Categories
гадаад мэдээ

Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn

Даваа гаригт АНУ-ын баруун дундад орших Иллинойс мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр буутай этгээд гал нээж, зургаан хүн амиа алджээ. Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 20 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархадсан байна. Чикаго хотоос хойд зүгт 40 км-ийн зайд орших Хайлэнд Паркт хэрэг гарчээ.

Цагдаагийнхан уг этгээдийг барилгын дээвэр дээрээс гал нээсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд болсон тусгаар тогтнолын баярын үеэр уг хэрэгтэй холбогдуулан үг хэлжээ. Тэрбээр “Бидний ардчилалд, бидний амьдралд баталгаатай зүйл байхгүй гэдгийг өдөр бүр бидэнд сануулдаг. Бид үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn

.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаан 11.04 цагт эхэлж,

Аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний 91 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 54 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 37 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

Аудитад хамрагдсан байгууллагуудаас 47 байгууллагад “Зөрчилгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өглөө.

Аудитаар нийт 18.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 3.4 тэрбум төгрөгийн 37 алдааг аудитын явцад залруулж, 3.4 тэрбум төгрөгийн 32 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.9 тэрбум төгрөгийн 44 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 7.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 91 зөвлөмж өгч, найман байгууллагад хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний 54 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 49 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан шалгаж, таван байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өглөө.

Аудитаар нийт 9.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.5 тэрбум төгрөгийн 3 алдааг залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 0.1 тэрбум төгрөгийн таван зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 13 зөвлөмж өгсөн гэлээ.

Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах асуудалд анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цэргийн анги байгууллагуудад өнгөрсөн онд газрын төлбөртэй холбоотой хэдий хэрийн өр, авлага бий болсныг тодруулсан.

Батлан хамгаалах яамны ажлын хэсгээс хариулснаар, 2021 онд газрын төлбөрт 246 сая төгрөгийн төсөв баталсан аж. Харин хэрэгцээ нь 1.9 тэрбум төгрөг бөгөөд үүнтэй холбоотой аудитаар зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, арилжааны банкны санхүүжилтээр төмөр зам барьж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүний санхүүжилт хаанаас гарч байгаа вэ. Хэдэн км төмөр зам барихаар гэрээ хийгдсэн, хэд нь баригдаад байгаа вэ. Концессын гэрээгээр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээнд 2021 онд хэчнээн төгрөг төлсөн, 2022, 2023 онд хэдэн төгрөг төлөх вэ гэж асуусан.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн, 2021 онд концессын гэрээгээр гүйцэтгэсэн таван төслийн 266.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн 2022 онд долоон төслийн 303 тэрбум төгрөгийн санхүүжих дүн төсөвт сууснаас гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай байгаа. Ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна. 2023 таван төслийн 216 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэхээр урьдчилсан тооцоо гарсан гэсэн хариулт өгсөн.

Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням,

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн урьдчилгаа данс хэсэгт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтэд 348.8 тэрбум, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтэд 273.4 тэрбум, Таван толгойн дулааны станцын төсөлд 5.7 тэрбум, Таван толгойн нүүрс ачилт, ложистикийн төвийн санхүүжилтэд 81 тэрбумыг, “Таван толгой төмөр зам” ХХК Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын урьдчилгаанд 819.7 тэрбум төгрөгийн нүүрсийг гүйцэтгэгчид нийлүүлэн, үүнийг санхүүгийн тайландаа урьдчилгаа төлбөр гэсэн дансанд бүртгэсэн байна. Үүнийг аудитын тайланд бид тусгасан гэсэн хариулт өгсөн.

Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв.

Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Сайд Б.Мөнхбаатар, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их 7”-гийн санаачилгаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрмийг боловсруулсан. Одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байна гэлээ.

Монгол Улсын хувьд Европын Холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт буюу татварын саарал жагсаалтаас 2018 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг Европын Холбооны өмнө хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “ВЕРS”-т 111 дэх гишүүнээр нэгдэн орж, түүний стандартуудыг 2019 онд дотоодын хууль тогтоомжид тусгасан. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн 6 дугаар болон 14 дүгээр стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелүүлэлт хүлээгдэж байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын үеэр Европын Холбооны зүгээс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох шаардлагатай байгааг онцоллоо. Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд татварын саарал жагсаалтад буцаж орох эрсдэл байгаа тухай мэдэгдсэн гэлээ. Түүнчлэн “Татварын саарал жагсаалтад орсон Монгол Улс нь Европын Холбооны тогтвортой хөгжлийн сан, стратегийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, хөрөнгө оруулалтын урсгал буурах, санхүүгийн гүйлгээнд тодорхой хэмжээний хязгаарлалт ирэх зэрэг сөрөг үр дагаврууд гарах юм байна. Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, татвар шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой” болохыг сайд танилцуулгадаа дурдсан юм.

Эдийн засаг, Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэн зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуусан. Тэрбээр дээрх конвенцид нэгдсэнээр татварын саарал жагсаалтад орох эрсдэл хэрхэн буурахыг тодруулсан.

1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг бий. Энэ 26 гэрээг нэг бүрчлэн засч шинээр байгуулах эсвэл Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох замаар гэрээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн Сангийн яамны ажлын хэсгээс хариулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх конвенцид нэгдэн орохыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан.

Манай улс Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.

Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна гэлээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцын 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан аж.

Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмжээ.

Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал ирж байна. Энэ хэзээ эхэлсэн төсөл билээ, хэдэн жил үргэлжилж байна. Энэ ажилд хэчнээн төгрөгийн зардал гарав. Төсөл хэрэгжүүлэх мөнгийг гүйцэтгэгч нь аваад алга болчихсон. Тэгээд шүүхээр шийдүүлэх гээд хугацаа алдаад дахин төсөв гарган ажлыг явуулж байгаа гэсэн яриа байна. Энэ зам хэзээ ашиглалтад орох юм бэ хэмээн асуусан.

Сайд Л.Халтар, Замын бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй асуудал байгаа нь үнэн. 2019 онд зарласан тендерт орсон хоёр компани нь ажлаа хийхгүй байсан учраас бид 2020 онд гэрээг нь цуцалсан. Тэгээд 2021 оны есдүгээр сард хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчийг шинээр тодруулсан. Хоёрдугаар багцын ажил бололцооны явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд хатуу хучилт дуусчихна. Дөрөвдүгээр багцын хатуу хучилтыг 10 дугаар сарын 30 гэхэд дуусгана. Гэрээгээр 2023 оны аравдугаар сард дуусах ёстой ч хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг дуусгахаар шахаж байгаа. Одоо чимхлүүр ажлуудыг 2023 онд хийхээр төлөвлөж, хатуу хучилтаа энэ ондоо дуусгахаар зохион байгуулалт хийгээд явж байна. Энэ жил нэг, дөрөв, тавдугаар багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ гэсэн хариулт өгсөн юм.

Гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: .


2022 оны 07-р сарын 05-ны 20 цагаас 07-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг зарчмын зөрүүтэй 41 саналын томьёолол, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томьёолол болвсруулжээ. Үүнд:

-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох;

-Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар тус тус олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх;

-Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байх, мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

-Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх;

-Согтууруулах ундааны зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх;

-Дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтох;

-Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-нд баталсан Зөвшөөрлийн тухай хуультай хуулийн төслийг нийцүүлэх зорилгоор хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөх зэрэг санал гаргасныг чуулганаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв.

Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шижлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулах болсон талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ. Тодруулбал, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд доорх цагийн хуваарийн дагуу аялуулахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn

Уг хуулийн төсөлд дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Үүнд:

  • тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
  • хорин нэгэн нас хүрээгүй;
  • жирэмсэн.

Мөн бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт оруулсан байна. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэдэг асуудлыг ч мөн тусгасан байна. Өөрөө хэлбэл, бусдыг архиар шахаж согтоох, согтсоны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэж болно гэдэг байдлаар зохицуулжээ.

Хэлэлцүүлгийн явцад бусдын үйлдсэн гэм хорыг халдаан шийтгэж болохгүй гэдэг үзэл санааг баримтлан бусдыг архиар шахаж согтоосны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалтыг гишүүд дэмжсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.07.05/ хуралдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгийн дэмжсэн 18 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулж олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг уг асуудлаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2 өдрийн завсарлагыг чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан бөгөөд Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дахин явуулав.

Байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн 18 зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн ажлын хэсгээс боловсруулсан төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах зэрэг нийт 10зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд мэдэгдэл гаргахгүй байх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Тус байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа дахин хуралдаж дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn

Засгийн газрын хуралдаанд 2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулга хийжээ. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгасан байна.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 3-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368.4 га-д үр тариа, үүнээс 343.8 мянган га-дулаан буудай, 20 мянган га-д төмс, 10 мянган га-д хүнсний ногоо, 51 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4,6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338.8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 85,7 хувь буюу 290 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.
Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулах болсон талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд доорх цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.

Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна

Categories
мэдээ нийгэм

​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn


Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд буюу гэр, сургууль, ажлын байр, нийтийн тээвэр, автомашинд өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаар цэвэр, агааржуулалт сайтай байх нь чухал. Монгол улсад дотоод орчны агаарын чанар шаардлага хангахгүйгээр барахгүй хорт хавдар үүсгэдэг, эрүүл мэндийн хохирол учруулж улмаар урагт нөлөөлөх хэмжээний бохирдолтой байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

2016 оноос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-аас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өрхийн дотоод орчны агаарын чанарын судалгааг хэд хэдэн удаа хэрэгжүүлэхэд формальдегид, бензол, толуол, этилбензол, м-п ксилол, о-ксилол зэрэг дэгдэмхий органик нэгдлийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй байгааг тогтоожээ. Олон улсын хавдар судлалын агентлагаас бензол, формальдегид зэрэг дэгдэмхий органик нэгдлийг 1-р бүлгийн буюу хавдар үүсгэдэг нь нотлогдсон бодисын ангилалд оруулсан байна.

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. 2021 оны байдлаар 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэнээс 115 нь 0-19 насны хүүхдүүд байна. Нийт 24,141 хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаагаас 456 нь хүүхдүүд байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Хорт хавдрын өвчлөлийн үндсэн шалтгаануудад хүнс, орчны бохирдол зүй ёсоор орно. Орчны бохирдолд дотроо Дотоод орчны бохирдол бидний анхаарах ёстой эн тэргүүний асуудал юм.

Дотоод орчны бохирдолтой холбоотой хууль эрх зүйн актуудыг авч үзвэл Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т. Хот суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна; 5.5-д “Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заажээ. Үүний дагуу 2018 онд хоёр яамны сайд “Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг батлах тухай” А/05, А/08 дугаар хамтарсан тушаал баталж хавсралтаар нь барилгын материалаас дотоод орчны агаарт ялгарах дэгдэмхий органик нэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, барилгын материалаас дотоод орны агаарт ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж өгсөн. Үүнд нийт 98 төрлийн хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан боловч эдгээрийг бүрэн шинжилж шалгадаг лаборатори манай улсад байхгүй. Харин 6 төрлийн хамгийн хортой гэгдэх формальдегид, бензол, толуол, этилбензол, м-п ксилол, о-ксилолын агуулгыг ISO 16000-9, NIOSH 1501, NIOSH 3500 аргуудын дагуу спектрофотометр болон хийн хроматографийн аргаар тодорхойлдог “Ногоон титэм” гэж хувийн ганц компани л байна. Тус лабораторийн хүчин чадлаар НЭМҮТ өмнөх судалгаануудаа хийж аймшигтэй үр дүнгүүдийг тайлан болгон хэвлэсээр байсан.

Формальдегид (CH2O) нь хавдар үүсгэх 2-р, хотой бодисын 3-р, арьс мэдрэгжүүлэгчийн 1-р бүлгийн, Бензол нь (C6H6) хавдар үүсгэгчийн 1А, үр удамд нөлөөлөгч бодисын 1В, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 1, амьсгалахад хортой бодис 1, нүд хүчтэй гэмтээгч ба цочроогч бодис 2-б бүлгийн, Толуол (C7H8) нь нөхөн үржихүйд хортой 2, амьсгалахад хортой 1, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 2, арьс үрэвсүүлэгч ба цочроогч 2, нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг бодис 3-р бүлгийн дэгдэмхий органик нэгдлүүд юм. Ийм аймшигтай хортой бодис бүхий барилгын материалаар барьсан эсвэл зассан байшинд бид үр хүүхдүүдтэйгээ амьдарч, сурч, ажиллаж, амаржиж, эмнэлэгт эмчлүүлээд сууж байдаг учраас хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.

БНХАУ нь сүүлийн 20 жилийн хугацаанд барилгын материалын чанарын тоон үзүүлэлт болон стандартуудаа сайжруулсаар одоогийн байдлаар Европын холбооны стандартуудтай дөхөж очоод байгаа. Чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалууд нь БНХАУ-ын дотоодын зах зээл шахагдаад хөрш зэргэлгээ чанар стандартын шаардлагатай багатай эсвэл хяналт байхгүй орнууд болох Киргиз, Непал, Бангладеш зэрэг хөгжиж байгаа орнуудын зах зээлд нэвтрэн иргэдийг хохирож байна. Манай улсын барилгын материалын ихэнх (90% тодруулах) хувийг БНХАУ-аас импортлодог.

Дээрх тоо баримттай танилцсан учраас миний бие хэсэг нөхдийн хамт Дотоод орчны агаарын чанарын холбоо ТББ-ыг 2019 онд үүсгэн байгуулж ажиллаж эхэлсэн. Бид гадаа агаар бохирдолтой байна гээд талбай дээр жагсаад төр засагтаа гомдол илэрхийлээд, төр засаг маань ч их хэмжээний мөнгийг зарцуулаад зарим нь амжилттай, зарим нь байгаа оноогүй шийдвэрүүдийг гаргасан байдаг хэрнээ дотоод орчны агаарын чанарын асуудлаар бодлого боловсруулах түвшинд хэн ч ярьдаггүй байв. Гэтэл дотоод орчны агаарын бохирдол бидний үр хүүхэд, гэр бүлийг аажмаар хөнөөж байгаа юм. Дотоод орчны агаарын чанарын холбоо ТББ-аас сургалт, хэлэлцүүлэг, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх чиглэлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Миний бие 2020 оны 7 сард УИХ-д сонгогдон тангараг өргөснөөсөө хойш энэ асуудлаар БХБСайдтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж Барилгын материалын стандартыг олон улсын түвшинд хүргэх, урд гааль дээр лаборатори байгуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа билээ. УИХ-аас зохион байгуулж байгаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт орлцогчдоос тус асуудлыг дэвшүүлсний үндсэн дээр Х.Булгантуяа нарын УИХ-ын гишүүдтэй хамтран “Хүний эрх эрх чөлөөг хангахтай холбоотой ерөнхий хяналтын сонсгол” явуулж дараах шийдвэрийн төслийг боловсруулаад байна.

Үүнд:

  • Социализмын үед баталсан барилгын стандарттайгаа өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл техник технологи хөгжиж, өөр төрлийн барилгын материалууд бий болж байна. Тиймээс энэ стандартыг ОУ-ын стандартад нийцүүлэх шаардлагатай. БХБЯ-нд ажлын хэсэг байгуулагдан БНХАУ-ын Барилгын материалын GB стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж, баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна.
  • Импортоор авч буй барилгын материалын 94.04%-ийг нь хортой эсэхийг шинжилдэггүй гэсэн албаны байгууллагын мэдээ байдаг боловч шинжилдэггүй. Барилгын материал нь бага эрсдэлтэй ангилалд ордог учраас бүрдүүлсэн материалтайгаа дүйцэж байгаа эсэхэд л хяналт тавьдаг. Гааль дээр энэ шинжилгээг хийх лаборатори нь ч байдаггүй. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд, хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай. Одоогийн байдлаар лабораторийн барилга барих 4 тэрбум төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалтад тавиад барилыг ажил хийгдэж байна;
  • Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол, формальдигед агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд зөвшөөрөх түвшнээс дээш хэмжээгээр агуулсан барилгын материалуудыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах;
  • Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр бүрэн чадамжтай лаборатори байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох;
  • Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах, тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх;
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг Улсын төсөвт тусгах;
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийн агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зэх зээлд нэвтрүүлэх, иргэд, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх;
  • Ашиглалтанд болон шинээр завсар хийсэн барилгуудад итгэмжлэгдсэн тохиролын үнэлгээний байгууллагуудаар үнэлгээг тогтоож Европын холбооны ангилалзүйгээр ангилж зах зээлд нийлүүлэх (Жишээлбэл: А, Б, В зэрэг үнэлгээ барилгын чанар стандартаас хамааран үнэлэгддэг)
  • Шинээр ашиглалтанд орсон барилгуудын дотоод орчны агаарын чанар мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох талаар БХБЯ-тай зөвшилцөх.
  • Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт, дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох байгууллагууд хамтран байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж ажиллах зэрэг орсон.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүн эрүүл аюулгүй оричнд амьдрах эрхтэй. Бид энэхүү хүний суурь эрхийг хангаж чадахгүй явж ирсэн байна. Үр хүүхэд, гэр бүл, улс үндэстнийхээ төлөө төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтраад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам