-Эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд байхад манай засгийн газар эрх хүүхэд шиг л байна-
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг хоёр хөршөөсөө шууд хамааралтай. хойд хөрш болох ОхУ, Украинтай хийж байгаа дайны нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. тэгвэл БнхаУ болон Тайвань улсын харилцаа хурцадмал байдалд шилжиж дайны бэлэн байдалд байгаагаа зарлалаа. Дайн, зөрчилдөөний эдгээр нөхцөл байдал манай улсад ямар нөлөө үзүүлэх бол?
-Манай улсын экспортын бараг 90 орчим хувь нь дангаараа БНХАУ-руу гардаг. Импортын хувьд ч тус улсаас ихээхэн хамааралтай. Тиймээс БНХАУ-ын эдийн засаг манай улсад шууд нөлөө үзүүлдэг. Хэрэв БНХАУ болон Тайвань улсын дунд зэвсэгт мөргөлдөөн гарах юм бол манай улсад төдийгүй дэлхий дахинд хэд хэдэн байдлаар нөлөөлнө. Тайвань улс дэлхийд хагас дамжуулагч буюу компьютер, гар утасны чухал орц болох чипний 60 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Хэрэв тус улсын чипний үйлдвэрлэл доголдох юм бол дэлхий даяар гар утас, компьютерийн үнэ өснө. Мөн Тайванийн хоолой Ази, Номхон далайн тээвэр хийдэг хамгийн чухал хоолой. Олон боомттой, засвар үйлчилгээ сайтай. Хэрэв ямар нэгэн байдлаар дайны эхлэл тавигдаж, харилцан гал нээх юм бол тус хоолойг ашиглахаа зогсооно. Ингээд өөр гарц гарам ашиглахаас аргагүй болох учраас тээврийн зардал эрс нэмэгдэнэ. Дэлхий, тэр дундаа Ази, Номхон далайн ложистикт үүсээд байгаа хүндрэлүүд улам гүнзгийрнэ. Энэ байдал нь манайд ашиггүй. Манайх БНХАУ-аас импортоор бараа бүтээгдэхүүн авахаас гадна дэлхийн олон орноос авдаг. Тиймээс далайн тээвэрт асуудал үүсвэл түүнийг шийдэх амаргүй. Япон болон Австрали улс Тайваний байр суурийг дэмжиж байгаа. Хэрэв эдгээр орнууд БНХАУ-ын эсрэг хориг тавих юм бол манай импортод сөргөөр нөлөөлөх магадлалтай. Одоо ч хил гаалийн нэвтрэлт сайн биш, гацсан хэвээр байгаа ийм үед дахиад хилийн цаана түгжээ гацаатай болчихвол бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэнэ гэсэн үг.
-Юм бүхэн хоёр талтай гэдэг дээ. магадгүй ямар нэгэн байдлаар БнхаУ болон тайванийн хооронд үүссэн маргаанаас үүдэн манайд эдийн засгийн хувьд эергээр нөлөөлөх боломж бий юү?
-Эергээр нөлөөлж болзошгүй зүйлүүд бий. Түүхий эдийн дэлхийн хамгийн том худалдан авагч БНХАУ. Тэр дундаа нүүрс, зэсийг их хэмжээгээр импортолдог.
Хэрэв Австрали БНХАУ-ын хооронд худалдааны дайн үүсч, Австрали БНХАУ руу нүүрс экспортоо зогсоочихвол манайд нүүрсний экспортод давуу тал ажиглагдаж болзошгүй.
Цэрэг дайны үед зэвсэглэл, цахилгааны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нэмэгддэг. Энэ үед зэсийн хэрэглээ нэмэгддэг. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учраас үнэ нь уначихсан байна. Дайны үед зэсийн үнэ өсдөг нь өнгөрсөн зууны түүхээр батлагдсан. Энэ мэтчилэн манай улсын эдийн засгийн гол тулгуур түүхий эдийн үнэ өсөх, эрэлт хэрэгцээ нэмэгдэх зэрэг давуу тал үүсч болзошгүй. Гэхдээ дайн бол дайн.Дэлхий даяараа энх тайван байдлыг эрхэмлэх нь чухал. Орос, Украины дайнаас үүдэн нефть болон газын үнэ өссөн. Үүнээс үүдэн Араб, Казахстаны орнууд гэнэтийн ашиг ихээхэн олж байгаа. Өөрөөр хэлбэл газ, нефть экспортлогч орнуудын түүхий эдийн үнэ өссөн нь тэдэнд давуу байдлыг үүсгэж байна.
