Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 4 аймагт хээрийн түймэр гарчээ DNN.mn

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр дөрвөн аймгийн зургаан бүс нутагт гал түймэр гарчээ. Гарсан түймрийн унтраахаар холбогдох албаныхан ажиллаж байна.

Гал түймэр гарсан бүс нутгийг дэлгэрүүлбэл,

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар ойн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаан-Азарга багийн “Ханбаян-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 14:05 цагт хээрийн түймрийг унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Өгөөмөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд 20:10 цагт унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цолмонхүү: Монголд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрх чөлөө үгүй болжээ DNN.mn

Иргэн Д.Цолмонхүү манай сонины редакцид хандлаа. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж талбайд суулт зарлах бүртгэлээ хийлгэхээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т таван удаа хандаад татгалзсан хариу авчээ. Захиргааны хэргийн шүүх ч иргэний эрхийг эдлүүлэх тал дээр шийдэл гаргаж өгөлгүй, хууль зөрчиж байгааг Д.Цолмонхүү ярьж байгаа юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас таныг суулт хийхийг татгалзсаар байгаа гэлээ. Ямар үндэслэл хэлэх юм бэ, тэд?

-Энэ бол сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөж байгаа асуудал. Эхний хүсэлтэд маань Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гээд төв талбайд үзэсгэлэн худалдаа болж байгаатай таарсан учраас боломжгүй гэсэн хариу өгсөн. Би ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дараагийн удаа үндэслэлгүй, учир битүүлгээр татгалзсан хариу өгч эхэлсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 8.1-д заасан шинжийг агуулсан байх тул бүртгэх боломжгүй гэж. Тухайн хуулийн 8.1 нь дотроо зургаан зүйлтэй. Түүнийгээ тодруулж бичээгүй. Аль хэсгийг нь зөрчсөн юм, эсвэл зургаан зүйлийг бүгдийг зөрчсөн хэрэг үү, тэр бүхэн тодорхойгүй.

-Таны суулт хийх зорилго үүнтэй холбоотой юм биш биз дээ?

-Яалаа гэж дээ. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ийм агуулгатай хариултыг хоёр удаа өгч татгалзаад байгаа. Үндэслэлийг нь асуухаар “Таны хүсэлтэн дунд анархист гэдэг үг орчихсон байна” гээд байгаа. Би угтаа анархист эрх баригчдыг эсэргүүцэж байна. Тиймээс суулт зарлая гэсэн хүсэлт өгсөн юм. Миний суулт хийх шалтгаан бол эрх баригчид хууль мөрдөхгүй байна, ёс зүйгүй байна гэж байгаа. Нэг ёсондоо анархист байна гэж л үзэж байгаа. Гэтэл ийм агуулгыг мушгиад намайг ороогоод байгаа юм.

Тиймээс би Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан. Гэтэл тэндээс “Зорилгоо бичээгүй байна, таны суултад хэдэн хүн оролцох нь тодорхой бус байна” гэсэн хариултаар татгалзлаа. Би энэ хариултыг гайхаад байна. Би өргөдөлдөө бүх зүйлийг тодорхой бичсэн. Суултыг дан ганц биеэрээ хийнэ. Гэхдээ хэдэн хүн дэмжихийг би мэдэхгүй. Ганц хүн суулт хийнэ гээд тодорхой бичсэн байхад хэдэн хүн гэдэг нь тодорхойгүй гэдэг учир битүүлэг шалтгаанаар буцаагаад байгаа явдалд ерөөсөө өөр шалтгаан байна.

-Ямар?

-Эрх баригчдад хандаж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд хүчээр бодлоготойгоор дарангуйлдаг нийгэм тогтчихсон юм байна. Бусад жагсаал цуглааныг зөвшөөрөөд байх шиг байна. Яг өөрсдөд нь хандсан асуудлаар иргэн үзэл бодлоо илэрхийлэх бол ямар ч хамаагүй шалтгаанаар болиул, ганцхан хүн байсан ч хамаагүй зогсоо гэдэг даалгаврыг энэ хүмүүстээ өгчихсөн байна.

Чингэлтэй дүүргийн Хуулийн хэлтсийн дарга Хурцбаярт би хуулийг нь тайлбарласан. Хариуд нь “Уг нь тийм л дээ. Гэхдээ том зочид төлөөлөгчид ирэх гэж байгаа учраас Засгийн газраас ийм даалгавар өгсөн” гээд сууж байгаа. Түүгээр зогсохгүй “Бид тагнуул, цагдаагийнхантай таны асуудлаар ярилцахад олон хүн цуглаж үймээн самуун болж магадгүй гэсэн үндэслэл байгаа учраас бүртгэж авах хэрэггүй гэж яригдсан” гээд хээв нэг хэлж байна. Үнэхээр гутаж байна. Засаг дарга хуулиа л мөрдөх ёстой. Тагнуул, цагдаа өөрийнхөө ажлыг хийх ёстой биз дээ.

Хүмүүнлэг, аюулгүй иргэний нийгэм гэдэг бол либералист буюу хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн тулгуур зарчимтай байх ёстой.

-Шүүхэд хандсан гэсэн үү. Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Дээрх хуулиа мөрдөхгүй байгаа Засаг дарга нарыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Шүүхээс жагсаал цуглаантай холбоотой асуудлыг хялбаршуулсан журмаар зургаа хоногт шийдэх хуультай. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн асуудлыг бүрэн шийдсэн байх ёстой. Гэтэл өргөдөл өгснөөс хойш энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Арга буюу сүүлийн өдөр нь өөрөө явж очоод асуухаар иргэнийг туйлдуулсан, залхаасан байдлаар тайлбар хэлж байгаа юм. Уг нь би шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний эрхийг бүдүүлгээр зөрчлөө. Би эрхээ сэргээлгэе. Хууль зөрчсөн байвал хуулийн дагуу арга хэжмээ авч өгнө үү гэж л шүүхэд хандсан. Шүүх хуулийнхаа дагуу тэр хүнд ямар арга хэмжээ авах нь тэдний шийдэх асуудал. Гэтэл шүүх зургаан хоногоо дуусгасны дараа намайг “Та Сүхбаатар дүүргийн Засаг даргад ямар хариуцлага хүлээлгэмээр байгаагаа тодорхой бич” гээд буцаасан. Уг нь түүнийг шүүх шийдээд өгөөч гээд явж байгаа хэрэг шүү дээ.

-Таны суултын зорилго юу юм бэ?

-Төр засгийн бодлого урагшгүй, хүн ардаа боддоггүй увайгүй, үхээнц бодлогыг нь шүүмжилж “Би л лав тэвчихгүй” гэсэн уриатай суулт юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт шаардлага хүргүүлэх төлөвлөгөөтэй байсан. Нэгэнт надад эрхийг минь эдлүүлж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохгүй байгаа учраас шаардлагаа танай сониноор дамжуулж товчхон хэлчихмээр байна.

-Бололгүй яахав?

-Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн наймдугаар сарын 15-нд давхар дээлийн асуудлыг шийдсэн. Ямар асуудал шийдсэн нь чухал биш, гол нь Цэц Үндсэн хуульд бүдүүлгээр халдаж Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн 64.1-т Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавина гэж байгаа. Энэ бол Үндсэн хуульд өөрт нь хяналт тавина гэсэн үг биш. Цэц энэ үйлдлээрээ Үндсэн хуульд халдаж болдог гэсэн муу жишиг тогтоож байна. Үүнийг УИХ хүлээн зөвшөөрөөд баталж байгаа нь УИХ өөрөө төрийн эрхийг барих, хууль санаачлах, хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ чандлан биелүүлэх чадамжгүй болсон гэж үзэж байна. Тиймээс алдаагаа засч, ёс зүйн хариуцлага хүлээ. Хэрэв алдаагаа засахгүй бол УИХ-ын гишүүдийг дахин сонгохыг шаардаж эсэргүүцлийн суулт зохион байгуулж олны дэмжлэг хүснэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандахыг хүссэн.

