Categories
мэдээ нийгэм

Жаргалант тосгонд ухаалаг хүлэмж байгуулжээ DNN.mn

Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын JH ENERGY компани, Олон улсын таримал судлалын хүрээлэн, Гачон их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өчигдөр /2022-09-20/ болжээ.СХД-ийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байгуулагдсан тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар болон агрономчид оролцов.

Тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн хүлэмжийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой юм.

Мөн Монгол орны онцлогт тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишиг загвар болж буй бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Үүний зэрэгцээ халаалтыг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэснээр Монголын ХАА-н салбарт олон боломж, шинэ технологийг нэвтрүүлж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Над 300 нови случая на COVID-19 у нас - Здравеопазване - България -  Новините на NOVA - NOVA

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүний

  • 31 нь нийслэлд
  • 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,478 болов. Одоогоор 879 хүн хяналтад байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт нүүрс тээвэрлэж явсан том оврын машин шатжээ DNN.mn

Дундговь аймаг: Дундговь аймгийн тухай

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал баг, “Ашид” зоогийн газрын дэргэд том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:40 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинд ачаатай байсан 1 тн нүүрс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан талаар Онцгой байлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ам.долларын ханш 3265-3420 төгрөг байна DNN.mn

iKon.mn: Валютын ханшийн хамгийн соргог мэдээг хэрэглэгчиддээ хүргэнэ

Монголбанкны өчигдрийн /2022.09.20/ хаалтын ханшаар ам.доллар 3,265 төгрөг байна. Харин евро 3,277 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 54,36 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,420 төгрөг, евро 3,430 төгрөг, ОХУ-ын рубль 54.00 төгрөг тус тус байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хатан хаан бурхадтай хамт залрах болтугай! DNN.mn

Английн Хатан хаан II Елизавета хүмүүн бидний бүхэл бүтэн, хэдэн үеийг элээн хаан ширээнд сууж, хатан хаан гэж ямар хүн байдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан их хүн байсан билээ. Иймээс Англи даяар Хатан хаантайгаа салах ёс хийх ёслол хэдэн хоног үргэлжилж иргэд нь хэдэн арван цаг дугаарлан зогсож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хатан хааны хүндэтгэлийн оршуулганд 2000 гаран дэлхийн нэр хүндтэй хүмүүс болон 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар урилгаар оролцов. Тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, түүний гэргий Жил Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Австралийн ерөнхий сайд Энтони Альбанезе, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс, Украины ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская зэрэг өндөр албан тушаалтан байв. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бол Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу төлөөлсөн байна. Мөн Японы эзэн хаан Нарүхито, Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильд, түүнчлэн Нидерландын хаан Виллем-Александр эхнэр хатан хаан Максима, хатан хаан Беатрикс, Испанийн хаан Филипп, түүний гэргий Летисиа, Норвеги, Дани, Швед, Монакогийн хааны гэр бүлийн төлөөлөгчид болон хаан Чарльзийг төрийн тэргүүнээр залсан Хамтын нөхөрлөлийн нийт 14 улсын засгийн тэргүүн нар уг хүндэтгэлийн ёслолд оролцсон байна. Мөн Их Британийн ерөнхий сайд асан хүмүүс ч уг ёслолд оролцсон юм. Хатан хааныг оршуулах ёслолд Иран улсыг тус улсад суугаа элчин сайд нь төлөөлсөн бол урилгад хамрагдаагүй ОХУ, Беларусь, Сири, Венесуэл, Афганистан, Мьянмар зэрэг улсын төлөөлөгчид оролцоогүй юм. Салах ёслолын дараа Их Британи даяар бүх хүмүүс хоёр минут дуугүй зогсон, хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Улс орноо 70 жил удирдсан Их Британийн хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн билээ.Тус улсын шинэ хаанаар түүний том хүү хунтайж Чарльз өргөмжлөгдсөн бөгөөд одооноос түүнийг III Чарльз гэж нэрлэх юм. Хатан хаан II Элизабетын хаанчлах үед 1874 онд төрсөн Уинстон Черчиллиэс эхлээд одоогийн Засгийн газрын тэргүүн Лиз Трассыг оруулаад нийт 15 ерөнхий сайд солигджээ.

