Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

П.Анужин: Би хорвоогийн түг түмэн өнгөний нэг л өнгө нь DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС… УИХ-ын гишүүн П.Анужинтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байв.


Сүүлийн үед телевиз үзэгч­дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг “Мон­гол тулгат­ны 100 эрхэм” болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх “Херо” продакшн бэлтгэж, ар­дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх­гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл­лийн зарим хэрэг­сэл, сайтуу­даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвт­рүүл­гийн хөтлөгч, продюсер П.Анужин сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдах болсон олон сэдвээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна.


-“Монгол тулгатны 100 эр­хэм” нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарах болсоор чамгүй олон үзэгчтэй болжээ. Ер нь энэ нэвтрүүлгийг хийх болсон зо­рилго, учир шалт­гаан нь юу бай­сан юм бэ?

-Анх “Hero entertainment”-ийн зүгээс шинээр хийх гэж байгаа “Чухал 100” нэвтрүүлгийнхээ хөт­лөгч хийх саналыг надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээн авсныхаа дараа бодож байгаад түр зуурын, богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвт­рүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан. Mонгол түмэн маань гэгээтэй, бахар­халтай юмаар дутаж, оюун санаа нь гун­даж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа. Ер нь бид дот­роо байгаа, өөрсөд дундаа байгаа сайн сайхныг нэрлэж, мундаг сайн хүмүүсээ хүлээн зөвшөөрч чадахаа байгаа юу даа гэсэн эмзэглэл төрөх болоод байсан юм. Монгол тул­гатны түүхийг бичиж байгаа гай­хамшигтай хүмүүс маш олон бий. Бид өмнөх түүхээ мэдэж, бас энэ үеэ таньж байж л ирээдүйгээ ал­даа оноо багатай бүтээнэ шүү дээ. Тэдний дотоод хүн, хүсэл зорилго юу байдаг юм, тэд юуг санаж эгээрч, бодож сэтгэж явдаг юм бас хүсэл зорилго нь ямар юм гэдгийг бүгдийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ төслийг нөхрийн маань удирддаг “Мизү” компани дэмжин хамтран ажиллахаар болсон.

-Тийм учраас л таныг хөт­лөгчөөс гадна продюсер гэж нэрлээд байсан хэрэг үү?

-Шууд тэгж ойлгох нь өрөөсгөл юм аа. Гэр бүлийн маань хүний “Мизү” компаниас гадна үндэсний компаниуд болох “Юнител”, “Пепси” компаниуд ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Про­дюсер гэх болсны тухайд монгол тулгатан даяарын эрхэм хүмүүсийн тухай бүтээл хийх санааг минь үнэлэн ингэж нэрийдэх болсон байж болох.

-Үнэндээ телевизүүдээр ийм анзааны нэвтрүүлэг явахаа бо­лиод удсан болохоор хүмүүс талархан хүлээж авсан шүү. Үзэгчдэд таалагдахын хэрээр ч янз бүрийн яриа хөөрөө гарч байна. Оролцогчоосоо тавь, жаран сая төгрөг авдаг ч гэх шиг. Сонгуулиар багагүй мөнгө хийх нь гэж байтал гэнэт завсарлаж байгаагаа зарлалаа ч гэх юм?

-Бидний энэ нэвтрүүлгийг хийх зорилго өөр байсаан гэдгийг би дээр хэлсэн. Ер нь сонгуулийн жил уран бүтээл хийх нь байтугай юм хийж бүтээх гэж яваа хувь хүний алхаа гишгээг хүртэл яаж ийж байгаад сонгуультай холбон тайл­барладаг бололтой юм. Бид энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс нэг ч төгрөг авч байгаагүй. Нэвт­рүүл­гийн дэргэдэх тусгай зөвлөл хуралдаж байж, хэнийг урихаа тодруулдаг. Манай нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс би оръё гэж орсон нэг ч хүн байхгүй. Харин бид тусгайлан жаазалсан заллагаа хүргэж, тухайн хүнээ нэвтрүүлэгтээ урьдаг. Сонгуулийн жил гэлтгүй бүх зүйлийг улс төртэй холбож, улмаар хүний нэр төр, үнэ цэнэ, дотоод сэтгэл рүү улайран дайрч, гүтгэн юу ч хийхээс буцахаа байдаг айхтар жишиг манайд бий болсон юм байна. Бид үзэгч түмэн, нэвтрүүлэгт маань уригдан орсон эрхэм хүмүү­сийнхээ итгэл сэтгэлийг хэзээ ямагт хүндэтгэж бас тэднийгээ хам­гаал­на. Тийм ч учраас энэ хардлага, дайрлага, улс төрийн идэвхжлийг зогстол уран бүтээлээ түр завсар­ласан. Уг нь нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, поп хатагтай Б.Саран­туяа, “Монголоо эрсэн монгол” хөтөлбөрийн Ц.Санчир, баруу­­ны орнуудад бүтээлээрээ шуугиулж байгаа Буриадын уран барималч, зураач Даши Намдаков, шог зураач С.Цогтбаяр гээд олон сайхан хүмүүсийн талаар нэвт­рүүлгээ бэлдчихсэн байсан.

-Сайн уран бүтээлийг хийхэд мөнгө хөрөнгө их хэрэгтэй гэлц­дэг. Танайх энэ нэвтрүүлгээ хийхэд багагүй мөнгө гарзддаг биз. Бас олон телевизээр ца­цуулахдаа мөнгө төлдөг гэдэг үнэн үү?

-Мөнгөн хэмжээсээр ярих юм бол хүмүүсийн ярьж байгаа шиг мөнгөөр бүтдэггүй ээ. Бидний үнэлж цэгнэж, итгэхээ байчихсан сэтгэл гэж маш том зүйлээр нэвт­рүүлэг маань бүтдэг юм. Хэрэв сэтгэлийг өнөөгийн хүмүүс шиг мөнгөөр хэмждэг бол харин их үнэтэй бүтдэг нэвтрүүлэг шүү.

