Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

​Я.Эгшиглэн: K-pop хүсэл мөрөөдлийг минь илүү гэрэл гэгээтэй болгодог DNN.mn


“K-pop world festi­val 2022” олон улсын тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн Я.Эгшиглэнтэй ярилцлаа.


-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Тайзан дээр шагнал хүртэж байсан тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Шагнал авах үед мэдээж маш их баярлаж догдолсон. Тайзан дээр ялагчийг зарлахын өмнө надтай өрсөлдөж байсан найз маань “Чи ялах нь тодорхой, солонгосчууд чиний сонгосон дуу, хоолойнд чинь үнэхээр дуртай” гэж хэлж байсан. Тэр үедээ өөртөө тийм ч итгэлтэй биш байсан л даа. Ялагч болох нь гол биш үзүүлбэрээ алдаагүй сайн үзүүлэх нь бид бүгдийн хувьд хамгийн чухал байсан даа.

-Сонгосон дуунд нь солонгосчууд их дуртай гэж найз нь хэлсэн байна. Тэмцээндээ ямар дуу дуулж оролцсон бэ?

-Тэмцээнд Солонгосын алдарт дуучин IU-гийн “You and I” дууг дуулсан. Энэ дуу нь IU дуучны анх нэр алдарт хүрч олонд танигдаж байх үеийнх нь дуу бөгөөд өсвөр насны үерхэл, анхны хайрын сэдэвтэй дуу юм. Үлгэрийн оронд буй мэт сэтгэгдэл төрүүлэм хөгжилтэй, уянгалаг аятай дуучны дээд өнгө, хоолойны чадлыг харуулсан дуу. Би IU-гийн бүх дуунд нь дуртай. Гэртээ ганцаараа байхдаа тоглолтоо хийж байна гэж төсөөлж дуунуудыг нь их дуулдаг байсан. Миний дуулсан “You and I” дуу бусад орны оролцогчдын үзүүлбэрийг бодвол эмэгтэйлэг эгдүүтэй зохиомжтой байсан. Тус тэмцээн нь “Alice in wonder­land” шиг үлгэрийн орон мэт зохиомжтой байсан учраас үүндээ ч нийцсэн дуу сонгож дуулсан гэж бодож байна.

-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний талаар тодруулаач. Оролцоход бэрхшээлтэй зүйл нь юу байсан бол?

-Тус тэмцээнд жил бүр нийт 100 гаруй улсаас хүүхдүүд бичлэгээ илгээж, шалгарсан улсын хүүхдүүд өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнд найман улс шалгарсан. Миний хувьд NTV телевизийн “K-pop festi­val in Mongolia 2022” тэмцээнд дууны төрлийн ялагч болсноор Монгол Улс дахь Солонгосын элчин сайдын яамнаас холбогдон уг тэмцээнд бүртгүүлж оролцох эрхтэй болсон. Жил бүр улс улсдаа тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд бичлэгээ илгээж тэр дундаас шилдэг нь шалгардаг юм билээ. Анх 2014 онд Монголоос н.Очирбат гэдэг ах тэмцээнд явж оролцож дууны төрөлд хоёрдугаар байр эзэлсэн байдаг. Солонгосын Элчин сайдын яамнаас намайг анх дуудаж ярилцлага, бичлэг авч, энд түрүүлсэн дууныхаа бичлэгээ илгээн бүртгүүлж байсан. Тэмцээний эхний шатанд тэнцсэн гэдгээ сарын дараа мэдсэн. Дараагаар нь ковер дууны бичлэг, дуртай дуучин, зорилго, K-pop чиний хувьд юу вэ зэрэг асуулт и-мэйлээр ирсэн. Түүнд би K-pop бол миний ертөнцөд гэрэл гэгээ юм, k-pop-оор дамжуулж мөрөөдөл минь илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болдог. Үргэлж зөв замд минь хөтөлдөг гэж хариулсан. Энэ асуулт нь тэмцээнд их чухал нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна.

May be an image of 3 people

Энэ жилийн тэмцээний өнгөрсөн жилүүдээс ялгаатай зүйл нь оролцогчиддоо түлхүү анхаарал хандуулж, тусад нь интро бичлэг хийж өгч, Idol-той цуг үзүүлбэр үзүүлэх боломжтой болсон байсан. Биднийг хоёр долоо хоногийн турш хэрхэн бэлтгэлээ хийж байсан, ямар хэмжээнд ахиц дэвшил гаргасан болон хөгжилтэй тоглоом зэргийг зохион байгуулж зураг авалтыг хийж байсан. Тэмцээний үеэр нэвтрүүлэг, баримтат кино шиг зүйл давхар хийгдсэн байгаа. Энэ нь аравдугаар сарын 28-ны өдөр KBS телевизээр гарах болно.

-Анх урлагт хэрхэн дурлах болсон бэ, дурлах болсон шалтгаан түүхээсээ хуваалцаач?

-Аавынхаа студид багаасаа л олон хамтлаг дуучдыг харж, сонсож үлгэр дуурайллыг авдаг байсан. Тийм ч учраас урлагт дурлах гол шалтгаан аав маань байсан юм болов уу. Багаасаа л ямар нэгэн байдлаар үргэлж урлагтай холбоотой дугуйланд их хамрагдаж, хичээллэдэг байсан даа. Ээж маань ч латин америк болон Монгол бүжиг их сайхан бүжиглэдэг, урлагт хайртай хүн л дээ. Магадгүй гендээ байдаг юм болов уу.

-Солонгосын онгоцны буудалд буусан цагаас нэвтрүүлгийн багийнхан яриа авч, дүрс бичлэг хийж байсан гэсэн?

