Categories
мэдээ нийгэм

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл 10 цагт мэдээлэл хийнэ DNN.mn

ASU.mn

Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлсэн “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм” хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.

Тэгвэл сайд өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны 10:00 цагт ХНХ-ын яам дээр мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ер нь “чөмөг”-тэй болсон юм байна DNN.mn

Сүүлийн гурван жил монголчууд хямрал ярилаа, эдийн засаг хүндэрч байгааг амтай бүхэн ярьж байна. Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, ер нь бол ард түмэн жинхэнэ утгаараа мөлхөж эхэллээ гэх. Тэгээд Монголын хаана нь хүн турж үхээд байна. Юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс хаагуур сүрэглэн байна вэ. Ийм дүр зургийг Монголын хаана ч олж харахгүй байна. Монгол айл өрх, хүн бүр хэр хэмжээндээ, байр байрандаа иддэгээ идэж, уудгаа ууж, өмсдөгөө өмсөж, дэлгүүр битүү, хоолны газрууд сул ширээгүй, гудамжинд машин нь хахаастай, хамгийн үнэтэй машин болох ланд 300-гийн захиалга дийлдэхгүй их… амьдрал үргэлжилж байна. Үүнийг л “Монголчууд ер нь чөмөг суусан юм байна” гэсэн өөдрөг дүгнэлтээр зарим эдийн засагчид харах болжээ.

Бензиний үнэ урьд байгаагүйгээр нэмэгдлээ. Суурь үнэ гэж үздэг. Бүх үнэд шууд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Үнэхээр бензиний үнэ ард түмний амьдралд хүндээр тусч байгаа бол элэнцгийнх нь машин унах вэ. Тэгвэл өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь оршин суугаа Улаанбаатарын хамгийн том зовлон түгжрэл. Машины түгжрэл. Бензин дийлдэхгүй болсон юм бол нийслэлд машины урсгал зогсох ёстой. Ердөө энгийн логик.

Ам.доллар урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна. Бүр өдөр хоногоор нэмэгдэж, улсын валютын нөөц дөрвөн тэрбумаас шууд доошилж хоёр тэрбум болж дундраад байна. Энэ байдал ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Хүн хэрэглээгээрээ амьдралын чанар нь тодорхойлогддог. Доллар хэрэглэдэг иргэн Монголын гурван сая иргэн дотор 10 хувь нь байж чадаж байна уу. Доллар амьдралдаа барьж үзээгүй 200 мянган малчин өрх цаана чинь байна. Доллар амьдралдаа ганц хоёрхон удаа барьж үзсэн гэр хорооллын 150 мянган иргэн амьдарч байна. Доллар амьдралд шууд сөргөөр нөлөөлж байгаа гэх хүн тааралдахгүй байгаа нь их сонин. Нөгөө талдаа ам.долларын өсөлт Монголын хүн амын багагүй хэсэгт шууд эерэгээр нөлөөлж байна. Юу гэхээр гадаадад ах дүүс, үр хүүхэд, хань ижил нь ажил хөдөлмөр эрхэлдэг цөөнгүй айл өрх байна. Тэд Монголын валютын урсгалын багагүй хувийг гаднаас бүрдүүлээд удаж байна. Яг үнэндээ өнөөдөр Монголд орон сууц, машин авч байгаа иргэдийн багагүй хувь нь гаднаас ирүүлж байгаа валютаар худалдан авч байгаа.

Хилээр юу ч оруулж гаргахгүй байна. Жаахан эрдэс баялгийн мөнгө нь өрөнд явчихаж байгаа. Үүний үр нөлөө хотын багагүй хэсэгт лав эерэг байна гээд хэлчихвэл “Чи битгий хуц аа, эргүү минь” гэж захын хүн давшлах нь тодорхой. Тэгвэл амьдралын бас нэг үнэнийг хэлье. Нийслэлчүүдийн хамгийн том хэрэглээ, төсвийнхний цалин орлогын ихэнхийг нь залгидаг махны үнэ шалдаа буулаа. Нийслэлийн том жижиг бүх захуудаар мах шиг их юм алга. Эмээлтийн хавьд хэдэн мянган мал зарагдахаа хүлээгээд чихцэлдэж байна. Нийслэлийн нэгэн дунд сургуулийн багш цалингаа аваад 70 хувийг нь юунд өгдөг гэж бодож байна, маханд шүү дээ. Мах үнэтэй үед бол бүр 90 хувийг нь ч өгдөг. Тэгвэл тэр мах чинь үнэгүйтэй адил байна. Хямдхан махтай монголчууд өлсөх үү. Жинхэнэ хямрал гэдэг бол өлсөх-өвдөхийн туйлыг хэлдэг олон улсын нэр томьёо байна. Өнөөдөр НҮБ-ын чуулганы үндсэн санал шүүмжлэл, хэлэлцэж байгаа асуудлын эрэмбэ дараалал нэгдүгээрт хүнсний хомсдол, хоёрдугаарт өвчин тахал, гуравдугаарт хүлэмжийн хий… Мэдээж дайн хамгийн том асуудал байгаа. Ийм үед монголчууд хүнсний дутагдалд ортлоо хол байна. Магадгүй муугаар бодоход дэлхийн хамгийн сүүлийн турж үхэх үндэстэн монгол байх.