Телевизүүдэд мөнгө төлдөг асуудал байхгүй. Бид нэвтрүүлгээ дамжуулах гэж нэг ч телевизэд мөнгө төлөөгүй. Харин бидний энэ төслийг чин сэтгэлээсээ дэмжин, хамтран ажиллаж байгаа тэр уран бүтээлчдэд баярлаж явдгаа хэл­мээр байна. Энэ нь Монголын ард түмний төлөө хийж буй мөнгөөр хэмжигдэшгүй, үнэтэй хөрөнгө оруулалт юм шүү.

-Телевизийн эфирт дийлэнх­дээ хориод насны залуучууд гардаг. Гэтэл гэнэт намбалаг бас ихэмсэг, тавьж байгаа асуулт нь даацтай ид насны бүсгүй гарч ирсэн нь олон хүний анхаарлыг татах шиг болсон. Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?

-Би гадаад албаны ажилтан, олон улсын хуульч мэргэжилтэй бас макробиотик судлаач хүн. Сэтгүүлч бол миний хүүхэд ахуй насны мөрөөдөл байсан. Аравдугаар ангиа төгсдөг жил, ер нь тэр үеийн хүүхдүүдийн дунд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд орох явдал нэр төрийн хэрэг шахуу болчихсон байсан даа. Бүгд л тийшээ ёстой шуурч байлаа. Тухайн үедээ цаг үеийн нөлөөгөөр ч тэр үү, энэ л сургуульд орох ёстой юм байна гэж бодоод орж байсан.

Энэ нэвтрүүлгээ эгэл жирийн, чин сэтгэлийн жинхэнэ монгол хөөрөл­дөөн болно гэж бид анх­наасаа хэлж байсан. Ер нь хүнтэй хууч хөөрнө гэдэг чинь хүн төрөлхт­ний төрмөл чадвар гэж би боддог. Хүний сэтгэлийг нээж, сайхан яриа дэлгэхэд сэтгүүлч гэдэг мэргэжил, мэргэжлийн үнэмлэх заавал хэрэг­тэй гэж бодож байсангүй.

-Та түрүүнд өөрийгөө макро­биотик судлаач гэлээ. Чухам юу судалдаг тухайгаа манай ун­шигч­дад дэлгэрүүлж өгөхгүй юу?

-Товчхон хариулбал макробио­тик гэдэг нь арга билгийн тухай ухаан, хүн хүнээрээ амьдрахуйг судалдаг ухаан. Хүн тэр дундаа хүний бие махбодийг бүтээж бай­даг хоол тэжээл, түүнээс шууд шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг эрүүл мэнд, сэтгэлзүйг судалдаг ухаан юм. Миний бие энэ чиглэлийн судалгааг нэлээд хуга­цаанд хийж, өөрийгөө эрүүл бол­гож чадсан. Бид бие махбод эрүүл мэнддээ хандах оюун санааны хувьсгалыг нэн яаралтай эхлүүлэх цаг нэгэнт болсон.

-Хүмүүст ийм юмыг ярьж суудаг багшийн тухайд тураах клубийн багш гэж хэлэгдэхээр ямар санагддаг бол?

-Яг үнэндээ юу хэлэхээ мэд­дэггүй юм аа. Тураах, турах гэдэг үг миний үгсийн санд байдаггүй. Бид энэ сайхан цагт төрж өсч, ээж, аавынхаа, хань ижлийнхээ хай­ранд энхрийлүүлэн өлгийдүүлж байж яагаад турж эцэх гэдэг үгийг хайр найргүй хэрэглээд явна вэ. Би өөрийн олон жилийн туршлага, судалгаа, хичээл зүтгэлийн дүнд бий болгосон эрүүл бие сэтгэлийг нандигнан авч явах мэдлэг, бо­ловс­ролоо хүмүүстэй хуваалцаж, зааж сургаж яваа л жирийн нэг эмэгтэй. Боловсролыг бидний өвөг дээдэс орчноо эзэгнэх чадвар гэж үзэж байсан. Өөрт заяасан алгын чинээ биеийнхээ учрыг олж, энэ биедээ эзэн сууж чадаж байгаа эсэхээс боловсролын хэмжүүр яригдаж эхлэх ёстой гэж би боддог. Тийм ч байдаг. Энэ биеийнхээ учрыг хэрхэн таньж мэдэж, эрүүл биетэй, эрүүл сэтгэлтэй явах арга байдаг талаар би хүмүүст саналаа хуваалцдаг. Зөв хооллож, зөв амьд­рахын ухааныг мэдээд ирсэн хүний тэлж өргөссөн бие аяндаа агшаад ирдэг. Турах биш шүү, агшдаг.

-Та харьцангуй нам гүм амь­дарч байсан хүн яагаад гэв гэнэт улс төрд ороод ирэв ээ?

-Тийм ээ, би хүмүүс бужигнасан газар төдийлөн явдаггүй ээ. Өөр­тэйгээ танилцаж, өөрийн хэргийг хамааран захирахад цаг хугацаа хамгийн их шаардагддаг. Миний өөрчлөлт, миний хийж байгаа зүйлийг хүмүүс харж, улмаар сонир­­хож, тэдэнд миний хэрэгцээ гарсан учраас би хүмүүстэй ажил­лаж эхэлсэн. “Ганц хүн айл бол­доггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг үг үнэн. Нийгэмд тогтсон ташаа ойлголтыг ганцаараа, цөө­хүүлээ өөрчилнө гэдэг ч хэцүү. Миний хичээлд сууж, эрүүл сайхан амьдрах, эрүүл байх боломж өөрийн гарт нь бүрэн байдаг гэд­гийг мэдэж ойлгосон хүмүүс үүний­гээ хүмүүст таниулж, нийгмийн хэм­жээнд бодлого болгох нь чухал гэж хэлдэг байсан. Өнөөгийн Монгол төрийн тогтолцоо ямар билээ. Улс төрийн намуудаар бүхий л бодлого хэрэгж­дэг. Монголчууддаа эрүүл зөв амьдрах боломжийг чиглүүлж өгөх тэр бодлогыг тодорхой болго­ход өөрийн судалгаа, хуримтлуул­сан туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Ийм л байр сууринаас би намд элсэн орсон. Нам гэдэг бол бөөн цөөнөөрөө хуваагдан тогло­дог тоглоом биш ухаанаа урал­дуулж, бодлогоо хэрэгжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог. Гэхдээ намд элссэнийг улс төрд орно гэж хэлэх хэр тохиромжтой юм бол доо. Намын гишүүн болох, улстөрч болох, төрийн хүн болохын хоо­ронд асар их зааг, ялгаа бий. Би Монгол төрийн өндөр дээд босгыг ямагт хүндэтгэн дээдэлж явдаг нэгэн.

