Categories
мэдээ спорт цаг-үе

Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо DNN.mn

Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,”Гэгээн арвай” клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.

Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Баяржавхлан: Дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж явна DNN.mn

“Тоонот” рекордсын уран бүтээлч Jason буюу Б.Баяржавхлантай ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлд “Crush” нэртэй дуугаа гаргасан. Сүүлийн үед өөрийн цомгоо гаргахаар ажиллаж байна даа. Цомгоо гаргах хугацааг нарийн төлөвлөсөн зүйлгүй, ямартаа ч он гарахаас өмнө амжаад гаргана гэсэн бодолтой байна.

-“Тоонот 21х21” төслийнхөө хаалтын шоуг амжилттай хийлээ. Энэхүү төслийнхөө талаар хуваалцахгүй юу?

-“Тоонот 21х21” төслийг бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан анх наргиа маягаар ярилцаж байсан юм. Ярилцаж байх үед хийх боломжтой юм шиг санагдаад төслийг эхлүүлсэн дээ. “Тоонот” рекордсын продюсер Э.Дэлгэрмөрөн энэ ажлыг санаачлан бид дэмжиж оролцсон. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, аялан тоглолтоо хийлээ. Хөдөө орон нутгийн сонсогчдодоо бид ойн баярын бэлэг болгон уран бүтээлүүдээ илүү ойроос, чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн юм. Бид “Тоонот 21×21” төслийн хаалтын тоглолтоо үнэ төлбөргүйгээр Сүхбаатарын талбайд хийж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үзэгчдийн хандивласан хандивыг бид “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна.

-Таны хувьд анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Ер нь багаасаа л урлаг, соёлд сонирхолтой байсан. Хүүхэд байхын аав, ээж хоёр минь дуу дуулуулах гэж багш хөлслөн, Casio хөгжим дарж дуулдаг байсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. 10 жилд байхдаа “Only Top” гэдэг хамтлагтай байсан. Үүний дараагаар “SS” хамтлагийн гишүүн болсон доо.

Долдугаар ангидаа “Хотын охид” нэртэй УСК-нд тоглосон юм. Энэ бол миний урлагт хөл тавих шалтгаан болсон байх.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй ч аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь санхүүч мэргэжилтэй. Хоёулаа төмөр замчин хүмүүс. Өөрийн дуулах авьяасаа ааваасаа л өвлөж авсан гэж боддог доо. Аав минь уртын, ардын дууг их сайхан дуулдаг байлаа.

-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо юуг хүргэхийг зорьдог вэ?

-Дуунууд минь миний өөрийн дуртай хийхийг хүсдэг байсан зүйлс. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдарч буй хүн. Тиймээс дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж буй уран бүтээлч.

Манай “Тоонот” рекордсын залуус бүгд уран бүтээлч залуус. Үзэл, санаа бодол нэгтэй залуучуудын нэгдэл гэж хэлж болно.

-Таныг үзэгчид “Учрал”, “Хүний цаана”, “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр мэддэг болсон. Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал их ирж байна уу?

-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Тийм учраас киноны саналууд ирсээр байгаа. Тоглох боломжтой кино төслүүд байвал хамтарч ажиллахад дургүйцэх зүйлгүй ажиллана.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан гэсэн. Театр танд ямар үр өгөөжтэй байв?

-Би Кино урлагийн дээд сургуулийг 2013 онд төгсчихөөд Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Тухайн хугацаандаа тоглогдож байсан бүхий л жүжигт жүжигчин, туслах най руулагчаар ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Тухайн үедээ уран бүтээлийн хамгийн анхны сууриа сайн тавиулсан гэж боддог. Сургуульд сурч байх үедээ мэдэж олж аваагүй олон зүйлсийг УДЭТ-аас мэдэж, сурч авсан даа. Миний сэтгэлд үлдсэн сайхан хамт олон.

-Таны хувьд амьдралдаа юуг чухалчилдаг вэ?

-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн тухтай орчин. Амьдралдаа чухалчилдаг зарчмын хувьд үнэнч байдал, тууштай хөдөлмөрийг хэлнэ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?

-Уран бүтээлээ л цаашдаа үргэлжлүүлэн хийнэ. Ойрын үед цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажиллаж буй цомгийнхоо дараа дахин нэг цомгийн ажилдаа орох байх. Уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээлч байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна тэр хүндэтгэлийг дааж явахыг хичээдэг дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сөргөлдөөнтэй дэлхийд Ерөнхий сайд гадаад бодлогын зөв нүүдэл хийж байна DNN.mn

Дэлхий ертөнцийн нөхцөл байдал амаргүй байна. Цар тахал, дайн байлдааны уршгаар олон улсын харилцаа түвэгтэй, эдийн засаг ээдрээтэй болсон. Энэ үед бид зөв маневрлавал хожих боломжтой. Төр засгийн зүгээс ч гадаад бодлогодоо балансаа алдахгүй, ухаалаг алхмуудыг явуулж байгаа нь олон улсын түвшинд эерэг харагдаж байгаа. Үүнийг Ерөнхий сайдын гадаад улс орнуудад хийж буй албан болон ажлын айлчлалуудаас харж болохоор байна.

Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноосоо хойш Япон, Хятад улсад айлчилсан. Ковидын хатуу хөл хорионы дараа Сингапурт албан ёсны айлчлал хийлээ. Саяхан хойд хөрш ОХУ-д очоод ирсэн. Түүнийг Влавивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор хөдлөхөд нь Дайнтай орон руу зүглэж, хэтэрхий нэг талыг баримталлаа гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөөд байв. Аливаа айлчлалын тов нэг, хоёр өдөр, сарын өмнө гардаггүй. Бүтэн жилийн өмнөөс бэлтгэгддэг төрийн өндөр түвшний хариуцлагатай ажил. Орос, Украины дайн дэгдэхээс ч өмнө Ерөнхий сайдын Владивостокт оролцох хурлын тов гарчихсан байсан хэрэг. Тэгвэл мань эр одоо Европыг зорих гэж байна. Тэр дундаа Лондонд очно гэсэн. Энэ сарын 19-ний өдөр болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцох юм билээ. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ гэсэн албан мэдээлэл бий. Энэхүү ёслолд гадаад улс орнуудын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцоно. Мэдээж энэ үеэр орон, орны төр засгийн удирдлагууд яриа хэлэлцээ өрнүүлнэ. Олон улсын тавцанд политикоо алдахгүй байгаа манай улсын хувьд тэдэнтэй ажил хэргийн яриа явуулбал амжилттай байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, ялангуяа Шинэ сэргэлтийн бодлогоо дэлхийд танилцуулж, хөрөнгө татах том боломж хэмээн судлаачид үзэж байна лээ.

Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээд манай гуравдагч хөрш Япон руу мордоно. Энэ сарын сүүлээр Япон улсын ерөнхий сайд агсан Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн оролцоод ирнэ. Энэ үеэр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болох Шинэ сэргэлтийн бодлогод багтсан томоохон төслүүдийг явуулахад өндөр хөгжилтэй орнуудын тусламж, дэмжлэгийг хүртэх зорилгоо Л.Оюун-Эрдэнэ тээж явах байх. Ер нь Засгийн газраас зарласан энэ том хөгжлийн бодлогыг бодит болгоё гэвэл манай зүгээс асар их хичээл зүтгэл хэрэгэй. Зоривол бүтнэ гэгчээр Ерөнхий сайд хөрш орнуудад айлчлахдаа Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг танилцуулдаг. Эхнээсээ томоохон төслүүд хөдлөөд эхэлсэн. Сая хүртэл Владивостокт очихдоо бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урьсан. Тун удахгүй Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд багтаж, тодорхой байр суурь эзэлж чадна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад бодлогодоо төвийг сахисан, олон талт байр суурьтай ажиллаж буй нь дэлхий сөргөлдөөнтэй байгаа энэ цаг үед тун оновчтой, зөв нүүдэл юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цементийн хомсдол дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаар ажиллахгүй байгаатай холбоотой DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэх шийдвэр гаргав. Зарим эдийн засагчид болон дотоодын үйлдвэрүүдийн зүгээс дээрх шийдвэрийг бизнес эрхлэгчдийг боомилж буй үйлдэл болохыг хэлж байгаа юм. Дотоодын томоохон үйлдвэрүүдийн зүгээс цементийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж хэлдэг ч барилгын улирал ид үргэлжилж байхад хомсдол үүсч үнийн хөөрөгдөл бий болох явдал хэд хэдэн удаа давтагдсан. Өнөөдөр л гэхэд хомсдол үүсч тонн цемент ченжүүдийн гарт 580-600 мянган төгрөгийн ханштай байгаа юм.

Цементийн импортын татварыг тэглэсэн асуудлаар “МАК ЕВРО ЦЕМЕНТ” ХХК-ийн байр суурийг тодруулахад “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор импорт саатах, үйлдвэрүүдийн хүчин чадал нийт эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа зэргийг харгалзаж Засгийн газар шийдвэр гаргасан болов уу. Манай зүгээс үүнийг дүгнээд хэлэх боломж алга. “МАК”-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Өдөрт л 3500 орчим тонн цемент зах зээлд нийлүүлж байгаа. Эрэлт маш их байна” гэв.

МАК цемент үйлдвэрээсээ тонн нь 335600 төгрөгөөр гарч байгаа бол шуудай нь 50 кг-ийн шуудайтай нь 16780 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байна. Харин задгайгаар тонн нь 283500 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа юм. Энэ үнийг жижиглэнгийн худалдаа эрхлэгчид өсгөж байгааг компаниудын зүгээс онцлов. Харин “Монцемент” ХХК-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа юм байна. Одоогоор гэрээт цэгүүд болон гэрээтэй ажилладаг төслүүдэд нийлүүлэгдэж байгаа аж. Тэдний зүгээс Засгийн газрын шийдвэрт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийхэд эрт байгааг хэлсэн юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс дараахь тайлбарыг хэлж байна. “Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам, тээвэр хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ. Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосноос цементийн хомсдол зах зээлд үүсч байна.

