Хөшигийн хөндийд байрлах нисэх буудлын үйл ажиллагаа эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа, барилга байгууламжийн хүчин чадал, бөөгнөрлийн нөхцөл байдал, үйлчилгээний түвшин зэрэг асуудлууд олон нийтийн анхаарлын төвд орж, зарим нь шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Нөгөө талаар шинэ нисэх буудал нь Монгол, Японы хамтарсан компани концессын гэрээгээр менежмэнтийг хэрэгжүүлж байгаатай уялдуулан Японы ноу-хау болон менежмэнтийн ур чадварыг нисэх буудлын үйл ажиллагаанд хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа зэрэг нь ч олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Тиймээс энэ удаагийн ярилцлагаар нисэх буудлын өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар, мөн япон менежмэнтийн цаашдын төсөөллийн талаар “НУБИЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфумитэй ярилцлаа.
-Одоогоос жил гаруйн өмнө монголчууд бидний олон жил хүлээсэн шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхэлсэн. Бидний ярилцлагын хугацаа богинохон хэдий ч асуух зүйл их байна. Танд ч бас ярих зүйл их байгаа болов уу. Эхлээд та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад анх удаа ирсэн. Ирэхэээсээ өмнө Япон улсдаа зорчигчдын тоогоороо дөрөвт ордог “Фүкүока” ОУНБ (жилд нийт 25 сая зорчигч)-ын Үйл ажиллагаа төлөвлөлтийн газрын даргаар гурван жил ажиллаж байгаад Монголд ирж энэхүү томоохон төсөлд оролцож ажиллаад таван сар болж байна.
Монгол хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Монголын хоол, цаг агаар зэрэг нь маш ихээр таалагдаж байгаа.
-Китанака, та томилогдоод бараг хагас жил болох гэж байгаа юм байна. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагаанд барьж байгаа бодлогоор ярилцлагаа үргэлжлүүлье?
-Шинэ “Чингис Хаан” ОУНБ нь 2009 онд зураг төсөл, ажлын төлөвлөгөө нь боловсруулагдаж, Япон улсын йений хөнгөлөлттэй зээлээр нисэх буудлын барилгын ажлын төсөл хэрэгжиж дууссан. Одоогоос гурван жилийн өмнө 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” (New Ulaanbaatar International Airport) компани байгуулагдаж, мөн оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Концессын гэрээ байгуулсан. Нисэх буудлын барилга байгууламжийг концессын зүйл болгон хүлээж авч, гэрээ хийснээс хойш 10 сарын хугацаанд бэлтгэл ажлыг хийж үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч цар тахлын нөлөөнөөс үүдэн Засгийн газрын хуралдааны 2 удаагийн шийдвэрээр үйл ажиллагааг эхлүүлэх өдрийг хойшлуулснаар 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхэлсэн.
“Чингис хаан” ОУНБ-ын гол барилга байгууламжийн хувьд зорчигч терминалын барилга нь 37.000м2 болж хуучин “Буянт- Ухаа” ОУНБ-ын 21.900м2-аас 1.5 дахин том, зорчигч бүртгэлийн 16 цэгийг 26 цэг (олон улсын 16 цэг, орон нутгийн 10 цэг) болж нэмэгдсэн. Мөн авто машины зогсоол нь 5 дахин нэмэгдэж, нэг дор 830 гаран машин зогсох боломжтой болж, 3600м хөөрч буух зурвас нь 2 талаасаа нислэг хөөрч буух боломжтой болсон зэрэг олон давуу талуудтай.