-Очсон цагаас эхлээд л дандаа зураг авалт явагдсанд нь анх жаахан гайхаж байсан. Гэхдээ өмнө нь аяллын нэвтрүүлэгт орж үзсэн туршлагатай учраас миний хувьд харьцангуй гайгүй байсан. Нэг хэцүү зүйл нь сэтгэл хөдлөлөө жирийн үеийнхээсээ хэтрүүлэгтэйгээр илэрхийлэх хэрэгтэй болдог юм билээ. Миний хувьд тийм зүйлдээ жаахан тааруу. Гэсэн хэдий ч зурагтаар л үздэг байсан тийм том телевизээр гарах боломж олдсонд баяртай байсан.

-Дууг нь сонсож, үздэг алдартай уран бүтээлчдээ ойроос харах мэдрэмж ямар байсан бэ?

-Дуучидтай нэг тайзан дээр гарах нь маш сонирхолтой байсан. Ялангуяа “Kard” хамтлагийнхантай нэг тайзан дээр зогссон нь нэр төрийн хэрэг байсан. Мөн тайз руу гарах үед өөр дуучид хажуугаар зөрөх үеийн догдлол одоо ч мэдрэгдэж байна.

-Дэлхийд алдартай “YG” энтертайнментийн дууны багш хичээл заасан гэж сонссон. Хичээл, сургалтууд нь ямар байсан бэ?

-Дууны төрлийн оролцогчдод нийт дөрвөн багш ирж хичээл заасан. Бид хоёрыг дуулуулж үзээд өөрсдийнх нь хоолойны онцлог сул талуудад тааруулж хоолойны дасгалуудыг заасан. Бүх багш нар өөр өөрийн арга барилаар өөр өөр дасгал зааж байсан. Их зүйл сурч авсан.

-Өөр олон улсын оролцогчидтой тэмцээний бэлтгэл хийх ямар байсан бэ?

-Тэмцээнд тив тивээс хүүхдүүд ирж оролцсон. Япон, Монгол Чили улсаас бусад нь бүгд унаган англи хэлтэй орны хүүхдүүд байсан. Би өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдтэй ойлголцон англи хэлний ярианы чадвар маань ч тодорхой хэмжээгээр сайжирсан гэж бодож байна. Тэд бүгд маш найрсаг харилцаатай байсан. Би Монголоос авчирсан “Зөв аарцны ундаа”-наас хүүхдүүдэд амсуулахад эхлээд жаахан гашуун мөртлөө чихэрлэг юм байна гэцгээж байсан.

-“Cherry Bomb” бүжгийн хамтлагтай байсан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-“Cherry bomb” хамтлаг миний мэдэхийн анх 2020 онд үүсгэн байгуулагдсан байх. Би сүүлд 2021 онд хамтлагийн ахлагч н.Ариунзаяа эгчтэй танилцан дуулж буй бичлэгээ явуулснаар намайг хамтлагтаа авч байлаа. Дандаа дуулдаг байсан хүүхэд бүжгийн хамтлагт анх ороод чадвараараа гологдсон. Гэвч Ариунзаяа эгч маань намайг хурцалж өгснөөр илүү хичээх ёстойгоо мэдэж авсан. Тэр хэрээрээ ковер бүжиг гарах болгонд чадвар минь бага багаар сайжирч байсан. Хамтлагтаа байхдаа К-попд дуртай авьяас чадвартай олон хүүхдүүдтэй найзууд болж их ч зүйлийг сурсан

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гудамжинд нь гулгаж өссөн Дэнжийн мянга минь DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хүүхэд ахуй цаг минь Дэнжийн-1000 гэх гэр хорооллын шороон дунд өнгөрсөн юм. “Ёотон цагаан” гэгдэх дан давхар нийтийн байрнуудтай хаяа залган орших дэнжийн гэр хороолол бас ч гэж хотын анхны суурьшлын бүсийн нэг. Анхандаа мянган айл суурьших төлөвлөгөөтэй байсан хэдий ч хүн амын төвлөрлөөс болоод нэрнээсээ хол давсан айл буулгаж суурьшуулсан гэх яриа бий. Нэгэн цагт жанжин Д.Сүхбаатар Тасганы овоон дээгүүр цэргээ дагуулан өнгөрөхдөө Дэнжийн-1000-ын хэсэгхэн газар буудаллаж, хуарагнаж байсан ч гэх түүх, домог холилдсон яриа бий. Ер нь тэр хавьд баруухан талд нь байсан олон гуу жалганд хэлмэгдүүлэлтийн үед олон хүнийг цаазалсан ч гэдэг. Тэр ч бас үнэн байх. Ойр хавийн жалгаар тоглож явахад хүний гавлын яснаас эхлээд лам хүний орхимж байсан болов уу гэмээр улаан даавууны өөдөс их байдаг байсан. Бид яахав, хүүхэд байсан болохоор тэр болгоныг анхаарч анзаарч байсангүй. Одоо харин тэр гуу жалгыг шороо асгаж тэгшлээд айлууд буучихсан. Тийм том гүнзгий гуу жалга байсан гэх шинж тэмдэг үлдээгүй шахуу. Дэнжийн-1000-аар тухайн үедээ арилжаа наймааны гол цэг болох бараан зах руу явдаг гол зам дайрдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хуучнаар бол бараг л торгоны зам шахуу юм уу даа. Мянгын гэр хороолол хавиар атаманууд олонтой, тэр хэрээрээ арилжаа наймаачид хааяа хааяа халдлагад өртлөө гэж дуулддаг л байлаа. Айлууд ид суурьшиж эхлэхэд хотын зах байсан боловч төд удалгүй хотын төвтэй хаяа нийлж, одоо харин төвийн “А” зэрэглэлийн бүс болчихоод байна.

