Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ногооннуур сумын 70 жилийн ойд Улсын заан Б.Серик түрүүлэв DNN.mn

Баян-Өлгий аймгаас 76 жилийн дараа ЗААН ЦОЛТОН төрлөө

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.

Тэд долдугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн түүхт 80 жилээр түрүү булаалдаж харцага давж байсан бол энэ удаа Б.Серик заан даагаа амжилттай нэхэж түрүүлсэн байна.

Харин их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодсон 105 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

бичвэр нарын зураг байж магад

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр нийт 1676 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1409, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл байна. Үүнд,

  • Согтуугаар автомашин жолоодсон 105
  • Гэр бүлийн хүчирхийлэл 90
  • Хүний биед халдах 74
  • Эрүүлжүүлсэн 136
  • Хулгайлах 19 дуудлага тус, тус бүртгэгджээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Виаграг хэрэглэхээс өмнө эмчид заавал үзүүлэх шаардлагатай DNN.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн урологи, андрологийн эмч Ө.Золбоотой виагра эмийн талаар ярилцлаа.


-Виагра бэлдмэлийн үндсэн бодис болох салденафилийг зүрхний эм болгон анх ашигладаг байжээ. Тэгээд нэлээд хожуу эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхыг дээшлүүлдгийг нь тогтоосноор Виаграг хэрэглэх болсон гэх юм. Энэ үнэн үү?

-Салденафилийг анх уушгины артерийн даралт ихсэх өвчний эсрэг хэрэглэж байсан юм билээ. Учир нь энэ бодис гөлгөр булчинг суллаж, цусан хангамж сайжруулдаг үйлчилгээтэй л дээ. Улмаар бэлгийн сулрал буюу 40-70 насны эрчүүдэд тохиолддог бэлэг эрхтэний хөвчрөлийн алдагдал гэх өвчинд хэрэглэж ирсэн. Яг л адилхан булчинг суллаад цусан хангамжийг сайжруулдаг үйлдэлтэй эм.

-Манай улсад энэ эмийг ямар хүмүүс хэрэглэвэл зохилтой вэ?

-Монголд эрэгтэйчүүдийн эмгэгтэй андрологийн өвчтөнүүдийн дунд чихрийн шижин өвчин, таргалалт элбэг тохиолддог юм. Мөн хоолны дэглэм буруугаас, дээр нь нас ахихаар бэлгийн сулралтай болж байна. Тиймээс эхлээд өвчтөнөө сайн оношилж, зүрхний асуудалтай эсэхийг нь сайтар нягтлах хэрэгтэй. Хэрэв зүрхний ноцтой эмгэг илрээгүй бол Виаграг уухыг зөвшөөрдөг. Учир нь зүрхний ямар нэгэн өвчтэй хүнд энэ эмийг уулгавал шигдээст хүргэх аюултай. Зүрхний асуудалгүй тохиолдолд ч хамгийн бага тунгаар ууж хэрэглэх нь зөв. Виаграг нэг удаа уугаад гурав хоног өнжих шаардлагатай. Ер нь энэ эмийг зөвхөн эмчийн заавраар л уух ёстой.

-Энэ эмийг заавал жороор уух ёстой гэж ойлголоо. Гэтэл иргэд ямар ч жоргүй дураараа авч уух нь элбэг байх шиг. Эмийн сангууд Виаграг жоргүй олгодог уу?

-Тэгдэг. Мөн секс шопууд ч ямар нэг хараа хяналтгүй зарж л байдаг.

-Манай улсад Виагра хэрэглэж байгаад зүрх нь хаагдаж нас барсан тохиолдол бий юү?