Баяр наадмын үеэр Их тэнгэрийн аманд том хүлээн авалт зохион байгуулсан Ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага хүлээж уучлалт гуйн, тэрхүү тансаг зардалд гаргасан их хэмжээний мөнгөө буцааж төлөхийг шаардаж байна. Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг. Гэтэл ард түмнээ ялгаварлан гадуурхаж, хэсэг бүлэг хүмүүст зохион байгуулалттайгаар тансаг үдэшлэг хийж бидний татварын мөнгө бөгөөд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн газар нутгаас хуримтлагдсан эд хөрөнгөөр их зардал гаргаж тансаг шоу зохиосон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол залуу хүн. Ид хийж бүтээх насан дээрээ яваа. Тэгэхэд өмнөд хөршийн ерөнхийлөгч Си Жиньпин 70 гарчихсан хүн. Тэрбум гаруй хүн амаа 20 жилийн дотор чинээлэг давхаргад аваачина, 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэж зарлачихсан. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ч бас хөгшин хүн. Тэрээр 25 жилийн дотор тэрбум хүнийг дундаж давхаргад хүргэнэ гэж сая зарлалаа. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” гэсэн бодлогын баримт бичиг нь өлбийсөн үхээнц. Өнгөрсөн 30 жил ингэж л явсан. 2050-даа хөрш улсуудын стратеги бодлогыг тооцоолоогүй, ард иргэдийн ашиг сонирхол, хүсэл зорилгыг тусгаагүй. Тиймээс алсын хараа 2050-даа олон нийтийн хүсэл зорилгыг тусгах ёстой. 2050 он гэхэд нэг хүн 5000 ам.долларын цалин авдаг болно гээд байгаа. Тэр үед 5000 доллар одоогийнх шигээ үнэ цэнэтэй байх уу.

-Эдгээр шаардлагыг тавьж суулт зарлахаар зэхжээ дээ. Гэтэл зөвшөөрөхгүй байгаа нь сонирхолтой юм?

-Би ч бас гайхаж байна. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрх чөлөө байхгүй болсон юм байна. Энэ бол бүх иргэнд Үндсэн хуулиар олгосон эрх. Энэ эрхээ монголчууд эдэлж чадахгүй нь.

Үүнээс гадна Монголд Путинтай болоход нэг л алхам үлдэж. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг өөрчилдөг жишиг тогтоочихлоо. УИХ нь зөвшөөрдөг болчихлоо. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхиийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гээд заачихсан байгаа. Гэтэл “зургаан жил” гэдэг үг Үндсэн хуулийн агуулгад зөрчигдөөд байна гээд авч хаяад нэг өглөө сэрэхэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гээд баталчихад л бид Путинтай болох эрсдэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ DNN.mn

Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ

Өмнөд Солонгос улсын засгийн газар өнгөрсөн зургадугаар сараас Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Энэ шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс буюу Бямба гаригаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарагдах бөгөөд зарим мэдээллийн хэрэгслээр бүх хүнд хамааралтай шийдвэр мэт ташаа мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын ЭСЯ-наас тайлбар мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, бүлэг жуулчид 15 хоног визгүй зорчихдоо:

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах хэрэгтэй гэв.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэдгийг мөн БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.

БНСУ-ЫН УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗИЙН ШААРДЛАГАД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

Үүнээс гадна цар тахлын хориг цуцлагдаж, гадаадад гэрээтээр ажиллах болон аялж амрах сонирхолтой иргэдийн тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо тавдугаар сараас хоёр дахин өсөөд буй. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн сард мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд, нэг удаагийн болон олон удаагийн виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгдөж байгааг анхааруулжээ.

Тодруулбал, богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд дараах өөрчлөлт орсон байна.

Олон удаагийн визний нөхцлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцлийг хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. Үүнээс гадна:

  • Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • -БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
  • БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
  • БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.

Тухайлбал, аж ахуйн нэгжийн захирал байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400 мянган төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон зургаан сараас дээш ажилласан байх)

Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх). Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болохын төлөөх дайн эхэллээ DNN.mn

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Үүний дагуу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхүүдийг “Улны айл” гэж хэлсэн Д.Сарангэрэл сайд огцорлоо. Огцрох ч ёстой. Үүнтэй зэрэгцэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна.

