Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх онд нийт орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд төгрөг байхаар тооцжээ DNN.mn

Н.Энхбаяр: Төсөв, мөнгөний бодлого хэвийн ажилласан ч “машин”-ыг бүрэн  хөдөлгөж чадахгүй

Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.

Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Тухайлбал,

  • урсгал зардлаас 536.5 тэрбум
  • хөрөнгийн зардлаас 424.4 тэрбум
  • гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо” гэв.

Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна.

Төсвийн зарлага ямар байх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин өмнөх онуудаас шилжсэн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг танилцуулгын үеэр онцолсон. Зардлуудын тухайд

  • урсгал болон бусад зардал – 11.9 их наяд
  • хүүхдийн мөнгө – 1.4 их наяд
  • өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж – 2.5 их наяд
  • нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд – 420 тэрбум
  • Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад – 68.5 тэрбум зэргээр тусгажээ.
Ирэх оны төсвийг Сангийн яамны боловсруулснаар, ямар нэг өөрчлөлтгүйгээр баталбал тэнцвэржүүлсэн орлого 18.5 их наяд, нийт зарлага 20.3 их наяд, ойролцоогоор 1.8 их наядын алдагдалтай байх бөгөөд энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээ юм.

Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт 5%, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцооллыг Сангийн яам хийжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

  • 2020 онд 4.4 их наяд
  • 2021 онд 3.6 их наяд
  • 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв.
Categories
мэдээ цаг-үе

Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлж, айл өрхийнхийг хэвээр үлдээнэ DNN.mn

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчнийх 4.8 хувиар  нэмэгджээ | News.MN

Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгааг холбогдох мэргэжилтнүүд болон өмнөх сайд нь удаа дараа анхааруулсаар байв.

Иймд тарифыг чөлөөлөх саналаа ч дэвшүүлж байсан. Иймд ирэх онд цахилгааны тариф нэмэгдэх эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн тарифыг чөлөөлөхөөр болж байгаа. Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтыг төсвөөс хийж байгаа.

Байгууллагын тариф нэмэхийг төсвийн бодлогоор дэмжиж байгаа. Тодруулбал, ус, дулаан, цахилгаанаа төсвөөс санхүүжүүлдэг төсвийн байгууллага дээр урсгал зардлыг нэмэгдүүлж тооцсон” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Улаанбаатарын авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ DNN.mn

Цементийн тээвэрлэлтийн өнөөгийн бодит байдал | News.MN

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

“МАК” ХХК 81 битүү вагон захиалж, УБТЗ 93 вагоны хангалт хийж, 79 битүү вагонд 5214 тн цемент ачжээ. Мөн хоппер вагон 238-ийг захиалж, 259 вагоны хангалт хийж, 240 хоппер вагонд 17520 тн цемент ачсан байна. Тус компани нийт 319 вагонд 22734 тонн цемент ачжээ.

“Монцемент” ХХК 204 хагас вагон захиалж, 214 хагас вагоны хангалт хийж 154 хагас вагонд 10164 тонн клингер ачжээ. Мөн 13 битүү вагон захиалж, 20 вагоны хангалт хийж, 13 битүү вагонд 858 тонн цемент ачсан.

Тэрчлэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлтийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлсний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлээд байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
гадаад мэдээ

Иран бүсгүйн жийнсээ хижабаар сольсон түүх DNN.mn

Ираны эрх баригчид томоохон хотуудад жагсаал цуглааны эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэн тус улсын олон хэсэгт интернэт сүлжээг хаасны дараа Иранд Америкийн технологийн компаниудад тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчилж буй тухай шинэ баримт бичиг буюу Иранд интернэтийн үйлчилгээ явуулах лицензийн эрх олгож буй шийдвэрийг АНУ-ын Сангийн яам өнгөрсөн баасан гаригт нийтэлсэн юм. Энэ нь иранчууд интернэт ашиглах, Ираны засгийн газрын хяналтгүй мэдээллийг шууд авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд хийгдсэн гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв. Үүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид Ираны ард түмнийг тусгаарлаж, харанхуйд байлгахгүй байхад туслахыг хүсч байна” гэж мэдэгдэв.

