Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Айзам яруухан дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын сор болсон найрагч­дын нэгэн, Их утга зохиолын наяад оныхны гол төлөөлөгч, Монголын дууны шүлгийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалыг дуунд хайртай ард түмэн дууных нь аялгууг сэтгэлдээ бөмбөрүүлэн эгшиглүүлсээр сүүлчийн замд нь үдлээ. Сүү, нулимстай үдлээ.

Урины шувууд нуурандаа чуулалдан ирсэн хаврын энэ л торгон цагаар Түмээ ах минь бид­нийгээ, өөрийнх нь дуунд хайртай ард түмнээ, Монголын утга зохио­лыг хайрлан дээдэлдэг бүхнийг үүрд орхин одлоо. Загдын Түмэн­жаргал гарамгай найрагч, нэрт зохиолчоос гадна Монголын сэтгүүл зүйд өөрийн зам мөрөө үлдээсэн бичгийн сод нэгэн бай­лаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс сэтгүүл зүйн бүтээлүүдээ туур­виж, дараа нь “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэ­дэхүйн албаны даргаар ажил­лаж байсан. Халуун сэтгэлтэй, жинхэнэ уран бүтээлчдэд хайртай, залуусыг чин сэтгэлээсээ дэмждэг хэн бүхнийг номоо гаргахыг зөвлөдөг, ерөөс залуусын номыг өөрөө хэвлүүлээд өгдөг буянтан байсныг утга зохиол болоод сэт­гүүл зүйн үе үеийнхэн дуу нэгтэй­гээр хэлнэ.

Түмэнжаргал найрагчийн буянд олон ч авьяаслаг залуус анхны номоо гаргаж, бүтээл туурвилдаа өсөн өндийж, эрийн цээнд хүрч, их утга зохиол, сэтгүүл зүйн талбарт өөрийн гэх нэр мөртэй болсныг хүн бүр халуун дулаанаар дурсдаг билээ.

Нэрт зохиолчтой салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр өглөөний 07 цагт Соёлын төв өргөөнд байрлах Хүүхдийн номын ордонд болсон. Найрагчийн үр хүүхэд, ангийнхан, утга зохиолынх нь анд нөхөд, бичгийн мэргэд болон Монголын ард түмэн сор болсон найрагчтай салах ёс гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн байв.

Номын өргөөний гадаа энд тэнд ганц нэгхэн шувуудын жиргээнээс өөр анир чимээгүй. Хүүхдийн номын ордны хаалгаар ороход

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм…” хэмээх хүн бүхний сэтгэл зүрхэнд хадаатай явдаг дууных нь мөр бадаг санаанд өөрийн эрхгүй ургаж байлаа. Эл бүтээл Монголын ард түмний хүүхэд ахуй цагийнх нь сүлд дуулал болж, уг дуугаар бүгд хүмүүжсэн гэхэд болох юм. Хүүхдийн номын ордны хоёр давхрын танхимын хойморт түүний хөргийг болон наад талд нь чандрыг нь байр­луулсан байв. БСШУЯ-наас тусгай комисс гарган ажиллуулсан байна. Танхимд цугларагсад гунигтайхан нүдээр зохиолчийн хөргийг шир­тэн нулимсаа арчиж байсан юм. “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн лам нар хойтын буянд нь зориулж ном хурж байлаа. Бүүдгэр гэрэл­тэй танхимд хүмүүс багтахгүй цуглажээ. Танхимын зүүн талаар үзэг нэгт нөхөд, най­зууд, шавь нар нь зогссон байв. Баруун жигүүрт төрөл төрөгсөд, ахан дүүс нь хүрэлцэн ирсэн бай­лаа. Лам нарыг ном хурж дуусмагц ууган хүү Т.Дүүрэн нь түүний шарилд хүндэтгэл үзүүлэн түүний араас цугларагсад хүндэтгэл үзүүлсэн юм. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт зохиолч Б.Догмид, утга зохиол судлаач доктор, гавьяат багш Д.Галбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч С.Оюун, Г.Мэнд-Ооёо, Т.Баасан­сүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Гал­сансүх, МЗЭ-ийн шагналт зохиолч О.Сундуй, Д.Батжаргал, М.Эрдэнэ­бат, Б.Золбаяр, Я.Бадам­сүрэн болон Н.Сүхдорж, Ч.Наран­цэцэг, Батын Лхагвасүрэн нарын хүүхдийн зохиолчид ирцгээжээ. Мөн БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун, төрийн шагналт, урла­гийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од тэргүүтэй хөгжмийн зохиолчид хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байв.

