Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд
Month: September 2022
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцэв.
- Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас:
– 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ-35 дугаар албан бичгээр “… Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг … баталгаажуулан, намын 14 дүгээр Их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр 37 тоот тогтоол гаргасан, … Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн, … батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэж, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;
– 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/40 дүгээр албан бичгээр мөн ижил агуулгатай, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх талаар”;
– 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/39 дүгээр албан бичгээр “Ардчилсан намын 14 дүгээр Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилсан шийдвэрийг гаргасан … мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичгүүдийг тус тус;
- Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас:
– 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/166 дугаар албан бичгээр “Ардчилсан намын Ээлжит бус Их хурал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдан, тус намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт /оруулсан/, мөн… Ардчилсан намыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон … тул Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, түүнчлэн … Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү …” гэх;
– 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02/178 дугаар албан бичгээр “… намын Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10.1.1-д зааснаар намын дарга С.Эрдэнэ огцорсонд тооцогдсон. … Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоол …-оор бүртгэсэн дүрмийн өөрчлөлт нь огцорсонд тооцогдсон даргад буцаж үйлчлэхгүй. … Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.1, 5.12.4.11 дэх заалтуудад … зохицуулсны дагуу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг тэргүүн дэд дарга /Ө.Шижир/-т олгосон” гэх агуулгатай “Нэмэлт тайлбар өгөх тухай” гэх албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлэв.
- Түүнчлэн, дээрх өргөдлүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан:
– Ардчилсан намын гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, 14 дүгээр Их хурлын төлөөлөгч гэх Д.Алтанхуягаас 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “… С.Эрдэнэ нь өөрийгөө Ардчилсан намын дарга мөн, Улсын дээд шүүхийн бүртгэлд би Ардчилсан намын даргаар бүртгэлтэй байгаа гэж намын гишүүдийг хууран мэхэлж намын үйл ажиллагааг дүрмийн бус аргаар удирдан явуулсаар байна. … Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гаргасан гэх дүрмийн бус “С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх тухай” хүсэлтийг татгалзаж өгнө үү …” гэх агуулгатай “Өргөдөл гаргах тухай”;
– Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ХЭГ/43 дугаар албан бичгээр “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх асуудлаар Ардчилсан намын бүтцийн аль ч байгууллагаас шийдвэр огт гаргаагүй” гэж, “Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг эс зөвшөөрөх тухай”;
– Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ХЭГ/44 дүгээр албан бичгээр “… Ардчилсан намын зүгээс дээрх нэр бүхий этгээдүүдийг Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр огт томилоогүй, … нэр бүхий хэсэг бүлэг иргэд Ардчилсан намын нэрийг барин хүчингүйд тооцож, ашиглахыг хориглосон … тамганы дардас хэрэглэн, Улсын дээд шүүхэд … өргөдөл хүргүүлсэн … уг хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн Улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх гэсэн хууль бус үйлдлийг … Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” гэх агуулгатай “Шаардлага хүргүүлэх тухай”;
– Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/45 дугаар албан бичгээр “иргэн И.Мөнхжаргал гэгч өөрийгөө Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн нэрлэж, Ардчилсан нам хэзээ ч хуралдаагүй Их хурлын /2022.08.18/ шийдвэр гэх зүйлийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн … Ардчилсан намыг төлөөлөн Улсын дээд шүүхэд өргөдөл гаргах эрхгүй этгээд …тул И.Мөнхжаргал, Ө.Шижир нарын гаргасан өргөдлийг хэлэлцэхээс татгалзан буцааж өгнө үү” гэх агуулгатай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус Улсын дээд шүүхэд ирүүлжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эдгээр өргөдөл, хүсэлт, албан бичгүүдийг нэгтгэн хэлэлцээд, Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өмнө гаргасан тогтоолуудад заасан зөрчил арилаагүй хэвээр байна гэж үзэж, хүсэлтүүдийг тус тус хангахгүй, бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.
Монголын Либерал намын ээлжит 5 дугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй хэмээн үзэж бүртгэв.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн таван гол зүйлийг 2023 оны улсын төсвийн төсөлд тусгажээ. Тодруулбал
- Ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх
- IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох
- Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгох
- Программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5% болгохоор тусгасан байна.
ӨДРИЙН СОНИНЫ 2016 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26-НЫ АРХИВЫН НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулганыд өнжлөө. Эл эрхмийг Монголын театр урлагийн нэртэй найруулагчаас гадна “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрээр ард түмэн сайн мэднэ. Хэлэх үгээ хэнбугайгаас ч айж эмээлгүй хэлж, шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй ясны чанар түүнээс мэдрэгддэг. Хатанбаатарынхаа дүрийг кино урлагт төдийгүй түмэн олны сэтгэлд мөнхөлж үлдээсэндээ сэтгэл дүүрэн амьдарч яваа нэгэн.
Өнгөрөгч амралтын өдрөөр “Танайд очиж өнжих гэсэн юм. Навчаа эгч та хоёртой жаахан хууч хөөрч сууя. Ажлаа зохицуулна уу” гэхүйд таатай хүлээж авсан. Дөрөвдүгээр хорооллын цэнхэр есөн давхрын хоёр өрөө байрандаа ханайгаад зогсож байна.