“Дэнжийн 1000”-ын шороонд бужигнан, Ногоон нуурын мөсөн дээр тоглож өссөн нас минь хамгийн жаргалтай, хөгжилтэй үе минь. Өвөлдөө цасан хүн хийж, цасаар байлдаж тоглоно. Худгаас ус авч, гудамжны уруу асгаж мөс тогтоож байгаад модоор холбосон канкигаар гулгана. Яг арын гудамжинд, нэлээн хойхно байх худгаас тэр хавийн бүх л хөвгүүд ус авч асгадаг байсан байх. Одоогийн 39 дүгээр дунд сургуулийн баруун замаар дээшээ жаахан өгсөөд явахад нэг булаг байдаг. Одоо ч гэсэн ихээ ундаргатай. Шууд унданд хэрэглэж болдог амны ус. Хөгшчүүд лав рашаан гээд их сүжиглэдэг байсан. Ойр хавьд нь хог хаяж болохгүй шүү, шүлсээ хаяв, лус хилэгнэнэ гэдэгсэн. Тэр булгийн ус өвөлдөө урсаад коток маягтай болох үед нь өдөр алгасахгүй шахуу очиж гулгана. Харин нэг том асуудал байсан нь тэр хавийн атаманууд дээрэлхэж, чарга булаачих гээд байдаг байлаа. Гэхдээ л тоглохын тулд ямар ч саадыг өлхөөн давчихдаг байж.

Дэнжийн-1000-ын “Ёотон цагаан” гэгдэх нийтийн сууцны дунд ганц дэлгүүр байсан бөгөөд үүдээр нь тухайн үеийн болж бүтэхгүй гэгддэг нөхдүүд мөнхийн эргэлдээстэй. Дэлгүүрт харин бараа таваар нь дориун байсан юмдаг. Тэр үед талх сүүнд үнэхээр “алаан” болдог байв. Хожмоо хувьд шилжээд тохиролцооны үнийн дэлгүүр болчихсон байж байгаад эргээд хүнсний дэлгүүр болсон байна лээ. Уг нь тухайн үедээ нийтийн цагаан байр хашаагүй их л эмх цэгцтэй байсан боловч бас хувьд шилжсэний дараа айл болгон хашаа хатгаад замбараагаа алдчихсан. Газар нь нийслэлийн өмч, дээр нь байгаа байшингууд хувийн өмч болохоор асуудал нэг талдаа гарч шийдэгдээгүй өнөөг хүрчихсэн юм билээ.

Дэнжийн-1000-аас дандаа л атаман, хулигаан төрөөд байсан уу гэвэл бас ч үгүй л дээ. Лав нэг мисс мянгын гэр хорооллоос төрөн гарсан. Нэр нь орж ирдэггүй. Яг тэрхэн үедээ мянгынхан их л бахархалтай, амтай болгон шахуу ярьж байсан юмдаг. Төрж өссөн газраас нь ямар нэгэн алдартан, олны танил төрвөл түүгээрээ бахархдаг монгол зангаар бүгд магтаж ярьж байв. Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба, залуусыг хип хоп урсгалаар байлдан дагуулж байсан “Татар” хамтлаг гээд тэр дэнжээс олны танил болсон одууд байна. “Татар” хамтлагийнхан одоо ч гэсэн үе үе мянгаар явж байгаа харагддаг. Тэнд тэдний багын найз нөхөд нь одоо ч гэсэн байгаа хэрэг л дээ. “Татар” хамтлаг бол яах аргагүй хип хопын нэгэн үеийн том төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Яахав, өөр бас бус жижиг сажиг хамтлагууд ч хэд хэд гарсан боловч гудамжнаасаа хэтрээгүй шахуу. Гудамжиндаа л жаал саасалзаж, тэр хавьдаа од болсон биз.

Дэнжийн 1000 гэхээр яалтгүй эргээд хүүхэд насны дурсамж руугаа орох хэрэг гарна. Хөвгүүд хавартаа хөлбөмбөг тоглож, зундаа бөглөөдөж, мөнгө цохино. Мөнгөдөх их зугаатай тоглоом байсан юм. Харин мөнгөө “хомбуулчихвал” барайгаад л явчихна. “Хомбуулна” гэдэг нь мөнгөө алдаж байна гэсэн үг л дээ. Мөнгө цохидог “моогуур, доогуур” нэртэй төрөл бүрийн материалтай. Энд чулуу, төмөр, орон сууцны айлын нойлын өрөөнөөс “хуссан” бөөрөнхий хар бариул гэх мэт орно. За тэгээд мөнгө их хомбосон үедээ 60 мөнгөний печень, шагшуур авч иднэ. Тэрийгээ даруулах “улаан усаа” мартахгүй заавал авна. Нээрээ тэр үед орон сууцны айлуудын нойлын өрөөний суултуурын ус татдаг хар бариул тэсдэггүй байсан байх аа. Үеийн хөвгүүдтэй хөнгөн цагаанаар буу хийж их тоглодогсон. Хөвгүүд орос бахиал л чирнэ. Урагдаж өгөхгүй их зовоодогсон. Харин өсгий нь элэгдээд цаанаас нь дөрвөлжин нүх гараад ирнэ. Тэрэнд нь чулуу шаачихвал тахтай бахиал өмссөн догь залуу болно оо гэсэн үг. Чулуу засмал зам дээр хавираад таг таг гээд алхахад урамтай. Өдөр хоног иймэрхүү байдалтай явж байтал гэнэт Тасганы овоон дээр чулуун байлдаан болно гэсэн яриа ам дамжина даа. Энэ нь нэг ёсондоо цэргийн зарлан дуудахтай адил. Хэдэн гудмаараа нийлж аваад л “эх орныхоо төлөө” чулуун байлдаанд “татагдана”. Заримдаа сэргийлэх хүртэл ирж чулуун байлдааныг зогсоож байсан байх шүү. Зуны цаг нэг иймэрхүү л өнгөрдөг байлаа. Хожим видео кино газар авч, хорооны улаан буланд кино гардаг болж цагийг зугаатайхан өнгөрөөх бас нэг зүйл нэмэгдсэн юмдаг. Нэг төгрөг, эсвэл нэг архины шилээр кино үзнэ. Тэр үедээ хит болж байсан жүжигчид Ван Дамм, Шварцнеггер, Брьюс Ли, Жаки Чан. Хүүхдүүд хоорондоо эдгээр жүжигчдийн зурагтай плакатыг наймаалцана. Бартер маягаар ихэнх наймаа болдог байсан юм. Харин нэлээд хойно “Нарны титэм”-ийн байранд “Гал-2” гэдэг видео киног өргөн дэлгэцээр үзүүлдэг жижигхэн театр нээгдэж тэр хавийнхны соёлын хэрэгцээг хангадаг аятайхан газартай болсон доо.

