Өнгөрсөн даваа гаригийн өглөө Украины Киев, Днепр болон бусад хэд хэдэн хотыг Оросууд 83 пуужингаар харвасны 43-ыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан гэж Украины Батлан хамгаалах яамны орлогч дарга Анна Маляр мэдэгдэв. Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр, нийслэлийн төв Шевченко дүүрэг халдлагад өртсөн бөгөөд нэг пуужин Михаил Грушевскийн хөшөөний ойролцоо унаж, хажуугаар нь өнгөрч байсан машинууд шатсан байна. Дотоод хэргийн сайдын зөвлөх Ростислав Смирнов хэлэхдээ, наад зах нь найман хүн амиа алдаж, 24 хүн шархадсан гэв. Дэлбэрэлтийн улмаас зургаан машин шатаж, 15 машин эвдэрсэн байна.Оросын пуужин Шевченко дүүрэгт байрлах орон сууцны өндөр байшинг онож нэг хүн нас барж, зургаан хүн шархаджээ. Орон нутгийн “Telegram”-уудын мэдээгээр, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн Володимирская гудамжинд байрлах захиргааны байр, мөн оффисын нэг хэсэг дэлбэрэлтэд өртсөн байна. Киевийн метроны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, бүх газар доорхи станцууд хоргодох байрны үүрэг гүйцэтгэв. Үүнээс өмнө Оросууд хамгийн сүүлд зургадугаар сарын сүүлчээр Киевийг пуужингаар харваж байжээ.
Мөн Киев муж болон Украины бусад бүс нутгийн Днепр, Тернополь, Житомир, Хмельницкий, Винница, Львов, Кременчуг, Кривой Рог, Ривне, Ивано-Франковск зэрэг хотуудад Оросууд пуужингийн цохилт өгсөн аж. Украины бүс нутгуудад цахилгаан тасарч Львов, Хмельницкий, Житомир, Харьковын эрчим хүчийг хэсэгчлэн таслав.Днепр хотод пуужингийн цохилтын улмаас үйлдвэрийн байгууламж сүйджээ. Үндэсний цагдаагийн газрын урьдчилсан мэдээллээр Украинд пуужингийн цохилтын улмаас 14 хүн амь үрэгдэж, 90 орчим хүн шархадсан байна. Улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр, Киев болон бусад найман бүс нутгийн цахилгаан хангамжийн байгууламжууд эвдэрч Львов, Полтава, Сумы, Харьков, Тернополь мужуудад цахилгаан тасарчээ. Украины Үндэсний цагдаагийн газрын мэдээгээр, Киев хотын 29 чухал дэд бүтцийн байгууламж, дөрвөн олон давхар орон сууц, 35 хувийн байшин, нэг сургууль эвдэрсэн аж.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн улсыг Оросын олон тооны пуужингийн цохилтод өртсөнийг “Тэд Украиныг дэлхийн зургаас арчихыг оролдож байна” гэж мэдэгдээд “Бүрэн хэмжээний дайны 229 дэх өдөр. Биднийг устгаж, газрын хөрснөөс арчих гэсэн 229 дэх өдөр. Оросууд манай цахилгааны дэд бүтэц, иргэдийг устгах гэж хичээж байна. Тэд Запорожье хотод гэртээ унтаж байгаа иргэдийг маань хүүхдүүдтэй нь устгах гэж оролдож байна. Ажилдаа явсан хүмүүсийг алахыг хүсч байна. Пуужингийн цохилтуудаас болж Днепр, Киев гээд Украин даяар агаарын довтолгооны дохиолол зогсохгүй дуугарч байна. Харамсалтай нь пуужингийн цохилтод өртөж амь үрэгдэж шархадсан хүмүүс гарч байна. Би та бүхнээс гуйж байна. Хоргодох байрнаас битгий гараарай. Өөртөө болон хайртай хүмүүсээ асарч хамгаалаарай. Тэвчээртэй бас хүчтэй байгаарай” гэж тэрээр өөрийн “Telegram” хуудсандаа бичжээ.
Лондонгийн Хааны коллежийн Оросын батлан хамгаалах бодлогын судлаач Роб Ли “Украинд өгсөн олон тооны пуужингийн цохилт нь өөрийн улсын иргэдийн сэтгэл санааг өргөхөд зориулан хийсэн зүйл гэж үзэхээр байна. Оросын далавчит пуужингийн нөөц багассан тул цэргийн бус байг онохын тулд үлдсэн нөөцөө шавхан ашиглаж байгаа нь Крымын гүүр дэлбэрсэн гэж украинчуудыг хашраахаас илүү дотоодынхоо дургүйцлийг намжаах гэж хийсэн үйлдэл байх өндөр магадлалтай” гэж өөрийн “твиттер” хуудсандаа бичжээ.
