Categories
мэдээ нийгэм

Төвийн бүсийн хурдан морины уралдаан Налайх дүүрэгт болно DNN.mn

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.

Харин шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно.

Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар болсон аж.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл ажиллаж байна DNN.mn

Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэн. Энэ үеэр голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс өчигдрөөс “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.

Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.

Шөнийн эргүүлийн хэлтсээс гэр хорооллын эмзэг цэг, байршил, бартаа саад ихтэй газарт морьт, нохойт, явган эргүүлээр 35 чиглэлд 70 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ DNN.mn

Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” СХ, “ТЭЦ-4” ТӨХК, “Гацуурт” групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.

May be an image of 9 people, people standing and indoor

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” СХ, “Кровун Броверс” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” СХ “Сод Монгол” групп, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Бат-Эрдэнэ, Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар үлдэв.
Зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хурлаар Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд таван бүлгийн 22 дэд бүлэгт нийт 984 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн байдлаар дээрх төсөл хөтөлбөрүүдийн 62.3 хувь нь биелээд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрбээр 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг танилцуулсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 24 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид танилцуулж, санал авсан гэдгээ тодотгосон юм. Мөн УИХ-ын дөрвөн гишүүн, НИТХ-ын 10 төлөөлөгч, нутгийн захиргааны 33 байгууллагаас санал ирүүлжээ. Нийт давхардсан тоогоор 500 орчим санал тусгасан байна.

Үүний дагуу 31 байршилд 1307 га газрыг эзэмшүүлэх санал оруулсан байна. Түүнчлэн нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зургаан дүүргийн 16 байршлын 4.18 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон газрын мэдээллийн санд бүртгэх, авто зам, замын байгууламжийн зориулалтаар 15 байршилд 1.78 га газрыг, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэхээр 10 байршилд 17.2 га газрыг төлөвлөгөөнд тусгах зэрэг санал оруулсныг Зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Ийнхүү Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногууд ихэнх нутгаар дулаарна.


2022 оны 06 сарын 12-ны 20 цагаас 06 сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Тэгш ой нь тохиож буй аймгуудын баярын хөтөлбөр DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Үүнээс гадна тэгш ой тохиож байгаа таван аймаг болох Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь тэргүүтэй аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулах хуваарийг гаргаад буй.

Эдгээр аймгууд ирэх сарын 22-31 хооронд тэгш ойгоо тэмдэглэх хуваарь гаргасан. Соёлын яамнаас баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулах юм.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 90, 91 ОЙ ТОХИОНО

Өвөрхангай аймгийн тухайд 90, 91 жилийн ой энэ жил тохионо. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс тус аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны долдугаар сарын 29-30-нд ойн баярыг тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ. Одоогоор албан хариу ирээгүй байгаа ч аймгийн нийт олон тэгш ойдоо бэлдэж эхэлсэн байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд уг ажлыг зохион байгуулах салбар хороодыг дөрвөн чиглэлд байгуулжээ. Мөн Хархорум хот байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойг хамтатган тэмдэглэх хүсэлтийг Засгийн газарт уламжилсан байна.

Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор 31 сумтай анх байгуулагдсан бөгөөд өдгөө 19 сумын хэмжээнд 117 мянган хүн ам оршин сууж байгаа аж.

БАЯНХОНГОР АЙМАГ 29-31-НЫ ХООРОНД БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОНО

7-8 дугаар сард аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх, соёлын өвийг танилцуулах ажлуудыг төлөвлөсөн талаар Үндэсний баяр наадмын комиссоос мэдээлсэн. Энэ хүрээнд тэгш ой тохиож байгаа аймгууд ч олон нийтийг хамарсан өргөн дэлгэр наадам зохион байгуулахаа мэдэгдээд буй.

Тухайлбал, Баянхонгор аймаг долдугаар сарын 29, 30, 31-нд бүсийн уралдааныг зохион байгуулахаар юм.

Наадмын урьдчилсан хөтөлбөрт тусгаснаар тус аймгийн наадамд зөвхөн нутгийн бөхчүүд барилдах шийдвэр гарчээ.

СҮХБААТАР АЙМАГТ ЗҮҮН БҮСИЙН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНЫГ НЭГТГЭНЭ

Тэгш ой тохион буй дараагийн аймаг бол Сүхбаатар. Тус аймгийн 80 жилийн ойг угтсан баярын арга хэмжээ хэдийнэ эхэлсэн байна. Одоогоор аймгийн хэмжээнд урлагийн наадмыг зохион байгуулж байгаа бол ирэх сард хурдан морь, хүчит бөхийн барилдаан нэгдсэн байдлаар болох аж.

