Хөвсгөл аймагт “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд 50 хувь өсгөж өгнө гэх байдлаар иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж байсныг Мөрдөн байцаах албанаас шалгалт оруулж 2021 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагааг нь зогсоосон. Улмаар шалгалтын ажиллагаа явуулж удирдлагуудыг нь цагдан хориод байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд 15000 орчим иргэн тус компанид мөнгөө тушаасан бөгөөд 2000 гаруй иргэн мөнгөө авч чадахгүйд хүрч хохироод байгаа. Хохирогчдын зүгээс 200 орчим тэрбум төгрөг оруулаад гаргаж чадахгүй байгаагаа онцолж байна. Мөрдөн байцаах албанаас явуулсан шалгалтын явцад мөнгө оруулж өсгөж авсан иргэдийг эл хэрэгт иргэний хариуцагчаар татаж 11 тэрбум төгрөгийг буцааж авах талаар Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Төгс-Ухаан онцолсон. Өөрөөр хэлбэл “Бэлтэс мөрөн” ХХК-нд мөнгө оруулаад өсгөж авсан иргэдээс буцааж авах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ.
“Бэлтэс мөрөн”-д мөнгөө оруулаад өсгөж авсан Мөрөн хотын иргэн Б.Лонжидтой ярилцлаа.
-“Бэлтэс мөрөн”-гийн удирдлагуудад холбогдох залилангийн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулаад үндсэндээ дуусч байх шиг. Энэ үеэр тус компанид мөнгө оруулаад өсгөж авсан иргэдийг хариуцагчаар татаж байцаалт авч байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээлж байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё.
-Тус компанийн удирдлагууд болох Г.Нямдэлгэр болоод түүний хамсаатнуудыг цагдан хорьсон байна лээ. Мөрөнд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь Мөрдөн байцаах албанаас оруулсан шалгалтын явцад тогтоогдсон. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Энд нэг сонирхолтой зүйл байгаа нь Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас хоёр ч удаагийн шалгалт оруулаад цэвэр гэж дүгнэсэн байдаг. Шалгалтын багт орж ажилласан улсын хамаарал бүхий хүмүүс, ар гэрийнхэн нь мөнгө оруулаад хэд дахин өсгөөд авчихсан байгаа юм. Сүүлд орсон хүмүүс л алдаж байх шиг байна.
-Таны тухайд хэзээ хэдэн төгрөг оруулсан бэ. Хэдэн хувь өсгөж авсан бэ?
-Би өнгөрсөн оны нэгдүгээр сард 10 сая төгрөг оруулаад 15 сая төгрөг болгож авсан. 10 сая төгрөг миний гар дээр эргэлдэж байдаг мөнгө биш. Ийм учраас дүүтэйгээ нийлж хашаа байшинг нь барьцаалаад, хажуугаар нь тэтгэврийн зээл авч мөнгө хийсэн. Ингээд л байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгөө өсгөөд авсан. Би бусдын мөнгийг луйвардаж, залилж аваагүй. Гэтэл энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх дээрээ тулж байх шиг байна. Ямар эрх зүйн үндэслэлээр намайг хариуцагчаар татаж байгаа юм бол. Үүнийг огт ойлгохгүй байгаа. Хувийн зүгээс авсан мөнгөө буцааж авч чадахгүй. Үүний төлөө арай ч шоронд хийчихгүй байлгүй дээ.
-“Бэлтэс мөрөн”-гөөс авсан мөнгөө та зарцуулчихсан уу?
