Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дүүлэн нис” DNN.mn

“Бид бүгд жирийн хүмүүс. Зорилгодоо хэр их цаг хугацаа зарцуулж чадсан бэ гэдгээрээ л ялгаатай.

Өглөө бүр таван цагт босож, 12 цаг хүнд хүчир ажилд нухлуулсны эцэст гар бадайрч, хөл сулартлаа ядарсан би Дублины өнөөх хүйтэн харанхуй гудмаар алхан хөлс царцам бэлтгэлийнхээ өрөөнд очдог байлаа” хэмээх Макгрегорын чин сэтгэлийн үгс. Сайн найзтайгаа хамт уушийн газарт суугаад халуун яриа өрнүүлж, хэнд ч хэлээгүй сэтгэлийн дотоодоо уудалж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ном аж.

Өмнө нь мэддэг мэт дүрүүд, үргэлж л амжилт аз жаргалын дунд байсан гэж боддог олон түүхийн эзэдтэй шинээр танилцуулжээ. Чин сэтгэлээ дэлгэж буй Эд Шийрантай хамт метроны буудал дээр дуулж, арваад хэлээр ярьдаг Салик хүүтэй хамт гудамжинд бараа заран хэл сурах урам авч, айлын хажуу өрөөнд толгой хоргодон гэрийн эздийн доромжлолыг нь сонсох АиЮу охинтой хамт хөнжил дотроо уйлж ч мэдэх юм.

Энэ номыг “Өглөөний уншлага” хөтөлбөр онцлох номоор сонгосон байх бөгөөд стресстэж шантарсан, юу хийхээ мэдэхээ больж эргэлзсэн, урам зориг эрч хүчээр дутаж буй хүнд хамгийн тохиромжтой сонголт болох биз.

Зүгээр л хичээ, амжилтад хүр, баяж, зүтгэ гэх хувь хүний хөгжлийн ямар ч номноос илүүтэй хүнд хүчрийг, шантармаар өдрүүдийн дундуур туучин гарсан нэгний чин сэтгэлийн үгс илүү хүнд хүрдэг байж мэдэх юм. Мэдээж түүх бүр ялалтаар төгсдөггүй амьдралын гашуун үнэн бий. Номонд ч мөн ялагдлыг хэрхэн хүлээн авч буй тухай, амжилт гэх ойлголтыг өөрөөр харах, гарцаагүй асуудлын үед амьдралаас аз жаргалыг мэдрэх тухай нулимстай мэдрэмжийг ч багтааж.

Энэ номыг бүтээгчид хүнд хэцүүтэй нүүр тулан явж буй залууст урам зориг өгөх зорилготойгоор асуудалд шантран бууж өгөх замыг сонгох гэж буй уншигчдад санал болгох ном хэрэгтэй хэмээн гурван жилийн хугацаанд олон зуун цагийн дүрс бичлэг, илтгэлүүдийг орчуулан эмхэтгэн бүтээсэн байна.

Хамгийн хүнд хэцүү, асуудал тулгарсан үедээ ганцаараа биш гэдгээ мэдрэх, одоо тулгараад буй асуудлыг хэн нэгэн өмнө нь туулаад гараад ирсэн юм шүү гэдгийг мэдэх нь бидэнд ялан дийлэх хүч өгдөг.

Тэгвэл энэхүү номыг уншсанаар бидний мэддэг гэж боддог, үргэлж аз жаргалтай амжилттай явж буй хэмээн боддог нэгний туулсан амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үеийнхээ тухай дэлгэж буй түүхүүд “Надад ч бас ийм боломж бий, гуниглаж болно, бууж өгч болно, гагцхүү итгэлээ алдахгүй юм шүү” гэсэн тайтгарал өгөх юм.

Энэхүү номыг уншсан нэгэн охин “Хэцүү үед ээж тэврээд, урмын үг хэлээд намайг тайтгаруулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх аж.