Энэ асуултад сайд болохыг хүссэн улстөрчид “Би, би. Одоо миний ээлж. Одоо цаг нь болсон” хэмээн уралдаж хариулаад эхэллээ. Өөрсдөө олон нийтэд шууд ингээд хэлчихгүй байгаа ч сайд болох санаархлаа сошиал орчинд сэвүүлээд эхлэв. Тэдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хүмүүс ч байна. Санаанд оромгүй хүн ч өөрийгөө сануулж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг “Магадлал өндөртэй, тохиромжтой” гэх утгаар сэвж эхэлсэн. Сэвүүлж ч байгаа байх. Мөн Х.Булгантуяа гишүүний хувьд Б.Баярсайхан гишүүнээс дутахааргүй сошиалд бичигдэж байна. Түүний өөрийнх нь бодоогүй нүүдэл байж болох ч, түүнийг сайшаан үнэлдэг хүмүүсийн сэвэлт өндрөө авч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ч мөн суудал ахихыг санаархаж байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар ч өрсөлдөж байна. Өмнөх сайд нь эмэгтэй байсан учраас эмэгтэй байх ёстой гэсэн логик автоматаар үйлчилж байгаа бололтой.

Сайдын төлөөх марафонд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд аж. Тэд сайд болохоор өөрсдийгөө бялууртал магтуулж эхэлснээс гадна давхар өрсөлдөгчдөө харлуулж эрэллээ. Сошиалд ёстой нэг арьсаа хуулалцаж байна. Нэгнээ газар дор ортол муулаад, эсвэл тэнгэрт тултал нь магтаад л ямар ч туйл гэж алга. Муулсныг нь харвал буг чөтгөр мэт, сайлсныг нь харвал хутагт хувилгаад мэтээр л бичиж байна. Сайдыг халах ч секундын ажил болсон. Одоо албан тушаалд тавих нь ч секундын ажил болох биз. Ерөнхий сайдын л мэдэх асуудал. Гэхдээ нэг асуудал байна. УИХ-ын гишүүдэд ёс зүйн дүрэм гэж байдаг. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам л өндөрсөх учиртай.

Гэтэл сайд болох хүмүүст ямар ч шаардлага, шалгуур, ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Тийм учраас хэн дуртай нь сайд болох гэж зүтгэж байна. Сайд нар ёс зүйн дүрэмтэй, алдаа гаргавал сайдын суудлаа өгөөд ч зогсохгүй асар өндөр хариуцлага хүлээдэг болмоор байна. Тэгвэл сайдын суудал руу хүссэн болгон нь санаархахгүй, харин ч бүр эсрэгээрээ жийрхэж, хийж чадах нь л зүтгэдэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 11 их наяд төгрөг болжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийж байна – updown.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (11.9 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (17.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 8 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 41.1 (3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 125.7 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 7 дугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, харин 8 дугаар сард 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Татварын орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (23.3 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 687.1 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 670.3 (37.5 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 499.2 (36.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 386.1 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын орлого энэ оны 8 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 294.4 (37.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 137.1 (55.8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 77.8 (43.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин онцгой албан татварын орлого 16.6 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Татварын орлогод энэ оны эхний 8 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.7, нийгмийн даатгалын орлогынх 2, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.8 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 10.4, онцгой албан татварын орлогынх 1 нэгж хувиар багассан аж.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 8 сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлага өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (22.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин бараа, үйлчилгээний зардал 440.2 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.2, татаас 0.9 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.5 нэгж хувиар багассан аж.

Categories
мэдээ цаг-үе

Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй бол тэтгэмж өгөхгүй байх заалтыг хүчингүй болгожээ DNN.mn

Жирэмсний хяналт – Монфа Трейд ХХК

Дээд шүүхээс жирэмсний тэтгэмжийг заавал 32 долоо хоногтойд авах ёстой гэж журамласан нь хууль бус гэж үзэн уг заалтыг хүчингүй болгожээ.