Үндэсний хар хувцас Хижабыг буруу өмссөн хэргээр баривчлагдсан 22 настай оюутан Махса Амини амиа алдсанаас үүдэлтэй засгийн газрын эсрэг жагсаал долоо хоног гаруй үргэлжилж байна. Энэ хугацаанд хамгийн багадаа 35 хүн нас барсан гэж албан ёсны хэвлэлүүд мэдээлсэн. Мөн сүүлийн өдрүүдэд Тегеран болон бусад томоохон хотуудад засгийн газрыг дэмжигч жагсаалаас болсон бөгөөд Ираны төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ерөнхийлөгч Ибрахим Раиси “Улс орны аюулгүй байдал, амар амгалан байдлыг эсэргүүцэгчдийн эсрэг тууштай тэмцэхийг уриалсан” аж.

Тэгвэл АНУ-ын Сангийн яамны орлогч дарга Уолли Адейемо “Зоригтой Иранчууд Махса Аминигийн үхлийг эсэргүүцэн гудамжинд гарч байхад Иран дахь хүмүүст үнэ төлбөргүй мэдээллийн урсгалыг хүргэх хүчин чармайлтаа АНУ хоёр дахин нэмэгдүүлж байна” гэж мэдэгдэв. Шинэ лиценз нь олон нийтийн сүлжээ хоорондоо шууд харилцах видео программыг хориг арга хэмжээнээс чөлөөлж, хэрэглэгчдэд орон нутгийн хязгаарлалтыг давж, интернэт дэх нууцлалыг хадгалах боломжийг олгодог “VPN” үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай программыг үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай жиргэсний хариуд тэрбумтан бизнес эрхлэгч Илон Маскмөн “Иранд “Starlink”-ийг ажиллуулж эхэлсэн” гэж бичсэн байна. Маскийн “SpaceX”-ийн эзэмшдэг “Starlink” гэх дэлхийн хиймэл дагуулын систем нь бусад сүлжээ найдваргүй, үнэтэй эсвэл ашиглах боломжгүй газруудад өндөр хурдны өргөн зурвасын интернэт сүлжээ бий болгох чадвартай юм.

Курд гаралтай, 22 настай оюутан Махса Амини охины хиджаб буруу өмссөн хэргээр цагдаагийн газарт саатуулагдсаны дараахан комд орж, гурав хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Эрх баригчдын мэдээлснээр нас барсан шалтгаан нь зүрх зогссон юм байна. Гэвч Аминигийн ойр дотныхон нь түүнийг хэзээ ч зүрх нь өвдөж байгаагүй гэж ярьсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр, эмэгтэйг машин дотор болон цагдаагийн газарт зодсон юм байна. Иргэдийн эсэргүүцэл Махсаг нас барсны маргаашнаас эхэлжээ. Түүнийг оршуулах ёслолд оролцсон эмэгтэйчүүд толгойн алчуураа тайлж, эсэргүүцэн “Дарангуйлагчид үхэл” гэж хашгирч эхэлсэн аж. Үүний дараа орон даяар хүмүүс цугларан ялангуяа курдууд амьдардаг бүс нутагт олныг хамарсан жагсаал эхэлжээ. Жагсагчид гудамж талбайг хааж, хамгаалалтын албаны хана руу чулуу шидэж, цагдаагийн машин, хогийн савыг шатааж, засгийн газрын эсрэг уриа лоозон барьжээ. Эмэгтэйчүүд хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. Цагдаа нар жагсагчдыг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж тараах гэж байсан бол дараа нь цагдаа нар жагсагчид руу шууд буудсан гэх мэдээлэл ирэх болсон байна. Гэвч иргэдийн эсэргүүцэл үргэлжилсээр байна.

