Categories
мэдээ цаг-үе

Дундаж цалин өмнөх улирлаас 94.400 төгрөг буюу 6.5 хувиар нэмэгджээ DNN.mn

Цалин хөлс тогтоох зарчим

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн тайланд 2022 оны II улирлын байдлаар 48,300 аж ахуйн нэгж, байгууллагын 742.5 мянган ажиллагч хамрагдсан ба медиан цалин 1,160,200 төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд танилцуулжээ.

Медиан цалин өмнөх улирлаас 93,300 төгрөг буюу 8.8% өссөн байна.

зураг

Эх сурвалж: ҮСХ

(Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм).

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин II улирлын байдлаар 1,544,400 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 214,000 төгрөг буюу 16.1%, өмнөх улирлаас 94,400 төгрөг буюу 6.5% нэмэгджээ.

Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны II улиралд 2015 оноос 77.8 хувиар нэмэгдсэн байна. Гэвч инфляцын нөлөөгөөр, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6% л өсжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна.

Харин дундаж цалинг хүйсээр авч үзвэл, тайлант хугацаанд эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгааг ҮСХ-ны судалгаа харуулав.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор

  • 700,000-аас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8
  • хувь, харин ₮3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8% байна.

НДШ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.1%) мянгаар, өмнөх улирлаас 1.4 (3.0%) мянгаар, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 (6.3%) мянгаар, өмнөх улирлаас 24.8 (3.5%) мянгаар тус тус өсжээ.

зураг

Эх сурвалж: ҮСХ

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд ХХК-д ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг, ХК-д ажиллагчдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын сарын дундаж цалин 1.8 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 97.1-428.2 мянган буюу 6.3%-27.7% өндөр байна.

Харин бусад аж ахуйн нэгжид ажиллагчдын сарын дундаж цалин байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамааран улсын дунджаас 130.1-790.1 (8.4%-51.2%) мянган төгрөгөөр бага байна.

Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 130,800 төгрөг буюу 11.2% нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2022 оны II улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу ₮2 сая, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839,800 буюу хамгийн бага байна.

Categories
мэдээ цаг-үе

Номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцоно DNN.mn

Номын баяр-2017

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ маргааш эхлэх гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг холбогдох баримт бичгийн дагуу бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлах, номын сангийн хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Илүү их уншъя” уриатай “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг улс орон даяар 2022 оны есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна.

Энэ удаагийн номын баярын нээлт маргааш буюу есдүгээр сарын 16-нд 13:00 цагаас Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлнэ.

Хүүхдийн номын хүрээ, үндэсний бичиг соёл номын хүрээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээ, номын худалдаа, урлагийн тоглолт зэрэг 15 гаруй арга хэмжээгээр үргэлжилнэ.

Номын баяртай холбоотой түүхээс товч дурдвал 1950 онд хуучин номын худалдаа, 1955 онд хүүхдийн номын зах, 1990 онд номын баяр үзэсгэлэн, яармаг, 2000 онд бичиг соёлын хишиг өдөр, 2012 номын баярын өдөр, 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар үндэсний бичиг соёл номын өдрүүд хэмээн өргөжиж, номд дуртай хүн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон.

Монгол Улсын нийт номын сангуудад “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ болно.

Энэ удаагийн номын баярт 400 орчим ААН, байгууллага, хувь хүмүүс оролцож байна. Үүнээс 150 гаруй ААН, байгууллага оролцоно. 250 оролцогч нь өнөөдрийн цаг үеийн шилдэг залуу хэвлэн нийтлэгчид.

Уг арга хэмжээний үеэр шинэ гарсан ном товхимлын үзэсгэлэн яармаг гарна. Алдартай яруу найрагчид, ахмад зохиолчид өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, уран бүтээлийн талаараа сонирхсон хүмүүстэй чөлөөт ярилцлага хийх хөтөлбөр багтсан байгаа.

Номын баярт өргөнөөр оролцохыг уриалж байна” хэмээн мэдээллээ.

Номын баяр есдүгээр сарын 16-наас эхлээд 18-ныг дуустал гурван өдөр үргэлжилнэ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 6700 гаруй га талбай шатжээ DNN.mn

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ – updown.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр болон есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Сүхбаатар, Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж, цурамд оруулаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-нд бүртгэгдсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан цурам доторхыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд Ням гарагийн 17:00 цагт цурамд оруулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт ойн түймэр гарсан дуудлага энэ сарын 12-нд бүртгэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, Мягмар гарагийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байгаа аж.