Тодруулбал иргэн Сувдаас “… жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тус хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор өчигдөр хэлэлцээд журмын 4.8.2 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилгод нийцээгүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах иргэний эрхийг хязгаарласан буюу хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалтыг оруулсан байна гэж үзэн журмын энэ заалтыг хүчингүй болгосон байна.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.

Хуульд заасан энэ шаардлагыг хангасан эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэнэ.

Аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж үзжээ.

Харин “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь заалт нь эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд аль байгууллага жирэмсэн эхэд олгохыг тодорхой болгож зохицуулсан заалт байх тул хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “… жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг … жирэмсний 31-32 долоо хоногтойд … олгоно”, 4.8.2-т “… жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж а

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Улс орны эдийн засаг амаргүй байна. Эрх баригчдын зүгээс ковид, дайнтай холбоотой тайлбарлаж байна. Ийм үед төр засаг ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Эрх баригчдын эдийн засгаа сэргээх гэсэн бодлого байгаа онохгүй зургаан жил өнгөрлөө. Ковидын хуулиа он дуустал сунгасан нь энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэх, түүний ард ковидын нөхцөл байдал гэсэн нэрийн дор эдийн засгийг эдийн засгийн бус арга механизмаар удирдаж ирлээ. Үүний том илрэл нь төсвийн данхайлт, улсын өр, төгрөгийн ханшны уналт, инфляциар дамжин ард иргэд бидэнд мэдрэгдэж байна. Гурван их наяд, 10 их наядын хөтөлбөр зарласан нь бодит эдийн засагт хэр их нэмэр болсныг дүгнэж ярих цаг болсон. Үүний тайланг тавьж хэлэлцэхийг шаардаад ч бүрхэг хэвээр үргэлжилсээр байна. Өнөөгийн нөхцөлд төсвийн данхайсан зардлыг бууруулах хэрэгтэй. 2021 оны төсөвт бидний шүүмжилж сануулж ирсэн хөшөө, театр, музей гэсэн нэртэй хагас их наядын хэмнэлтийг хийх боломж байсан. Хойшлуулж болох энэ мэтийн хөрөнгө оруулалтыг түр царцаагаач гэж олон хэлсэн. Тоть шиг хэдэнтээ давтлаа. Хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь хүнд өвдсөн үед эмчлэхээс хамаагүй бага зардалтай, эмчилгээний үр дүн ч эерэг байдагтай адил. Эдийн засаг хүндрээд байна гээд байхад “Бид мэдэж байна” гээд төсвийн зарлагаа галзууртал нэмчихээд одоо юу ч байхгүй болсон учир нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй гэж хоёр тийш савладаг, туйлширдгаа болих хэрэгтэй. Эдийн засгийг аль болох савлуулахгүй тогтвортой өсөлттэй байлгах нь чухал. Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй байна. Богино хугацаанд татварыг хойшлуулж, шаардлагатай бол бууруулах нь дунд, урт хугацаанд аж ахуйн нэгжүүдийг байр сууриа олох, шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх боломж олгоно. Жишээ нь, НӨАТ таван хувь болгон бүгд ижил тэнцүү төлөх үүрэгтэй байвал эдийн засагт сайнаар тусах нь тодорхой. Гэтэл эргээд сугалаагаар дамжуулан И-баримт бүртгэлээ эрчимжүүлэх гэж буй ядарсан арга. Татварын бодлого сугалаанд ялагдаж байна гэсэн үг. Мөн төсвийн зардалд бүтээмжийн өсөлт хийхгүйгээр бий болгосон олон албан тушаал, ажлын байрууд байна. Эдгээрийг цомхотгож, төрийн үйлчилгээ бүтээмжтэй болмоор байна. Эдийн засаг агшихад нэгэнт данхайсан том зардлыг аж ахуйн нэгжүүдийн татвар дийлэхгүй нь тодорхой. Бодлогын хүүг оройтож нэмлээ. Ханшийн уналтаас сэргийлж буй боловч зээлийн хүү өсөх нь иргэд, аж ахуйн нэгжийн зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын идэвхийг бууруулна. Гол ажил бол экспортын орлогоо яаж ийгээд нэмэгдүүлэх юм даа. Төр болон хувийн хэвшлийнхэн орлогын гацалтаасаа хөдлөх нь чухал. Бэлэн байдал нь ч харьцангуй сайн байгаа гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд ханшийн уналт хязгаарлагдан хэрэглээний үнэд учруулах дарамт буурна.