-Таны хэлж байгааг ойлгож байна л даа. Гэхдээ намын ги­шүүн болж, улмаар төрд ордог жишиг манайд бий. Тэр дундаа хэн нэгнээр хөтлүүлж, чирүүлж ор­дог уламжлал ч бий болчи­хоод байгаа. Таныг ч зарим улс­төрч­дөөр хөтлүүлж оруулсан гэж бичих болоод байгаа?

-Та сүүлийн үед бичигдэж бай­гаа сэдвийг хөндөж байх шиг бай­на. Намайг намд элсэхийг санал болгосон хүн бий. Гэхдээ тэр хүн зарим хүмүүсийн бодож байгаа шиг эрэгтэй улстөрчид биш. Харин эмэгтэй хүн. Улс төрийн болоод сэтгэлийн хаттай сайхан эмэгтэйн гараас хөтлөн намын гишүүн бол­сон нь үнээн. Тэр бол Д.Оюунхорол гишүүн. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэдэг худал болохыг баталсан жишиг бол миний жишээ.

-Тантай холбоотой гараад байгаа зарим мэдээллийг өөрөөс тань лав­ламаар байна. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн завсар­лах болсон шалтгааныг сон­гууль­тай холбо­хоос гадна өөр шалтгаан яриад байгаа. Танай нэвтрүүлгийн най­руулагч та хоёрыг холбож ярьж байгаагийн тухайд?

-Нэвтрүүлгийн найруулагч, най­руулагчийн гэргий хоёр хоёулаа миний оролцоогүйгээр олонд та­нигд­сан, хайр талархлыг нь хүлээ­сэн хүмүүс. Ер нь олны танил гэр бүлийн хоёрын амьдралыг олон нийт байнга сонирхож, элдвээр бичиж, хэн нэгэнтэй холбож байдаг нь дэлхий нийтийн хэв маяг юм биш үү. Тэр л жишгээр ийм яриа гарлаа гэж би ойлгож байгаа. Ийм таагүй ярианд нэр холбогдоход яаж аятай байхав.

Гэр бүл оршин тогтнохуйн үндэс нь агуу их хайр, харилцан хүндлэл, ойлголцол бас итгэлцэл байдаг. Эдгээр чухал зүйлийг бүрдүүлсэн гэр бүл бат бөх үндэстэй мод шиг найгаж, ганхахгүй оршино. Миний гэр бүлд гадны хэн нэгэн давхиж орж ирээд үймүүлж, бужигнуулж чадахгүй тийм бат бөх. Бусдын гэр бүл ч бас тийм байдаг биз ээ.

-Танай гэр бүлийн хүн А.Эрдэнэбат НАМЗХ-ны дэд ерөн­­хийлөгчөөр ажиллаж бай­гаад өөртэй нь холбоотой сөрөг мэдээлэл гарсны дараа­хан өргөд­лөө өгөөд гарч байсан санагдаж байна. Харин одоо та НАМЭХ-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. Танай гэр бүлийн хэн нэгэн нь улс төрд байх ёстой гэж боддог юм аа даа?

-Үүн дээр нийтлэг ойлголттой санал нийлдэггүйгээ хэлмээр санаг­даж байна. Манайд ямар нэг зүйлд хүрэх арга замаа улс төр, нам гээд боддог хүмүүс дийлэнх нь байх шиг байна. Уг нь өөрийгөө боловсруулсан, тодорхой амжил­тад хүрч, баялаг бүтээж чадсан хүн энэ салбарт хөл тавьж, юу хийж чаддагаа харуулах ёстой болов уу.

Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Бид нэг гэр бүл ч тус тусын үүрэг, хийж бүтээ­хийн даал­гавартай энэ хорвоод ирсэн. Би оюун санааны эрх чөлөөг эрхэм­лэн дээдэлдэг учраас хэний ч оюун санааг шүүж, тунгааж тэр хил хязгаарыг нэвтлэхийг оролд­доггүй. Үүнийгээ би бусдад түгээж байгаа хайр бас бусдыг хүндэтгэх хүндэт­гэл гэж ойлгодог. Нөхөр маань өөрийн хийж босгож яваа ажлын­хаа хүрээнд залуу­чуудын байгуул­лагад дуу хоо­лойгоо өргөж байсан байх. Би ч бас өөрийн хүрээлэл, үзэл бодлоороо яваа.

Хийж бүтээхийн их хүсэлд хорсч атаархахын өчүүхэн сэтгэл тээг садаа болж улмаар цаг хугацаа, сэтгэлзүй, эрүүл мэндэд нөлөөлж болдгийг манай гэр бүл үнэндээ үзэж л явна. Бидний нас харь­цангуй залуу ч сэтгэл зүйн овоохон хат суухаар хэмжээнд богино хуга­цаанд давтагдаж, хатуужсан. Таны асуултад ингэж л хариулмаар байна даа.

-Таны нөхрийг УИХ-ын даргыг Японд айлчлахад ч, сая Ерөнхий сайдыг айлчлахад ч дагаж явлаа гэж бичээд байх юм. Ямар учраас тэгж дарга нарыг байн, байн дагаж яваад байдаг юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд манай гэр бүл багагүй давтагдаж хатуужсан гэж би хэлсэн дээ. Ер нь ийм зорилготой гүтгэлэг удаа дараа гарсан. Гүтгэлэг гэж нэг ч үнэн байхгүй худлааг хэлдэг. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэнийг нь ч Японд айлчлахад манай нөхөр айлчлах бүрэлдэхүүнд нь багтаж яваагүй. Улсын хил гаалиар орж, гараагүйг нь гэрчлэх баталгаа олон хүнд бүх зүйл гүтгэлэг байсныг нь батлах энгийн нэг жишээ болох биз ээ.

