Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn


Монгол Улсын Засгийн газраас дизель түлш болоод өргөн хэрэглээний АИ-92 шатахууны нийлүүлэлт болоод үнийг тогтвортой байлгахын тулд ОХУ-тай урт хугацааны гэрээ хэлэлцээр хийсэн. Улмаар дизель түлш болоод АИ-92 шатахууныг импортын татвараас хүртэл чөлөөлж амжсан. Үүний үр дүнд манай улс руу нийлүүлэх дизель түлш болоод шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ хэмээн итгэсэн иргэдийн хүлээлт талаар болоод байна. Дизель түлшний нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор улс орон даяар хүндрэл үүсч, гал алдахад хүрээд байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүд дизель түлшний нийлүүлэлт тасалдсан асуудалд ямар байр суурьтай байгааг энэ удаагийн Speak Оut буландаа онцолж байна.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Дизель түлш ховордож байгаа нь үнэн. ОХУ-аас хийж байгаа ачилттай холбоотой юм билээ. Манай намын бүлэг ч энэ асуудлыг ярьсан. Засгийн газрын хэд хэдэн удаагийн хуралдаанаар ч ярьсан. ОХУ руу ажлын хэсэг байнга явж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар тун удахгүй хангамж сайжирна гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг бодвол энэ долоо хоногт нийлүүлэлт бага хэмжээгээр нэмэгдсэн. Тун удахгүй нийлүүлэлт тогтворжих болов уу хэмээн бодож байна. Харин үнийн тухайд дизель түлшний үнэ өндөр байгаа. УИХ болон Засгийн газраас дизель түлшний үнийг тогтвортой хэмжээнд барьж чадахгүй байгаа. Харин иргэд хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 2390 төгрөгт барьж байна. Дизель түлшний тухайд үнийг нь барьж чадахгүй ч тасалдуулчихгүй, ховордуулчихгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Дизель түлш хамгийн өргөн хэрэглэгддэг улирал бол намар, хавар. Өөрөөр хэлбэл газар тариалан, уул уурхайн салбар дизель түлшний гол хэрэглэгч болдог. Манай улсад орж ирж байгаа нийт түлшний 60 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа хэрэглэж байгаа бол 20 гаруй хувийг нь газар тариалангийн салбар хэрэглэдэг. УИХ болон Засгийн газраас дизель түлшний үнийг нэг түвшинд барьж чадахгүй байна гэхээр дизель түлшийг ихэвчлэн бизнес эрхлэгчид ашигладаг.Өртөг нь бүтээгдэхүүнд нь шингэдэг. Тийм учраас ганцхан АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажилласан. АИ-92 шатахууны үнийн зөрүүнд улсын төсвөөс төлж байгаа. Хэрэв бид АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаагүй бол дизель түлшний үнэтэй ижил хэмжээнд буюу 4000 орчим төгрөгт хүрэх байсан. Ийм нөхцөл байдал тулгарсан бол бид улсаараа инфляцийн дарамтад өртөх байсан.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: -Болж бүтэж байгаа юм энэ улс оронд байгаа эсэхэд эргэлзэж байна. Асуудлууд ар араасаа ундарч гарсаар байна. Хамгийн чухал нь дизель түлш шүү дээ. Хэдэн өдөр, сараар байтугай хэдэн цагаар тасалдахад иргэд болоод улс орны амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иргэд одоо үнийн өсөлтийн дороос өндийж чадахгүй байхад дахин дизель түлшний нийлүүлэлт доголдсоноос үүдэх үнийн хөөрөгдлийг дийлэхгүй. Цаашлаад манай улс орлогынхоо гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ ч экспортлох боломж хязгаарлагдахыг үгүйсгэхгүй. Өмнө нь цар тахал, геополитикийн асуудлуудаас үүдэн