Монгол Улсын агаарын үүд хаалга болох Улаанбаатар хотын нисэх буудлын менежмэнтийг хэрэгжүүлэх байгууллагын захирлаар Япон хүн ажиллаж байгаа нь анх удаа бөгөөд тэр тусмаа Япон, Монгол менежмэнтийн баг хамтран хэрэгжүүлж байгаа нь дэлхийд ховор тохиолдол гэж би боддог. Тиймээс ч бид хоёр орны сайн туршлага, шилдэг чадварыг хослуулсан хамгийн сайн үйлчилгээг нэвтрүүлэх сайхан боломж гэж харж байна. Нисэх буудлын үйл ажиллагааг явуулах нь зөвхөн нисэх буудлаас хамаарахгүй, тэнд үйл ажиллагаа явуулдаг агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн хяналтын байгууллагууд, түрээслэгчид болон бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаанаас хамаарах бөгөөд нэг зүг рүү чиглэж байж л зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж чадна гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд төдийгүй олон улсын нислэгийн тоо болон шинэ нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх талаар идэвх санаачлага гаргаж байгаад маш талархаж байна. Дэлхий нийтэд цар тахлын нөлөөлөл нь тогтворжиж, хэвийн амьдарлын хэв маяг руу бага багаар шилжиж байгаа ч, 2022 он гарсаар нислэгийн тоо болон зорчигчийн тоо нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Нөгөө талаар зорчигчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн саруудад бөөгнөрлийн асуудал үүсээд байгаа.
-Олон нийтийн анхаарлыг татаж байгаа нэг асуудал энэ байгаа байх шүү?
-Анх энэ асуудал үүсэх үед нислэг үйлдвэрлэлд оролцдог байгууллагууд зарим нэг асуудал дээр ойлголтын зөрүүтэй байдлаас шалтгаалан зөвшилцөлд хүрч чадахгүй нөхцөл байдал үүсэж байсан. Тиймээс бид нисэх буудлын үйл ажиллагаанд оролцож байгаа бүх талуудтай өдөр болгон уулзан ярилцаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, зорчигчдийн тав тух, үйлчилгээний чанарыг сайжруулан нисэх буудал дээр үүсээд байгаа бөөгнөрлийг бууруулахын тулд хоорондоо хэрхэн хамтран ажиллах талаар шийдэл, гаргалгаа олохыг хичээн ажилласан. Үүний үр дүнд өдөр тутмын үйл ажиллагаанд үүссэн асуудлыг хамтран шийдвэрлэх, талууд харилцан дэмжлэг үзүүлэх зэргээр хамтын ажиллагаа бага багаар сайжирч чадсанаар нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч талуудын нэгдмэл байдал нь сайжирч байна.
Мэдээж чиг үүргийн хувьд хамаарах ажлын цар хүрээ болон хариуцлага нь өөр өөр байдаг учир нэг байгууллага нисэх буудлын бүх асуудлыг шийдэх боломжгүй ч үйлчлүүлэгчдийн нүдээр нисэх буудлын ямар ч байгууллагын ажилтан байсан бүгд л “нисэх буудлын ажилтан” л гэж харагдана. Тийм учраас нисэх буудлын ажилтнууд үргэлж ижил сэтгэлгээгээр зорчигчдод үйлчлэхийг эрмэлзэх, үйлчлүүлэгчтэй адил тэгш харьцаж чадсанаар зорчигчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Түүгээр ч зогсохгүй шинэ нисэх буудлаар дахин үйлчлүүлэх, Монголд дахин ирэх нэг хөшүүрэг нь болох болов уу. Тиймээс бид цаашид шинэ нисэх буудлын үйлчилгээний түвшинг хэрхэн сайжруулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Үйлчилгээний соёл, түвшинг сайжруулах тухай зорчигчид, үйлчлүүлэгчдийн зүгээс ихээр хөнддөг сэдэв л дээ. Тэгэхээр энэ тал дээр яг ямар өөрчлөлтүүд хийгдэх вэ?
-Юуны өмнө зорчигчид нисэх буудалд буусны дараа будилж төөрөх асуудалгүйгээр нисэх буудлаас хот руу явах боломжтой байх нь хамгийн чухал гэж үзэж байна. Одоо суурилагдсан байгаа нисэх буудлын тэмдэг тэмдэглэгээг зорчигч үйлчлүүлэгчдээс ирүүлсэн санал болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн харагдах байдал болон нийтийн тээврийн үйлчилгээний цэг зэрэг шинэ үйлчилгээ эхлүүлэхтэй холбоотой хаягжуулалт, тэмдэг тэмдэглэгээг улам сайжруулаад явна.