Нийслэл Лондон хотын алдарт “Биг Бен” цагны хонх дуугаран цаг болсныг зарласны дараа Англи уламжлалын дагуу, торгон цэргүүдээр хамгаалуулсан, буулгатай морьд бүхий үхэр буу чирсэн тэргэн дээр шарилыг нь хүндэтгэн тавьж, Хатан хааны титэм болон хаан бэлгэдлийг дээр нь залж, төрийн далбаагаар бүрхсэн байв. Түүний шарилыг дөрөв хоногийн турш хатан хаантай олон нийт салах ёс гүйцэтгэх ёслол болсон Вестминстерийн ордноос гудамжны голоор аажим хөдөлгөн явсаар Вестминстерийн сүмд хүргэсэн юм. Их Британийн хатан хааныг оршуулах ёслолд зөвхөн түүний ойрын төрөл төрөгсөд оролцож, хэвлэлийнхэнд хаалттай болсон. Лондонгийн Вестминстерийн сүмд болсон оршуулах ёслолд хатан хааны хүүхдүүд болох Их Британийн хаан III Чарьлз, гүнж Анна, хунтайж Эндрю, хунтайж Эдвард түүнчлэн хааны гэргий хатан хаан Камилла, Уэльсийн хунтайж Уильям болон түүний гэргий Уэльсийн гүнж Кейт, Суссексийн бэйс, хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл болон хатан хааны гэр бүлийн бусад гишүүд оролцсон байна. Ийнхүү Их Британийн хатан хаан II Элизабетыг Виндзорын шилтгээний нутаг дэвсгэрт орших ҮI Георг хааны дурсгалын сүмд түүний нөхөр Эдинбургийн бэйс Филипийн дэргэд оршуулсан билээ.

Гүнж Элизабет Александр Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнийн 02:40 цагт Лондонгийн Майфэйрт Брютон гудамжинд байрлах Гүн Стратморын ордонд төржээ. Элизабет болон түүний 1930 онд төрсөн эгч Маргарет Роуз нар хайраар дүүрэн гэр бүлд өсч, гэрийн боловсрол эзэмшсэн аж. Элизабет аавтайгаа болон өвөө Ү Жорж хаантай маш дотно байсан гэдэг. Зургаан настайдаа Элизабет асрагчдаа “Нохой, морь ихтэй” хөдөөгийн эдлэнд амьдрах хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Ерөнхий сайд Уинстон Черчиллийн тэр үед хэлсэнчлэн тэрээр гайхалтай эрх мэдэлтэй байсан ч бусдын хүндэтгэл хүлээсэн нэр төртэй охин байжээ. Элизабет сургуульд сураагүй ч гадаад хэлний өндөр чадвартай, Британийн хууль, төрийн түүхийг сайтар судалсан нэгэн юм. Элизабет үе тэнгийнхэнтэйгээ харилцахын тулд Букингемийн ордны нэгдүгээр баг нэртэй скаутын охидын нийгэмлэг байгуулан ажилд нь идэвхтэй оролцдог байв.

Гүнж Элизабет ба хунтайж Филипп Маунтбаттен нарын хурим дайны дараах хүнд хэцүү үеийн нэгэн онцлох, гэрэл гэгээтэй үйл явдал болсон юм. Элизабет 1945 онд эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах корпуст (Британийн армийн хэлтэс) алба хааж, ачааны машин жолоодож сурсан байна. 1945 оны тавдугаар сарын 8-нд нацист Германыг ялсны баярыг Европ даяар тэмдэглэх үеэр тэрээр цэргийн дүрэмт хувцастай Букингемийн ордноос гарч, хэнд ч танигдаагүй хэвээр тус улсын жирийн нэгэн оршин суугчтай адил энэ үйл явдлыг бүх хүмүүстэй тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. “Би эцэг эхээсээ гадаа гарч болох уу гэж асуусан. Намайг хүмүүс таних вий гэж айж байсныг санаж байна. Лондонгийн төв дэх Уайтхолл гудамжаар аз жаргал, тайвшрал давлагаалж олон танихгүй хүмүүс баяр хөөр болон хөтлөлцөн алхаж байсныг санаж байна гэж Элизабет хожим дурссан байдаг.

