Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон ургальч үзэл гэж дуулсан уу, манайхаан DNN.mn

Цахим хөгжлийн салбарт монголчууд сүүлд орж ирсэн ч хурдтай урагшилж явна. Твиттер, фэйсбүүк, инстаграм, линкедин гээд цахим флатформуудыг хэрэглээнд нэвтрүүлээд зогсохгүй шинэчлэлүүдэд нь ч цаг алдалгүй нэгддэг болжээ. Тиймдээ ч өнөөдөр цахим сүлжээгүй, гар утасгүй цаг минут болно гэдэг утгагүй зүйл болж хувирсан. Цахим сүлжээний эдгээр талбар дээрээс бид өдөр тутмын буцалсан мэдээллүүдээс шүүлтүүрдэхээс гадна үзэл бодлын давлагаан дунд амьдарч байна. Энэ нь ч зөв юм.

Дэлхийн аль ч улс оронд цахим сүлжээ гэдэг үзэл бодлын төв талбар болж хувирсан. Энэ нь цаашид улам өргөжин тэлсээр байх ёстой. Олон талын үзэл бодол гарах тусам тэр нийгэм асуудлаа бодитоор харж, зөв шийдлийг дэвшүүлж байдаг. Ардчиллын үнэт зүйлүүдийн нэг ерөөсөө энэ юм.

Олон талын байр суурь, үзэл бодлыг бид иргэддээ бүр хуульчлаад өгчихсөн ард түмэн. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гээд заачихсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд иргэний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний эсрэг мэдээллийн цензур маш их хийгдэх боллоо. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж жагсаал цуглаан хийх битгий хэл цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлээд л орой нь цагдаагийн үүд сахиад суухад хүргэж байна. Төр засгийн үйл ажиллагаа хууль зөрчиж, нэг хэсэгт нь давуу эрх олгож байгааг шүүмжлэн жагсаал зохион байгуулсан “Дабль стандарт”-ын залуусыг талбай дээрээс хэд ч ачив даа. Бүр арга ядаад тайван суулт зарлая гээд хүсэлт өгсөн иргэнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар таван удаа татгалзсан хариу өгсөн тухай нэгэн иргэн саяхан манай сонинд хандан ярина лээ.

Сошиалын “хэргүүд” ч дээрхээс дутахааргүй их ээ. Саяхан л гэхэд намар оройн хүйтэн цагаар сургуулийн сурагчдыг гадна талбайд цэрэгжүүлсэн жагсаал хийж байгааг цахим сүлжээнд нэлээд баалав. Баалахаас ч аргагүй явдал. Ерөөсөө ийм нийгмийн асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлц гэж, хэлэлцэхдээ хэн нэгний эрхийг зөрчиж болохгүй гэж хуульчилсан юм шүү дээ. Тэр журмаар нэгэн иргэн хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн бичлэг хийн сошиалд тавьсан даруй Эрүүгийн цагдаагийн албан дээр ир гэж тушаасан байгаа юм.

Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй, эрүүл бус үзэгдэл. Манай цагдаа нар хуучин нийгмээ санагалзсаар байгаагийн илэрхийлэл гэж судлаачид хатуухан хэлдэг нь ч аргагүй юм. Уг нь цагдаа нар хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй хүмүүс.

Гэтэл хамгийн гомдмоор нь үг хэлэх эрх чөлөөг цагдаа нартай цуг иргэд нь давхар цензурддэг болоод ороод ирлээ. Цахим сүлжээнд бичсэн хэн нэгний байр суурь өөр нэгэнд таалагдахгүй бол, эсвэл үзэл бодлоос нь зөрвөл тэр хүн дуусч байна. Хатуухан ч гэсэн өнөөдрийн манай цахим сүлжээний хандлага ийм болсон. Ерөөсөө л монголчууд өөрөөсөө өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөө больсон юм байна. Үнэндээ энэ бол хуучин социалист нийгэмд л байсан үзэл суртал. Тэр үед иргэн биш төр нь цензурддэг байв. Өнөөдөр харин иргэд цагдаатай хамсаад нэгнийгээ балбадаг боллоо. Ардчилал хөгжсөн энэ гучин жилд монголчуудын амьдралд ямар их өөрчлөлтийг авчрав. Тэр дундаас хүн төрөлхтний язгуур эрх болох үг хэлэх, үзэл бодлоо хэнээр ч заалгахгүйгээр илэрхийлэх эрх гэдэг хамгийн том үнэ цэнэ. Энэ үнэ цэнийг ардчилсан монголчууд үеийн үед тордож, хадгалж явах ёстой юм.