-Хүүдээ байрны урьдчилгаа хийхэд нь нэмэрлэсэн. Одоо надад өгье ч гэсэн мөнгө байхгүй. “Бэлтэс мөрөн”-гийн тухайд эхлээд өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группийн мөнгөн дээр тоглолт хийсэн. Тэднийг уриалж сүлжээндээ татаж оруулсан. Одоо тэгээд тэр улсаа хөлдөө чирч байгаа хэрэг үү. Хөвсгөлийн ард түмнийг өөд нь татна гээд л засаг дарга байсан хүн нь л олны нүдэнд мөнгө тушааж иргэдийг уриалан дуудаж байлаа. Тэр хүмүүсээ эхлээд хариуцлагад татах хэрэгтэй. Шалгалтын багийг ахалсан Гантулга гэж цагдаагийн байцаагчийн эхнэр нь хүртэл мөнгө оруулаад өсгөөд л авсан. Тэр бүхэнд эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ хүмүүсийн хууль бус үйл ажиллагааг зогсоох эрх нь н.Гантулга болоод засаг даргын зөвлөх н.Базар нарт байсан шүү дээ. Гэтэл тэд уснаас хуурай гараад жирийн иргэд биднийг шүүх цагдаагаар дарамталж мөнгө авна гэж дайрч болохгүй. Бид бусдын мөнгийг хулгайлж, булааж аваагүй. Байгуулсан гэрээний хүрээнд л мөнгө хийгээд өсгөөд авсан. Тэрнээс хойш бол би энэ сүлжээ рүү огт ойртоогүй. Эрсдэлтэй гэж үзсэн болохоор л тэр.
-Хохирогчдын зүгээс мөнгөө өсгөж авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Төвлөрсөн хөрөнгөөр нь хохирол барагдуулах гарц байна гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Энэ тухайд?
-Үүнийг би огт ойлгохгүй байгаа. Ингэж үзэх ямар үндэслэл байна вэ, тэдэнд. Мөнгөө тушаасан хүмүүсийг хэн ч албадаагүй. Өөрсдийнхөө шуналд хөтлөгдөөд л хэдэн арван саяар нь тушаасан шүү дээ. Сайтар судлах, татгалзах сонголт тэдэнд байсан. Эрсдэлээ үүрээд л мөнгөө тушаасан гэж ойлгож байгаа. Зүгээр сууж байгаад л мөнгө авах сонирхолтой хүмүүс сүүлд нь цагдаа, хуулийнхнаар далайлгаж над мэтийн хүмүүсээс мөнгө гаргаж хохирлоо төлүүлнэ гээд зогсож байгаа нь дэндүү ичмээр хэрэг. Ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр шүү. Би хувийн зүгээс таван төгрөг ч өгч чадахгүй. Өгөх алба ч байхгүй. Хэрэв шалгаад хорих дээрээ тулбал тэмцэж, хөлөө хүрэх газар хүртэл явна. Монголын төр бэлэнчлэх сэтгэлгээтэй хэдхэн хүний хатгаасаар ийм арга ядсан үйл ажиллагаа явуулахгүй гэж найдаж байна. Залилангийн гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг нь илрүүлж, цагдан хориод байгаа шүү дээ. Тэдний үл хөдлөх хөөрөнгүүдийг ч битүүмжлээд байгаа. Тэндээс нь л оруулсан мөнгөө гаргаж авна биз дээ. Гэрээ байгуулж мөнгөө өсгөөд авсан бидэнд энэ асуудал ямар хамаа байна вэ. Тийм боломж ч байхгүй. Би л гэхэд өсгөсөн мөнгөө хүүхдийнхээ байрныхаа урьдчилгаанд өгсөн. Байгуулсан гэрээний хүрээнд мөнгөө өсгөж авсны төлөө миний хүүхдийн байрыг хурааж авч бэлэнчлэх сэтгэлгээтэй хэдхэн хүмүүсийн хохирол барагдуулахад зарцуулах юм уу. Тийм асуудал байж хэрхэвч таарахгүй.
-10 сая төгрөг бага мөнгө биш. Танд ер нь үүнийг хэн санал болгосон юм бэ?
-Хэсэг хугацаанд Мөрөнчүүд бүгдээрээ хошуурсан шүү дээ. “Бэлтэс мөрөн”-гийн Г.Нямдэлгэр нар Хөвсгөлд хаан шиг л байсан. Тухайн үед би өөрийн хэмжээнд судлаад л эрсдэлээ үүрээд мөнгөө хийсэн. Сарын дараа л оруулсан мөнгөө 50 хувь өсгөөд авсан. Үүнд хууль зөрчсөн ямар үйлдэл байгаа юм бэ. Хэрэв хариуцлагад татвал тэтгэврийн насны болон группт байдаг хүмүүс л асуудалд орох байх.