Categories
мэдээ нийгэм

​Л.Энх-Амгалан: 59 мянган дипломыг шалгахад 442 нь хуурамч байна DNN.mn

Л.Энх-Амгалан: Иргэд

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.

БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН “Сургууль цэцэрлэг, багш ажилтны дипломын асуудалд шалгалт хийсэн талаарх үр дүнг танилцуулъя. Өнгөрөгч онд Архангай аймагт хүүхэд зодсон багш дипломгүй байсан асуудал хөндөгдсөн. Иргэдээс ч гомдол санал ирдэг. Бид энэ шалгалтыг зургаан сарын хугацаанд хийлээ. Энэ шалгалтыг зогсоох, ажлын хэсгийн хүмүүсийг дарамтлах, мөн 400 гаруй хуурамч байж магадгүй гэсэн цаасан бичиг баримт яамнаас алдагдсан. Энэ амралтын өдрүүдэд бичиг баримт, компьютерын хард алга болсныг онцлох хэлье.

Энэ ажлын хүрээнд нийт 71 мянган дипломыг шалгалаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 59 мянган дипломыг шалгалаа. Өнөөдрийн байдлаар 442 хуурамч диплом илэрч, цаана нь 2000 сэжигтэй диплом байна” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголбанк наймдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны наймдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.6 тонн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48 хувиар өссөн үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.274.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 884.8 кг үнэт металл тус тус худалдан авсан аж.

зураг

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны найм дугаар сард дундаж үнэ 189,702 төгрөг байгааг Монголбанкнаас мэдээллээ. зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: С.Эрдэнэ, Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс цэрвээд байна DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.


-Намрын улс төр бужигнаад эхэллээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар давхар дээлтэй сайд нарын тоог нэмлээ. Уг нь ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирнэ гэж байсан боловч орхигдуулсанд нийгэм шүүмжлэлттэй хандаж байгаа. Харин танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Түүхэнд хамгийн муу ажиллаж, байр суурь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнээд байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхийн тулд УИХ-ыг сайдын суудлаар хахуульдлаа. Үндсэн хуульд ганц өгүүлбэр хасч, ганц амьсгаагаар засвар оруулаад гишүүд бөөн бөөнөөрөө сайд болох боломжийг нээлээ. Процессийн олон алдаа гаргаж, туйлын муу жишиг тогтоолоо. Үндсэн хуулиа хамгаалах ёстой Цэц нь Үндсэн хуулийг хүчирхийлэх үүдийг нээж, УИХ-аас ээлжит бус чуулган яаран зарлаж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль зэргийг бөөндөж засаад, нэг өдрийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихсан.

Үндсэн хууль бол ард түмний гэрээ болохын хувьд заавал ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, судалгааны шат дамжлага, хууль тогтоох байгууллага дээрх олон шатыг дамжих ёстой байтал үүнээс хойш Үндсэн хууль, органик хууль хоёр бараг ялгаагүй боллоо. Таны хэлээд буй ҮХНӨ-ийн бусад зарчмын чухал асуудлууд цаашид явах эсэх нь тодорхойгүй болчихлоо. Сандал ширээний төлөө хийдгээ хийчихсэн улс.

-Эрх баригчид намын дотоод асуудал нэлээд ээдрээтэй байгаа бололтой. МАН-ын генсекийн суудлын төлөөх марафонтой зэрэгцэн М.Энхболд улс төрд эргэн ирснээ зарлав. Улстөрч хүний хувьд МАН-д өрнөж буй үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өөрийн намын асуудлаа яая гэж байж МАН-ын асуудлыг дүгнэх нь ч хаашаа юм. Гэхдээ анх “Шударга 5” гишүүн, одооны Ерөнхий сайд, хууль зүйн сайд зэрэг нь гарч ирээд учиргүй намаа ч шинэчлээд, Монголын нийгмийг ч хөгжүүлнэ, жаргаана гэсэн. Эсрэгээрээ болсон. Тиймээс нам доторх бусад фракц, жигүүрүүд нь зүгээр хараад суухгүй байгаа байх.

-Та саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг юу ч хийсэн нийгэм хүлээж авахгүй” гэжээ. Энэ үгийг юу гэж ойлгох вэ. Яагаад ийм итгэл үнэмшилгүй болчихов?

-Ардчилсан нам үндсэн асуудлаа шийдэхгүй бол сөрөг хүчний ажлаа хийх боломжгүй болчихоод байна. Үндсэн асуудал гэдэг нь “албан ёсных нь аль юм бэ” гэдэгт эцсийн хариу өгөх. Өөрөөр хэлбэл, намын дараагийн даргыг Дээд шүүх дээр бүртгүүлэх. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл бусад бүх дагавар хэрүүл маргаанд цэг тавигдаж, зохион байгуулалтаа жигдрүүлээд, цоо шинэ баг гарч ирж, намын дотоод шинэчлэлийн болон улс орны хөгжлийн бодлогуудаа зарлаад, түүн дээрээ ажиллаад явах боломжтой болох юм.

Уг нь “С.Эрдэнийн” гэдэг тодотголтой тал нь албан ёсны юм. Тийм ч гэж үзсэн учраас би сунгаанд оролцсон. Өнөөдөр манай генсек Ч.Өнөрбаяр аливаа төрийн байгууллагатай албан ёсоор харилцаж, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж, УДШ дээр намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлээд ирсэн. Энэ бүхэн энэ талдаа нам албан ёсны гэдгийн маш тодорхой баталгаа юм. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар дүрмээрээ хариуцлага хүлээж огцорсон С.Эрдэнэ дарга намын дүрэм доторх зөрчилтэй байдлыг ашиглаад, мөн намын даргаар хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байгаа нь дүрмийн явж байгаа зүйлийг дүрмийн бус болгочихоод байна. Намын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс, залуучууд цэрвээд байна. Байгаа хэд нь хэд гурван талд учраа олохгүй байна.

-АН-ын төв аппарат төдийгүй доторх байгууллагууд нь бүгд хоёр хуваагдчихлаа. Энэ намын ирээдүйн лидерүүд болох залуус та бүхэн намаа эвлэрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. “АСЕМ ВЕЛЛА”-д АН-ын залуус хуралдаж, шийдэл ярьцгаая гэж байсан. Өчигдөр гэхэд Төрийн ордонд “Цугтаа хэлэлцье” гээд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Гол нь үр дүн байна уу?

-Уулзаж цуглах, ярилцах нь зөв. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг явуулъя гэдэг дээр бүгд нэг талдаа гараад нэгдчих хэрэгтэй. Харин зүгээр нэг бид нар хүчтэй шүү, даацтай юм хийж байгаа шүү, санаачилга алдаагүй байгаа шүү гэж бусдадаа харуулах гэсэн рекламны зорилготой уулзалтуудыг мянга хийгээд үр дүн байхгүй. Тиймээс өөр өөрсдийн амбицыг хаяад их зөвшилцөл рүү явмаар байгаа юм. Би ч бас “сонгогдсон намын дарга” гээд зүтгэвэл зүтгэчих хүн, өнөөдрийг хүртэл хэрүүл дээр тос нэмээд яахав гээд объектив байдлаар хандахыг хичээж ирлээ.

-Танай намын залуус “ах нар”-аасаа яаж салъя гэж бодож байна вэ. “Ах нар”-ын заавраар тэдний эрх ашгийн тулааны төлөө өмнөөс дуугарч, үзэл бодлыг нь олон нийтэд мэдээлдэг баймааргүй байна шүү дээ. Ардчилсан намын залуус өөрчлөлт шинэчлэлийн салхийг хагалах болоогүй юу?

-Хүнийг насаар нь ялгаварлах, тэтгэвэрт гаргана гэх нь ялангуяа улс төрд бол зохимжгүй. Спорт бол одоо яая гэхсэн. Намд үзэл санаагаар нэгддэг тул хөгшин залуу гэлтгүй тэр үйл хэргийнхээ төлөө явж байхад болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл “ах нар” гай болоод байгаа юм байхгүй. Өнөөдөр хуучны лидерүүд маань саналаа хуваалцах үедээ хуваалцаад, зөвлөх үедээ зөвлөөд явж байна.

Харин дээр хэлсэн хоёр хүний тухайд бол дүрмийн ойлгомжгүй байдал, өөрсдийн тогтоосон эрх дарх, хүрээлэлдээ дулдуйдаж, намын дүрэм, байгууллагын соёлыг уландаа гишгэж байгаатай бүгд нийлээд тэмцэх ёстой юм. Үүн дээр ер нь нийтээрээ санал нэгтэй байгаа. Өнөөдрийг хүртэл “яг хэзээ вэ?” гэдэг дээр өөр өөр байр суурьтай байсан юм. Жишээ нь С.Эрдэнэ бол энэ 21 онд багтаагаад намын даргаа өгчихнө гэсэн худал болсон, энэ жилийн наадмаар шинэ баг бүрэлдэхүүн ажиллаж байна гэсэн байхгүй, саяны наймдугаар сард өгнө гээд л ярьж байсан. Одоо ч хэвээрээ, “би байхгүй бол Женко орж ирнэ” гэж хэлдэг нэг аргатай. Манай зарим нөхөд хэлсэндээ хүрчих байх гээд хүлээзнээд байсан. Одоо эрхбиш цаг нь болжээ.

-Он гарангуут 2024 оны сонгуулийн уур амьсгал орно. АН энэ янзаараа байвал сонгуульд ялагдах нь тодорхой. Улс орны өнөөгийн амьдрал хүнд байхад сөрөг хүчний байж байгаа царайг хар даа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг бид бэлхнээ харж байна шүү дээ?

-Үндсэн асуудлаа шийдчихвэл АН хурдан босч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Нийгмээс ч хүлээлт асар өндөр байна.

-Ингэхэд С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүнээ жин дээр тавиад бүх гишүүдээ оролцуулсан санал хураалт явуулж, шинэ даргаа сонгочихвол гомдолгүй юм биш үү. Тэгэхгүй бол шүүхийн шийдвэрийг өөр өөрийнхөөрөө тайлбарласан маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилнэ биз дээ?

-Тэгж бодох амархан. Гэтэл намын даргын бүртгэл Улс төрийн намын хууль болоод, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу аваад үзэхээр яалт ч үгүй адармаатай болчихоод байгаа юм. Үндсэн дүрэм дээр зөрчилтэй заалтууд байсан, мөн түүнээс болж ойлгомжгүй нөхцөл байдал ар араасаа үүсч хуримтлагдсан учраас хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхэд хүнд болчихоод байна л даа. Гэхдээ гарц гаргалгаа бий. Бид ч ажиллаж байна. Шулуухан хэлэхэд, уул нь “С.Эрдэнийн” гэж байгаа талаас дараагийн намын даргаа дээд шүүхэд бүртгүүлэхээр өгвөл ер нь тэгээд шийдэгдчихнэ. Гол нь огцорсон даргад өөр сонирхол яваад байгаа юм болов уу гэж хардаж байна. Ойр хүрээнийх нь хүмүүс “энэ чигээрээ 24 он хүртэл явсан ч яадаг юм” гэж чухал хурал дээр ам алдчихаж байсан. Намын аль нэг шатны даргын байр суурийг бизнес болгодог завхарсан жишээ олон. Гэхдээ би өөдрөг байгаа, бид илүү сайн ажиллах ёстой.

-Дайныг эсэргүүцсэн “NoWar” жагсаалын үеэр “Восток” цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн иргэд цагдаа нарын дунд үл ойлголцол болсон. Энэ үеэр Японы төрийн далбааг цагдаа нар урж тасддаг нь ямар учиртай юм бэ?

-“Восток 2022” цэргийн сургуулилтын явагддаг байршлуудын хоёр нь Японы хувьд эмзэг цэг болох Куриллын арлууд дээр байгаа юм. Угаасаа Украины дайнаас улбаалаад цэрэг дайны аливаа ажиллагаанд дэлхий нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байгаа цаг үед ОХУ-тай хамтарсан хээрийн сургуулилтыг удаа дараа хийгээд байх нь зөв үү гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Тэр дундаа ардчилсан Монгол Улсын жилүүдэд хамгийн том хандивлагч байсан, иж бүрэн стратегийн түнш болох Японы ард түмэнд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй тун эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоно гэдэг маш том хариуцлагын асуудал. Үүнийг эсэргүүцсэн плакат цаасыг том самбар дээр наасныг цагдаа нар хуулж авсан. Учиргүй Японы далбааг ураагүй ч, тэр плакатанд японоор бичсэн “дайныг эсэргүүцэж байна” гэсэн бичиг, Японы төрийн далбаа зэрэг байсан юм.

Categories
гадаад мэдээ

Л.Трасс Их Британийн эрх баригч намын даргаар сонгогдлоо DNN.mn

Лиз Трасс ерөнхий сайдад нэр дэвшинэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч Консерватив намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Борис Жонсоны халааг авч, Ерөнхий сайдын албыг хашихаар болж байна.

Б.Жонсон хэд хэдэн дуулиан шуугианд холбогдсоныхоо дараа долоодугаар сард огцорно гэдгээ мэдэгдэж, улмаар эрх баригч намын шинэ даргын өрсөлдөөн эхэлсэн юм. Орон даяарх намын гишүүд шуудан болон цахим хэлбэрээр саналаа өгчээ.

Ийнхүү Л.Трасс намын дотоод сонгуулийн сүүлийн шатанд 81 326 санал авснаар тэргүүлсэн бол Сангийн сайд асан Риши Сунак 60 399 саналаар удаалсан байна.

Өдгөө 47 настай Л.Трасс 2010 онд анх парламентад сонгогдож, түүнээс хойш байгаль орчин, хууль зүй тэргүүтэй сайдын албан тушаалыг хашжээ. Мөн Б.Жонсоны Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчийн хувиар 2020 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сараас Гадаад хэргийн сайдын албыг хашиж эхэлсэн тэрбээр Оросын эсрэг тууштай зогсож, Украиныг дэмжиж, довтолгоо эхлэхээс өмнө Москвад хориг арга хэмжээ авчээ.

Л.Трасс инфляц түүхэн дээд түвшинд хүрээд байгаагаас гадна Орос, Украины дайн өрнөж буй энэ үед улс орноо удирдан залахад томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна.

Тодруулбал, Их Британид инфляцын түвшин 10 хувиас даваад байгаа бөгөөд иргэд эрчим хүч, хүнсний үнийн өсөлттэй нүүр тулгарч, янз бүрийн салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлаж байна.

Л.Трасс Их Британийн Ерөнхий сайдын албыг мягмар гаргаас хашиж эхэлнэ. Тэрбээр Маргарет Тэтчер, Тереза Мэй нарын дараагаар энэ албан тушаалыг хашсан гурав дахь эмэгтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсарсны дараах нөхөн сэргээлтийг хийжээ DNN.mn

дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн юм.

Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийсэн юм. 374 метр газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулсан байна.

Энэхүү бүтээн байгуулалтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохыг ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.

Шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 метр газар хийж гүйцэтгэн Park Villa, Sakura, Mandala хотхоны орц гарц, замд хийсэн сэтэлгээг засварлаж, асфальтан хучилт хийх нөхөн сэргээлтийн ажил дууссан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Буянбаатар: Үндэсний урлагийн их театрынхан энэ сарын 23-нд Парис хотод ЮНЕСКО-ийн төв байранд тоглоно DNN.mn

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.


-Үндэсний урлагийн их театр ямар ажилд төвлөрөн ажиллаж байна. Дотоодын болон гадны жуулчдад зориулсан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт тоглогдож байгаа юу?

-Үндэсний урлагийн их театр зургадугаар сарын 20-ны өдрөөс жуулчдад зориулсан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтоо уламжлал болгон тоглодог. Есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл тоглоно. Энэ жил жуулчин харьцангуй цөөн байлаа. “Тамгагүй төр” жүжиг тоглогдож байсан учраас Хүүхэлдэйн театрын бага тайзан дээр цөөн бүрэлдэхүүнтэйгээр тоглосон. Наймдугаар сарын 20-ноос үндсэн тайзан дээр үндсэн бүрэлдэхүүнтэйгээр орой бүр 18 цагаас тоглож байна. Хэдийгээр жуулчид цөөн байгаа ч монгол үзэгчид үзсээр байна. Үүний хажуугаар Үндэсний их баяр наадмын арга хэмжээ, саяхан болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Монгол Улсад гадны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид айлчилсан. Тэдэнд үндэсний урлагийн үйлчлэх үндсэн үүрэгт ажлаа ч биелүүллээ. Энэ зун наадмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч “Naadam night” арга хэмжээг зохион байгуулж Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглосон. Энэ жил үндэсний их найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зургадугаар сард Дуурь бүжгийн эрдмийн театрт “Glob­al mind” тоглолт хийсэн. Мөн БНХАУ-д магистрын зэргээ хамгаалаад ирсэн гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэнгийн бие даасан уран бүтээлийн тоглолтыг өөрийн байранд тоглолоо гэх мэт том, жижиг хэмжээний олон тоглолтод оролцон ачаалалтай ажиллаж байна.

-“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтыг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг юм бэ?

-Наадмын өдрүүдэд үзэгчид нэмэгдэж зарим үед өдөрт хоёр тоглодог. Өдөрт 200-300 хүн үздэг.

-Дараагийн тоглолт, төлөвлөгөөт ажил юу байна?

-Энэ сарын 19-нд Бүгд найрамдах Франц улсад болох “Монголын соёлын өдрүүд”-д 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор явах гэж байна. Энэ арга хэмжээ нь Монгол, Францын хамтын ажиллагааны хүрээнд Парис хотод болно.

Гол тоглолтоо энэ сарын 23-нд ЮНЕСКО-ийн төв байранд Монголын соёл урлагийн талаар ойлголт өгсөн гол тоглолтоо хийнэ.

-“Монголын соёлын өдрүүд”-д ямар уран бүтээлүүд тоглохоор төлөвлөж байна вэ?

-Уртын дуу, “Уяхан замбуутивийн наран”, “Их нүүдэл” найрал хөгжимд зориулсан бүтээл, хөөмий, нуман хуур, цуур гэх мэт бүтээл. Монголын язгуур өв соёл, онцлог бүтээлүүд эгшиглэнэ. Алдарт “Саальчин”, “Адуучин”, “Салхит шувуу” бүжиг зэрэг. Лимбэ, морин хуурын гоцлол, Алтайн магтаал гэх мэт дуу, бүжиг, хөгжмийн цогц хөтөлбөр боловсруулсан. Хоёроос гурван группт хуваагдаж тоглолтоо хийнэ. Энэхүү тоглолтод 20 хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, бүжигчид, дуучид оролцоно.

-Францад “Монголын соёлын өдрүүд” анх удаа болж байгаа юм уу?

-Тийм, Франц Монголын дипломат харилцаа тогтоосны тэгш ой ковидын үед болсон. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиолоо. Тэгш ойн жилүүдэд хөл, хил хориотой байсан. Үүний хүрээнд “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Цаашид Үндэсний урлагийн их театр соёлын өдөр болон аливаа дэлхийн томоохон арга хэмжээ, экспо, эдийн засгийн удирдагчдын уулзалт арга хэмжээнд цөөн болон олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсоор байна. Ээлжит гадаад арга хэмжээ гэвэл НҮБ-д Монгол Улс элссэний 60 жилийн ойн хүрээнд Монгол, Францын парламентын бүлгэмийн хамтын ажиллагааны хүрээнд соёлын өдрүүдэд оролцоно.

-Энэ онд өөр ямар тоглолтуудыг төлөвлөж байна?

-Франц явж ирээд Үндэсний найрал хөгжим үүссэний 60 жилийн ойн хүрээн дэх цуврал арга хэмжээнүүдээ үргэлжлүүлнэ. Ирэх сард Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчдийн тоглолт болно. Арваннэгдүгээр сард манай байгууллагын уламжлал болсон “Сэрсэн тал-38” тоглолт болно. Тэгэхээр “Сэрсэн тал” гэж бүтээл найрал хөгжимд зориулагдан эгшиглэснээс хойш 38 дахь жил тохиож байна гэсэн үг. Бид өнгөрсөн жил “Сэрсэн тал-37” тоглолтыг 50 хувийн суудал дүүргэлттэйгээр тоглосон. Мөн арванхоёрдугаар сард Үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ойн гол гала тоглолтыг хийнэ. Нөөц бололцоогоо ашиглан 60 жилийн түүхийг харуулсан баримтат кино хийхээр ажиллаж байна. Ингээд Үндэсний урлагийн их театрын хувьд өвөл цагийнхаа үйл ажиллагааг эхэлнэ.

-Өвөл цагийн үйл ажиллагаагаа ямар тоглолтоор эхлэх гэж байна?

-Үндэсний урлагийн их театрын урын сандаа олон сайхан дуулалт, бүжгэн жүжиг, концертын бүтээлтэй. Эдгээрээр өвөл цагийн үйл ажиллагаагаа эхлүүлж тоглолтуудаа хийнэ.

-“Сэрсэн тал-38” гэж байна. Энэ тоглолт ямар учиртай юм бэ?

-БНМАУ тунхагласны анхдугаар үндсэн хууль 1924 онд батлагдсан. Одоогоос 38 жилийн өмнө 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойн концертод зориулсан удиртгал хөгжим бичих захиалга өгсөн.

1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд одоогийн баруун дөрвөн зам дахь Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд их хурлуудын хүндэтгэлийн концертыг хийдэг байсан юм. 150 хүний бүрэлдэхүүнтэй, нэрт удирдаач Ж.Чулууны удирдлагаар хүндэтгэлийн ойд тоглогдсон юм. Б.Шарав багш амьд ахуйдаа бидэнтэй ярилцаж 30 дахь жилээс нь тэмдэглэж эхэлсэн. Энэ жил нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын мэндэлсний 70 жилийн ой тохиож байна. “Сэрсэн тал-38”-д Б.Шарав хөгжмийн зохиолчийн дуу, романс алдартай бүтээлүүд тоглогдоно. Б.Шарав багш үндэсний хөгжимд олон алдартай бүтээл хийсэн. Шанз, морин хуур, хуучир, ёочин, ятга гэх мэт. Жил бүр хөтөлбөр нь шинэчлэгдээд явдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

2022 оны 09 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ховдод гаднаас Засаг дарга томилдог нь зөв жишиг боллоо DNN.mn

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг гацаасан, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь халсан. Түүний оронд Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Болормааг Засаг даргаар томилох шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Уг асуудал өнгөрсөн хугацаанд багагүй дуулиан шуугиан болсны эцэст Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон юм.

Эрдэнэбүрэнгийн УСЦ бол Ерөнхий сайдын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй гол төслүүдийн нэг. “Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг гацаасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсыг хорлон сүйтгэх бусармаг ажиллагаа явуулсан гэх ноцтой хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа мэдэгдэж байгаа. Тиймээс Ховдын Засаг даргыг ажлаас нь чөлөөлж, шинэ сэргэлтийн бодлогын төсөл хөтөлбөрийг эдийн засгийн зүгээс нь хариуцан ажиллаж байсан гол зөвлөхөө Засаг даргаар томилуулж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил, мөн баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг болон тухайн бүс нутгийн хөгжил дэвшилд эргэлт гаргах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсан.

Харин олон нийт Э.Болормааг есөн шидээр хэлж, нийтийн сүлжээнд бах таваа хангасан. “Даргын охин л гэнэ, Ерөнхий сайдын хүүхэн л гэнэ”, за тэгээд нас хүйсээс нь аваад баян тарган гээд элдвээр доромжилсон. Түүний баруунд боловсрол эзэмшсэн, АНУ-ын Колумбын их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Дэлхийн банкны захирлын ажлын алба болон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн албанд мэргэжлээрээ ажиллаж байсан зэргийг нь ярихгүйгээр гэнэт баяжсан хүн мэтээр дайрцгаасан. Тэрээр Дэлхийн банктай өрсөлдөнө гэж байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалтын банкинд хүртэл ажиллаж байсан гэх.

“Миний хувьд 2014 онд магистраа төгсөөд Дэлхийн банкинд анхны залуу манлайлагчдыг шалгаруулдаг хөтөлбөрт нь 14 мянган анкетаас шалгаруулсан 10 гаруйхан хүний дунд багтаж чадсан” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн. Ийм л боловсролтой, чадалтай эмэгтэйг 96 саяын орлоготой, 2.1 тэрбумын орон сууцтай, дотоодын банкинд 160, гадаадын банкинд 510 саяын хадгаламжтайг нь гайхацгааж хэн хүнгүй “авлигач, хулгайч”-аар нь цоллох нь холгүй дайрцгаасан. Энэ мөнгө бол түүний хөдөлмөрлөж зүтгэж олсон хөрөнгө. Хэн өндөр боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөж зүтгэнэ, тэр хүн хөрөнгө мөнгөтэй байх нь зүйн хэрэг. Үүнийг гэртээ гэдсээ илээд, гар утсаараа шүлсээ үсчүүлж байгаа нөхөд шүүмжлэх нь утгагүй л дээ.

Залуу Ерөнхий сайд өөрийнхөө төсөл хөтөлбөр хариуцсан ажлын албаныхаа дарга шинэ залуу боловсон хүчинг Ховд аймгийг удирдуулахаар явуулсан нь Монголын нийгэмд зөв жишгийг тогтоолоо гэж үзэхээр байна. Гаднаас буюу дээрээс шууд ингэж томилж байгаа нь орон нутгийн бие даасан байдалд халдлаа гэж зарим хүмүүс шүүмжлээд эсэргүүцээд байгаа. Тэгвэл Засаг дарга гэдэг бол улс төрийн албан тушаалтан, үндсэндээ дээрээс томилогддог албан тушаал. Багийн даргыг сумын Засаг дарга нь, сумын даргыг аймгийн дарга нь, Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд нь томилж баталгаажуулдаг. Хуулиараа ийм юм. Ховд аймгийн тухайд 1996-2018 оны хооронд Засаг даргад нэр дэвшсэн хүмүүсийг бүгдийг нь эрх баригч намын удирдах зөвлөлийн шийдвэр буюу намын дарга Ерөнхий сайдын шийдвэрээр томилж байсныг өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Д.Галсандондог хэлсэн.

Тэрээр “Аймгийн Засаг даргыг намын шийдвэр, Ерөнхий сайдын шийдвэрээр сонгож байсан. Түүнээс аймгийн ИТХ дангаараа мэдээд шийдэж байсан тохиолдол огт байхгүй. 1996 онд Ардчилсан нам 14 суудал, МАН 17 суудал авсан байтал аймгийн даргаар дэвшүүлсэн МАН-ын Д.Загджавыг буцааж М.Энхсайхан өөрийн намын хүн болох Л.Галбадрахыг дэмжиж нууц санал хураалтаар Л.Галбадрах олонхын санал авч байсан. 2008 онд Батзаяа гэдэг хүн олонхын санал авсан ч тухайн үеийн Ерөнхий сайд буцааж Г.Нямдавааг сонгож байсан байсан” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрээр “Ховдод 2000 оноос хойш бизнес нэрээр жил бүр тендер авч хэдэн төгрөг цохихоос өөр шидгүй, 2 нам нэрээр бүгд хоорондоо цус ойртож, шуналдаа дөрлүүлж орооцолдсон, том машин унаж мөнгө үрж ядсан, морь уяж зундаа зугаацсан, гадаад хэл усгүй, боловсрол нимгэн, аймгийн ИТХ-д дахин дахин өөрийгөө сонгуулдаг, төлөөлөгч нэртэй хэдхэн хүн шинэ зүйл, шинэлэг ажил хийе гэж зорин орж ирж буй хүн бүрийг мохоож, бүлэглэн гадуурхсаар ирсэн түүхтэй. Энэ байдал сая дахин давтагдаж нөгөө нөхдүүд хэрхэн хуйвалдаж, жүжиглэж, зөвхөн өөрсдийгөө хамгаалж, булхай ноотой зүйлээ хав дарж дахин 2-4 жил тэсч үлдэх арга саам хайж, Ерөнхий сайдын хязгаар нутгийн талаарх алсын хараа, мега төсөл, хөгжлийн бодлогыг ойлгохгүй, хааж боож, хуйвалдаанаа хийж байна” гэдгийг ил цагаан хэлсэн юм.

Тийм ээ, Ховдыг удирдаж байсан Засаг даргын хэлж байгаа бүгд үнэн. Нэгд, Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг томилдог, доошоо дарга нар улс төрийн албан тушаалын хувьд ингэж хуулиараа томилогддог. Харин аймгийн юм уу, сумын даргад иргэдийн хурал нь нэр дэвшүүлэхдээ дандаа өөрсдийнхөө хүнийг, аль олон хамаатантай нь, эсвэл төлөөлөгч нөхдүүдэд аль их юм өгсөн, албан тушаал амласан нь, хөшигний цаана бузрын хуйвалдаан хэн их хийсэн нь гараад ирдэг. Орон нутгийн, аймаг сумдын дарга даамлаа сонгодог энэ хуйвалдаан олон нийтийн, тухайн орон нутгийн ард түмний эрх ашиг гэхээсээ хэдхэн нөхдийн эрх ашгийн хүрээнд болдог энэ байдал улс орны хөгжлийн чөдөр тушаа болоод байна.

Нууц хуйвалдаанаар, хэдхэн хүний эрх ашгийн үүднээс Засаг даргаар томилогдсон нөхөр тухайн орон нутгийн зөв тийшээ хандсан хөгжлийн замыг заавал ч үгүй улдан чангааж буруу тийш нь явуулдаг. Улс орны хөгжилд, аймаг, сумын хөгжилд онцгой ач холбогдол бүхий ажлыг зогсоож, зөвхөн амин хувийнхаа, өөрийг нь дарга болгосон цөөхөн хэдэн хүний эрх ашгийн хүрээнд болгочихоор нөгөө бүтээн байгуулалт, ном ёсоороо явж байсан ажил бүгд зогсдог. Ийм л эмгэнэл Монголын төрд аль ч шатандаа нүүрлэчихээд Монгол Улс өнөөдөр модоо барихдаа тулаад байгаа.

Хэрвээ улс орны асуудлыг орон нутаг нь мэддэг, алс хязгаар нутгийн цөөн хүний эрх ашгаар явдаг байсан бол өнөөдөр Австрали, Америк ямар зэрлэг бүдүүлэг, тэнэг гуйлгачин орон байх байсан гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Австрали улс уугуул австраличууд болох аборгенчуудын, улаан арьстай зэрлэг бүдүүлэг омог тэнүүлдчийнхээ аяг аашаар явсан бол, мөн ялгаагүй Америк морь уяж, нум сум харвасан галзуу индеануудынхаа эрх ашгаар явсан бол өнөөгийн дэлхийн супер гүрэн болох шинжлэх ухаан, техникийн энэ том ололтод хүрэхгүй байх байсан. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Тэгэхээр дэлхийн соёлт хүн төрөлхтөн, супер гүрнүүд тэнэгүүдийнхээ эрх ашигт ороогүй, тэдний мэдэлд автаагүй, тэдэнтэйгээ цуг дуулж бүжиглэж, элийрч балайраагүйнхээ төлөө өнөөдөр дэлхийг удирдаж байна. Үүнийг Монголын төрийг удирдаж байгаа удирдагчид хатуу бодох ёстой.

Ховдын Засаг даргыг томилсон шигээ үүнээс хойш бүх аймгийн дарга нарыг өөр өөр газраас томилдог баймаар байна. Жишээлэхэд, Увс аймагт Өмнөговийн даргыг, харин баруун аймаг Увсын даргыг зүүн аймаг Хэнтийн Засаг даргаар томилж төрийн ажлыг явуулдаг байх хэрэгтэй. Тэгвэл жалга довны үзэл, нутгаргах, хуйвалдах, дээр Д.Галсандондог даргын хэлсэнчлэн тендер нэрээр хувьдаа ашиг аваад сууж байдаг, жалга жалгандаа мафийн сүлжээ бий болсон энэхүү ёс бус байдал цэгцрэх тал руугаа явах байх.

Хамгийн гол нь аймгуудын дарга нарыг Ховдын Болормаа шиг дандаа баруунд боловсрол эзэмшсэн, ялангуяа инженерийн сэтгэхүйтэй, байгалийн шинжлэх ухааны зах зухтай хүмүүсийг шилж сонгож томилдог байх хэрэгтэй. Инженерүүд улс орныг удирдана. Мега төсөл, бүтээн байгуулалтыг тэд л явуулна. Түүнээс өнөөдөр аймаг бүрийн дарга нь бөхчүүд, мөн дуучин хуурчин, яруу найрагч, уран сайханчид, болсон болоогүй баахан хуульчдыг сонгоод улс орон хөгжихгүй ээ. Хөгжихгүй гэдгийг нь бид сүүлийн 30 хэдэн жил хангалттай харлаа. Дээрээс нь Монгол Улс өнөөдөр мухар сүсгийн балчигт гүн живсэн. Манай дарга нар хамгийн түрүүнд уул овоогоо тахихаас, төрийн албан хаагчид нь лам харгуй, гэгээнтэн залж мөргөл үйлдэхээс ажлаа эхэлдэг. Мэдээж сүсэг бишрэл байлгүй яахав, хамгийн гол нь түүндээ итгэж үнэмшээд тэнэглээд байдаггүй хүмүүсийг сонгохын тулд байгалийн шинжлэх ухааны зах зухтай гэж хэлээд байгаа минь энэ.

Эцэст нь нэмээд хэлэхэд, Ховдод гаднаас Засаг даргыг нь томилдог Ерөнхий сайдын зөв жишиг Монголын улс төрд тогтлоо. Яг энэ жишгээр баруунд боловсрол эзэмшсэн, шинэлэг сэтгэлгээтэй, хэл усны өндөр чадвар, ажлын бүтээмж өндөртэй, чадалтай залуусаа Монгол Улсын өнцөг булан бүрт томилж ажиллуулах хэрэгтэй байна. Аль юм болгон бид иргэдийн хурал дотроосоо нэгийгээ Засаг даргаар хуйвалдаж гаргачихаад тэр нь бөх морь, архи дарс, авгай хүүхнээс өөр ярих юмгүй, тэгээд улс орон хөгжинө гэж тэнэглэцгээж суух юм бэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: Яагаад Монголын цагдаа иргэдээсээ оросуудыг хамгаалаад байгаа юм бэ DNN.mn

ОХУ-ын Элчин сайдын яамны гадна долоо хоног бүрийн бямба гаригт иргэд Орос-Украины дайныг эсэргүүцэн цуглаан зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн бямба гаригт болсон цуглааны үеэр иргэд, цагдаагийн хооронд багагүй маргаан дэгдэв. Цагдаа нар жагсагчдын биед төдийгүй барьсан туг лоозонд халдсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ талаар Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Бямба гариг бүр ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эсэргүүцлээ илэрхийлдэг иргэдтэй та нэгддэг. Өнгөрсөн бямба гаригийн цуглааны үеэр цагдаа нар иргэдийн биед халдаж, барьсан туг, лоозонг нь булааж байгаа бичлэг олон нийтэд хүрээд байна. Тухайн үл ойлголцол юунаас үүдчихэв?

-Цагдаа нар “Энэ цуглаанаа бүртгүүлж байж хий” гэдэг шаардлага тавьсан гэж ойлгосон. Үүнээс нэг асуулт гарч ирнэ. Ямар ч зохион байгуулалтгүй, өөрсдөө сайн дураар очиж байгаа хүмүүсийн хэн нь бусдыгаа төлөөлж бүртгэл хийлгэх вэ. Хэрвээ ямар нэгэн байгууллагаас, иргэд зохион байгуулалтад ороод нэгнийгээ толгойлогч болгоод томилж, үүрэгжүүлсэн тохиолдолд бүртгүүлнэ. Гэтэл сайн дураараа, долоо хоног бүрийн бямба гаригт очиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийг “Чи зохион байгуулагч бол” гээд тулгах эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр цагдаа нарын тавьсан тэр шаардлага хууль бус.

Хууль бус шаардлагыг ямар ч иргэн эсэргүүцэх эрхтэй. Хуулийн үүрэгтэй биш ч гэсэн ёс зүйн үүрэгтэй гэж хэлж болно. Цагдаагийн хууль бус шаардлагыг эсэргүүцэхгүй байх тусмаа дарангуйлал бага багаар, урт хугацаанд барьцаа ахиулаад байдаг зүй тогтолтой.

-Цагдаа нар иргэдийн барьсан туг, лоозонг булааж байгаа нь анхаарал татсан?

-Цагдаа хуулийн хүрээнээсээ даваад эхлэхээр рецедив гэмт хэрэгтэн болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн гэмт хэрэгтэн болчихож байна гэсэн үг. Тэдгээр цагдаа нарын шаарлага хууль бус учраас тэнд жагсаж байгаа иргэдийн биед хуруугаа ч хүргэх эрхгүй.

Цагдаа нар хүмүүсийн барьсан уриа лоозонг урж авч байгаа харагдсан. Тэр бол бусдын өмчид халдсан гэмт хэрэг.

-Уг нь цагдаа нар гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг гэж ойлгодог. Жагсаал цуглааны үед үймээн самуун дэгдээгүй л бол хамгаалалтад зогсож байх үүрэгтэй биш бил үү?

-Цагдаа гурван үндсэн чиг шугамаар үйл ажиллагаа явуулдаг. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэв хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоох, нэгэнт хууль зөрчигдөөд гэмт хэрэг үйлдсэн бол араас нь хариуцлага тооцох үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өнөөдөр Монголын цагдаа тийм биш болсон.

-Элчингийн үүдэнд болсон өмнөх жагсаалууд дээр ийм ноцтой асуудал гарч байгаагүй санагдах юм?

-Байсан, байсан. Цагдаа нар үе, үе ийм үйлдэл гаргадаг. Энэ удаагийнх хүмүүсийн анхааралд өртсөндөө л тэгж харагдаад байгаа хэрэг. Түүнээс биш өмнө нь хүний биед халдах, жагсаал цуглааныг тараах оролдлогыг олон удаа давтаж байгаа юм. Энд ганц цагдаагийн байгууллага оролцоогүй. Прокурор, шүүх ч бүгд оролцоотой. Улс төрийн шинж чанартай асуудал, хэргүүд дээр цагдаа, прокурор, шүүх нь коридор үүсгэж байгаад ялладаг болчихсон.

-Гол нь хууль сахиулах, иргэдээ хамгаалах үүрэгтэй цагдаа хүн туг далбаа булаагаад унахаар улстөржсөн үйлдэл болж харагдаад байна л даа?

-Энэ бол шинэ үзэгдэл биш юм билээ. Бид далд байсан зүйлийг нь ил гаргаад ирчихсэн л хэрэг. Цагдаа нар ийм үйлдэлдээ үнэхээр гаршчихсан. Үүнийгээ байх ёстой үзэгдэл гээд бодчихсон, бүр ийм итгэл үнэмшил суучихсан. Уг нь иргэдийн татварын мөнгөөр цалинжаад ажиллаж байгаа гол үүрэг нь хууль сахиулж байх ёстой. Гэтэл хууль сахиулах биш даргын тушаалыг биелүүлэх гэдэг итгэл үнэмшилтэй цагдаа нар үеийн үед бэлтгэгдэж ирсэн юм байна. Тэр нь л одоо ил гарч ирж байна. Нэг ёсондоо цэвэр улс төрийн захиалгат үйлдэл.

Цагдаа нарын удаа дараагийн үйлдлээс нэг л зүйлийг харж болно. Монголын цагдаагийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа. Татвар төлөгчид нь монголчууд. Тэгвэл яагаад тэд оросуудын эрх ашгийг хамгаалж гарч ирээд байна вэ. Бид Оросуудын, Оросын Элчин сайдын ямар эрх ашгийг хөндсөн юм бэ. Бид ямар хууль бус үйлдэл гаргав. Гэтэл Монголын цагдаа яагаад биднээс оросуудыг хамгаалаад байгаа юм бэ. Уг нь биднийг хамгаалах ёстой биз дээ.

-Жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийг хуулийн дагуу зөвшөөрөл ав гэдэг шаардлагыг ярьдаг шүү дээ, цагдаа нар?

-Нэгд, зөвшөөрөл авч байж үг, үзэл бодлоо илэрхийлдэг философи энэ дэлхий дээр хаана ч байхгүй. Монгол Улсын хуульд зөвшөөрөл авна гэсэн нэг ширхэг ч үг, үсэг байхгүй. Зөвхөн бүртгүүлнэ гэдэг. Тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг даргад бүртгүүлнэ гэдэг. Энэ нь иргэдийг хамгаалах процесс. Магадгүй жагсаж байгаа иргэд эмх замбараагүй байдал руу орж болзошгүй. Тэр эрсдэлээс хамгаална. Эсвэл энгийн иргэд жагсаж байгаа иргэд рүү халдаж болно. Тийм үйлдэл гаргуулахгүйн тулд цагдаа нар хамгаалалтад гарах зорилготой л бүртгүүлэх үйлдэл. Түүнээс биш иргэд бүртгүүлээгүйнхээ төлөө жагсаж болохгүй гэсэн үг биш.

-Хууль сахиулагчдын энэ үйлдлээс иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрэх эрсдэл гарч болох юм. Нөгөө талаар ингээд босч ирсэн иргэдийг гаднаас санхүүжигч, захиалгат гэх мэтээр нийгэмд ялладаг болчихлоо. Магадгүй та ч энэ жагсаалтын эхэнд явж мэдэх юм?

-Энэ бол ерөөсөө 100 жил яваад сайжирсаар байгаад төгсөрсөн технологи. Ардын нам бол Монголын ард түмний захиалгаар үүссэн нам биш шүү дээ. Эрхүүд оросууд байгуулж өгөөд, тэр намаараа дамжуулж Монголын бодлогыг удирддаг, хянадаг байсан. Өөрөөр хэлбэл, Ардын нам бол оросуудын багаж хэрэгсэл. Үүсэхдээ л ийм байсан. Одоо ч тэр үүргээ 100 жилийн турш амжилттай гүйцэтгээд явж байна. Тэдний хувьд Монгол Улсын эрх чөлөөний үзэлтэй иргэд, залуус дайсан болж харагдах нь аргагүй. Аюул байх нь үнэн. Аюул болж чадаж байгаа нь миний хувьд бахархал.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл ирэх бямба гаригт эхэлнэ DNN.mn

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Цэцэрлэгийн насны олон хүүхэд хаягийн асуудал болон өөр цэцэрлэгт хуваарилагдсанаас болж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй билээ. Тиймээс дахин цэцэрлэгийн бүртгэлийг хийх гэж байна.

Тодруулбал, цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны есдүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд бүртгүүлэх боломжтой юм.

Энэ удаа цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Удахгүй цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэлд E-Mongolia академи нь системийн гацалт болон, эцэг эхчүүдэд хоёр дахь бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар хүргэх юм байна.