Categories
мэдээ нийгэм

АНУ болон Монгол Улсын Засгийн газрууд Улаанбаатар дахь ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа DNN.mn

Улаанбаатар хот, 2022 оны наймдугаар сарын 25 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци (МСК)-н Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрэлсэн Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниэл Критенбринк нарын хамт Монгол дахь анхны ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо. Ёслолын үеэр К. Алфорд Монгол Улсын усны байгууламжийн дэд бүтцийг хөгжүүлж, хоёр орны бат бөх түншлэлийг Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн хамт нотлохоорирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд,Улаанбаатар хот бол дэлхий дээрх хамгийн ус багатай хотуудын нэг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ч нэн эмзэг. Энэхүү үйлдвэр нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай, тогтвортой хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал болон усны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэж хэллээ.

Гуч хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр хотын усан хангамжийн хэрэгцээ ч нэмэгджээ. Хот усны хомсдолын аюултай тулгарч, улмаар оршин суугчид болон Монгол Улсын эдийн засагт томоохон аюул заналхийлж байна. Энэхүү ус дахин боловсруулах дэвшилтэт үйлдвэр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг МСК тууштай байгаагийн нэг жишээ бөгөөд барилгын ажлыг энэ сард эхлэхээр төлөвлөж буй юм. Ус дахин боловсруулах үйлдвэр нь жил бүр Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэх 15 сая шоо метр цэвэр усыг хэмнэх замаар Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулж, нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усны аюулгүй, тогтвортой эх сурвалжаар хангахад туслах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээУс бол амьд бүхний эх үүсвэр, бид бүгдийнамьдралд чухал ач холбогдолтой гэдгийг хүн бүр мэднэ” гээд “Усыг дахин боловсруулснаар монголчууд байгаль эхдээ ус цэвэршүүлэхэд нь туслах болно. Бид байгальд илүү ээлтэй, илүү хариуцлагатай болж байна” гэв.

2018 онд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК-ын хооронд Монгол улсын усны салбарт нийт 462 сая ам.доллар буюу МСК-аас 350 сая ам.доллар, Монголын Засгийн газраас 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх компакт гэрээг байгуулан Монгол Улс нь МСК-ын түүхэн дэх хамгийн том дүн бүхий түншлэлийн гэрээ байгуулсан орны нэг болжээ. Ус дахин боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн нилээд хэсгийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа нь уг компакт гэрээний үр нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт юм.

Компакт гэрээ нь гурван цогц бүрэлдэхүүнээр дамжуулан Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх юм. Үүнд:

Усны бохирдуулагч бодисыг зайлуулж, ундны усыг хотын нийтийн хэрэглээнд бэлэн байлгахын тулд Улаанбаатар хотод газрын доорх усны эх үүсвэрийг шинээр барих, мөнорчин үеийн дэвшилтэт ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах,
Аж үйлдвэрт ашиглаж болохуйц өндөр чанарын дахин боловсруулсан усаар хангах ус дахин боловсруулах шинэ үйлдвэр, шугам хоолой барих болон,
Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулах бодлогын шинэчлэл хэрэгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын чадавхийг бэхжүүлэх гэсэн бүрдэл хэсгүүдтэй.

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар дэлхий дахинд ядуурлыг бууруулах зорилготой АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг юм. 2004 онд байгуулагдсан МСК нь сайн засаглал, авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг дээдлэх нарийн хэм хэмжээг хангасан улс орнуудад хугацааны хувьд хязгаартай буцалтгүй тусламж үзүүлж тэтгэлэг олгодог.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна DNN.mnСАРЫН ЭХНИЙ ХАГАСТ ИХЭНХ НУТГААР ХУР ТУНАДАС ОРНО

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ зургаан тасгийг шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болжээ DNN.mn

ХӨСҮТ улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлаа өнөөдөр танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг олон улсын стандартад нийцсэн бүрэн вакум хагалгааны өрөөнүүдтэй болохоос гадна Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасаг, ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба болон Ариутгал халдваргүйтгэлийн тасгийг иж бүрэн шинэчилжээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Сүүлийн 2 жилийн хугацаанд “Ковид-19” халдварын цар тахалтай зэрэгцэн салбарын шүүмжлэлтэй байсан зарим асуудлыг шийдэн ажиллаж байна. 2021 онд нийт 5.5 тэрбум төгрөгийг ХӨСҮТ-ийн барилгын засварт зарцуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийт 24 цогц ажлыг төлөвлөөд нэмж төвөөс өөрсдийн санхүүжилтээр тодорхой ажлуудыг хийж, 2021 онд 27 обьектын засварын ажлыг гүйцэтгэж хүлээж авч байсан. 2022 онд нийт 2.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн” гэв.