Мэдээж зовлон маш их байна. Эм тарианы хомсдолоос эхлээд, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн хил гаалийн асуудал, ложистик тээвэр, төрийн хүнд суртал, авлигажсан тогтолцоо, иргэдийн өрийн дарамт, одоо утаа униар эхэлнэ, энэ бүгдээс үүдэлтэй иргэдийн бухимдал, стресс нерв, архидалт… дуусшгүй. Гэвч өнөөдөр гудамжинд 100 мянгаараа гараад үхтэлээ тэмцэх нэг ч иргэн байхгүй байгаад л дээрх ярьсан бүгдийн үнэн батлагдаж байна. Үнэхээр ард түмэн ядарч туйлдаж байгаа бол тэмцэх, шууд гудамжинд гарч тэмцэх. Тэмцэхгүй, өөр өөрсдийн хэмжээнд амьдралыг болгоод байгаад л учир нь байгаа юм. Монголын том хөрөнгөтнүүд томоороо л байгаа. Гадаадад аялаад, тансаг байгаагаа нийгмийн сүлжээнд гайхуулаад, найр цэнгэлд умбаад, дэлхийн “од”-ыг авчирч эх орондоо хүүхэн бэлэглэж хүртэл тансаглуулаад… явж байгаа биз дээ. Энэ бүхэн Монголд л байгаа мөнгө шүү дээ. Гадна тивээс алтан карт уншуулаад байгаа монгол нэг ч байхгүй.

Жинхэнэ хямрал өнөөдөр хаана өрнөж байна гэвэл өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн 256 сая иргэн, Ази дахь 515 сая иргэнтэй улс орнуудад юм. Өлсгөлөн манай тивд их байгаа биз. 39 сая хүн өлсгөлөнгөөс болж шууд үхэл рүү явж байгаа латин Америкийг алгасаад шүү. Эдгээр 20 гаруй улсад эдийн засгийн хямралыг хэрхэн давж туулах тухай яриад ч хэрэггүй, зүгээр л хэд хоног яаж амьд явах тухай асуудал дээдийн заяа болчихоод байна. Дэлхийн 7,6 тэрбум хүний хоёр тэрбум нь өлсгөлөн, хагас өлсгөлөнд байгаа НҮБ-ын Хүн ам зүйн судалгааг яг одоо гүүгэлдээд харж болно. Дэлхийн 9 хүн тутмын нэг нь өлсгөлөн гуйранчлалд нэрвэгдсэн ийм л аймшигтай цаг үед монголчууд эдийн засгийн хямрал ярьж байна. Гэхдээ бидний хямрал бол өлсөж, өвдөж үхэх тухай биш юм. Зүгээр л орлогоо нэмэх, илүү сайхан боломж хомсодсон тухай стресс.