Дайны дараа ирээдүйн хатан Филиптэй гэрлэх нь тийм ч амар байгаагүй юм. Английн Хаан шүтэн биширдэг, хайртай охиноо алдахыг хүсээгүй бөгөөд Филип ханхүүг харийн гаралтай, гэр бүлийнхэн нь нацистуудтай холбоотой байсан хэмээн дургүйцэж байсан юм. Гэвч залуу хосуудын гэрлэх хүсэл нь давамгайлж, 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд тэдний хурим Вестминстерийн сүмд болжээ. Эдинбургийн гүн цол хүртсэн хунтайж Филипп тэнгисийн цэргийн флотод цэргийн албаа үргэлжлүүлэв. Тэдний анхны хүүхэд Чарльз 1948 онд төрсөн бол түүний дүү Анна 1950 онд мэндэлжээ.

Дайны хүнд он жилүүдийн асар их бэрхшээлийг туулсан хаан эдгэршгүй өвчтэй болжээ. Тэрээр маш их тамхи татдаг байсан бөгөөд уушгины хорт хавдраар өвчилсөн аж. 1952 оны 1 дүгээр сард 25 настай Элизабет, Филип нар гадаадад аялахаар явахад Хаан эмч нарын эсэргүүцлийг тоолгүй залуу хосыг үдэн гаргахаар нисэх онгоцны буудал руу явжээ. Ийнхүү Элизабет эцгийгээ сүүлчийн удаа харсан нь тэр байв. Хаан нас барсан тухай тэрээр Кени улсад сафарид аялаж байхдаа мэдсэн бөгөөд тэрээр тэр даруй Лондонд буцаж ирэв. Гэхдээ тэрээр аль хэдийнэ хатан хаан болчихсон байжээ. Тэр энэ мөчийг хожим дурсан, нэг ёсондоо надад дадлага хийх цаг байсангүй. Аав маань маш залуудаа нас барж бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн тул би өөртөө “Чи нэн даруй үүрэгт ажилдаа орж, аль болох сайн хийх хэрэгтэй” гэж хэлэхээс өөр арга үлдээгүй гэсэн байдаг. Ийнхүү 1953 оны 6 дугаар сард болсон Элизабетийн хаан ширээнд залах ёслолыг Ерөнхий сайд Уинстон Черчиллийн эсэргүүцлийг үл харгалзан телевизээр шууд дамжуулав. Хатан хаан II Елизавета хэрхэн төрийн тэргүүний тангараг өргөж байгааг харахаар олон сая үзэгчид дэлгэцийн өмнө цугларсан бөгөөд тэдний олонх нь амьдралдаа анх удаагаа Хатан хаанаа харсан юм.