үүссэн хүндрэл, бэрхшээлүүдийг аль болох хүлээцтэй байдлаар хүлээн авч байсан. Гэтэл нүүрсний хулгайн асуудлаас хойш дургүй маш их хүрч байна. Ордон дотор цаасан дээр буулгасан хэдэн тоо оруулж ирчихээд, төсвийн хэмнэлт нэрээр хүүхдийн мөнгийг хасна, татвар нэмсэгдүүлнэ гэдэг. Цалин тэтгэвэр нэмэх мөнгө, боломж байхгүй гэдэг. Гэтэл жирийн иргэдийн төсөөлж ч чадахгүй хэдэн арван их наядаар нь нүүрснээс төртэйгөө нийлж хулгайлсан байгаа юм. Ийм байхад иргэд хэнд итгэх юм бэ. Иргэдийн амин зуулгатай холбоотой дизель түлшний асуудлыг богино хугацаанд шийдэж, нийлүүлэлтийг хэвийн болгох ёстой. Үүний төлөө төрийн байгууллага ажиллах ёстой. Иргэдийн амьдрал туйлдлаа. Өвлийн хүйтэн болчихлоо. Амьдрал зогсоход ойрхон байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Хадлан тэжээлээ хураах, өвлийн бэлтгэл байдлаа хангах гээд дизель түлшний хэрэглээ их байгаа. Тийм учраас дизель түлшний нөөцийг бүрдүүлэх, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, үнэ ханшийг нь нэмэхгүй байх чиглэлд анхаарч ажилласан. Гэхдээ энэ арга хэмжээ нэг хэсэг хугацаанд л үр дүнтэй байлаа. Манай орон шиг өргөн хэрэглээний АИ-92 болон, дизель түлшний хувьд нэг орны хараат байдалд байдаг улс орнууд шатахуун, дизель түлшний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд урьдчилан тохироо хийх, хөрөнгө мөнгийг нь шилжүүлэх зэрэг үүргийг цаг тухайд нь хариуцлагатай хийхийг салбар яаманд нь УИХ-аас болоод Засгийн газраас өгсөөр байгаа. Ялангуяа цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед орон нутгийн иргэдэд дизель түлшний хангамж хэвийн хүрэх асуудал туйлын чухал. Дизель түлшний хангамж тасалдсанаас үүдэн өвс тэжээлээ авч чадахгүй, сум сууринтайгаа холбогдож, нүүдэл суудал хийж чадахгүй гэх мэт иргэдийн өдөр тутмын амьдарлд шууд нөлөө үзүүлнэ. Тиймээс дизель түлшний нөөц бүрдүүлэх, шаардлагатай нөөцийг орон нутагт хүргүүлэх зэрэг арга хэмжээг Уул уурхайн яамны удирдлагууд шуурхай авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр ОХУ-аас хийх татан авалттай холбоотой хүндрэлүүд гарсан гэж байгаа боловч нефть импортлогч компаниуд гэрээ хэлэлцээр хийх асуудалд яаралтай анхаарч ажиллах ёстой. Тэр дундаа дизель түлш дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг цаг агаарын хүндрэл, цас зудны эрсдэл бодитой харуулж байна. Уул уурхайн сайд ирэх сарын сүүл гэхэд дизель түлшний нөөц хэвийн хэмжээнд хүрнэ гэх мэдээллийг өгч байгаа. Тиймээс энэ амлалтаа биелүүлнэ хэмээн итгэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Дэлхий даяар дизель түлшний хомсдолд орж байна. Нийт дизель түлшний нөөц болон агуулахууд 50 хувийн дүүргэлттэй байгаа гэх мэдээлэл байна. Дизель түлш бол эдийн засгийн гол түлхүүр түлш. Нийтийн тээвэр, газар тариалан, уул уурхай бүхэлдээ тус түлшээс шууд хамааралтай учраас асуудал даамжирвал эдийн засгийн гол салбаруудад нөлөөлөх аюултай. Манай улсын хувьд ОХУ-ын нэг үйлдвэрээс хэт хамааралтай байгаа нь цаашид нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа түргэтгэх нэн шаардлагатай гэдгийг харуулж байна. Мөн газрын тосны хайгуулын ажлыг нэмэгдүүлэх шааргдлагатайг илтгэж байна. Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих үе таарч байгаа нь асуудлыг илүү хүндрүүлж байгаа болов уу хэмээн харж байна