Мэдээж бид долларын хямралыг давна. Яагаад гэвэл доллар болох бүхэн бидний хөл дор байна, хэн ч түүнийг бидний оролцоогүйгээр ухаж авахгүй. Ганцхан сайн хуультай, сайн засаглалтай улс орон болох тухай эхний асуудал. Дээр нь ийм цаг үед монголчууд бидэнд өөртөө итгэх итгэл хамгийн чухал байна. Өөртөө итгэдэг хүн цөөхөн байна. Өөртөө итгэхгүй хүн бусдад итгэнэ гэж ч юу байх вэ. Сүүлийн гурван жил Монгол Улс дэлхийгээс үндсэндээ таслагдлаа. Тэгсэн ч Монгол өнөөдөр сөнөчихөөгүй байгаа биз дээ. Харинчиг өөрсдийнхөө багцааг мэдэж авлаа. Бид дэлхийгээс таслагдсан нь үнэн хэдий ч гадаад тивд урьд хожид байгаагүй олон сайн найз нөхөдтэй болсон байна. “Монгол Улс ямар байна, юу болоод байна” гээд дэлхийн дарга /НҮБ-ын дарга/ нь хүртэл ирж байна. Хоёр том хөршийнх нь Гадаад харилцааны сайд нар шил шилээ даран Монголд ирэхтэй зэрэгцээд “Монголд яагаад хөршүүд нь ойр ойрхон ирээд байна” гэх шиг Япон, Солонгосын Гадаад хэргийн сайдууд ирэх жишээтэй. Бусад гуравдагч орны төлөөллүүд ирж буцсаар байна. Тэд хийх ажлаа олж ядсандаа Монголд ирээгүй. Албан хэлээр бол Монголд янз бүрийн түншлэл, харилцан ашигтай хэлэлцээр, ойлголцол, санамж бичгүүд, найрсаг харилцаагаар ирж байна. Харин энгийн үгээр бол хэн ч найз нөхдийнхөөрөө л бууж морддог, хонож өнжөөд явдаг биз дээ. Гучин жилийн өмнөх БНМАУ өнөөдөр биш. Бид гурав дахь орнуудын эрх ашгийг их бага хэмжээгээр өөртөө шингээсэн, тэдний сонирхлыг татдаг, хэн ч харсан улс шиг улс болж чадсан байна. Энэ бол ардчиллын ач тус, дэлхийд эзлэх байр суурь. Эдийн засгийн утгаараа бол “Юу ч үгүй гуйлгачин”-ыг хэн тоодог юм. Тийм биз дээ. Бид дотроо шүүмжилдэг шиг “Юу ч үгүй хоосон, өрөндөө баригдсан улс” биш гэдгийг баталж байгаа юм. Өнөөдөр Африкийн Заир, Зимбабвед НҮБ-ын мандаттай энхийн сахиулагчид, Олон улсын Хүмүүнлэгийн тусламжийнхнаас өөр хэн очиж байгаа юм, хэн тийшээ тоож зүглэж байгаа юм, дэлхийн улс орнуудын удирдагчид, төр засгийн удирдлагуудаас хэн нь тэнд харагдав. Хэн ч очоогүй. Энэ мэт өнөөдрийн дэлхий ертөнцийн бодит үнэнийг олж харцгаа, монголчууд аа. Бидний монголчууд өнөөдрийн хямралыг давж гарна, туулж чадна. Бид л өөрсдийгөө голоод, өөрсдөдөө итгэлгүй байгаагаас биш бидэнд ямар ч хямралыг даван гарах “чөмөг” суусан байна.

Б.Нямаа

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 38.7 хувиар нэмэгдэв DNN.mn

Экспорт ЕАЭС в третьи страны превысил импорт на 67.7%

Монгол Улс энэ оны эхний 8 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.8 тэрбум, импорт 5.6 тэрбум ам.доллар байв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (32.7 хувь) тэрбум, экспорт 2.2 (38.7 хувь) тэрбум, импорт 1.1 (25.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 135 (11.7 хувь) сая, импорт 22.4 (2.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1 (92.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 8 дугаар сард 454.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 112.5 (32.9 хувь) сая ам.доллароор өссөн байна. БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 8.5 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.9 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 53 хувийг чулуун нүүрс, 30.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ. Экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 2.6 тэрбум, алтны экспорт 253 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн хилийн дундаж үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх сарынхаас багасав. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 44.8, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 239.7 ам.доллароор багасжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 3.8 сая тонн болж, өмнөх сарынхаас 843.7 мянган тонноор, үнийн дүн 787.4 сая ам.доллар болж, 41 сая ам.доллароор нэмэгдлээ.

Импортын дүнд энэ оны эхний 8 сарын байдлаар БНХАУ 34.5, ОХУ 30.3, Япон 8.6, БНСУ 5, Америк 3.2, Герман 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.7 хувийг бүрдүүлэв. ОХУ-аас импортолсон барааны 59.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.7 хувийг цахилгаан эрчим хүч, 9.2 хувийг ачааны тэрэг, 86.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 223.2 сая, автобензиний импорт 171.2 сая, суудлын автомашины импорт 146 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.3 хувийг эзэлж байгаа бол импортын 74.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэллээ DNN.mn

ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт эхэллээ.