Тэр жил Дэнжийн-1000 хавийн зам их засварт орж троллейбусны VII чиглэлийн шугам тавигдсан юм. Тасганы овоог сэтэлж зам тавьсан нь одоо мөн ч их ачааллыг нугалдаг зам болсон л доо. Тэр үед Оросын Лиаз гэдэг автобус л үйлчилдэг байсан бол тэнгэрээс уяатай арай өөр төрлийн унаа бий болсон нь хүүхэд бидэнд их таатай сайхан байлаа. Мянгын гэр хорооллын урдхан байх “Ногоон нуур” гэж хөлгүй ус одоо ч гэсэн бий. Уг нь Дэнжийн мянгыг газарт оруулаад тэр хавийг битүү орон сууцжуулах хотын төлөвлөгөө байсан юм байна лээ. Тэгээд тэр хавьдаа иргэдийн амралт зугаалганд зориулсан нуур устай, цэцэрлэгт хүрээлэн барих байсан боловч хиймэл нуурынхаа хөрсийг буруу дэвссэнээс болж хөлгүй устай болчихсон гэж хүмүүс хэлэлцдэг байсан юм. Ногоон нуур харин өвөлдөө тун аятайхан мөсөн гулгуурын талбай болж ойр хавийн гэр хороолол төдийгүй орон сууцныхан хүртэл ирж гулгадаг болсон билээ. Хэрэв тэр үед Дэнжийн-1000 хавийг тэр чигээр нь орон сууц болгож дөнгөсөн бол өнөөдөр нүүрлээд байгаа хотын их утаа бага боловч нимгэн байх байсан биз. Ямартай ч Дэнжийн-1000-ыг орон сууц болгох төлөвлөгөө тэгсгээд бүтэлгүйтсэн байх. Уг нь Тасганы овоон дээр өндөр хүчдэлийн хоёр том дэд станц барьсан боловч нэг нь тухайн үед дэлбэрч сүйд болсон юмдаг. Бас мянгын гэр хороолол руу чиглэсэн цэвэр усны шугам ч татсан байх. Газар шорооны ажил хийж байсан эксковатор нэг тийм хоолойг зад татаад баахан ус олгойдож, харин далиманд нь мянга хавийн хүүхдүүд нэг хэсэгтээ ярих юмтай болж байсан нь мартагддаггүй юм. Одоо санахад тэр ус мөн айхтар өндөр олгойдож байсансан. Ер нь тэгээд үеийн хөвгүүд бас ч гэж жаахан нас нэмээд үеийн охидоо сонирхож шохоорхдог болоод ирж байгаа юм. Нэг муухан дугуй энд тэндээс цуглуулсан сэлбэгээр угсраад уначихна. Тэр үед хийгдэж байсан “Хөвч” шампунийн хайрцганд ус хийгээд барьчихна. Тэгээд л тэр хавиараа жаал давхиж, охид руу ус цацна даа. Хөөрхий, охинтой танилцах арга эвээ олохгүй, аминдаа танилцах гэж өдөж байгаа царай нь. Ямар одоогийнх шиг гар утас, интернэт байх биш. Оролдлого болгон бүтэлгүйтлээр төгсдөг байсан юмдаг. Ямар л охин ус цацуулаад танилцаа аж дээ.

Одоогийн Дэнжийн-1000, тэр үеийн Дэнжийн-1000 хоёр цаг хугацааны явцад тэс өөр болсон ч гэсэн яалтгүй өссөн, төрсөн юм болохоор сэтгэлд их ойр шүү. Хааяахан зундаа хөдөө гадаа явчихаад хэд хонох хооронд тоглодог хэдэн гудамжаа, хамт бөмбөг хөөдөг хэдэн найзуудаа мөн их санадаг байж билээ. Хүүхэд насны хамаг л хөөртэй, хөгжөөнтэй, дүрсгүйтэж байсан бүх л дурсамж тэнд үлдсэн хойно. Одоо ч гэсэн тэнд байгаа багын найзууд, атамандуулж бөглөөнөөс эхлээд жижиг сажиг өмчөө булаалгаж байсан овгорууд, ус зөөдөг байсан худаг, гулгаж өссөн гудамжууд очих бүрийд өнгөрснийг сануулдаг. Миний өсөж төрсөн, бага, өсвөр насаа өнгөрөөсөн Дэнжийн-1000 гэдэг газар айхтар алдар хүндтэн олонтой, мундаг алдар суутай газар биш ч гэлээ хаана ч очсон дурсамжинд байнга байдаг төрсөн нутаг орон минь билээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Батжаргал: Импортын барааг агаараар тээвэрлэх боломжийг төр дэмжвэл шийдэлд хүрч чадна DNN.mn

Инженер нисгэгч, доктор (Pn.D) Т.Батжаргалтай ярилцлаа.


Ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримтална гэж салбарын сайд мэдээлсэн. Хамгийн алдагдалтай ажилладаг энэ салбарт улсаас татаас өгөх тухай ч хөндсөн. Энэ шийдвэрийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Аль ч улсын эдийн засагт хамгийн үр дүнтэй шууд орлого ордог, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг салбар бол аялал жуулчлал. Мэдээжийн хэрэг Монголд зочлоход агаарын тээврийн олон улсын болон орон нутгийн нислэг үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал. Гэвч манайд зорчигч тээврийн агаарын хөлгийн хүрэлцээ муу, нислэгийн давтамж бага, тийзний үнэ өндөр, олддоггүй гэх зэргээр аялал жуулчлал хөгжүүлэхэд саад болж байна гэж шүүмжилдэг. Аялал жуулчлалын салбар өөрсдөө одооноос бэлтгэлээ

базааж жуулчдаа татах ажлыг эхлүүлж, ирэх зун хэдэн орноос хэдэн жуулчин Монголыг зорьж ирнэ гэдэг судалгаа, захиалгаа гаргах хэрэгтэй.

Агаарын тээвэрт улсаас татаас олгох асуудал хөндөгдөж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ хаана, хэнд татаас өгөхийг сайтар бодож судалж, оновчтой шийдэхгүй бол ямар ч үр дүнгүй болчих вий гэхээс санаа зовж байна. Одоо цагт орон нутгийн нислэг дангаар гүйцэтгэдэг хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгээ хэвийн явуулж чадахгүй улам бүр хумьж байж олон улсын чиглэлд нислэг хийх гээд зүтгээд байгааг шүүмжилмээр байна. Тэдэнд төрөөс татаас өгөөгүй биш өгсөөр ирсэн. Түүгээр зогсохгүй ИНЕГ-т төлөх ёстой хуримтлагдсан өр ширийг нь удаа дараа тэглэж, мөн хүмүүсийнх нь сургалтын төлбөр олон арван сая төгрөгийн зардлыг хүртэл дааж байсан. Гэтэл тэд нислэгийн чиглэл давтамжаа нэмдэггүй, тийзний үнэ тарифаа хямдруулдаггүй. Жирийн иргэд орон нутагт агаарын хөлгөөр зорчих зардлаа дийлэхгүй газраар авто тээврийг сонгох болсон. Манайд орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэг үйлчилгээ хувийн хэвшилд шилжээд өнөөдрийн байдлаа хөгжсөнгүй уналтад орчихсон, тэдэнд зүгээр татаас өгөөд түр зуурын л аргацаасан улс оронд өгөөжгүй ажил болно.

-Орон нутгийн нислэгийн тийз дэндүү өндөр үнэтэй байна. Агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. Салбарын сайдын хувьд 50 хувь бууруулах боломжтой гэсэн. Ер нь дотоодын нислэгийн үнэ тарифыг өөр ямар арга замаар, хэрхэн яаж бууруулах вэ?

-Манай салбарын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажил авсан даруйдаа нисэх онгоцны шатахууны үнийг бууруулах, орон нутгийн нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, тийзийн үнэ тарифыг бууруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн.

Манай улсад нисэх онгоцны шатахуун ТС-1 керосинийг “Мэрэг ван” ХХК, “Сод монгол” ХХК, “Монголин авиашин Фүүл” буюу хуучин “А жет” ХХК, “Эрчис ойл” ТӨХХК гээд компаниуд ОХУ-аас импортоор оруулж ирж нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нисэх онгоцны нэг тонн шатахууны үнэ дунджаар 5.6 сая төгрөг болсон. УИХ-ын Байнгын хороон дээр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа гэсэн. Манай улсад дэлхийн жишиг үнээр шатахуун авах асуудал олон жил яригдаж байгаа юм. Одоо Оросын талтай тогтсон үнээр тогтмол авч байх гэрээ байгуулбал нислэгийн зардлыг бууруулж ялангуяа тийзний үнэ тодорхой хувиар буурах болов уу гэж бодож байна.

Олон зүйлийн шалтгаанаас болоод орон нутгийн нислэг сүүлийн 30 жилийн турш уналтаас гарч чадахгүй байна. Ер нь агаарын тээврийн бизнес төдийлөн ашигтай бизнес биш. Тэр тусмаа Монгол шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, зорчигч эргэлт бага, иргэдийн амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадвар сул ийм нөхцөлд агаарын тээврийн бизнес ашиггүй. Шулуухан хэлэхэд, орон нутгийн нислэг үйлчилгээ эрхэлж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид хэт өндөр үнэтэй тийз борлуулж нэг ёсондоо ард түмнээ шулж ашиг олж байна. Учир нь орон нутгийн нислэгийн тийзийн үнэ тарифыг хувийн агаарын тээвэрлэгчид өөрсдийн дураар тогтоодог төрөөс ямар ч хяналт тавьж чаддаггүй. Харин авто тээврээр хот хооронд зорчих тийзийн үнийн дээд жишиг тарифыг төрөөс тогтоож өгч байгаа нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн байдаг. Монголд өнөөдөр дотоодын нислэгийн тийзийн үнэ тухайн чиглэлд зорчих авто тээврийн үнэ тарифаас 4-9 дахин өндөр үнэтэй байна. Орон нутгийн нислэг үйлчилгээг зах зээлийн жамаар нь хөгжүүлнэ гээд хувийн хэвшилд өгсөн нь Монголын онцлогт энэ цаг үед тохирохгүй юм байна. Хувийн хэвшил ашгийн хойноос хэт улайрч ард түмнийхээ эрх ашгийг хохироож байна. Жишээ нь баруун, зүүн аймгуудын алслагдсан цэгт агаарын тээврийг сонгохоос өөр аргагүй болсон хэвтрийн зорчигч гэгддэг дамнуурга дээр авч ирдэг хүнд өвчтөн онгоцоор явахаа больсон. Учир нь хэвтрийн нэг зорчигч тээвэрлэхэд 8-10 зорчигчийн суудлын үнэ төлөхийг шаарддаг зэрэг ийм хахир хатуу үйлчилгээ байж болохгүй. Үүнийг манай төр анхаарах хэрэгтэй. Агаарын тээврийн зах зээлд ганц, ганц онгоцтой олон жижиг компаниуд гаргасан нь муу үр дүнтэй байна. Эд нарыг нэгтгэх хэрэгтэй, эсвэл МИАТ-ийг олон улс, орон нутгийн нислэгт үйлчилгээг хамтад нь эрхлүүлж бүр томруулж зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг сэргээх хэрэгтэй байна. Манай нөхцөлд орон нутгийн нислэгийн чиглэл давтамжийг олноор нэмэгдүүлж тийзний үнэ тарифыг одоогийнхоос 50 хувь бууруулах нэг л боломж байна. Би энэ талаар олон жил судалж эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээ шинэ сайддаа өргөн барьсан байгаа.