-Бэлгийн харилцаа хийж байх үедээ зүрх нь ачааллаа дийлэхгүй амиа алдсан явдал манай улсад цөөн боловч гардаг. Зүрхний асуудалтай гэдгээ мэдсээр байж энэ эмийг дур мэдэн ууснаас шигдээс болсон тохиолдлууд бий. Хөдөө орон нутагт ч ийм тохиолдол нэг биш удаа гарч байсан. Хот орж ирэхдээ эрчүүд Виагра авчихдаг. Нутагтаа эргэж очоод архи, дарстай хамт хэрэглэдэг. Уг нь энэ эмийг бэлгийн харилцаа хийхээс 30 минутаас цагийн өмнө уух ёстой. Өөх тостой хоол идэх нь энэ эмийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг талтай. Мэдээж архи дарстай хамт хэрэглэх ч эрсдэлтэй. Учир нь архи цус шингэлдэг үйлчлэлтэй. Дээр нь Виагра өөрөө цусны урсгалыг сайжруулдаг юм. Тиймээс ч энэ эмийг архи, дарстай хольж хэрэглэхийг хориглодог.

Үүнээс гадна Виаграг уух үед харшлын эмгэг илэрч болно. Мөн ойрын болон холын хараа түр муудах нь ажиглагддагийг анхаарах нь зүйтэй. Виаграг хэрэглэх үед харшлын ямар нэг эмгэг үүсвэл эмчид заавал хандах шаардлагатай. Тунг нь сайн тохируулж, хамгийн бага 5-10 мг тунгаас эхлэх нь зохилтой юм.

-Уг эмийг гол төлөв хэдэн насны хүмүүс хэрэглэдэг бол. Виаграг тэдээс тэдэн насны хүн хэрэглэх учиртай гэсэн заалт бий юү?

-20-25 насныхан энэ эмийг хэрэглэхэд ерөөс үйлчлэхгүй. Учир нь тэд бэлгийн хөвчрөл сайтай эрүүл улс. Тэгээд ч энэ насныхан Виаграг тогтмол хэрэглэвэл эмгэг хөвчрөл үүсэх эрсдэлтэй. Харин 45-70 насны хүнд үйлчилгээ нь 52 хувьтай байдаг гэсэн тооцоо бий. 40 наснаас эхлээд эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх эрэгтэй даавраас болж хөвчрөл нь багасч, бэлгийн чадавх нь 10-15 жилийн өмнөхөөсөө хоёр дахин илүү буурдаг.

-Виаграг эмэгтэйчүүд хэрэглэдэг үү?

-Хэрэглэх нь бий. Гэхдээ Виагра уудаг эмэгтэйчүүд аль ч улсад цөөхөн.

-Виаграгийн үйлчилдэг хугацаа ямар вэ?

-Хоёроос дөрвөн цаг үйлчилнэ. Энд тэмдэглэхэд, хоёр цагаас илүү хугацаагаар хөвчирсөн бэлэг эрхтэн буухгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь приапизм /эмгэг хөвчрөлт/ гэж эмгэг бий. Энэ нь удаан үргэлжилбэл үхжил явагдахад хүргэдэг. Тийм үед бэлэг эрхтний дүүрсэн цусыг хатгаж хурдан гаргах ёстой.

-Тийм тохиолдол гарч байв уу?

-Элбэг биш ч тохиолддог.

-Виагра эм дотроо ялгаатай юу?

-Шатлал шатлалаараа өөр. Тунгийн хэмжээнээс хамаараад өөр өөр байдаг л даа. Бага тунтайг эхэлж хэрэглээд үр дүн муу байвал дараагийн шатлалын эмийг хэрэглэх нь бий.

-Эрэгтэйчүүдийн талын эмгэг Монголд хэр элбэг вэ?

-Манайд түрүү булчирхайн хорт хавдар цөөн. Жилдээ нэг, хоёр л бүртгэгддэг. Харин түрүү булчирхай томрох явдал элбэг. 40 нас гараад эрэгтэй хүн заавал урологи, андрологийн эмчид хоёр жилдээ нэг удаа үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчнийг ч үл ойшоож болохгүй. Өвчнөө дутуу эмчилсний улмаас урхагтай үлдэх нь бий. Эдгээр үлдэц нь шээс бэлгийн замыг гэмтээдэг юм.