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn

Хааяа нутгаа нэг их санаад явж хүрэх юм. Хан уул минь хөхрөн хөндөлсөж үүл уул нь үл ялгагдан тэнгэр сансарт хүйлэн цэнхэртсээр угтах нь хэвээрээ. Гэвч “Үнсээд угтах ээж минь үгүй ч” гэдэг дууны үг санагдах нь олонтой байх тул заримдаа гунигтай. Эцгийн гэрийн буйран дээр сууж тэднийхээ амьдарч явсан цагийн тухай гэгээн дурсамжид хөтлөгдөн суухуйд ямар нэг юм дутуу байгаа шиг санагдаж сэтгэл гэгэлзэх авай. Хөгшидийн гэрт орохгүй гадуур салхилж давхиад байгаа шиг санагдаад, гэмшил төрөөд ч байх шиг.

Хорхойд хоргүй хоёр хөгшин минь хөгжилтэй бөгөөд ямар цагаахан амьдарч байгаа вэ гэсэн бодол сэтгэл бүлээсгэн цаг хугацааны цагаан манан дундаас тэд маань нэг сөхөгдөж, нэг далдран харагдахуйд аньсага чийгтэм. Хөгшин болсон аав минь дээд булаг руу усанд явдаг сан. Усны тэргэнд усны бидон даруулж уяад л шанага бүсэндээ хавчуулчихсан их догь.

Өдөрт өөртөө гаргасан ажил нь тэр л дээ. Тэрнээс усгүй болчихоод үхэх хатахдаа тулчихаад усанд гүйгээд байгаа юм бол биш. Хүүхдүүд нь тойроод амьдарч байгаа, трактор тэрэгтэй, унаа малтай хэрнээ юу гэж тэр ная гарч байгаа өвгөнөөр ус зөөлгөөд байхав дээ. Эмгэн нь арай л тахил өргөх нь халаг гаргаж өгнө.

“Бамбарт амраарай, зоорины дэнж өгсөөд намайгхүлээж байгаарай. Чи даахгүй” гэх зэргээр. Өөрөө бол том хүч юм шиг байгаа юм. Өвгөн замдаа үдлээд амраад хамрын тамхи юмаа татсан шиг хүн амьтан тааралдвал хуучилсан шиг явсаар нар гудайх үед нөгөө зоорины дэнж өөд нь мацаж эхэлнэ. Холоос харахад бөөдийсөн хөгшин усаа түрээд зүтгэж байхад өөдөөс нь бас нэг бөөдийсөн юм очоод хоёул нийлэн зүтгэсээр гэртээ ирнэ. Сэтгэлийн гэгээн дурсамж дунд яагаад ч юм нөгөө хоёр минь усаа зөөгөөд л яваа юм шиг санагдаж нутаг руугаа явмаар бодогдон яаран яарсаар цэнхэр уулсынхаа зүг хүлгийн жолоо залмаар санагдана.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ DNN.mn

Мэдээ.МН

Ойрын өдрүүдэд цасан шуурга болон хүйтний эрч сулрахгүй, халтиргаа гулгаа ихтэй байна. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Онцгой байдлын албаныхан цасанд боогдон явах боломжгүй болсон 37 иргэнийг осгох аюулаас аварчээ. Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын албан хаагчид цасанд машинтайгаа боогдож суусан таван иргэнийг аварсан байна. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс давхардсан тоогоор 39 албан хаагч долоон дуудлагаар таван автомашинтай ажиллаж, 26 том хүн, зургаан хүүхэд гээд нийт 32 иргэнийг аварчээ.

Мөн цасанд суусан, явах боломжгүй болж боогдсон, замын хажуу руу хальтран орсон таван автомашиныг татан гаргаж, шөнийн 02:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Иргэдийг анхааруулсаар байтал өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Хөлдөлтийн үеийн эмчилгээ, үйлчилгээг даатгалаас 100 хувь хариуцна DNN.mn

Даатгалаас авах 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг  боллоо

Бүх төрлийн хөлдөлтийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хөлдөлтийн эмийн эмчилгээг 866 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 1.7–5.3 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 292 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 161 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/233

Categories
мэдээ нийгэм

С.Нандин “Miss Earth“ тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Arslan.mn

Филиппин улсад өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн бүтэн сар гаруй үргэлжилсэн Эх дэлхийн мисс 2022 буюу “Miss Earth” тэмцээн өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй 18 настай С.Нандин шилдэг эко видео, авьяас төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн байна DNN.mn

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор арга хэмжээ авна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 14.5, өмнөх оны эцсийнхээс 10.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх оны эцсийнхэээс 10.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 15.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 10 дугаар сард 10.4 хувь гарсан бол 2022 оны 10 дугаар сард 14.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10 дугаар сард улсын хэмжээнд 14.5 хувь гарсны 4.3 (29.9 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлжээ. Инфляц энэ оны 10 дугаар сард 14.5 нэгж хувь гарсны 7.6 (52.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 10 дугаар сард 18.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар багасаж, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 7.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 13.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.2 нэгж хувиар нэмэгджээ.

Хүнсний бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард хангайн бүсэд өмнөх оны мөн үеийнхээс 19.6, хүнсний бус бүлгийн үнэ төвийн бүсэд 14.5 хувиар өссөн нь хамгийн их байна. Барааны бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.5 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац 4 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 10 дугаар сард 4.7 хувиар, 2022 оны 10 дугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.6 нэгж хувиар нэмэгджээ.

Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ энэ оны 10 дугаар сард 17.9, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 3.9 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ дунджаар 6.8, үхрийн махны үнэ 1.8, адууны махны үнэ 0.1 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багасахад хонь, ямааны махны үнэ 7.3, адууны махны үнэ 6.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол, Японы гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 588.9 сая ам.долларт хүрчээ DNN.mn

GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспог анх удаа зохион байгуулна -  Japanchamber

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хугацаанд хоёр улс хамтын ажиллагаагаа салбар бүрд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж, олон чухал хэлэлцээр, баримт бичгийг байгуулсан байдаг. Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сард Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж, 2016 оны зургаадугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ.

Уг хэлэлцээрээр Монголын тал 5,700 орчим, Японы тал 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байгаа юм.

Хоёр улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 588.9 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт юм.

Манай улс Япон руу дээр дурдсан хугацаанд 12.4 сая ам.долларын экспорт хийжээ. Экспортын гол нэрийн бараанд хөнгөн цагаан, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнүүд дийлэнх хувийг эзэлдэг.

Харин энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс Японоос 576.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны нэлээд хувийг суудлын болон ачааны авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл болон нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Сүүлийн үед Японы хөрөнгө оруулалтаар Монголд хийсэн томоохон бүтээн байгуулалтаас дурдвал Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудал, Монгол-Японы эмнэлэг зэргийг нэрлэж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Японд хийж буй төрийн айлчлалын үеэр Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад хамтарч ажиллах саналыг тус улсад тавих юм байна.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар гэхэд Япон улс манай оронд 133 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 компани, аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МАН нүүрс хулгайлсаар байгаад “нүүр” нь тас хар болжээ DNN.mn

Монгол Ардын нам бол Ардын хувьсгал гарсан цагаас монголчуудын итгэл найдвар, чин шударга ёсны бэлгэдэл байсаар ирсэн. Тийм ч учраас ард түмэн засаг, төрөө бариулсаар зуун хэдэн жил болгочихож, эд нарыг. Бүхэл бүтэн зуун дамнуулан төрийн толгойдоо суулгана гэдэг олон нийт ямар их итгэл найдвараа өгч, хувь заяагаа даатгадгийг харуулж байгаа юм л даа. Тэгтэл энэ их итгэлээ өгсөн нам нь яаж булайгаа чирч байгааг хар. Хэдэн их наядаар нь нүүрс хулгай хийсээр байгаад сүүлдээ “нүүр” нь тас хар болчихлоо. Нүүрсэнд халтардаж, тортогтсон нүүрээ энэ нам мөлчийтөл угаах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хэрэвзээ угаахгүй гэвээс энэ нам ард түмний итгэл найдварыг дахин хүлээнэ гэхэд хэцүү боллоо, хулгайч, худалч ийм хүмүүс цаашид төр барина гэдэг нь ч эргэлзээтэй болж эхэллээ. Төр засгийн бүхий л шат дамжлага, уул уурхай гээд хамаг салбарт МАН өөрсдөө байгаа болохоор нүүрсний хулгайн хэргийг илрүүлнэ гэхээр зовлонтой байдаг биз. Тэгтэл гадаад дотоодын шахалт ирдэг бололтой юм даг уу даа. Ялангуяа авлигын хэрэгтэй хатуу тэмцэж, авлигачдыг өршөөлгүйгээр цаазалдаг БНХАУ-ын зүгээс ихээхэн дарамт үзүүлдэг гэх дам яриа бий.

Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр “Танайтай хамтран ажиллахад түвэг чирэгдэл учирч байна. Та нар эхлээд нүүрсний хулгайтай холбоотой нэр бүхий хүмүүсийнхээ асуудлыг шийд. Энэ асуудлыг шийдвэл дараа дараачийн үйл хэрэг хурдан бүтнэ” гээд зургаан хүний нэрийг бичсэн жагсаалтыг манай талд өгсөн гэх. Ерөнхий сайд хүртэл “Манай нүүрсний хулгайч нараас Баяннуурт байдаг” гэж хэлсэн нь Хятадын талаас өгсөн нүүрсний хулгайг гардан зохион байгуулдаг гэх зургаан хүний нэрс бий гэдгийг баталчих шиг болсон. Чухам ямар ямар хүмүүс нүүрсний хулгайг гардаж явуулдаг талаар таамаг төдий юм яригдаж, тэр, энэ байж магад гэсэн нэрс хэлдэг ч энэ тал дээр эрх баригчид огтоос юу ч дуугараагүй өнөөдрийг хүргэсэн.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлахдаа мөн л “Нүүрсний хулгайг гардан зохицуулдаг хүмүүстээ ямар хариуцлага тооцсон бэ, энэ асуудлаа шийдсэн үү, танай мөнгө Казахстан руу гарсан байна” гэж ярьсан сураг ч дуулдсан. Хятад улс хоёр орны харилцаанд анхаарахдаа хууль бус үйлдэл, авлига, нүүрсний хулгайг гярхай анзаарч “Үүндээ анхаар” хэмээн удаа дараа сануулж байгаа нь сайшаалтай ч манай талаас дүлий дүмбэ оргидог нь урмыг нь хугалдаг нь тодорхой. Хятад улс дотоод авлигатайгаа тэмцэхийн тулд хөрш зэргэлдээ улстайгаа ч элдэв асуудал үүсгэхгүйн тулд дипломат шахалт үзүүлж байгаа нь мэдрэгдэж байна.

Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид төрийн айлчлал хийж байгаа. Ерөнхийлөгч явахаасаа өмнө нүүрсний хулгайн хэргийг нэлээд идэвхжүүлж, хөдөлгөж байгаад мордсон нь үүнтэй холбоотой ч байж мэдэх нь. Бодвол “Бид нүүрсний хулгайч нартайгаа тэмцэх ажлаа эхлүүлчихлээ” гэх мессэж өгч, оноо авахыг зорьсон байж мэднэ. Урд хөршийн зүгээс үзүүлж буй шахалт, дарамтын нөлөөгөөр нүүрсний хулгай ил болж, 40 их наядын хулгайн асуудал сөхөгдөж, ард түмэн амаа ангайтал цочирдож байна гэж нэг талаас нь харж болох нь. Хулгай хийхдээ ийм их хэмжээний хулгай хийнэ гэж бас байдаг аа гэж итгэхгүй хүмүүс олон байна. Нүүрсний хулгайд эрх баригчид гар хуруу байтугай бүх биеэрээ, нүүр толгойгоороо живээд тас хар болчихсоныг иргэд арай л хожуу мэдсэн нь харамсалтай.

Гэтэл МАН-ынхан нүүрсний хулгайгаа бүр анхнаас нь өөрсдөө мэдэж байсан юм байна. Шинэ асуудал биш юм, тэдний хувьд. Дөрөв, таван жилийн өмнө бүр тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай чуулганы танхимд чи, би-дээ тулж харилцан нэгнээ “Хулгайч” гэж дуудаж байсан даа.

Ж.Мөнхбат “У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү, цаашдаа…Та битгий хүн загнаад бай л даа. Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. Битгий солиороод байгаарай чи…Хаан биш шүү, заан биш шүү. Чи өөрөө хулгай хийсэн” гэхэд У.Хүрэлсүх мөчөөгөө өгөлгүй “Чи хулгайч” гэж танхим дүүрэн хэрэлдсэн. УИХ-ын дарга асан М.Энхболд “Та хоёр хэрэлдэхээ боль л доо, Хөөе Ерөнхий сайд аа, боль. Та хоёр болиоч ээ, чуулганы зааланд боль. Хөөе, Ерөнхий сайд, Мөнхбат гишүүн боль” гэж гуйж, загнаж буй бичлэг нь бэлээхэн байна. Үүний дараа Ж.Мөнхбат гишүүн “Би нүүрсний хулгайч биш. Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ” гэсэн тайлбар хийсэн. “…Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ” гэдэг энэ өгүүлбэр угаасаа бүгдийг илчилчихсэн юм. Энэ намынхан байсхийгээд л нэгнээ “Чи ч хулгайч, би ч хулгайч” гэж зүхэж хэрэлддэг байсан нь угтаа нүүрсний хулгайд гар, нүүрээ хамт халтартуулсан бусдыгаа л “Чи надаас дээрдэх юмгүй адилхан хулгайч шүү. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох нь л дээ” гэсэн нэгэндээ өгсөн анхааруулга нь байж. Тэр үеэс л эд нар нүүрсний хулгайгаа эхлүүлжээ. Тиймээс энэ бүх хулгайгаа мэдэхийн дээдээр мэдэж, хамтдаа нүүрсний хулгайд хутгалдаж ирж. Хамгийн сүүлийн тоогоор энэ хулгай нь 40 их наядаар тоологдож байна. Энэ их мөнгийг дагаж тас хар болсон МАН-ын “нүүр”-ийг МАН-ынхан өөрсдөө угаана гэж ч юу байхав. Тийм боломж байхгүй. Гаднаас хичнээн дарамт шахалт үзүүллээ ч энэ хулгайд нүүрээрээ булхчихсан учраас нам дотроосоо нэг нэгнээ цэвэрлэж татаж гаргана гэдэг үлгэр болно.