Categories
мэдээ спорт

Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм. Маргааш 71 кг-ын жинд Г.Анужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 15-наас зорчигчийн галт тэрэг өвлийн цагийн хуваарьт шилжинэ DNN.mn

Энэ сарын 15-ны өдрийн 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэг өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН

Categories
мэдээ нийгэм

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна DNN.mn

Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байна | Sonin.MN

Охидын олон улсын өдөр (International Day of Child girl) өнөөдөр тохиож байна. Охид хүүхдүүдээ хайрлан хамгаалах өдөр гэж болно. Учир нь охин хүүхдүүдэд эрүүл өсөн төрж бойжихоос эхлээд эрхээ хамгаалах, хамгаалуулах, энд томчуул, олон нийтийн анхаарлыг хандуулж охидын эрхийг хамгаалах үүднээс НҮБ-аас тогтоол гарган 2012 оноос дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүлийн 3-ны нэг нь хүчээр гэр бүл болон айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь буюу 400 сая нь 28 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон статистик тоо байна.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Нийт хүн амын хувьд 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон зүйлтэй тулгардаг.

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3362-3440 төгрөг байна DNN.mn

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

Монголбанкны өчигдрийн /2022.10.10/ зарласан албан ханшаар ам.доллар 3,362 төгрөг байна. Харин евро 3,263 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 53.43 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,440 төгрөг, евро 3,400 төгрөг, ОХУ-ын рубль 53.00 төгрөг тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ DNN.mn

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм.

Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

2023 оны төсвийн төслийн талаарх иргэдийн саналыг “D-Parliament” цахим хуудас болон утсаар авч байна DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан иргэд төсвийн талаарх саналаа өгөх нь нээлттэй байгаа юм.

Олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд, төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудын саналыг “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаяг болон 51-262727 утсаар аравдугаар сарын 7-ноос 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Categories
мэдээ нийгэм

Амбулаторид бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58 хувь нь оюуны хомсдол DNN.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр өчигдөр болсон.

Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооноос сэтгэцийн эмгэгийн амбулаторид бүртгэгдсэн өвчлөлийн байдлыг танилцуулав.

Манай улсад 2016 оны байдлаар амбулаторид бүртгэгдсэн сэтгэцийн эмгэг 28,326 байсан 2021 онд 25,480 болж буурсан байна. Гэхдээ бүртгэгдсэн эмгэгийг төрлөөр нь авч үзвэл оюуны хомсдол сүүлийн таван жилд 9,696 байснаас 14,822 болж өссөн байгаа юм. 2021 оны байдлаар бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийг 58.2 хувь нь оюуны хомсдол, 15.2 хувийг сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг эзэлж байна.

2016 оноос хойш хамгийн их буурсан нь стресстэй холбоотой неврозын болон биеийн эмгэг юм. Дурдсан онд 2,988 бүртгэгдсэн байсан бол 2021 онд энэ тоо 411 болж буурчээ.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа 174 их эмч байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 24-нд бүх нийтээр амарна DNN.mn

Мэдээ.МН

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” ирэх 11 дүгээр сарын 24-ний пүрэв гаригт тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээрээ амардаг билээ.

Categories
гадаад мэдээ

“Эрлийз дайн”-ы цахим тулаан DNN.mn

Орчин үеийн “Эрлийз дайн” суртал ухуулгаас гадна эсрэг талынхаа улс төрчдийг “худалдан авах”, эсэргүүцлийн жагсаал санхүүжүүлэх гэх мэтээр өрнөж байна. Үүнд мэдээж цахим орчин чухал үүрэгтэй. Тухайлбал, Өнөөдөр л гэхэд Германы Холбооны Мэдээллийн Аюулгүй Байдлын Албаны (BSI) дарга Арне Шёнбом ОХУ-тай холбоотой гэдэг мэдээлэл нийтлэгдсэн тул Дотоод хэргийн сайд Нэнси Фазер түүнийг “аль болох хурдан” огцруулахаар болоод байна.

Өнгөрсөн тавдугаар сард Оросын хакерууд Германы засгийн газрын сайтууд руу хэд хэдэн цахим халдлага үйлдсэн билээ. Батлан хамгаалах яам, Бундестаг, холбооны цагдаа, холбооны мужуудын хэд хэдэн цагдаагийн албаны порталууд, уг халдлагад өртсөн юм. Мөн канцлер Олаф Шольцын вэб сайт түр хугацаанд ажиллахгүй болсон. Уг халдлагын хариуцлагыг ОХУ-ын Украины дайныг дэмждэг “Killnet” хакерын бүлэглэл хүлээсэн байдаг. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард оршин тогтнож байгаагаа албан ёсоор зарласан олон улсын хамгийн алдартай хакерын бүлгүүдийн нэг болох “Anonymous” Оросын байгууллагуудын цахим хуудас руу халдаж Кремлийн эсрэг “дайн” зарласан юм. “Anonymous”-ын хакерууд Кремлийг дэмжигч “RT” суваг руу халдсан бол дараа нь Герман дахь “Роснефть” компанийн охин компани болох “Роснефть Дойчланд” компанийн компьютерт халдсан байна. Хакеруудын өөрсдийнх нь мэдэгдсэнээр кибер халдлагын үр дүнд тэд 20 терабайт өгөгдлийг хулгайлсан аж.