-Намрын чуулган эхэлж байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед чуулганаар хэлэлцэх асуудлаас 2023 оны төсвийн тухай хууль анхаарал татсан сэдэв боллоо. Ирэх оны төсөвт шинээр ямар ч бүтээн байгуулалтад хөрөнгө тусгахгүй гэсэн мэдээлэл байна. Ер нь яавал ухаалаг сахилга баттай төсөв батлах вэ?

-Төсөв эцэслэгдэж танилцуулагдаагүй болохоор нарийн дүгнэлт өгөхөд эрт байна. Төсвийн алдагдлаа өмнөх онуудтай харьцуулахад нэлээд багасгаж байгаа гэсэн. Энэ нь сайн үзүүлэлт юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо хамгийн бага байх ёстой. Тодруулбал, төрийн мэдэж зарцуулдаг мөнгө бага л байх ёстой. Төрийн нэрийн дор нэмэгдүүлж буй орон тоо, үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн нэгж гэсэн болгон төсвийн зардлыг нэмэгдүүлнэ. Гэтэл төр эдийн засагт бодит юм бүтээдэггүй, зөвхөн татварын орлогыг зарцуулдаг. 2017 онтой харьцуулахад төсвийн зарлага бараг хоёр дахин нэмэгдсэн. Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй. Хөшөө, хаалга, театр болон эдийн засагт орлого шууд авчрахгүй хөрөнгө оруулалтыг хасах хэрэгтэй. Мэдээж эдийн засаг сэргэх үед тэдгээрийг гүйцээж хийхэд ямар ч асуудалгүй. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ. Нөгөө талдаа төрийн өмчит алдагдал хийдэг аж ахуйнуудаас салах, хувьчлах, олон нийтэд санал болгох ажил ч хийгдмээр байна. Ингэсэн тохиолдолд төрийн мэдлийн дор үр ашиггүй ажлууд хумигдаж, эдийн засгийг эрүүлжүүлэхэд эерэг нөлөө гарна. Өнгөрсөн хугацаанд цахимжлаа, И монголиа орлоо, яам байгууллаа гэсэн мөртлөө тэр үр дүнгээс шалтгаалан зардлын хэмнэлт, бүтээмжийн өсөлт гэсэн нэг ч зүйл яригдсангүй. Аливаа өөрчлөлт шинэчлэлт дэвшил авчирсан бол дараа дараагийн зардлыг бууруулж, бүтээмжийг өсгөсөн байх ёстой. Ирэх оны төсөвт орлогыг бодитой төлөвлөх нь чухал. Бид орлогоо хэт өөдрөг төсөөлөн том тоо тавьж гүйцэтгэлээ хийж чадахгүй жилийн хугацаанд төсвөө хэд хэд тодотголоо. Нэг талаар төлөвлөж чадахгүй байна гэсэн үг.

-Манай улс уул уурхайн хараат эдийн засагтай орон. Доллар олох өөр ямар боломжууд байна вэ. Валютын нөөцийг яаж бүрдүүлэх вэ?