Ираны сүүлчийн хаан шах Мохаммед Реза Пехлеви 1941 онд Их Британи, Зөвлөлтийн цэргүүд тус улсаас гарч явсны дараа засгийн эрхийг ааваасаа өвлөн авчээ. Энэ хаан Англи ялангуяа АНУ-ын хөрөнгө оруулалтыг татан, эмэгтэйчүүд тэгш эрхтэй болж иранчууд яг л тэр үеийн барууны улсууд шиг амьдарч эхлэв. Ийнхүү Шахын Иран нь Израильтай найрсаг харилцаатай цорын ганц Исламын улс болох нь тэр. Энэ байдал иргэдээ дарангуйлах дуртай хөрш арабын улсуудын удирдагчид төдийгүй ЗХУ-ын дургүйг хүргэв. Тэд Ираны шашны удирдагчийн талынхныг санхүүжүүлж эхлэв. Шахыг эсэргүүцэгчдийн уриа нь “Гадныхан шахтай нийлэн бидний баялгийг тонож байна!”. Ийнхүү 1979 онд Иранд лалын хувьсгал гарч, шах Мохаммед Реза Пехлеви гадаадад цагаачилж эх орноосоо хөөгдөөд байсан шашны тэргүүн аятолла Хомейни гаднаас баяр ёслолын байдалтай эх орондоо ирж, ор нэр төдий ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг гарган өнөөдрийг хүртэл өөрийн биеэр Иран улсыг удирдаж ирэв. Үлгэрлэвэл, манай Чой ламтан гадны хөрөнгөөр төрийн эргэлт хийн, их дээд сургуулиуд, бар, ресторан, театруудыг хааж бүх хүнийг ламд мөргөж, эмэгтэйчүүдийг “улаан, шарыг намируулан” байнга нүүрээ далдалж байх зарлиг буулгасантай адил зүйл болсон хэрэг. Үр дүн нь өнөөдөр болж буй үйл явдал.Америк жийнстэй байсан Иран бүсгүйчүүд үндэсний хувцас болох хар хижаб өмсөх болсон түүх ердөө л энэ.



Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

2023 оны төсөвт хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр үлдээж, нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тусгажээ DNN.mn

Хүүхдийн мөнгийг зээлийн төлөлтөд татахгүй байх үүргийг банкуудад өглөө –  updown.mn

Хүүхдүүд сар бүр 20,000 төгрөг олгодог байсныг цар тахлын үед нэмэгдүүлж, 100,000 төгрөг болгосон.

Ирэх оны төсвийн төсөлд энэхүү хэмжээг өөрчлөхгүйгээр буюу 100,000 төгрөг байлгахаар тооцсон байна. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна.

Тодруулбал, өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгохгүй байснаар 320 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр танилцуулав.

Тэрбээр сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг.

Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий” гэлээ.

Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж.

Өрхүүдийг хэрэглээ, түвшингээр нь ангилж, тэдгээрт хэдэн хүүхэд амьдарч байгаагаар нь тооцсон үзүүлэлт:

  • маш бага 176.6 мянга
  • харьцангуй бага 264.7 мянга
  • дундаж 449.9 мянга
  • дунджаас дээш 172.7 мянга
  • өндөр хэрэглээтэй өрхөд 124.2 мянган хүүхэд амьдарч байна.
Categories
мэдээ нийгэм

​Төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдэл олгох аргачлалыг өөрчилнө DNN.mn

Төрийн үйлчилгээний албан хаагчид ирэх сараас эхлэн ажилласан жилийн  нэмэгдэл авна – updown.mn

Төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдэл цалингийн одоогийн модуль нь тав хүртэлх жил ажилласан бол нэмэгдэл авахгүй. Харин 6-10 жил ажилласан бол таван хувийн нэмэгдэл авах, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь гэх байдлаар таван жил тогтмол ажилласны дараа л нэмэгдэл авдаг загвараар явж буй. Тэгвэл ирэх жилээс төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийн загварыг өөрчлөхөөр төсөвт тусгажээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаас нь огцрууллаа DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүлж байна.

Иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.

Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Ерөнхий сайд захирамж гаргалаа. Уг захирамжид Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан жагсаж байна DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр “Улны айлууд” гэх үг хэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа билээ. Тиймээс тэрбээр өнөөдөр эл үгийг хэлсэндээ уучлал хүссэн.

Тэгвэл олон нийт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хэлсэн үгэндээ уучлалт гуйгаад зогсохгүй огцрохыг шаардаж эхэллээ. Тодотговол, түүнийг ард түмнээ доромжилсон хэмээн огцрохыг шаардаж өнөөдөр АЗХ-ны залуучууд Төрийн ордны гадна жагсаж байна

Categories
мэдээ цаг-үе

Гурилын үнэ 650 төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Гурил үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдэл гаргалаа

Гурилан бүтээгдэхүүний гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид бүгд гурилын үнээ килограмм тутамд 300-650 төгрөгөөр нэмсэн байна.