ХӨСҮТ зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болж байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулга хийх үеэр “ХӨСҮТ 2022 онд 13 томоохон их засварын ажил хийсэн. Үүнд, Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хийсэн их засвар 4, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийсэн их засвар 5, өөрийн хөрөнгөөр хийсэн их засвар 4, Засгийн газрын нөөц сангаас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4 багц ажил хийгдсэн.

Өмнө нь нэг лифт ажиллаж байсан бол шинээр 5 лифтийг ашиглалтад оруулсан.

-Компьютер томографын аппарат

-Суурин дижитал рентген аппарат

-Цахим мэдээллийн системийн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжтэй болсон.

ЭМЯ-ны 2,4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтаар нийтдээ 7 ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5 дугаар зэрэг нийт 3 тасаг иж бүрэн засвар хийгдсэн. Мөн 998,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вакум мэс заслын системтэй 2 өрөөтэй болж байна. Улсын комисс ажиллаад хүлээн авсан. Түүнчлэн автомашины парк шинэчлэл хийгдсэн бөгөөд туулах чадвар өндөртэй алсын зайны дуудлага, дэмжлэг хяналтаар явах боломжтой машинтай болсон.

2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүжсэнээр 2022 онд ХӨСҮТ-ийн өөрийн санхүүжилт болох 700 сая төгрөгөөр ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн их засвар болон ХАЯТТ-ийн дээвэр, Барокамерын өрөөний засвар ажлууд хийж байна. Ажил 55 хувьтай үргэлжилж байна.

Цар тахлын үед улаан бүсэд ажиллаж байсныг Засгийн газар, ЭМЯ онцгой анхааран ажиллахаас гадна Олон улсын байгууллагууд хандив тусламжууд өгсөн бөгөөд нийт 7 төрлийн тусламж авсан. Үүнд:

-Глобал сан-Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашин,

-ДЭМБ-NGS,

-Япон улсын Засгийн гаүраас Монгол Улсын Засгийн газарт “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”,

-Уушгины дуран, Уушгины дурангийн мэс заслын багаж, C-arm тог баригч,

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай нийгэмлэг, сөрөг даралтат түргэн тусламжийн машин

Голомт сан-Өвчтөний функциональ ор хандив, тусламжаар авсан.

Энэ бүх хөрөнгө оруулалт хийгдсэний ачаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, ажилчид тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна DNN.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Уг үзэсгэлэн худалдаанд:

  • Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга
  • Зуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөг
  • Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа
  • Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа
  • Гар утасны үзэсгэлэн худалдаа
  • Компьютерийн үзэсгэлэн худалдаа
  • Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Хэрэгцээт бараа солилцох зэрэг худалдаа, үйлчилгээ гарч буй тул иргэд шинэ мэдээ мэдээллийг газар дээр нь авч, хувцас, хичээлийн хэрэглэл, хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэх нөхцөл бүрдэж буй юм.

Түүнчлэн оролцогч байгууллагуудын зүгээс сонирхолтой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулах бөгөөд 30,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаанд оролцох боломжтой аж. Энэхүү үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Харин бусад байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ковидыг ялсан бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд үлдэнэ DNN.mn

Үндсэн хуулийн Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд “давхар дээл”-тэй байж болно хэмээн тогтоосноор гишүүд сайдын суудалд нүдээ ухаж өгөхөөс наахнуур гүйлдэж байна. Хоёр болон түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон гишүүд “би сайд болно, болохгүй бол тэрийг сайд болго” хэмээн хоршиж эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэж байна. Энэ дундаас хуучин сайдуудын хэн нь үлдэж хэн нь явах вэ гэсэн яриа нийгэмд ид яригдаж байна. Тэгвэл Явах уу, үлдэх үү булангийн өнөөдрийн онцлох хүн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд. Түүнийг дараагийн Засгийн газарт үлдэх эсэхийн ганц шалгуур нь дэлхий нийтийн толгойны өвчин болсон “Ковид-19”. Монгол Улс ковидын хүнд цаг үеийг хүссэн ч, эс хүссэн ч С.Энхболд гэсэн сайдтай туулсан нь үнэн. Одоо дүгнэх цаг нь болж. Монгол Улс ковидыг амжилттай давсан уу. Давсан бол тэр амжилтыг Эрүүл мэндийн сайдтай л холбож ярина. Давж чадаагүй бол алдаа хариуцлагыг бас л Эрүүл мэндийн сайдтай л ярина. Өөр хэнтэй ярих юм бэ. Монгол Улс ковидыг даван туулсныг аль нэг дүүргийн эрүүл мэндийн даргатай холбож ярилтай биш.