-Андрологийн талын эмчилгээнд манай эрэгтэйчүүд хэр хамрагддаг вэ?

-Манай эмнэлэгт андрологийн тасаг нээгдээд удаагүй байна. Гол төлөв чихрийн шижин, таргалалттай, эсвэл 60-аас дээш настай эрэгтэйчүүд ханддаг. Уг нь эрэгтэйчүүд 35-40 насандаа тестостероны дааврын хэмжээгээ тодорхойлуулж байх ёстой. Учир нь энэ насанд бэлгийн хөвчрөл залуу үеийнх шигээ байж чадахгүйд хүрч эхэлдэг юм. Тиймээс тэр үед нь оношлуулаад витаминт эмчилгээ, хөдөлгөөн, хоолны эмчилгээг зохицуулан хийлгэх шаардлагатай. 60 настай эрэгтэй тийм эмчилгээ хийлгэлээ гэхэд гучтай залуу шиг болохгүй ч бэлгийн хөвчрөлөө үлэмж сайжруулж болно.

-Бэлгийн сулрал залуучуудын дунд элбэг байна гэх юм?

-Манай залуучууд сэтгэхүйгээ өөрчилж, удаан хугацаанд бэлгийн ажиллагааг тасалдуулахгүй байхыг аль болох хичээвэл зүгээр. Бэлгийн сулрал нэн ялангуяа ээлжийн ажилтай эрчүүдэд илүүтэй ажиглагдаж байна. Жишээ нь, хоёр долоо хоног ээлжинд гараад хоёр долоо хоног амардаг хүмүүст. Ийм ажилтай эрчүүд бэлгийн харилцаа удаан хийхгүй байж байгаад нэг хийхээрээ хурдан дур тавьдаг болчихдог. Ийм мөчлөгөөр удаан ажиллахаар хүмүүсийн сэтгэхүйд өөрсдийгөө бэлгийн сулралтай болчихлоо гэж хий бодон эцсийн дүнд үнэхээр бэлгийн сулралтай болох нь бий. Ийм тохиолдолд андрологийн эмчид цаг алдалгүй хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгж хандах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ асуудлаар эхнэртэйгээ хамт ирж зөвлөгөө авах нь ч бий. Эхлээд тус тусад нь, тэгээд хамтад нь уулзаж зөвлөгөө өгсний дараа сексийн амьдрал нь эргээд хэвийн болох жишээ багагүй шүү. Учир нь ихэнх тохиолдолд бэлгийн хөвчрөл дутмаг биш, янз бүрийн суурь өвчин байхгүй нь ажиглагддаг. Сэтгэл зүйтэй л холбоотой. Тиймээс сексийн амьдрал тасалдахгүй тогтмол байх ёстой. Өөр нэг зүйл хэлэхэд, эрчүүд бэлэг эрхтнээ томруулах гээд вазелин шахах тохиолдол элбэг байдаг. Эхэндээ том болсон юм шиг мэдрэмж төрөх нь бий. Гэвч аажимдаа бэлэг эрхтний эд эс үхжиж хагалгаанд орох тохиолдол зөндөө байдаг.

Categories
мэдээ утга-зоxиол

Нүүдэлчний намар DNN.mn

ФОТО: Алтан шар намрын улирал | Ublife

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж

Б.Явуухулан

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Байцаа дарах арга DNN.mn

Намрын налгар өдрүүд үргэлжилж, ногоо цагаа элбэгшсэн энэ үед ургацаа хурааж, өвлийн хүнсээ бэлтгэн базааж байгаа та бүхэндээ байцаа дарах аргыг хуваалцаж байна. Амин дэмээр баялаг даршилсан байцааг өвөлжин, хаваржин хэрэглэх боломжтой.