Беларусийн сонгуулийн луйврын улмаас 2020 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус улсын “Кибер партизан”-уудын хакерууд Оросын түрэмгийллийн эсрэг өнөөдөр нээлттэй тэмцэж байна. Тэд Беларусийн төмөр замын системд хэд хэдэн амжилттай кибер халдлага үйлдэж, Беларусь улсад байрлаж буй Оросын цэргүүдэд логистикийн ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм.



Крымын Керчийн гүүрэн дээрх дэлбэрэлтийн шалтгааныг “Украины тусгай албаныхны террорист халдлага” гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэнийг Владимир Зеленскийн ажлын албаны зөвлөх “Бүр Оросын хувьд ч бүдүүлэг нь дэндсэн үйлдэл” гэж мэдэгдэв. “Оросын онгоцнууд Запорожье хотын орон сууцны хороолол руу 12 пуужин харваж, 13 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн тахир дутуу болсноос хойш 24 цаг ч болоогүй байна. Үгүй ээ, өнөөдөр ганцхан террорист улс бий, аль улс болохыг дэлхий нийт мэднэ” гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк “Твиттер” хуудсандаа бичжээ.

l l l

Киргизистан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын энхийг сахиулах хүчний команд, штабын цэргийн хээрийн сургуулийг цуцалж байгаагаа мэдэгдэв. Киргизийн Балыкчи хотод энэ сарын 10-14-ний хооронд болох байсан сургуулилтыг цуцлах болсон шалтгаанаа тус улс тайлбарлаагүй байна. Энэ сарын 7-нд Санкт-Петербургт болсон ТУХН-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров оролцоогүй юм. Үүний зэрэгцээ ХАБГБ-ын гишүүн. Киргизстан, Тажикистаны цэргийн хооронд өнгөрсөн сарын дундуур томоохон мөргөлдөөн гарч, хоёр талаас 10 гаруй хүн амь үрэгдэж, гурван зуу шахам хүн шархадсан билээ.

l l l

Хятадын Коммунист намын Төв хорооны 370 орчим гишүүн хаалттай хаалганы Бээжинд хуралдав. Төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээгээр энэ сарын 16-нд эхлэх намын Ардын их хуралд Си Жиньпиний тавих илтгэлийг Төв хорооны гишүүд сонсож санал бодлоо илэрхийлсэн байна.

l l l

Америкийн “General Dynamics Land Systems” корпораци шинэ үеийн “Abrams X” танкийн эх загварыг танилцуулав. Уг танкийг энэ сард Вашингтонд нээгдэх АНУ-ын Армийн нийгэмлэгийн “AUSA-2022” үзэсгэлэнд олон нийтэд танилцуулах юм байна. Тус компанийн вэб сайт дээрх тайлбараас харахад энэ танк хүнгүй цамхагтай байх гэнэ. Үүнтэй ижил зохион байгуулалтыг Оросын Т-14 “Армата” танкны дизайнд ашигласан байдаг. Гэхдээ “Армата” танк Оросын хувьд хэтэрхий үнэтэй учир бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм.

АНУ-д 1980-аад оны эхэн үеэс үйлдвэрлэсэн бүх төрлийн M1 “Abrams” танкуудад жолооч, командлагч, буудагч, сумлагч гэсэн дөрвөн багийн гишүүнтэй байсан. Тэгвэл хиймэл оюун ухааны технологийг энэхүү танканд ашигласан нь түүнийг бүрэн “хүнгүй” горимд ашиглах боломж олгож байгаа юм байна. Ингэснээр байлдаанд удахгүй цэрэггүй, хиймэл оюун ухаантай танк тулалдах болж байна.

Г.АМАРСАНАА