Categories
мэдээ нийгэм

Ж.Батзанданг 1 сарын хугацаатай цагдан хорихоор болжээ DNN.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн Пүрэв гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр Авлигатай Тэмцэх газраас баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзанданг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн шөнө түүний ах, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан юм.

Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 119 жолооч согтуугаар жолоо барьж, 109 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1799 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1487, хулгайтай холбоотой 15, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 119, хүний биед халдсан 85, эрүүлжүүлэх байранд хоносон 109 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ DNN.mn

Д.Зургаанжин: “Сант” сургууль “Бүрэн цутгамал” ХХК-ийг хохироогоогүй

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цаг цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болсон ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан тул хурал болоогүй байна.

Иймээс түүнд холбогдох таслан сэргийлэх хурал удахгүй болох аж. Хэргийг тодруулбал, Дарханы замын тендертэй холбоотой бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж буй юм. Харин түүний дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Хэргийг эргэн сануулбал, Ж.Батзандан УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа өөрийн туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкнаас зээлдэгч Капитал банкнаас зээл авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байна. Ингэхдээ тус банкнаас авсан 12.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Крымийн гүүр дэлбэрэх үеэр 3 хүний амь үрэгдсэнийг ОХУ мэдээлжээ DNN.mn

Бямба гаригийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан нь Кремлийн эрх баригчдын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-нд том цохилт болсон юм.

Ослыг шалгасан Оросын мөрдөн байцаах товчоо өчигдөр орой эхний дүгнэлтээ танилцуулжээ.

Урьдчилсан дүгнэлтээр ачааны автомашин дэлбэрснээс гүүрэн дээр гал гарсан ба энэ үеэр гурван хүний амь үрэгдсэн гэнэ. Ачааны автомашины жолооч хэн байсныг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь дэлбэрсэн ачааны автомашины ойролцоо суудлын автомашинтай зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юм байна. Тэдний цогцсыг уснаас гаргаад таниулах ажлыг зохион байгуулжээ.

Харин гурав дахь хохирогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

Крымийн гүүр нь хоёр урсгалтай авто замтайгаас гадна давхар төмөр замтай байдаг. Үүнээс төмөр зам болон авто замын нэг урсгал нурж, эвдэрсэн байна.

Москвагийн цагаар 16:00 цагт автомашины бүтэн үлдсэн нэг урсгалыг нээжээ. Гэхдээ хүнд даацын автомашин нэвтрэхийг хориглож, тэдгээрийг усан онгоцоор тээвэрлэхээр болсон байна.

Мөрдөн байцаах товчооныхон ачааны автомашинд бөмбөг тавьж дэлбэлсэн гэж дүгнэжээ.

Гэхдээ хэн халдлага үйлдсэнийг шууд нэрлээгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний 70 насны төрсөн өдрийн маргааш Крымийн гүүр дэлбэрсэн юм.

Оросын цэрэг одоо Азовын тэнгисийн эрэг дагуу Крымийг ОХУ-ын эх газартай холбосон хуурай зам нээгээд байгаа. Гэхдээ Украины армийн сөрөг довтолгоо уг коридорыг эрсдэлтэй зам болгож байна.

Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов “Нийт иргэдэд тайван байж, худал хуурмаг мэдээ тараахгүй байхыг уриалж байна. Нөхцөл байдал хяналтад байгаа. Мэргэжилтнүүд ослын газар дээр ажиллаж байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын эрчим хүчний яам Крымийн хойг түлш шатахууны 15 хоногийн нөөцтэй байгаа ба нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Крымийн хойгийг 2014 онд хууль бусаар өөртөө нэгтгэсний дараа ОХУ-ын эрх баригчид 2018 онд 19 км урт гүүрээр тус бүс нутгийг өөрийн эх газартай холбож байв.

Дайн эхэлсэн өдрөөс хойш уг гүүр Крым болон Украины өмнөд бүс нутаг дахь Оросын цэргийн хангамжийн гол зам болсон юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт 7 хувиар нэмэгдэв DNN.mn

Зэсийн баяжмал | News.MN

Манай улс оны эхнээс 1,112.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар нэмэгдэв. Харин төмрийн хүдэр баяжмалын тухайд оны эхнээс 3,449.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хувиар багассан байна.

Есдүгээр сарын 30-аас энэ сарын 6-ны өдрүүдэд өдөрт дунджаар 744 автомашин, 839 чингэлэг тээвэр хийжээ. Тайлант хугацаанд 695.5 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдлээ. Оны эхнээс 19,502.7 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,902.9 мян.тн-оор буюу 55 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.

Төв банк оны эхнээс 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 15 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 108.3, зэсийн баяжмал 91.7, төмөр 68.2, алт 75, газрын тос 42.2, цайр 111.9, хайлуур жонш 37.6 хувь байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ Замын-Үүд дэх ачилт буулгалтын талбайгаа иргэдэд нээлттэй ашиглуулна DNN.mn

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114.432 м2 бүхий талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбогдуулан түрээсийн талбайгаа нийгэмлэгийн эзэмшилд буцаан авахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Тус талбай дахь нурмаг ачааны талбай ба 10, 15-р өндөрлөсөн замыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс гэрээг цуцалж, тус талбайг нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар бусад иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүд нурмаг ачаа ачиж буулгах зориулалттай тус талбайг ашиглах боломж нээлттэй болж буйг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Тойргуудад хуваадаг мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулна

“2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулсан. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэнэ. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

2023 оны нэгдсэн төсвийн төслийг харахад шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үнэндээ өмнө нь 76 хуваагдаж, аймаг, сумын соёлын төв, сургуулийн дээвэр, довжоохон зассан болж зарлагадаад дуусдаг төсөв анх удаа аахар шаахар зүйлүүд рүү бус улсын цөөн том бүтээн байгуулалт руу л зарцуулагдах, Хөгжлийн төсөв болж гэжэдийн засагчид үнэлж байна.

“Төсөв үрэлгэн боллоо, төсвийн алдагдал их байна” гэсэн шүүмжлэл жилийн жилд гардаг. Олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл “2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм” хэмээн Сангийн сайд тодотгож байсан.

Ирэх жилийн төсвийн хуулиар төрийн байгууллагууд тэр дундаа аймаг, сумдад нэмэлт орлого олох, захиран зарцуулах боломжийг олгохыг зорьж байгаа аж. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийгдэнэ. Эдийн засгийг тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээнд төсвийн реформ, орлогын реформ, зарлагын реформ багтаж байгаа аж.

2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцжээ. Өмнөх жилээс 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн бариад байгаа юм.

Д.Гэрэл

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард гадаадын 1018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ DNN.mn

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт, түр ирэгчийн хугацаа сунгах  хүсэлтүүдийг цахимаар хүлээн авна

2022 оны есдүгээр сард гадаадын 2,180 иргэнд визийн зөвшөөрөл, 623 иргэнд виз, 29 улсын 529 иргэнд ГИХГ-аас цахим виз олгожээ.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1,018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 57.5 хувь, виз олголт 20.0 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 43.5 хувиар тус тус өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.2 хувиар буурсан байна.

Түүнчлэн нийт 1,162 аж ахуйн нэгж, байгууллагын 4,158 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэжээ.

Харин өнгөрсөн наймдугаар сард гадаадын 1,078 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгосон бол 782 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгаж байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй DNN.mn

Монголыг энэ олон тамирчид, дуучид, бөхчүүд, жүжигчид, хуурчид хөгжүүлэхгүй. Инженерүүд, физик, хими, одон орон гээд байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд хөгжүүлнэ. Бид оюуныг дээдэлсэн, шинжлэх ухааныг дээдэлсэн цагт хөгжил дэвшлийнхээ замд шуударна гэж “Өдрийн сонин” үргэлж бичдэг. Тэгтэл саяхан Сингапурын төрийн албыг олон жил удирдсан, Засгийн газрын бүх хариуцлагатай албыг нь хашиж ирсэн Лим Шион Гуан гэдэг хүний хэлсэн үг олон нийтийн сүлжээгээр тарлаа. Тэрээр “Унаж яваа үндэстний баатар нь төрийн хүн, ухаантнууд удирдагчид биш тамирчин, дуучин, жүжигчин болдог” гэж хэлсэн байна. Яг л бид бүхний барьдаг чиг шугам, бодлогыг гарцаагүйгээр хэлжээ. Сингапур бол банк санхүүгийн гол төв, орон сууцны төлөвлөлт, хот байгуулалт зэргээрээ олон улсын жишиг хот гэж яригддаг, Азид төдийгүй дэлхийд хөгжлөөрөө манлайлсан ийм орон.

Ийм орныг удирдаж ирсэн төрийн хариуцлагатай эрхэм олон улсын бололтой хурал зөвлөгөөний үеэр ингэж хэлжээ. Үнэхээр уруудан доройтож, мөхөж яваа үндэстний ардын баатар нь үндсэндээ бодлого гаргадаг хүн нь эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтэн буурал профессор академичид, оюуны оргилууд биш спорт, урлаг соёлынхон болдог гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсаар ирсэн. Дуучид, тамирчид, бөхчүүд, жүжигчид гэдэг бол бодлого гаргадаг, шуудхан хэлэхэд хөгжил авчирдаг хүмүүс биш. Тэд хувь хувийнхаа уран бүтээл, өөрсдийнхөө сонгосон зам мөрөөр хөдөлмөрлөн гаргасан амжилт ялалтаа зөвхөн өөрсдөө хүртэж амиа хоохойлдог ийм л хүмүүс.

Тэгэхээр Монгол Улс бодлого гаргадаггүй, баялаг бүтээдэггүй, улс орны хөгжилд ямар ч тус нэмэргүй гэж хэлж болохоор тийм хүмүүсээ шүтээд, бахархан дээдлээд, хамгийн гол нь тэдэнд төрийн жолоог атгуулсаар ирсэн нь харамсалтай. Өнөөдөр улс орны хэмжээнд хичнээн аймаг сумыг бөхчүүд, тамирчид удирдаж байгааг бид бүгд мэднэ. Архангай, Булган, Говь-Алтай, Өмнөговь гээд ихэнх аймгийн Засаг дарга нар бөхчүүд. Ямар сайндаа аймгуудын дарга нарын уулзалт Төрийн ордонд болоход “Энэ чинь одоо бөхчүүдийн цугларалт юм уу” гэсэн яриа гарч байсан. Ингэж Монголын төр толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж ирлээ. Бид жүдогийн дэлхийн аваргатай боллоо гээд хөөрцгөөж байна. Би энд хувь хүний амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Дэлхийд аваргална гэдэг мэдээж бахархал байлгүй яахав.

Гэхдээ өнөөдөр дэлхий юуг хүлээн авч, хүлээн зөвшөөрч байгааг бид ухаалгаар бодох ёстой. Яг үнэндээ Монголоос спортоор хичнээн ч дэлхийн аварга тодорно, хүн төрөлхтөн тэгтлээ тоохоо больсон. Спортын тухайн төрлийг сонирхдог тодорхой хүрээнийхэн л мэднэ байх. Дэлхий өнөөдөр оюун ухааныг шүтэж дээдэлж байгаа. Манай нэг эрдэмтэн одон орон, геофизик, хими, математикийн шинжлэх ухаанд ямар нэгэн эргэлт авчирлаа гэхэд дэлхий анхаарна. Сансрын шинжлэх ухаан, хиймэл оюун ухаанд, эс бөгөөс Нобелийн шагналтан тодорч байж дэлхийн цөм Монголыг сая анзаарна. Түүнээс нэг тамирчин, нэг бөх дэлхийн тэмцээнээс шагнал авчихаад Монголынхоо нэрийг дэлхийд мандууллаа гэдэг бол өрөөсгөл ойлголт болсон. Бид яалт ч үгүй дэлхийн хөгжлийг дагаж, супер гүрнүүдийн туулж ирсэн зам мөрөөр замнахаас өөр гарцгүй.

Хүн төрөлхтөн өнөөдөр ангараг гариг дээр амьдрал цогцлоож, сарыг эзэмших тухай ярьж байна. Гэтэл бид газар сайгүй шавар хөшөө босгосоор бөхөө шүтсээр, дуулж хуурдаж, наргиж наадаж, физик хими, шинжлэх ухаан хэрэггүй гэж мунхагласаар, мухар сүсгийн балчиг намагтаа живж шигдсээр байх уу. МУИС-ийн химийн ангийг өнөө жил хоёрхон оюутан төгссөн. Тэр тухай О.Болормаа доктор манай сонинд халаглан ярьсан. Химийн шинжлэх ухаан хүний амьдралд гол суурь дэвсгэр нь гэдгийг монголчууд мэдэхгүй байна гэж үү. Физикийн ангид элсэх оюутан олдохоо байлаа гэж мөн эрдэмтэн багш нар хэлдэг. Шинжлэх ухааны гол цөм болсон физик, химийн салбар ийнхүү хүнгүй болсон бол бөхийн сургууль, соёл урлаг хөгжмийн, мөн хууль эрх зүй, сэтгүүл зүй гээд нийгмийн чигийн сургуулиуд элсэгчдээ багтааж ядан дүүрч байна.

Энэ бүхэн бол манай улс мөхөхийн цондон.Уруудан доройтож яваа үндэстний шинж. Бөх болохоор, тамирчин болохоор, дуучин, хуурчин, жүжигчин, хошин шогчин болохоор хошуурцгааж байгаа мянга мянган хүүхдүүдэд буруу гэж байхгүй. Бөх болвол асар их хүндтэй болдог юм байна. Нэг жилийн наадамд түрүүлэх юм уу, өндөр цолонд хүрэхэд тэгээд л шууд тэрбумтан болчихно. Тамирчин болоод дэлхийгээс ганц медаль авахад төрөөс насныхаа хоолыг идчихнэ. Жүжигчин юм уу, дуучин, хошин урлагийн хүн болчихвол хүн бүхэн хүндэтгэсэн, маш их нэр хүндтэй, мөнгө ихтэй, баян амьдарч болох юм байна гэх ийм ойлголтыг хүүхэд бүрийн сэтгэхүйд Монголын нийгэм бүр системтэйгээр гэж хэлж болохоор суулгаж байна.

Дээрээс нь бид хүнээ ялгаж таньж сурах хэрэгтэй байна.Хэрүүлчээ ухаантай гэж үздэг тухай хуучны үг бий. Үнэхээр л хэрүүлчээ ухаантай мэт үзсэн, тэднийг даган дуурайсан ийм увайгүй, унхиагүй, хийж бүтээх биш хий дэмий шүлсээ үсчүүлсэн, ажил хийдэг хүнгүй үндэстэн болчихоод байна. Монголын нийгэмд шударга дүр эсгэж, олон түмнийг өөр рүүгээ хошууруулсан, бидний магтаад байдаг бүхэн цаанаа ард түмний төлөө биш өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө байдаг. Зүгээр л үнэнч шударгын дүрд тоглосон жүжигчид байдаг. Энэ бүх тавилттай жүжгийг бид өдөр бүхэн үзэж хууртаж байна. Тэгэхээр Монголын ард түмэн минь, монгол үндэстэн минь одоо хэрсүүжих, аливаад углуургатай, бодолтой бодлоготой хандах цаг нь иржээ. Ар Монгол буюу төв монгол нь өмнөд, хойд, буриад Монголынхоо диваажин нь байх ёстой гэж хэдэн жилийн өмнө манай сонин бичиж байсан. Бид өнөөдөр монгол үндэстний гал голомт гэдгээ илүү их мэдэрч байна. Хойноос цагаачид яаж зугтан ирж буйг харж байна.

Одоо монгол үндэстний байр сууринаас голчтой, нуруутай хандмаар байна. Аль юм болгон “орос ах нар” гэж хойшоогоо налж наалинхайтан долгинож гүйх юм бэ. Орос бидэнд түүхэндээ ах шиг хандаж байгаагүйг одоо хүртэл мэдээгүй яваа нь эмгэнэл биш үү. Энэ бүх үйл явц монголчууд биднийг биеэ даасан тусгаар улсын зангаргаар явахыг хэлээд байна. Ухаалаг, хэрсүү, өөрийн гэх бодолтой байхыг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бид бүхэн өөрсдөдөө итгэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ бид өөрсдөдөө итгэж бодлого гаргадаг үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд яах вэ гэхээр оюун ухааныг, шинжлэх ухааныг дээдэлсэн бодлогыг ард түмэнд хөрс сууриар нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академи үүнд гол суурь нь болж оролцох ёстой. Бага сургуулиас нь аваад хүүхдүүдэд инженерийн мэргэжил мундаг, физик хими, байгалийн шинжлэх ухааны хичээл онцгой гэдгийг бүр сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй.

Д.Урианхай, Баабар, Цэнддоо, Г.Аюурзана, философийн Батчулуун гээд энэ цагийн сэтгэгчдээр лекц уншуулах, Ж.Гүррагчаа баатар тэргүүтэй цэрэг армийн зүтгэлтнүүд, генералуудаар мөн лекц уншуулах, Физикийн Х.Намсрай, К.Цоохүү, Ж.Даваасамбуу, химийн Б.Пүрэвсүрэн, одон орон геофизикийн С.Дэмбэрэл, физик математикийн О.Чулуунбаатар, Т.Жанлав гээд нэртэй академич нарын лекцийг оюутан сурагчид төдийгүй нийгэмд бодлогоор зогсоо зайгүй явуулдаг баймаар байна. Ард түмнээ гэгээрүүлж, өөрсдөд нь итгэх итгэлийг төрүүлж, зоригжуулах нь юу юунаас чухал болжээ.

Ингэж байж бид дэлхийн дайдыг эзэрхийлж байсан агуу улс гүрнийхээ түүх рүү бага ч гэсэн дөхнө байх. Сүүлийн 300 жил монголчууд гадны түрэмгийлэлд байсны хор уршиг ийм хүлцэнгүй, хулчгар, өөрсдөдөө итгэдэггүй аймхай дорой ард түмэн болчихсон. Одоо бид зоригжих, хэрсүүжих, оюун ухааны хувьд сэргэн мандах цаг маань ирсэн. Тэгж гэмээнэ өөрсдөдөө итгэсэн өөрийн гэх бодлоготой оюунлаг үндэстэн болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ DNN.mn

Зургийн тодорхойлолт алга байна.

Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн бол 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. Мөн 277,1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа аж.