Сүхбаатар аймгийн баярын хөтөлбөр эцэслэн гараагүй байгаа хэдий ч тэмдэглэлт ойн хүрээнд зөвхөн аймаг, сумдын хэмжээнд бус аялагч нарт зориулсан тусгай арга хэмжээнүүдийг зохиохоор төлөвлөжээ.

Учир нь тус аймагт Алтан овоо, Шилийн богд, Талын агуй, Сэнжит хад, Монголын хүн чулууд, Хөргийн хөндий зэрэг байгалийн түүхэн дурсгалт газар олон бий.

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ТЭГШ ОЙГ ХАМТАТГАНА

Догшин хутагт Д.Данзанравжаагаар овоглодог Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 Сайншанд сум байгуулагдсаны 60, 61 жилийн баяр наадам ирэх сард тохионо. Аймаг орон нутгийн наадам нь хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорин баярладаг. Нэг талаар тухайн жилийнхээ ажил үйлсийг тайлагнаж, ажил үйлс, авьяас билгээрээ шалгарсан хүмүүсээ Төрийн дээд одон шагналаар шагнадаг уламжлалтай.

Энэ утгаар Дорноговь аймагт шагналын хур буух төдийгүй хөтөлбөр арга хэмжээг өргөн дэлгэр байхаар төлөвлөсөн байна. Наадмын комиссоос Засаг даргын дамгын газартаа шаардлагатай санхүүг батлуулах хүсэлт өгчээ.

Хариу гарах даруйд тус аймаг баярын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах юм байна.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЖУУЛЧНЫ БҮСҮҮДЭД ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОНО

Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 29-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Тус аймаг баяр наадмыг угтаж энэ сарын 17-нд “Сайханы сарлагийн баяр” Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулан дахь Ёлын аманд зохион байгуулахаар болжээ. Үүний дараагаар аялагчдад зориулсан хэд хэдэн хөтөлбөр байг бөгөөд аймгийн нийт олныг тэгш ойдоо өргөнөөр хамрагдахыг хүссэн байна.

Цар тахлын хугацаанд өсвөрийн бөх барилдуулаагүй бол энэ жил тэгш ойн хүрээнд өсвөрийн бөхчүүдийг барилдуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ мягмар гаригт бүх нийтээр амарна DNN.mn

Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14 /2022.06.14/-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна” гэжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн баярын болон тэмдэглэлт өдрүүдэд нийт 15 хоног амардаг.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарныхан “алхангаа ярилцъя“ арга хэмжээг зохион байгуулж байна DNN.mn

Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдсэн. Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа суртчилж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk” гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая” гэв.

Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: БНСУ-д амиа алдсан монгол иргэний хэргийг шалгаж байна DNN.mn

Өмнөд Солонгост гэрээтээр ажиллаж байсан монгол залуугийн цогцос 20 хоногийн талаар олдсон тухай гэр бүлийнхэн нь цахим хуудаст мэдээлжээ. Тэдний хэлж байгаагаар хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа аж. Мөн Элчин сайдын яаманд хандсан ч анхаарахгүй байгаа гэжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Яамнаас өгсөн мэдээллээр энэ хэрэг өнгөрсөн онд гарсан. Гадаад харилцааны яам, Сөүл дэх ЭСЯ ажиллаж байгаа. Ар гэр нь Өмнөд Солонгосын шалгаж байгаа хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгч, хэрэг нээлгээд шалгалтын ажил үргэлжилж байна.

Монгол залуу амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ГХЯ, Консулын газар байнга холбоотой ажиллаж байгаа. Мөн хэрэг бүртгэлийн дагуу мөрдөн шалгах ажил тухайн улсад үргэлжилж байна.

Гэр бүлийн төлөөлөлтэй нь ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан хамт байгаа бөгөөд мэдүүлэг өгөх, цагдаагийн байгууллагад очиход нь байнга байлцаж байгаа. ГХЯ, ЭСЯ бүгд мэдээлэлтэй, өргөдөл гомдлыг уламжлан ажиллаж байна. Тухайн нас барсан хүний ар гэрийнхэн яаманд ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Зөрүү, ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна. ГХЯ тухайн хүний чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн. Мөн гэрийнхнийг нь БНСУ-руу явахад дэмжлэг үзүүлсэн байгаа. Нас барсан шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар тогтоох хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногууд ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын хоногууд ихэнх нутгаар дулаарна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Зургадугаар сарын 12-ны 20:00 цагаас зургаадугаар 13-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээ.

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус дулаан.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байх төлөв гарчээ.

Эх сурвалж: ЦУОШГ