-Цар тахал, Орос Украины дайны байдал дэлхий дахинд том дохио өглөө. Ялангуяа далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог манай улсад хамгийн хүнд тусав. Хөршүүд газрын хилээ хааж, ачаа бараа гацаж, эдийн засаг түгжигдсэн. Нэгэнт газраар тээвэр хийгээд бүтэхгүй гэдгийг тод харууллаа. Тэгэхээр гадаад худалдаагаа агаарын тээврээр явуулдаг болох боломжтой юу?

-Далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээвэр маш чухал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болсон. Тэгэхээр нэн хэрэгцээтэй импортын бараа бүтээгдэхүүнийг агаарын тээврээр авах шаардлага их байгааг төр дэмжээд, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож байж шийдэлд хүрнэ.

-Нисэхийн салбараа хөгжүүлж, ачаа, барааг агаарын тээврээр зөөдөг болоход төрөөс ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

-Хөгжүүлэх боломжтой үйлчилгээний нэг нь энэ бөгөөд төр бодлогоор дэмжих ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийн энэ зорилтот бодлогыг ажил болгох хэрэгтэй. Тэгэхээр хадгалалтын хугацаа богинотой, амархан гэмтдэг ачаа барааг шууд агаараар цаг хугацааны хувьд алдагдалгүй тээвэрлэдэг ачааны зориулалттай 2-3 ширхэг том онгоцтой болох хэрэгтэй байна. Дэлхийн агаарын ачаа тээврийн сүлжээнд нэгдэж орох ёстой. Одоо АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Герман, Турк улсаас агаараар ачаа бараа тээвэрлүүлэх хүсэлт, эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ тал дээр мэргэжлийн байгууллага нь тооцоо, судалгаа хийж үзэх хэрэгтэй.

-Ингэхэд агаарын тээврээ хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгамддаг юм бэ?

-Хамгийн нэгдүгээрт эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний нисэхийн тухай хууль бол сайн хууль. Энэ хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг долоон жилийн өмнөөс томилогдсон боловч чадах чадахгүй хүмүүс оролцоод гологдол хийгээд удааж байгаа. Хуучирсан гээд буй энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх замаар хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. Иргэний нисэхийн талаар “Төрөөс барих бодлогын бичиг баримт”-ын хугацаа нь дуусчихсан байна. Нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих багц дүрмүүдээ шинэчлэх хэрэгтэй болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын бүтцийг төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд л ИНЕГ дээр нэмээд Иргэний нисэхийн үндэсний төв хэмээх хуулинд байхгүй нүсэр том аппарат бий болгоод удирдлагын давхардал, илүү зардал үүсгэж байна. Үүнийг Төрийн хэмнэлтийн хуулинд нийцүүлж засч залруулах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд төр Иргэний нисэхийн тухай хууль руугаа анхаарах, ажлын хэсгээ оновчтой томилж ажиллуулах ёстой. Эрх зүйн зөв орчинг бий болгох, хуулиар дамжуулж төрийн бодлогыг гаргаж ирэх систем алдагдсан. Хамгийн том саад бол Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ЗТХЯ нь төрийн бодлогоо явуулж чадахгүй болсон. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх зургаан жилийн хугацаанд салбарын сайд нь долоон удаа солигдлоо. Ингэснээр тус яаман дээр зөв бодлого гаргахад хэдэн арван жил хийсэн хашир туршлагатай мэргэжлийн хүн байхгүй, ой санамжгүй болгосон.

Дарханы замын дампуурал, төмөр замын осол аваар, нийслэл хотын авто замын түгжрэл, Иргэний нисэхий аюулгүй байдал алдарсан, албан тушаалтнууд нь гэмт хэрэгт холбогдох зэргээр мэргэжлийн чадамжгүй болж салбар дампуурсан гэж болно. Уг нь 2006-2012 онд Иргэний нисэхйн салбарыг удирдаж байсан доктор С.Батмөнхийн үед асар их ахиц дэвшил гарч эрчимтэй хөгжлийн зам дээрээ гаргахад түүний мэргэжлийн удирдлагын чадал чансаа шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг дурдах ёстой. Харамсалтай нь улс төр Иргэний нисэхийн мэргэжлийн салбарыг мөрөөр нь хөгжүүлэхгүй маш их саад болж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК–ийг үе үеийн улстөрчид маш их үймүүлдэг. Чадварлаг мэргэжлийн удирдлага гаргаж ирэхгүй танил талын карманы, мэргэжлийн бус зальтай хүмүүсийг тус компанийн удирдлагад тавьж үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нь алдагдуулдаг. Мэргэжлийн бус хүмүүс удирдлагад нь ирэхээрээ чадварлаг боловсон хүчнүүдийг нь халж сольж, хавчин гадуурхаж ажил унагана, аюулгүй байдлыг нь алдагдуулж дураар авирлах нь цадигаа алдсан. Одоо үүнийг болиулах хэрэгтэй. Туршлагатай, мэдлэгтэй, сэтгэл зүтгэлтэй, мэргэжлийн удирдлагыг шилж сонгон шалгаруулж компанийг удирдуулах шаардлагатай. Энэ бүх бэрхшээл, тулгамдсан асуудлууд шинээр томилогдсон С.Бямбацогт сайдын өмнө тулгарч байна.

-Хуучин цагт орон нутгийн агаарын тээвэр сүрхий явж байсан. Тэрийгээ сэргээх боломж байна уу?