Түүнчлэн гадаадын иргэд болон зорчигчид хоолны газар ресторанаар үйлчлүүлэх үед хоолны меню нь ядаж англи хэл дээр байх зэрэг шаардлагууд дээр анхаарч байна. Мөн нисэх буудалд тав тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ногоон нисэх буудал болгох стратеги баримталж хог хаягдлаа ялгах зэрэг байгаль орчинд ээлтэй ажлуудыг хэрэгжүүлээд явна. Үйлчилгээний соёлын талаар олон нийт сонирхож байгаа байх. Энэ оны 7 дугаар сард Япон улсын Ханэда ОУНБ-ын үйл ажиллагааг хариуцдаг ЖАТКО (JATCO) компаниас зорчигч үйлчилгээний сургагч багш, мэргэжилтнүүд ирж, манай компанийн ажилтнуудад зориулан мэндлэх, хүндлэх, инээмсэглэх зэрэг үйлчилгээний соёлын арга барил болон хэрэглэгддэг үг хэллэгүүдийн талаар сургалтуудыг хийсэн. Энэ намар үргэлжлүүлэн үйлчилгээний соёлын талаар сургалтуудаа хийгээд явна. Үйлчилгээний соёлын арга барилыг өөрийн болгож хэвшүүлэхэд хугацаа орох тул олон дахин давтаж, дадлага сургуулилтуудыг хийснээрээ нисэх буудлын ажилтнуудын үйлчилгээний түвшинг сайжруулах болно.
-Цаг хугацаа шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Нисэх онгоцны буудал ашиглалтад орох хүртэл багагүй хугацаа өнгөрсөн. Зорчигч хүлээн авах хүчин чадлаас эхлээд анхны тооцооллыг бодоход өнөөдөр нөхцөл байдал өөр болсон шүү дээ. Тиймдээ ч ачаалал бөөгнөрөл үүсч байгаа нэг шалтгаан гэж харагдаж байна. Зөв үү?
-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын барилгын ажлын төсөл нь 2017 онд дууссан. “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь анх 2019 онд байгуулагдаж Монгол Улсын засгийн газартай Концессийн гэрээ байгуулж, одоогийн нисэх буудлын барилга байгууламжийг хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлэх, менежмэнтийг хариуцахаар болсон. Өнгөрөгч 8 дугаар сар хүртэлх олон улсын нислэгийн зорчигчдын тоо нь цар тахлын өмнөх үетэй болох 2019 онтой харьцуулахад 30 орчим хувийн эргэн сэргэлттэй байгаа. Харин энэ оны 5 дугаар сард үүссэн бөөгнөрлийн оргил ачаалалтай цагуудад зураг төслийн үед тооцоолсон хүчин чадлаас давсан, 700-гаас дээш зорчигчид нэг дор ирж, ирэгчдийн болон явагчдын танхимуудад удаан хүлээж бухимдах асуудал үүссэн.
Барилгын зураг төслийн үед тооцоолсон нисэх буудлын хүчин чадал нь ирэх, явах чиглэлд хамгийн ачаалалтай цагуудад хэдэн хүн нэвтрүүлэх чадамжтай талаар 2009 оны төслийн материалд тодорхой тусгасан бөгөөд ирэх явах чиглэлийн танхим тус бүрдээ ойролцоогоор 600 хүн нэг дор нэвтрүүлэх боломжтой юм.
Энэ бөөгнөрлийг шийдвэрлэх талаар нисэх буудлын холбогдох байгууллагуудтай ярилцаж зөвшилцөж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсанаар анх тавдугаар сарын эхээр ачаалалтай цагуудад олон улсын нислэгээр ирсэн зорчигчид онгоцноос буугаад нисэх буудлаас гарах хүртэл 1,5 цаг хүлээлгэж байсан бол одоо 1 цаг хүрэхгүй хугацаанд бүх үйлчилгээг нь үзүүлж чадаж байна. Жишээлбэл, Турк улсаас ирж байгаа нислэгүүд нь том оврын агаарын хөлөг (өргөн биет агаарын хөлөг)-өөр хийгддэг. Тэр хэмжээгээрээ бусад агаарын хөлөгтэй харьцуулбал зорчигчийн тоо, ачаа тээшний хэмжээ нь харьцангуй их байдаг. Өнөөдрийг хүртэл ирсэн зорчигчдын ачааг нэг тээшний дамжуургаар гаргадаг байсан бол ачаа хүлээх зорчигчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор ачаа тээшний хоёр дамжуурга ашиглаж эхэлсэн. Үүнээс гадна зорчигчийн ачаа авах цэгийн байршлын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийг тодорхой болгож, хүлээх хугацааг багасгахыг хичээж байна.