Харамсалтай нь бид эсрэгээрээ явж байна. Хэн нэгэн бичигч өөрөөсөө өөр үзэл бодлыг үзэхээ байж. Үүнийгээ цахим сүлжээ ашиглан түгээн дэлгэрүүлнэ. Нөгөөдүүл нь ч уухайлан дэмжиж тухайн хүнийг шившиглэнэ. Энэ нь улс төртэй нягт холбоотой. Дийлэнхдээ эрх баригчдын дургүй хүргэсэн санаа оноо, мөн ардчиллын үзэл баримтлалыг илүүтэй дайрч давшилж байна. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм шүү. Ийм л дүр төрхийг сошиалаас харж болж байна.

Түүгээр зогсохгүй өөрийнх нь таагүй ханддаг улстөрчийг магтчихвал авлигачныг долоогч бас нэг авлигачин болж хувирна. Таагүй ханддаг улс төрийн намыг дэмжвэл энэ улс орныг сүйрүүлэгч болж цоллогдоно. За тэгээд цаашлаад хил давсан асуудал дээр ч манай, танай талын дайсан болчихож байна. Захын жишээ дурдъя л даа. Оросын дайныг шүүмжлээд “Дайн бол түрэмгийлэл” гээд хэлчихвэл өмнөх түүхээ мэддэггүй, орос ах нараа хүндлээгүй өөдгүй нэгэн болж бүүр барьж идүүлнэ. Гадаад дотоодоос нь холбон элдвээр баалж нэр хүндийг нь гутаана.

Ингээд харахаар энэ нийгэмд иргэн хүн юу ч гэж хэлж чадахаа больж байна. Хэнээс ч хамааралгүйгээр үзэл бодлоо өөр өнцгөөр илэрхийлсэн хүнийг зүгээр л сошиалаар шившиглээд хаячихаж байна шүү дээ. Цаашлаад шившиг болж байгаа хүнийг, цагдаад дуудагдаж байгаа хүмүүсийг нийгэмд элэг доог болгон харуулж байна. Хүн нийгмийн амьтан. Хэн нийгмээс гадуурхагдахыг бодох билээ.

Энэ бол маш хортой зүйл. Ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзлийг тасдаж байгаагаас өөрцгүй. Үүнээс болж Монголд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн олон ургальч үзэл гарахаа байчихлаа. Хүмүүс үзэл бодлоо хэлэхээс айдаг, эмээдэг, төвөгшөөдөг болж эхэллээ.

Нэг ёсондоо бид социализмаас илүү галивлеттай болчихож. Галивлет гэж социализмын үед дуу шүлэг, кино, зохиол гээд бичих юу байна тэр бүхнийг цензурдэж, хянаж шүүж, олон нийтэд гарах эрхийг өгдөг байгууллага байв шүү дээ. Тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн, олон ургальч үзэл санаа цухалзуулсан юухныг ч тас хорьдог, түүнийг бичигчийг ажлаас нь халахаас эхлээд ял шийтгэл хүртэл оногдуулдаг хүнд нийгэм байв. Үүнээс болж хэчнээн ч нийгмийн соён гэгээрүүлэгчид нуруугаа авахуулж, шорон гянданд хоригдож насыг элээснийг хэлж барахгүй.