-1960-1990 онд манай ахмад үеийнхэн агаарын тээврийг гайхалтай хөгжүүлж ард түмэндээ үйлчилж, улс орноо хөгжил дэвшилд хүргэсэн бахдам амжилт гаргасан. Тэр цагт нийслэл хотод 500 мянган хүн амьдарч орон нутагт 1.5 сая иргэн оршин сууж байсан. Улсын нийслэлээс Сэлэнгэ, Дорноговиос бусад 16 аймаг руу хот хоорондын зорчигч тээврийн тогтмол нислэг өдөр бүр үйлддэг байв. Тухайн үед зорчигч тээврийн 75 хувь нь агаарын тээврээр явдаг байсан. Мөн Сэлэнгээс бусад 17 аймгийн 300 орчим сумдыг аймгийн төвтэй нь холбосон шуудан тээврийг тогтмол нислэг долоо хоногт хоёр удаа үйлдэж 1989 он гэхэд агаарын тээврээр 800 мянган хүн тээвэрлэсэн үзүүлэлт байдаг. МИАТ жилд 22 мянган цагийн нислэг үйлддэг байсан. Үүний зэрэгцээ ой хээрийн түймэр, хадлан бэлчээрийн талбай, ойн сан, газар тариалангийн ургацыг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалахад нисэх онгоцыг өргөнөөр ашиглаж байсан юм. Дээрх ажил үйлчилгээг одоо цагт сэргээх бүрэн боломж байна. Энэ бол цоо шинэ зүйл биш, өмнө нь манай ахмад үеийнхний амжилттай хийж байсан ажил үйлчилгээг өнөө үед сэргээн хийх боломж нөхцөл байсаар байгаа. Орчин үед орон нутгийн авто зам сайжирсан, авто хөсөг олон болсон хэдий ч иргэд тав тухтай, түргэн шуурхай, цаг хугацаа хэмнэсэн агаарын тээврийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна. Одоо нийслэл хотод 1.7 сая, хөдөө орон нутагт 1.5 сая иргэн амьдарч байна. Хот хооронд агаарын тээврээр зорчих эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Төрийн үйлчилгээ хямд, хүртээмжтэй байх ёстой. Орон нутгийн нислэгт тохирох агаарын хөлгийг сонгож оновчой парк ашиглалт бий болгох, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлж, давтамжийг нь ихэсгэх, зорчигчийн тийзийн үнэ тарифыг хямдруулах ядаж авто тээврийн тарифтай ойролцоо жишгээр тогтоох шаардлагатай. Ингэж чадвал иргэд цаг хугацааны үнэ цэнийг эдэлнэ. Орон нутгийн авто зам дээр гардаг осол эндэгдэл эрс буурна. Хот хөдөөгийн ялгааг арилгахад дөхөм болоод зогсохгүй, нийслэл хотын төвлөрлийг бууруулахад нөлөөлнө, хөдөөд хөгжил дэвшил хийгдэж аялал жуулчлалын хөгжилд бодитой дэмжлэг болно доо.

-Сүүлийн үед агаарын тээврийн салбар дахь дэлхий нийтийн чиг хандлага ямар болж байна вэ?

-Дэлхийн агаарын тээврийн чиг хандлагыг олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаас тодорхойлж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах бодлогыг баримталдаг. Ковидоос болж олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа уналтад орсон. Үргэлжлээд Орос, Украины дайн нөлөөлөөд эхэлсэн нь агаарын тээврийн чиг хандлагыг тодорхойлоход хэцүү болсон. Дэлхий нийт 2025 он гэхэд 2018 оны агаарын тээврийн хүрсэн түвшиндээ очно гэсэн төлөв яригдаж байгаа. Короно бас их юм сургаж заавал биеэр очиж оролцож хийдэг ажлуудыг зайнаас хийдэг болгосон. Жишээлбэл, олон улсын хурал, семинар, сургалтууд зайнаас явагддаг болсноор агаарын тээврийн зорчигч урсгалд нөлөөлж байна. Ер нь дэлхийн агаарын тээврийн өсөлт жилд 4-6 хувь байдаг. Эрчимтэй өсөлт нь долоон хувь. Хамгийн эрчимтэй өсөлт Хятад болон Арабын орнуудад 10 хувь байдаг. Агаарын тээврийн өсөлт нь тухайн улсынхаа эдийн засгийн өсөлттэй ойролцоо байна. Зорчигч, аялал жуулчлалын талаар тавьж байсан зорилт тодорхойгүй л дээ. Зорчигч тээврийн дуунаас хурдан агаарын хөлөг бүтээх, ашиглах тухай их ярьдаг болсон. Мөн хэд хэдэн улсад нисгэгчгүй агаарын хөлөг, агаарын такси хийгдэж туршигдаад эхэлсэн. Дэлхийн улсуудад түгээмэл ашиглагддаг ерөнхий зориулалтын нисэхийн ололт амжилтыг манай улс авч ашиглаж дотооддоо хөгжүүлэх цаг болсон.

-Шинэ нисэх буудалтай болсон. Гэвч талбайн хувьд Буянт-Ухаагаас дээрдэх юмгүй. Өргөтгөх боломжтой юм уу?

-Шинэ нисэх буудлыг түшиглэн тээвэр ложистикийн төв байгуулна гэж байгаа. Төмөр зам, олон улсын хурдны автозам үүгээр дайрч өнгөрнө. Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын гол үзүүлэлт нь агаарын хөлгийн буулт суултын хоёр талын оролттой байгаад юм. Цаашид өргөтгөх боломжтой. Перрон талбайн хувьд одоогийн Буянт-Ухаа нисэх буудлаас томгүй 107.000 мет.кв байдаг. Шинэ нисэх буудлыг эхэндээ өөдрөгөөр харж байсан. Гэтэл 10 жилийн өмнө 247 сая ам.долларын зээлээр хийхээр зураг төсөв нь гарч байсан. Гэтэл тооцоолшгүй ихээр төсөв нь өсч 750 сая ам.доллар болж хугацаа нь таван жилээр хэтэрч ашиглалтад орсон. Миний харж байгаагаар ерөнхий зориулалтын нисэх болон орон нутгийн нислэгийг хуучин Буянт-Ухаа нисэх буудалдаа буцаан үйлдүүлэх нь оновчтой гэж хардаг.