Орц: 10 кг байцаа дарахад, давс-190 гр нуурын давс, шар лууван-300 гр, алим-250 гр, үрлэн хар перц-5 гр, лаврын навч-4-5 ширхэг, сонгино дунд зэргийн хоёр ширхэг, хүрэн манжин 2 бөөрөнхий орно.

Бэлтгэх арга: Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал, хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Тухайн сав сайтар цэвэрлэсэн байх бөгөөд хуурай байх ёстой. Ингээд байцааны гадуурх навчийг хуулж савныхаа ёроолд дэвсэж өгнө. Дараа нь байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчиж болно. Угааж цэвэрлэсэн лууван, хүрэн манжингаа савхалж хэрчинэ. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр, алимаа мөн жижгэвтэр, өөрийн сонголтоор хэрчинэ. Алим нь C витаминаар баяжуулж өгдөг. Бүх ногоогоо хэрчиж дуусаад урьдчилж бэлтгэсэн том гялгар уутан дээр асгаж давс, амтлагчаа хийгээд сайтар холино.

Гартаа нэг удаагийн бээлий өмсөхөө бүү мартаарай. Одоо хольсон ногоогоо байцааны том далбагар навч дэвссэн дарах сав руугаа хийнэ. Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц шүүстэй болох ёстой. Шүүсэнд нь далд ортол ногоогоо цохиж дараад дээр нь цагаан хөвөн цаасан материалаар бүтээж дээр нь хүндрүүлэгч тавина. Хүндрүүлэгчээр байгалийн том хавтгай чулууг ашиглаж болно. Тэгээд савныхаа тагаар таглаад гэрийн темпратурт 3-4 хоног байлгана. 3-4 хоногийн дараа бүтээлгээ хуулж дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 50 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Мэдээ.МН

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь Улаанбаатар хотод, 26 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 981 200-д хүрлээ. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Дашбалжид: Эх орныхоо түүхийг харуулсан хувцас сонгож авч явахыг хичээсэн DNN.mn

Мисс М.Дашбалжидтай ярилцлаа.


-“Mrs Glam World 2022″ тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэнд баяр хүргэе?

-Тэргүүн байраа тэмцээний нэрээр нэрлэсэн. “Mrs Glam World 2022″ тэмцээний “First runner up” гэдэг нь тэргүүн байр биш, монголчилбол хоёрдугаар байр гэсэн үг. Юун түрүүнд үүнийг залруулах хэрэгтэй байх. Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Амжилттай оролцохын төлөө өөрийгөө дайчилж, маш их тэвчээр хатуужил гаргасан. Мөн олон зүйлийг богино хугацаанд сурах шаардлагатай болсон. Ямартаа ч хүсэн хүлээсэн тэмцээнээ амжилттай дуусгаж олон улсын тавцанд эх орноо сурталчилсандаа үнэхээр баяртай байна. Миний амьдралын дахин нэг мартагдашгүй шинэ хуудас нээгдэж байна.

-Тэмцээний онцлог, зорилго юу вэ?

-Тэмцээн Энэтхэг улсад жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг. Энэ жил Энэтхэг улсын Кочин хотод хоёр ангилалд найм хоног үргэлжиллээ. Бусад тэмцээнээс ялгаатай тал нь зөвхөн гадаад төрх бус бүхий л зүйлийг ижил тэнцүү харж шүүдэг.

Тэмцээний онцлогийг орчуулбал “Хараа, сэтгэл булаам эмэгтэй” гэсэн утгатай. Тэмцээн олон улсын эв нэгдлийг бататгах, Энэтхэг улсын өв соёлыг олон улсад сурталчлах, таниулах зорилготой.

-Таны хувьд мөн “Шилдэг тайзны алхаа” төрөлд түрүүлсэн. Тэмцээндээ хэдий хугацаанд бэлтгэсэн бэ?