-Таныг УИХ-ын гишүүн Р.Будын охин гэдэг. Харин таны овог Пүрэв-Очир гэх юм. Бас Р.Буд гишүүний квотыг авч өөрөө дэвших гэж байгаа ч гэх юм?

-Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй. Гэвч хувь тавилангаар би төрснөөс өөрцгүй сайхан аав­тай болсон хүн. Хувь тавилан таагдашгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сур­гуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд.сурв) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуу­лаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм.

Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна.

Уйлахад минь уйлж, ухаарахад минь баярлаж, миний амьдралын торгон мөч бүхэнд хамт байдаг, намайг өсгөсөн аавдаа би хайртай. Эр хүний уужуу тавиухан, сайхан сэтгэлийн амьд жишээ надтай дэндүү ойрхон байдаг юм. Энэ биеийг минь бэлэглэсэн, ухаан санаа, хувь тавилангийн минь ундарга болсон төрсөн аавдаа ч би хайртай.

Тэр сонгуулийн тухай асуултын тань хувьд “Хүн ахтай дээл захтай”, “Ёс ёмбогор төр төмбөгөр” гэдэг зүйр үгсийн утгыг дэндүү сайн ухан ухаарч өссөн учраас таны асуул­танд хариулах ухаанаа үнэндээ олохгүй л байна. Тийм ч учраас миний дотоод сэтгэлд сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй. Үүнийгээ л хэлье дээ. Харин би аавыгаа жин­хэнэ төрийн хар хүн гэж боддог шүү.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Хэт дотоод руу чинь халдаж асуусан бол өршөө­гөөрэй.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд ун­шигч­­дынхаа өмнөөс асуулт тавьс­ныг тань ойлгож байна аа. Энэ хорвоо ертөнц түг түмэн өнгө­ний зохицол. Хүмүүс өөр өөрийн өнгө­тэй хэрнээ түүнийгээ тоотой хэд­хээн өнгөнд хамаатуулж цөөн хэмжүүрээр биесээ хэмжих гээд байдаг юм уу гэсэн бодол маш их төрөх юм. Би хүмүүсийн мэддэггүй түмэн өнгөний нэг л өнгө. Нэгийгээ өөрийнхөө мэддэг өнгөний хэмжүү­рээр биш, байгаа тэр л өнгөөр нь харж байгаасай гэж хааяа бодох юм. “Сайн үйл дэлгэрэхийн үнд­эс нь сайхан үг” гэсэн үгээр яриагаа өндөрлөмөөр байна.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 51 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Мэдээ.МН

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.10.04 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 51 тохиолдол батлагдсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Өмнөговь – 29
  • Улаанбаатар – 19
  • Дорноговь – 3

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Путин Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх үү? DNN.mn

Олон улсад цөмийн зэвсэгтэй улс цөмийн зэвсэггүй улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглодог ч энэ нь Оросуудад огт хамаагүй зүйл бололтой. Учир нь ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн зургадугаар сарын 2-нд “Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх ОХУ-ын төрийн бодлогын чиглэл”-ийн тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд өөрийн улсын оршин тогтноход заналхийлэл үүсвэл цөмийн зэвсэг ашиглана гэж заасан юм. Харин бие даасан тусгай гэрээнүүдийн дагуу ОХУ ч хүлээн зөвшөөрсөн, олон улсад атомын бөмбөг хэрэглэхгүй байхаар тогтсон есөн бүс нутаг бий. Үүнд нь манай газар нутаг бүхлээрээ багтдаг.

Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинаас эзлэн аваад буй нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Түүний “Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх аваас ард иргэдээ хамгаалахын тулд бид өөрсдийн мэдэлд байгаа бүх арга хэрэгслийг ашиглах нь гарцаагүй. Энэ бол хий хоосон яриа биш” гэж хэлсэн нь ОХУ-ын ерөнхийлөгч Украинд тактикийн цөмийн цохилт хийж магадгүй юм байна гэсэн айдсыг дэлхий дахинд дахин төрүүлсэн билээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн мулгуу цэргийн ажиллагаа байх болно гэдгийг Путинд анхааруулсан. Тэгвэл тактикийн цөмийн зэвсэг гэж юу юм бэ?

Тактикийн цөмийн зэвсэг (TNW) нь байлдааны талбарт ашиглах, эсвэл хязгаарлагдмал нутагт цөмийн цохилт өгөх зориулалттай өөрийн тээврийн хэрэгсэл бүхий жижиг хэмжээтэй цөмийн цэнэг юм. Тэд их хэмжээний цацраг идэвхт бохирдол үүсгэхгүйгээр тодорхой бага хэмжээтэй газар нутагт бай устгах зориулалттай байдаг. Хамгийн бага тактикийн цөмийн цэнэгт хошууны хүч нь нэг килотонн хүртэл байдаг бол хамгийн том нь 100 килотонн хүртэл байж болдог.Харин стратегийн цөмийн зэвсэг нь хамаагүй илүү хүчтэй буюу 1000 килотонн хүртэлх хүчтэй илүү хол буюу олон мянган километрийн зайд, бүхэл бүтэн хотын хэмжээний газар нутагт цохилт өгөхөд ашиглах зориулалттай юм.