Өнөөдөр тэр айхавтар галивлет нь ард түмэн өөрсдөө болчихож. Үүнийг зориудаар дөгөөн гааруулж байна. Гуч дөчхөн жилийн өмнө эрх чөлөөг туйлын ихээр хүсч, хүссэнээ ярих, бичих, сурах, нэгэндээ түгээхийн хүслэн болж байсан монголчууд өнөөдөр өөрийн өнцгөөр, өөр талаас нь үг хэлсэн болгоноо цензурдэж шүүдэг, шившиглэдэг галивлетууд болчихсон сууж байна.

Үнэндээ хэн юу гэж ярих нь тэр хүний хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрх юм. Түүний төлөө бачуурахаа больцгооё. Олон ургальч үзэл бидний оюун санаанд нэвтрээд 30 гаруй жил болчихоод байна шүү дээ. Ийм юм байдаг гэж дуулсан уу, МАНайхаан. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хумьдаг, хаадаг, боодог явдлыг өөгшүүлээд байвал Монголд ардчилал хумигдаж эхлэхийн том дохио. Ерөөсөө ардчилал байхгүй болж мэдэх том аюул ч өнөөдрийн энэ хандлагаас шалтгаална.

Тантай хэн нэгний үзэл бодол нийлж ч болно, нийлэхгүй ч байж болно. Тийм ч байх ёстой юм. Орчин үеийн ардчилал гэдэг энэ юм. Санал нийлээгүйн төлөө бусдыг шившиглэхээ л больё. Дахин хэлье, Монгол Улсад олон ургальч үзэл нэвтрээд 30 жилийг ардаа орхичихоод байгаа юм шүү.

Categories
мэдээ цаг-үе

Ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг хориглов DNN.mn

Байгалийн ойгоос 6 метрээс дээш өндөртэй шилмүүст мод шилжүүлэн суулгахаар  авсан бол 977130 төгрөг төлнө

БОАЖЯ ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хориглолоо.

Ингэхдээ байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах хоригложээ.

Энэ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилготой юм.

Categories
мэдээ цаг-үе

Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортлов DNN.mn

Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулна

Засгийн газар БНХАУ-ын ӨМӨЗО-ы холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж, экспорт нэмэгджээ.

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээлснээр, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-нд 110 мянган тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт аж.

Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчилэн нийт 919 машин гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбат: УИХ нь эрх баригч МАН-ын хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Намрын чуулганы эхний хуралдаанд та гишүүний картаа УИХ-ын даргад шидэж өгөөд ширүүхэн эхлүүлж байгаа харагдсан. Улс орны өмнө тулгамдсан асуудалд хойрго хандаж байгаа парламентын нөхдөө шүүмжилж тийн хандав уу, эсвэл таныг бүлгийн даргаас буулгах хуулийг баталсан болохоор тэгж хандав уу?

-Картаа шидээгүй ээ. Аваачиж өгсөн юм. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр л дээ. Учир нь өнгөрөгч зун УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж гуравхан жилийн өмнө баталсан ҮХНӨ-ийн төслийг үгүйсгэж, ард түмнээс асуухгүйгээр дахин өөрчилсөн. УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлийн төлөө ингэж улайрч болохгүй. Үндсэн хуулийг өөрчилж бололгүй яахав. Хамгийн гол нь ард түмнээсээ асууж, нийгмээрээ зөвшилцөх ёстой. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, алганд багтсан эх орон гэдэг шүү дээ. Тиймээс ийм суурь том хууль руу ингэж халдаж байгаа нь буруу. Улсын Их Хурал, Улсын Их Хурал биш боллоо. Засгийн газартаа хяналт тавих чадамжгүй болсон. Засгийн газар яаж л бол яаж дураараа аашилдаг боллоо. Шүүх, Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллахгүй болгож, баталж өглөө. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа хамгаалах хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой. Үндсэн хуульд бусад хууль нийцэж байгаа эсэхийг хянадаг байгууллага Цэц болохоос эрх баригчдын захиалгаар хуулийг өөрчилдөг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үгүйсгэж, хууль бусаар өөрчилж байхдаа УИХ-д Цэц хяналт тавих хуулийн заалтыг байхгүй болгочихлоо. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр эрх баригчдын гүйцэтгэгч нэг байгууллага болгочихлоо. Энд би яагаад ингэж ач холбогдол өгч шүүмжлээд байна гэхээр Үндсэн хууль бол Монгол Улсын оршин тогтнохын баталгаа юм.