Дэлхийн II дайн Британийн эзэнт гүрнийг задруулсан тул хатан хаан 1953 оны 11 дүгээр сард Британийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн орнуудаар урт удаан аялалд гарах үед Энэтхэг зэрэг хуучин колони байсан олон улс аль хэдийнэ тусгаар тогтнолоо олж авчихсан байв. Элизабет Австрали, Шинэ Зеландад айлчилсан анхны хаан болов. Зарим тооцоогоор тус улсын оршин суугчдын дөрөвний гурав нь хатан хааныг өөрийн нүдээр харахаар Австралийн гудамжинд гарч байжээ. 1957 онд II Елизаветагийн АНУ-д хийсэн айлчлал нь Хатан хааны гадаадад хийсэн анхны томоохон айлчлалуудын нэг байв. Хожим 1991 онд Персийн булангийн дайны дараа II Элизабет АНУ-ын Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Британийн анхны хаан болов. Ерөнхийлөгч Буш дараа нь “Бидний ой санамжинд тэр үргэлж эрх чөлөөний найз байсаар ирсэн” хэмээн хэлж байсан билээ. Гэвч жилийн дараа хааны гэр бүлд дуулиан шуугиан, золгүй явдал эхэлсэн. Хатан хааны хоёр дахь хүү Йоркийн гүн эхнэр Сарагаасаа тусдаа амьдарч эхэлсэн бол Анне гүнж Марк Филлипстэй гэрлэлтээ цуцлуулжээ. Дараа нь хунтайж Чарльз, Диана гүнж нар гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа нь тогтоогдон, хожим нь тэд хоёр тийшээ болсон юм. 2006 оны дөрөвдүгээр сард Хатан хааны 80 насны ойг тэмдэглэхээр Виндзор хотын гудамжинд олон мянган хүн цугларчээ. Хатан хаан тэдэнд баяр хүргэн үг хэлэв. 2007 оны арваннэгдүгээр сард Хатан хаан, хунтайж Филипп нар алмаазан хуримын ойгоо тэмдэглэв. Вестминстерийн сүмд болсон ёслолд хоёр мянган хүн оролцсон байна. 2011 оны 4 дүгээр сард хатан хааны хувьд өөр нэг баяр баясгалантай үйл явдал болов. Хатан хаан өөрийн ач хүү, Кембрижийн гүн Уильям, Кейт Миддлтон нарын хуриманд оролцжээ. Тэр оны тавдугаар сард хатан хаан Ирландад албан ёсны айлчлал хийсэн Британийн анхны хаан болсон нь хоёр улсын хувьд түүхэн үйл явдал болсон юм. Ирланд хэлээр эхэлсэн илтгэлдээ Хатан хаан талуудад эелдэг зөөлөн хандаж, эвлэрэхийг уриалж, “Бид юм болгоныг өөрөөр хийхийг хүсдэг, эсвэл огт хийхгүй байхыг хүсдэг” гэж хэлжээ. Жилийн дараа тэрээр Очир эрдэнийн ойгоо тэмдэглэхээр Умард Ирландад айлчлах үеэрээ Английг эсэргүүцэн тэмцэгч “IRA”-гийн байлдагч асан Мартин Мак Гиннесстэй гар барьж найрамдлыг баталгаажуулав. Учир нь түүний хамаатан, түүний маш их хайртай хүмүүсийн нэг, нөхрийнх нь авга ах Лорд Луис Маунтбаттен 1979 онд “IRA”-ийн тавьсан тэсрэх бөмбөгөнд өртөж амь үрэгдсэнийг бүгд мэдэж байсан юм. Үүний дараа Лондонд болж өндөрлөсөн Хатан хааны очир эрдэнийн ойн арга хэмжээнд олон зуун мянган хүн оролцов. 2014 онд болсон Шотландын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга Хатан хаан II Елизаветагийн хувьд хүнд сорилт байсан юм. Бүх нийтийн санал асуулгын дүн гарсны дараа Хатан хаан “Бид бүхэн олон янзын үзэл бодолтой байгаа ч Шотландын ирээдүйн төлөө гэсэн урт удаан үргэлжлэх, хүчтэй хайр биднийг нэгтгэж байгаа гэдгий мартаж болохгүй” гэж тэр хэлсэн юм. 2016 оны 4 дүгээр сард II Элизабет 90 насныхаа ойг тэмдэглэв. Хэдийгээр II Елизаветагийн хаанчлалын төгсгөлд хаант засаглал түүний хаанчлалын эхэн үеийнх шиг хүчтэй байхаа больсон ч ерөөс бүх Британичууд төрийн тэргүүнээ хүндэтгэж, хайрласаар байсан билээ. Энэ нь II Элизабет Хатан хаан гэж ямар хүн байх ёстойг 70 жилийн турш хүн төрөлхтөнд батлан харуулж чадсан гэсэн үг юм. Хатан хаан бурхадын оронд, тэдэнтэй хамт залрах болтугай!

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн галд өртөж, нас баржээ DNN.mn

Ахмад настан галд өртөж амиа алджээ | News.MN

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд өчигдөр 18:27 минутын үед гэр шатжээ. Энэ талаар дуудлага авсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид есөн км замыг туулан 18:36 цагт очсон байна.