Дэлхийн 200 гаруй улс ковидын вакциныг булаацалдаж байсан нь саяхан. Дипломат харилцаанаас эхлээд хувь хувьсгалын бүхий л шугамаар дэлхийд нэн ховор байсан ковидын вакцины эрэл хайгуулд мордсон. Тэр дунд Монгол Улс ч вакцины эрэлд гарсан. Цар тахлын тэр хүнд цаг үед цөөхөн орон л хүн амаа вакцинжуулж чадсаны нэг нь Монгол Улс. Вакцины төлөөх эрэлд инээдмийн гэмээр арга замаар ч вакциныхаа санхүүжилтийг олсон ганц нэг улс бий. Жишээ нь, аль эрт АНУ-ын иргэншилтэй болчихсон өөрийн орноос гарвалтай Холливудын одод, алдартай тамирчдыгаа ашиглаж вакцин хайж байсан орнууд бий. Харин манайх тэгээгүй. Албан ёсны дипломат харилцаа, Эрүүл мэндийн яамны чадварлаг бодлого, Засгийн газрын уйгагүй хөөцөлдлөгөөгөөр цаг алдалгүй вакцинтай залгасан. Нэгэнт олж авсан вакцинаа өргөн уудам нутаг дэвсгэртээ маш амжилттайгаар тарааж хот, хөдөөгүй бүгдийг нь вакцинжуулсан. Тэртээх баруун хязгаар дахь Ховдын Булганаас зүүн хязгаар дахь Дорнодын Халхголын уулын мухарт байгаа малчин өрхүүдийг ч вакцинжуулж чадсан нь худлаа биш. Маш богино хугацаанд нөөцийн орыг мянга мянгаар нь бэлдэж чадсан. Ковидын хүнд нөхцөлд ажилласан эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалинг огцом нэмж чадсан. Мэдээж энд алдаа бол байгаа. Гэхдээ оноо нь илүү гэдгийг ковидыг даван туулсан өнөөдрийн өндөрлөгөөс бид харж байна.

Баргийн аавын хүү барьж авахааргүй тийм хүнд цаг үед гал усан дунд Эрүүл мэндийн сайдаар очсон залуу гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Тахал, дайн хоёр дэлхийг барьц алдуулж байгаа энэ хүнд цаг үед Монголын эрүүл мэндийн салбарын гай, гавьяа хоёрыг хоёуланг нь 100 хувь үүрэхээс өөр аргагүй хүн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн. Дэлхий нийтийн шүдний өвчин болсон ковидыг Монгол Улс даван туулж чадсан гэж үзэж байгаа бол энэ гавьяатай Эрүүл мэндийн сайд холбогдоно. Хэрвээ туулж чадаагүй гэж үзэж байгаа бол бас л энэ залуутай холбогдоно. Үүнийг тунгаах цаг болсон бололтой.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ Засгийн газраас явах сайд уу, үлдэх сайд уу…

Categories
мэдээ цаг-үе

ХУД-т зөвшөөрөлгүй 202 гаражийг буулгаж, чийрэгжүүлэх талбай, зогсоол болгон тохижуулжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байсан зөвшөөрөлгүй гаражуудыг буулган, чөлөөлсөн талбайг ногоон байгууламж, авто зогсоол, чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, дугуйн зогсоолоор тохижуулжээ.

Тус дүүрэг дэх зөвшөөрөлгүй 202 гаражийг буулгаж дууссан бөгөөд одоогоор чөлөөлсөн талбайнуудыг тохижуулах ажил үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй DNN.mn

Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээлсэн билээ. Энэ дагуу маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна.

Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна.

Захирамжид дурдсанаар:

  1. Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-өөр төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулна.
  2. Автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-аар төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулна.

Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: УИХ-ын дарга чуулганы хуралд О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн дарга гэж танилцуулах эрх зүйн боломжгүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-ЦЭЦИЙН ШИЙДВЭР АГУУЛГЫН ХУВЬД ЗӨВ –


ИХдахь Ардчилсан намын бүлгийн даргыг огцруулах, шинээр томилох асуудал маргаантай хэвээр байна. Уг нь хууль батлуулчихсан биз дээ. Яагаад эрх зүйн хувьд маргаантай гэж үзээд байна вэ?

-Сүүлийн үед хүний өөрийн гэлтгүй улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдийн албан тушаал, эрх мэдэлд давуу эрх олгох үүднээс хууль зөрчсөн үйлдэл их явуулах боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг УИХ долдугаар сарын 8-нд баталчихсан. Уг асуудал нь Үндсэн хуулийн 19, 21, 27 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ асуудлаар бид гомдол мэдээлэл өгчихсөн байгаа. Гэтэл ээлжит бус чуулган нээсэн өдөр О.Цогтгэрэл зургаан хүнтэй хуралдаад өөрийгөө Бүлгийн дарга болгосон.

Энэ нь ёс зүйн болоод зарчмын хувьд маш буруу үйлдэл. Учир нь өөртөө давуу байдал үүсгэж хууль санаачилж оруулан батлуулчихаад өөрөө дарга болж байгаа нь ёс зүйн хувьд буруу. Хууль зүйн талаасаа гэвэл О.Цогтгэрэлийн өргөн барьж батлуулсан хуульд “УИХ дахь АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг сонгоно” гэсэн утга, өгүүлбэр байна. Энэ нь юу вэ гэхээр бүлгийн даргыг сонгохын тулд тухайн бүлгийн бүх гишүүд хуралдаж, түүнээс олонхын санал авсан хүнийг тодруулна гэсэн л үг шүү дээ. Хуульдаа нийт гишүүд гэж заасныг та бүхэн сайн анзаарах хэрэгтэй. Хууль бол утгачилж биш үгчлэн хэрэгждэг. Тэр утгаараа манай нам УИХ-д 11 гишүүнтэй. Тэрхүү 11 гишүүн бүгд хуралдаж байж, олонхын саналаараа Бүлгийн даргаа сонгоно. Өөрөө ийм хууль баталчихаад нийт гишүүдээ хуралдуулалгүй зургаан хүний ирцтэй хуралдчихаад өөрийгөө дарга болгож байгааг бид ёс зүйн болоод эрх зүйн зөрчилтэй гэж үзээд байгаа юм. Би УИХ-ын гишүүн байсан хүн, хуульч хүн. Хэрэв би тийм хууль өргөн барьсан бол хуульдаа “Тухайн бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана” гэж бичих байсан. О.Цогтгэрэлийн батлуулсан хуульд хоёр зүйл харагдаж байгаа юм. Бүлгийн нийт гишүүд гэхээр МАН, АН-ын бүлгийн нийт гишүүд гэж ойлгогдохоор байна. Тэгэхээр бүгд нийлж байж бүлгийн даргыг сонгох ийм сонин нөхцөл байдал бий болчихсон. Хоёрдугаарт, МАН-ын бүлгийн даргыг АН тавиад байна гэж ойлгогдохоор, эсвэл АН-ын бүлгийн даргыг МАН-ын бүлэг тавиад байна гэж харагдахаар хууль болсон. Нийт гишүүд гэхээр УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн заавал хуралдаж байж, олонхоороо асуудлыг шийднэ гэсэн үг шүү дээ. Тиймээс УИХ-ын дарга ийм хууль зөрчсөн үйлдэл дээр УИХ-ын чуулганы индрээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэж унших ямар ч боломжгүй. Хэрэв ингэж уншиж танилцуулбал УИХ-ын дарга эрх зүйн зөрчилтэй мэдэгдэл хийж байна гэж ойлгоно.

-Эрх баригчдын гаргаж байгаа үйлдэл, явуулж буй бодлогыг та юу гэж харж байна вэ?