-Агаарын тээврйн либералчлалын асуудал байнга яригддаг. Төрөөс ямар зохицуулалт хийвэл биеллээ олох бол?

-Либералчлал гэдэг нээлттэй, чөлөөтэй, мөн уян хатан байх бодлого. Одоо ч нээлттэй байгаа. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангуулах нь чухал. Үндэсний агаарын тээвэрлэгчийг янз бүрийн байдлаар боомилсон, эрх ашгийг нь хохироосон байж болохгүй. Аль ч улсын төрийн гадаад бодлогод үндэснийхээ агаарын тээвэрлэгчийнхээ эрх ашгийг хатуу хамгаалж байдаг. Гэтэл манайд юм л бол МИАТ рүү дайрч давшилж, МИАТ л болохгүй, бүтэхгүй, МИАТ л үнэтэй гээд давшлаад байдаг. Гэтэл Монгол руу нислэг үйлдэж байгаа энэ олон компаниудаас ганцхан МИАТ л олон төрлийн тийзийн хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал өндөр настны, эмчилгээнд явж байгаа өвчтөнд, оюутны, гэр бүлийн, салбарын ажилчдад, мөн тэмцээн уралдаанд оролцох тамирчид, урлагийнханд үзүүлдэг биз дээ.

Үнэндээ МИАТ-ийн удирдлагад буруу томилгоогоор санамсаргүй гарч ирсэн хүмүүс л ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртүүлээд байдаг. Тийм удирдлагууд компанийнхаа эрх ашгийг нь хохироогоод байхад хамгаалах арга хэмжээ авч чадахгүй мэрүүлээд байдаг. Монгол Улсад өнөөгийн нөхцөлд олон улс, орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээг нэг л том компани хийх нь оновчтой үр дүнтэй байх болов уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.10.29, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.29, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 07.32-17.40
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Эг ,Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олгов DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна.

Тус шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг Эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж “Нэг худалдан авагчийн тогтолцоо”-нд шилжээд байна.

Тэгвэл Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг /УХТЭ/, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг /УГТЭ/, Хавдар судлалын Үндэсний төвийн /ХСҮТ/ удирдлагууд мэдээллээ.

Тухайлбал, УНТЭ энэ онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд 30 сая хүртэлх төгрөг олгосон талаар УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал “2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон. Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орж байгаа.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь тоног төхөөрөмж, багаж зэрэг эвдэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн яам болон бусад газар руу мэдэгдэж, засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид засвар үйлчилгээгээ түргэн шуурхай хийгээд явж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт залилах гэмт хэрэг 38.8 хувиар өсчээ DNN.mn

Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээн дэх эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг 2022 оны эхний 9 сарын байдлаар судалж, дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Тус аймагт гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.5 хувиар өссөн бөгөөд нийт гэмт хэргийн 66.5 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Мөн зарим төрлийн буюу Хулгайлах, Залилах гэмт хэрэг багагүй хувиар өссөн тул урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа талаар дээрх хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Тодруулбал, хамгийн их буюу 38.8 хувиар өссөн Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний статистикийн хороо, БНСУ-ын статистикийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Дарга Гомбожавын Занданшатарын БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Үндэсний Cтатистикийн Хороо болон БНСУ-ын Статистикийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар гарын үсэг зурав.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын статистикийн байгууллагууд харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр талууд хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны МОНСИС системийг 2012 онд нэвтрүүлсэн нь чухал үр дүнтэй ажил болсныг цохон тэмдэглэв.
Цаашид нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар Монгол Улсад хэрэгжих “Төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах” төсөлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн нээлтээ хийлээ DNN.mn

23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн албан ёсны түншээр Булган аймаг, дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран ажиллаж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын түншлэл, харилцаа холбоог өргөжүүлэх, зочлох үйлчилгээний чанар, маркетинг, чадавхыг бэхжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан салбарын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахад гол зорилго нь оршиж байна.

“ITM-2022” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Ковид цар тахлын дараах амаргүй цаг үед эдийн засгаа богино хугацаанд сэргээх чиглэлд дэлхийн улс орон бүр шинэ стратеги, бодлогоор аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарч байгааг дурдаад, ирэх 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, шат дараатай ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдөр тус хороо анхдугаар хурлаа хийж, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцсан.
Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долоодугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн юм.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистик, агаарын тээврийг либералчлах нь чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнээс гадна Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн төлөвлөлттэй болох, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг онцолсон юм.
“ITM 2022” аялал жуулчлалын түнш аймгаар ажилласан Булган аймаг зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн шилжин явах тугаа Хөвсгөл аймагт шилжүүлэн өгснөөр “Далай ээж”-ийн өлгий нутаг Хөвсгөл аймаг 2023 онд орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад аймгуудаа манлайлан ажиллахаар боллоо.
Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн 10 дугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг зохицуулагч-2022” тэмцээний аваргууд тодорлоо DNN.mn

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажлын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавх, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвх чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилгоор зохион байгуулсан “Шилдэг зохицуулагч-2022” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

“Шилдэг зохицуулагч-2022” тэмцээний “Тэргүүн байр”-т Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн баг, багийн ахлагч цагдаагийн дэслэгч Э.Энхманлай, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн баг, багийн ахлагч цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнгөншагай, “Гутгаар байр”-т Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг, багийн ахлагч цагдаагийн ахлах дэслэгч С.Мягмаржав, “Шилдэг зохицуулагч”-аар Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даштогтох, “Шилдэг цагдаа зохицуулагч”-аар Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Пүрэвдалай нар тус тус шалгарав.