Завхан аймгийн Баянтэс сумын нутагт газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 8-нд бүртгэгдэж, Мягмар гарагт 18:00 цурамд оруулсан бөгөөд өчигдрийн байдлаар Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаан голын-Ам гэдэг газрын Шар халзангийн-Эх гэдэг газарт унтраах ажиллагаа зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар 6,700 га талбай шатсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарсан мэдээлэл өчигдөр 16:20 цагт бүртгэгдсэний дагуу тус аймгийн болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж өнөөдрийн 05:50 цагт бүрэн унтраажээ.

Иймд,

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Бумхишигийг аварсан уулчин С.Ганхүү: Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад амарч суух эрх бидэнд байгаагүй DNN.mn


Аврах ажиллаагааны үеэр. Багийн ахлагч С.Ганхүү, Э. Даваадорж нар
Оросын уулчдын хамт

Киргизистан улсын Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан “Цэгц” клубийн уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан. Улмаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э. Даваадорж нарын баг аврах ажиллагааг амжилттай явуулж залуу уулчин Х.Бумхишигийг энэ сарын 13-нд эсэн мэнд буулгаж ирээд байна. МУҮХ-ноос мэдээлж байгаагаар Х.Бумхишиг гуравдугаар зэргийн хөлдөлттэй байгаа гэнэ.


Тухайн аврах ажиллагааг ахалсан уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа. Тэд өнөөдөр эх орондоо ирнэ.


-Сайн байна уу, та. Сайн явж байна уу?

-Сайн байна уу. Аврах ажиллагаа амжилттай боллоо. Бууж ирээд сая л нэг санаа амарлаа.

Залуу уулчингаа эмнэлэгт үзүүллээ. “Тээвэрлэх боломжтой” гэх хариу ирж байна. Удахгүй бид буцах нь. Консулын газраас хүмүүс ирж их тусаллаа. Эх орон маань иргэнээ хөсөр хаясангүй. Бидний хойноос санаа чилээж цайны дээжээ өргөж суусан ард түмэндээ талархаж байна.

-Залуу уулчин Х.Бумхишигийн маань эрүүл мэнд ямар байна вэ?

-Шинжилгээний хариу нь сая гарлаа. Урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэх онош гарсан байна. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас мэнд гарч чадлаа.

-Тухайн уулчны хөл хөлдсөн гэх мэдээллийг та яаж мэдсэн юм бэ?

-Дээрээс гуравдугаар кемпээс буцаж явсан уулчид Х.Бумхишигтэй таарсан юм билээ. Хамт буухаар байсан ч манай хүн 5800 метрт үлдчихсэн байгаа юм. Түрүүлж буусан уулчид хоёр хоног хүлээгээд хэл чимээгүй болохоор нь Бишкек дэх Консул руу мэдэгдсэн байдаг. Ингээд л бидэнд мэдээлэл ирсэн.

-Тухайн мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Их гайхсан шүү. Бид хамт л явдаг юм. 5800 метрт хөлөө хөлдөөсөн гэхэд нь цочирдож байлаа. Амь настай холбоотой асуудал болохоор хурдхан шиг л аврах талаар бодсон. Ингээд есдүгээр сарын 8-ны пүрэв гаригт хэрэглэлээ бэлтгээд л нислэгийн хуваарь харахад орой нь байж таардаг юм. Киргиз рүү утсаар залгаж “Очоод зардлыг нь өгье” гээд учраа тайлбарлахад маш нааштай хүлээж авсан. Шууд л зөвшөөрсөн. Хаа хаанаа уян хатан байж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид уулчин залуугаа авч ирээд сууж байна.

-Шуурхай ажиллажээ. Аврах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?

-Тийм шүү. Эндээс маш богино хугацаанд очоод аврах баг авиралтаа эхлүүлсэн. Ердийн үед авирахад гурав хоногт туулдаг зайг бид 24 цагийн хугацаанд л туулсан шүү.

-Өдөр, шөнөгүй явж дээ.

-Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад зогсоод амрах эрх үгүй шүү дээ. Зүтгэхээс өөр сонголт байхгүй.

-Х.Бумхишиг маань амьд байгаа мэдээг та хэзээ хүлээж авсан бэ?

