин АН-ын бүлэг “Монгол Улс асар их төржсөн эдийн засагтай улс болж байна. Нүүрсний хэрэгтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна” хэмээн мэдээлсэн билээ.