-БНХау, тэр дун-даа Эрээнд ковид бүртгэгдсэнтэй холбоотойгоор хилээ түр хаагаад байна. Зарим иргэд БНХау-ыг Тайваньтай үүссэн маргаанаас үүдэж хилээ хааснаа ковидоор халхавчилж байна хэмээн хардаж байна. Хэрэв БНХау удаан хугацаагаар хилээ хаавал манайд нэлээд олон хүндрэл үүсэх болов уу?
-БНХАУ тэр дундаа Эрээнд ковидын тохиолдол бүртгэгдсэн учраас хилээ хаасан гэж ойлгож байгаа. Миний хувьд шууд дайны нөхцөл байдалтай холбож үзэхгүй байна.Учир нь манай хоёр улс хоёулаа дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Нэгэнд нь мөнгө, нөгөөд нь нүүрс хэрэгтэй байгаа. Дэлхийн хамгийн том хийн хоолой Украинаар дайрч өнгөрдөг. Хэдийгээр Украин дайны нөхцөл байдалтай байгаа ч ОХУ-аас Европ руу газаа бага хэмжээгээр боловч нийлүүлж байна. Хэдий дайн болж байгаа ч эдийн засаг, бизнесийн эрх ашиг сонирхол хаа хаанаа байдаг. Түүнийг шууд хаачихдаггүй. БНХАУ-ын хувьд манай улсаас нүүрсний хараат болж байсан боловч сүүлийн үед ОХУ-аас нүүрсээ авч байгаа.Харин зэсийн тухайд Манай улс Хятадын чухал түнш учраас манайхыг орлуулах боломжгүй. Хэдий дайн болж байгаа ч БНХАУ зэс, нүүрс гэх мэт чухал түүхий эдээ авдаг хэмжээгээрээ авна. Учир нь зэс, нүүрсэн дээр Хятадын аж үйлдвэр тогтож байгаа. Тиймээс зэс, нүүрсний экспортыг тийм ч амархан зогсоочихгүй байх.Тун удахгүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах мэдээлэл бий. Уг айлчлалын үеэр олон асуудлыг шийдэх байх. Манай хоёр улсын хувьд улс төрийн үл ойлголцол, дипломат бодлого дээр элдэв бэрхшээл, хилийн маргаан байхгүй. БНХАУ манайхаас бусдаар хиллэж байгаа бүх улстайгаа хилийн маргаантай байдаг.Манай улс БНХАУ-тай 4709.6 км урт шугамаар хиллэдэг боловч ямар ч маргаангүй тайван хөршийн тоонд ордог. Харин манай хоёр улсын дунд эдийн засгийн харилцааны асуудал үүсч магадгүй. Үүнд ухаалаг бодлого хэрэгтэй.
-Он гарсаар найман сар өнгөрч байна. та улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?
-Эдийн засгийн эрүүл мэнд гэж ойлголт бий. Тус ойлголтын дагуу инфляци хоёр хувьтай байвал боломжийн, эрүүл гэж үздэг. Ядуурал аль болох байх ёсгүй. Ажилгүйдэл таван хувиас доош, валютын ханшийн хэлбэлзэл бага, эдийн засаг нь хүн амынхаа өсөлттэй тэнцүү юмуу түүнээс дээш хэмжээгээр өсч байх ёстой. Гэтэл манайд эдийн засгийн эрүүл мэндийн дээрх таван үзүүлэлт тавуулаа улаан гэрэл асаачихсан байна. Инфляцийг албан ёсоор 17 хувь гэж байгаа боловч албан бусаар 50-60 хувьд хүрчихсэн. Ажилгүйдлийг найман хувь гэж байгаа боловч хөдөлмөр оролцооны аргаар тооцоод үзэхээр хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй, эрчүүдийн 65 хувь л ажилтай байна. Монгол Улсын түүхэнд ийм өндөр хэмжээний бодит ажилгүйдэлд нэрвэгдэж байсан түүх байхгүй. Засгийн газраас ядуурал буурсан гэж зарлаад байгаа. Тэгвэл ядуурлыг тооцохдоо сард 178 мянган төгрөгийн орлоготой бол ядуу биш гэж үзээд байна. Гэтэл өнөөдөр 178 мянган төгрөгөөр сар амьдрах боломж байна уу. Үүгээр юу хэлэхийг хүсч байна гэхээр манай улсын ядуурлын босго тогтоох аргачлал нь дэндүү хоцрогдчихож. Бодит амьдралтай нийцэхгүй статистикийн дүн барьчихаад ядуурал буурсан мэтээр Засгийн газраас мэдээлж байна. Засгийн газраас ядуурал 29 хувьтай буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэж үзээд байна. Бодит байдал дээр 60-70 хувьд хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, ядуурал Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчхээд байна.
-Угтаа манай улсын эдийн засаг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн гэдгийг Сангийн яам болон Монголбанкнаас мэдэгдэж байгаа шүү дээ?
-Манай эдийн засаг төгрөгөөр харахад өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ бол инфляцийн үр нөлөө. Харин доллар руу шилжүүлээд үзэхэд сүүлийн 10 жил 12 тэрбум доллар дээр нам гацчихаад байгаа. Гэтэл хүн амын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Жилд 70 мянган оюутан их, дээд сургууль төгсөж байгаа боловч тэдэнд ажлын байр алга. Эдийн засаг агшсаар л байна. Эхний улирал манай улсын эдийн засаг хасах дөрвөн хувьтай гарсан. Хоёрдугаар улиралд ч хасах гарах магадлалтай. Төсвийн орлого өссөн хэмээн Засгийн газрынхан нэлээд баяртай байна. Үүнийг задлаад харвал НӨАТ-ын хэмжээ өссөн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 1000 төгрөгийн талхнаас 100 төгрөг авдаг байсан бол энэ жил 2000 болсноор 200 төгрөг авч байна. Энэ бол бодит баялаг өссөн биш үнийн хөөсрөлт явагдсаны илрэл. Төсвийн үрэлгэн зардал одоо ч байсан хэвээр. Цаасан дээр Хэмнэлтийн хууль баталсан боловч бодит байдал дээр Андлалын хөшөө шиг арслангуудаар дүүрлээ. Гэтэл өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Эмч, сувилагч нар нь ачааллаас залхаад ажлаа хаяад гарч байна. Инфляци, ажилгүйдэл, ядуурал, төгрөгийн ханш, эдийн засгийн өсөлтүүд шинжилгээний үр дүнд бүгд муу гарч байна. Цаашид ч муудах шинжтэй байна. Учир нь дэлхийн эдийн засаг хямраад эхэллээ. Уг хямрал манай улсад 2-3 улирлын дараа мэдрэгддэг. Манайхан ковид болон дайнаас үүдэн эдийн засаг муудсан гэж ойлгоод байдаг. Үгүй л дээ. Харин ч ковид, дайны үеэр зөв бодлого явуулсан улс орнуудын эдийн засаг өсч байна. Гэтэл манайд ямар ч бодлого алга. Кино, жүжиг, хөшөө, найр наадам л их хийж байна. Хилийн боомтуудад олигтой хөрөнгө оруулалт хийхгүй байна.
-Манайд улсад мөнгө байхгүй. тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ёстой болно. Даанч хөрөнгө оруулагчид манайхыг сонирхохгүй байна шүү дээ?
-Энэ бол манай улсын Засгийн газар дампуу байгаагийн л шинж шүү дээ. Уг нь аль болох БНХАУ-тай богино хугацаанд хэл амаа ололцоод хил гаалиа нээж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамтарч ажиллах санал боловсруулаад, очиж уулзаад явж байх ёстой. Урт хугацаанд зэс, газрын ховор элементийн үнэ өндөр байхаар байна. Энэ чиглэлийн хайгуул руу зоригтой оруулмаар байна. Гадаад, дотоодоос санхүүжиж гадны хөрөнгө оруулалтын эсрэг байдаг троллуудтай тэмцэж, хөрөнгө оруулалтаа сэргээх нь чухал байна. Манай улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон учраас эдийн засаг тэлэхгүй байна. Тийм учраас ажлын байр алга. Гэмт хэргийн статистикаас харахад өмчийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай дээрэм 80 хүртэлх хувиар өсчихсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрахын тулд гэмт хэрэг үйлдэх арга замыг сонгож байна. Гэтэл Засгийн газар популист бодлого баримтлаад сууж байна. Одоо татвар, НӨАТ-ын хэмжээг бууруулж, гадны хөрөнгө оруулагчдыг яаралтай олж ирэх хэрэгтэй байна. Засгийн газраас өргөн хэрэглээний АИ 92 шатахууны үнийг он гартал бууруулсанд баярлаж амьдар гэсэн суртал ухуулга явуулж байна. Гэтэл тээвэр, барилга, газар тариалан, уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт мөнгө олдог, ажлын байр бий болгодог салбаруудын үндсэн түүхий эд болсон дизель түлшний үнийг хоёр дахин нэмчихлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар сонгогчдын олонх нь АИ 92 хэрэглэдэг, түүний үнийг бууруулчихвал олонд таалагдана гэсэн популист бодлого барьж байна. Дизель түлшний үнэ өссөнтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар, тээврийн салбар уралдаж үнээ нэмдэг чөтгөрийн тойрогт орчихоод байгааг Засгийн газар олж харахгүй байна. Эрчим хүчнийхээ яамнаас өндөр төсөвтэй Соёлын яам байгуулчихаад иргэдийн тархийг угаахад л анхаарч байна. Гуравдагч хөрш орнуудаас манай улсын эдийн засгийг сэргээхэд хамтарч ажиллах санал тавьсан. Тухайлбал, Британичууд гурван тэрбум долларын хөрөнгө оруулалт өгье гэсэн ш дээ. Япончууд ирж гуйж байгаад явлаа. Юунаас нь айгаад байгаа юм. Асуудлыг богино хугацаанд шийдэх л хэрэгтэй. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд байхад манай улсын Засгийн газар асуудал гарахаар аав ээж, ах дүү нараа айлгаж, сандаргадаг айлын эрх хүүхэд шиг л байна. Ийм эрх танхи, бодлогын алдаа гаргадаг Засгийн газар удаан оршин тогтнох уу. Бусад улс орны сайд дарга нар өдөр бүр гарч ирээд хүнд хэцүү асуудал байгаа ч түүнийг шийдэхийн төлөө ажиллаж байгаа талаараа үргэлж мэдээлэл өгч, шийдэл танилцуулж байна. Манайхан таг чиг. Өнөөдөр Төрийн ордон, яамдууд эзгүй байна. Айсуй хямралыг хохирол багатай туулахын тулд өдөр шөнөгүй л ажиллаж байх ёстой. Гэтэл бүх сайд, УИХ, Засгийн газрын гишүүд тэмдэглэлт ой, найр наадам хэсээд явж байна. Хил боомт, гадаад бодлого нь дампуурчихаад байхад сайд нь явган хэрүүл хийгээд, гэр бүлээрээ хүн зодоод таахалзаж байна. Эрүүл хүн энэ байдлыг харахад галзуурмаар санагдаж байна.
-Гадаад өрийн тухайд юу хэлэх вэ?
-Засгийн газрын гадаад өрийн эзлэх хувь хэмжээг 50 хувь хэмээн зарласан. Үүн дээрээ нэмж зээл авах сонирхолтой байгаа. Харин Монголбанкнаас Засгийн газрын гадаад өрийг 80 хувь байна гэсэн. Харин Дэлхийн банк 92 хувь гэсэн тооцооллыг танилцуулж байгаа. Гэтэл эрүүл эдийн засагтай улсад Засгийн газрын гадаадын өрийн эдийн засагт эзлэх хэмжээ 20 хувь байдаг. Манайх шиг хөгжиж байгаа, үндэсний анхдагч хуримтлалгүй буюу капиталгүй оронд 40 хувь байж болдог. Гэтэл манай Засгийн газрын өр аль хэдийнэ нь энэ босгыг давчихсан. Энэ пиарын Засгийн газар дансны аргаар, хүний нүд хуурсан бодлого явуулж байна. Энэ бол асар аюултай. Өөрөөр хэлбэл, зориудаар эдийн засгийг өндөр өсөлттэй харуулж байна. Тухайлбал, энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэсэн боловч 18 сая тонныг гаргаж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Төсвийн тодотгол хийхдээ нүүрсний экспортын хэмжээг бууруулсан мөртлөө эдийн засгийнхаа хэмжээг дагаж бууруулаагүй. Яагаад гэвэл эдийн засгийн хэмжээг бууруулчихвал гадаад өрийн хувь хэмжээ нэмэгдээд дахин өр тавих боломжгүй болно. Засгийн газар ердөөсөө л нялх хүүхэд хуурч байгаа мэт бодлого явуулж байна. Манай улсын эдийн засгийн хямралын шалтгааны 70-80 хувь нь дотоод бодлогын алдаа. Ямар ч хямралыг дагаад боломж гарч ирдэг. Дэлхий дээр манайхаас ч хүнд нөхцөл байдалд байсан улс орнууд бүгд хүчирхэгжиж гарч ирсэн. Одоо ч манайхаас хүнд нөхцөлд олон улс байна. Гэтэл манай төр засгийн удирдлагууд гоншигнохоос өөрөөр боломж нөхцөлийг ашиглахгүй байна. Ажиллаж чадахгүй бол Засгийн газар огцрох ёстой.
– Засгийн газар огцорлоо гээд асуудал шийдэгдэх үү?
-Ядахдаа хоёр хөршдөө хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар гарч ирэх ёстой. Манай хөршийн төр засгийн удирдлагууд, Гадаад харилцааны сайдуудын биеийн хэлэмжээс харахад манай Засгийн газрынхан тэдэнд жулдаж байна. Дээрээс нь энэ удаагийн Засгийн газарт бизнесийн салбарынхан итгэхээ больчихлоо.Ковидын тухай хуулиар Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан. Угтаа Засгийн газрын дээр УИХ байх учиртай. Үнэ тогтворжуулах хуулиар Засгийн газар Монголбанкныхаа дээр гарчихсан. Уг нь Засгийн газар, Монголбанк хоёр бие биеэсээ хараат бус, харилцан хянаж ажиллах ёстой шүү дээ. Монголын түүхэнд энэ удаагийн Засгийн газар шиг элдэв эрх мэдэлтэй мөртлөө энтертайнмент хийдэг Засгийн газар байгаагүй. Өөрсдийгөө өрөвдүүлнэ, кино, нэвтрүүлэг хийнэ, ах дүү нарынхаа жүжиг тавина. Ийм байж Засгийн газрын сайд нар нь яаж амарч зугаалж чадаж байна аа. Улс орны эдийн засгийг ийм хэмжээнд чөлөөтөөр унагаахыг Долоон буудлын Должин эмээ ч чадна. Тиймээс энэ Засгийн газраас арай дээр хэмжээнд ажиллах боловсон хүчин МАН-д байгаа гэдэгт итгэж байна. Ядаж PR биш бизнес хийж үзсэн, төрийн албаныхан хяналт шалгалт нэрээр ямар хувалзууд шургадгийг ойлгочихсон, Орос, Хятадтай бизнес хийгээд үзчихсэн залуус олон байгаа. Одоогийн Засгийн газрын удирдлагууд насаараа нам дагасан, төрд шургаж, татвар төлөгчдөө шимэгчилж ирсэн паразитууд байна. Одоо үнэхээр улс үндэсний эрх ашгийг хардаг бол ажил мэддэг, амьдрал ойлгодог хүмүүсийг гаргаж ирэх цаг нь болсон.
–