-“Шилдэг тайзны алхаа” төрөлд олон жил судалж, хуримтлуулсан туршлага маань их хэрэг болсон. Тэмцээний санал тавдугаар сард ирсэн. Бэлдэх хугацаа хангалттай байсан учраас яаралгүй тайван байж байгаад долдугаар сараас даашинзаа бэлтгэж, визнийхээ ажлыг бүтээгээд явсан.

-Таны тайзны алхааны анхны багш хэн бэ?

-Топ модель О.Уянга багш. Намайг анх 2017 онд “Gloria” загварын агентлагт элсэхэд багш маань инээгээд маш гоё угтаж байсан. Тэгээд л шинэ үсгийн багш гэдэг шиг А-Я хүртэл бүхнийг зааж сургасан.

Мөн юмсыг өөрөө үлгэрлэн харуулж бидэнд заадаг, маш мундаг эмэгтэй. Одоог хүртэл би багшаасаа үлгэр дуурайл авдаг. Зөвхөн загварын салбар гэлтгүй хувь хүн, амьдралын амжилт, биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр гайхалтай.

-Тэмцээндээ юуг илүү чухалчилж бэлтгэв?

-Миссийн тэмцээн бол зөвхөн гадаад гоо үзэмж биш хүнээс олон зүйл шаарддаг. Тайзан дээр гараад нэг минутын дотор шүүгчдэд, бусдадаа өөрийгөө бүрэн ойлгуулах, өөрийнхөө тухай аугаа ойлголтыг өгнө гэдэг маш хэцүү. Шүүгчдийн асуултад нэг минутад багтаж хариулна. Олон зүйлийн талаар товчхон хариулж сурна.

Би одоогоор дөнгөж сурч эхэлж байгаа учраас энэ чадвараа төгс болгохоор хичээж байгаа. Энэхүү тэмцээнд эх орноо сурталчлахаар очиж байгаа учраас өдөр тутмын үйл ажиллагаандаа орчин үеийн шийдэлтэй монгол загварын хувцас өмсөхийг хичээсэн.

Үндэсний хувцас өөрөө Монгол Улсыг маань олон улсад сурталчлах зүйл. Тиймээс аль болох эх орныхоо түүхийг харуулсан хувцас сонгож авч явахыг хичээсэн.

-Та “Mongolia’s Next Top Model” шоунд оролцож байсан. Тухайн үед хамт оролцож байсан охидтой холбоотой байдаг уу?

-Загвар өмсөж эхлээд удаагүй байхдаа “Mongo­lia’s Next Top Model” шоунд оролцсон. Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй дурсамжуудын нэг хэсэг. Карьерийн минь хамгийн том эхлэл, гайхалтай үр өгөөжтэй тэмцээн болсон. Шоунд оролцсон охид бүгдээрээ нэг байшинд байрлаад нэг гэр бүл шиг байсан учраас бид бие биедээ дассан байсан. Одоо Ю.Балжидмаа, Б.Жагзмаа хоёртой холбоотой байдаг. Ихэнх нь сураг алдарсан (инээв). Мөн Оюука бид хоёр хоёулаа ээж болоод удаагүй болохоор ээжийн зөвлөгөө солилцдог.

-Өөр телевизийн шоу, кинонд тоглох бодол байдаг уу?

-Ажлын саналууд ирвэл хүлээн авна гэж бодож байна. Би кинонд тоглох сонирхолтой. Дүрийн сонгон шалгаруулалт зарлагдвал үзээд алдана аа. Кинонд тоглох миний дотроо хадгалдаг нууцхан мөрөөдлүүдийн нэг. Хүний амьдрал богинохон, бид ирээд л буцна. Хөгшрөөд эргээд үзэхэд хүний хийж бүтээсэн зүйл, тэр тусмаа дэлгэцийн уран бүтээл хэдэн зуун дамнаад архивлагдаж байдаг учраас таалагддаг.

-Дараагийн зорилго, оролцохоор бэлтгэж буй ямар тэмцээн байна вэ?