Сав л хийвэл “Их хувь заяа” гэж хэлэх дуртай эрхэм гавьяатын он жилүүдийнх нь алтан дурдатгалыг сөхөж, зочны өрөө гал тогоог нь дамжин эргэлдэж бүхэл өдрийн турш яриа дэлгэлээ. Эхлээд “Танайх чинь энэ байранд удаж байна уу” гэхэд “Манай Нацагдоржийн авч өгсөн байр шүү дээ. Ерээд оны эхээр орсон доо” гэв. “Үүлэн заяа” дууриас аваад олон сонгодог дуурь, симфони туурвисан хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн Дуурийн театрын дарга байхдаа хөөцөлдөн байж авч өгсөн байр юм гэнэ. Л.Эрдэнэбулган найруулагч “Танай дуурийн театрын ерөнхий найруулагч орох оронгүй” гэж Нацагдорждоо хэд хэдэн удаа агсам тавьж байж байртай блсон гэж байгаа. Тэрхүү үүх түүхээ хуваалцаад инээд алдаж сууна.
Уяа дүүрэн морьд багшраастай гэдэг шиг өнжиж буй айлын маань эзний туулж ирсэн зам мөр баялаг сайхан. Нэгээхэн дурсамжийг нь тэмдэглэхэд л сонины нэг нүүрийг эзэлчих жишээний. Тийм л багцаа анзаарагдаж байлаа. Далан есөн онд Далай лам Монголд анх ирэхэд мань хүн хүндэтгэлийн концертыг нь найруулж байжээ. Сүсэгтэн олон Далай багшийн гишгэсэн шороог нь хүүдийлж авах нь холгүй бужигнацгааж, давхар давхар хамгаалалт гарсан гэнэ. Яг ийм үед төрийн шагналт зохиолч Чойжилын Чимид гуай Эрдэнэбулган найруулагч руу ярьж “Өнөөдөр чамаас том хүн Монголд алга. Ахыгаа Далай ламаас адис авахуулаад өгөөч” гэж хэлжээ. Хамгаалалтынханд “Манай концертод орох зочин” гэж Чимид гуайг хэлээд Далай багштай уулзуулснаа дурсав. Тухайн мөчид Далай лам Бал даргатай уулзаж байсан гэдэг юм. Сүүлд, хоёр мянга зургаан онд Далай лам ирэхэд нь уулзаж, зургаа хамт авахуулснаа хоймортоо байрлуулсан харагдана. Тэр жил мань хүн “Үхэж үл болно Чингис хаан” кино хийхээр ааг амьсгаа дээр явсан үе. Далай багшийг анх ирэхэд нь дархан эрхтэй байсан хүн наян нэгэн онд Жүгдэрдэмидийн Гүррагчааг сансарт нисээд ирэхэд мөн л хүндэтгэлийн концертыг нь найруулах хүндтэй үүрэг хүлээжээ. “Зөөлөн цагаан цас малгайлан бударсан намуухан орой байлаа даа” гэж сансрын нисгэгч хүүгээ угтсан цаг мөчийг сэтгэлдээ эргэн санаснаа түс хийтэл инээд алдах нь тэр.
“Филатова авгайд ч би алуулах дээрээ тулсан шүү. Дандар ах, Дорж хоёроос нэг болж билээ” гэв. Юүв гээд сонирхтол сансрын нисгэгчийн хүндэтгэлийн концертод манай хүн Монгол Улсын баатар Лодонгийн Дандар, төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж нарыг оролцуулсан байна. Дандар баатар гурван минут үг хэлэх, Дорж найрагч мөн гурван минут шүлэг унших сценаритай байж. Тэгтэл баатар 16 минут үг хэлж зочдыг чилээсэн байна. За яадаг билээ гээд айдастай байтал залгуулаад Зундуйн Дорж бүтэн 20 минутын турш урт найраглал уншжээ. Ингээд өөрийнх нь хэлснээр өнөө концерт будаа. Маргааш нь Филатова дуудсан байна. Өрөөндөө их л ууртай “Чи яаж байгаа юм” гээд цамнаад унаж. Хэлэх ч үггүй зогсч байтал Баатарцогт сайд “Дандар баатар, Гүррагчаа, Дорж найрагч, Эрдэнэбулган энэ дөрөв нэг довны хүмүүс. Аргагүй сэтгэл нь хөдөлсөн байлгүй” дээ гэж хэлээд амь аварч байсан түүхтэй.
“Та чинь Дагвын Лувсаншарав гуай, Чадраабалын Лодойдамба гуай хоёрыг ихэд хүндэтгэдэг юм билээ. Сургууль соёлын бараа харж, найруулагчийн мэргэжил эзэмшихэд тэр хоёр лут багана түшиг болсон нь мэдээж” хэмээн асууж орхив. Тийн хэлэхтэй зэрэгцээд хоёр нүдээ сүрхий гэгч нь гурвалжилж ирснээ “Ачит хоёр багш минь” гэж амандаа тарни мэт хэлээд энэхэн амьдралын босгоор хэрхэн алхсанаа дурссан билээ. “Намайг төрөөд арван гуравхан хонож байхад айлд өргүүлсэн байдаг. Нутгийн лам багш ижий, аав хоёрт минь тэгж хэлж л дээ. Хоёр хүүхэд дагаар тогтоогүй учир айлд өргүүлэхээс аргагүй болсон байна. Би чинь Толя гэдэг орос нэртэй байлаа шүү дээ. Орос хүн эх барьж авсан учир тийм нэр өгсөн юм билээ” гэв. Өргөж авсан аав Дашдаваа нь урлаг, уран сайханд авьяастай хүн байжээ. Гучин долоон онд Монголын жүжигчид Москвад очиж тоглоход бүрэлдэхүүнд нь багтан явсан түүх ч бий гэнэ. Аав нь хүүгээ хөтлөөд аймгийн клубийг зорьдог, “Сандо амбан” зэрэг жүжигт тоглож явсныг дурсаад “Би төрсөн удмаасаа биш тэлсэн удмаасаа дөрөө өлгөсөн юм болов уу даа” хэмээлээ.
Түүний Лууяа багштай нь учран золгуулах замыг зөөллөж өгсөн ач буянтай хүмүүс бол алдарт дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, хожим нь бүх цэргийн чуулгын “ногоон” гэж олноо танигдсан Очирбат нар юм билээ. Монголын залуучууд оюутнуудын анхдугаар их наадмын давалгаа орон даяар өрнөсөн цаг буюу тавин есөн онд дээрх эрхмүүд Булган аймагт очиж ардын авьяастныг шалгаруулахад ирээдүйн Баатар ван нүдэнд нь өртсөн удаатай. Хотод ирээд байх үед нь Улсын төв театрын боловсон хүчний дарга Лувсанцэнд гэдэг хүн “Булганы сохор Толя гэж чи юу” гэж сүрдмээр асуугаад “Лувсаншарав багш дуудаж байна” гэжээ. Юун хүн яах гэж дуудаж байгааг нь мэдэлгүй дэгдэж явахдаа Толя хүү театрын өндөр довжоон дээр таварцаглаж нүүрээрээ газар харуулдан улаан халзан амьтан Лувсаншарав гэх өндөр нуруутай дэгжин цагаан залуутай уулзаж байсан гэдэг.
“Жаран он гэдэг чинь Монголд сонгодог урлаг дөнгөж бүрэлдэн тогтож нүүдэлчин ахуйгаас өрнийн соёл руу орох гэж хичээж зүтгэж байсан цаг. Агуу их Билгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж, Самбын Гончигсумлаа, Ламзавын Ванган, Сангийн Гэндэн нарын билиг авьяас эрдэм чадал нь ид жагсаж явсан үе дээ. Нэр нь хүртэл домог мэт санагдах энэ хүмүүстэй ажиллаж амьдарна гэдэг ховорхон хувь тавилан юм шүү. Хорь дөнгөж хүрсэн хөдөөгийн бор хүү театрын босгоор алхан ороход алдарт Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, “Нүгэл буян” киноны Тоохуар буюу Д.Ичинхорлоо гуай, “Сэрэлт”-ийн Бумаа буюу Түдэвийн Цэвээнжав, Хөдөлмөрийн баатар алдарт Гомбосүрэн гуай гээд үлгэр домог шиг яригддаг хүмүүс өөдөөс минь угтаж авсан. Манай найрал дууны ангид дөчөөд хүнтэй байлаа. “Ардын элч”-ийн Дарьбазар буюу Ж.Занабазар, Дүлзэн буюу Бавуугийн Готов, Ариунаа буюу Цэвэлсүрэн гээд тухайн үеийн шилдгүүд чихэлдэн зогсож байв гэнэ.
Эрдэнэбулган гавьяат олон зүйл дээр өөрийгөө “Их хувь заяаны эзэн” гэж тодорхойлох нь бий. Түүний нэгэн бол хорьдугаар зууны манлай дуу, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд төрийн дуулал шиг нь хоногшсон алдарт “Халуун элгэн нутаг”-ийг анх дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн гавьяа юм. “Нэг өдөр хичээлийн дараа Лууяа багш өрөөндөө дуудаад “Яг одоо Намсрайжав дээр яваад очоотох” гэв. Би тэр хүнийг нь таних ч үгүй, хаана суудгийг нь ч мэдэхгүй. Хүнээр заалгаж аваад гарлаа даа. Одоогийн Гадаад яамны баруун талын саарал байшин. Хуучнаар бол хөгжмийн зохиолчдын хорооны байр. Нэг өрөөнд яваад ортол хоёр хүн уриалгахан угтаж авлаа. Тэр нь алдарт Цэгмидийн Намсрайжав, Жамцын Бадраа гуай нар байжээ. Ингээд надад “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг өгч, аль газар нь, ямар нотон дээр эгшгийг яаж дуудах, гийгүүлэгчийг хэрхэн хэлбэл чихэнд сонсголонтой байх талаар нэг бүрчлэн зааж өглөө. Хоёр, гурван цаг хэртэй ноцолдоод ерөнхийдөө сурчихлаа. Маргааш өглөө арван цагт ирээрэй гэхэд нь гуяа алгадах нь холгүй гарч гүйсэн дээ. Тэр үед Улсын баатар Данзанваанчигийн хүү одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн Ухнаа, уурхайчин Сандагдорж гуайн хүү Самбуу бид гурав театрт амьдарна. Одоо гутлын өрөө болчихоод байгаа нэг ч цонхгүй жижигхэн өрөөнд гурвуулаа орж унтаад өглөө нь ус ууж, боорцгоо идээд л гардагсан” гэв. “Түмний нэг” кинонд Чимид багш “Халуун элгэн нутаг” дууг дуулаад хээр талаар морьтой галигуулж явдаг хэсэг гардаг. Энэ нь алдарт Эрдэнэбулганы дуу хоолой уг кинонд мөнхрөөд зогсохгүй ард түмний сэтгэлд мөнхөрсөн нь тэр. Мөн жилийн жилд Монголын тал нутагт алтан намар ирснийг зарлан тунхаглаж “Ургацын далай” эгшиглэдгийг бид мэднэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддоржийн хөгжим энэ дууг дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн хүн бас л өнжиж буй алын маань эзэн.
“Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” хэмээн тэрээр хэлж байна. Жаран хоёр онд дэлхийн оюутан залуучуудын наймдугаар их наадамд оролцох Монголын урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Толя хүүг Лууяа багш нь оруулж Лодойдамба гуай дэмжсэн түүхтэй. Гадаад явах болж паспорт авахаар хөл хөөр болтол орос нэртэй хүнд өгөхгүй гэсэн асуудал босчээ. Аргаа барахдаа Даваадорж ах дээрээ гүйж очин нэр асуухад “Хол явах хүнд нутгийн чинь уулс хань болно. Эрдэнэт, Булган хоёр уулынхаа нэрийг нийлүүлээд Эрдэнэбулган” гээд бичүүлчих гэсэн гэдэг. Бас л уярам сайхан түүх. Баатар вантай хуучилж суухуйд гэрт нь нэг бүсгүй охиноо дагуулан ирж, гал тогооны өрөөнд гэргийтэй нь сүрхий хуучилсан нь Даваадорж ахынх нь охин гэнэ. Эгэл жирийн сайхан ах нь дүүгийнхээ алтан харгуйг төрсөн нутгийнх нь уулсын нэрээр адислажээ гэж эрхгүй бодогдсон юм.
“Чехословак, Румын, Польш, Герман зэрэг олон орноор сар гаруйн хугацаанд яваад хамгийн сүүлд Болгарт иртэл Элчин сайд Цэдэндамба гэдэг хүн дуудлаа. За би ямар буруу зүйл хийлээ дээ гэж баахан эмээсээр очтол “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Өөрийг чинь хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн. Тэнцвэл энд сур” гэж палхийтэл хэллээ. Би ч энэ амьдралд олон л юманд баярлаж яваа хүн. Харин хамгийн анх хязгааргүй ихээр баярласан маань Лодой багшийн тэр үг байсан даа” гэж Эрдэнэбулган ах нүдэндээ нулимс цэлэлзүүлж ирээд хэлж байна. “Софи хотод би яг таван жил найман сар болоод улаан диплом өвөртлөн нутагтаа ирсэн юм. Энэ хугацаанд эх орондоо нэг ч удаа ирээгүй дээ” хэмээн урлагийн дээд сургуулийнхаа таван жилийн түүхийг баяр баясгалантайгаар өгүүлэв.
Зочны өрөөнд ийн хуучилснаа үргэлжлүүлэн гал тогооны өрөө рүү шилжлээ. Навчаа эгч сайхан гэгч бууз хийчихэж. Баатар вангийн гэргий бол Ташкентад сургууль дүүргэж ирсэн Монголын анхны балетчдын нэг юм. Нэгэн цагт дуурийн театрын тайзыг эзэгнэж явсан түүний “Испани бүжгийн цомирлог”-ийг үзэх гэж театр руу олон хүн хошуурч байсан дуулддаг. Аав нь Даш гэж Эрхүүгийн буриад байжээ. Аав нь болоод өвөө нь хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан байна. Аавыгаа шоронд эмээтэйгээ очиж эргэж байснаа Навчаа гавьяат дурссан. Тэрээр Аюур гэж өвөөгийнхөө нэрээр овоглосон юм билээ. Далан гурван онд гавьяат цолыг циркийн жүжигчин, Монголын домогт аваргуудын нэг Дарийн Дамдинтай хамт хүртэж байснаа мөн л ярианы завсар хэлээд авсан. Ташкентад сургууль дүүргэсэн балетчид гэвэл ардын жүжигчин Ганбаатар, гавьяат Туул, ардын жүжигчин Зангадын гэргий Нина гээд олон хүний нэр бичигдэнэ. Нина тэр хоёр дотнын найзууд. Зангад дуучны Эрдэнэбулган гавьяатын ээжийнтэй гэр ойр байсан зэрэг нь хоёр гавьяатыг учруулахад дөхөм болсон нь мэдээж. Зангад дуучныд Навчаа гэж балетын гоё охин үе үе ирдгийг гадарласан Эрдэнэбулган араас нь хөөцөлдсөөр өөрийн болгож авчээ. “Хөгшинтэйгөө жаран есөнд онд нэг гэрт орсон. Тавь шахам жил ханилж байна. Би чинь Навчаагийн хүчинд өдий зэрэгтэй яваа хүн” гэж Баатар ван хоолны ширээ хавьд үнэнээ хэлээд авна лээ.
Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, хөдөлмөрийн баатар Б.Зангад тэд гэр бүлийн найзууд гэнэ. Жийгээ Зангад хоёр нь сайхан гэргий нараа дагуулаад Дуурийн театрт болсон Эрдэнэбулганыхаа “Их хувь заяа” номын баярт оролцож, халуун бүлээрээ уулзалджээ. Бидний ярианд үе үе оролцож, тэгэхдээ Эрдэнэбулган гавьяат он сар, хүний нэр ус, бүтээлийн нэр зэргийг сүрхий тайлбарлан өгч байсан хүн охин Болормаа нь юм. Театр судлаач мэргэжилтэй тэрээр хойно хоёр ч дээд сургууль төгссөн байна. “Доржсамбуугийн үед театрт овоо юм хийдэг сайн ч бичдэг байсан. Хүмүүс ч тэр хэрээр тоож, өсөх ирээдүйтэй гэж үнэлдэг байв. Гэвч тэр авьяас нь Доржсамбуутай хамт алга болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ганц ч үзэг цаас нийлүүлсэнгүй дээ” гэж Эрдэнэбулган гуай дурамжхан хэлсэн юм.
Лхагвын Эрдэнэбулган гэж эл эрхмийг “Учиртай гурван толгой” дуурийн халхын сайхан Юндэнгийн дүрээр үзэгч олон мөн л мэднэ. “Аргил хоолойтой эрэгтэй дуучин бүхний хүсэл мөрөөдлийн дүр болох Юндэнд 320 удаа тоглож дуурийн театрын тайзнаа “Эрдэнэбулганы” гэх тодотголтой Юндэнг амилуулж чадсанаараа гавьяатай” гэж Сономдэлэгийн Сумъяа “Их хувь заяа” номондоо онцолсон нь бий. “Би чинь “Учиртай гурван толгой”-д тоглож байхдаа нийтдээ арван гурван Нансалмаатай суусан хүн шүү дээ” гэж хөөрхөн хөгжөөгөөд авлаа. Мань Юндэнгийн анхны “ханилсан” Нансалмаа нь “Ардын элч”-ийн Ариунаа буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Цэвэлсүрэн гуай ажээ. Тэрээр хагас зуун жил шахам дуурийн театраар овоглохдоо Лууяа багшийнхаа “Хан бүргэд” дуурийн Дэмчигбалын дүрээс аваад Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”-ын Галдан түшмэл, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Сүхбаатар, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ш.Гуно “Фауст”-ын Валентин зэрэг Монголын болоод дэлхийн сонгодог дуурийн дүрийг бүтээсэн нэгэн. Театр урлагийг эзэгнэж, дээрээс нь кинонд тоглож, олон сайхан дууг мөнхөлсөн энэ ханагар эр дэндүү олон нөхөдтэй хүн. Ардын зураач Чойжилын Гунгаасүх, урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт удирдаач Чойжилсүрэнгийн Жамсранжав тэр гурвыг нэгэн цагт театрын шадар гурав хэмээн нэрийдэж байсан удаатай.
“Говийн зэрэглээ”-ийн Арслан буюу нэртэй найруулагч Гүрсэдийн Доржсамбуутай Киевийн кино драмын ангид хамт сурч байснаа Эрдэнэбулган найруулагч ярих дуртай юм билээ. Энэ нь Арсландаа жигтэйхэн хайртайн илрэл. “Киевт нэг жил хамт сураад Ленинград руу явах болоход Доржсамбуу маань вокзал дээр гаргаж өгөхдөө уйлаад үлдсэнсэн. Тийм л уян зөөлөн хүн байсан. Гаднаас нь харахад улсын заанаас нэг их дутахааргүй бие хаатай. Харин ойртож нөхөрлөөд элгэмсэж ханьсаад ирэхээр тэнтэр тунтар алхаж яваа хүүхэд шиг тийм хүн байж билээ. Миний бие “Учиртай гурван толгой” хэмээх Монголын анхны хөгжмийн уран сайхны киног хийсэн юм. Уг киноны зураг авалтыг хийгээд Тэрэлжийн аманд зусаж байхад Доржсамбуу маань бас л нэг инээдмийн кинотой ноцолдоод мөн л Тэрэлжийн нэг амыг эзэгнэж байж билээ. Ерэн дөрвөн оны наадмын урд өдөр буюу долоон сарын арванд театр дээр Эрдэнэ дайчин ван Ханддоржийн тухай гурван ангит кино хийхээр сэтгэл шулуудан байхад Доржсамбуу хүрээд ирлээ. Ойрд уулзсангүй гээд сүйд болцгоов. Өнөөх маань “Эрдэнэбулган чи надад нэг стакан архи өгөөч” гэнэ. Миний шүүгээнд ганц юм байнга байдгийг мань хүн мэднэ л дээ. Бүр болохоо байсан үедээ надад загнуулж байгаад түүнийг гаргуулж санаа нь амардаг хүн. Тэр удаад ч би хатуурхаад байж чадалгүй нэг юм задлаад стаканы талаар хийгээд өгтөл “үгүй ээ, би чамаас бүтнийг л уумаар байна” гэнэ. Би бас дуугүй байж чадалгүй ганц хоёр юм хэлж байгаад дүүргээд өглөө. Өгснийг маань үг дуугүй татчихаад нэмж уусан ч үгүй. Тэгээд өнөөхөө гаргаж өгөх санаатай доошоо буутал үүдэн дээр төрийн гурван өндөрлөгтэй таарав. Наадмын хүндэтгэлийн концерт эхлэх гээд бужигнаж байсан үе л дээ. Ерөнхийлөгч П.Очирбат “Пөөх, Монголын хоёр лут амьтан гараад ирлээ” гээд сүйд боллоо. Бид хоёр ч мэнд ус мэдэлцэж баяр хүргэлээ. Мань хүн яг хаалгаар гарахдаа чи миний духан дээр ганц үнсчих гээд өнөө том халзан духаа өгдөг юм байна. Энэ бол Доржсамбуу бид хоёрын сүүлчийн уулзалт байсан. Маргааш өглөө нь наадам эхэлж байхад Доржсамбуу харвачихжээ гэж цочир мэдээ дуулдсан. Тэгээд ухаан оролгүй хорин нэг хоноод өнгөрсөн шүү дээ. Инээгээд л ороод ирэх юм шиг санагдаад нэг хэсэгтээ л сэтгэл хоосроод хэцүү байж билээ… Арслангаа ийн дурсаад арайтай л мэлмэрүүлсэнгүй.
Бидний яриа хөвөрсөөр “Их хувь заяа” буюу “Хатанбаатар” руу алгуурхан урсан орлоо. Номыг нь туурвисан Сумъяа гэж алаг нүдэн бүсгүй хэдийнэ ирчихсэн, найруулагчийг “аав” хэмээн хүндэтгэн дуудах ажээ. “Далан онд Орост сурч байгаад амралтаараа ирэх үед нь Г.Жигжидсүрэн найруулагч таараад би ардын Хатанбаатар Магсаржавын тухай кино хийх гэж байгаа юм. Өөрийг чинь Хатанбаатарт тоглуулна гэв. Урьд нь Лодойдамба гуай намайг “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэд зүтгүүлсэн боловч Р.Доржпалам гуайд гологдсон юм. Тиймээс кинонд жаахан сүжиг муутай байв. Ингээд дахиж уулзсангүй. Хоёр жил шахам таг чиг. Больсон юм байлгүй дээ гэж бодож явлаа. Тэгтэл гэнэт нэг өдөр кино үйлдвэр дээр дуудлаа. Яваад очтол С.Гэндэн гуай, Д.Чимид-Осор гуай гээд мундгууд бүгд л байна. П.Цэрэндагва гэж өргөн шанаатай ширүүн харцтай нөхөр манлай баатар Дамдинсүрэнгийн дүрд тоглоно гэнэ. Жигжидсүрэн найруулагч гэдэг чинь тэнд хаан шиг ханхалзсан амьтан. Орсон гарсан бүхэн толгой бөхөлзөнө. Би ч мэдэхгүй юм руугаа нүд аниад давхиад орчихлоо. Хуруу зузаан зохиол өгөөд уншиж судал гэв. Хий дэмий эргүүлж тойруулж хэд уншихаас хэтэрсэнгүй. Нямын Цэгмид багш намайг дасгалжуулахаар боллоо. Тэрээр надад “Энэ Удвал авгай их сонин юм бодоод байх шиг байна. Чи тэрэнд нь хүрэхгүй бол нэг бүдэрнэ. Дараа нь олон түмэн үзээд алга ташихгүй бол хоёр дахиа бүдэрнэ гэж мэд” хэмээн айлгах нь бүр ч хэцүү. Харин Удвал гуай “Хатанбаатар” киноны ажлаар надтай уулзсан мөчөөсөө эхлээд нэг ч удаа нэрээр минь дуудаагүй. Бүр бурхан болтлоо “Баатар ван” гэж дууддаг байж билээ. Нэг удаа “Манай баатар ван чинь цэргийн өндөр боловсролтой хүн байж. Оросын армийн генералыг буу дуугаралгүйгээр буулгаж авсан нь үүний нотолгоо. Тиймээс би баатар вангаа их л ухаалаг хүн байгаасай гэж бодоод байгаа юм” гээд хэлж билээ. Энэ үг надад ихийг бодогдуулж хэрэндээ л хичээсэн дээ. Хичээсний хүчинд Удвал гуайн санаа сэтгэлд жаахан ч гэсэн дөхсөн болов уу гэж боддог” гээд найруулагчийн бүдүүн хадуун хоолойн цаанаас түүхийн шаргал хуудас асгараад л байна. Намрын шар нар ч хэдийнэ хэвийжээ. “Мөнхбат, Баянмөнх бид хэд чинь үе тэнгийнхэн. Софид намайг сурч байхад энэ хэд тэмцээнээр очдог байлаа. Ямар сайндаа Мөөеө “Энэ хүүхнийг чамтай суулгана” гэж хар арьст хүнийг заагаад Цэрэн аваргыг айлгаж байсан удаа ч бий. Тэр жил Намхай аваргын тухай кино хийхээр Сайханы Жаран Цөнгөрөгийн голд Бат-Эрдэнэ аваргаас аваад бүхий л бөхчүүдийг урихад Баягаа золиг ирээгүй. Сүүлд мэдэх нь ээ, Намхай аварга “хаях би яараагүй байхад…” гэх домогт үгээ хэлээд унагасан бөх нь баруун аймгийн хүн юм билээ” гэх яриа мөн л өрнөлөө.
Сайнбуянгийн Уламбаяр гэж халуун сэтгэлт дүүгээрээ дамжуулж Холливуудын нэрт жүжигчин Стивен Сигалтай ойр дотно танилцсан түүхээсээ сонирхуулсан юм. Сиглийн хувийн онгоцоор Америк дахь эдлэн газарт очиж, Польшид киноных нь зураг авалтын талбай очиж байсан зэрэг олон дурсамжийг хөндөж ярьсан. Гончигсумлаа гуайгаас уйгаржин монгол бичгээр “Том найруулагчид шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ жилийн жилд авдаг байснаа, хорьдугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасанд зориулж “Тоска” дуурийг тавьж байснаа гээд мөн ч олон хүний тухай, Монголын дуурийн урлагийн хичнээн ч үеийн тухай дурсав даа. “Агданбуугийн Амар гуайнхаа тухай нэг сайхан бүтээл хийж байж л нүд аних юм шүү” хэмээн тэрээр шүд зууж байгаад эрсхэн хэлсэн. Бидний яриа ч тэгсгээд өндөрлөсөн юм.
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” маргааш болон нөгөөдөр /09.28-09.29/ Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болох гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон улс орнуудын эрчим хүчний түүхий эдийн дайнаас улбаатайгаар эрчим хүчний цоо шинэ эрин үе айсуй. Ялангуяа хоёр их гүрний дунд буй Монгол улс нь ихээхэн онцлогтойгоор өөрсдийн эрчим хүчний системийг зохистойгоор хөгжүүлэх шаардлага тавигдаж байна.
Саяхан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол улсын Засгийн газраас санаачлан УИХ-аар хэлэлцэн батлуулаад байна. Энэхүү бодлогын бичиг баримтад “Эрчим хүчний сэргэлт” болон “Ногоон сэргэлт” бодлогыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүчдийн санаа бодол нэн тэргүүнд чухал юм
Анх Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нэртэйгээр зохион байгуулж байсан уг үйл ажиллагаа нь 2019 оноос Олон улсын шинэ эрчим хүчний чуулган нэртэйгээр зохион байгуулагдаж байсан ба цар тахлын улмаас өнгөрсөн жил онлайнаар зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээний эхний хэлэлцүүлэг нь эрчим хүчний шилжилт, бүс нутгийн эрчим хүчний зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, эрчим хүчний худалдаа, үнэ тарифын зохицуулалт, харилцан холболт зэрэг эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний экспортод чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар байх бол хоёр дахь хэлэлцүүлэгт Нарны эрчим хүчний шинэ технологи, устөрөгчийн эдийн засаг, цахилгаан эрчим хүчний хуримтлуурын чиглэлийн танилцуулга, хэлэлцүүлгээр өрнөх юм байна.
Мөн хүлэмжийн хийг бууруулах зээл болон хөнгөлөлтийн механизмууд, сэргээгдэх эрчим хүчний төслийн дуудлага худалдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ногоон төслүүдийн санхүүжилт босгох боломжуудын талаар дараагийн хэсгийн илтгэлүүд үргэлжлэн эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.
Арга хэмжээний хоёр дахь өдөр Монгол улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, хэтийн төлөвлөлтийн чиглэлээр илтгэл хэлэлцэгдэх ба мөн үүнтэй уялдсан шинэ төрлийн дамжуулах утас, дамжуулах сүлжээг дижиталжуулах боломжууд болон эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга илтгэлүүд тавигдах юм.
Иймд олон улсын хэмжээний чуулган зохион байгуулах замаар дэлхий дахин дахь эрчим хүчний бие даасан, найдвартай систем бий болгох улмаар сэргээгдэх болон бусад шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлж буй туршлагыг судлах, дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол улсад эрчим хүчний системийг хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-д 50 орчим гадна дотны экспертүүд болон Монгол улсын Төрийн байгууллага, Хувийн хэвшил, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор байна.
Энэхүү арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг www.ines.mn сайтаас авна уу.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Тавантолгой түлш” ХХК-иас өнөөдөр (2022.09.27) мэдээлэл хийлээ.
“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 116000 тонн шахмал түлш нөөцөлж, 469 цэгээр хоногт 100-1200 тонн түлш худалдан борлуулж байгаа ажээ. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд нийт 650 борлуулалтын цэг бүрэн нээн ажиллуулах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх албанаас гэр хорооллын угаарын хийд өртөж болзошгүй, эрсдэл өндөртэй 44 мянган айл өрхөд дамжуулагчтай угаар мэдрэгч суурилуулжээ.
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км/-т 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэд хавчуулагдсан гэсэн дуудлага ОБЕГ 13:20 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харьяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркын 1 зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Үүний улмаас тус автомашинд зорчиж явсан С /55 настай эрэгтэй/, иргэн Б /52 настай, эмэгтэй/ П /28 настай, эрэгтэй/ Т /26 настай, эмэгтэй/, С /5 сартай, эмэгтэй/, Г /3 настай, эрэгтэй/, “Соната 6” загварын суудлын автомашины жолооч Г/33 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ЯТТТ-ийн эмч болон, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж буй. Уг төслийн бүтээн байгуулалт болон хүний нөөцийн сургалтын талаар хөрөнгө оруулагч талын албаныхан байр сууриа илэрхийлэв.
“Би 600 гаруй төсөл хөтөлбөр хариуцаж ажиллаж байгаагийн хамгийн том нь Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус төслийг хэрэгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд тулгамдсан асуудлууд олон байсан ч даван гарсаар байна” хэмээгээд газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг цаашид ч цаг тухай бүрд нь шийдвэрлэж, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран мэдэгджээ.
Түүнчлэн тус үйлдвэрт ажиллах хүний нөөц маш чухал. Элчин сайд Мохиндер Пратап Сингхийн мэдэгдсэнээр Монгол Улсаас жилд 35 оюутан сургах шийдвэрийг 200-250 болгон нэмэгдүүлж, Энэтхэг улсад Засгийн газрын 100 хувь тэтгэлгээр сургах, төгссөн ч жил тутамд давтан сургалтад хамруулахаар болсон байна.
Харин Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн барилгын ажлыг удахгүй эхлүүлэх аж.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлж 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг УИХ-аас баталж, мөрдөж эхэлсэн.
Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн, хуулийн этгээдийн гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэлд хяналт тавьж, хариуцлага ногдуулан ажиллаж байна.
Гэтэл сүүлийн үед Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворгүй болгох зорилгоор зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байна.
Иймд иргэн та Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх эрх ашгийг хохироож, гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, гүйцэтгэж байгаа болон олон нийтэд зар сурталчилгаа явуулж буй хууль бус үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-261659, 51-261275 дугаарын утас, mntugrug@frc.mn цахим хаягаар илгээнэ үү.
Мөн аливаа иргэн, хуулийн этгээдүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “… гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 2.-т “Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасны дагуу хариуцлага оногдуулахыг үүгээр анхааруулж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ-аас өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж баталсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулахдаа Байнгын хороодоос 69, УИХ-ын гишүүдээс найм, Засгийн газраас 118, УИХ дахь МАН-ын бүлгээс 58, нийт 252 хууль тогтоомжийн төслийн саналыг авсан байна. Ийнхүү намрын чуулганаар нийт 64 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын эдийн засаг хямарчихсан энэ хүнд цаг үед намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас нийгмийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй хууль бол Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль. Албан бус мэдээллээр 2023 оны төсөвт шинээр ямар ч бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхгүй, валютын нөөц бий болгох чиглэлд хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор онцгой анхаарч төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодоосоо хүнсний хэрэгцээг хангах чиглэлд холбогдох хууль тогтоомжийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн амьдралын баталгаажих түвшнээс дээгүүр орлоготой өрхөд хүүхдийн мөнгө олгох эсэх асуудлыг ярилцаж байгаа аж. Учир нь жилд нэг их наяд 530 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг. Ямартаа ч Нийгмийн халамжийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж магадгүй хэмээх яриа нийгэмд өрнөж байна. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Автотээврийн тухай хууль, Газрын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулийн төслүүд нийгмийн анхаарлын төвд байна.
Улмаар намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
Үүнд: Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Ашигт малтмалын тухай хууль, Боловсролын багц хууль, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Даатгалын тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл, Тээврийн ерөнхий хуулийн төсөл, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай”, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ургамал хамгааллын тухай хууль,Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний генетикийн тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хууль, Цусны донорын тухай хуулийн төсөл, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.