Ингэснээр Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарлаа. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй болсон. Нэг талаар дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах шаардлагатай.

Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь “Монцемент”, “МАК” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр.Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй” гэв.

Цементийн үнийг тээвэрлэлттэй холбож тайлбарлах аж ахуйн нэгжүүд бий. Тэгвэл үүнийг УБТЗ-ын зүгээс эрс үгүйсгэв.

УБТЗ “Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. “МАК”, “Хөтөл”, “Монцемент” өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгдөг юм. Тээврээс шалтгаалан цемент тасарсан, үнэ өссөн асуудал байхгүй. Бид захиалсан тоогоор галт тэргээр хангаж, шуурхай хүргэдэг. Зарим үйлдвэрүүдийн тухайд тоног төөхөрмж эвдэрсэн асуудал бий” гэх тайлбар хэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.9.17, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.17, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.32-19.02
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Увс нуур, Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжүүлжээ DNN.mn

БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газрын мэдэгдэл

Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжсэн шийдвэрийг гаргасныг Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй байсан бүсүүдийн зэрэглэлийг бууруулж бага эрсдэлтэй бүс болгон зарласан байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
мэдээ нийгэм

Дотоодын арматурын үйлдвэр шинээр ашиглалтад оржээ DNN.mn

Арматурын үнэ 2.2 сая төгрөг давж, цаашид ч өсөх хандлагатай байна | News.MN


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шинээр ашиглалтад орсон “Базальт” арматурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
.

Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Арматур, цемент хоёр бол барилгын салбарын гол түүхий эд. Монгол Улс жилдээ 300.000 гаруй тонн арматурын хэрэгцээтэй байдгаас 40.000 гаруй тонныг нь дотооддоо үйлдвэрлэдэг. “Монгол Базальт” компанийн энэхүү шинэ үйлдвэр жилдээ 10.000 тонн арматур үйлдвэрлэх юм байна. Арматурын хэрэгцээнийхээ ихэнх хувийг гадаадаас импортолж авдаг манай улсын хувьд ийнхүү шинэ арматурын үйлдвэртэй болж байгаа нь чухал.

Гол нь түүхий эдээ дотоодоосоо хангаж байгаагаараа давуу талтай. Гаднаас ганцхан цавуу л авч байна. Монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулууг олборлож, бутлаад 2000 градусын халуунд шингэн болтол нь хайлуулж, үүнийгээ үлээлгэн, мяндсан нийлэг материалыг гарган авч, энэ утсаа ээрэн арматур үйлдвэрлэж байна. Мяндсан утсаар үйлдвэрлэсэн арматур хөнгөн учраас цэвдэгтэй, газрын доорх байгууламжууд, гүүр, багана, тулгуур барилга зэрэгт ашиглахад төмрийг бодвол зэврэхгүй зэрэг давуу талуудтай учраас тохиромжтой байдаг” хэмээн онцоллоо.

Энэхүү арматурыг барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотооддоо хангах юм байна.

“Монгол Базальт” ХК нь байгалийн базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой болон базальт хөрсгүй тариалалтын технологийг эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байгааг энэ үеэр танилцуулж байв.

“Базальт арматур” нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Соронзон өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч, Б.Болор тамга тэмдгээ хүлээн авчээ DNN.mn

Ж.Соронзон: 30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан, Сангийн сайд асан Б.Болор тамга тэмдгээ хүлээн авчээ.

Түүнийг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан есдүгээр сарын 7-ны өдөр танилцуулсан. Гэвч ОХУ-ны ЭСЯ-ны зүгээс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, тэрбээр Оросын талын хариуг хүлээж байж тамга тэмдгээ өгнө гэдгээ хэлснийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ярьсан юм.

Ийнхүү шийдвэр гарснаас 9 хоногийн дараа тэрбээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Ж.Соронзон нь 1994 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулийн захирлаар анх томилогдож өнөөдрийг хүртэл 28 жил ажилласан байна.

Сангийн сайд Б.Болорыг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улаан бал” нэвтрүүлгийн есдүгээр сарын 13-ны дугаарт оролцохдоо мэдэгдсэн юм. Тус сургуулийн багш нараас захирлаар ажиллах боломжтой ямар хүн байгаа талаар санал асуухад Б.Болорыг нэрлэснийг БШУ-ны сайд тайлбарлаж байв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас 4 дэх шагналаа хүртжээ DNN.mn

Монголын хөгжмийн зохиолч Б.Энхбаярын бүтээл олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны том хэлбэрийн бүтээлийн төрөлд дэд байрын шагнал хүртжээ. Түүний “Их хааны галын тахилга” симфони сьют Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит есдүгээр уралдааны хоёрдугаар байр эзэлсэн байна. Уралдааны шагналыг Москва хотноо аравдугаар сарын 9-нд их тайзнаа гардуулах аж.