Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гомбосүрэн: E-Police аппликэйшнийг 2018 онд нээсэн. Одоогоор урамшуулал нэг ч хүн аваагүй DNN.mn

E-Police аппликэйшн татаад зөрчилтэй машины талаар гомдол мэдээлэл өгсөн тохиолдолд урамшуулал авна гэсэн зүйл цахим орчинд тархаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс гэсэн шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран энэхүү ааппликэйшнийг нэвтрүүлж эхэлжээ.


Энэ талаар ТЦА-ны Замын штабын газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодрууллаа.


-Энэ аппликэйшнийг хэзээ санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-E-Police аппликэйшнийг ТЦА болон Замын хөдөлгөөний удирдлагын төв санаачлан 2018 онд нээсэн аппликэйшн. Энэхүү аппликэйшнд одоогоор 40300 хүн бүртгэлтэй байна. Үүнээс өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг 7000 орчим хүн байна. Өдөрт 1000-1100 орчим зөрчил мэдээлэл ирдэг. Үүнээс 50 хувь нь буюу 500-600 нь баталгаажаад иргэд рүү гомдол мэдээллийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл очдог.

Өчигдөр (уржигдар) сошиал орчинд иргэд урамшуулал олгох гэж байна гэсний дагуу ирж буй мэдээлэл нь дөрөв дахин өссөн. 4200 мэдээлэл өчигдөр ирчихээд байна.

-Тухайн гомдол мэдээллийг өгсөн хүмүүст урамшууллын 20 хувийг олгоно гэсэн нь үнэн үү?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг үнэн бодитоор өгсөн хүнийг 20 хүртэлх хувиар урамшуулж болно гэсэн заалттай. Энэ заалтын хүрээнд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шинж чанараас хамаараад зөрчил болгонд өөр өөр төрлийн торгууль ногдуулдаг. Тэгэхээр хэрвээ 20 мянган төгрөгийн торгууль ногдуулбал 4000, 50 мянган төгрөгийн торгууль бол өсөөд явна шүү дээ. Хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг гарчихсан. Ажлын хэсэг үүн дээр ажиллаж байна. Тогтоол хараахан батлагдаагүй байгаа. Батлагдаад мөрдөгдөөд эхлэх юм бол энэ мөнгийг өгөх бололцоотой гэж үзэж байгаа.

-Тухайн урамшууллын мөнгөө уг аппликэйшнд бүртгүүлсэн дансаараа авна гэсэн үг үү?

-Одоогоор сайн мэдэхгүй байна. Журам нь дөнгөж боловруулагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгч чадахгүй. Ямар ч байсан Хууль зүйн яам журмыг боловсруулахаар ажиллаж байна. Журам Сангийн яаман дээр очоод батлагдаад гараад ирвэл нарийн мэдээллийг өгөх болно. Яг нарийн процедур ажиллагааг нь сайн мэдэхгүй байна.

-Одоогоор сошиал орчинд яригдаад байгаа шиг урамшуулал орсон тохиолдол байхгүй юм байна. Тийм үү?

-Байхгүй. Нэг ч хүн аваагүй гэв.

Энэхүү үйл ажиллагаа хууль зүйн талаасаа боломжтой эсэхийг хуульч О.Бэлгүүнзаяагаас тодруулахад “Хүн бүхэнд гомдол мэдээлэл гаргах эрх нь нээлттэй. Зогсоолын асуудал хэцүү ч хүрэлцээгүй гээд зөрчил гаргаад байх нь буруу л даа. Зогсоолгүй ч гэсэн дүрмээ биелүүлэх ёстой. Нэгэнт батлагдсан хууль, журам байгаа болохоор түүнийг зөрчиж болохгүй. Зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар хариуцлагаас чөлөөлнө гэж байхгүй. Үүнийг зохицуулах нарийн эрх зүйн орчин ч манайд байхгүй” гэсэн хариултыг өглөө.

Уг аппликэйшнийг хэрэглэдэг хэрэглэгчээс дараах тодруулгыг авсан юм. Иргэн Т ярихдаа “Би уг аппликэйшнийг 2021 онд татаж авч байсан. Энэ хугацаанд хэд хэдэн гомдол мэдээлэл гаргасан. Гаргасан гомдлын талаар мэдээлэл авсан тухай хариу мэдэгдэл ирдэг. Мэдэгдэл ирсэн зөрчлүүд дараа нь засагдсан, сайжирсан байдаг. Хүн амьдарч байгаа орчиндоо тохитой тухтай байхыг хүсдэг. Өчигдөр (уржигдар) цахим

орчинд шуураад байсан шиг урамшуулал авах гэж би уг аппликэйшнийг татаагүй. Байгаа орчноо зөрчилгүй, асуудалгүй болоосой л гэж хүссэн. Хүмүүсийн яриад бичээд байгаа шиг урамшуулал авч үзээгүй. Энэ аппликэйшнийг зөрчил мэдээллийн талаар статистик мэдээлэл авах боломжтой. Замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдээллүүд байдаг. Ашиглаад сурчихвал олон талын ашигтай. Гэхдээ зарим хүмүүс нэгнийгээ матлаа, 4000 төгрөгөөрөө цадаарай гэсэн сэтгэгдлүүд нэг бус удаа бичсэн байна лээ. Тэр 4000 төгрөгөндөө биш л дээ. Өөрийнхөө гэр бүл, ойр тойрны хүмүүсээ тавтай орчинд зорчоосой гэсэндээ л энэхүү аппликэйшнийг ашиглаад зөрчил дутагдлыг мэдээлдэг болсон. Түүнээс нэг жил гаруй хугацаанд ашиглахад нэг төгрөгний урамшуулал авч байгаагүй гэдгээ л хэлье. Хүмүүс зөрчил гаргахгүй бол заавал гомдол санал гаргаад байх шаардлагагүй шүү дээ” гэв.

Categories
гадаад мэдээ

Яньяны нисэх буудлаар Өмнөд Солонгост очсон Вьетнамын 100 жуулчин сураггүй алга болжээ DNN.mn

БНСУ-ын Жэжү, Яньяны арал руу визгүй зорчиж эхлэх хугацаа тодорхой болоогүй  байна | iSee.mn

Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын зүүн хойд Ганвон мужид аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Яньяны олон улсын нисэх буудлыг Филиппин, Индонез, Вьетнам, Монголын бүлэг жуулчдыг 15 хоногийн хугацаанд визгүй нэвтрүүлдэг боомт болгосон билээ. Бүлэг жуулчдын аяллыг тусгай сонгон шалгаруулалтын нөхцөлийг хангасан байгууллагууд зохион байгуулж байгаа.

Тэгвэл энэ шугамаар тус улсад очсон 100 орчим жуулчин сураггүй алга болж, холбоогоо тасалсан тухай Вьетнамын гадаад хэргийн яам энэ долоо хоногийн Мягмар гарагт мэдээлсэн байна.

Эдгээр жуулчдын аяллыг зохион байгуулсан компанийн тусгай эрхийг цуцалжээ.

Сөүл дэх Вьетнамын элчин сайдын яам сураггүй алга болсон жуулчдыг эрэн сурвалжлахад Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Бас цаашдаа дахин ийм үйлдэл гарахаас сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Жуулчдыг тээвэрлэн авчирсан Fly Gangwon агаарын тээврийн компани дээрх асуудлыг шийдэгдэх хүртэл Вьетнам чиглэлийн нислэгээ түр зогсоож байгааг вэб хуудсаараа мэдээлсэн байна.

Тус компани аравдугаар сарын 14-нд Вьетнамын Ханой, Хо Ши Мин чиглэлийн нислэгүүдээ нээснээс хойш 18 хуваарьт нислэг, зургаан тусгай үүргийн нислэг үйлдээд байжээ.

Яньяны визгүй аяллын хөтөлбөр 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсний дараа үр дүнгээс хамааран цааш үргэлжлэх эсэх нь шийдэгдэх юм.

Эх сурвалж: Korea Times

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар ЦЕГ-аас 50, АТГ-аас 5 хэргийн мэдээлэл ирүүлсэн DNN.mn

Сайд нараас Х.Нямбаатар хамгийн олон Ажлын хэсэг ахалжээ

Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Сайд Х.Нямбаатар “Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас таван хэрэг, Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн.

Харин прокурорын байгууллагаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзсан ч саяхан буюу 30 минутын өмнө тус байгууллагатай зөвшилцсөнөөр хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр зөвшөөрөгдсөн хүрээнд явцын мэдээллийг өгөхөөр боллоо” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Categories
мэдээ цаг-үе

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

ҮХЦ-д эхний жилүүдэд 20 гаруйхан өргөдөл ирдэг байсан бол одоо өдөрт 2-3  болж нэмэгджээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товложээ.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг аравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон ОХУ-н Буриад, Тува, Халимаг улсын аялал жуулчлалын 280 орчим бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллага оролцож, аяллын бүтээгдэхүүнээ санал болгох юм.

“Шинэ сэргэлт- Аялал жуулчлал” уриан дор болох тус олон улсын үзэсгэлэнг угтаж аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн “Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, “Турк аяллын компаниудын бизнес уулзалт” болно. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сургалт хамтын ажиллагааг танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Золбоо: Хятадын шинэ засгийн Монголтой харилцах бодлогод зарчмын өөрчлөлт гарахгүй DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-Хятадын коммунист намын их хурал олон улсын анхаарлыг татдаг том үйл явдал. Хятадын шинэ засаг Монголд ямар бодлого явуулах бол. Хэр найзархаг юм уу дайсагнасан байдалтай байх вэ?

-Судлаачийн хувьд өөдрөгөөр харж байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг даа. Манай хоёр талын харилцааг найзархаг, дайсагнасан гэж төсөөлөхөөсөө илүүгээр хэн хэнд маань мөнхийн эрх ашиг гэж байдгийг мартаж болохгүй. Цар тахлын хүндрэлийг даван туулсны дараагаар бидний харилцаа өмнөхөөсөө ч илүү түвшинд гарна гэдэгт найдаж байна. Гүйцэтгэх засаглалын хүмүүс нь солигдсон ч төрийн, тэр дундаа гадаад бодлогод нь зарчмын өөрчлөлт тэр бүр ороод байдаггүй нь дорнын улс орнуудын түүх, соёлтой холбон тайлбарлаж болох юм.

-Саяны хурлаар бараг Си Жиньпинээс бусад нь солигдох шиг боллоо. Си Жиньпин манай улсад айлчлахдаа “Хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжинө” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан. Түүний энэ амлалтыг одоогийн шинэ засгийн бүрэлдэхүүн хэрхэн биелүүлнэ гэж харж байна вэ. Шинээр томилогдох Гадаад хэргийн сайд нь манай улстай баримтлах бодлого нь ямар байх бол?

-Улс төрийн хорооны бүрэлдэхүүн насны хувьд арай залуужиж, талаас илүү хувь нь шинэчлэгдсэн байх. Си Жиньпиний манай улсад айлчлахдаа УИХ-ын индэр дээрээс хэлсэн уриалга бол хий хоосон зүйл биш байх аа. Ерөнхийдөө их гүрнүүд өөрсдийн хил залгаа юм уу, эрх ашиг байгаа улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, тогтвортой байдлыг хадгалахыг хүсдэг нь ажиглагддаг. Түүнээс гадна уламжлал, шинэчлэлийн асуудал байгаа тул эрс тэс, өөр бодлого явуулна гэж байхгүй. Тиймээс ямар ч хүн Гадаад хэргийн сайд болсноор манай хоёр улсын харилцаанд зарчмын өөрчлөлт гарахгүй гэдэгт найдаж байна. Аль ч талд харилцааны хүрсэн түвшнээ ахиулах хүсэл сонирхол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Таван жилд нэг удаа болдог энэ удаагийн ХКН-ын хурлаар тус улсын Гадаад хэргийн сайд тушаал дэвшиж Улс төрийн хороонд сонгогдлоо. Тэрбээр “Дайчин чонын дипломат арга барил”-ыг хөгжүүлсэн нь ингэж үнэлэгдсэн гэжээ. Яагаад ийм бодлого гаргах болов. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Их гүрний улс төрийн томоохон үйл хэрэг тул бүх дэлхийгээрээ л анхааран ажиглалаа. Дипломат албаны арвин туршлагатай, хамгийн гол нь 2013 оноос Гадаад хэргийн сайдаар тасралтгүй ажилласан Ван И Төрийн зөвлөлд, албан тушаал ахихаар болсон нь нэг талаасаа түүний хийж гүйцэтгэсэн ажилд өгсөн үнэлгээ болов уу. Таны асуултад дурдсан “Дайчин чонын дипломат бодлого” гэсэн нэр томьёоны хувьд бол арай өөрөөр тайлбарлаж болмоор санагдаж байна. Яг ийм нэртэй бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн үү гэдэг чинь л өөрөө асуулт шүү дээ. Би нэр томьёоны хувьд л ярьж байгаа шүү. 2015 онд анхны анги нь дэлгэцэнд гарсан “Дайчин чоно” (Wolf Warrior 战狼) нэрт, зодоонт төрөлд багтдаг Хятадын уран сайхны кинотой холбодог юм билээ. Харин улс төрийн хэрэглээнд орсныг бол 2020 оноос эхтэй гэж судлаачид хэлдэг. Тухайлан, цар тахлын дэлгэрэлтийн эхэн үеэс гэж үзээд байх шиг. Тэрнээс биш Хятадын төр засаг, дипломат бодлогодоо албан ёсоор хэрэглэж байгаа томьёолол биш. Энгийнээр жишиж хэлбэл манай “Гуравдагч хөрш”-ийн бодлоготой адилтгаж болно гэх юм уу даа. Гадны судлаач, улстөрчид биднээс сонирхоод, асуугаад байдаг бие даасан баримт бичиг байхгүй шүү дээ. Харин гарал үүслийн хувьд өрнөдийн судлаач, сэтгүүлчид хятад киноны нэрээр төлөөлүүлж анх хэрэглэсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй байх. Тиймээс цаг хугацааны хувьд энэхүү томьёоллыг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор санагдаж байна.

-Бээжинг дагахгүй байгаа улсуудад шахалт үзүүлэх бодлого гэж олон улсад зарлаж байсан шүү дээ. “Дайчин чонын бодлого”-ыг аль, аль улсад хэрэгжүүлсэн бэ?

-Олон улсад зарласан гэдэг нь ямар утгаар хэрэглэхээс л болох байх. Өмнө хэлсэнчлэн Хятадын төр засаг, дипломат албаныхан албан ёсоор зарлаж, мөрдөж эхэлсэн бодлого биш учраас дэлхийн ямар улсуудад хэрэгжүүлсэн гэдгээр ярих боломжгүй. Түүнээс гадна олон улсын тавцанд Бээжингийн засаг захиргаатай сөргөлдөж байгаа улс орон тийм олон биш, тиймээс шахалт үзүүлэх бодлого гэж тайлбарлах нь бүр ч боломжгүй.

-Та дээр “Цаг хугацааны хувьд өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор” гэлээ. Хятадын энэхүү гадаад бодлогын эерэг болон сөрөг тал нь юу вэ. Тэд өөрсдөө энэ бодлогоос ямар үр дүн хүлээж байгааг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Цаг хугацааны хувьд л зарчмын гэж хэлж болохоор ялгаа гарсан учраас 2020 оноос хойших Хятадын гадаад бодлогын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж байж л тайлбарлаж болох байх. Таны асуусанчлан судлаачийн хувьд л хариулж чадахаар байна. Цар тахлын дэгдэлтийн эхэнд өрнөдийн улс орнууд Хятадыг буруутгаж эхлэх үеэс Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчид улс орныхоо байр суурийг тайлбарлахдаа хэрэглэсэн үг хэллэг, биеийн хэлэмжийг хэлж эхэлсэн байдаг. Албан мэдэгдлүүд нь өмнөх үеэс ялгаатай болсонд маргах шаардлагагүй.

-Тэгвэл энэ нэрлэгдээд байгаа “Дайчин чонын бодлого” манай улсад хэрхэн нөлөөтэй вэ?

-Цар тахлын үеийн эхнээс өнөөг хүртэл манай хоёр талын харилцаа бусад улс орнуудтай харьцуулахад илүү сайн хөгжиж ирснийг та бид мэднэ дээ. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийн “Гучин мянган хонь”-ны дипломат үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж түүх болон үлдсэн. Хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тасралтгүй үргэлжилсээр ирлээ. Мэдээж хэрэг Хятадын төрөөс баримталсаар байгаа “Тэг Ковид” бодлого эдийн засаг, санхүүгийн хувьд бусад улсуудын адил бидэнд ч хүндээр туссаар байна. Бараг л таны асуудаг нэртэй нь холбогдуулж бодсон ч “Чоно үүрэндээ өлзийтэй” гэж үгээр егөөдөн тайлбарлаж болох юм шиг.

-Ер нь ардчилсан орнууд Хятадын коммунист намын дайчин чонын бодлоготой нүүр тулахад дипломат харилцаагаа хадгалсаар байх уу?

-Зөвхөн ардчилсан ч гэлтгүй бүх л улс орнууд цаашид Хятадтай тогтоосон харилцаагаа хэвийн хадгалахыг зорих биз. Яг үнэндээ бол гадныхны өгсөн сүржин нэрнээс болоод зарчмын ялгаа өөрчлөлт гарахгүй болов уу. Зарим судлаачдын бичиж байгаагаар өмнөх үеийнхнээс хавьгүй залуу, шийдэмгий түшмэд төрийн албанд гарч ирснээр тэднийг “Си-гийн дайчин чононууд” гэх болсон хэмээн ярих нь ч бий. Зарим хятад дипломатчын мэдэгдэлд олон улсын харилцаанд чоно шиг тоглогч олон болсон тул бид чоно шиг байж хариуг нь өгч яагаад болохгүй гэж хэлсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Манай улс Чех улс руу 19.42 мянган ам.долларын сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ DNN.mn

Хуурамч 100 ам.доллар илэрчээ – updown.mn

Манай улс Чех улс руу энэ оны эхний 10 сарын байдлаар 19.42 мянган ам.долларын сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ.

Харин импортоор 3.2 сая ам.долларын тээврийн хэрэгсэл, сэлбэг, эд анги, том оврын автомашин, цахилгаан бараа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан байна.

Энэ талаар МҮХАҮТ-д болсон Монгол-Чехийн бизнес уулзалтын үеэр мэдээллээ. Уулзалтаар хоёр тал цаашид худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэхээ илэрхийлсэн юм.Ингэснээр хоёр орны бизнес эрхлэгч нарт хамтын ажиллагааны боломжийг нээж өгнө гэдгийг тодотголоо.

Бизнес уулзалтыг хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Чех улсын ЭСЯ, МҮХАҮТ, Чехийн Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан юм.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Монгол, Чех улс найрсаг, хамтын ажиллагаатай орон гэдгийг тодотгож, худалдаа, тээвэр логистик зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаа ямар нэгэн саад тотгор, асуудалгүй үргэлжилж байгааг тэмдэглэсэн юм. Тэгвэл БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны Ашигт малтмалын бодлогын хэлтсийн дарга Ярослав Райф Монгол Улстай олон талаар хамтран ажиллах боломжтойг дурдав. Тухайлбал түүхий эдийг олборлох, боловсруулах, нөхөн сэргээлтэд Чехийн өндөр технологиудыг ашиглах боломжтойг онцоллоо.

Бизнес уулзалтад Чехийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, тээвэр логистик, химийн салбар, архитектор зураг төсөл, нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгийн системийн хөдөлгөөний хяналтын системийн үйлдвэрлэгч, барилга бүтээн байгуулалтын төслийн зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, хүний нөөц, экспортын даатгал зэрэг салбарын 10 аж ахуй нэгж, Монголын талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Балжмаа: Цагдаа хүчилбэл өмгөөлөгч авах эрхтэйгээ хэлээд гараад явчихаж болно DNN.mn

Өмгөөллийн “Сноу Хилл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжмаатай ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг өг гэж дуудахад ямар хуулийн заалтын дагуу энэхүү мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох вэ?

-Нэгдүгээрт, цагдаа дуудахаар очих ёстой. Очихдоо гэрчээр мэдүүлэг авна гэвэл мэдүүлэг авах цагдаа эхлээд гэрчийн эрх, үүргийг танилцуулна. Эрүүгийн хуулийн дагуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрвээ худал мэдүүлэг өгвөл та хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалтуудыг танилцуулна. Түүнтэй маш нарийн танилцах ёстой. Аль заалтаар худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээх үү, аль заалтаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох вэ гэдгийг заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэрчийн эрх, үүрийг 9.6-д заасан. Тэрхүү заалтыг танилцуулахаар түүн дотор таны өөрийн чинь эсрэг мэдүүлэг авах гэж байгаа бол та өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж болох хуулийн заалт бий. Тэр эрх үүргийг танилцуулж байх явцад хүмүүс нарийн танилцалгүй гарын үсэг зурчихаад байдаг. Түүнийг нь цагдаа нар ч нарийн танилцуулалгүй та энд гарын үсгээ зур, тэгээд мэдүүлгээ өг гээд байдаг. Тэгэхгүйгээр тэрхүү цаасыг нь ар өвөргүй бүгдийг нь уншаад, 9.6.6-д сая миний хэлсэн заалтууд бичээтэй байх ёстой. Тэр заалтын дагуу би ямар нэгэн хэрэгт буруутгагдаж, сэрдэгдэж байгаа бол гэрчийн мэдүүлэг өгөхгүй. Өмгөөлөгч аваад гэрчийн мэдүүлэг өгье гэж хэлж болно. Тэгэхэд цагдаа дургүйцэж хүчилсэн ч өөрийнх нь эрхийн асуудал учраас өмгөөлөгч авах эрхтэйгээ хэлээд гараад явчихаж болно. Тэгэхээр цагдаа тайлбарлаад гарын үсгээ зур гэдэг. Хоёрдугаарт, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгч болно. Чамайг гэм буруутай гэж үзээд, сэжигтнээр татах гээд байгаа бол миний хийсэн хэргийг бүгдийг нотолчих, тэгээд намайг яллагдагчаар татчих, тэр үед чинь би мэдүүлэг өгье гэдэг тайлбараа өгч болно.

-Гэтэл одоо тэр эрхийг нь тайлбарлахгүй мэдүүлэг хүчээр аваад байх шиг?

-Одооны мөрдөгчдийн арга барил нь эхлээд та үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, мэдүүлгээ өгчих гээд нэг их аятайхан харилцаад асууна. Тэгэхээр нөгөө хүн нь гэрчээр гэсэн юм чинь гээд санаа нь амраад, гэрчийн мэдүүлэг өгөөд явж байтал хоёр сар, гурван сарын дараа гэрчийн мэдүүлэг дээр нь үндэслээд яллагдагч болгоод, шүүх рүү шилжүүлээд шүүгдэгч болгоод байдаг. Үүн дээр хэд хоногийн өмнө Дээд шүүхээс эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол гаргасан байсан. Хэрвээ ийм мэдүүлгээр хүнийг яллаж байгаа бол ялангуяа өмгөөлөгчгүй өгсөн гэрчийн мэдүүлгээр тухайн гэрчийг яллагдагч болгоод шүүх рүү шилжүүлж байгаа бол энэ нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байхаар практикт тусган, хуульчид хармаар байна гэдэг зүйл яригдаад байгаа юм байна лээ. Энэ маш зөв асуудал. Мөрдөгч өрөөн дотроо л сууж байгаад тухайн гэрчээр өөрөөр нь хамаг зүйлийг нь яриулаад, тэр гэрчийн мэдүүлэг дээр үндэслээд бүх ажиллагаагаа хийчихээд байгаа юм. Зүй нь хэрвээ намайг буруутгаж байгаа бол гадуур камерын бичлэг шүүнэ. Өөр бусад гэрчээр, шинэ нотлох баримтуудаар миний гэм буруутайг хангалттай нотолсон хойноо таны эсрэг ийм ийм баримтууд бүрдчихлээ. Та ирээд яллагдагчаар мэдүүлэг өгнө үү гэх ёстой. Гэтэл энэ ажлаа хөнгөвчлөөд хуулийн цоорхойг ашиглаад, ийм байдлаар гэрчээр мэдүүлэг аваад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр буруутгагдаж байгаа этгээдийг эхлээд гэрчээр мэдүүлэг ав гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Тэгэхэд энэ заалтыг цагдаагийн байгууллагын дотоод сургалт судалгаагаар заадаггүй юм уу, эсвэл мөрдөгчид нь ийм зальтай болчихсон юм уу хэрэгжүүлэхээ больсон. Мэдээж хүн болгон эрх зүйн туслалцаа аваад байх боломжгүй. Өөрсдөө бас хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас болоод ийм байдал үүсээд байдаг. Тэгэхээр энэ хоёр аргаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаад явж болно гэсэн үг.

-Би өөрийнхөө болон ойр дотны хэн нэгний эсрэг мэдүүлэг өгөхөөс бас дээрх үндэслэлүүдээр татгалзах уу?

-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн эрх үүргийг нарийн заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 9.6 дахь заалтад дээр дурдсан бүх зүйлсийг заасан байгаа. Зүй нь бол гэрчээр мэдүүлэг авах гээд байгаа мөрдөгч, цагдаа нар наад хуулийн заалтуудаа бүгдийг нь цаасан дээр хэвлээд, мэдүүлэг өгөхөөр очсон этгээдэд уншуулаад, танилцуулаад эрх үүргээсээ асуух зүйл байна уу гэж асуух ёстой. Гэтэл ерөөсөө тэгдэггүй. Санд мэнд цаас өгсөн болоод наадхан дээрээ гарын үсгээ зур гэдэг. Нөгөөдүүл нь ч мэдлэггүйн улмаас юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй ар өвөргүй хоёр хуудас цаасан дээр гарын үсэг зурчихдаг. Тэгээд л зуруулчихаар ажиллагаа нь эхэлж байгаа юм л даа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэжигтэн гэх агуулгыг аваад хаячихсан. Зөвхөн гэрч л гэх агуулга яваа гэсэн. Үүнийг та тайлбарлаж өгөөч?

-Сэжигтэн гэдэг агуулгыг шинэчилсэн найруулгаар авч хаясан нь үнэн. 2002 оны хуулин дээр бол байсан. Сэжигтэн, яллагдагч, яллагч гээд. Одоо бол сэжиглэхгүйгээр түрүүний миний хэлсэн арга техникээр л боловсронгуй хуулийн заалтаар амархан, өөрсдийнхөө ажлыг хялбарчлаад л хуулинд оруулчихсан. Ер нь бол хүнийг гэм буруутай гэж үзээд шалгаж, буруутгах гэж байгаа бол өөр бусад нотлох баримтаар хангалттай тал бүрээс нь нотолчихоод дараа нь тэр хүнийг сэжигтэн болгоно уу, яллагдагч болгоно уу хамаагүй. Гэтэл одооны хуулин дээрээ ийм үг үсгийг хасчихаар шууд хүнийг сэжигтнээр байцааж болохоо байчихсан. Гэрчээр байцаах ёстой гэсэн муйхар ойлголттой л яваад байна. Уг нь бол сэжигтнийг хасч байна гэдэг нь сайжраад байгаа юм. Сэжигтэн гэдгийг хассан байдлыг би дэвшилтэт тал гэж харж байгаа. Гэхдээ хэрэглэх тал дээр нь үүнийг эсрэгээр нь ашиглаад байгаа.

-Гэрчээр мэдүүлэг авахын тулд прокуророос зөвшөөрөл авах ёстой юу?

-Прокуророос зөвшөөрөл авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэд хэдэн заалтууд байгаа. Гэрт нь нэгжлэг хийх, бичиг баримт хураан авах, өөр улсаас нотлох баримт авах зэрэг ажиллагаанууд нь прокурорын зөвшөөрөлтэй хийгддэг ажиллагаанууд. Гэрчээр мэдүүлэг авахын тулд зайлшгүй прокуророос зөвшөөрөл авна гэсэн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч гэдгийг хоёр өөр төрлөөр заасан. Нэг нь тухайн үйл баримтыг харсан байж болзошгүй, эсвэл түүнийг мэдэж байх боломжтой хүмүүсийг гэрч гэж үзээд байгаа. Нөгөө гэрч нь хэргийн газрын үзлэг, баримт бичиг дээр үзлэг тэмдэглэл хийх зэрэг үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг хөндлөнгийн гэрч гэсэн нэр томьёо байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжинням, Дашням давхацсан өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 3, эрхтэний тэнгэрт одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7:30 цагт мандан, 17:42 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Идэр, Тэс, Эг ,Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.