Харин энэ үед өнөө 60 тэрбумын асуудалд орооцолдоод хөөгдсөн Миеэгийн талынхан буюу М.Энхболдын фракцийнхан эргэн ирж нүүрсэнд халтардсан намынхаа нүүрийг угааж намаа шалбаагнаас сугалж нэрийг нь аврах гарц үлдэж байна. 40 их наядын дэргэд Миеэгийнхний 60 тэрбум инээдэмтэй харагдаж байгаа биз. 60 тэрбумын хэрэг гэдэг нь юун хэрэгтэй манатай байсан юм биш үү ч гэж бодогдохоор.

Улс төрийн зоримог нүүдэл, эгзэгтэй агшинд эргэн ирж алдсан байр сууриа дахин эзэлдэг нь аль ч орны улс төрд байдаг эрүүл үзэгдэл. Тоглоомын тойргоос түр гарчихсан хүчтэй фракц хөдөлж эхэлснээр хар нүүртэй МАН-ыг шалбаагнаас нь татаж, угаал үйлдэх нь хамгийн зөв тактик. Монголын улс төрийн голлох хүчин гэгддэг нам ийм муухай нэр, тас хар зүстэй байж болохгүй ээ. Одоо Миеэгийнхэн гарч ирж намынхаа “нүүр”-ийг угаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш, бензинд доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монголд дизель түлшний хомсдол бий болчихлоо. Үүнээс болж орон нутгийн иргэд өвөлжөөндөө бууж чадахгүй байх ч гэдэг юм уу олон хүндрэл үүсч байна. Дизель түлшний нийлүүлэлт тасалдсан шалтгаан нь юу вэ. Хэзээнээс нийлүүлэлт хэвийн болох вэ?

-Би өнгөрөгч лхагва гаригт өдөр дизель түлшний асуудлаар олон нийтэд мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн. Тиймээс товч хариулъя. Дизель түлшний хомсдол үүсэхэд нөлөөлсөн гурван томоохон шалтгаан байна. Нэгдүгээрх нь, ОХУ-ын дотоод асуудал нөлөөлж байна. Зарим хүмүүсийн хэлж байгаачлан зэвсэгт мөргөлдөөн, зарим хэвлэлүүдийн бичиж байгаачлан дайны асуудалтай холбоотойгоор ОХУ-ын дизель түлшний дотоод хэрэглээ эрс нэмэгдсэн нь нөлөөлж байна. Мөн Ангарскийн үйлдвэрийн ачаалал нэмэгдсэн байна. Хоёрдугаарх нь, Монгол Улсын түлшний хэрэглээний 60 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Жижиг трейдер компаниуд 40 хувийг хангадаг байсан бол ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдын ахалсан ажлын хэсгээс трейдер компаниудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан. Ингээд түлшний нийлүүлэлтэд 40 хувийн доголдол үүсчихсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас аравдугаар сарын дунд үеэс эхлэн “Роснефть” компаниас 40 хувийн нийлүүлэлтийг нөхөж авах асуудлаар гэрээ хэлэлцэл хийлээ. “Роснефть” компани манай улсад сард 45-50 мянган тонн түлш нийлүүлдэг байсан бол 55-60 мянган тонн нийлүүлэхээр болж байна. Монгол Улс сард 80 мянган тонн түлш хэрэглэдэг гэж үзвэл 10-аад мянган тонны зөрүү гарч байна. Үүнийг нөхөх талаар “Роснефть” компанитай мөн үргэлжлүүлэн ажилласан. Арванхоёрдугаар сараас эхлэн “Роснефть” компани манай улсад дангаараа 83 мянган тонн түлш нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Тиймээс арванхоёрдугаар сарын хангалт болчихно гэж үзэж байгаа.

-Ангарскийн үйлдвэрт гарсан гал манайд ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-Ангарскийн асуудлаар ням гаригт яаман дээрээ холбогдох ажилтнуудтайгаа ажиллалаа. Ангарскийгаас бидэнд өгч байгаа мэдээллээр “Нэрэх үйлдвэр буюу АИ-92, дизель түлш, А-80 бензинүүдийг үйлдвэрлэдэг үйлдвэр дээр гараагүй, ямар нэгэн асуудал үүсээгүй. Үйлдвэрийн хашаан дотор байдаг жижиг цехэд гал гарсан. Галыг маш богино хугацаанд унтрааж чадсан” гэж хэлсэн. Ангарскийн цаг Монголынхтой адил ч гэсэн үйлдвэрийн удирдлага нь Москвад байдаг. Тиймээс өнөөдөр (өчигдөр) би 15:00 цагийн үед Москвагаас мэдээлэл авна. Ямартаа ч бидэнд Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш болон ямар нэгэн бензин дээр доголдол үүсэх хэмжээний асуудал гараагүй гэсэн мэдээллийг өгсөн. Та бүхэн энэ талаарх мэдээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээс унших бүрэн боломжтой. Хэрвээ томоохон хэмжээний гал гарсан бол богино хугацаанд унтраах боломжгүйг мэдэж байгаа байх. Тиймээс дахин хэлэхэд, Ангарскийн нэрэх үйлдвэрт гал гараагүй.

-Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татаж, хөгжүүлье гэхээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ажил гацчихдаг талаар салбарынхан хэлдэг. Үүнийг шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Иргэд эсэргүүцээд байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрх нь, тухайн орон нутгийн баялгийг ашиглаж байгаа мөртлөө орон нутагт нь ямар ч үр өгөөжгүй байгаа нь иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нүдэн дээр нь орон нутгийг нь ухаад байгаа ч өөрийнх нь амьдарч буй орчин, амьжиргаа түвшин, дэд бүтцэд гарах эерэг нөлөөлөл бага байгаа учраас эсэргүүцдэг. Хоёрдугаарт, иргэдэд мэдээлэл өгөхгүй гэнэтхэн ухаад эхэлчихээр эсэргүүцэж байна. Үүнээс гадна өрөмдөж байна. Ухах, өрөмдөхийн ялгаа заагийг ойлгуулж хэлэх зайлшгүй шаардлага байна. Гуравдугаарт, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ухчихаад нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас өрөм тавиулахгүй, ухуулахгүй гээд эсэргүүцдэг. Үүнээс сэргийлэх тодорхой ажлуудыг УУХҮЯ-наас богино хугацаанд хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, эхний ээлжинд хөрөнгө мөнгөндөө тааруулаад таван аймагт манай яамны Ашигт малтмал, газрын тосны газрын таван төлөөлөгч ажиллана. Тэд хайгуул хийхээр өрөм тавьж байна уу, эсвэл судалгаа хийхээр өрөмдөж байна уу гэдгээр иргэдэд зөв мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, орон нутагт төвлөрүүлж байгаа хөрөнгийг ил болгоно. Төсвийн хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал, үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутагтай заавал гэрээ байгуулах ёстой. Гэрээнд хандивын асуудлыг тусгаж, хандивын мөнгийг орон нутгийн хөгжлийн санд тушаах ёстой. Энэ асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр тэд ажиллана.

Гуравдугаарт, газар нутаг нь 15 хувиас дээш лицензтэй болчихсон сумдуудад нэмж зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурийг барьж байна. Ийм сумдын тоо их биш байна лээ. 200 кг-аас доош алтны ордуудад тусгай зөвшөөрөл өгөхгүй, зогсооно. Учир нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүйн дээр нөхөн сэргээлт хийх мөнгө тэндээс гарах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс бага хэмжээний ордуудыг ашиглах нь байгаль орчинд хохиролтой гэж үзэж байна. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эрх орон нутагт нь хадгалагддаг. Түгээмэл тархацтай гэдэгт элс, хайрга, шавар багтдаг ч цаана нь байгаль орчинд хор хохирол үүсгэдэг асуудлууд гарч иргэдийн уур бухимдлыг хүргэж байна. Тиймээс бид Ашигт малтмалын хуулиар түгээмэл тархацтай болон бичил уурхайг эргэж харна.

-Оюу толгойн баяжмалын алтнаас АМНАТ авч чаддаггүй гэсэн яриа байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх бол?

-Оюу толгойтой холбоотой энэ асуудалд мэдээлэл их зөрүүтэй байдаг юм байна лээ. Бид зөвхөн зэсээс АМНАТ аваад байна, алтны агууламжийг тодорхойлж чадахгүй байна. Алтнаас АМНАТ авч чадахгүй үлдэж байна гэсэн зүйлүүд их яригддаг. Би гишүүн байхдаа ч, Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа ч үүнд нэлээн олон тайлбар өгч байсан. Хэвлэл мэдээллээр өөр өөр мэдээлэл гараад байдаг юм байна лээ. 2013 оноос эхлэн Оюу толгой компани бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Энэ хүрээнд 6.5 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Манай яаманд байгаа мэдээллээр үүний 1.5 сая тонн цэвэр зэсэнд АМНАТ төлсөн байна. 6.5 сая тонн баяжмалын агуулагдаж байгаа 98 тонн алтад АМНАТ төлсөн байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ авч байна гэсэн үг. Харин алтаа ялгаад авна гэдэг өөр. Тэр алтанд татвар ногдуулна гэдэг мөн өөр асуудал. Зэс хайлуулах үйлдвэр барьж баяжмалаас алтаа ялгаж аваад валютын сан, алтны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн 280 тонн мөнгөнд АМНАТ ногдуулсан байна. Тэгэхээр Оюу толгойн баяжмалын хувьд зэс, алт, мөнгөнөөс тус тус амнатавч байна.