-Монголд ирээд охинтойгоо нэг сар амраад дараагийнхаа зорилго руу биеэ бэлтгэхээр төлөвлөж байна.

Цаашдаа нэг том үйл ажиллагаанд оролцохоор зорьж байгаа. Сарын дараа гэхэд олон нийтэд ил болох байх, бусад хүмүүсийнхээ ажлыг хүндэтгээд одоохондоо нууцалъя.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Баярхүү: Олон улсын харилцаанд зөв маневрлавал хождог цаг DNN.mn


Олон улсын харилцааны судлаач-профессор, ахмад дипломатч Д.Баярхүүгээс Дорнын эдийн засгийн чуулганы талаар тодруулга авлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганаас ганзага дүүрэн ирснийг албан мэдээнүүдээс нь харлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүний хувьд чуулганы уур амьсгал ямар байсныг сонирхуулахгүй юу?

-Чуулганы уур амьсгал гэдгийг монголчууд Орос-Украины цэргийн мөргөлдөөний фонон дээр авч ярих гэж байгаа бол арай туйлширсан хэрэг болно. Дайны байдалтай байгаа, дайн хийж байгаа улс орны шинж тэмдгийг Владивостокт олж мэдэрсэнгүй гэж хэлэх байна. Форум хэвшсэн загвараараа явагдаж байх шиг байна. Уригдсан гадаадын төр-засгийн тэргүүнүүдээс Монгол, Армен, Мьянмар, Хятадын төлөөлөгчид биечлэн очиж нэгдсэн хуралдаанд ОХУ-ын ерөнхийлөгчтэй зэрэгцэн сууж байгаад үг хэллээ. Энэтхэг, Малайз, Вьетнамын Засгийн газрын тэргүүнүүд цахимаар үг хэллээ. Өмнөх уулзалтуудад Япон, Өмнөд Солонгос ихээхэн хүндтэй, үүрэгтэй дээд өндөр түвшинд оролцдог байсан бол энэ удаа шинэ тоглогчид гарч ирсэн нь харагдлаа. Армен, Мьянмар хоёр байна. Уламжлалт идэвхтэй оролцогчид байгаагүй. Энэ уулзалтад уригдсан нь анхаарал татлаа. ОХУ-ын олон улсын байр суурь хүндхэн сорилт туулж байна. Үндсэндээ Европоос бүрэн таслагдсан. Өмнөшөө, зүүншээ гарц хайж идэвхтэй ажиллаж байгаа нь харагдлаа. Европтой олон жил явуулсан хамтын ажиллагаа нь зогсож, харин Ази тивийн том хаалга нээгдэж Европыг байтугай орлож чадна гэсэн итгэл оросуудад байх шиг байна. Чуулга уулзалт дээр хамгийн их улстөржсөн нь ганцхан В.Путин гуай л байлаа. Украинтай явуулж байгаа дайнаа алхам тутамдаа тайлбарлаж харагдлаа. Хөтлөгч орос сэтгүүлч ч эгзэгтэй олон асуулт тавьж хариулуулахыг хичээлээ. Өөрөөр энэ дайны тухай дурссан дурдсан гадаадын ганц ч удирдагч байгаагүй. Оросын Алс Дорнод, Дорнод Сибирийн олон субьект БНУ, мужуудын үзэсгэлэн худалдаа бүхий павильонууд анхаарал татлаа. Сайхан зохион байгуулсан байна. Маш олон бизнес уулзалтууд болж байгаа харагдсан.

-Ковид болон дайны улмаас эдийн засаг хүнд байгаа. Иймд манай улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах ямар яриа хэлэлцээ Владивостокт албажив?