-Доллар олох манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Экспортын орлого ологч гол бүтээгдэхүүн. Хэдийгээр нэмэлт өртөг бүтээх нь хангалтгүй байгаа ч өнөөгийн байдлаар буюу ухаад ачиж буйгаа хагас боловсруулах, урт хугацаандаа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох бодлого хэрэгтэй. Нүүрс, зэс, алтны салбарын бодлогыг улам нээлттэй болгож, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Харин одоогийн үйлдвэрлэгчдийг дараагийн боловсруулалтын хөрөнгө оруулалт хийхэд бодлогын дэмжлэг чухал. Түүхий эдийн үнэ зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий байдаг бол боловсруулсан бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Засгийн газраас явуулж буй боомтын сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Бидний экспортын бүтээгдэхүүний тааламжтай байгаа энэ цагийг сайн ашиглах хэрэгтэй. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалт үүнд чухал үүрэгтэй. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээнд хүчтэй нөлөөллөө. Богино хугацаанд экспортоо төлөвлөсөн хэмжээнд хүргэхийн тулд боомтын үйл ажиллагаа, хил нэвтрүүлэлт, ач тээврийн зохицуулалтыг тасралтгүй, цаг бага шаарддаг болгох нь зөв. Бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас хэдийгээр биет хэмжээгээр төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй ч мөнгөн дүнгээр зорилтот түвшинд дөхөхөөр байгаа. Энэ бол сайн мэдээ. Үүгээр хязгаарлагдалгүй чөлөөт бүс, гадаадын хөрөнгө оруулалт, хайгуул олборлолтын салбарыг эрчимжүүлэх ажлуудыг ч зэрэгцүүлж хиймээр байна.

-Чуулган эхлэхтэй зэрэгцээд хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөөд эхэллээ. Амьдралын түвшнээс хамаараад ялгавартай олгоно гэх юм. Эрх баригчид төсвөө танах болохоор хүүхдийн мөнгийг болиулна гэдэг. Энэ зөв гаргалгаа мөн үү?

-Халамжийн хавтгайруулсан бодлого явуулснаа хүүхдийн мөнгөнөөс боллоо гэж ойлгож болохгүй. Хөдөлмөрийн насны залуусыг халамжийн бодлогоор залхуу болгож байгаа тухай л иргэд шүүмжилж байгаа. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөтэй хольж ойлгож болохгүй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш учраас халамжийн хуулиар зохицуулагддаггүй. Ялгавартай олгох нь Үндсэн хууль зөрчих асуудал яах аргагүй үүснэ. Иймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хэрэгтэй.

-УИХ дахь эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийг санаачилж өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй байна. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт хүлээж байна?

-УИХ дахь эмэгтэй гишүүд гэр бүл, хүүхэд хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн тулгамдсан асуудал ихтэй хуулиудыг барьж авч ажиллаж байна. Таны асуусан Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хүүхдийн тэтгэмж олгох зэрэг олон нэмэлт өөрчлөлтийг агуулсан. Хууль батлагдсанаар гэр бүлийн харилцааны зарим асуудлыг зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдах, гэр бүлийн тулгамдаад байсан хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Жишээ нь, хүүхдийн тэтгэмж төлөх байдал хангалтгүй байсан бол түүнийг хугацаа алдалгүй барагдуулах, хүүхдэд зарцуулах тэтгэмжийг хэрэгцээт хугацаанд нь төлүүлэх, төлөхгүй тохиолдолд алданги тооцох зэргээр хариуцлагыг өндөрсгөж байна. Хууль хэлэлцэх шатанд илүү нарийн заалтуудыг олон талаас хэлэлцэж эцэслэнэ.

-Засгийн газрын бодлогуудаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бодлогын хувьд цэцэрлэгийн асуудлыг сайн шийдэж чадсан. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хийж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Төр өөрөө ажлын байр нэмэгдүүлэх биш, ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой юм. Гадаад нислэгийн тоог зоригтой нэмэгдүүлсэн нь эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүллээ. Мөн солонгос иргэд визгүй зорчиж эхэлснээр аялал жуулчлалын салбарт нэлээд дэмжлэг боллоо. Түүнчлэн төсвийн хэмнэлтийн хууль батлагдсанаар нэлээдгүй зардлыг багасгалаа.

-Танай намын асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. АН-ын дотоод хямрал шийдэгдэхгүй удлаа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг харж байна. АН яаралтай эв цавандаа орохыг нийгэм хүлээж байгаа. Намаа эвлүүлэх тал дээр жирийн гишүүд хэрхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа бол?