Ээлжлээд хоолонд орох ажил л явж байна. 76 гишүүнтэй давжаа парламентад ийм олон УИХ-ын гишүүн сайд болно гэдэг юу гэсэн үг вэ. Үндсэн хуулийн үзэл санаа, засаглалын зарчим хяналт тэнцэл алдагдаж байгаа юм. Үндсэн хуулийн утга агуулга тэр чигтээ алдагдаж байна. Өнгөрсөн хугацаанд МАН-ын 60 оныхон хоолондоо орсон. 70, 80 оныхон хоолондоо орлоо. Амраг садан, ах дүү, үр хүүхэд ач гуч нь Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг сааж амьдарч байна. Үүний илэрхийлэл нь Хөгжлийн банк, ЖДҮ, өнөөдрийн нийгмийн байгаа байдал, үүсээд байгаа асуудал юм.

-Таны өмнө нь байсан 2012 парламенттай одоогийн парламентыг харьцуулахад чадавх чадамжийн хувьд хэр санагдаж байна?

-УИХ бол ард түмнээсээ мандат авч ажиллаж байгаа төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр, хуулийг баталж байна уу гэвэл үгүй. Иргэдэд тухайн үедээ таалагдахгүй ч ирээдүйд хэрэгтэй зүйл УИХ нь ч тэр, Засгийн газар нь ч тэр огт хийж чадахгүй байна. Ардчиллыг дүр эсгэсэн, хуулиа дээдлэх бус өөрсдийнхөө эрх ашгийг дээдэлж ажиллаж байна. Тиймээс иргэдийн амьдрал нэг хэвэндээ тогтчихлоо. Манайхтай нэг гараанаас эхэлсэн орнууд хөгжиж, дэвшиж байна. 2012 онд ядуурал 20 хувьтай байсан. Албан бус тоогоор өнөөдөр 40 хувьтай байна гэсэн мэдээлэл байна. Хуучин таван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэж байна. Ядуурлаас гаргах биш ядуурал руу л түлхээд байна.

-Ирэх жилийн төсвийн төсөөллийг та хэрхэн дүгнэж байна?

-Татвар төлөгчдийн мөнгийг хааш нь чиглүүлж байгааг бүгд хянах ёстой. Тэр дундаа ард түмний элчийн хувьд УИХ-ын гишүүд нарийн хянах ёстой. Одоогийн парламентад 2020 онд сонгогдож орсноосоо хойш улсын төсвийг алдагдалтай баталж болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл өмнөх жил хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэ жил 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар оруулж ирлээ. Ард түмэн өдөр бүр хар нулимс урсгасан, эрх баригчид өдөр бүр цагаан сар хийсэн ийм л төсөв батлаад байна. Үүний лай ланчиг нь ард түмний нуруун дээр ирж байна. Иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах биш харин ч ачаа болж байна. Ханшийн уналт, инфляци, ажилгүйдэл ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Үүнээс гадна энэ жилийн төсөв иргэдээ ялгаварласан төсөв боллоо. Иргэдийг гарал үүслээр нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл 3.5 сая төгрөгийн орлоготой өрхийн хүүхдэд мөнгө өгөхгүй гэж ялгаварлаж байна. Эрх баригчид үр хүүхдүүдийнхээ “Ирээдүй өв” сангийн мөнгийг нь цөлмөөд идчихсэн. 2019 оны ҮХНӨ-өөр газрын хэвлий бол ард түмний баялаг гэж заасан. Уул уурхай бол нөхөн сэргээгдэхгүй баялаг. Уул уурхайн баялгийг эрх баригчид бий болгочихсон юм биш. Өвөг дээдсээс уламжилж ирсэн капитал. 3.5 сая төгрөгийн орлоготой өрхийн хүүхдүүдийн амьдрал ахуй ирээдүйд ямар байхыг хэн ч мэдэхгүй. Гэтэл 3.5 сая төгрөгийн орлоготой гэр бүлийн хүүхдийн мөнгийг хасч байгаа нь хуулиас гажууд үйлдэл. Нөгөө талаас эдгээр гэр бүл нийгмийн есөн хувийг эзэлж байна гэж байгаа юм. Энэ бол өнөөдрийн Монголын нийгмийн амьдралын чадавхыг илтгэж байгаа тоо. Боломжтой гээд хасаад байна шүү дээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Газрын доорх баялгаас тухайн хүүхдэд хүртээж байгаа хэлбэр. Шаардлагагүй халамжаа зогсоох ёстой. Түүнээс байгалийн баялгийг хүртэж байгаа хэлбэрийг зогсоох ёсгүй. Ер нь 2023 оны төсвийг буцаах шаардлагатай байна.