“Өнөөгийн Орос бол зүгээр л улсын баг өмссөн террорист дэглэм. Тэдний “үнэ цэнэ, үнэт зүйл” нь үхэл ба сүйрэл. Тэдний зорилго нь гажуудсан үзэл сурталдаа үл нийцэх бүх зүйлийг устгах явдал” гэж Украины Аюулгүй байдлын албаны албан ёсны мэдэгдэлд дурджээ. Энгийн хүн амыг хамгаалах орчин үеийн зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системээр хангах замаар Киевт үзүүлэх тусламжаа цаашид өргөжүүлэхийг уг алба барууны улсуудад уриалсан байна. Мөн оросуудад хандан “Та нар биднийг айлгана гэж бодож байна уу? Гэвч үнэн хэрэгтээ та нар өөрсдийгөө илүү үзэн ядуулж, биднийг улам шантаршгүй болгож байна. Та нарт хэдэн пуужин байгаа нь бидэнд хамаагүй. Бидний зорилго бол гагцхүү Ялалт” гэж уг мэдэгдэлд онцлон дурджээ.Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудсандаа “Өнөөдөр Оросууд Украинд олон пуужингаар цохилт өгсөн нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй энхийн хэлэлцээр хийх боломжтой гэж үздэг бүх “тайвшруулагчдад” түүнээс өгсөн товч тодорхой хариулт юм” гэж бичээд Оросын ерөнхийлөгчийг “Зөвхөн пуужингаар ярьдаг террорист” гэж нэрлэсэн байна. “Путины цорын ганц тактик бол Украины тайван хотуудын эсрэг хийж буй терроризм, гэхдээ тэр Украинчуудыг хэзээ ч мохоож чадахгүй” гэж Украины Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
“Оросууд Киев болон Украины бусад хотуудын энгийн иргэдийн эсрэг дайралт хийсэнд би гүн цочирдов. Ийм үйлдэл XXI зуунд байх ёсгүй. Би тэднийг эрс буруушааж байна” гэж ЕХ-ны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррелл мэдэгдээд “Бид Украиныг дэмжиж байна. ЕХ-ны цэргийн нэмэлт дэмжлэг замдаа гарсан” гэж тэрээр анхааруулав. “Оросуудын Киев болон Украины бусад хотуудад хийсэн аймшигт халдлага нь Кремлийн цөхрөлтийг батлан харуулж байна” гэж Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель мэдэгдээд “Энгийн иргэдийн эсрэг халдлага үйлдэж байгаа нь дайны гэмт хэрэг” гэжээ.
Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто “Энгийн иргэдийг ялгахгүй пуужингийн цохилт өгсөн нь өөрөө дайны гэмт хэрэг” гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны твиттер хуудаснаа нийтэлж “Орос хууль бус түрэмгийллээ зогсоож, Украиныг орхин гарах ёстой” гэж мэдэгджээ. Харин Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис өнөөдөр Украиныг буудаж буйтай холбогдуулан “Путины геноцидийг зогсоох цорын ганц арга бол зогсохгүй байгаа түүнийг нэн даруй зогсоох явдал юм” гэж твиттер хуудсандаа бичиж “Үгнээс илүү их зэвсэг!” гэж тэрээр барууныханд уриалсан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Оросууд Украины иргэний дэд бүтцэд өгсөн аймшигт халдлагыг буруушааж байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. “НАТО Кремлийн түрэмгийллийн эсрэг тэмцэлд зоригт Украины ард түмнийг хэрэгтэй хугацаанд нь дэмжсээр байх болно” гэж тэрээр бичсэн байна.Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Путины Орос улс үнэн бодит төрхөө дэлхий дахинд дахин харууллаа: энэ бол харгислал, терроризм юм” гэж мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж Вашингтон Киевт өөрийгөө хамгаалахад шаардлагатай дэмжлэг, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем нийлүүлэх явдлаа эрчимжүүлнэ гэж баталжээ. ОХУ-д хариуцлага тооцохын тулд АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ яаралтай холбоо барьж байгааг Цагаан ордон онцолсон байна. Харин Украины төрийн тэргүүн “Киев Оросын пуужингийн шантаажинд бууж өгөхгүй” гэж мэдэгджээ.Мөн НҮБ-ын тэргүүн болон Энэтхэг, Хятад энгийн иргэд цохилтод өртсөнийг буруутгав.
В.Зеленский Германы канцлер Олаф Шольцтой “G7”-ийн шуурхай цахим уулзалт хийхээр тохиролцсон гэж мэдэгдэв. Тэрээр уг хуралдаанд үг хэлэхээр төлөвлөж байна. Энэ үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх тусгай, ээлжит бус чуулган Нью-Йорк хотноо болов. Украины эзлэгдсэн дөрвөн мужид Оросоос явуулсан “бүх нийтийн санал асуулга”-ыг буруутгасан тогтоолын төсөлд нээлттэй санал хураалт явуулахад 107 төлөөлөгч дэмжиж, 13 төлөөлөгч эсэргүүцэж, 39 төлөөлөгч түдгэлзэж уг тогтоол батлагдав.
Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлах аваас, Орос улс цэргүүдтэй бус энгийн иргэдтэй л байлдаж чаддаг гэдгээ харуулж, Путин төдийгүй ерөөс оросууд террористууд гэдгээ баталж геноцид үйлдэв.Энэ нь оросууд өөрсдийн жинхэнэ нүүр царайг дэлхий нийтэд дэлгэн харуулсан явдал болсон гэсэн үг юм. Хүүхдээ тоглохыг харан сууж буй эхийг хүүхэдтэй нь устгана гэдгийг мэдэж байж пуужин харвах товчлуур дарж байгаа орос офицерыг хүн гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Иймээс харгис, хэрцгий террорист, бусдын нутагт довтлон геноцид үйлдэж буй оросуудад барууныхан ямар ч цохилт өгсөн ардчилсан улсуудын нийт сонгогчид бүрэн дэмжих нөхцөл үүсэв. Энэ бол ОХУ-ын мөхөл юм. Монголын эзэнт гүрний үе дэлхийн түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын аугаа амар амгалан” гэж нэрлэгдэж үлдсэн. Харин ЗХУ, ОХУ хүмүүн бидний түүхнээ “Magna clades Russiae” буюу “Оросын их гай гамшиг” гэж нэрлэгдэн үлдэх нь тодорхой болов.
Г.АМАРСАНАА