-Олон улсын харилцаа түвэгтэй байна. Орос өөрөө хүнд байдалд байна. Олон улсын санкц дор байна. Гэхдээ асар их боломж байна. Сибирь, Алс Дорнод асар их нөөцтэй, хамтран ажиллах чинхүү сонирхолтой байна. Энэ үед зөв маневрлавал хождог цаг гэдэг нь Владивостокт харагдаж байна. Монгол бол зөөлөн хүчний бодлоготой жижиг улс. Бидэнд юу хэрэгтэй, бид эдийн засаг нийгмийн ямар бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх ямар хүч нөөцтэй, ямар боломжтой, ямар давуу талтай гэдгээ л ярих гэж манай удирдагчид энэ форум руу очиж байсан нь энэ удаа яг давтагдлаа. Олон улсын, олон талт яриа хэлэлцээ гэхээсээ зочин гол улс-ОХУ-тайгаа асуудлаа ярилцаад авах нь чухал байв. Үүндээ ч Ерөнхий сайд хүрсэн байх. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогын төслүүдээ бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урилаа” гэсэн мэдээ Засгийн газрын сайтад гарсан байгаа. Энэ гарчиг л Владивостокт ямар алхам хийв гэдэгт хариу өгчихөж байгаа юм шүү дээ. Оросын төмөр зам, Газпром банк, Роскосмос, Газпромын удирдлагатай уулзаж Монголд хэрэгтэй төслүүдээ танилцуулж, хэрэгжиж байгаа зарим төсөлдөө үнэлэлт дүгнэлт, дэмжлэг авчихна гэдэг чамлалтгүй том ажил. Манай эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах уу гэж өөрөө асууж байна. Манай эдийн засагт бодит хувь оруулах гол эзэд монголчууд өөрсдөө шүү дээ. Эрх баригчид нь сайхан, сайхан хамтын ажиллагаа ярилцаад ирдэг, хэрэгжүүлэх гэхлээр дунд доод шатандаа замхардаг, саатдаг, авлига оруулдаг, олон түншийг мөргөлдүүлдэг урьдын дутагдлаа бид засах ёстой.

-Эгийн голын УЦС-ын хувьд олон жилийн өмнөөс яригдсан төсөл. Гэвч оросуудын эсэргүүцэлтэй тулгарч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Харин энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ын төслийн талаар онцолсон бөгөөд гацаанаас гарлаа гэж мэдээлж байна. Энэ яг бодитой хэрэгжиж чадах уу?

-Энэ чинь НҮБ-ын ЕНБД-аас дэмжлэгтэй бүтээн байгуулалтын том төсөл. Оросын “gazeta-n1.ru” гэх сайтад “Монгол дахь Эгийн гол дээрх усан цахилгаан станцын барилгын төслийг НҮБ сайшаалаа” гэсэн гарчиг бүхий томхон нийтлэл энэ оны наймдугаар сарын 10-нд тавигдсан байсан. Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцох үедээ Ерөнхий сайд энэ асуудлыг НҮБ-ын ЕНБД-д тавьж, өнгөрсөн зун бүр биечлэн ирэх үед нь дэмжлэг авчээ гээд оросын сайтад бичсэн байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг хүсч энэ төслөө хэрэгжүүлэх болж байгаа нь Монгол-Орос-НҮБ гэсэн стратегийн жижиг гурвалжинд манай улстөрчид зөв маневрласны л үр дүн шүү дээ. Сая Дорнын чуулга уулзалт дээр “Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томхон 47 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг төслүүдэд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэсэн мэдээ явж байгааг эргээд дурдах нь зүйтэй болов уу.

-Шатахууны үнийг тогтвортой барьж, дизель түлшийг 10 хувиар бууруулахаар болсон гэж байна. Хоёр улс нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчихлээ. Манай эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Мэдээж сайнаар нөлөөлнө. Гэхдээ бид нэг зүйлийг наанатай цаанатай ойлгох хэрэгтэй. Манайхан төдийлөн ярилцдаггүй өнцгөөс хэдэн тайлбар хэлье. ОХУ-ын төр засгаас Монголд нефтин бүтээгдэхүүн нийлүүлж гийгүүлдэг тухай арай өөр өнцгийн мэдээлэл байдаг. Оросууд “нефтетрейдер Trafig­ura” (Трафигура) гэж нэрлэгддэг олон улсын худалдааны компанитай хамтран ажилладаг. Сингапурын биржээс Роснефтийн хувьцааг худалдан аваад бусад улсуудад худалдахдаа үнээ нэмж өсгөн дундаас нь ашиг олдог гэх үү дээ. Олон улсын санкцаас болоод энэ Трафигура хамтын ажиллагаагаа сааруулахад л Монголын бензин шатахууны хангалт таг зогсоно. Орос дур мэдэж найрамдлын гараа сунгахгүй. Трейдер Трафигура компанийн төлөөлөл Улаанбаатарт байдаг байх аа. Улс төрийн гэхээсээ жинхэнэ бизнесийн, ашгийн төлөө энэ компанитай манай шатахуун импортлогч компаниуд нягт хамтран ажиллах хэрэгтэй. Засгийн газар, улстөрчид оролцохгүй байвал илүү сайн. Украинд дайн дэгдлээ гээд манай улстөрчид, салбарын яам нь бужигнаж, Орос руу сайдаа илгээж байгаа нь угтаа бол дэмий алхам юм шиг санагддаг. Трафигуратай л хамтран ажиллавал зөвдөнө. Үүнийг хаа хаанаа ойлгоосой.

-Дорны эдийн засгийн чуулганаар хөндөгдсөн бас нэг чухал асуудал бол хийн хоолойн төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ зарласан явдал байлаа. Хэрэгжих хугацааны хувьд нэлээд хүлээлт дагуулсан төсөл шүү дээ?

-Газпромын дарга өөрөө үнэлж байна лээ. Монголчууд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж. Мэдээж том төсөл учраас удна. Өнөө маргаашгүй бид хийгээр хангагдана гэж гэнэнээр итгэх хэрэггүй. Монголоор дамжуулах хоолой тавина, Монгол бол манай найрсаг хөрш, түнш, Монгол бол тогтвортой түнш гэж Путин ерөнхийлөгч чуулга уулзалт дээр хэлж байсныг бидэнд өгч байгаа үнэлгээ гээд л ойлгочих хэрэгтэй.

-Төмөр замын хувьд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Ерөнхий сайд зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг урагшлуулах талаар ярьсан. Ийм төсөл хамтран хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй хоёр болон гурван талт, цаашилбал энэ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд суурь шинэ нөхцөл болно гэж тэмдэглэсэн. Мөн Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд Монголын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийн асуудлыг гүнзгийрүүлэх дээр Оростой санал нийлсэн. Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох асуудлын талаар ярилцсан. Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлье гэдэг дээр Оросын тал байр сууриа илэрхийлсэн. Цаашлаад Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд Оросын компанитай хамтарч ажиллахаар болж байх шиг байна. Энэ бол чамлахаар чанга атгах чухал эхлэл болов уу

Categories
мэдээ цаг-үе

Номын баяр энэ баасан гаригт эхэлнэ DNN.mn

Номын баяр | News.MN

Жил бүр хавар, намрын улиралд уламжлан зохион байгуулагддаг Үндэсний номын баярын арга хэмжээ ирэх сарын 16-нд буюу энэ баасан гарагт Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэ удаагийн номын баяр мөн сарын 18 буюу нийт гурван өдөр үргэлжлэх юм.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Энэ үеэр ховор, хуучны номын болон зохиолчдын шинэ, шилдэг уран бүтээлийн худалдаа болдог билээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүүхэд гэмтжээ DNN.mn

Зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газраас зугтжээ

Есдүгээр сарын 11, 12-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтсэн байна.

Иймд

  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,
  • 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх,
  • Арын суудалд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх,
  • Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 188, орон нутагт 59 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.