-Энэ сарын 10-ны өдөр шөнөжин яваад л 5400 метрт очсон юм. Гэтэл “Утасны цэнэг дуусч байна. Сүүлийн ганц зураастай үлдлээ. Би 5800 метрт байгаа шүү” гэх зурвас уулчин залуугаас маань ирдэг юм. Мэнд байгаа мэдээг нь сонсоод сая нэг гүн амьсгаа авлаа. Тэр даруйдаа “Би 5400 метрт очиж байна. Одоохон” гэж хариу бичээд л цаашаа авиралтаа үргэлжлүүлсэн. Дээшээ 400 метр яваад л Х.Бумхишиг дээрээ очсон. Надтай Оросын уулчин хамт очсон юм. Газар дээр нөхцөл байдал амар биш байлаа. Бид майхныг нь үлдээгээд л багажнуудаа гаргаж бэлтгээд буулгах арга хэмжээг яаралтай авсан. Богино хугацаанд эмнэлэгт хүргэх хэрэгтэйг ойлгож байлаа. Удсан ч үгүй араас хоёр уулчин маань гараад ирсэн. Буулгах ажиллагаа 24 цаг орчим үргэлжилсэн.

-Газар дээрх нөхцөл байдал амар биш байжээ. Уулзсан даруйдаа та хоёр юу ярив?

-Хөл нь хөлдчихсөн хүн юу хийж чадах билээ дээ. Майхнаасаа гарч орж чадахгүй усаа буцалгаж уугаад л сууж байсан. Хэд хоног хоол хүнс идээгүй. Тийм хүнд нөхцөл байдалд орсон хүн ямар олиг байх билээ. Төсөөлснөөс ч хүнд бэрхшээлүүд гарч ирсэн. Тэр бүрийг энд нэг бүрчлэн хэлээд яах вэ. Ямартаа ч маш эрсдэлтэй нөхцөл байдлаас уулчин залуугийнхаа амь насыг аварч чадлаа. Бүх саад бэрхшээл ард үлдсэн.

-Х.Бумхишигийн тухайд олон авиралт хийсэн шүү дээ. Ямар алдаа гарав?

-Ууланд туйлын үнэн, туйлын худлаа гэж байхгүй. Уулчин өөрөө боломжтой гэж үзвэл бэлтгэлээ хангаад авиралтаа хийнэ. Мундаг уулчин бэлтгэлээ сайн базаалаа гээд осолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Бурхан байсан ч осолд орж болно. Тухайн уулчин ямар үйл ажиллагаа явуулсан нь алдаа, ололт болоод л дуусдаг. “Тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан” гэх асуудал байхгүй. Тийм зүйл байх ч ёсгүй. Цахим орчинд тэгэх ёстой байсан, ингэх хэрэгтэй байсан гээд л алт, мөнгөн дүрэм ярьж байна. Тийм юм байдаггүй юм. Өнөөдөр чиний чаддаг аргыг нөгөөдөр өөр газар чи чадахгүй байх боломжтой. Байгаль гэдэг өөрөө ямар аугаа билээ. Хүн гэдэг ямар өчүүхэн билээ. Тэгэх ёстой байсан, тэрний буруу, энэний буруу гэсэн асуудал байхгүй.

-Дээшээ авирахаас илүү буух зам амар биш байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэж байсан. Буух зам ямар байв?

-5800 метрээс доошоо 1400 метр газар авч явсан. Том, том ангалтай, эгц ханатай газруудаар аврах багажтай том цүнхээ үүрээд, аварсан залуугаа чирээд явна. Өөрсдөө ч унах өндөр эрсдэлтэй. Энгийн хүн явах ямар ч боломжгүй газраар аргалаад л гарч ирсэн. Хажуугаар нь аварсан залуугаа хурдхан шиг эмнэлгийн бараа харуулчихмаар байдаг. Аврах ажиллагаанд хамт явсан залуус маань маш хариуцлагатай, ур чадвартайгаар баг болж ажилласан. Бид багаар ажиллаж энэ их эрсдэлтэй ажлын ард амжилттай гарлаа. Сэтгэгдэл өндөр байна.

-Сүүлд нь онцлоод асуухад, аврах ажиллагаанд явахдаа өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгож байсан биз дээ. Таны аав, ээж биш жирийн нэг залуугийн хойноос ийм эрсдэл гаргаж байгаагийн үнэ цэнэ нь юу вэ?

-Хийх ёстой болоод л хийсэн. Очих боломжтой хүн нь би. Ленин оргилын талаар сайн мэддэг хүн нь л би. Хамт ууланд авирдаг дүүгийн минь амь нас эрсдэлд орчихоод байхад энд санаа амар сууж чадахгүй шүү дээ. Өөрөө ч уулчдын холбоонд энэ ажлыг хариуцаж хийдэг хүн. Хийх ёстой болоод л хийлээ. Тийм хүнд нөхцөлд яаралтай арга хэмжээ авч амийг нь аварч чадсан нь зол байхгүй юу.

-Уулчид гэдэг нэгнийхээ төлөө халуун сэтгэлтэй улс юм даа.