Өөрөөр хэлбэл, тонн улаанбуудайн үнэ өнгөрсөн жилийнхээс 180-250 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гурилын үнэ өсөх шалтгаан болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, “Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санал гаргаж байна” хэмээн УИХ, Засгийн газрын гишүүдийн өмнө уриалсан. Гэвч эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж дотоод хэрэгцээг бүрэн хангах чадвартай улаанбуудай зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт зах зээл дээр нөлөөлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Болормаа: Химийн мэргэшлээр гүнзгийрэн суралцах оюутны тоо жилээс жилд буурч байна DNN.mn

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн доктор, профессор О.Болормаатай ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг, ямар учраас хэрэгтэй байдаг талаар эхэлье. Та энэ талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хими бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг, маш энгийнээр жишээ хэлбэл, бид өглөө босоод гар нүүр, шүдээ угааж эхлэхдээ л оо, саван гэх мэт химийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх юм. Бидний хоол хүнс ч тэр чигтээ хими, түүнийг чанартай байгаа эсэхэд хяналт тавихад химийн шинжилгээ хийгдэнэ гээд яриад байвал их. Ширээн дээр суугаад юм бичье гэхэд л цаас үзэг гээд бүгд хими л байгаа. Химийн чиглэлээр мэргэшвэл амьдралдаа юу бүтээж болох, амьдралын баталгаа ямар байх талаар ярилцах нь энэ чиглэлээр мэргэшихэд тустай болох байх. Ер нь химич хүн гэхээр ихэнх хүмүүс лабораторид л ажилладаг, эсвэл химийн хичээл заадаг багш болно, эсвэл анагаахад ороход л хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл хими бидний амьдралын салшгүй хэсэг, химийн ухаанаар суралцвал зөвхөн лаборатори, багшаар зогсохгүй маш олон төрлийн салбарт хүчээ сорих боломж нээгдэнэ. Тухайлбал, олон төрлийн судалгааны ажлууд хийх, хөнгөн үйлдвэрийг удирдах, бизнесийн гээд олон салбарт ажиллах, хөрвөх боломжтой юм. Мөн олон улсын хэмжээнд судалгааны ажил хийх боломжтой.

-Ирэх жил МУИС-ийн химийн ангийг хоёр оюутан л төгсөнө гэх мэдээлэл цахим орчноор тархсан, энэ талаар тодруулбал?

-Ер нь сүүлийн жилүүдэд хими гэлтгүй байгалийн ухаанаар тухайлбал, хими, физик, математикаар нарийн мэргэшиж төгсөх оюутны тоо эрс багассан. Үүн дотроо миний ажилладаг химийн тэнхимд ирэх жил төгсөх идэвхтэй суралцаж буй хоёр оюутан байна. Нарийн мэргэшлийн хичээл орох гэхээр бүлэг үүсэхгүй болж байна даа. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн байгалийн ухааны салбарын химийн тэнхимд өнөөдөр нийт 125 оюутан идэвхтэй суралцаж буй тоо баримт байна. Статистикийн мэдээнээс харвал, 18 оюутан 4 дүгээр түвшинд суралцаж байгаагаас яг идэвхтэй суралцаад түвшин ахисан хоёр оюутан, ямар нэг шалтгаанаар 4 дүгээр түвшинд орсон төгсөх боломжтой 9 оюутан байна. Энэ жил төгсөх хоёр оюутан байна гэдэг нь ташаа мэдээлэл, тус хоёр сурагч дээр өмнөх жилүүдийн төгсөх боломжтой есөн оюутан нэмэгдэх юм. Ер нь элссэн бүх оюутнууд зэрэг төгсдөггүй, зарим нь чөлөө авна, шантраад алга болно, энэ чиглэлээр сурах сонирхолгүй гэдгээ мэднэ гэх зэрэг олон төрлийн шалтгаанаас хамааран нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр түвшиндээ орж буй хүүхдийн тоо цөөрдөг. МУИС нь өвөл, хавар гэсэн хоёр улиралд төгсөлттэй, намар элсэлт авдаг. Дөрөвдүгээр түвшний төгсөх оюутан нь өвөл, хавар хоёр улирлын алинд нь ч төгсөх боломжтой.

