Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд ковидын 125 тохиолдол батлагджээ DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 125 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 65 нь нийслэлд
  • 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,043 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод тав, Орхон гурав, Өвөрхангай дөрөв, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр, Ховдод нэг тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 438 хүн эдгэрсэн байна. КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,126 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод суурин 15, түр 3 цэгт 18 багийн 64 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2022 оны 08 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэг үдэх төрийн ёслолын оршуулгад Японы Засгийн газар 1.8 сая ам.доллар зарцуулна DNN.mn

Япон улсын засгийн газар ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн төрийн ёслолын оршуулгад $1.8 саяыг зарцуулахаар болсноо өчигдөр зарлажээ.

Тус улсын түүхэнд ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Абэ долдугаар сарын 8-ны өдөр зэвсэгт халдлагад өртөж, амиа алдсан юм.

Хэдийгээр Японы иргэдийн олонх нь түүний оршуулгад төсвийн мөнгө зарцуулахыг эсэргүүцэж байгаа ч ерөнхий сайд Фүмио Кишида есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Өчигдөр тэр энэхүү ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд зарцуулах мөнгөний хэмжээг зарлажээ.

Өнгөрсөн Ням гарагт үр дүн нь нийтлэгдсэн санал асуулгад оролцогчдын 53 хувь төрийн оршуулга зохион байгуулахыг эсэргүүцсэн байна.

Ялангуяа эрх баригч намын улс төрчдийн Өмнөд Солонгосоос гаралтай Эв нэгдлийн сүмтэй тогтоосон хэлхээ холбоо Абэгийн аллагын дараа ил болсон нь иргэдийг нэлээд бухимдуулсан юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн рэйтинг унахад энэ асуудал гол нөлөө үзүүлж байгаа.

Эв нэгдлийн сүмийг дэмждэг гэсэн шалтгаанаар Абэ агсны амийг хөнөөснөө аллагын сэжигтэн мэдүүлсэн юм.

Одоо түүний сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж, үнэлэх ажил үргэлжилж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Япон улсын засгийн газар хамгийн сүүлд 1967 онд ерөнхий сайд агсан Шигерү Ёшидад төрийн оршуулга зохион байгуулж, зардлыг нь төсвөөс бүрэн гаргаж байжээ. Абэ Шинзогийн төрийн оршуулгын зардлыг засгийн газар, эрх баригч Либерал Ардчилсан нам хувааж гаргах юм байна.

Эх сурвалж: Aljazeera

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг хаана DNN.mn

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг наймдугаар сарын 27-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Засвар шинэчлэлийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин болон тэгш байдал алдагдаж, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчилж, шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний зам тавихаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил нийт 143 нэр төрлийн 2.274.000 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжуулан бага ангийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүйгээр, суурь, бүрэн дунд боловсролын суралцагчдад багцын түрээсээр тус тус хэрэглүүлдэг.

Боловсролын ерөнхий газраас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,593 сурагч шинээр элсэн орж байгаа болон номын сангаар хэрэглүүлж буй сурах бичгийн элэгдэл, хорогдол, хүртээмжтэй холбоотой нөхөн хангалт хийхэд шаардагдах сурах бичгийг хэвлэлийн компаниуд гэрээний дагуу хэвлэж, түгээх ажлын явцтай танилцлаа.

Энэ хичээлийн жилд бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг, дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг, казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын 6 нэр төрлийн 15,000 ширхэг нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр хэвлэлт, түгээлтийн ажил хэвийн явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ.

Энэ дагуу өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна.

Уг зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.

Ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй аж.

Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км/цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн.

Манай улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл байдаг бол үүний 695,424 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Эдгээрийг улсын дугаарын сүүлийн орноор нь ангилан үзвэл,

  • 46 хувь нь сондгой (1, 3, 5, 7, 9)
  • 54 хувь нь тэгш (0, 2, 4, 6, 8) тоогоор төгссөн дугаартай аж.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Томоко: Соёлын шоконд орж долоо хоног уйлснаас хойш миний амьдрал цэцэглэсэн DNN.mn

Одоогоос арван жилийн өмнө Мексикээс эхэлсэн Fuckup Nights эвентийг өдгөө дэлхийн 90 гаруй орны 300 гаруй хотод сар бүр зохион байгуулдаг. Залуус шар айраг ууж хөгжилдөнгөө амжилтад хүрсэн эрхмүүдийн бүтэлгүйтэл, бүтэлгүйтлээс олсон сургамжийг нь сонсож нэгэн оройг өнгөрүүлдэг энэ сонирхолтой эвентийг Улаанбаатарт 2018 оноос хийж эхэлсэн юм. Fuck­up Nights Ulaanbaatar-ын тавдугаар сарын уулзалтад оролцогчдоос “Михачи” компанийн захирал И.Томоког онцолж байна. Түүний залуустай хуваалцсан бүтэлгүйтлийн түүхийг уншигчдадаа хүргэе. Сонирхуулж хэлэхэд, энэ сард Монгол, Хонконг, Макао, Малайз, Сингапур, Токиогийн залуус оролцсон Fuckup Аsia-г Сингапурт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Михачи” компанийн захирал И.Томоко:

-Би Японы хувийн их сургуульд сурах үедээ Монголын түүх судалдаг багшийн шавь байлаа. Багш маань “Монголд очиж хэл сурч, архивт суухгүйгээр энэ улсын түүхийг ойлгохгүй. Төгсөхөөсөө өмнө нэг жил яваад ир” гэхээр нь 1999 оны намар Улаанбаатарт ирсэн юм. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, намайг анх ирдэг жил Сансарын колонкийн хавьцаа үхэр бэлчиж, төв талбайд морин тэрэг явах нь хэвийн үзэгдэл байсан шүү (инээв). Ирсний дараах эхний хэдэн сар бүх юм шив шинэ. Хөгжилтэй, сонирхолтой өдрүүд өнгөрөв өө. Хэл ойлголцохгүй хэрнээ ангийнхантайгаа диско клуб орно. Би ганцаараа фанта ууж, нөгөөдүүл маань шар айраг захиалаад бүжиглэцгээнэ. Гарахын алдад зөөгч нь надаас тооцоо нэхэхээр нь гайхасхийж байгаад өгдөг боллоо. Найзуудтайгаа дискодох гоё учраас юм бодохгүй төлбөрийг нь даасаар хэдэн сар боллоо. Нэг удаагийн дискодолтын үеэр ариун цэврийн өрөө ортол нэг охин жигтэйхэн муухай хардаг юм. Найрсгаар инээх ёстой гэсэн соёл суучихсан хүн чинь яг тэр дадлаараа инээчихлээ. Гэтэл өнөө охин “Үхсэндээ инээдэг юм” гэж загнадаг байгаа. Анхны хүчтэй шок тэр байсан.

Дараагийн том шок гэвэл монгол хоол. Тэрэлж явав аа, нэг өдөр. Тэр үед Тэрэлжийн зам ямар хэцүү байсныг та нар санаж байгаа байх. Налайх хүртэл дөрвөлжин хавтангууд эгнүүлчихсэн, Налайхаас цаашаа шороон замтай. Тийм хэцүү зам туулаад очтол чулуутай, сонин хоол угтаж байна гээд бод доо (инээв). Чулуутай хоол гэдэг нь хорхог. Над шиг бараг л веган маягаар хооллож амьдарсан хүнд Монголд өнгөрүүлсэн эхний зургаан сарын хооллолт маш хүнд байсан. Амт нь таалагдсан хэр нь л гэдэс ходоод байнга өвдөөстэй. Тэгж байтал өвөл боллоо, байнгын гэдэсний хямралаас болж жингээ алдчихсан нөхөр автобусны буудал орох гэж их юм болно. Тэрхэн зуурт осгочих гээд. Би маш тод санадаг юм, тэр жилийн өвөл их хүйтэн байсныг. Одоо эргээд санах нь ээ тухайн үед монгол хоол идэх гэж өөрийгөө тэгтлээ хүчлэх хэрэггүй байж гэж боддог. Монгол хүн шиг, найзууд шигээ болмоор санагдаад л өөрийгөө хүчлээд байсан шиг байгаа юм (инээв).

Дараагийн шокоо таксинд суугаад мэдэрсэн. Таксины жолооч нар хориодхон настай жаахан охин, тэгээд бүр гадаад хүн суухаар тэгдэг байсан уу элдэв юм шалгаана. Хаанаас ирсэн, хэдэн настай, найз залуутай юу гэх мэт хувийн чанартай өчнөөн асуулт асууна. Утасны дугаар хүртэл асууж цочооно. Эхэндээ сонирхолтой, хэд гурван үг сураад хэрэгтэй ч юм шиг санагддаг байсан ч сүүлдээ олон юм асуудаг жолооч таарах вий гэж айж, стресстдэг боллоо. Нэг өдөр ангийн охидтойгоо таксинд суусан чинь яг ижилхэн зайнд надаас их төлбөр авдгийг нь олоод мэдчихлээ. Тэрүүхэндээ стресстэж гайхаад өнгөрсөн л дөө.

Тэр үед буюу 1999 онд 250 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүс супер баянд тооцогддог байлаа. Аав, ээж над руу сард мянган доллар явуулна. Монгол төгрөгт хөрвүүлбэл лав найман зуун мянга орчим байсан санагддаг. Тэгэхээр би чинь суперын супер баян оюутан болж таарч байгаа юм. Манай найзууд өөрсдөө санаачилж хоол идье, бааранд оръё гэчихээд даалгаад байсны цаад учир энэ л дээ. Тэгэхээс аргагүй учраас даалгаад явсан хэрэг. Харин ч тэд над руу “Томоко яагаад том хараад байна аа” гэж гайхаж хардаг байсан байх (инээв). Тухайн үед найзуудад маань ресторан орж хооллох, бааранд орж дискодох мөнгө байгаагүй учраас даалгаж байж л дээ. Түүнээс биш “Мөнгөө хэмнээд Томоког сэгсэрчихье” гэсэн бодол хэнд нь ч байгаагүй.

Гурав дахь шок номноос болсон. Нэг удаа манай ангийн хүүхэд Японоос зорьж авчирсан зузаанаас зузаан “Монгол, япон толь бичиг”-ийг маань ганцхан өдөр хараад өгье гээд авдаг юм. Буцааж өгдөггүй дээ. Яагаад өгөхгүй байгаа юм бол гэж гайхаад өнгөрлөө. Надаас авсан толь бичигээ буцааж өгөхгүй байсан нь бас л цаанаа шалтгаантай. Учир нь тэр үед тэр мэт толь бичиг, элдэв ном сурах бичиг нүдний гэм байсан юм. Сурах бичиг, янз бүрийн ном авчихаад өгдөггүй байсныг нь одоо бол маш сайн ойлгодог. “Номны хулгай бол хулгай биш” гээд цайруулчихдаг байсан үе шүү дээ (инээв).

За тэгж явсаар анхны цагаан сартайгаа золгов оо. Бууз, ууц иднэ гэж сонсоод л айчихсан. Айлаар зочлохгүй гээд шийдчихээд байтал япон хэлний ангийн нэг найз маань “Манайд заавал ирээрэй” гэж байна. Яах ч аргагүй болоод очлоо. Бууз идэхгүй гэсэн чинь өнөө охин “Томоко энийг чамд л зориулж бэлдсэн, идэхгүй бол муухай” гээд японоор загнаж эхэлдэг байгаа. Яг тэр үед таксины, рестораны гээд хамаг гомдол дэлбэрч нулимс цийлэгнүүлээд гараад алхчихлаа. Уг нь найз маань хамаатан садан, гэрийнхэндээ япон хэл сурснаа гайхуулах гэж намайг дуудсан юм билээ л дээ. Ингээд бодохоор хөөрхөн байгаа биз (инээмсэглэв). Би гэдэг хүн тэр үед юун тэгж ухаарах, бөөн гомдол уйлаан болж байгаа юм. Гэртээ ирээд долоо хоног уйллаа. Яагаад монголчууд намайг дарамтлаад байдаг юм бэ, яагаад намайг ойлгодоггүй юм бэ, яагаад би дандаа даах ёстой гэж, яагаад авсан юмыг буцааж өгдөггүй юм бэ, яагаад мах идүүлэх гээд шахдаг юм бэ, яагаад ийм хүйтэн юм бэ, та нар ер нь яах гээд байгаа юм гээд л уйлаад байлаа (инээв). Хүн бүр соёлын шоконд ордог, мэдээж бас хүн бүрт соёлын ялгааг хүлээн зөвшөөрч ойлгох момент ирдэг. Миний хувьд соёлын ялгааг хүлээн зөвшөөрөх моментын эхлэл найзындаа очиж буузаар шахуулсан тэр өдөр байсан.

За тэгээд гэрээсээ гарахгүй долоо хонолоо. Долоо хоногийн дараа Цолмон багш маань утасдаж гэртээ урилаа. Түүхч хүн л дээ миний багш. Орсон чинь европ хоол, хөнгөн салат, кофе бэлдчихсэн, зөөлөн дуугаар “Томоко гайгүй юу” гэж байна. Тийм сайхан орчныг мэдрээд бас л уйлчихсан. “Яагаад би багшийгаа ийм сайн хүн гэдгийг анзаараагүй юм бэ, найзуудынхаа амьдралыг ойлгохгүй юунд гомдоллоод явсан юм бэ” гэж бодоод уйлж уйлж тайвширснаа мартдаггүй. Өмнө нь “Томоко ба Монгол” гэсэн ялгаа заагийг дотроо үүсгэчихээд стресстээд явснаа тэр өдөр олж харсан юм. Бүх монголчууд миний эсрэг дайрсан зүйл огт байхгүй, тэд бүгд тусдаа өөр өөр оршихуй гэдгийг олж харсан өдөр байсан учраас тэр агшин амьдралын минь том эргэлт болсон. Мэдээж монголчуудад нийтлэг зан бий, гэхдээ сайн хүмүүс олон гэдгийг олж хараагүй явснаа гайхсан. Ингэж л миний нүд нээгдсэн. Өөрийгөө ойлгуулах алхам хийгээгүйгээ олж харсан. “Чи энэ номыг аваад явж болно, гэхдээ долоо хоногийн дараа яг өгөөрэй” гэж хэлэх байснаа, дуртай дургүй зүйлсээ хэлж ойлгуулах байснаа ухаарсан. Хамгийн сайхан нь тэр өдрөөс хойш миний амьдрал цэцэглэсэн.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын сугалааны санд их баримт уншуулбал хонжвор өснө гэв DNN.mn

НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээхээр болсныг Сангийн яамнаас мэдээлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ урамшууллын сугалааг зогсоосноор татварын хувь хэмжээ буурсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал ярихдаа “2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан.

Тэгвэл сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50 хувь болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сонирхол ч суларсан байна. Иймд одоо баримт бүртгүүлэлт 50 хувьтай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн. Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100 хувь байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6 хувьд хүрсэн. НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70 хувьд хүрч өссөн. Сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан учраас сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа. Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг улам хумигдах ач холбогдолтой” гэв.

Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээхтэй холбоотой хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн мэдээлэл өгөв. Тэрбээр “Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард нэг сая орчим баримт И-баримт системд уншуулдаг. Үүний 10 хувьнь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй. Үүнд эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг. Сард нэг сая баримтаар нэг их наяд төгрөг бүртгэгдэж байдаг. Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ И-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг. Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан. Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10 хувийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн” хэмээв.

НӨАТ-ын сугалааны зарчимд дөрвөн аргаар шинэчлэл хийж байгаа юм байна. Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох аж. Ингэснээр хонжворын магадлал өснө гэж үзжээ. Мөн сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжвор өндөр байхаар шийджээ. Орон нутагт НӨАТ-ын баримт өгөх нь ховор. Иймд орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байжээ. Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ч яригдаж байгааг Б.Тэлмүүн дарга онцоллоо. Хамгийн чухал нь сугалаа олон нийтэд нээлттэй явагддаг болох нь ээ. Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг албаны хүмүүс нэмж хэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Ариунзаяа: Тэтгэврийн шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


-Саяхан Сингапураас ирсэн мэргэжлийн баг өөрийн улсынхаа хуримтлалын нэгдсэн сангийн туршлагыг танилцуулж байгаа харагдсан. Тус улсын хуримтлалын нэгдсэн сангаас загварчилсан тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажил эхэлж байгаа гэл үү?

-Сингапур улс 1955 онд хуримтлалын сангийн хууль баталсан юм билээ. Улмаар сангаа байгуулж хуримтлал бий болгосон арвин туршлагатай. Ингээд 13 жилийн дараа буюу 1968 онд хуримтлалын сангаа орон сууцны, 1984 онд эрүүл мэндийн, 1989 онд боловсролын хөтөлбөртэй холбосон гэдэг. Хуримтлалын нэгдсэн сан нь үйл ажиллагаатайгаа уялдуулан Орон сууцны даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Насан туршийн орлого даатгалын сан, Халамжийн тэтгэмжийн сан гэсэн дөрвөн даатгалын санг удирддаг. Хуримтлалын нэгдсэн сангийн орлого нь Засгийн газрын тусгай үнэт цаасны хүүгийн орлого, хуримтлалын шимтгэлийн орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийн орлого гэсэн гурван төрлийн эх үүсвэрээс бүрддэг. Харин зарцуулалтын хувьд, өндөр насны тэтгэвэр, орон сууц худалдаж авах, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, сургалтын зээл гэсэн дөрвөн чиглэлд зарцуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоогоор дамжуулан иргэдийн нийгмийн суурь хэрэгцээ, асуудлыг цогцоор нь шийдэж чадсан онцлогтой байгаа юм.

-Тэгвэл манай улсад хуримтлалын нэгдсэн сан байгуулснаар ямар асуудлуудыг шийдэж чадах бол?

-Тухайн үед Сингапурт тулгамдаж байсан нийгмийн асуудлууд яг одоо манайд байна. Бид инженерийн байгууламж, дэд бүтэцгүй газарт нүүрсээ түлж амьдарч байна. Үүнээс үүдсэн хөрсний болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өөрөө болон гэр бүлийн хэн нэг нь хүндээр өвдөхөд эмчилгээний өртөг зардлаа төлж дийлэхгүй мухардаж байх жишээний. Ахмадуудын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Хүүхдээ мэргэжилтэй болгох гэж сургалтын төлбөрт халаасаа хоосолж байна шүү дээ. Монголчуудын дийлэнх нь хуримтлалгүй. Энэ бүх асуудлыг тус тусад нь шийдэх гэж өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Өөр, өөр арга замаар их оролдсон. Олон хууль баталж, янз бүрийн бодлого хэрэгжүүлсэн. Гэвч гэр хорооллын айл өрх нэмэгдсэнээс биш буураагүй. Гадагшаа эмчилгээнд явахын тулд хүмүүс хандив гуйсаар. Тэтгэврийн шинэчлэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлын араас олон замаар үр дүнгүй гүйсэн байна. Тэр хэрээр төсөв мөнгө ч багагүй зарцуулжээ. Иргэдийн итгэл алдарсан. Тэгвэл бидэнд нарийн, бартаатай олон салаа зам хэрэггүй юм байна гэдгийг Сингапурын туршлагаас харж болно. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан энэ бүх асуудлыг сууриар нь шийдэх боломжтой.

-Сингапурын туршлага Монголын хөрсөнд хэрхэн амжилттай бууна гэж та харж байна вэ?

-Мэдээж зуун хувь шууд хуулбарлаад тавьж болохгүй. Манай нийгмийн болоод хүн ам зүйн бүтцийн онцлог бий. Хамгийн гол нь одоо ашиглаж байгаа тогтолцоогоо бас харах ёстой. Шууд хуулбарлаж ирээд тавихад хэв загвар нь таарахгүй тэс өөр хоёр систем шүү дээ. Тиймээс энэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, алдаа оноог нь туулсан улс, хүмүүсээс маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Бидэнд сохроор турших, бодлогогүй алхам хийх эрх байхгүй. Ул суурьтай хандахгүй бол сэлэм эргүүлж хийдэг шинэчлэл биш л дээ. Тиймээс бид Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай 2021 оноос удаа дараа харилцан санал солилцож, цахимаар уулзаж, ажлуудаа ярьсан. Улмаар 2022 оны долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчлах үеэр энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчид буюу зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллалаа. Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх мэдээллээ танилцуулж нөхцөл байдлаа харуулсан. Тэд нутаг буцаж очоод ажлын тайлангаа боловсруулна. Бидэнд санал болгох зөвлөмжүүдээ гаргаад энэ намар ирүүлэх юм. Түүнд үндэслэн дараа дараагийн ажлуудыг хийнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн санхүүгийн, үйл ажиллагааны болон бизнесийн загвар гаргах, хуулийн төсөл боловсруулах гээд ажлууд бий. Шаардлагатай бол Сингапураас шинжээчдийн баг дахин ажиллуулна. Энэ ажлыг бид заавал үр дүнд хүргэх ёстой. Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулж өргөн барьсан. Одоо Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Аль алиныг нь алгуурлах цаг хугацаа байхгүй. Хойшоо алхах орон зай үлдээгүй. Өөрөөр хэлбэл, галт тэрэг нэгэнт хөдөлсөн.

-Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан хоёр хоорондоо яаж уялдах вэ?

-Шинээр боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуульд хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих талаар, мөн олон тулгуурт буюу хувийн нэмэлт тэтгэврийн тухай суурь зохицуулалт орсон. Энэ нь нэг талаас бидний зорьж буй шинэчлэлд нээлттэй эрх зүйн орчин болж өгнө. Нөгөө талд Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийг бид шинээр боловсруулах юм. Шинэ тогтолцоог Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчинд нийцүүлэх тал дээр тохиргоо хийх хэрэгтэй болно. Үүн дээр ч гэсэн Сингапурын мэргэжилтнүүд санал, зөвлөмжөө ирүүлнэ. Бид ч бас төр, хувийн хэвшил, иргэд, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны болон энэ салбарын төлөөлөгчид ойрын өдрүүдэд бас манай улсад ажиллаж байна. Бид хоёр улс хоорондын Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Казахстан улсаас ч гэсэн авах сайн жишээ байж болно. Бид аль нэг загварыг тулгаж бусдынх нь өмнө хаалгаа цоожлохгүй. Авах гээхийн ухаанаар хандаж Монгол Улсын онцлогт нийцсэн тогтолцоо бий болгохын төлөө явна.

-Монголд хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож үр ашгийг нь хүртэж эхлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Сингапурын зөвлөх баг манайд ажиллаж дуусаад дүгнэх уулзалтыг олон яамдын төлөөллийг байлцуулан хийсэн. Тэр үеэр эхний байдлаар ерөнхий дүгнэлтээ танилцуулсан л даа. Нэгдүгээрт, тогтолцоогоо цаг алдалгүй шинэчлэх шаардлагатай. Хоёрдугаарт, шинэчлэлийг шат дараатай, аажим хийхгүй бол одоо байгаа систем, шинээр бий болгох тогтолцоогоо давхар нураах эрсдэлтэй. Гуравдугаарт, шилжилтийн цаг хугацаа зайлшгүй байх хэрэгтэй гэдэг анхааруулгыг хэлсэн. Сингапур улс өөрөө Хуримтлалын сан байгуулснаас хойш 13 жилийн дараа орон сууцны, 29 жилийн дараа эрүүл мэндийн, 34 жилийн дараа боловсролын хөтөлбөртэйгөө уялдуулсан байгаа юм. Бид заавал ийм хэмжээний цаг хугацаа хүлээнэ гэсэн үг биш. Аль болох хурдан хугацаанд үр ашгаа өгөх тогтолцооны төлөө ажиллана. Гэхдээ өнөөдөр туршлага судлаад, маргааш хуулиа батлаад нөгөөдөр нь тогтолцоогоо солино гэж дайрвал бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. Эхлэлээ зөв тавьж чадвал дараагийн алхмууд зөв байх суурь нь болж өгнө.

-Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн орлого ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг та дээр ярилаа. Харин Монголын нөхцөлд хуримтлалын нэгдсэн сангийн орлогыг яаж бүрдүүлэх вэ?

-Хамгийн чухал асуудал бол энэ. Бидний шинээр хийх гэж буй тогтолцоо ямар загвартай байх нь эндээс эхэлнэ. Орлогоо хаанаас бүрдүүлэх вэ гэж. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлалын нэгдсэн сангийн тухай судалгааг нэлээд хийлээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуримтлалын нэгдсэн сангийн тандан судалгааг өөрсдийн хүч боломжоор хийж дуусгасан. Манай улстай ижил бусад улсууд хуримтлалын тогтолцоонд хэрхэн шилжиж байгааг мөн судаллаа. Эдгээр улс одоо төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг бодит хуримтлал болгож хүн бүрийн дансанд төвлөрүүлж байгаа юм байна. Манай улсын хувьд тэтгэврийн даатгалын шимтгэл 17 хувь байгаа. Үүний тодорхой хувийг бодитоор хуримтлал болгох концепцийг бид Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Үүнээс гадна энэ бодит хуримтлалын менежмэнт ямар байх нь нарийн ярих, шийдэх асуудал болж байна. Үүн дээр нэмээд Монгол Улсын Засгийн газрын барьж буй нэг бодлого бол уул уурхайн баялгийн орлогын тодорхой хэсгийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулах тухай юм. Бидэнд хамгийн тод харагдаж байгаа боломж, давуу тал бол энэ. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хөгжлийг шингээсэн өөр хувилбарууд байж болно. Сингапурын зөвлөх багийнхан манай онцлогийг судалж үзээд үүнд бас тодорхой зөвлөмж ирүүлэх байх.

-Зарцуулалтын тухай сонирхуулахгүй юу?

-Ерөнхий зургаараа Сингапурын жишээтэй ойр. Мэдээж орон сууцанд ороход энэ сангаасаа санхүүжилтээ шийдэж болно. Залуус орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж болно. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлнө. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Тэтгэвэрт гарахад санхүүгийн баталгаатай болно гэх мэт. Энэ бол хуримтлалын сангийн орлого, зарлагын ерөнхий төсөөлөл. Загвар нь тодорхой гарч, хуулийн төслөө боловсруулахад энэ бүхнийг нарийн ярина.