Нийслэлд хоггүй, цэвэрхэн, эко орчинг бий болгох ажлыг 2017 оноос хойш анхлан хэрэгжүүлж, жишиг тохижилт, бүтээн байгуулалтаараа манлайлдаг Хан-Уул дүүрэг “Эко дүүргийн нээлттэй бямба гариг”-аар дүүрэгтээ хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц, хэрэгжилтээ танилцуулан, иргэддээ мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах болжээ. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гаригт Нисэх орчим буюу Хан-Уул дүүргийн 9,10,16,21 дүгээр хороодод дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сурвалжилсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн есдүгээр хороог зорилоо.
ГУРВАН ХОРООНД ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ БАЙНА
Энд 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга эхэлчихсэн эд ажил нь өрнөж байлаа. Энэ тухай ХУД-ийн 16 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч А.Амартүвшин ярихдаа “Хан-Уул эрүүл-Эко дүүрэг болох зорилгын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, түрээслэх үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цэцэрлэгүүдийг шинээр барихын тулд олгогдсон хэрнээ олон жил ашиглагдаагүй газруудад дахин төлөвлөлт хийж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ашиглагдаагүй удсан газруудад албан тоот гаргуулан, Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүсэлт явуулснаар тухайн этгээдийн эзэмших эрхийг түдгэлзүүлж, тэр газарт нь цэцэрлэг барьж буй нь энэ. Мөн 15 дугаар хороо болон дөрөвдүгээр хороодод шинэ цэцэрлэг барьж байна. Яармагт баригдаж буй цэцэрлэгийн барилга 95 хувьтай удахгүй дуусах шатандаа орсон. Энэ жилдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү газар 1800 м.кв хэмжээтэй. Барилга барихаар суурийг нь ухаад орхичихсон байсан. 2013 онд эзэмшилд очсон байдаг. Иргэд энэ газарт цэцэрлэг барьж өгөөч, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэснээр дүүргийн засаг дарга асуудлыг шийдэн, ийнхүү цэцэрлэгийн барилга баригдаж байна” гэв.Гүйцэтгэгч компани буюу Гранд марк компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхдөл ярихдаа “Барилгын ажил долдугаар сарын 22-ны өдөр зөвшөөрөл нь гараад эхэлсэн. Түүнээс хойш зогсолтгүй явж байна. Дараа жилийн долдугаар сард цэцэрлэг ашиглалтад орох ёстой. Бид хүйтрэхээс өмнө гадна өрлөгөө дуусаад битүүлээд авах юм бол дотор засалдаа орно. Хавар гэхэд хугацаанаасаа өмнө дуусгаад өгөх зорилготой ажиллаж байна. Одоогоор барилгын ажил 40 хувьтай явагдаж байна” гэлээ.
ШИНЭ ЗОГСООЛ БАЙГУУЛЖЭЭ
Цааш Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд баригдаж буй 1.4 км авто замын ажилтай танилцлаа. Дүүргийн хөрөнгөөр барьсан уг зам ашиглалтад ороод удаагүй аж. Уг зам 16 дугаар хороо Сонсголонгийн гудамжнаас тайнь долдугаар гудамж дагуу Наадамчдын зам хүрч буй юм. Мөн 21 дүгээр хорооны Иргэний Нисэхийн ерөнхий газраас Буянт-Ухаа-2 хороолол хүртэлх 0,9 км авто замыг тавиад байгаа аж. Замаа дагасан 900 орчим гэрэлтүүлэг, 100 ширхэг камержуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан ажээ. Цааш бид аравдугаар хороог зорин очлоо. Энд байрнуудын дунд зогсоол байхгүй шороон замтай байсныг зогсоол болгон засч, иргэдэд эрүүл аюулгүй орчинд зорчих бололцоогоор хангаж өгчээ. Энэ тухай ИТХ-ын төлөөлөгч, аравдугаар хорооны Засаг дарга Б.Алтантуяа ярихдаа “Хан-Уул дүүргийн аравдугаар хороо 10500 хүн амтай, 2476 өрхтэй. Байшин, гэр хороолол хосолсон хороо юм. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн. Гэр хорооллын шороон замыг засаж, сайжруулах ажлыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-тай хамтран сайжруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар аравдугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ” хэмээсэн юм. Тус хорооны оршиг суугч иргэн Л.Дөлбадрах хороондоо хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярихдаа “Манай хороонд олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өдрөөс өдөрт нүдэн дээр л зам талбай, хороо хот минь өнгөжин өргөссөөр байгаа. Урьд нь энүүгээр явахад шороон зам учир тоос шороо их бужигнадаг, харагдах орчин муу. Эрүүл аюулгүй байдал талаасаа асуудалтай байсан. одоо цэлийсэн сайхан машины зогсоолтой болж энэ хавийн иргэд машинаа тавих зогсоол хайхгүй амар болсон. Энэ мэт хийсэн ажлуудыг хараад амьдрах таатай орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа хороо, дүүргийнхэндээ талархаж байна” гэлээ.Ингээд бид Аравдугаар хорооноос хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа нисэх буудлыг зорив.
АЛСЫН БҮСИЙН 150 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛЛАА
Энд хуучин нисэхийг нэг цэгийн үйлчилгээ болгон ашиглалтад оруулжээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр ярихдаа“Хан-Уул дүүргийн алслагдсан хороодболох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд улсын бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цэгийг “Миат”ХК-тай хамтран тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/ нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүргийн бүх хороодын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижуулсан.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны нэг давхарын Нэг цонхны үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн” гэв. Төрийн үйлчилгээг Нисэхээс авах боломжтой болсон талаар иргэн Ж.Баатархүү ярихдаа “Нэг цэгийн үйлчилгээ авах гэж заавал төв рүү орох хэрэг гардаг байсан. Хамгийн ойр цэг нь Мишээл худалдааны төвд байдаг. Тийшээ явахад түгжрэл ямар байдаг билээ. Яармагийн зам түгжрэл ихтэй асуудалтай шүү дээ. Ойр нэг цэгийн үйлчилгээтэй болсноор цаг мөнгөө хэмнэх сайхан боломж олдлоо” гэсэн юм.
ЕСДҮГЭЭР ХОРОО ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДАЛТАЙ БОЛЖЭЭ
Цааш бид Нисэхийн эцсийн буудлыг зорилоо. Бусад автобусны буудлаас ялгарах зүйл нь энд автомашины зогсоолтой. Автобус тойрон эргэх замыг тохижуулан барьжээ. Эндхийн иргэд төв замруу 3 км алхаж байж автобусанд суудаг байсан аж. Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг нар ярихдаа“Есдүгээр хороо Нисэхийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засаж, тохижуулсан. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дүүргийн Есдүгээр хорооны автобусны зогсоолын талбайг шинээр барьж байгуулсан. Мөн гадна талд автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай, зогсоолын саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг болон хогийн сав зэрэг байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгосон. Хатуу хучилттай автозам, явган хүний зам, гэрэлтүүлэг болон эко хавтангаар тохижуулсан тул талбайн тохижилтыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Цаашид дүүргийн зүгээс автобусны зогсоолыг жишиг болгон тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэв. Харин иргэд ямар бодолтой байгааг сонсоход иргэн Н.Наранчимэг “Энд шинэ автобусны буудал байгуулснаар энэ хавийн иргэдэд маш таатай нөхцөл бий болсон. Бид хүүхдээ тэврээд маш хол алхдаг байсан. Шинээр зам тавиад ийм буудал байгуулсанд маш их баяртай байгаа. Төв зам руу дор хаяж 30 минут алхдаг байлаа. Одоо 2-3-хан минут алхаад л автобусны буудал дээр ирдэг болсон. Үнэхээр иргэдэд зориулсан сайхан ажил боллоо” хэмээв.
ШОРООН ЗАМЫГ ХАЙРГААР ТЭГШИЛЖ САЙЖРУУЛЖЭЭ
Нисэхийн хүн амыг эрүүл аюулгүй зам талбайгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэн гудамжны шороон замыг хайрга асган тэгшилж, индүүдээд сайжруулсан шороон зам тавьсан байна. Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-ын захирал Ц.Ган-Эрдэнэ ярихдаа “Хан-Уул дүүргийн гэр хорооллын 50 байршлын гудамж талбайн шороон замыг хайргаар тэгшилж, сайжрууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар өнөөдрийн байдлаар дүүргийн 5,6,7,8,9,10,13,14,16 дугаар хороодын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчих боломжгүй нөхцөл үүссэн бартаа ихтэй 50 байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулах ажил үргэлжилж байна” гэлээ. Есдүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал“Хан-Уулдүүргийн Есдүгээр хороо 8512 хүн амтай, 2241 өрхтэй. Гэр хороолол ихтэй хороо юм. Оршин суугчдад хамгийн их тулгамддаг асуудал гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг ихээр тавьдаг. Энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Есдүгээр хороонд нийт 835 гэрэлтүүлэг, 46 камержуулалт суурилуулсан. Мөн гэр хорооллын айл өрхүүддээ зориулан шинэ худаг барьж байгаалсан. Ирэх жил манай хороонд 0.8 км авто зам дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаад байна” гэлээ.
21 дүгээр хороонд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгаль ярихдаа“Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хорооны хоёр байршилд 2 автозам ашиглалтад орлоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-2 хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орсон. Явган хүний зам, 50 гаруй автомашины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн. Иргэний нисэхийн Ерөнхий газраас Буянт-Ухаа-2 хороолол хүртэлх 800м урт авто зам ашиглалтад орж иргэнд ээлтэй таатай орчин бүрдүүлсэн байгаа. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оршин суугчдын санал хүсэлтэд үндэслэн тус хорооны Жаргалан, Эко хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг ашиглалтад оруулсан. Гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг стандартын дагуу суурилуулсан. Цаашид тус хороонд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2160 хүүхдийн суудалтай хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа” гэсэн юм.Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгтэй л танилцаж амжсан юм. Өөр олон олон бүтээн байгуулалтууд тус дүүрэгт өргөж буйг ганцхан өдрийн хугацаанд үзэж амжихгүй юм байна лээ. Эрүүл-Эко дүүрэг болохынхоо хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдэд хогоо ангилах ялгах аргыг заан сургаж, насан туршийн амьдралын хэв маяг болгохоор эхнээсээ энэхүү ажил нь хэрэгжээд эхэлжээ. Энэ мэтээр Хан-Уул Эко дүүрэгт бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.