Ингэхэд иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байсан бөгөөд тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан хойшиллоо DNN.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэт, Оюутолгой ордын ашиглалт, зэсийн боловсруулалтыг  нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн хуралдаан түр хойшилсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Лондон дах айлчлал хараахан дуусаагүй байгаатай холбоотой Засгийн газрын ээлжит хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Хатан хаан Елизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаанд уригдан оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд хамгийн ашигтай ажил уг нь малын тэжээл бэлтгэх юм DNN.mn

Зах зээлд элбэг зүйлд зориулсан бизнес хамгийн ашигтай байдаг. Эдийн засгийн хуулиараа ийм. Эрэлт ихтэй болохоор нийлүүлэлт тэр хэрээр өснө гэсэн үг. Эргэлт түргэнтэй бизнес амжилттай байхаас яахав. Тэгвэл манай улсад юу л байна мал шиг их юм алга. Өнгөрсөн жил 67.3 сая толгой мал тоолуулсан. Энэ бол статистикийн газраас хэлдэг дүн. Амьдрал дээр үүнээс ч их малтай байж мэднэ. Малчдаас малын хөлийн татвар авдаг болсноос хойш малаа үнэн зөв тоолуулахаа больсон. Тэгэхээр Монголын мал сүрэг зуун мянга хол давсан ч гэж ярих юм билээ. Ийм олон малд тэжээл бэлтгэх ажил асар их ашигтай бизнес. Даанч манай малчид өвс тэжээл бэлтгэхдээ залхуу, худалдаж авахдаа ч хойрго улсууд. Малдаа зах зээлийнх нь ханшаар тэжээл худалдаж авч сураагүй.

Малаа онд мэнд оруулж чадалгүй суурь, сууриар нь зуданд юм уу халдварт өвчинд нэрвэгдүүлж, алдлаа гэж хэн ч тэдэнд хариуцлага тооцдоггүй. Өөрийнх нь өмч юм болохоор хариуцлага хүлээх ч албагүй байх л даа. Гэхдээ л хөрөнгөө алдчихаад өөрийгөө боомилсон малчин гэж лав дуулж байгаагүй. Нэг айлын малчнаар гурван жил ажиллаад л хэдэн малтай болчихдог практик хөдөөд хавтгай. Тийм болохоор хадлан тэжээл бэлтгэхээс гадна худалдаж авахад хойш суусаар байгаад сурчихсан.

Энэ зун цаг агаар таатай байгаагүй. Нийт нутгаар хур бороо багатай, хэт халалт олон хоног үргэлжилсэн. Хуурай сэрүүн салхи ихтэй байсан болохоор бэлчээрийн гарцад сөргөөр нөлөөлж, гантай байв. Дээрээс нь малын тоо толгой их байгаа нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болсныг мэргэжилтнүүд хэлдэг. Өвөл хүндэрч мэднэ шүү, өмнөх жилүүдийнхээс их хур тунадас орно гэсэн цаг агаарын урьдчилсан прогноз гарсан байна лээ. Хадлан тэжээлээ ахиу базаагаарай гэж салбарын яамнаас хүртэл малчдад анхааруулсаар байгаа харагдсан.

Ялангуяа баруун аймгуудад өвсний гарц тун муу, зундаа бэрх байлаа гэх малчидтай хэдэнтээ таарч байв. Тэгэхээр энэ бүс нутагт өвөлжилт хүнд байх нь тодорхой. Увс, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад энэ жил 20 гаруй сая толгой мал өвөлжинө. Эдгээр аймагт ургасан өвс байхгүй юм чинь ийм олон мянган мал онд мэнд орно гэдэг хэцүү. Эхнээсээ өөр аймгууд руу оторлож байгаа ч бэлчээрийн даац гэдэг асуудал толгойны өвчин болсон. Ийм үед дээр хэлсэнчлэн өвсний гарц арвинтай зүүн аймгууд болон Булган, Сэлэнгийн нутгаас хадлан тэжээл ачсан машинууд зогсоогүй баруун аймгууд руу цувдаг байх ёстой. Гол нь малчид зах зээлийнх нь ханшаар гороохгүй авчихдаг бол шүү дээ.