2020-2021 онд химийн хөтөлбөрийг 13 оюутан, 2021-2022 онд 10 оюутан төгссөн. Нийт элсэж буй оюутны тоо багасч байгаа юм. МУИС 2014 оноос либерал арт системд шилжсэн, энэ нь байгалийн ухаанаар мэргэших оюутны тоог эрс багасгасан юм. Учир нь анхнаасаа ерөнхий суурийн олон хичээл үзсэний дараагаар хими сонгоод химийн нарийн мэргэшил рүү орно гэхээр дөрвөн жилд багтахгүй л дээ. Дараа нь элсэж байгаа багцандаа өөрчлөлт оруулж шууд элсдэг нэг багц бий болгосон ч төдийлөн үр дүнгээ өгч эхлээгүй л байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, сурах бичигт хийх өөрчлөлтийг хэтэрхий олон удаа хийж байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгоод буй гэж харагдаж байна. Тухайлбал, би Японд олон жил ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байх үедээ нэг зүйл ажигласан юм. Жишээлбэл, сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа үе шаттай, эцэг эхийн оролцоог хангадаг, судалгаатай хийгддэг болохыг хараад их зөв юм гэж боддог байсан. Өнөөдөр БСШУЯ ахлах сургуулийн лабораторийн хичээл хийх нөхцөл, лабораторийн чадавхын талаар судалгаа хийж байгаа гэж сонссон. Энэ ажил үнэхээр чухал, олон байгууллагын дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэж найдаж байна.

-Химийн шинжлэх ухааны чиглэлээр сонгон суралцах оюутан цөөн болоод байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Хими гэлтгүй байгалийн ухаанаар элсэх оюутны тоо жилээс жилд буурч байна. Энэ талаар МУИС, тэр дундаа шинжлэх ухааны сургууль сүүлийн үед олон арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгсөн оюутнуудад 75, 100 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн. Элсэлт тааруу байгаа нь олон шалтгаантай холбоотой гэж бодож байна. Үүнд, ерөнхий боловсролын хөтөлбөрийг эргэж харах, сурах бичгийн агуулга, чанарт үнэлгээ өгөх, багшлах боловсон хүчний нөөц, чадамжийн асуудал гэх мэт багтах юм. Байгалийн ухааны хичээлийг амьдралтай холбож сонирхолтой туршилттай заах нь их чухал. Жишээ нь, намайг дунд сургуульд байхад биологийн хичээлийн хүрээнд бид сургуулийнхаа хашаанд ногоо тарьдаг, ажиглалт туршилт хийдэг байсан, химийн лабораторид багш маань туршилт хийлгэдэг байсан нь намайг химийн ухаанд дурлуулсан гээд бодохоор багаас нь л эхлэх нь зөв гэж харагдаж байна. Мөн их дээд сургуулийн маш сайн судалгаа хийж амжилттай явж байгаа судлаачдаар сонирхолтой эвентүүд хийлгэх, хөдөө орон нутагт байгалийн ухааны чиглэлээрх лабораторийн хичээлүүдийг жигд оруулдаг болгох. Ямар ч юманд стандарт гэж зүйл байдаг, энэ нь хаа ч ижил байвал ижил критеритэй болно гэсэн үг.

Улс орны хөгжлийн амин судас өөрсдөө баялгаа бүтээхэд оршино. Баялаг бүтээгчдэд яах аргагүй инженер, техологиийн мэргэжилтнүүд багтана. Тэгэхээр бид баялаг бүтээгчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн болон хотын зарим дүүргүүдийн хими, биологи, физикийн багш нар дутмаг, эсвэл бусад шалтгаанаар сонгон суралцах боломж муутай байгаа нь оюутны элсэлтэд шууд нөлөөтэй. Их, дээд сургуулиудад судалгааны ажлынхаа талаар танилцуулж улс орны хөгжилд ямар хувь нэмэртэй болохыг таниулан вэб сайт, телевиз, сошиалаар энгийн туршилттай контент, уралдаан тэмцээнийг түлхүү зохион байгуулбал энэ чиглэлээр суралцах оюутны тоо эрс өснө гэж бодож байна.

-Байгалийн шинжлэх ухаан улс орны хамгийн чухал салбар. Ихэнх сурагчид маань нийгмийн шинжлэх ухааны салбар болох хуульч, эдийн засагч, урлаг соёлын мэргэжлийг сонгож байна. Энэ нь улс орон хөгжихгүй байх шалтгаан тийм үү?

-Байгалийн шинжлэх ухааны гол тулгуур хуулиуд нь аль хэдийнэ батлагдсан, аливаа үзэгдэл юмсын зүй тогтол, учир шалтгаан, чанарыг тайлбарлах, баялаг бүтээхэд тулгуур болдог. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нийт 100 мянга орчим сурагчдын ердөө зургаан хувь нь л химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн байна. Тэдний ихэнх нь анагаахын чиглэлээр суралцдаг. Өмнө хэлсэнчлэн энэ чиглэлийн хичээлүүдийг багаас нь системтэй заах хэрэгтэй. Орчин үед дэлхийн улс орнууд боловсролын салбарыг тэр чигт нь эргэж харж байна. “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтаар “Ковид-19” цар тахлын өмнөх боловсролын асуудал, цаашид яах талаар ярилцаж хэлэлцлээ. Өнөөдөр боловсрол бол мэдлэг олгож байгаа юм гээд сурах бичгийн хүрээнд зааж түүнийгээ цээжилсэн эсэхийг дүгнэдэг байж болохгүй. Харин насан туршид суралцаж байх арга барилд суралцуулах, өнөөдрийн чиг хандлагад тохирсон ур чадварт суралцуулахад анхаарч боловсрол эзэмшүүлэх нь чухал болж байна. Телевиз, сошиал орчинд байгалийн ухааны чиглэлийн олон төрлийн контентуудыг хийх, энэ талаарх ажлуудад хөрөнгө мөнгө хуваарилах хэрэгтэй. Жишээ нь, хөрс, усны чиглэлийн маш хөөрхөн контетууд хийвэл тэр нь олон хүүхдийн сонирхлыг татна шүү дээ. Энэ нь зөвхөн хими гэлтгүй хүрээлэн буй орчны хамгаалалд ч үр ашгаа өгөх юм.

-Таны бодлоор химийн шинжлэх ухааны салбарыг хэрхэн дэмжиж, цаашид тус салбарыг хөгжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Багш, эмч нарын цалин бага, амьдралын баталгаа муу байгаа нь энэ чиглэлийн мэргэжилтний хомсдол үүсгэж байна. Өнөөдөр лабораторийн тоног төхөөрөмж байгаа ч мэргэжилтэн дутагдаж байна гэдэг бол улсын лабораторид ажиллахад цалин бага байгаатай болон мэргэжилтний тоо цөөрсөнтэй холбоотой юм.

Мөн улс даяар шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгүүдийг бий болгох шаардлагатай санагддаг. Сошиал бүх платформуудад улс төр, нийгэм, соёл гэдэгтэй адил шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгийг бичих нь хүүхдүүдэд их сонирхолтой байх болно.

Ер нь химийн үйлдвэртэй болох баялгаа бүтээдэг байх, баялаг бүтээдэг салбарт ажилладаг хүмүүсийн нийгмийн баталгааг хангах шаардлагатай юм. Сурагчдыг сонирхолтой болгох чөлөөт нэвтрүүлгүүд хийх, бүтээлч сэтгэлгээнд үндэслэн уралдаан тэмцээн зохиох зэрэг нийтэд хандсан арга хэмжээг их хийх хэрэгтэй санагддаг. Мөн шинжлэх ухааны музей бүх байгалийн ухааны чиглэлээр туршилт хийх боломжтойгоор бүх бүсэд ижил стандартаар байгуулах, шинжлэх ухааны хялбаршуулсан, ойлгомжтой контентуудыг тогтмол гаргадаг байх зэрэг олон арга бий гэж боддог.

Боловсрол гэдэг мэдлэгийг сурагчийн тархи руу хийж буцаан авах биш болсон. Тухайлбал, химийг амьдралаас салгачихсан байгаа юм. Хими гэхэд томъёотой, бодлоготой зүйл байдаг гэж ойлгоод бүх хүүхэд химид дургүй болж байгаа юм. Гэтэл хими яг л савангаар гараа угаахад механик бохирдол, тосыг яагаад арилгаж байгааг хүүхдүүдэд ойлгомжтойгоор тайлбарлаж хэрэгцээнд суурилан хийхгүй болохоор салангид болчихоод байгаа юм.