Цахим сургалтын оношлох сорил есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хуваарийн дагуу орон даяар зохион байгуулагдана.

Сурагчид student.medle.mn хаягаараа нэвтрэн орж, шалгалт цэс дээр дарж сорилоо өгнө. Цахим сургуулийн сурагчдын мэдээлэл сургуулиудад очсон бөгөөд тэдгээр сурагчид оношлох үнэлгээний сорил өгөх юм.

Цахим сургалтад хоёроос дээш хичээлээр суралцах сурагчид сорилын цаг давхцаж байвал эхний сорил дуусгаад дараагийн сорилоо өгөх боломжтой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Жавхлантөгс: ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих хэрэгтэй DNN.mn

Олон улс судлаач Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Монголоос гардаг гол 300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд Орос 40-60 хувийн татвар авдаг. Яагаад манай улсад өндөр татвар тавьдаг юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс болон ОХУ-ын худалдааны тэнцвэр байнга алдагдалтай явж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89 хувь нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна. Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь ЗХУ-ын үеэс Монгол Улс социалист лагерын түүхий эдийн дамжлага бааз болон ашиглагдаж ирсэн үеэс улбаатай Оросын бодлоготой холбоотой болов уу гэж бодож байна. ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг. ОХУ-ын хойд нутаг, Сибирийн хүйтэн бүс рүү манайх ноос ноолуур, арьс ширээ гаргах боломж эрэлттэй гэдэг. Гэтэл ноос ноолуураа ОХУ руу гаргана гэвэл 65 хувийн татвартай. Энэ нь бизнес эрхлэгчдийг дөнгөнд оруулчихаад байдаг…

-Ер нь бол тийм. Аливаа улс орны хооронд улстөрийн хэлэлцээ яриа, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай, худалдааны балансын зөрүүг аль болох бага байлгах, харилцан ашигтай байх тухай ярилцдаг. Манай ХАА-н гаралтай, ялангуяа малын мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнтэй холбоотой олон боломж байна. Гэтэл бид энэ дээр бусад орнуудтай тарифаар өрсөлдөж чадахгүй байна. 40 хувийн татвар төлөхөөр бүтээгдэхүүний үнэ өөрөө өрсөлдөхүйц чадваргүй, бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Мөн тарифын бус хүндрэлүүд их байна. Тухайлбал, манай худалдааны танхимын гишүүн компани Монголд гар аргаар үйлдвэрлэсэн сайн чанарын бяслагийг ОХУ болон Хятад руу нийлүүлэх гээд тэдний зүгээс тавьж буй эрүүл ахуйн шаардлагаас гадна бичиг баримт, зөвшөөрөл, хүнд суртлын асуудлаас болоод одоог хүртэл гаргаж чадаагүй л байна.

-Бид хэрхэн Оросын энэ татварыг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэх вэ?

-Украинд явуулж буй дайны улмаас ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үе бол Монгол Улсын хувьд ОХУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн бодлогыг хөнгөвчлөх, импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих түүхэн чухал үе гэж харж байна. Түүнчлэн Евроазийн эдийн засгийн холбоонд орсон таван улстай Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах олон боломжууд бий гэж үзэж байна.

-ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа бол?

-ОХУ Украинд дайн хийснийхээ төлөө АНУ, Европын холбоо болон олон улсын эдийн засгийн хамгийн хүнд хоригт орсны улмаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан эдийн засгийн өсөлт, нэр хүндээ бүрмөсөн нураалаа. Цаашдаа 10, 20 жилийн туршид ОХУ эдийн засгаа сэргээхэд маш хүндрэлтэй байдалд орлоо. Дэлхийн бүхий л үндэстэн дамнасан компаниуд ОХУ-аас гарч явлаа. ОХУ-ын Эдийн засгийн сайд ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2022 онд 2,9 хувиар агшина гэж тооцож байгаагаа есдүгээр сарын эхээр мэдэгдсэн. Дайны байдлыг ажиглахад үүнээс ч илүү агших магадлалтай. Түүнчлэн дайн дууссаны дараа олон улсын хууль эрх зүйн хүрээнд Украинд дайны төлбөрт олон сая ам.доллар төлөхөөс эхлээд эдийн засаг, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс ОХУ-ын удирдлагууд аль болох олон улс тэднийг дэмжиж буй гэсэн имиж бүрдүүлэх зорилготой байна. Энэ хүрээнд ОХУ-ын хувьд яг одоо манай улсын дэмжлэг их чухал байгаа учраас худалдааны нөхцөл, импортод оноож буй өндөр тарифын шаардлагаа бууруулах хэрэгтэй.