-Таны хэлж байгаа үнэн шүү. Халуун сэтгэлээр баг болж ажилласан тулдаа аврах ажиллагаа амжилттай боллоо. Х.Бумхишигтэй маань таарсан гадны уулчид доор хоёр хоног хүлээсэн байгаа юм. Санаа нь зовоод Элчинд хэл дуулгасан байдаг. Өнөөдрийн нийгэмд нэгнээ гэх жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг юм. Бие биенээ үзэн ядах, нэгэндээ хорсох ямар хэрэг байна вэ. Наанадаж л эерэг уур амьсгал түгээдэг байвал.

-Сая ямар алдаа гарав. Цаашид ийм эрсдэл гарвал яах вэ?

-Тэрний буруу, энэний буруу гээд яах вэ. Гэхдээ нэг зүйлийг онцлоход ном, сонин уншчихаад тийм ийм гэж дүрэм ярьдаг биш, хийдэг хүн хэрэгтэй. Уулчидаа сайн бэлтгэх хэрэгтэй байгаа нь энэ явдлаас харагдлаа. Бэлтгэдэг хүн нь юм уншчихаад хүнд цэцэрхдэг биш, туршлагатай байх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт туршлага. Тухайн хүн хэлний боловсролтой гадна дотноос мэдээлэл цуглуулаад уулчин болохгүй. Хамгийн гол нь тэр хүн ууланд явсан туршлагатай байх хэрэгтэй. Энэ л бидэнд дутагдаж байна. Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчид маань чадах ядахаараа зааж, зөвлөөд л явж байна. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байх шиг. Үүнийг зохион байгуулалтад оруулах, цаашдаа туршлагатай уулчид сургалтаа хийдэг систем рүү л оруулах хэрэгтэй байна. Сүүлд онцлоход аврах багийн гишүүддээ, Уулчдын үндэсний холбооны хамт олондоо гүн талархал илэрхийлье. Бидний араас залбирч суусан ард түмэндээ баярлаж байна.

Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: Цар тахлын төгсгөл ойртож байна DNN.mn

Цар тахал буюу Пандеми гэдэг нь юу гэсэн үг вэ?

Коронавирусийн цар тахлын төгсгөл ойртож байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Бид төгсгөлд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ойрхон харагдаж байна” гэж тэр хэлсэн байна.

Гебрейесусын хэлсэн энэ үг 2020 оны гуравдугаар сард Covid-19 халдварт өвчнийг цар тахлаар зарласнаас хойш ДЭМБ-аас гаргасан хамгийн өөдрөг мэдэгдэл болжээ.

2019 оны сүүлээр Хятадад анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий даяар 6.5 сая орчим хүн амиа алдаж, 606 сая хүн өвчилсөн юм.

Вирусийн эсрэг эм, вакцин гарснаар өвчний хүндрэлийг бууруулж чадсан гэж үздэг.

Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд энэ өвчнөөр нас барсан хүний тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрснийг ДЭМБ өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ цар тахалтай тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа сулруулалгүй, хүн амынхаа эрсдэлтэй бүлгийг 100 хувь вакцинжуулалтад хамруулахыг Гебрейесус дэлхийн улс орнуудад уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хос мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал урд шөнө аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийн ахиуллаа. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөг байх болно гэдгээ харууллаа.

зураг

МҮОХ

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний хувьд “бага ДАШТ” гэгддэг Иван Яригыний гранпри тэмцээнээс хоёр жил дараалан медаль зүүж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулсан. Улмаар Белградын дэвжээнд одтой сайхан барилдсаар үзүүрлэлээ. Хагас шигшээд Шведийн бөхөд 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарсан нь энэ тэмцээний онцлох мөчийн нэг байв.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэгийн барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн манай бөх 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана хэмээн Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдээлэв.


Categories
гадаад мэдээ цаг-үе

Шведийн Ерөнхий сайд огцорлоо DNN.mn

Первая женщина-премьер в истории Швеции Магдалена Андерссон подала в  отставку. Она руководила правительством меньше суток - Народное слово

Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон өнөөдрөөс /IX.15/ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Тэрбээр Парламентын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн огцорч байгаа гээд, “Цаашид Засгийн газрыг эмхлэн байгуулах хариуцлага парламентын спикерт ногдлоо” гэж ярьсан байна.

Тэрбээр шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Социал демократ намаа удирдан сөрөг хүчний хувиар ажиллана гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван талт уулзалт хийнэ DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод өчигдөр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхий сайд А.Н.Арипов, Монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан улсын анхны ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Ш.Мирзиёевтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсын ерөнхийлөгч Ш.Мирзиёев-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан улсын зах зээл манай сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Узбекистаны тал хоёр орны

харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, Узбекистаны талаас Хөдөө аж ахуйн сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдлээ. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө үе үеийнхэн нь хөдөлж эхэлжээ DNN.mn

АН-ын хагаралтай байдал намын жирийн гишүүд байтугай Монголын ард түмний толгойг эргүүлсэн асуудал болсоор удлаа. Энэ янзаараа хоёр талд “Би жинхэнэ дарга. Хууль ёсны тамга, тэмдэг нь надад бий” гэж хашгичсаар 2024 оны сонгуультай золгох нь байна. Нийгэмд АН-ын нэр хүнд навс унасан. Ер нь улс төрөөс арчигдах өнгөндөө орсныг судлаачид хэлж, сануулсаар байгаа. АН-ын хэрүүлийн алимыг анх тарьсан хүн нь С.Эрдэнэ гэж ихэнх нь цоллодог. Тэрбээр цагтаа фракцгүй нам байя гэж уриалж байв. Ц.Туваанд намын даргын тамга тэмдгээ шилжүүлж өгснөөр өнөөдрийн энэ маргааны эхлэл тавигдсаныг бүгд мэднэ. С.Эрдэнэ буцаж намын дарга болонгуутаа ҮБХ-ны гишүүдээ хасаад шинээр ҮБХбайгуулчихсан. Харин түүнд хөөгдсөн улсууд Женко дээр очоод “Бид хүчинтэй ҮБХ-ны гишүүд” гээд суучихсан. С.Эрдэнэ, Х.Баттулга нар шүүхийн шийдвэрийг хоёр талд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад зогсохгүй намын дэргэдэх байгууллагуудыг ч хоёр хувааж амжив. МоАХ, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоод салцгаасан. Одоо Ардчилсан залуучуудын холбоог хуваах процессыг тэд хийж байна. Ийм байдалтайгаар АНцааш хол явж чадахгүй нь ойлгомжтой. Хэрэв ан цав нь ойрмогхон хугацаанд анихгүй бол АНбайх, байхгүйн асуудал яригдана. Ардчиллын үнэт зүйл болсон энэ нам устаж үгүй болбол мэдээж өрсөлдөгч намууд, ялангуяа эрх баригч МАН-д хамгийн их ашигтай. Тиймээс тэд АН-ыг золигт гаргахын тулд туг тахиж байгааг улс төрийн хүрээнийхэн ярьцгаах юм билээ.

Хэрэв АНбайхгүй болбол Монголын хувь заяа баларна. Өнөөдөр дэлхий ертөнц, Монгол Улс ямар байгаа билээ. Дайнтай, цар тахлын дараах эдийн засгийн хямрал нүүрлээд хаа хаанаа хүнд байгаа. Амаргүй бэрх цагт АНмонголчуудын амин сүнс байх ёстой. Бодит байдалд дүгнэлт хийж, асуудлын гарц, гаргалгааг шийдэх, “ах нар”-ын зодооны золиос бололгүй, намаа аваръя гэсэн сэтгэл зүтгэлтэй, сийрэг толгойтой залуус АН-д олон бий. Ер нь талцаж, эвдрэлцээнд юунд ч хүрдэггүйг АН-ынхан хаа хаанаа ойлгоцгоосон бололтой. Одоо аль, аль тал нь хүлээцтэй хандацгааж, эвлэлдэн нэгдье гэдэг мессэжийг нийгэмд өгөх болов.

АН-ын ан цавыг эвэнд оруулахаар үе үеийн төлөөллүүд хөдөлж эхэллээ. Энэ бол улс төрд өгч байгаа том дохио. Сүүлийн үеийн мэдээллээс харахад АН-ын шилдэг лидерүүдийн нэг С.Баярцогт намын эв нэгдлээ хангахаар завгүй ажиллаж байгаа бололтой. Залуу үеийн төлөөллүүдээс МХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, О.Магнай, Д.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн нарыг нэрлэж болно. Хуучин кадруудаас УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Я.Санжмятав нар байна. Нийгэмд зөв харагдаж ирсэн эдгээр улсуудаас гадна шинэ үеийнхэн гээд бүгд тал талд уулзалт хийж, АН-ын туган доороо нэгдэхээр хөдөлцгөөж байгаа ажээ. Тэдэн дунд хэн нь ч дарга болно гэж хувийн амбиц хөөгөөгүй. Хөгшин, залуугүй ардчилал гэх үнэт зүйлийнхээ төлөө хөдөлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ амралтын өдрүүдээр газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ DNN.mn

2020 оны хаврын тариалалт эхэллээ | News.MN

Есдүгээр сарын 15-н буюу өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи салхилж, 16-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.