-Эрдэнэт үйлдвэрийн нөөц дуусч байгаа гэдэг яриа мөн гардаг. Энэ тухайд?

-Эрдэнэт үйлдвэрийн баяжмал дахь зэсийн агуулга буурч байгааг хүмүүс нөөц багасч байна гэж ярьж байх шиг байна. 2022 оны нэгдүгээр сард нөөцийн тайлан гаргасан. Тэр тайланд 46 жил ашиглах боломжтой гэсэн байна лээ. Мөн 99.6 мянган га талбай хайгуулаар өгсөн. Энэ хүрээнд 60 жил ашиглах боломжтой гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд өгсөн.

-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ. Түүнчлэн манай улс ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой юу?

-36 сая тонн битгий хэл 70, 80 сая тонныг экспортлох боломжтой. Бидний шийдэх ёстой асуудал нь тээвэрлэлт болон боомтын асуудал байна. Манай уурхайнуудын хүчин чадал 36 сая тонноос хавь илүү бий. Боомт, тээвэрлэлтийн асуудлыг хамтын хүчээр шийднэ. Тээвэрлэлтийн асуудлыг бид дотооддоо шийдэж болж байгаа ч боомтын асуудал бидний өмнө тулгарч байна.

2013 оноос хойш нүүрсний хулгайн асуудал яригдаж байгаа. Монгол Улсын хилээр хоосон машин гараад Хятадын хил дээр нүүрстэй болж бүртгэгдсэн асуудлын тоон мэдээллийн зөрүү бол энэ асуудлын гол цэг. Энэ бол өмнөх парламентын үед ч яригдаж байсан. Мөргөцөг алга болсон гэдэг асуудал болон уурхай хоорондын маргааныг хууль хяналтын байгууллагаас дахин шалгаж байгаа юм билээ. Тиймээс мөргөцгийн асуудлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Нүүрстэй холбоотой асуудлуудыг цэгцлэх ажлын хүрээнд нүүрсний экспортыг хийхдээ түр журам гаргаж биржийн системд шилжүүлж ажиллуулна. Биржийн систем бий болсноор худалдан авч байгаа газрын захиалга тодорхой болно. Доод үнээ зарладаг болно. Нүүрсний хулгайг дагаж Цагаан хадны тээврийн үнийн асуудал яригдана. Нүүрсний тээвэрлэлтийн зардал хаана ч байхгүй үнэтэй болчихоод байна гэдэг асуудлын цаана Цагаан хад байгаа юм. Цар тахлын үед Цагаан хад үүргээ биелүүлсэн. Гэхдээ биржийн системд шилжчихвэл Цагаан хадны тээврийн зохицуулалт хэрэггүй болно. Биржийн түр журмыг арванхоёрдугаар сард багтаж Засгийн газрын хурлаар шийдвэрлэнэ. Ирэх оны гуравдугаар сараас эхлэн бирж түр журмын хүрээнд үйл ажиллаж эхэлнэ. Уул уурхайн тусдаа бирж ажиллах учраас тодорхой цаг хугацаа бидэнд хэрэгтэй. Түр журмаар байгуулагдсан бирж Эрдэс Таван толгойн бүх нүүрсийг зарна гэсэн үг биш. Туршиж үзнэ. Чадах хэмжээгээрээ явна. Алдаа гарвал хуульдаа тусгаж засна.

Тэрбээр мэдээллийн үеэр “Уул уурхайн салбар ДНБ-ний 23 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийг хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг бүрдүүлдэг том салбар юм. Манай салбар ирэх оны төсөвт 5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвт суулгасан байна. Энэ 5 их наядын төгрөгийн гол татвар буюу 2,5 их наяд нь АМНАТ юм. Үүнээс гадна ААНОАТ 1 их наяд төгрөг, гааль болон бусад татвараар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолоод байна. Төсвийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэсэн салбарын орлогын хувьд нүүрс 36,5 тонн, зэс 1,4 сая тонн, төмрийн хүдэр 8,4 сая тонн, алт 20 тонн, газрын тос 6,5 тонн экспортолно гэсэн төсөв батлагдсан байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Буд гариг. Билгийн тооллын 7, чөдөр одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:19 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.