-ОХУ-тай худалдааны ийм алдагдалтай байгаа энэ нөхцөлд цаашдаа манай улс эдийн засгийн ямар бодлого явуулбал зүгээр вэ?

Нэгэнт ийм худалдааны алдагдалтай байгаа нөхцөлд Монгол Улс эдийн засгаа сэргээж, тэлэхийн тулд гуравдагч хөршийн орнуудаас, тухайлбал АНУ, Европын холбоо, Япон гэх мэт орнуудаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай татах шаардлагатай байна. Ингэснээр маш олон төрлийн давуу байдал үүснэ. Валютын нөөц нэмэгдэнэ, шинэ техник, технологи нэвтэрнэ, ажлын байр болон татварын орлого нэмэгдэж, төсвийн ачаалал буурна. Үүний тулд худалдаа, хөрөнгө оруулалтын эко тогтолцоог яаралтай бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээж буй хүчин зүйлүүд болох хуулийн засаглал, гэрээний хэрэгжилт, шүүхээр аливаа маргааныг хурдан шуурхай, шударгаар шийддэг болох шаардлагатай байна. Түүнчлэн аль салбарт хөрөнгө оруулбал хэрхэн урамшуулах бодлогоо тодорхойлж, аль болох хурдан зарлаж, төрийн өмчид суурилсан биш, харин хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй. Манай Америкийн худалдааны танхимаас энэ талаар “Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” нэртэй бодлогын баримт бичиг гаргасан. Үүнд, бид Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд болон худалдаа, хөрөнгө оруулалтад саад болж буй хүчин зүйлүүдийг судлан, анализ хийсэн бөгөөд эдгээрт үндэслэн “Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур” гэсэн бодлогын зөвлөмжүүд гаргасан. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх, хоёрдугаарт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх, гуравдугаарт, АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцийг нэн тэргүүнд тавих зэрэг зөвлөмжүүд багтсан. Энэхүү зөвлөмжүүдийг УИХ, Засгийн газар аль болох яаралтай хэрэгжүүлэх тусам бизнес, хөрөнгө оруулалтын орчин тэр чинээгээр сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 27, Ангараг гариг. Билгийн тооллын 2, тэргүүн дагуул одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 18:41 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говь, тал, хээрийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд ер нь “чөмөг”-тэй болсон юм байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улс судлаач
Г.Жавхлантөгс “ОХУ олон улсын тавцанд
ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай
импортын татварыг бууруулах асуудлыг
хөндөж тавих хэрэгтэй
” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ардчилсан залуучуудын
холбооны ерөнхийлөгч
С.Эрдэнэболд “Бид
Ардчилсан намынхаа ах
нараас ёс зүй, хүн чанар,
дүрэм журам, хуулийг
шаардаж байна”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд ер нь “чөмөг”-тэй болсон юм байна” хэмээн өгүүллээ.

Ханх боомтоор өнгөрсөн баасан гаригт 80 машин оросууд орж ирсэн гэв.

Монгол Улсын Их
сургуулийн Шинжлэх
ухааны сургуулийн химийн
тэнхимийн доктор,
профессор О.Болормаа “Химийн мэргэшлээр
гүнзгийрэн суралцах оюутны тоо
жилээс жилд буурч байна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн
төвийн дарга Б.Баатархүү “Гадаад иргэд ирсэнтэй
холбоотойгоор эрүүгийн нөхцөл
байдал хүндэрсэн асуудал алга” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.


2022 оны 09-р сарын 26-ны 20 цагаас 09-р сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говь, тал, хээрийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм хүйтэн, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо DNN.mn

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана хуучирч муудан, улмаар хоёр талд нь байрлах угсармал бетонон шат, түүнийг холбосон явган хүний зам цөмөрч, хагаран иргэд зорчих боломжгүй болоод байсан. Тиймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар түшиц ханыг бүрэн засварлажээ.

Түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метр өргөн болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар сольсон байна. Мөн түшиц хананы зүүн талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих, байрны арын саад руу чөлөөтэй орж, гарах, амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын шат хийжээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлж авто зам, явган хүний зам шинээр тавьсан юм. Ингэхдээ авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг зургаан метр болгон өргөсгөж, замын урд талдаа хоёр метр өргөнтэй явган хүний зам тавьсан нь иргэдийн талархал хүлээгээд буй юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР