Categories
мэдээ нийгэм

Амралтын газраас олон тооны гар утас хулгайлсан хоёр этгээдийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны өдрийн 12:00 цагийн үед “Налайх дүүргийн 6 дугаар хорооны амралтын газраас гар утаснууд хулгайд алдлаа” гэх дуудлага бүртгэгджээ.

Дээрх мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгахад тус амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн “Samsung” болон “iphone” загварын 4 ширхэг гар утсыг 19 настай, эрэгтэй “Т”, 19 настай, эрэгтэй “У” нар хулгайлсан байсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 31 цэг, түр хоёр цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

МИАТ: Истанбул руу 7 хоногт 3 удаа шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Истанбул хотын нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, энэ сарын 19-нөөс эхлэн долоо хоногт гурван удаа буюу Мягмар, Пүрэв, Ням гаригт шууд нислэг үйлдэх юм байна.

Ташрамд дурдахад, МИАТ ТӨХК Франкфурт болон Токио руу долоо хоногт таван удаа шууд нислэг, Пусан руу нэг, Хонконг руу мөн нэг нислэг үйлдэж байна. Харин Сөүл рүү өдөрт хоёр удаа шууд нислэг үйлдэж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэнэ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг. Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт өнөөдрөөс буюу долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт /Өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ шаардлагатай.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батболд: Дотоодын аялал жуулчлал мөнгөний урсгалыг холилдуулж, эргэлтийг бий болгодог DNN.mn

Гэрэл зургийг Д.БАТБОЛД

Уудам Монгол оронд минь урин дулаан цаг айлчилж, Үндэсний их баяр цэнгэл наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ жил баяр наадмаар хуулийн дагуу ес хоног амрах хуваарьтай байгаа юм. Эдгээр урт амралтын өдрүүдээр хүмүүс найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амарч зугаалж, аялж өнгөрөөх. Тэгвэл аялалд гарахад тань хэрэгтэй зөвлөгөөг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын багш Д.Батболд хүргэж байна. Аялал жуулчлал олон хэлбэртэй. Тэр дундаас гэр бүлийн аяллыг хэрхэн хийх талаар түүнээс зөвлөгөө авсан юм. Түүний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд гэр бүлийн аялал хийх нь эрчимтэй нэмэгджээ. Гэр бүлээрээ аялалд гарснаар хүүхдүүд эх орноо хайрлах, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан байлгах гээд олон талын давуу талыг үүсгэдэг гэв.

Аялалд гарахад хамгийн чухал зүйл нь төлөвлөлт

Та гэр бүлээрээ аялалд гарах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эхлээд гаргах хэрэгтэй. Төлөвлөхдөө хаашаа явах, юу үзэх, очих газрынхаа мэдээллийг цуглуулах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах шаардлагатай. Гэр бүл тань хэдэн гишүүнтэй, тэдгээрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төсөв мөнгө хэд гарах, аяллын турш хоол хүнсээ хэрхэн зохицуулах, ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн даван туулах, түүнд зориулсан тусдаа төсөв хадгалах гэх мэтээр та аяллаа эхлээд маш нарийн төлөвлөх нь зүйтэйг сануулж байна. Аяллынхаа зорилгыг тодорхойлж, төлөвлөх нь чухал. Хэрэв хүүхэд тань бага насных бол хол явах нь зохимжгүй. Бага насны хүүхэд хол замд их ядардаг. Тиймээс явдал багатай ойрхон газар амрах нь зүйтэй. Хүүхэд 12-оос дээш настай бол аяллын явдал даах хэмжээнд очдог гэнэ. Түүнээс бага насны хүүхэдтэй бол ойрхон явж, их зүйл үзэх газар явсан нь дээр юм. Төлөвлөгөөндөө нэг өдөрт хэдэн км явахаа тооцно. Жуулчид 280-350 км явдаг. Түүнээс дээш явдаггүй ажээ. Монголчуудын хувьд аль болох хол явах сонирхолтой нь ажиглагддаг. Баян-Өлгий ороход хоёр хоноод очно гэдэг. Хурдан явахдаа биш аяллын таашаалыг мэдэрч, хол замд аль болох өөрсдийгөө ядраахгүй тав тухтай явах нь зүйтэй. Очих газар хаана вэ гэдгээсээ хамаараад зам зуураа юу үзэж болох маршрутаа гаргана.

Аяллын хамгийн чухал хэрэгсэл машин

Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө машиныг унаад аялалд гардаг ч энэ нь тийм ч тохиромжтой сонголт биш. Яагаад гэвэл машины элэгдэл хорогдол, эвдрэл саатал гарах эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд та аяллын машин түрээсийн газар хандаж болно. Түрээсийн машинууд төрөл болон жолоочтой, жолоочгүйгээс хамааран өөр үнэтэй. Үнийн тухайд: Пургон 220 мянгаас дээш, жийп 150-200 гээд өдрийн үнэ нь машины маркаасаа хамаараад янз бүр аж. Хээрийн болон жуулчны баазын аялал

Аяллын хэлбэр хоёр янз байна. Зарим гэр бүл аялал жуулчлалын баазаар дамжуулан аялдаг. Энэ нь зардал санхүүгийн хувьд өндөр тусна. Нөгөө хэлбэр нь майхантай хээрийн аялал. Хээрийн аяллын үед майхан болон машинаа зөв сонгох, аяны хөнжил гудас зэргээ сайтар бэлдэх нь чухал. Дараа нь мэдээж аяллын хэрэгслүүдээ сонгоно. Аяллын ширээ сандал, гал тогооны хэрэгслүүдээ өөрсдийн хэрэглээнд тохируулан зөв сонгох нь зүйтэй.

Хоол хүнсээ хэрхэн бэлтгэхтухайд

Орчин үед хотоос их хэмжээний хоол хүнс бэлтгээд ачаад явах нь багассан. Замын ая даахгүй хүнс, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн авснаар аяллын явцад хоолны эрүүл ахуйтай холбоотой асуудал гарах эрсдэлтэй. Тиймээс хүнсэндээ анхаарах нь чухал. Орчин үед хоол хүнсээ орон нутаг, жуулчны бааз, замын ресторан, хоолны газраас бэлтгэн авч хэрэглэх нь элбэг болжээ.

Ямар ч аялалд анхны тусламжийн хайрцаг зайлшгүй байхшаардлагатай

Эмийн санд анхны тусламж үзүүлэх багаж хэрэгсэл, гэдэс гүйлгэх, нарших, хоолны хордлого болох, халуурах, ханиах, хоолой өвдөх зэрэг өвчний эсрэг эмнүүд зайлшгүй байх шаардлагатай. Гэр бүлд тань даралт нь ихэсдэг хүн байдаг бол даралтын аппарат, халууны шил, шархны лент, боолт гээд хэрэгцээт бүхий л эм, хэрэгслийг бэлтгэсэн байх нь чухал. Сошиал орчин хөгжсөн үед аяллын янз бүрийн нэгдлүүдээс хэрэгтэй зөвлөгөөгөө ч авч болно. Сүүлийн жилүүдэд хүмүүст харшил гэж зүйл нэмэгдэх болсон. Тиймээс харшлын эмнүүд эмийн сан дотор байх хэрэгтэй. Нарны, тоос шорооны, шарилж гээд олон янзын харшил байна. Мөн аяллын явцад “Хээрийн хүн хээгүй” гэсэн хэлц үгээр янз бүрийн зүйл хэрэглэх нь элбэг. Тиймээс зориулалтын цэвэр усгүй гол, нуур, цөөрөм, булаг шандын ус уух зайлшгүй шаардлага тулгарвал заавал буцалгаж хэрэглэхийг мэргэжлийн багш сануулж байна.

Аяллын цүнхэнд байхзүйлс

Аяллын зорилгоосоо хамаараад цүнхэнд байх зүйлс өөр өөр. Аяллаар хэдэн өдөр хаашаа явахаасаа хамаараад аяллын мишок, ариун цэврийн багц, эрүүл мэндийн багц, гар чийдэн, асаагуур, мини хоолны хэрэгсэл, ахуйн хэрэглэлүүд. Үүнд зүү утас, скоч, нарны шил гээд өөрт хэрэглэгддэг чухал зүйлсийг багтаана. Мөн цаг агаарын нөхцөл байдалд тохирсон гутал, хувцас бэлтгэнэ.

Анхаарахзүйлс

Байгалийн аюулт үзэгдлийн үед хэрэглэх зүйлс бэлтгэнэ. Бороо, үер ус, наршилт гээд аяллын хугацаанд юу ч тохиолдож болохыг санах хэрэгтэй. Буруу замаар төөрөх ч магадлалтай. Гэр бүлээрээ явж байгаа тохиолдолд аль болох төв зам бараадаж, найдвартай замуудыг сонгох хэрэгтэй. Зам дөтлөх зорилгоор буруу зам руу орох тохиолдол олон. Замын хамгийн найдвартай аппликэйшний хувьд олон сонголт бий. Maps.me, Russian topo maps гэх мэт аппликэйшнүүдийг үнэгүй татаж авч болдог.

Д.Батболд багшаас аялал жуулчлалын талаар тодруулсан юм.

-Энэ жил хаагуур яваад ирэв. Нутаг орны байдал ямар байв?

-Тавдугаар сард говийн аймгуудаар явсан. Саяхан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаар бүгдээр нь тойрон аялал хийлээ. Ерөнхийдөө Монгол орны төвөөс баруун хэсгийн зуншлага харьцангуй сайн байна. Ялангуяа говийн бүс нутаг руу харьцангуй сайхан зун болж байна. Баян-Өлгий, Увс аймгуудын урд хэсгийн сумдаар зуншлага тааруухан харагдсан. Одоо бороо хур ороод ирэхээр байгаль дэлхий сэргэх байх.

-Энэ жилийн тухайд дөрвөн ам бүлтэй айл аяллаар явахад дунджаар хэдэн төгрөгний төсөв гарах бол, та тооцоолж үзсэн үү?

-Яг тооцоолоод гаргасан юм алга. Хэд хоног, хаашаа, яаж явахаасаа хамаараад өөр өөр. Байр сууц нь ямар байх, дандаа майхнаар явах уу, жуулчны баазад байрлах уу, хослуулах уу, хоол ундаа өөрсдөө хийх үү, зам зуураа ресторан хоолны газраар хооллох уу, ямар унаатай явах, түрээслэх үү, өөрсдийн унаатай байх уу гээд энэ бүгдээс хамаараад зардал янз бүр гарна. Аяллын хамгийн гол зардал унаанд зарцуулагддаг. Хөлсөлж байгаа бол жолоочийн хөлс, бензин гээд зардал гарна. Бензиний үнэ энэ жил нэлээд өссөн байна. Архангайгаас цааш 2700 төгрөг, дизель түлш 3700 төгрөгөөс дээш 4000 руу дөхөж байна. Зарим газар АИ-92 2900-3000 төгрөг хүрсэн байна лээ. Тэгэхээр хөдөө орон нутагт бензиний үнэ ханшаа сайн тооцоолохгүй бол хотын төсвөөр тооцвол өөрчлөгдөөд явчихна.

-Дотоодын аялал жуулчлал хөгжсөнөөр эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-Аялал жуулчлалын гол үүрэг нь мөнгөний урсгалыг хооронд нь холилдуулж, мөнгөний эргэлтийг бий болгоно гэж үздэг. Мөнгө эргэлдэж байж эдийн засаг хөгждөг. Тэгэхээр хотод байгаа мөнгөний урсгалыг хөдөө орон нутаг руу чиглүүлэх гол үүрэгтэй. Орон нутгийн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ашигтай.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаалаа DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалаа. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, “Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөж байна. Хаврын чуулган дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, хөрш орнуудын хил гааль тодорхой хугацаанд хязгаарлагдсан, олон улсад геополитикийн хурцадмал байдал үүссэн хүндрэл бэрхшээлтэй цаг үед хуралдлаа. Дээрх шалтгаануудын улмаас улсын эдийн засаг агшиж, үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал даамжрах нөхцөлийг бий болгож байна.

Инфляц 2021 оны эхний хагасаас хойших нэг жилийн дотор 2.4 дахин өсөж, улсын хэмжээнд 15.1 хувьд, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрч өссөн. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр өсөлт юм. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Тиймээс энэ оны 4 дүгээр сард Улсын Их Хурлаас үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр хууль баталсан. Инфляцыг бууруулах, үнийн өсөлтийн иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг саяхан байгууллаа. Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх, иргэдийн амьжиргаа, орлого, худалдан авах чадвар, хөдөлмөр эрхлэлтийг эрсдэлээс хамгаалах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, Засгийн газарт үүрэг чиглэл өгөх болно. Хямралт байдлаас яаж хурдан, ямар оновчтой арга замаар гарах вэ гэдэгт төр, засгийн байгууллагууд, үүрэг хүлээсэн албан тушаалтнууд арга ухаанаа сүвэгчилж, эдийн засгаа өсгөх, үйлдвэрлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчныг сайжруулах цэгцтэй бодлого дэвшүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх нь нэн чухал боллоо.

Иймээс Улсын Их Хурал үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудалд завсарлагааны хугацаа буюу энэ зуны турш тууштай анхаарч ажиллах болно. Уул уурхайн зарим орд газруудаа яаралтай эргэлтэд оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэлэлцэж, үр өгөөжийг ард иргэддээ хүртээмжтэй болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатай. Бидэнд амрах, аялах цаг зав байхааргүй онцгой үе тохиож байгааг ард иргэдээсээ эхлээд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд ойлгон ухамсарлана гэдэгт итгэж байна. Ажлын хэсгүүдээс холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулж, шийдэл олсон шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ч боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд санхүүгийн сахилга батыг чанд сахих асуудлыг тусгайлан журамлаж, хангамж үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлсон. Мөн үрэлгэн байдлыг хязгаарлах, бүх шатанд хэмнэлтийн горимыг мөрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх ёстой.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх үүднээс Засгийн газраас цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн хэрэгжилт хэр үр дүнд хүрч байгааг шалган дүгнэж, намрын чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Их Хурал импортоор оруулж ирэх элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөлж, эх орны үйлдвэрийн түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

Хүн амаа цэвэр, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангах нь манай улсын үндэсний аюулгүй байдлын нэг гол баталгаа мөн. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолыг УИХ хэлэлцэж баталсан. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлж чадвал хүнс үйлдвэрлэгчдээ урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, мэргэжлийн чадварлаг хүний нөөцтэй болж, мал амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс ангижирч, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох зорилт хангагдана. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг холбогдох бүх байгууллагууд, ард нийтээрээ бүрэн дэмжиж, идэвхтэй, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Иймээс Улсын Их Хурлаас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Жадамбын Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан Түр хороог байгууллаа. Түр хороо зуны хугацаанд хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, намрын ургац хураалтын бэлтгэл хангах, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

2022 оны хаврын ээлжит чуулган УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа шинэ шатанд гарсан чуулган боллоо. Чуулганы хугацаанд Хянан шалгах түр хороо 3, Хяналт шалгалтын 4 ажлын баг байгуулсан. Нийтдээ 4 түр хороо, 19 ажлын баг ажиллаж байна. Хөгжлийн банкны хэрэг, эмийн чанар, хуурамч болон стандартын бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хилийн боомтууд, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг улс орон, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлуудаар байгуулсан Түр хороодын ажлын үр дүнг Улсын Их Хурал намрын чуулганаараа хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах болно. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудын хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хангах, барилгын дотор орчны агаарын чанар зэрэг асуудлаар нийтийн сонсгол зохион байгууллаа. Нийт 18 бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр шийдвэрлэснээс 13-ыг нь бүрэн хэрэгжүүлж, холбогдох Байнгын хороо, албан тушаалтнуудад хүргүүлээд байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч буй хүнд суртал, саад бэрхшээлийг багасгахад энэ удаагийн чуулган анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Тендерийн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 5 дахин буурууллаа. Эдгээр эрх зүйн шинэ орчин нь хүнд суртал, зардал чирэгдлийг мэдэгдэхүйц багасгаж, цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах, манай улсын авлигын индекс болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирна гэдэгт итгэж байна.

Монголчууд бид Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байна. Цар тахлын улмаас монгол түмэн наадмаа үндсэндээ 3 жил тэмдэглэж чадаагүй. Тиймээс ард олноороо сэтгэл тэнэгэр, өргөн дэлгэр, шударга, сайхан наадах таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар Баяр наадмын комисс онцгой анхаарах нь чухал байна. Улсын Их Хурал Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Үүгээр үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдааны маргаантай асуудлуудыг хуулийн хүрээнд цэгцэлсэн гэж үзэж байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхэнд болон Монголынхоо нийт ард түмэнд, дэлхий даяар тархан суугаа монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.

Хотол түмнээрээ сайхан наадаарай. Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Улсын баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэлж байна.

Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ.

Үндэсний сур харвааны талбайн засвар тохижуулалтын ажил дуусаж, бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмаар урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болж нийт 120 харваач оролцож байсан юм.

Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа маргааш 09:00 цагт сурын талбайд эхэлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ууганбаяр: С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжийг Монгол Улс ашиглах хэрэгтэй DNN.mn

– ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖ ГАРЧ ИРСЭН –


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалын албан ёсны мэдээлэл, хөтөлбөр гараагүй ч нийгэмд болон олон улсад өөр өөрсдийн тайлбар, үзэл бодлоор хүлээн авч буй юм. Тиймээс түүний айлчлалын талаар Олон улс судлалын доктор Н.Ууганбаяртай ярилцлаа.


-ОХУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна. Тус улсын эсрэг олон улс янз бүрийн хориг арга хэмжээ авч, хийж байгаа дайныг нь буруушааж буй энэ цаг үед айлчлал болж байна. Үнийг та судлаач хүний хувьд ямар байдлаар дүгнэж хэлэх вэ?

-Манай улс ардчилсан орон. Мөн хоёр том гүрний дунд буюу геополитикийн эмзэг бүсэд оршин тогтнодог улс. Тиймээс бид гадаад харилцаа, гадаад бодлогоо дэлхий дахинд тодорхой байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төвийг сахисан үзэл бодлоосоо хэзээ ч ухарч болохгүй. Ардчилсан улс гээд ардчилсан бусад орнуудыг дагаад, тэдний үзэл бодол, бодлогоор явна гэж байхгүй. Тиймээс уг айлчлалыг дайн өдөөсөн улсын сайд ирж байна гэж огт харах хэрэггүй юм. Өмнө манай улсад С.В.Лавров олон удаа айлчилж олон асуудлын хүрээнд хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлбэл, Монголд элэгтэй сайд нарын нэг гэж үзэж болох юм. Энэхүү айлчлалыг мэдээж гадаад, дотоодын олон ажиглагчид, олон улс судлаачид, улс төрийнхөн, хэвлэл мэдээлэл гээд хөндлөнгөөс ажиглаж байгаа хүмүүс их байна. ОХУ, Украины хооронд болсон мөргөлдөөнөөс хойш манай улс олон улсын анхаарлын төвд орсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан орнуудын гадаад харилцаан дахь бодит туршилт болж байгаа орон гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөнхийн гэгдэх хойд хөрш нь олон улсын хэл амны бай болж байхад Монгол Улс ямар байр суурь илэрхийлж, гадаад бодлогоо хэрхэн явуулах нь уу гэж дэлхийн ардчилсан тогтолцоотой, ардчиллыг дэмждэг улс болгон харж байгаа. Тиймээс С.Лавровыг сайн хөршийн найрсаг харилцаагаар угтаж авсан нь бидний зол болно. Нөгөөтэйгүүр энэхүү айлчлал тодорхой төлөвлөгөөний дагуу болж байгаа. Түүнээс биш гэнэт манайхыг санаад ирчихсэн зүйл огт биш. Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэр геополитикийн хувьд ашигтай бүсэд хамаарах болсон. Тиймээс дэлхийн томоохон улс орнууд манайхыг сонирхож байна. Энэ сонирхол удаан үргэлжлэхгүй ч манайх үүнийг ашиглах ёстой. Орос манайхаар дамжуулан бусад улс орнуудтай харилцах гарц хайж байгаа. Хятад улс ч мөн эдийн засгийн томоохон зах зээл болсон Орос руу харилцах сонирхол өмнөхөөсөө ихэссэн. Энэ хоёр улсын гүүр болж байгаа бол тодорхой ашиг харах ёстой. Оросуудтай бид энэ цаг үеийг ашиглаад түлш, эрчим хүчний асуудлаа бодитой шийдвэрлэх хэрэгтэй. Хятадтай худалдаа эдийн засгийн харилцаагаа улам бүр төгөлдөршүүлж, өөрийн уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр экспортлох нь чухал. Ийм боломж бидэнд бий болсон. Мөн олон улсад ч Монгол Улсыг ашиглах сонирхол байна. Тэд Монголыг энэхүү дайныг бүх талаар дэмжихгүй байхыг уриална. Тиймээс л энэ асуудлаараа манай улсын Засгийн газар, Ерөнхий сайдтай уулзах урилга илгээсэн байна лээ. Удахгүй Ерөнхий сайд барууны орнуудаад явна байх.

-Яг ямар учраас энэ шуугиантай цаг үед манай улсад айлчилж байгаа юм бол?

-Албан ёсны хөтөлбөрийг нь нууцалж байгаа гэж сонссон. Үүнийг нууцлах ёсгүй. Гадаад харилцаа нууц байх тусмаа асуудал дагуулдаг, бусдын харыг ихэд төрүүлдэг. Тиймээс бүх хөтөлбөр, үйл ажиллагаа, ярьж хэлж байгаа зүйлсийг олон нийтэд ил байлгах ёстой. Тэр дундаа олон улсын анхаарлын төвд болж байгаа энэхүү айлчлалыг өмнөхөөсөө илүү ил тод, шилэн байлгах шаардлагатай юм. Миний харж байгаагаар манай улсаас тусламж гуйж ч юм уу, эсвэл бидэнтэй нэгдэж дайныг дэмжээрэй гэж ирээгүй нь тодорхой. ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүд тус улсын эдийн засагт асар хүндээр нөлөөлж байгаа. Тиймээс манай улсаас хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн авах, худалдаагаа нэмэгдүүлэх зорилготой. Нөгөөтэйгүүр Монгол Улс ардчилсан улс. Тэр утгаараа ОХУ ардчилсан улс орныг бүгдийг нь Америк шиг үздэггүй шүү гэсэн нотолгоог манайхаар дамжуулан олон улсад хүргэх гэсэн зорилготой байж мэднэ. Түрүү хэлсэн, ОХУ-д тавьсан хоригуудаас болоод тус улсын эрчим хүч болон түлш, нефтийн эрэлт багассан. Тиймээс манай улстай шатахуун болон эрчим хүчний нийлүүлэлтийг өмнөхөөсөө хэд дахин илүү нэмэгдүүлэх боломжийг хайж ирж байгаа байх. Монгол, Оросын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 1.2 тэрбум ам.доллар нь ОХУ-аас худалдаж авдаг шатахуунд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 хувийг Оросоос, “Роснефть”-ээс хангадаг. Хамгийн өндөр үнээр оросууд монголчуудад шатахуун нийлүүлж ирсэн. Энэ утгаараа нэг хардах зүйл байна. Тухайлбал, Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжээд эхэлчихсэн энэ цаг үед уг төслүүдийг бүрмөсөн зогсоох асуудлыг ярихыг ч үгүйсгэхгүй. Орсоос шатахуун, эрчим хүч авч байгаа томоохон худалдан авагчдын нэг яах аргагүй Монгол Улс. Тиймээс худалдан авагчаа алдахгүйн тулд тогтмол хугацаанд иймэрхүү айлчлал хийж л байдаг. Нөгөөтэйгүүр бид ОХУ ямар далд санаа, зорилготой байсан ч С.В.Лавровыг шууд хөөгөөд явуулчихаж болохгүй. Энэ бол Монголыг олон улсад бүр ч муухай харагдуулахын зэрэгцээ ОХУ-ын хоригт орох өндөр эрсдэлтэй. Тиймээс түрүүний хэлсэн төвийг сахисан бодлогоосоо хэзээ ч ухарч болохгүй. Төвийг сахилаа гээд өмнө нь бөхөлзөөд хэлсэн үгээр нь явна гэж бүр ч байхгүй.

-Та түрүүн хэллээ, хоригоос ОХУ-д зарим бараа бүтээгдэхүүний илүүдэл үүссэн гэж. Тэгвэл манайд шатахуун болон эрчим хүчээ хямд үнээр, гэхдээ өмнөхөөсөө илүү худалдан авахыг санал болгох гэж ирсэн гэж үү?

-Яг тэгж тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ ОХУ-аас шатахуун болон эрчим хүч авдаг улс орнууд олон улсын хоригоос болоод энэхүү худалдаагаа зогсоогоод байгаа. Тиймээс энэ бүтээгдэхүүний хувьд илүүдэл үүсч байгаа нь тодорхой. Манайх шиг эрчим хүч, шатахууны асар их хэрэглээтэй оронд үнийн дүнгээ багасгаж, хэмжээгээ нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Дайн ашигтай нөхцөл байдлыг бас бий болгодог гэж ярьдаг. Энэ үнэн бол бид одоо л Оросыг ашиглаж, авч байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжуудыг Монгол Улс ашиглах шаардлагатай байна. Оросын экспортын хэмжээ сүүлийн хоёр жил огцом буурлаа. Экспортын голлох бүтээгдэхүүн болох шатахуун, эрчим хүчний илүүдэл тус улсын эдийн засгийн томоохон асуудал болоод байна. Тиймээс энэ байдлыг нь бид ашиглаад одоо авч байгаа шатахуун, эрчим хүчний үнээ хоёр дахин хямдаар авах боломж гарч ирлээ шүү дээ. Орос бусад орнуудад шатахуун, эрчим хүчээ дэлхийн зах зээлийн ханшаас доогуур үнээр экспортолдог атлаа манай улсад байж боломгүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ худалдаалж байсан. Тиймээс энэ байдлыг нь болиулах боломж бидэнд гарч ирээд байгаа юм. Нөгөөтэйгүүр ОХУ түүхэнд байгаагүй хамтран ажиллах саналаа энэ цаг үед бидэнд санал болгоно. Бидний юу хүссэнийг үг дуугүй биелүүлэх боломж гэж судлаачид бид харж байгаа. Харин бид Оросын найр тавьж байгаа занд нь хэт шунах хэрэггүй. Яг энэ цаг үеийг бид ашиглаж чадахгүй бол цаашид Монгол Улс гадаад харилцаанаас их зүйл горьдоод хэрэггүй биз дээ. Үнэндээ энэхүү айлчлал Монгол Улсын гадаад бодлогын хувьд түүхэн айлчлал болно. Одоо л манай улсын гадаад харилцааны яам, төрийн бодлого гэж ямар байдгийг харах цаг. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсын гадаад харилцаа нэг бол дэлхийд үнэлэгдсэн үлгэр жишээ болно. Эсвэл олон улсын хориг арга хэмжээнүүд манайх руу чиглэхийг үгүйсгэхгүй. Юутай ч айлчлалаас айх ч хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй.

-С.В.Лавровын айлчлалын хүрээнд зарим улс төрийн нам, бүлэглэлүүд эсэргүүцэж жагсаал зохион байгууллаа. Энэ талын мэдээллийг С.Лавров авч л байгаа. Иймэрхүү байдал Монгол Улсын гадаад харилцаанд нөлөөлөх үү?

-Ардчилсан улсад иймэрхүү үзэгдэл цөөнгүй болдог. Тиймээс энэ байдлаас болоод Монгол Улсын төр бидэнд ингэж хандаж байна гэж бодохгүй. С.В.Лавров болон ОХУ ч энэхүү байдлыг зөвөөр ойлгоно. Харин манайд үүнийг эсэргүүцэж жагсаж байгаа нь ардчилсан орны иргэдийн эрх. Тиймээс үүнийг нь хориглох ч юм уу, эсэргүүцэх, ийм зүйл болсонд уучлаарай гэж гуйх бүр ч хэрэггүй. Мэдээж харилцаанд тааруу уур амьсгал үүсгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ улс хоорондын харилцаанд энэ асуудал огтхон ч нөлөөлөхгүй. С.В.Лавровын айлчлалын хүрээнд хийн хоолойн асуудлыг хөндөж ярьсан. ОХУ-тай дайнаас бусад олон асуудлыг бид ярилцаж шийдвэрлэх цаг хэдийнэ болсон. Тиймээс зөвхөн дайнаас болж манай улсад айлчилж байна гэж үзэж болохгүй юм.

-Дайн гэснээс С.В.Лавров сайд манай улсыг өөрийнхөө улстай адилхан үзэл бодолтой байгаа тухай ярьсан. Үүнийг манай улсын өмнөөс байр сууриа илэрхийллээ хэмээн олон нийт шүүмжилж байна. Судлаач хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Дайныг жижиг, том гэж хэлдэггүй. Тиймээс тухайн улсад дайн болж л байгаа бол энэ нь тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд олон зүйлд нөлөөлж байгаа. ОХУ том гүрэн учраас дайнд шарх авахгүй гэсэн зүйл байхгүй. Тэр утгаараа ОХУ дотроо дайнаас болж хагарал, бутрал, янз бүрийн сөрөг нөлөөллүүдийг амсаж л байгаа. Тиймээс бусад орны дэмжлэг туслалцаа том гүрэн гэлтгүй хэрэг болно. С.В.Лавровын хэлсэн үгэнд эмзэглэх хэрэггүй. Тэр манай улсын өмнөөс байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Бид хичнээн том улс ч гэлээ үнэхээр их ганцаардаж байна гэдэг агуулгаар хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, ОХУ том гүрэн ч дайны талбарт үнэхээр ганцаардаж байгаа гэсэн үг. Миний ойлгосноор ОХУ-ын гадаад харилцаа түүхэнд байгаагүйгээр хямралтай байгаа гэсэн. Гадаад айлчлал баруун тийшээ зогссон. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд хүнд хэцүү байсан ч гадаад айлчлалаа явуулах нь чухал гэж үзэж байгаа байх. Тиймээс л манай улсаас энэхүү айлчлалаа эхэлж байгаа болов уу.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 7, Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, тэргүүн дагуул одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:01 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.