Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Доржийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа DNN.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн баатар цолоор

  1. Архангай аймгийн Хайрхан сумын малчин, гавьяат малчин Отгоны Дорж,
  2. АШУИС-ийн зөвлөх багш, анагаах ухааны доктор, ардын эмч Жамьянжавын Баасанхүү нарыг шагналаа.

Ардын багш цолоор

  1. Баянхонгор аймгийн “Өлзийт” МСҮТ-ийн захирал Сүхбатын Бямбадорж,
  2. Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа,
  3. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, гавьяат багш Пунцагийн Санжид,
  4. Зурхайч, шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор

  1. “Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн Баяраагийн Батболд,

Гавьяат уурхайчин цолоор

  1. “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  1. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Анхны анжис” ХХК-ийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

  1. “Боса холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Цэвэгмэдийн Батбаяр,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор

  1. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлгийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал,

Гавьяат жүжигчин цолоор

  1. Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  1. “Витафит” ХХК-ийн захирал Содномын Жаргалсайхан,
  2. “Өсөх зоос” компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолооо

  1. Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг,

Гавьяат барилгачин цолоор

  1. “Мото блок” ХХК-ийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

  1. Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн,
  2. “Непко” ХХК-ийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  1. Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумъяасүрэнгийн Энхцэцэг,
  2. Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид,
  3. Төр захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир,

Алтангадас одонгоор

  1. Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн худалдааны ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа,
  2. “Жүр үр” ХХК-ийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл,
  3. Дорногрвь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр,
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү,
  5. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  1. “Очир дагинас” ХХК-ийн ерөнхий технологич Норовын Гүрдорж,
  2. МУИС-ийн багш, профессор Очирын Алтансүх,

Цэргийн хүндэт медалиар

  1. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин,
  2. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч дарга, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан.
Categories
мэдээ нийгэм

Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгууллаа DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг батллаа.

Ж.Бат-Эрдэнэ гишүүн төслөө танилцуулахдаа “Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97, төмсөөр 100, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна. Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна” гэсэн юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Ангараг, Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна DNN.mn

Японы баруун хэсэгт байрлах Киотогийн их сургууль болон барилгын “Kajima” корпорац хамтран ирээдүйд Ангараг гараг болон Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.

Тус телевизээр мэдээлснээр, судлаачдын гол зорьж байгаа зүйл бол хүмүүс урт хугацаагаар амьдрахад зайлшгүй шаардлагатай нөхцөл болох дэлхийн таталцлын хүчний хувилбарыг барилгын дотор бий болгох аж. Энэ асуудлын шийдэхийн тулд сууцыг тэнхлэгээ тойрон эргэдэг болгохыг санал болгож байгаа бөгөөд энэ нь ийм замаар үүссэн төвөөс зугтах хүчний ачаар таталцлыг бий болгох гэнэ.

Байгууламжийн өндөр нь 200-400 м, диаметр нь 200 м-ийн хооронд байж магадгүй байна. Үүний зэрэгцээ, байгууламжийг барихдаа зөвхөн дэлхийгээс нийлүүлсэн материалыг ашиглахаас гадна, Ангараг, Сарны гадаргуугийн нөөцийг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.

“Одоогоор эдгээр төлөвлөгөө хэрэгжих шатандаа ороогүй байгаа боловч Япон улс ололт амжилтаа эрт харуулж, улмаар ирээдүйд давуу талыг бий болгох нь маш чухал юм. Тиймээс бид энэ чиглэлээр үргэлжлүүлэн судалгаа хийхээр төлөвлөж байна” гэж Киотогийн их сургуулийн төлөөлөгч Йосүкэ Ямашита сэтгүүлчдэд ярьжээ.

Categories
мэдээ

Израилд 5 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ DNN.mn

Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакциныг зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд, “Pfizer”-ын вакциныг зургаан сартайгаар дөрвөн настай хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрсөн юм.

Аргентин, Бахрейн, Чили, Хятад, Куба, Венесуэл зэрэг орнуудад бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгож байгаа ч энэ чиглэлд тэргүүлэх технологид тооцогдож байгаа мРНХ вакциныг хэрэглэхгүй байгаа юм.

Израилын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг “Pfizer”, “Moderna”-гийн вакциныг бага насны хүүхдүүдэд аюулгүй гэж дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын зургаан сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины дор хаяж хоёр тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг нээнэ DNN.mn

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс Б.Шаравын алдарт бүтээл ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ.

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадамд зориулсан тус үзэсгэлэн монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой.

Үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийг эх хувиар нь дэглэн үзүүлэх юм.

Үзэсгэлэнд “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын 20 орчим гэрэл зураг, уг бүтээлийн анимэйшн, бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл багтаасан эсэх, түүнээс хэд хэчнээн хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс, зан үйл зэрэг тоо баримттай танилцах боломжтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Наадам айсуй DNN.mn

Нар хур тэгширсэн наадам айсуй энэ үед насан багын дурсамжуудаа тэмтчин бодолд автах үе олон юм. Яармаг хэмээх зүлэг ногоон талд бага нас минь өнгөрч, жил жилийн наадам тэрхүү дэнж дээр дэлгэр сайхан болдогсон. Өнгө алагласан эрээн асрууд, өрөөд тавьчихсан мэт дэгжин гэрүүд, гийнгоо хадаасан унаач хүүхдүүд, гэрэл зураг шиг Богдхан уулын минь дэнж тэртээ холын бодолд тэсгэл алдран алсарсаар 17 зуныг үджээ.

Морины барианы газарт ойртохгүй ч алсаас тоос манаран дуниартаж, хүүхэд хөгшидгүй тэр зүг хараагаа бэлчээнэ. Айдсын даваа уруудаад морьд эргэлээ гэхэд нь “Ай даа сайхан наадаж байна шүү” хэмээн наадмын дурсамжаа бие биедээ хүүрнэн өгүүлэх өвгөдийн яриа соньхон. Хуушуурын гэрүүд дундуур явж хэнийх нь амттай бол, хаанахынх нь гоё бол гэж хайсаар арай өнгөлөг, шүүслэг хуушуурыг олж иддэгсэн. Тэр үеийн хуушуур ч одоогийн нар сар гэрэлтсэн хуушуурын хажууд “махаар зодсон” байдагсан.

Наадмын талбайгаас шороо манаруулсаар гэртээ очоод шууд л Туул голынхоо эрэг бараадан амарна. Тэнд таван хошуу мал багшралдан бэлчиж, тэмээ гэж амьтан ийм сонин юм уу гэж хүүхдүүд шуугилдана. Мэдээ орохоос тэмээ хараагүй зарим хүүхдүүд хорголыг нь хараад олдвор олсон аятай хөөрцөглөж, гэрийнхээ хойморт хоргонд хийгээд хадгалах дайны юм ярина. Хотын наадамд хотол олноороо ингэж л цэнгэдэг байлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 59 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 59 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 30 нь Улаанбаатар хотод,
  • 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,543 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уулд гурав, Дорноговьд нэг, Орхонд найм, Ховдод тав, Өмнөговьд ес, Увсад гурав бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 127 хүн эдгэрсэн бол одоогоор 744 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Наранбаяр: Орос, Монгол хоёр хэвлэлийн мэдэгдэл гаргаснаас өөр С.В.Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй DNN.mn

ХҮН-ын Намын хорооны дарга, олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.


Та ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад айлчилсан айлчлалд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна лээ. Яагаад шүүмжлэх болов?

-Украин улсыг түрэмгийлсэн дайн байлдаан эхлүүлчихсэн улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаа нь Монгол талтай Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-д элсэхийг нэлээд шахсан агуулгатай зүйл ярьсанд нь дургүйцсэн юм.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үеэр яригдсан асуудлуудыг шийдлээ л гээд байх юм. Энэ айлчлалаар яг ямар асуудлыг шийдсэн юм бэ?

-Жишээлбэл, хоёулаа хэвлэлийн мэдэгдэл гаргалаа. Энэ айлчлалаар юу ч шийдсэн юм байхгүй. Зүгээр хоёулаа ярилцлаа л гээд байгаа биз дээ. Ердийн дипломат, ЖДҮ-гийн үг хэллэг дүүрэн. Тийм байх тусмаа ярьсан зүйлээ нуугаад байна. Шийдсэн асуудлаа нуугаад байна гэсэн үг. Тийм учраас бас жаахан сэтгэл дундуур байна. Монголын талаас харвал бидний ашиг сонирхол юунд байна гэхээр бензин, шатах тослох материал, эрчим хүчний импортлогч орны хувьд найдвартай хангалт маш чухал. Хоёрдугаарт, үнэ төлбөрийн асуудлыг ямар мөнгөн тэмдэгтээр хийх вэ, дэлхийн зах зээл ОХУ-аас худалдан авалт хийхээ больсон. Ийм үед шинэ зах зээл, ялангуяа Ази руу, Хятад руу гаргая гэсэн агуулга руу хандаж байгаа байх. ОХУ ийм үедээ Монголд яагаад хөнгөлөлт үзүүлдэггүй юм бэ. Монголын төмөр замын асуудлыг оросууд самраад хаячихсан шүү дээ. Ялангуяа Мянганы сорил сангийн шугамаар цахилгаанжуулах, төмөр замынхаа хурдыг нэмэх, дээр нь шугамаа нэмэх, Евразийн хувьд манайд Хятад, Оросыг холбосон том төмөр зам бий шүү дээ. Ачаа тээврийн хувьд ач холбогдолтой энэ төмөр замаас Оросын тал 49 хувийг нь эзэгнэчихээд ямар нэгэн шинэчлэл хийлгэдэггүй. Тас атгачихсан. Тэгснээ өөрсдөө нарийн царигтай төмөр замаа тавиад нүүрсээ зөөе гэхээр Монголын улстөрчдөөр дамжуулаад, өргөн цариг тавиулчихсан. Өөрсдөө болохоор нарийн царигаар Хятадтай холбогдоод нүүрсээ зөөгөөд эхэлж байгаа ч гэдэг юм уу, иймэрхүү бодолгуудад нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм л даа.

-Хийн хоолойг манайхаар дамжуулж тавих уу. Манайд байгалийн хийнээсээ өгөх үү?

-ТЭЗҮ-ийг нь хийнэ гээд Шадар сайдын түвшинд гарын үсэг зураад ярилцсан тал байгаа. Тэр хоолой манайхаар дамжуулж явснаар ямар ач холбогдолтой нь сайн харагдахгүй байгаа юм. Дээр нь манайд яг үүнийг ойлгодог боловсон хүчин маш бага. Инженер байхгүй. Байгалийн хий Монголд хэрэглэж байгаагүй шүү дээ. Нүүрсээрээ эрчим хүчээ авч ирсэн ард түмэн. Тэрхүү гэрээнд нь манайд хийн хоолойг хэрэглэнэ гэсэн юм байж болох байх. Гэхдээ тэрнийг нь хэрэглэх зуух манайд алга. Нийтийн хэрэглээнд орж ирээгүй байна.

-Эгийн голын усан цахилгаан станцыг ярилцсан юм болов уу. Ямар шийдэлд хүрсэн бол?

-Манайх Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд хамтран ажиллах санал тавьсан. Өөрөөр хэлбэл, Оросын тал руу манайх бизнесийн бөмбөг шидсэн. Тэр бөмбөгийг тохироо болгоод илгээхэд эргүүлж оросууд ямар шийдвэр гаргахаа ерөөсөө хэлээгүй.

-Ер нь яг ямар зорилгоор ирсэн айлчлал гэж та харж байна вэ?

-Ер нь Орос өрнө дахины хоригт орчихсон. Орос өөрөө хоёр толгойтой бүргэдийн сүлдтэй байдаг шүү дээ. Азийн ч, Европын ч их гүрэн гэсэн утгатай. Тэгэхээр Ази тийшээ хандсан бодлогодоо нэлээд ач холбогдол өгч эхэллээ л гэж харж байна. Одоо Вьетнам руу явчихлаа шүү дээ. Вьетнам одоо болтол хуучин тогтолцоотойгоо байгаа. Хятадтай харилцаа тийм ч сайнгүй улс. Тэгэхээр Ази руу бодлогоо чиглүүлж, зах зээлээ тэлэх сонирхол байна л гэж харлаа. Европ дахин тэр чигтээ хэдийгээр эрчим хүчний хараат байгаа ч гэсэн үүнийгээ хязгаарлах, Оросоос хараат байхаа багасгах сонирхолтой байгаа.

-Дайн тулаантай улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгааг бусад улс орон хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Бусад улс орон яаж харж байгааг би мэдэхгүй юм. Ямар ч байсан дэлхийн том хэвлэлүүд, телевизүүд бараг дурдсангүй. Оросын өөрийнх нь сайт дээр богинохон мэдээ тавьчихсан байна лээ. Ажлын айлчлал маягаар мэдээлэл гаргасан. Манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ОХУ-д айлчилсан. Үүний хариу айлчлалууд явж байх магадлалтай. Дипломат харилцаатай улс орнууд харилцан айлчлал хийх асуудлууд байдаг. Хэдийгээр муудсан ч гэсэн улс орнууд дипломат яриа хэлэлцээрийн шугамаар үргэлж харилцаагаа идэвхтэй байлгадаг шүү дээ. Хэрвээ дипломат яриа хэлэлцээрийн шугамаа таслаад л хаячих юм бол дараа нь юу хүлээж байдаг вэ гэвэл дайн байлдаан шүү дээ. Тэр утгаараа ирсэн байх. Энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлт л Монгол Улсын эрх ашиг. Жишээлбэл, Украинд гарсан энэ дайн Монголын эдийн засагт маш сөргөөр нөлөөлж байна гэж харж байгаа. Ялангуяа аялал жуулчлал Монголд маш хүнд байна. Өрнө дахинаас орж ирж байгаа аэрофлотын нислэгийн жуулчид орж ирэх боломжгүй байдал үүссэн. Энэ бол шууд нөлөөлж байгаа нөлөөлөл. Дээр нь нэмээд тээвэр ложистик гээд бүх зүйлд нөлөөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад онгоцны түлш бусад улс орноос 28.8 хувиар илүү үнэтэй байна DNN.mn

УИХ-ын хаврын чуулган завсарлахаасаа өмнө буюу өчигдөр орой Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байгын хороонд шилжүүлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах ямар шаардлага үүссэн талаар танилцуулахдаа “Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнэ зэргээс шууд хамааралтай байдаг. Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна.

Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” төрийн өмчит ХХК-ийг байгуулсан.

“Эрчис ойл” компани нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” төрийн өмчит ХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбааг мандуулах, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээ долдугаар сарын 6-ны өдөр боллоо.

Арга хэмжээг нээж Консул Т.Батцэцэг үг хэлэв. АНУ, Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараагаар Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид монгол дуу, хөгжим, бүжгийн дээжээс сонирхуулсан байна.

Чикаго хот дахь монголчууд долдугаар сарын 10-нд наадмаа хийнэ.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт тус Консулын газар 60 гаруй иргэнд итгэмжлэлийн үйлчилгээ үзүүлж, шинээр төрсөн таван хүүхдэд төрсний гэрчилгээ олгожээ.

40 гаруй иргэн, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт захиалах, шинээр хүлээж авах, бичиг баримтаа орчуулах, УБЕГ-аас лавлагаа хүсэх үйлчилгээ авсан байна.

Консулын байранд ирж зөвлөгөө авах үйлчилгээг 95 иргэн авсан бол утсаар болон цахимаар хандсан 50 гаруй хүнд консулын үйлчилгээний мэдээллийг хүргэж ажиллажээ.

Эх сурвалж: АНУ-ын Чикаго хот дахь Монгол Улсын Консулын газар