УДЭТ-ын хийлийн дөрвөл Норвегийн нэрт хөгжмийн зохиолч Э.Григийн “Смерть озе” хэмээх аялгууг тоглож байлаа. Хийлийн намуухан аялгуу, зулын гэрэлд хүмүүс салах ёс гүйцэтгэн нулим­саа арчин чимээгүйхэн танхимаас гарцгаасан юм. Үнэндээ л өнөөдөр шиг хүнд өдрүүд цөөхөн тохиол­доосой гэж бодогдож байлаа.

Гашуудлын цуваа 07:30 мину­тад Хүүхдийн номын ордноос Алтан Өлгийн зүг хөдөлцгөөсөн юм. Олон машинтай явахгүй гээд хоёр “ПАЗ” автобус гаргажээ. Хоёр автобусанд хүмүүс суучихаад байхад цаана 20 гаруй машин дүүрэн хүмүүс буяны ажилд орол­цохоор явлаа. Нийслэлийн цаг­даагийн хоёр машин цувааг ахалж, замын уулзвар бүр дээр замын цагдаа нар саадгүй зорчин өнгөрөх бололцоог бүрдүүлэхээр ажил­лацгааж байсан юм. Цуваа өнгөрө­хөд таарсан хүмүүс гараа хавсран залбирч байсан нь Загдын Түмэн­жаргал ард түмний хайртай найрагч билэг авьяаст нэгэн байс­ныг илтгэж байсан. Тэр Монголд төдийгүй Францад эх хэлээ зааж байсан нэгэн билээ. Түүний амжилт бүтээл ганцхан Монголдоо байгаа­гүй гэдгийг өнөөдөр ирсэн хүмүүс бүгд ярьцгааж байсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр Оросоос, хөдөө гадаанаас найз нөхөд нь ирсэн нь олон түмэндээ хэрхэн хүндлэгдэж явсны илэрхийлэл биз ээ.

Найрагчийг Алтан-Өлгийд нутаглуулахад том хүү Т.Дүүрэн эхлээд аавынхаа тухай дурсан ярив. Дараа нь ардын уран зохиолч Т.Галсан сэтгэлийн үгээ хэлсэн. Тэрээр “Загдын Түмэнжар­гал төрснөөс дутуугүй дүү, шавь минь байлаа. Анх 18 настай бор хүү хадаг барин надад шавь орж байсан юм. Их авьяаслаг, ухаантай шавь байсан. Шинэ орсон цасан дээр болжморын мөр гарах шиг утга зохиолд орж ирсэн. Олон арван ном бүтээл туурвиж ард түмэндээ үлдээлээ. Түүнийг билэг авьяасыг, сор болсон уран бүтээлийг нь Монголын ард түмэн мартахгүй ээ. Мөчир нь бүтэн мод байдаггүй, элэг нь бүтэн хүн байдаггүй хорвоо хойно миний шавь энхжингийн орондоо амгалан нойрс доо” гэв.

Түүнийг нутаглуулсан энэ газар УИХ-ын гишүүн Ц.Төмөртогоо, нэрт алиалагч гавьяат жүжигчин Д.Батсүх, зохиолч Ж.Пүрэвээс эхлэн ахмад дайчдын шарилыг өлгийдсөн газар байсанд хүмүүс “буянтай хүмүүс ингэж л таардаг байх” хэмээн өөр хоорондоо ярил­цаж байсан. Талийгаачийн хөшөө­ний чулуун дээр “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх шүлгийн мөрийг сийлсэн байв. Ийнхүү Монголын сор нэгэн найрагч эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд нойрс­лоо. Нэрт найрагчийн “Дууны хорвоо” хэмээх бүтээлд

Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдог­гүй л бил үү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зvрх дэнсэлдэггүй л бил үү

Эгшиг яруухан дууны хорвоод

Эмзэг сэтгэл бөмбөрдөөд байх юм аа

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгvй л бил үү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм аа

Мөнгөн сарны уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг санаагvй л бил үү

Сүүдэр гэрлийн алагхан заяаг

Сүүмэлзээд өнгөрөхөд гунихгvй л бил үү

Айзам яруухан дууны хорвоод

Ахин дахин төрмөөр байх юм аахэмээн өгүүлдэг, ард түмэн дуулдаг билээ л. Монголын ард түмний хайртай хүү, нэрт найрагч, бичгийн их хүмүүн, бид бүхний эрхэм дотнын нөхөр минь ээ, айзам яруу дууны хорвоод ахин дахин төрөх болтугай.