ЗХУ-ын хамгийн хүчтэй цөмийн бөмбөг нь 58 мегатонны хүчтэй хаан бөмбөг гэх “Царь бомба” байв. Харин Японы Хирошимад хаясан Америкийн атомын бөмбөгийн хүч 15 килотонн байсан билээ. Өнөөдөр ОХУ 5977, НАТО 5943 (АНУ 5423, Франц 290, Англи 225), Хятад 290, Пакистан 165, Энэтхэг 160, Израиль 90, Хойд Солонгос 20 цөмийн хошуутай. АНУ-ын тагнуулын мэдээгээр Орост 2000 орчим тактикийн цөмийн зэвсэг бий. Тактикийн цөмийн цэнэгт хошууг далавчит эсвэл тактикийн пуужин, тэр ч байтугай их бууны сум зэргээр ашиглаж болдог. Тактикийн цөмийн цэнэгт хошууг пуужин, торпедо эсвэл гүний бөмбөг хэлбэрээр онгоц, эсвэл усан онгоцноос ч ашиглаж болно. Сүүлийн жилүүдэд Орос улс ийм төрлийн зэвсгийн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт хийж, тэдгээрийн тусгал, нарийвчлалыг нэмэгдүүлсэн гэж АНУ мэдэгджээ. АНУ, Орос зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүд тактикийн зорилгодоо хүрэхийн тулд ердийн орчин үеийн зэвсэг хангалттай гэж үздэг учир тактикийн цөмийн зэвсгийг жинхэнэ цэргийн мөргөлдөөнд хэзээ ч ашиглаж байгаагүй билээ. Учир нь ямар ч цөмийн гүрэн тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх нь стратегийн цөмийн зэвсэг хэрэглэн цөмийн дайн эхлүүлэх эрсдэл үүсгэнэ гэж болгоомжилдог юм байна.

Украинд довтлохын өмнөхөн ерөнхийлөгч В.Путин Оросын стратегийн цөмийн хүчнийг “байлдааны бэлэн байдалд ороход бэлэн байх” нөхцөлд оруулж, стратегийн цөмийн хүчний хээрийн сургуулилт хийсэн.

Лондонгийн “Кings” коллежийн атомын эрчим хүчний шинжээч Хизер Уильямс “Орос улсын гаргах шийдвэр Хятадын дэмжлэгээс ихээхэн хамааралтай болсон. Хятад улс цөмийн зэвсгийг өөрөө анхлан хэрэглэхгүй гэсэн номлолтой болохоор Путины тактикийн цөмийн зэвсэг ашиглахыг мэдээж Хятад дэмжихгүй. Хэрэв Путин ийм зэвсэг хэрэглэвэл Хятадыг алдах учир хэрэглэхгүй байх магадлалтай” гэж хэлэв. Гэхдээ хэдхэн сарын өмнө Орос хэзээ ч цэргийн дайчилгаа явуулахгүй гэж байсан Путин өнөөдөр “хэсэгчилсэн дайчилгаа” нэрээр 18-60 насны бүх нийтийн цэргийн дайчилгаа явуулж эхэлсэн учир түүнийг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж үзэж огт болохгүй нь тодорхой юм. Дашрамд дурдахад, энэхүү Украины дайн нь үнэн хэрэгтээ ОХУ-ын бага ястан, үндэстнийг устгах ажиллагаа болж байна гэдэг нь өнөөдөр бүх хүнд тодорхой болсон учир Татарстан гэх мэт уугуул үндэстэн нь удирддаг Оросын бүрэлдэхүүнд багтдаг улсууд “хэсэгчилсэн дайчилгаа” нэрээр өөрийн нутгаас оросуудыг хөөж явуулах нь тодорхой юм. Энэ нь ОХУ-ын задралт хэдийнэ нь эхэлсэн гэсэн үг. Харин Путин цөмийн бөмбөг хэрэглэх гэж оролдвоос АНУ, Английн цөмийн цохилтод ОХУ түрүүлж өртөнө гэдэг нь ойлгомжтой болчихоод байгаа билээ. Тэд “Ийм шийдвэр гаргасан цэгт түрүүлж цөмийн цохилт өгнө” гэж Путинд анхууруулсан. Саяхан АНУ тактикийн цөмийн зэвсэгтэй Оросын Хар тэнгисийн флотыг ч устгана гэж нэмж анхааруулсан бөгөөд ОХУ-аас бүх америк иргэдийг гарч явахыг сануулсан. Гэхдээ барууныхан ОХУ-д атомын бөмбөг хэрэглэхгүй. Харин ОХУ-д байхгүй, газрын гүнд ч байгаа бай устгах чадвартай өндөр технологийн, нарийн ончтой ердийн пуужингуудаар нэгэн зэрэг цохилт өгөх юм. Энэ нь Путин төдийгүй, түүний багийнхан цөмийн зэвсэгтэйгээ дэлхийн газрын зургаас үүрд арчигдана гэсэн үг билээ. Тиймээс Путин Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх үү гэсэн асуулт нээлттэй үлдэж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 175 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт замын хар тос автомашинаар тээвэрлэж явсан ОХУ-ын иргэн осолдож, амиа алджээ DNN.mn

Өндөр хүчдэлийн багана мөргөсөн ослын улмаас 11 настай хүүхэд амиа алджээ

Сэлэнгэ аймагт ОХУ-ын иргэн автомашин жолоодож яваад осолдож, нас баржээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн Шаамар гурав гэдэг газар Волво загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр 17:26 цагт бүртгэгджээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход ОХУ-аас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд 26 тонн замын хар тос тээвэрлэж явсан Волво загварын ачааны автомашин замын хажуу руу унаж ОХУ-ын иргэн, эрэгтэй жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Цөмийн дайны хор уршгаас йод хамгаалдаг гэв үү? DNN.mn

ОХУ, Украин хооронд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хил залгаа бүс нутгуудад йодыг их хэмжээгээр цуглуулж, хадгалах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Хамгийн сүүлд Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаантай холбоотойгоор цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх йодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиуддаа тараасан гэж REU­TERS агентлаг мэдээлжээ.

Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Запорожьегийн талбайд цохилт өгсний улмаас зургаан реакторын ойролцоох барилга байгууламж эвдэрч, цахилгааны кабель тасарч, цөмийн гамшгийн аюул улам нэмэгдээд байгаа бол эдгээр халдлагад Орос, Украины талууд бие биенээ буруутгасаар байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас улбаалж Польшийн Дотоод хэргийн дэд сайд Блазей Побози “Запорожье АЦС-ын ойролцоох тулааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа бид урьдчилан сэргийлэх зорилгоор йодын шахмалыг тараахаар шийдсэн.