-Ирэх жилийн төсөв Төрийн хэмнэлтийн хуультай хэр уялдсан байна вэ. Хэмнэх ёстой зүйлүүдээ хэмнэж чадаж уу?

-Хэмнэлтийн хууль хаана хэрэгжээд байгаа юм бэ. Амьдрал дээр биелэгдэхгүй л байна шүү дээ. 22 сайдтай, 20-иод яамтай. Дэд сайд нартайгаа нийлүүлбэл 40 гаруй болж байгаа юм. Хэмнэнэ гэж байгаа бол ядаж л орон тооны цомхотголуудыг хийх ёстой. Улс орны эдийн засаг хүнд байхад 40, 50 сайд хэнд хэрэгтэй юм бэ. 20-иод яам хэнд хэрэгтэй юм бэ. Цаашилбал, аймгуудыг ч нэгтгэж болж байна. 30, 40 мянган хүн амтай аймаг ч байна. Социализмын үед байгуулсан засаг, захиргааны бүтэц шүү дээ. 200 мянган төрийн албан хаагч байна. Төрийн өмчит компанийн өр зургаан их наяд хүрчихээд байхад л нэмж ийм компани байгуулаад байна. Үүнд цомхотгол ярихгүй байна. Гадна, дотны нөхцөл байдлаа харвал реформын шинжтэй өөрчлөлт хийх цаг нь өнөөдөр бүрдчихээд байна. Гадаадын хөрөнгө оруулалт алга. Ирэх жил 500 сая ам.долларын Гэрэгэ бонд, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын өр төлөх ёстой. 750 тэрбум төгрөгийн Японд тавьсан өрөө төлөх ёстой. 2022 оны төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэх ёстой. Мөнгөний бодлогоо ярих ёстой. 35 сая тонн нүүрс гаргана гэцгээгээд байсан. Амьдрал дээр алга. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхий дахинд өндөр байгаа энэ супер циклийн үед 35 сая тонн нүүрсийг ажилласан бол өлхөн экспортолчих боломж байлаа. Төмөр замаа цахилгаанжуулж, хоёр урсгалтай болгох хэрэгтэй байна. Эрчим хүчний эх үүсвэрийг шинээр барьж байгуулах хэрэгтэй байна. Сүүлийн 6, 7 жилийн хугацаанд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөгжлийн бүтээн байгуулалт нэг ширхгийг ч хийсэнгүй. Засаг захиргааны нэгжийг өөрчилсөнгүй. Хувьчилсан, хувиараа ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулж, дарамталж байна. Эрх баригчдад таалагдсан аж ахуйн нэгж ажилладаг бусад нь ажилладаггүй байх ийм л нөхцөл байдалтай байна. Татвараар дарамталж байна. Үүнийгээ татварын бааз суурь өргөжнө гэж байна. Экспортын бүтээгдэхүүнүүдэд өндөр үнэтэй тавигдсан байна. Нүүрс 144, алт 1800, зэс 8400 ам.долларын үнэтэй тавигдсан байна. Үүнээс их мөнгө олно гэсэн хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв байна лээ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, НӨАТ зэргийг өмнөх шигээ авна гэсэн тооцоололтой байсан. Гэтэл хувийн хэвшлийнхэн хаалгаа барьж, ажилгүй иргэд олширч байна. Ийм үед энэ төсөөлөл нь хэр биелэгдэх бол, эргэлзээтэй. Өнгөрсөн хоёр жилд Монголбанк Засгийн газрын кассын машин шиг ажиллаж ирлээ. Одоо УИХ нь эрх баригч МАН-ын хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо. Дүр эсгэсэн, хагас ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж эхэлж байна. Ийм байгаа учраас би картаа аваачиж өгсөн. Цаашид энэ УИХ-д суух эсэх асуудлыг нөхдүүдтэйгээ ярилцана.

-Таныг энэ парламентыг хугацаанаасаа өмнө тарах санаачилгыг гаргах нь гэж ойлголоо?

-Намынхан болон тойргийн иргэдтэйгээ ярилцана. Энэ УИХ чадамжаа алдаж байна. Би энэ Улсын Их Хурлыг МАН-ын ч юм уу, Засгийн газрын хуулийн хэлтэс шиг болсон байна гэж дүгнэж байна. Одоогийнх шиг ийм их боломж, эрх мэдэлтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Одоо бүтцээ улам томруулсаар тархи толгой нь томдсон рахиттай хүүхэд шиг болчихлоо. Дарга нарын тоо маш их нэмэгдэж байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам буурч тэсэхүйеэ бэрх болж байна. Улаанбаатар хотод жаргалтай хүн хоёр болох шиг боллоо. Хотын дарга дээр нэмээд Хот хариуцсан сайд нэмэгдлээ. Энэ маягаар нэмэгдэх юм шиг байна. Гэтэл асуудал нь хэв хэвээрээ байна. Ургийн гажуудал, эх хүүхдийн эндэгдэл утаанаас болж өсч байна.

-АН-ынхан Брюссельд уулзсан. Уулзалтаар юу ярив, нэгдэх нийлэх чиглэлд ахиц гарав уу?

-Нэлээн олон жил уулзаагүй, харагдаагүй хүмүүс цугласан. 30, 40 хүн ирсэн. Харилцан ойлголцож ярих ийм уулзалт чухал. Бид үнэт зүйл үзэл баримтлал дээр нэгдье. Албан тушаал, мөнгө төгрөг завших, гэмт хэргээ нуун далдлах, хэн нэгнийг гэмт хэргээс мултлах зүйл дээр бид нэгдэж болохгүй. Өнөөгийн нөхцөл байдлаа ойлгосон, бүх зүйлд хариуцлагатай, эе эвийг хичээж нэгдэх ёстой. Саяхан Монголын Үндэсний Ардчилсан нам АН-тай нэгдэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Гадна байгаа нам эргэж нэгдэж байхад дотор байгаа нөхдүүд өнөөдрийн нөхцөл байдлаа дүгнэж үнэт зүйл, үзэл баримтлал, ардчиллыг хамгаалахын төлөө хичээх ёстой.

Бусад намын нөхдүүдтэй нийлж хэн нэгэн хүнийг буланд шахаж, ялгаварлан гадуурхаж болохгүй. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэх ёстой. Нөгөө намын заавар зөвлөгөө, өдөөн хатгалгаар ажиллах ёсгүй. Эх орныхоо, ардчиллынхаа, үзэл баримтлалаа өмнөө тавьж ажиллах ёстой. Энэ хүнд хэцүү нөхцөлөөс МАН ганцаараа аварч чадахгүй нь мэдэгдэж байна. Зургаан жил оролдоод Дарханы замаа барьж чадахгүй байна.

Уулзалтаас ярих юм байна. Ярихгүй юм байна. Намын дотоод асуудал байна.

-Өчигдөр АН-ын бүлэг хуралдсан. Та байсангүй. Бүлгийн гишүүд дундаасаа хоёр удаа сонгогдсон цөөн гишүүдийн нэг нь та. Байнгын хороо, бүлгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд сандал ширээхэнтэй зууралдаж байхаар манлайлал үзүүлж бүлгээ нэгтгэх чиглэлд ажиллахгүй юм уу?

