УИХ-ын чуулганы баасан хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Асуудал хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төсөл энэ долоо хоногийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орчихсон байсан. Гэтэл хэлэлцэх асуудалд алга байна. Энэ хууль хааччихсан бэ, УИХ-ын дарга аа. Парламент өөрөө олонхоороо шийдвэр гаргадаг. Тэр утгаараа УИХ дахь бүлгийн шийдвэр олонхын зарчмаар явдаг. Тиймээс манай бүлгээс өргөн барьсан хуулийн төсөл хаачив. АН-ын бүлгийн асуудлыг зохицуулах асуудлаар хууль өргөн бариад УИХ-ын даргаас хэлэлцүүлж өгөхийг бүтэн жил шаардлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдсэнгүй ээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар хуулийн төслөө өргөн бариад хэлэлцүүлж байгаа шүү. Ганц ч хуулийн төсөл хэлэлцүүлээгүй гэж худлаа ярьж болохгүй. УИХ-ын тухай хуулийн төсөл яагаад орж ирээгүйг Төрийн байгуулалтын байнгын хороо хариулах байх аа.
ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Та бүгдийн өргөн барьсан хууль УИХ-ын даргын зөвлөлөөр гурван удаа орсон. Ингээд хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх санал хураалтаар хоёр удаа дэмжигдээгүй, нэг удаа тэнцсэн. Тэнцсэн тохиолдолд санал унадаг, буцаагддаг дэгтэй. Гэхдээ ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж байгаа шүү.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Өчигдөр манай намын тамганы асуудал нэг талдаа гарч шийдэгдсэн. Хоёр жилийн хугацаанд тамга тэмдэггүй юм шиг, хоёр тал болсон юм шигээр явж ирлээ. Одоо энэ байдал нэг талдаа гарсан шүү. Тэр тамгатай албан ёсны АН-ын төлөөлөл би өөрөө сууж байна. УИХ-ын гишүүд, нам эвсэл хамтран УИХ дахь бүлгээс өөр зохион байгуулалттайгаар аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно гэсэн заалт бий. О.Цогтгэрэл нарын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээрх хуулийн заалтыг зөрчөөд байгаа шүү. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх маш олон чухал асуудал байна. Гадаа гудманд амьдрал хэцүү байна. Ийм үед бид эндээ иймэрхүү аахар шаахар зүйл хэлэлцээд маргалдаад суугаад байж болохгүй ээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Миний өргөн барьсан тэтгэврийн дунджийг тогтоох долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулж өгөхгүй, хэлэлцэхгүй байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг даргатай ажлын хэсгийг хуралдуулах боломжийг УИХ-ын даргын зөвлөл гаргаж өгөхгүй байна. Хэрвээ энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхгүй бол Нийгмийн даатгалын сангаас нэг га газрыг 14 тэрбум төгрөгөөр худалдаж авсан тэр газар нь очиж хэвлэлийн бага хурал хийнэ шүү. Тэр 14 тэрбум төгрөг бол долоон жилээр тэтгэврээ бодуулж гаргасан зөрүүг нөхөх хэмжээний хөрөнгө.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Зайлшгүй маш хурдан хугацаанд шийдэх ёстой хууль гэж бодож байгаа. Барилгын ажил бол улирлын шинж чанартай. Гол ажил нь бол тендер. Тэгээд энэ асуудлаараа маргалдчихдаг. Маргалдаад хоёр, гурван жилээр шүүхдээд явчихдаг. Улмаар ажил нь бүтдэггүй. Ийм буруу жишиг гараад удаж байна.
Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ДЭЭР НАМЧИРХАЛ, УЛСТӨРЖИЛТ ЗАМАА АЛДСАН. НАМЫН ХАРьЯАЛЛААР АЖЛААС ХАЛСАН, ЧӨЛӨӨЛСӨН АСАР ИХ АСУУДАЛ ГАРСАН
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: -Төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс зүйн ямар шалгуур тавигдах вэ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: -Төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуулийн төслийн долдугаар зүйлд төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зохицуулна. Жишээлбэл, албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулахаар тусгасан. Төрийн албаны зөвлөлд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2524 хууль бус томилгоо байсан. Нийт 326 үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангагдаагүй анхааруулга аваад ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Чухал асуудал. Ёс зүй, төрийн бүтээмж, төрийн түгжрэлийн асуудал. Анх сонгогдохдоо ард түмнийхээ төлөө хичээн зүтгэнэ гэдэг. Томилогдсон хойноо дарамталдаг, авлига хээл хахууль авдаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихоод байгаа юм. Төрийн бүтээмж гэдэг асуудал байхгүй болсон. Данхар төртэй болсон. Цагаа бүртгүүлээд, цалин авдаг болсон. Энэхүү хууль батлагдсанаар энэ бүх асуудал шийдэгдэх үү. Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад, гараас нь гардаггүй хүмүүс байдаг. Шударга ёсны, зарчимч, үнэнч шударга хүмүүс байдаг. Юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг. Энийг хэрхэн шийдэх вэ. Аль нь ёс зүйтэй хүн бэ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Таны асууж байгаатай санал нэг байна. Үнэхээр төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайгаад, бүтэц нь нэмэгдээд байгаатай санал нэг байна. Энийг Төрийн албан хаагчийн Ёс зүйн хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэх боломжгүй. Суурь томоохон хууль болно гэж бодож байна. Төрийн албанд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх бодлого шийдвэр гарах байх.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Хуулийн төслийг дэмжиж байна. Орж ирэх цаг хугацаа нь болсон. Манай ард түмэн төрөө дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Гэхдээ харьцангуй багасаад байна. Төрд зүтгэдэг ноён нуруутай төрийн “хар” хүн цөөдлөө. Ихэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэр зүүснээс болоод төрийн албаны нэр хүнд шалан дээр унаад байна. Төрийн албан хаагчид ёс зүй муутай, ажлын ур чадвар асар муутай, мэдлэг муутай, их зантай. Ямар ямар хүн ёс зүйн зөвлөлд орох вэ гэдэг эхэнд яригдах байх. Өөрөө уучлал гуйгаад хариуцлагаа хүлээж буй хүн харагдахгүй байна. Төрийн албаны зөвлөл дээр намчирхал, улстөржилт замаа алдсан. Намын харьяаллаар ажлаас халсан, чөлөөлсөн асар их асуудал гарсан. Төрийн алба хаах хүн олдохоо болилоо. Авч буй цалинг нь ам.долларт шилжүүлээд үзэхээр ямар ч цалин аваад байгаа юм бэ. Энэ мэт асуудлууд байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Төрийн албаны зөвлөлд тусдаа бие даасан зөвлөлтэй тэнцэхүйц хэмжээний хороо байгуулагдахаар яригдаж байсан. Явцын дунд Төрийн албаны зөвлөлийн дэргэд, бие даасан хараат бус байдлаар ажиллах эрх хэмжээг нь олгож өгье гэж шийдсэн. Өмнөх практикаас үзвэл төрийн бүх шатанд алба хааж буй ажилтантай гэхээс албан тушаалтантай ямар хариуцлага тооцох вэ гэдгийг энэ хуулийн төсөлд тусгасан. 25-аас дээш хүнтэй байгууллага Ёс зүйн зөвлөлтэй байна. Ёс зүйн зөрчилд хариуцлагаас мултрах зүйл үлдээхгүй байхыг зорьсон. Мэдлэг ур чадварын зэрэгцээгээр ёс зүй, хариуцлагын асуудлыг давхар авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Улс орнуудын жишгийг харвал төрийн албанд хулгай хийх, худал хэлэхгүй, хууран мэхлэхгүй гэсэн зарчим байна. Бидний дунд ийм үйлдэл хэрхэвч гаргаж болохгүй гэсэн соёл тогтолцоо бий болгох ёстой.