Одоо малын тарга тэвээрэг бас ч гэж харьчихаагүй байна. Малчид эртхэн шиг малаа мах болгох хэрэгтэй. Үнэ хямд байна гэж голоо цохисоор байгаад өвөлтэй золгож, юу ч үгүй үхүүлчихдэг гашуун туршлага олон. Ядаж л цэцэрлэг, сургуулиудад махаа хямд нийлүүлэх хөдөлгөөн өрнүүл л дээ. Ер нь асрамжийн газруудад хандивлахад ч болохгүй юмгүй. Ховд аймгийн мянгат малчин Дорж өнчин хүүхдүүдийн асрамжийн төвд нэг тонн мах хандивлалаа гэхэд зуд нүүрлэсэн хүнд өдрүүдэд хариу нь буцаж ирж л таарна даа. Тонн махаа байг гэхэд тав таван хонь, ямаа хандивласан ч багадахгүй. Тэртэй тэргүй зуданд үхүүлдгээс хойш.

Зуд гэлтгүй малын халдварт өвчин гарахад л айл саахалтаараа хэдэн малнаасаа хагацдаг шүү дээ. Өнгөрсөн жилийн статистикаас харахад зүй бусаар хорогдсон малын тоо саяар хэмжигдсэн байна билээ.

Бусдад өгч сурсан хүн авахдаа нүүр бардам байна. Гэтэл манай малчдын нэг увайгүй зан газар авсан. Өөрийнхөө бүхнийг үнэтэй зардаг. Өвөл болохоор цагаан идээгээ ханасан ханшаар наймаалцана. Хаана зуд, гамшиг болно малчдаас өндөр үнээр мах, цагаан идээ худалдан авч орлого оруулдаг байсан нийслэлчүүд л халуун гараа сунгадаг. Өрөөлөөс үнэгүй бүхнийг авна гэхээр үйлс чинь бүтэхгүй гэдгийг ухаармаар юм, малчид. Харамсалтай нь үүнийгээ тэд мэддэггүй нь тоогүй юм.

Цагаа тулахаар зуданд үхсэн малын махыг нохой ч тоож иддэггүй. Тэжээж байгаа амьтнаа гэр бүлийнхээ гишүүд шиг санаж, хайрлаж, халамжилж байх ухаан малчдэд үнэндээ дутмаг. Тэр олон амьтны амь гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Бурханы өмнө бүгд л адилхан амьтай. Тэжээж, өсгөж, үржүүлж байгаа амийг хариуцаж буй гэдэг ухамсартай байх сан. Хүйтний ам наашилж, хүнд хэцүү цаг ирэхээс өмнө эртхэн арга хэмжээ авах нь зүйтэй. Хонь, ямаагаа суурь, сууриар нь цөөлөх хэрэгтэй. Магадгүй өвөл зуданд сөхөрвөл улаанбаатарчууд тусална гэж бодож тайвуу байгаа бол эндүүрэл. Тусламжийн юм бол тусламжийнх л байдаг. Тусламжаар малаа онд оруулсан гэж дуулж байсан уу. Зудны жил малтайгаа, хүнтэйгээ цөхөрсөн байдаг биз дээ. Дахин хэлэхэд, малчид минь малын өвс тэжээлээ худалдан авч сураач ээ. Та нар үнэ татахгүй наймаалцаж чаддаг бол өвстэй газрын цуваа захаасаа хаяанд чинь очихоор байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Олимпийн гүүрээр явган хүн зорчих боломжтой боллоо DNN.mn

Олимпын гүүрний явган хүний гүүрийг угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой болсныг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Одоогоор дугуйт хэрэгсэлтэй иргэн зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг нээгээгүй байна. Мөн гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг тохижилт, заслын ажил үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоо байтлаасаа малаа яаж маллахыг оросуудаар заалгахдаа тулаа юу? DNN.mn

1000 малчдын зөвлөгөөн Орост болно гэсэн мэдээлэл нийгэмд тараад эхэллээ. Арай үгүй байлгүй дээ, очиж очиж оросуудаар малаа яаж маллахаа бид заалгах болж байна уу гээд учрыг лавлатал уг мэдээлэл үнэн байна. Тодруулбал, энэ сарын 28-наас ирэх аравдугаар сарын 2-ны хооронд таван өдрийн туршид Монгол Улсын 1000 малчин Орост малчдын зөвлөгөөн, чуулга уулзалтад оролцож орос ах нараас номын дуу сонсох аж.