-Нам хуваагдсанд жирийн гишүүдийн оролцоо огт байхгүй, тэдэнд ямар ч буруу байхгүй. Зөвхөн дээрээ лидерүүдийн хооронд хуваагдал явагдсан. Эсвэл зөвшилцөөд явцгаах, эсвэл зайгаа тавьж өг гэхээр хэн нь хэнийгээ дийлдгээ үзнэ гээд хоёр жил үзэлцлээ. Жоомоо алах гээд байшингаа шатаачихлаа. Эндээс хохироогүй үлдсэн нэг ч Ардчилсан намын гишүүн алга. Хамгийн том хохирол гарз нь Монголын Ардчилал. Хүнээр зүйрлэвэл сэхээнд орчлоо.

-Намын дотоод маргаанд цэг тавих зорилготой АН-ын залуус үе, үе дуу хоолойгоо нэгтгэж харагдах юм. Энд тэнд л уулзалтууд болж байна. Эдгээр үйлдлүүд АН-ыг нэгтгэхэд нөлөөлж чадах уу. Тэдний үйлдлээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, хариуцлагыг нэхэж байна.

-Ер нь АН улс төрийн бүх акциудаа орхиод ёроолдоо хүртэл унасны дараа ард түмэн ардчиллыг хүсч үгүйлсэн тэр цагт сэргээх ёстой гээд байгаа юм уу?

-“НЭГНЭЭ УГТАН АЛХаЦГААЯ” гэдэг уриалга гаргасныг өнцөг булан бүрт гишүүд маань давлагаалан дэмжсэнд баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлэх гэж нэлээд хичээсэн. Сүүлдээ олон жил хамт зүтгэсэн дотны найз нөхөд, андуудтайгаа ч намын асуудлаас болж санал зөрж муудалцаад авсан. Би эхнээсээ хоёр талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаад эвлэрлийн хурлуудаа хийе гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “Үгүй ээ, наашаа л ирж нэгдвэл нэгд, үгүй бол үгүй” гэдэг байр суурийг талууд хатуу баримталсаар их ч цаг хугацааг алдлаа.

-АН-ын дотоод байгууллагууд бүгд хоёр хуваагдчихлаа. Хамгийн удаан тэссэн нь эмэгтэйчүүдийн байгууллага болон залуучуудын холбоо байсан. Гэтэл С.Эрдэнэ таныг төдийгүй УИХ-ын нэр бүхий гишүүдийг намаасаа хөөж, УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж байгааг мэдэгдсэн. Хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаж ардчиллын лидерүүд рүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пиар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд дотроо ойлголцохгүй санал зөрөх зүйл зөндөө л байдаг. Бүлгийн даргаар Д.Ганбатыг ажиллах хугацаанд УИХ-ын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс нэг ч удаа шалтгаангүйгээр бүлгийн хурлыг таслаагүй идэвхтэй байсан. Одоо О.Цогтгэрэл даргын ажлыг ч бүх талаар дэмжээд л ажиллаж байна. Учир нь УИХ-аар түүхэн чухал хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. Тухайлбал, Сонгуулийн холимог тогтолцоо, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хуулиуд орж ирнэ. Улс төрийн намуудын төлөөллийн хувьд энэ гурван хуульд онцгой анхааран ажиллх шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан, бага зэргийн бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хөхөгчин тахиа өдөр DNN.mn

2022.9.29, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.29, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 06.49-18.37
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Малчин“эвдрэв” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Аж ахуйн нэгжүүдээ
бодитой дэмжихгүй бол татварын
суурь өргөжихгүй” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Иргэн Д.Цолмонхүү “Монголд
Үндсэн хуулиар олгогдсон
үг хэлэх, үзэл бодлоо
илэрхийлэх иргэний эрх
чөлөө үгүй болжээ
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Малчин“эвдрэв” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд болохын
төлөөх дайн эхэллээ.

“ Бэлтэс мөрөн”-д
мөнгөө оруулаад өсгөж
авсан Мөрөн хотын иргэн
Б.Лонжид “Бэлтэс мөрөн”-тэй хийсэн
гэрээний хүрээнд өсгөсөн мөнгөө хохирол
барагдуулахад өгч чадахгүй” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монголын Үндэсний
олон нийтийн радио,
телевизийн ерөнхий
захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ-ийг энэ зууны
шинэ медиа корпораци
болгон хөгжүүлэхээр
зорьж ажиллаж байна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