-Ард түмэн МАН-ын хүчийг нэгтгэж өгсөн. Хүчийг нь нэгтгэж өгсөн гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр МАН-ыг 150 мянган ажлын байр бий болгоно, шатахууны үнийг гурав дахин бууруулах, валютын ханшийг ядаж тогтвортой барина, ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх зэрэг гоё гоё амлалтуудыг нь дэмжээд хүчийг нь нэгтгээд УИХ-ын 62 суудлыг өгсөн. Гэтэл өнөөдөр хүчээ нэгтгээд улс орны хөгжил ярихгүй, ард иргэдийн амь амьжиргааг дээшлүүлсэн нэг ч хууль санаачлаагүй атлаа эрх мэдэл, албан тушаал, сандал суудлын асуудал яриад хэрэлдээд сууж байна. Хэний нам байх нь хамаагүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахаар хэн сайд болох уу, хэн дарга болох уу гэдэг зүйл л явж байна. Гэтэл өнөөдөр улс орны амьдрал ямар байгаа билээ. Шийдэх олон чухал асуудал байна. Сүүлийн үед миний сонссон хоёр түгшүүртэй мэдээ байна. Тухайлбал, Аудитын дүгнэлтээр Засгийн газраас 10 их наядын зөрчил илэрсэн гэж гарч. Энэ юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн төсвийн зөрчил илэрчихсэн явж байхад үүнийг хэн ч хаана ч яагаад дуугарахгүй байна вэ. Хоёрдугаарт, дөнгөж саяхан өвөлжилтийн бэлтгэл асуудлыг хэлэлцэх үеэр эрчим хүчний асуудлыг ярьж эхэлж байна. Нөгөө яриад байсан Багануур, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцуудын төсөл бүгд гацчихсан гэж сонссон. Энэ өвөл иргэдийнхээ дулааныг хангаж чадахгүй, айл орон сууцуудын паар хөлдөх тухай ярьж байна. Ерөнхийдөө ослын үеийн дэглэм буюу цахилгааны хязгаарлалтад амьдрах нөхцөл байдал биднийг хүлээж байна. Ийм тааруу нөхцөл иргэдийг хүлээж байхад төр барьж байгаа МАН эрх мэдлийн төлөө улайрч байгаа нь харамсалтай. Эрх баригчид өнөөдөр хил гааль, шатахуун түлш, сургууль, цэцэрлэг, эдийн засгийг өсгөх, тэлэх томоохон төслүүдээ ч явуулж чадахгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын зэр зэвсэг, цэрэг арми өөрийн орны тугаа мандуулаад 1000 км явж байхаад яагаад дипломат эсэргүүцэл илэрхийлэхгүй байна вэ. Тусгаар улс гэдэг утгаараа бусдын оронд туг далбаагаа мандуулах өөрийн гэсэн тусгай хуультай байдаг. Энэ хуулийн хэрэгжилт хаана байна. Яагаад энэ асуудлыг эрх баригчид чихэн дүлий, нүдэн балай, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлэв.

-Эрх баригчид ээлжит бус чуулган зарлах бүртээ дандаа эрх мэдлээ нэмэгдүүлэх, шинээр албан тушаал бий болгох асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс илүү улс оронд тулгамдсан олон асуудал байхад эрх мэдлийн төлөө ингэж шуурхай хуралдаж байгааг шүүмжилж бичих, ярих хүмүүс их байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар бодолтой байна вэ?

-Үүний өмнөх ээлжит бус чуулганаар Хэмнэлтийн хуулийг хэлэлцэж баталсан. Тухайн үедээ хэмнэе, тэвчье гэх санааг гаргаж ирсэн нь зөв боловч одоо энэ хууль шиг хэрэгждэггүй хууль гэж алга. Хамгийн хэрэгждэггүй, хэрэгжихгүй хууль болсон. Хаана ч хэмнэлт хийж байгаа зүйл байхгүй. Эрх баригчдын ийм эрээ цээргүй үйлдлийн эсрэг Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй хамт тэдгээр нөхдүүдэд ташуур өгөх ёстой. Өнөөдөр сөрөг хүчин сул байгаа ч гэсэн Ерөнхийлөгч сөрөг хүчний үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй. У.Хүрэлсүх гэдэг хүн өнөөдөр МАН-ын Ерөнхийлөгч биш. Нийт ард түмний Ерөнхийлөгч. Тиймээс иймэрхүү үйлдэлд ташуур болж явах учиртай. Иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Иргэд талбайд гарч жагсъя, тэмцье гэсэн ч тэдэнд хүч тамир, итгэл үнэмшил алга. Энэ цаг үед Ерөнхийлөгч эрх баригчдын буруу үйл ажиллагааны эсрэг зоригтой тэмцэхийг хүсч байна.

-Та хуульч хүн. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцийн гаргасан тогтоолын талаар ямар байр суурьтай байна. Цаад улс төрийн агуулгыг нь та юу гэж харж байна вэ?

-Улс төрд арваад жил болсон хэдий ч нөгөө талаасаа би хуульч хүн. Тиймээс хуульч хүнийхээ хувьд Цэцийн гаргасан тогтоолыг агуулга талаасаа зөв гэж үзэж байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би дэмжээгүй. Намайг гарын үсгээ зурчих Эрдэнэтийг чинь хот болгож өгье гэж хэлж байсан. Би сонгогчдоосоо асуусан. Сонгогчид бид хот болъё гэж дэмжсэн. Ингээд би улс төрийн шийдвэр гаргаж гарын үсэг зурсан байдаг. Одоо эрдэнэтчүүд хот болох асуудлыг мартчихсан, Орхон аймаг гэдэг нэрэндээ дасаад л амьдарч байна. Миний гарын үсэг зурсан Үндсэн хуулийн төслөөс огт өөр төсөл өргөн баригдаад батлагдчихсан. Тухайн үед Х.Баттулга ахалж, энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа өөрөө өөртөө чагт тавьчихсан хүн шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын 57 гишүүн сэтгэл зүйн хувьд ч гэх үү үзэл санааны хувьд хөдөлшгүй санал нийлж байж төслөө өргөн барьдаг. Түүнээс биш 57 гишүүн 57 зүгт харж байгаад төсөл өргөн барьж болохгүй. Харамсалтай нь тухайн үед МАН 32, 33 гэж хуваагдчихсан байсан. Тухайн үедээ маш зөрчилтэй заалтыг оруулж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр “УИХ-ын гишүүн Засгийн гишүүнээс өөр ажил албан тушаал хашиж болохгүй” заалт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ямар нэгэн тоонд хязгаарлагдахгүй гэж ойлгогдож байгаа юм. УИХ Ерөнхий сайдыг баталдаг, огцруулдаг учраас Ерөнхий сайд сайд нараа бүгдийг нь дан байлгах эсэх нь өөрийнх нь үзэмжийн асуудал. 2012 онд УИХ маш утгагүй хууль баталсан. Тухайн үед би парламентын гишүүн байгаагүй. Тэр хууль нь Үндсэн хуулийн хажууд дагуул хуультай болчихсон юм. Тухайн үед эрх баригчид Үндсэн хуулийг өөрчилж болдог хууль баталчихсан. Тэр хууль нь органик хууль. Органик хуулийг баримталж хийсэн хууль органик л байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг барьж хийгээгүй хууль баталчихсан гэсэн үг. Тиймээс өнөөдөр яаж байна гэхээр Үндсэн хуулийн Цэц 38.1-ийг органик хууль гэж үзээд шийдвэр гаргачихаж байгаа хэрэг. Одоо Цэцийн гаргасан шийдвэрт тулгуурлаж цаашид яаж явах ёстойг УИХ өөрөө шийднэ. Миний хувьд гэхдээ энэ тийм ч сонин биш байна. Хурдан энэ асуудлаа шийдчихээсэй гэж бодож байна. Дараа дараагийн шийдэх, ярилцах, хэлэлцэх, гарц гаргалгааг нь олох маш олон тулгамдаад байгаа асуудлууд байгаа. Ард түмэнд тэдгээр асуудлыг нь шийдэх л сонин болохоос биш хэн нь сайд болох уу, хэн нь дарга болох уу, давхар дээлтэй юү, дан дээлтэй юү гэдэг огтхон ч сонирхолтой биш. Нөгөөтэйгүүр Цэцийн тогтоолтой холбоотой асуудлыг хурдан шийдээд явахгүй бол улс орны ажил зогслоо. Яамд нь манайх ямар сайдтай болох бол, энэ төслийг нь явуулж байх нь зөв болов уу, эсвэл өөр нэг сайд ирээд гацаачих болов уу, яадаг бол гэсэн эргэлзээг төрүүлчихсэн. Тиймээс төрийн ажил бүх шатандаа түр зогсолтод орчихсон гэсэн үг. Тэр утгаараа энэ нэг эрх мэдэл, сандал суудлын асуудлаа хурдхан шийдээд явчих шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай, цагаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 26, сугар гариг. Билгийн тооллын 29, Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 6:02 цагт мандан, 19:46 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 0-2 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2022 оны 08-р сарын 25-ны 20 цагаас 08-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 градус дулаан байна.