-УИХ-ын тухай хуулиар бүлгийг хоёр болгож болохгүй. Хуулийн зүйл заалттай. Гэтэл энэ эрх баригчдад, эрх баригчдын утсан хүүхэлдэй нарт хууль хамаагүй юм шиг байна. Миний хувьд сандал ширээ, албан тушаалтай зууралдах ямар ч шаардлага алга. Цаг үе нь ингэж шаардаад байна. Монголын 30 жил, 100 жилийн амжилтыг салхинд хийсгэмээргүй байна. Авлигад идэгдүүлж, хэн нэгэн хүн албан тушаал авах гэсэн зорилгыг гүйцэлдүүлээд байна. Бүлгийн дүрэмд ҮБХ-оос баталсан зүйл заалт туссан байдаг. Хоёроос дээш сонгогдсон гишүүн УИХ дахь намын бүлгийн даргын албыг хашина гэсэн өөрчлөлтийг оруулсан байгаа. Тиймээс би зохих ёстой хүнийг нь бүлгийн дарга болгочихъё гэж бодож байгаа.

-Хэнийг?

-Хэн байхыг нь бид ярилцаж шийднэ. Өнгөрсөн хугацаанд хоёр гурван хүн сайн муу нэрээр дуудуулж АН-ыг амьтай голтой авч явлаа. АН-аас сонгогдсон хэдэн нөхдүүд өнөөдөр яс горьдсон нохой шиг сайдын суудал авъя гээд өлөн нүдээр эрх баригчдыг горьдоод сууж байх шиг байна. Давхар дээлийн хязгаарыг “тайлахад” дэмжиж кноп дарсан, бүлгийн дарга болгож өгнө гээд АН-ын хэн нэгэн нь амлачихсан нөхдүүд АН-ын бүлгийг эрх баригчдын тоглоомын бүлэг болох гээд явж байгаа нь хэн бүхэнд ил байна. Тэд нар цаад талдаа бүлэглэлтэй. Тэр бүлэг нь хаанаас яаж баяжсан нь асуудалтай. Тэр нь Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгож ямар ч амьсгалах агааргүй болгосон. Түүгээрээ барьцаанд орж тэдэнд үйлчилж байна. Үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгдэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын ямар нэгэн тавьж байгаа шаардлагыг өөрийнхөө хувийн эрх ашиг, албан тушаал, сандал суудлын төлөө арилжвал юу болдгийг АН-аас өмнөх УИХ-д сууж байсан хүмүүс зухаас нь харуулж байна. Цаг хугацаа бүгдийг нь харуулж байна. Би ямар нэгэн хулгай луйвар, тендер, юунд ч барьцаалагдаагүй. Хэн нэгнээс мөнгө төгрөг гуйх шаардлагагүй. Хэн ч намайг авлигач, хулгайч гэж хэлж чадахгүй байгаа биз дээ. Надад дүр эсгэх ямар ч шаардлага байхгүй. Би үнэт зүйл, үзэл бодол дээрээ нэгдье гэж байгаа.

Зарим нөхдүүд Мах комбинатын ямаа шиг байна ш дээ. Хэдэн хүнийг сайд болгоно гэж бүлгийг хоёр хувааж байна. Ардчиллын нэрийг барьж ардчиллын эсрэг үйлчилж байна. Энэ бол ардчилал болон Монгол Улсын тусгаар тогтнолд маш хөнөөлтэй зүйл. Учир нь нэг намын дарангуйлал руу улам явна. Ийм том хоёр гүрний дунд биднийг аварч байгаа нь ардчилал. Тиймээс хоёр намыг хоёуланг нь харь гүрнээс хараат болгох бодлого явагддаг. Иргэдийн төлөө биш хуулийн салбарт олон жил ажилласан бүлэглэлүүдэд үйлчлэх гэсэн үйлдэл яваад байна. Түүнээс би сандал ширээтэй зууралдсандаа ингээд байгаа юм биш. Тэр байтугай Монголын ард түмэн уланд оччихож. Бүхэл бүтэн яам нь Монголын ард түмнийг улныхан болгочихоод, улны айл гэдэг хэллэгтэй ч болчихсон юм байна. Улны болчихсон ард түмнийг төлөөлж байгаагийнхаа хувьд би шалан дээр суусан ч хамаа алга. Тиймээс шаардлагатай бол шалан дээр суусан ч болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжинням, Дашням давхацсан өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 11, Ангараг гариг. Билгийн тооллын 17, шийдэм од, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:05 цагт мандан, 18:13 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Олон ургальч үзэл гэж дуулсан уу, манайхаан” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын АН дахь бүлгийн
дарга Д.Ганбат “УИХ нь эрх баригч МАН-ын
хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ “Улсын
төсвийн хөрөнгийг
өөрсдийн халааснаас
гаргаж байгаа юм шиг
хуваарилдгаа болих
хэрэгтэй”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ” “Олон ургальч үзэл гэж дуулсан уу, манайхаан” хэмээн өгүүллээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дунд сургуулийн
багш Я.Должинсүрэн “Хичээлийн эхний цагуудад гал түлж анги
танхимаа дулаацуулдаг” хэмээлээ.

Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Самар түүгч иргэн Д.Дагвадорж “Самар сайн түүж чадвал жилийнхээ хэрэглээний мөнгийг олдог” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих ажил эхэллээ DNN.mn

“Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үнэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш улсын хэмжээнд нийт 7.2 сая мод тарьж, ургуулаад зогсохгүй иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жилийн намрын мод тарилтыг өнгөрсөн амралтын өдрүүдээр Байгаль орчны сайд нарын төгөл байгуулах санаачилгаар эхлүүлж, өнөөдөр Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих арга хэмжээгээр үргэлжлүүлж байна. Богд уулын Баруун Залаатын аманд 2022 оны 9,10 дугаар сард 35 мянган мод, 2023 оны 3,5 дугаар сард 45 мянган мод нийт 80 мянган мод тарьж, ургуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд буй.

Амралтын өдрийн энэхүү мод тарих үйлсэд БОАЖЯамны нийт ажилтан, албан хаагч болон Монгол Улсын их сургууль, ШУТИС-ийн оюутан залуус нэгдэн 10 мянган мод тарьж, байгаль эх дэлхийнхээ ногоон хөгжилд гар бие оролцлоо. Түүнээс гадна Төрийн соёрхолт дуучин Д.Болд, түүний “B продакш”-ны залуу артистууд мод тарих санаачилгад нэгдсэн юм.

Намрын улиралд тарьсан мод хаврынхаас илүү сайн ургадаг гэдэг. Богд уулын Баруун Залаатын аманд мод тарих арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 47 гаруй хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлж байна DNN.mn

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, холбогдох сайд, удирдлагуудын хамт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазад ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус 500 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Гэвч иргэдийн 90 хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа бий. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийг шинэчлэх, хүртээмжйг нэмэгдүүлэх нь зайлшгүй учраас 2023 онд төр, хувийн хэвшил нягт хамтран ажиллах нь Засгийн газрын бодлого юм.

Тус салбарынханы зүгээс үнэ тарифаас шалтгаалж хүндрэл үүсэж байгааг илэрхийллээ. Одоогийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 47 гаруй хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлж, үлдсэн хувь нь хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй үйлчлүүлдэг байна. Мөн хүний нөөцийн дутагдалтай болсон талаар дурдлаа.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шийдэхээ илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр нийтийн тээврийн төрийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж тулгамдаж байгаа асуудлаа төртэй хамтран шийдэх боломж бүрдэх юм.

Тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээвэр бол нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэг боломж. Тиймээс нийтийн тээврийн салбарыг зөвхөн парк шинэчлэлээр дуусгах биш иргэдийн сэтгэл ханамжийг бүрэн хангасан байдлаар шийдэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улс орон даяар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо DNN.mn

ЭМЯ-ны 15.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улс орон даяар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын Адеком брендийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 ширхэг “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-ийг байгууллаа.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон.

Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 сая гаруй төгрөг хэмнэнэ.

Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.