-Зөвхөн эдгээрээр ачаалал бөөгнөрөл бүрмөсөн арилчихгүй болов уу?
-Таны хэлж байгаа үнэн. Энэ жил цар тахлын өмнөх үетэй харьцуулбал зорчигчдын тоо дөнгөж 30 орчим хувьтай байгаа ч ирэх жилээс нислэгийн тоо, зорчигчдын тоо одоогийн түвшнээс илүү нэмэгдэх төлөвтэй байна. Ачаалалтай үед 1 цагийн дотор нэг зэрэг олон том оврын онгоц ч буух болов уу. Тэр тусмаа ачаа тээшний танхим зураг төсөл боловсруулах үеийн төсөөллөөс ялгаатай байгаа. Одоогийн ачаалалтай үеийн нийт зорчигчдын тоо, ачаа тээшний тоог харгалзан үзэхэд одоогийн байгууламжийн хүчин чадал нь хүрэлцэхгүй асуудал үүсэж байгаа тул цаашид ачаа тээшний төхөөрөмжийг өргөтгөх талаар ч мөн судалж байгаа.
-Нислэгийн цагууд давхацсан үед ачаалал өндөр байгаа талаар та дурдлаа. Үүн дээр ямар шийдэл байж болох вэ?
-Сая тайлбарласанчлан үүсээд байгаа ачаалалтай үеийн бөөгнөрлийн бас нэгэн шалтгаан нь тодорхой цагуудад ирэх, явах нислэгүүд давхцаж байгаа явдал юм. Харин ачаалалтай үеэс бусад цагуудад нислэггүй байгаа, нислэг төлөвлөх бүрэн боломж байгаа тул тодорхой цагуудад давхцаад байгаа олон нислэгүүдийг бусад боломжит цагуудад тарааснаараа нисэх буудлын байгууламжийн хүчин чадлыг илүү үр ашигтай ашиглаж чадна. Монгол Улсын Засгийн газар болон ИНЕГ энэ асуудалд анхаарал хандуулж, Нислэгийн цагийн хуваарийн зөвлөл нислэгүүдийн цагийн хуваарийн зохицуулалт хийж өгсөн нь бөөгнөрлийг бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Цаашид ч мөн ИНЕГ болон агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Цаашид чиглэл, нислэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?
-2022 он эхэлснээс хойш шинэ нислэгийн чиглэл, нислэгийн тоо бага багаар нэмэгдэж байгаа ч 2019 оны түвшинд хүрэхэд нилээд хугацаа орно гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан тайланд тусгасан бөгөөд тэдний тооцооллоор бол 2025 оноос 2019 оны хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа.
Цаашид бид шинэ нислэгийн чиглэлүүдийг татах, одоогийн нислэгийн чиглэлүүдийн давтамжийг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мэдээж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа аялал жуулчлалын бодлоготой уялдуулах шаардлагатай. Жишээ нь, 9 дүгээр сараас Хятад улс нислэгээ сэргээсэн. Мөн зун 6, 7 дугаар саруудад Солонгос улсын Жэжү Эйр (Jeju air) компани, Ти вэй (T-way) компани гэх мэт LCC- Low Cost Carrier (хямд өртөгт тээвэрлэгч)-ууд шинээр нислэг үйлдэж эхэлсэн. Хямд өртөгт тээвэрлэгч компаниуд Монголын зах зээлд орж ирж байгаа нь анх удаа бөгөөд өмнөхөөсөө өөр ангиллын жуулчдыг татсанаар Монгол Улстай танилцах, аялах боломж нь нэмэгдэж, эцсийн дүнд Монгол Улсын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж бодож байна.
Ирээдүйн шинэ нислэгийн чиглэлүүдэд Хойд Америкийн чиглэл, Европын бусад орнууд, хотуудын нислэг үйлдэх боломж бий. Азийн орнуудаас Солонгос улсаас олон нислэг үйлдэж байгаа ч Нарита ОУНБ-аас бусад Японы хотууд, Зүүн өмнөд Азийн зах зээлд ч мөн боломж байгаа гэж харж байна.
Нэг сонирхолтой мэдээлэл хэлэхэд, шинэ нисэх буудлын хөөрч буух зурвас 3600м бөгөөд хоёр талаасаа нислэг үйлдэх боломжтой болсон. Хуучин нисэх буудлын зурвас нь нэг талаасаа хөөрч буух шаардлагатай, зарим үед цаг агаарын нөхцөл, агаарын бохирдол, утаанаас шалтгаалан нислэг ихээр саатаж, жилд 300 орчим удаагийн саатал үүсдэг байсан бол шинэ нисэх буудал үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр удаа цаг агаараас үүдсэн саатал үүссэн. Энэ нь нислэг саатах эрсдэлийг бууруулж шинээр нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч байгууллагуудыг татах нэг хөшүүрэг болох боломжтой.
-Улаанбаатар шинэ нисэх буудлын хувьцаа эзэмшигчид дунд Японы топ нисэх буудлууд байгаа юм билээ. Тэгэхээр та бүхний ажилд ч дөхөмтэй байгаа болов уу?
-Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц нь 49 хувийг Монголын талаас “Хөшигийн Хөндийн Нисэх Онгоцны Буудал” ТӨХХК, 51 хувийг Японы талаас “Жапан Эйрпорт Менежмэнт (Japan Airport Management)” ХХК хөрөнгө оруулсан. “JAM” ХХК-д Япон улсын топ нисэх буудал болох Нарита ОУНБ ХХК, ЖАТКО (Ханэда ОУНБ) компаниуд хувьцаа эзэмшигчээр оролцдог. Нэг ёсондоо Япон улсын хоёр том нисэх буудлын үйл ажиллагааг эрхэлдэг компаниудын ажилтнууд монголчуудтай цуг шинэ нисэх буудлын үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн үг юм. Ажилтнуудаа илүү өндөр түвшинд сургаснаар нисэх буудлын менежмэнтийг сайжруулж, чанарыг дээшлүүлж, илүү сайн үйлчилгээ үзүүлнэ гэж бодож байгаа. Мөн Монголын нисэх буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Улаанбаатар хотын нисэх буудал болгож чадна гэдэгт итгэж байгаа. Тэр ч утгаараа бид эхлээд ирэх жилээс “SKYTRAX”-ын гурван одтой болохыг зорьж ажиллана. Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлсэн даруйдаа шууд Ханэда ОУНБ-тай адил дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн таван од авах хэцүү. Гурван од авах ч бас нэлээн өндөр шалгуур юм. Мөн, одтой болох нь зөвхөн нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгч компанийн ажил биш бөгөөд холбогдох бүх байгууллагуудын хамтын ажиллагаа шаардагдах тул Ханэда ОУНБ-ын мэргэжилтнүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол, Япон хоёр улсын сайн талуудыг нэгтгэсэн САЙН ТУРШЛАГА-ыг сурталчлахыг хүсч байна.
-Энэ төсөл дээр Монгол, Япон менежмэнтийн багийнхан хамтран ажиллаж байгаа. Танд монголчуудтай ажиллахад ямар байна. Ер нь Монголын агаарын тээвэрлэгч компаниудын хүчин чадал, чадварыг та хэрхэн харав?
-Энэ тал дээр миний хувьд “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг зарчим баримталдаг. Би Япон хүн гээд Монголд ирээд “… ийм байх ёстой, …. ингэж хийх ёстой” гэх нь өрөөсгөл гэж боддог. Хэрэв та Монголд ажиллаж байгаа бол Монголын соёл, ёс заншил, дүрэм журамд дасан зохицох хэрэгтэй. Миний хувьд өдөр бүр монголчуудтай ажиллахдаа байнга суралцаж байна. Ингэж хэлбэл болох юм байна, энэ талаас нь тайлбарлавал ингэж хүлээж авах байх гэх мэтээр суралцаад явж байна.
-Тэгвэл эсрэгээрээ ойлголцоход, шийдвэр гаргахад хүндрэлтэй, хэцүү зүйл гарч байна уу?
-Монголд дөнгөж ирээд удаагүй байхад хамгийн хэцүү байсан зүйл гэвэл “Япончууд менежмэнт хийж чадахгүй болохоор асуудал үүсээд байна” гэж нүүрэн дээр минь хэлж байсан нь сэтгэлээр унагаасан (инээв). Дөнгөж анх удаа уулзаж байгаа хүмүүсээс ч тийм үг сонсох нь хүнд байсан. Гэхдээ тэгж хэлж байсан хүмүүстэй дараа нь уулзахад “энэ хүмүүс үнэхээр их хичээж байгаа, зүтгэж байгаа …” гэсэн халуун дулаан үгийг сонсоод тайвширч билээ.
Миний баримталж байгаа бас нэг зарчим бол монголчуудынхаа үгийг, тэр тусмаа монгол менежмэнтийн багийнхаа үгийг анхааралтай сонсох. Би л захирал гээд миний хэлснээр бүгдийг хийх ёстой гэж ярих нь буруу дүгнэлт, шийдвэр болохыг үгүйсгэхгүй. Мөн Япон талд нисэх буудлын менежмэнтийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд (менежмэнтийн баг) байгаа тул тэрхүү ноу-хау, суралцах зүйлсүүд, туршлагыг монголчууд маань өөртөө шингээж тусгаж аваасай гэж хүсдэг. Монголчууд болон япончуудын сайн талуудыг нэгтгэж чадвал нисэх буудлын менежментийн үйл ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
-“Япон менежмэнт болохгүй байна” гэсэнд та гомдоогүй биз дээ. Үйлчилгээний хамгийн өндөр соёлтой орноос суралцах, менежмэнтийг нь авах гэдэг монголчуудын хувьд том боломж. Түүнийгээ л хүссэн хэрэг. Танаас ч дахиж асуумаар байна. Япон менежмэнт, стандарт, үйлчилгээний соёл шинэ нисэх буудлын төсөл дээр яаж хэрхэн буух вэ?
-Надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь нисэх буудлын монгол ажилтнууд коридорт, зам дээр хаана ч таарсан, намайг танихгүй ч байнга мэндэлдэг нь маш их сэтгэл хөдөлгөсөн. Үүнийг л маш том соёл гэж бодож байна. Бас нэг зүйл нь, Монголд ирээд анхны ажлын өдөр маань миний төрсөн өдөр болсон азтай тохиолдол байлаа. Тэр үед маш олон ажилтнууд маань бүгдтэй нь мэндэлж ч амжаагүй байхад бүгдээрээ надад төрсөн өдрийн дуу дуулж тэмдэглэж өгсөн. Сэтгэл маш их хөдөлсөн шүү. Ингэж нөгөө хүндээ сэтгэл гаргаж, хүндлэл үзүүлж байгаа нь үйлчилгээний түвшинг сайжруулах бүрэн боломж, хангалттай суурь нь бий гэсэн үг. Сайн зааж сургавал маш хурдан сурна гэж бодож байна. Нөгөө талаар хамгийн ачаалалтай цагуудад нислэгүүд олноороо давхцаж бууж, хөөрч байгаа. Нислэгүүд нэмэгдэх хэрээр зорчигчдын тоо ч нэмэгдэнэ, зорчигчдын хүлээх хугацаа ч ердийнхөөс уртасна. Тиймээс нисэх буудлын бөөгнөрлийг бүрэн арилгах нь амаргүй ч цаашид бөөгнөрлийг сааруулахад чиглэсэн зорчигч үйлчлүүлэгчдийн тав тухыг алдуулахгүй байх арга замыг эрэлхийлж, цагийг ая тухтай өнгөрүүлэх орчинг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллана. Баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.цэцэг