Эдгээр нь ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд биднийг хамгаалах зорилготой ердийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг би ард иргэдээ хэлмээр байна. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна” гэж тайлбарласан байна. Йодыг зөвхөн Польш хадгалаагүй. Дайны эхэн үеэс ОХУ-ын дагуул орны оршин суугчид йодын нөөц бүрдүүлж эхэлснийг тухайн үед мэдээлж байв. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын сүүлчээр цэргийн дайчилгаа зарлах үеэс йод нөөцлөх ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа аж.

Энэ нь мэдээж цөмийн дайнтай холбоотой. Дайчилгаа зарлах үеэрээ ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг өрнөдийнхөн болон Украинд анхааруулсан билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлэхдээ дээрх байр суурийг дахин илэрхийлсэн юм. Украин ч энэ мэдэгдэлд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл дайны бүс дэх хоёр улсын нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна.

Ийм нөхцөлд цөмийн дайн, түүний хор уршгаас хамгаалах йод нөөцлөх тухай асуудал манай улсад ч хамаатай. Цөмийн зэвсгийн хор уршгийн тухай энд дурдахад илүүц. Харин йод ямар ач холбогдолтой, дайнтай бүс нутгийн залгаа улс орнууд йодыг яагаад нөөцөлсөөр байгаа талаар товч тайлбарлая.

Йод бол 1811 оноос хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд 1905 оноос эрдэмтэд зарим өвчний йодын дутагдлыг судалж, хэрэглэхийг зөвлөж эхэлсэн гэдэг. Харин өнөөдөр бол йодыг халдваргүйтлийн журмаар хэрэглэхээс эхлээд өргөн хэрэглээтэй болсон. Үүний нэг нь бамбай булчирхайн эмгэг, хорт хавдрын үеийн эмчилгээ. Цөмийн дайны хор уршиг хүний бамбай булчирхайг гэмтээж, цаашлаад хорт хавдарт хүргэдэг гэж үздэг. Тиймээс йодыг энэ аюулаас сэргийлж хэрэглэдэг. Хамгийн ойрын жишээ бол Чернобылийн цөмийн станцын ослын үеэр Украинд хэрэглэж байсан гэдэг.

Дайны нөхцөл байдал ээдрээтэй, цөмийн зэвсэг хэрэглэх асуудал яригдаж байгаа энэ үед Монгол Улс ч энэ аюулаас урьдчилан сэргийлэх талаар ярихад илүүдэхгүй. Энэ тухай цөмийн физикч Л.Бямбажаргалаас мэргэжлийн хүрээнд тодруулахад “Цацраг бол бууны сум л гэсэн үг. Хүний биед орлоо гэхэд бүх эд эрхтнийг гэмтээнэ. Тийм нөхцөлд ямар нэг эм, эмчилгээ хийнэ гэдэг үр дүнгүй. Хүний биед цацрагийг хамгийн түрүүнд, эмзгээр хүлээж авдаг эрхтэн бий. Тэр бол бамбай булчирхай. Харин бамбай булчирхайг дэмждэг зүйл бол йодат кали. Гэхдээ йодат калийг цуглуулаад л цацрагийн аюулаас хамгаалчихна гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Цацраг гэдэг өөрөө бүрэн судлагдаагүй. Хоёр хүн цацрагийн ижилхэн тун авлаа гэхэд нэг нь зүгээр, нөгөө нь хавдар болох боломжтой. Хүний биеэс шалтгаална гэсэн үг.

Нөгөө талаар Орос, Украины дайнтай холбоотойгоор цөмийн зэвсэг хэрэглэлээ гэхэд манай орны хувьд өндөр тун авах магадлал тун бага. Учир нь манай улсын хүн амын талаас илүү хувь нь Монгол орны төвд, Улаанбаатартаа суурьшиж байна. Москвад пуужин хаялаа гэхэд Улаанбаатар хүртэл 6000 км. Цацрагийн нөлөөллийн бүс хамгийн ихдээ 500 км л байдаг. Бүр наана Байгал нуур орчимд хаясан ч манай захын аймаг хүртэл 1000 км шүү дээ. Тиймээс бидний хувьд айхавтар сандрах аюул биш болов уу” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт 2 дахин өсчээ DNN.mn

Нүүрсний экспорт 31 хувиар нэмэгдэв

Есдүгээр сарын 23-аас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу 2 дахин өсжээ. Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувийн өсөлттэй байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ.

Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар буурав.

Төв банк оны эхнээс 9 сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 104.5%, зэсийн баяжмал 90%, төмөр 62.4%, алт 74%, газрын тос 40.4%, цайр 106.8%, хайлуур жонш 36% тус тус байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр цалин, олон мянган долларын азтан зэрэгт итгэгчид хүний наймааны золиос болж эхэллээ DNN.mn

-Хэдэн мянган долларын азтан, өндөр цалин, байр, хоол, унаагаар та хэн нэгнийг үнэгүй дайлах байсан уу?-


Цахим сүлжээнд тавьсан өндөр цалинтай, таатай нөхцөлтэйгөөр гадаадад ажиллах ажлын байрны зард итгэж хил даван хүний наймааны золиос болсон монгол эмэгтэйчүүдийн асуудал дуулиан болоод байна. Бүр Зүүн хойд Азийн жижигхэн нэгэн улс Мьянмарт хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины хууль бус худалдааны бүс нутаг болсон КК паркад тэдгээр монгол охид барьцаалагдчихсан тухай Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлээд байгаа. Хохирогчдын тоо таваар тогтохгүй, нэмэгдэж байгааг хуулийн байгууллагын эх сурвалж онцолж буй. Тэдгээр охидын амь нас, хувь заяа хилийн чанадын тэр аюултай бүс нутагт хэрхэн эргэж байгааг өнөөдөр хэн ч мэдэх боломжгүй.

КК паркад Зүүн хойд Азийн бүхий л улс орноос хохирогчид зуу, зуугаараа байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлсээр байна. Хохирогчдыг аюулгүй аврахын тулд тухайн улсынх нь Засгийн газар ажилласаар байгаа. Тайвань гэхэд хэдхэн хоногийн өмнө КК паркийн синдикаттай холбоо тогтоон иргэдээ аюулгүй гаргаж байгаа бол Малайзын 100 гаруй иргэн тус паркад барьцаалагдсан. Тэднийг эсэн мэнд гаргаж авахыг Засгийн газраасаа шаардаж байгаа гэх. Манай улсын хувьд ч Засгийн газрын хэмжээнд анхаарах асуудал болсныг дээрх орны жишээн дээрээс харж болно.

Хүний наймааны золиос болсон энэ ноцтой асуудал ердөө л цахим орчинд тавигдсан зараас улбаатай. Хил давуулах виз, үнэгүй байр, хоол унаа, өндөр цалин. Монголчуудын хууртагдаж байгаа гол зүйл эдгээр юм. Тэр битгий хэл тэдэн мянган доллар хожлоо, тийм хэмжээний долларын хүүгүй зээл олгоно гэсэн агуулгатай, хэл найруулгагүй, ойлгоход ч бэрх зард итгээд мөнгөө алдчихсан хүмүүс цагдаагийн газраар нэг байна. Бүр нүүр царайг нь хараа ч үгүй, хэдэн мянган бээрийн цаадах харь улсын залуустай хайр сэтгэлийн холбоо үүсгээд мөнгөө залилуулчихсан бүсгүйчүүд бий. Нэг малчин бүсгүй 300 сая төгрөгөө “Романс залилан”-д алдсан гээд л саяхан шуугьсан даа.

Ерөөсөө монголчууд ямар гэнэн итгэмтгий юм бэ. Гадаадын ядуу буурай орны залилагч этгээдүүд манайхыг луйвардаад бүр гаршчихлаа. Уг нь энгийн зүйл шүү дээ. Тэр их том амлалт, хэдэн мянган доллар, өндөр цалин, байр, хоол, унаагаар би хэн нэгнийг ямар ч авлагагүйгээр дайлах байсан уу гээд л хамгийн түрүүнд өөрийгөө тавиад үзчих ёстой юм. Хэн ч ингэж чадахгүй. Гадаадад ч тэр адилхан. Ийм их шагнал, өндөр цалин хангамж, диваажин амладаг буяны, шашны байгууллага ч дэлхий дээр байхгүй. Бүх зүйл хариутай, авлагатай.

Хэн нэгнээр заалгахгүйгээр, цагдаа шүүх болохгүйгээр өөрөө өөрийгөө цахим луйвраас хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол энэ. Та хэчнээн чадвартай байгаад өндөр цалинтай ажил хайж байлаа ч, хэчнээн гадаадад сайхан ажиллаж амьдрахыг хүсч байлаа ч, нэг л өдөр баян болно гэж боддог байлаа ч нягтал. Өөрийгөө оронд нь тавь. Тэр харилцаж байгаа хүнийхээ дуу хоолойг сонсож, нүүр царайгаа харуулахыг шаард. Монголоос өөр газар, монголчуудаас өөр хүмүүс л бол баян чинээлэг, соёлтой боловсон, хууль бус зүйл хийхгүй, тэнгэрийн хүмүүс гэдэг ойлголтоо хая. Дэлхийн хүмүүс бүгд адилхан. Монголд байгаа луйварчид гадаадад ч бий. Тэдний арга яг л адилхан.

Гэтэл бидний гэнэн итгэмтгий зан явсаар бүр хил даваад хүний наймааны золиос болоод эхэллээ. Цахим луйвар, залилан гэгч ноцтой хэмжээнд хүрч байгаагийн илрэл энэ болж байна. Үүнд хууль хяналтын байгууллага илүү нямбай ажиллаж, цаашлаад төр засгаас ч анхаарах шаардлагатай том сэдэв болж эхэллээ

Categories
мэдээ цаг-үе

ЭМД-ын шимтгэл төлдөг иргэд улсын эмнэлэгт жилд 3 шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой DNN.mn

Шүдний паалан дангаараа сэргээгддэг эсэх. Шүдний паалан сэргээх

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ ЭМДҮЗ-ийн тогтоолоор зохицуулагддаг байна.

Иргэн даатгуулагч амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээг улсын эмнэлэг, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрийн өмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс авах боломжтой.

ЭМД-ын сангаас жилд гурав хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг 100% санхүүжүүлдэг. Ингэхдээ нэг шүдний эмчилгээг 48,000 төгрөгөөр тооцдог хэмээн ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Доржханд хэллээ.

Өөрөөр хэлбэл ЭМД-ын шимтгэл төлдөг бол улсын эмнэлэгт гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх юм байна.

Түүнчлэн жирэмсэн эхийн хяналтын багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа эвлэрье DNN.mn

Дэлхий тахалд нэрвэгдээд, дайны хөлд сүйрч байна. Хор уршгийг нь бид өдөр тутамдаа, алхам бүрдээ мэдэрч байгаа. Хамгийн наад зах нь бараа таваарын үнэ огцом нэмэгдэж байна. Цаашид амьдралаа залгуулахад улам хүнд болно гэж эдийн засагчид анхааруулж, түгшүүр зарласаар. Улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогт тохирсон арга хэмжээг ч авч эхэлсэн. Европын холбоо гэхэд ард түмнээ тансаг хэрэглээнээсээ татгалз хэмээн өдөр болгон уриалж байна. Лаа шүдэнзээ бэлдэж, түлээ түлшээ базааж, өвөл хөлдөж үхэхгүйн тулд бүхий л аргаа хэрэглэ гэв. Энэ бол дайны төлбөрийг төлж байгаа хэлбэр юм.

Дайны төлбөр гэж юу яриад байна вэ, ард түмэн тансаг хэрэглээнээсээ татгалзах нь үүнд ямар хамаатай юм бол гэж үү. Энгийнээр тайлбарлавал дэлхийд дарангуйллыг байхгүй болгохын тулд төлж байгаа төлбөр. Хүчтэй улс нь сул доройгоо дээрэлхдэг. Эрхшээлдээ оруулж, өөртөө нэгтгэж чаддаг. Улмаар өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн дэглэм тогтоодог болоод удсан байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь зэрлэг, араатан амьтдын ертөнцөд л байдаг үйлдэл. Тэд угаасаа тэгж л оршин тогтнодог. Харин хүн төрөлхтөн араатнаас ялгаатай нь ухамсар, оюунтай. Орчин цагт, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн даяаршлын ертөнцөд хүчтэй нь хүчгүйгээ шууд дарангуйлна гэдэг бол үнэхээр байж боломгүй явдал. “Та нар муусайнууд миний санаанд нийцсэнгүй” гээд сэлэм эргүүлэн дайлаар морддог эрин зуун биш. Гэтэл өндөр технологижсон зэр зэвсэг, цэрэг армиар дарангуйлал тогтооно гэдэг юу гэсэн үг вэ. Аль нэг дарангуйлагчийн хүсэл, шуналыг гүйцэлдүүлэхийн тулд сайхан залуу, халуун амиа “тушаах” нь дэндүү хайран. Хүний амь ганцхан. Хойд нас байдаг гэж хэн ч баталчихаагүй байгаа. Орчлонд нэг л олдох амьдралаа хүний шуналд зольж, өөр шигээ гэм зэмгүй жирийн хүмүүстэй алалцана гэдэг ухаан санаанд багтамгүй явдал биз дээ, яаж ч бодсон. Дарангуйлал, ноёрхлыг болиулах нь энэ дэлхийд амьдарч байгаа хүн бүхний туйлын хүсэл, зорилго байх ёстой.

Түүхээс харвал Монгол Улс дайны төлбөр төлж байсан орон. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголд гурил, будаа, цай, тамхи, даавуу дайлан тасарч байсан гэдэг. Тэр үед ард түмэн маань хуучин нойтон хувцсаа өмсөж, уулнаас ургамал, навч түүж цайгаа чанан ууж, тамхиа нэрж дайныг даван туулж байжээ. Энэ бол фашист дэглэмийг дарахын төлбөр байсан юм. Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр бидний өмнө ирчихээд байна. Гэхдээ бидний энэ удаагийн дайны төлбөр маш хямдхан тусна. “Энэ хамгийн хүнд дээ” гэж бодоход юу байж болох уу. Ямар зүйл хийж болно гэж та нар бодож байна вэ.

Ердөө л Энхтайваны гүүрийг өвлийн хүйтэнд жавар сөрөн алхах л байгаа юм шүү дээ. Машинаа тавиад бензиний хэрэглээгээ таначих л даа. Алхах нь эрүүл мэндэд ч тустай. Ийм хүнд бэрх цагт заавал шинэ хувцас авч дэгжирхээд юүхэв. Дулаан л байвал хуучин ч байсан яахав дээ. Арчилж, тордож өмсөөд нэг өвлийг явган алхаад давж үзье л дээ. Хэдүүлээ нэг өвөл алим, мандарин, салатны навчгүй өвөлжье. Нэг өвөл орой 12 цаг гэхэд бүгд гэрэл чийдэнгээ унтраагаад унтдаг болъё. Хэдэн үйлдвэр, уурын зуухандаа л цахилгааныг нь өгөөд эрчим хүчээ хязгаарласан ч яахав дээ. Эсвэл 12 цаг өнгөрвөл лаагаа бариад утсаа ухахад болохгүй юмгүй. Монголчуудад ийм л дайны төлбөр байгаа. Энэ бол маш хялбархан. Хэсэгтээ цэмцгэнэхээ больж, тансаг хэрэглээнээсээ татгалзаж, дарангуйллын эсрэг төлбөрийг төлцгөөе өө. Энэ бол ардчилал, тусгаар тогтнолдоо төлж байгаа бидний өчүүхэн төлбөр юм шүү.

Түгжрэлтэй замд бензин их зарцуулдаг жийп хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар өрсөлдөж, брэндээр хийрхэцгээдгээ л больчихъё. Өнгө алагласан чамин хоолныхоо зургийг сошиалаар гайхуулж онгирцгоохоо л байчихъя. Ер нь монголчууд дандаа тансаг, хангалуун амьдарч байгаа юм шиг жүжиг тавьдаг улс. Одоо бодоод байхад, хэлсэн үгнээсээ болж элдвээр зүхүүлдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Мах, гурилтайгаа байхад болно доо” гэсэн нь үнэн юм. Нэрэлхээд нэрээ идэхгүй. Гэртээ очоод гэрээ идэхгүй гэж хуучны үг бий. Юундаа ч нэрэлхэж, ичихэв. Шатахуунаа бага авъя. Цахилгаанаа хэмнэлттэй хэрэглэе. Байгаа хэдэн хуучин хувцсаа цэвэрхэн өмсье. Бор зүрхээрээ амьдраад үзье л дээ. Ямар насан туршдаа ийм байх биш. Дарангуйлал мөнхөд үргэлжлэхгүй. Дор хаяж ганцхан өвлийн л асуудал байгаа. Хойтон хавар ирэхэд цаг сайхан болчихно.

Өнөөдөр ардчилал, тусгаар тогтнолоо алдаж буй улс орон ямар эмгэнэлтэй байна вэ. Ард түмэн нь айдастай, хайртай дотны бүхнээсээ хагацсан элэг эмтрэм дүр зургийг дэлхий нийтээрээ харцгааж сууна. Иргэд нь тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө цусаа урсгаж, амь насаа өгч байна. Үүний хажууд бид дэндүү жаргалтай байгаа. Хоёр том гүрний дунд оршдог ч иргэд нь эрх чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг индэртэй байна. Дүрвэгсдийн мөрөөдлийн улс.

Дайны төлбөрт хүн бүр эрвийх, дэрвийхээрээ оролцох ёстой. Тэгж байж л сайхан цагийг наашлуулна. Тэгж байж л энэ дарангуйллын, бусармаг бурангуй нийгмийг дэлхийн түүхээс арчиж хаяна. Фашизмыг дарахын тулд 1940-1945 онд иргэд буутайгаа хөлдөж үхэж байсан юм. Үүний хажууд бидний тансаглалаа тэвчих асуудал инээдэмтэй байгаа биз дээ. Ингэж байж л хүнд үеийг давцгаана. Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа өвөлжье.