Н.ГАНТУЛГА

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

МИАТ компани В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд ашиглаж эхэллээ DNN.mn

МИАТ ТӨХК В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд дахин ашиглаж эхэллээ

МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг гурван жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг гэдгээрээ онцлог бөгөөд агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй зорчигчдын анхаарлыг ихээр татсан юм.

Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Тунис улсын Тунис Эйр компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Австри, Турк, Бельги, Герман, Испани, Швейцари зэрэг улсын 16 хотын чиглэлд нислэг үйлдээд ирсэн билээ.

МИАТ компани нь В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай бүхий л холбогдох зөвшөөрлийг 2022 оны наймдугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас авсны үндсэн дээр ийнхүү нислэг үйлдэж эхэллээ. Мөн тус агаарын хөлгийн үйлдвэрлэгч Боинг компаниас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л техник үйлчилгээ болон системийн шинэчлэлийг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэн нислэгт бэлэн болгосон байна.

Ташрамд дурдахад В737 МАХ агаарын хөлгийг 2021 оны сүүлээс АНУ, Европ, Азийн орнууд нислэг үйлдвэрлэлдээ дахин ашиглаж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг дулаалах төсөл хэрэгжиж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн  шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.

НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1,077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн байна.

Барилгын материалын үнэ ихээхэн өсөж буй тул шинэ барилга барилгүйгээр их засвар хийх нь төсвийг хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэх арга зам гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон юм. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд торгуулиа төлдөг болно DNN.mn

АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС! - Тайгын Булаг ХХК

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй машинууд хөдөлгөөнд оролцсоор байгааг иргэд шүүмжилдэг.

Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийдэх юм байна.

Дүрэм зөрчсөн жолоочид:

  • Хугацаатай сануулга өгнө
  • Торгох арга хэмжээ авна
  • Ачна

Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавих юм байна.b

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Бөөстэй гэж анги хэсүүлснээр миний амьдралыг тэр чигт нь балласан” DNN.mn

Эгэл жирийн хүмүүсийн хэлсэн үг сэтгэлд хадаатай явах нь бий. Тэр жил Завханы нэгэн суманд жирийн малчин эмэгтэйтэй уулзаж байлаа. Номонд хайртай, хоймрынхоо авдрын хажууд цаасан хайрцагтай ном хураачихсан айл байсан сан. “Одоогийн хүмүүс хуучны нийгэм мөн сайхан байжээ гэх юм. Мэдээж сайхан нь байлгүй яахав. Харин миний хувьд ёстой нэг ёрын нийгэм байсан гэж хэлэх байна. Би чинь хичээл номдоо сурлагатай, холын мөрөөдөлтэй, юм юманд тэмүүлсэн идэвхтэй хүүхэд байлаа.

Аав ээжээсээ хол байрны хүүхдээс бөөс гарсан юм биз дээ. Багш нар маань бөөстэй хүүхэд гээд анги хэсүүлдэг юм. Сургууль даяараа шившиг боллоо. Ангийнхныхаа, эргэн тойрны хүүхдүүдийн нүүр харна гэхээс халуу оргиод. Аргагүйн эрхэнд дунд ангиасаа сургуулиасаа гарсан. Ингээд л миний амьдрал ганц бөөснөөс болж орвонгоороо эргэсэн дээ” гэв.

Эл эмэгтэй шиг хичнээн хүн сэтгэл санаа, хувь заяагаараа хохирсон бол гэж бодогддог. Хүний бүсгүй үрийг, алган дээр нь бөөсийг нь бариулаад анги хэсүүлж, “бөөстэй хүүхэд” хэмээн бүгдэд зарлаж явсан гэхээр үнэндээ харгис нийгэм. “Хүний эрхийг дээдэлсэн энэ нийгэмд төрөх минь яалаа гэж бодох үе бий. Тэгсэн бол ингээд уулын мухар сахиж суухгүй байх байсан” гэж гол харламаар хэлсэн. Тухайн үед мал дээр гарчихаад намайг бөөстэй нь анги хэсүүлсэн багш нараа үзэн яддаг байлаа. Дараа нь юмны наад цаадахыг ойлгохтойгоо болоод хүний эрх, нэр төр, ариун гэгээн бүхнийг булшилсан нийгмийг үзэн яддаг болсон гэв.

“Монголчууд бид чинь тэгтлээ яр янхандаа идэгдсэн ард түмэн байгаагүй. Оросууд л бодлогоор хийсэн, биднийг зах замбараагүй, муу муухай гэж дэлхийд харуулах гэж яр тэмбүүг зориудаар тараасан” хэмээн Д.Дашпүрэв докторын хэлснийг дээрх эмэгтэйн “бөөс”-тэй уялдуулан бодлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 38 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

В Ярославской области COVID-19 заразились еще 47 человек - Вести Ярославль

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 38 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 24 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 11 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 896-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
гадаад мэдээ

Оросын буруутан илрүүлэх аян DNN.mn

Украины арми сүүлийн үед Лиман хот болон Херсон мужийн хойд хэсэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарган, өөрийн Харьков мужийг бүрэн хяналтандаа авч, 169 сууринд дайсны үлдэгдлийг “цэвэрлэж”, Херсон мужийн 50 гаран сууринг чөлөөлсөн болохыг Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW) ээлжит тайландаа бичжээ. Эдгээр фронтод ялагдсан ангиуд нь өмнө нь Оросын хамгийн шилдэг цэргүүдэд тооцогддог байсан гэж шинжээчид онцолсон байна. Тэд Оросын 144-р мотобуудлагын дивизийн ангиуд Лиман хотын ойролцоо, агаарын десантын 76-р дивиз Херсон мужид байлдаж байсныг тайландаа дурджээ. “ISW-“ийн мэргэжилтнүүд “Украйны хүчтэй сөрөг довтолгооны эсрэг Оросын арми эзэлсэн газар нутгаа барьж, тогтоож чадахгүй нь илт боллоо” гэж онцлон тэмдэглэсэн байна.Эдгээр тулалдааны үеэр Орос их хэмжээний цэрэг, техникээ алдаж, олзлуулан хэт их хохирол амссан нь нэмэгдэж Орост энэ бүгдийн буруутанг илрүүлэх аян өрнөж эхлэв. Хамгийн түрүүнд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ ажлыг эхлүүлж, хөлсний цэргийн “Вагнер” компанийг үндэслэгч Евгений Пригожин дэмжив. Кадыров “Энэ хэсгийн хамгаалалтыг Цэргийн төв тойргийн командлагч, хурандаа генерал Александр Лапин удирдаж байсан” гэж өөрийн “Telegram” хуудсандаа бичжээ. “Лисичанскийг эзлэн авсны төлөө Оросын баатрын одонг хүлээн авсан Лапин цэргүүдтэйгээ хамт байгаагүй. Лапиныг дээд талаас нь Жанжин штабын дарга нар хамгаалж байгаа нь ичмээр юм. Лапиныг жирийн цэрэг болгож, шагналыг нь хурааж, пулемёт бариулж, ичгүүрийг нь цусаар нь угаалгахын тулд түүнийг фронт руу явуулах ёстой” гэж Кадыров нэмж бичсэн байна. Харин Пригожин “Кадыровын мэдэгдэл мэдээж миний хэв маягт огт нийцэхгүй. Гэхдээ Рамзаны зөв, шатаагаад бай!” гэж бичсэн аж. Тэднийг ДНР-ын “Батлан хамгаалахын сайд” асан Игорь Стрелков-Гиркин дэмжиж, ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимовын гэрэл зургийг нийтэлж “Энэ нөхөр бидний бүх “ялалт”-ын гавъяаг үүрэх ёстой” гэж бичжээ. “РИА Новости” агентлагийн цэргийн сурвалжлагч Александр Харченко болон Сергей Шилов, блогер ЯнZeн, нийтлэлч Егор Холмогоров, цэргийн шинжээч Семен Пегов нар генерал Лапинтай хамт Жанжин штабын дарга Герасимов, Батлан хамгаалахын сайд Шойгу нарт хариуцлага тооцох ёстой гэж “жиргэв”. ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслава Володины туслах асан сэтгүүлч Анастасия Кашеварова “Та нар эрчүүд мөн үү? Эсвэл төмсөгөө сугалуулчихсан юм уу? Оросын аугаа арми, хангамж хаачив аа? Зарчихсан уу? Ерөнхийлөгчид энэ бүхний тухай илтгэдэг хүн гэж байна уу? гэсэн бол Госдумын “Единая Россия” намын депутат, 58-р армийн командлагч асан дэслэгч генерал Николай Грулёв “Агуулахад бэлэн байсан манай цэргийн 1.5 сая иж бүрэн хувцас хааччихав аа?!” гэсэн байна. Зохиолч Захар Прилепин Лиманыг Украины зэвсэгт хүчин эзэлсэн тухай мэдээ “Украины зэвсэгт хүчин манай хот руу, Оросын “Красный” Лиман хотод нэвтэрч байна.” гэж сонсогдох ёстой гэж бичжээ. Харин үүнийг “Хэн нэгэн генералд бүх бурууг тохох гэж тэд хоорондоо хэмлэлдээд эхэллээ. Энэ бол Оросын удирдлагад өгч буй анхны “хонхны дуу” яах аргагүй мөн. Энэ утга учиргүй дайны гол шалтгаан болсон хүндээ хариуцлага тооцож чадахгүй аваас та нар бие биенийгээ нэг нэгээр нь “залгисаар” байх болно” гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Мөн зарим улс төр судлаачид ОХУ-ын Додоод яамныхныг буруутгахын тулд Батлан хамгаалах яамныхан нь тэдний хамгаалах үүрэгтэй хийн хоолой, Крымын гүүрийг дэлбэлсэн. ОХУ-ын БХЯ-ыхан ДХЯ-хан бидний хангамжийг хангадаг гүүрүүдийг хамгаалж чадаагүйгээс бид ялагдсан гэж Кремльд маргалдаж эхэлсэн гэж мэдээлж байгаа юм. Оросууд Украины томоохон хотуудыг 83-н пуужингаар харвасны 43-ыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан бөгөөд 14 хүн амь үрэгдэж 100 орчим хүн шархадаж гэмтсэн. Энэ явдлыг Лондонгийн Хааны коллежийн Оросын батлан хамгаалах бодлогын судлаач Роб Ли “Украинд өгсөн олон тооны пуужингийн цохилт нь Крымын гүүрийг дэлбэлсэн гэж украйнчуудыг хашраахаас илүү дотоодынхоо дургүйцлийг намжаах гэж хийсэн үйлдэл байх өндөр магадлалтай” гэж бичсэн юм. Харин улс төр судлаачид болон цэргийн шинжээчид Украины томоохон хотуудыг пуужингаар харвасны хариуд барууны улсууд Оросын эсрэг илүү хатуу арга хэмжээ авах нь тодорхой.Тэр үед Орост буруутанг илрүүлэх ажил дахин яаж өрнөх нь сонин байна хэмээн бичиж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орно DNN.mn

ЦАГ АГААР: Цас орно

Маргааш Хөвсгөлийн уулархаг нутгаар, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм. Түүнчлэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, 8-13 хэм дулаан байна.

Энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 14 улс шинээр сонгогдов DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мягмар гаригт болсон хуралдаанаар 14 улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгов.

Ерөнхий Ассамблейн хурлын нууц санал хураалтаар Алжир, Марокко, ӨАБНУ, Судан, Бангладеш, Киргиз, Мальдив, Вьетнам, Гүрж, Румын, Чили, Коста-Рика, Бельги, Герман зэрэг 14 улс 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Женевт төвтэй Хүний эрхийн зөвлөл нь дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, дэмжих үүрэг бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус зөвлөл нь 47 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн гуравны нэг орчим хувь нь жил бүр солигдон сонгогддог тул зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс гишүүн улс нь гурван жилийн хугацаатай ажилладаг. Зөвлөлийн гишүүн улс нь нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийн суудлыг бүс нутгуудаас дараах байдлаар сонгодог байна. Үүнд:

  1. Ази, Номхон далайн орнуудаас 13
  2. Африкийн орнуудаас 13
  3. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас 8
  4. Баруун Европ болон бусад орнуудаас 7
  5. Зүүн Европын орнуудаас 6 гишүүн улсыг тус тус сонгодог.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

НӨАТ-ын сугалаагаар 36,499 азтан тодорлоо DNN.mn

НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.

Татварын Ерөнхий Газрын олон улсын татварын хэлтсийн дарга Л.Мөнхтуул “НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа аван системд бүртгүүлсэн баримтын тоогоор азтан болно. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна” гэв. Сугалааны тохиролд холбогдох албаныхан хяналт тавилаа.

Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжин машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.

Тохирлын дүнг танилцуулж байна.

3 орон таарсан

  • 32,869

4 орон таарсан

  • 3,267

5 орон таарсан

  • 320

6 орон таарсан

  • 40

7 орон таарсан

  • 2

8 орон таарсан

  • 1 азтан тодорлоо.

Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.

Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов.

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.