Энэ тухай ХААХҮЯ-наас тодруулахад “Манай яамнаас зохион байгуулж байгаа ажил биш, хувийн хэвшил аялал жуулчлалын зориулалтаар зохион байгуулж буй юм билээ” гэх хариултыг өгөв. Үндсэндээ бидэнд хамаагүй гэж салбар яамныхан нь хэлж байна. “Монголын хөдөөг хөгжүүлэх малчин нийгэмлэг”, “Малчин тур” ХХК-иас мянган малчин цуглуулж орос руу авч явах юм байна. Хувийн хэвшил, бизнесийн байгууллага өөрсдийнхөө шугамаар хичнээн хүнийг авч явж, Оросоор аялуулж, зардал мөнгийг тооцох нь бусдад хамаагүй.

Хамгийн гол нь Орост очиж малчдын зөвлөгөөн хийж, мал маллах арга туршлагын тухай ярина гэдэг чинь өөрөө утгагүй зүйл. Энэ бол жилийн дөрвөн улиралд малаа адгуулж ирсэн Монголын нийт малчдыг үе удмаар нь доромжилж байгаа хэрэг. Монгол бол нүүдлийн мал аж ахуйгаараа алдартай орон. Манай эдийн засгийн гол бааз суурь ч хөдөө аж ахуй, мал аж ахуйдаа суурилдаг. Мөн бид дэлхийн дайдыг морин туурайгаараа тамгалсан гэж бахархдаг. Дэлхийн түүх бол монгол морины туурайгаар хэмжигддэг гэж монголчууд үздэг.

Гэтэл нүүдэлчин монголчуудын хэдэн зуунаар дамжигдаж, өвлөгдөж ирсэн энэхүү үүх түүх, соёл иргэншлийг “Орост болох 1000 малчдын зөвлөгөөн” гэх энэ бусармаг зүйл шууд утгаараа үгүйсгэж, гутааж, харлуулж байгаа юм биш үү. Үүнийг ойлгож, энэ талаас нь мэдэрч цочмог хүлээж авч байгаа дарга даамал, яам тамгын газар гэж байна уу!

Хэзээ байтлаасаа бид гадныхнаас мал маллах ухааныг асууж байсан юм бэ. Харин манай малчдыг гадны улс орнууд урьж залж асууж, зөвлөмж зөвлөгөөг нь авч байсан түүх бий. Монголын хөдөө аж ахуйн анхны баатар Зундуйн Очир гуайг Пхенъянд очиход хойд солонгосчууд хонь яаж маллахыг асууж, хэлсэн ярьсан бүхнийг нь нэгд нэгэнгүй тэмдэглэж авч байсан тухай “Монголын хоньчдын манлай” номонд өгүүлсэн байдаг.

Орост долгиносон, одоо бүр сүүлдээ малаа яаж маллахыг оросуудаар заалгах дээрээ тулсан энэ зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам бидний ажил биш гэж хөндий хойрго хандахын оронд уг зөвлөгөөнийг болиулах чиг үүрэг өгөх хэрэгтэй байна. Малчдын бизнес аялал өөр юу юу ч гэнэ үү, тийм зүйл байдаг юм байгаа биз, хамгийн гол нь оросуудаар хичээл заалгах, тэдний үг сургаалаар Монголын малчид явах гэсэн энэ байдлыг болиул аа.

“Малчдын нийгэмлэг”, “Малчин тур” гэх компанийн нөхөд үүнийг бодох хэрэгтэй. Малчдыг доромжилсон, Монголын нүүдлийн мал аж ахуйг гутаасан ажил хийж буйгаа ойлгомоор байна. Яруу найрагч Цэндийн Чимиддорж “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй ээ” гэж тэртээ 1989 онд коммунист намын дарангуйлал, Оросын ноёрхол нурж унаагүй байхад “Болор цом”-ын тайзан дээрээс уншиж байсан.

Тэгтэл хориннэгдүгээр зуунд монголчууд малаа яаж маллахыг оросуудаар заалгах юм гэнэ. Ёстой найрагчийн хэлснээр “Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа”. Монгол Улс кремлийн гинжнээс салаад 32 жил болж байна. Монголчууд яаж ч ядарсан оросуудаар малаа маллахыг заалгах дээрээ тулаагүй байлтай.