Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 87 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 87 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс

  • 25 нь Улаанбаатарт
  • 62 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,122-д хүрсэн бол нас баралт 2,116 болжээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын ихэнх нь орон нутагт батлагдсан байна. Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутгаар аялах, зорчихдоо амны хаалтаа зүүж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Хамгийн сүүлд зургаадугаар сарын 10-нд гэхэд л халдварын нийт 71 тохиолдол бүртгэгдсэнээс 28 нь Улаанбаатарт, 43 нь орон нутагт байв.

Categories
гадаад мэдээ

Япон улс ОХУ руу ачааны машин, самосвал, бульдозер экспортлохоо зогсоожээ DNN.mn

Өнгөрсөн баасан гаригт Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда Оросын эсрэг тогтоож буй шинэ хоригоо танилцуулжээ.

Хоригийн хүрээнд тэд ОХУ руу ачааны тэрэг, самосвал, бульдозер зэргийг экспортлохоо зогсоох болсон байна.

Түүний өгүүлснээр, “Сайд нарын танхимын зургаадугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр Япон улс ОХУ-ын аж үйлдвэрийн дэд бүтцийн хөгжилд шууд нөлөө үзүүлж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг тэдэнд экспортлохоо зогсоох боллоо. Үүнд, хүнд оврын машин механизм, самосвал, бульдозер болон бусад хүнд тоног төхөөрөмж багтах юм.

Хориг ирэх 17-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” хэмээжээ.

Эх суравлж: ТАСС

Categories
мэдээ цаг-үе

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 12 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

McDonald’s эрүүл, шим тэжээл өндөртэй бүтээгдэхүүнүүдээ цэснээсээ хасахаар болжээ DNN.mn

Америкийн түргэн хоолны тэргүүлэгч сүлжээ McDonald’s эрүүл хоолны цэсний борлуулалтаа зогсоох шийдвэр гаргажээ.

Bloomberg News сувгийн орон нутгийн цагаар 10-ны мэдээлснээр, McDonald’s-ын удирдлагуудын зүгээс хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ хурдасган ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 14,000 McDonald’s-ын салбараас салат, жигнэсэн тахианы махтай бургер, жимстэй тарагтай парфет зэрэг 10 орчим нэр төрлийн цэсийг хасах юм. Үүний оронд тус компани гамбургер, шарсан тахиа, Макфлурри зэрэг уламжлалт, нэр хүнд өндөртэй цэсний борлуулалтад анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.

Энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгааны хамгийн нэгдүгээрт цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх, мөн ашиг орлогын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг орж буй юм. Түүнчлэн бэлтгэхэд цаг хугацаа их зарцуулдаг хэрнээ эрэлт багатай эрүүл, шим тэжээлтэй цэсийг халах замаар хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилготой аж.

Гэвч уг шийдвэр нь зөвхөн АНУ-ын салбар дэлгүүрүүдэд хамаарах юм. Итали, Нидерландын салбарууд салат, Их Британийн салбарууд хуруун өргөст хэмхэн зуушаар үйлчилсээр байх аж.

Тус компанийн албаны хүн хэлэхдээ “McDonald’s эрэлт багатай бүтээгдэхүүнийг цэснээсээ хассанаар дэлгүүрийн үйл ажиллагааг хөнгөвчлөн, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

McDonald’s-ын франчайз эзэмшигчид компанийн зүгээс гаргасан энэхүү шийдвэрийг талархан хүлээж авч байна. Франчайзын нийгэмлэгийн гишүүн “Эрүүл, шим тэжээлтэй цэс нь бэлтгэх явц удаан, хамаагүй их хөдөлмөр шаарддаг хэрнээ эрэлт бага байдаг. Уг шийдвэрийн ачаар үйлчилгээний чанар, хурдыг нэмэгдүүлнэ.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч борлуулалт муутай бүтээгдэхүүнийг цэснээсээ хасч, бүтээмжийг нэмэгдүүлж байгааг McDonald’s-ын хөрөнгө оруулагчид ч баяртайгаар хүлээн авах болно хэмээн онцлов.

Зоогийн газрын зөвлөх үйлчилгээний King-KC компанийн гүйцэтгэх захирал Том Күк “McDonald’s компанийн эрүүл, шим тэжээлтэй цэс нь байгууллагын имижийг сайжруулахад үр дүнтэй байсан ч борлуулалтын гүйцэтгэлд төдийлөн тус болсонгүй” хэмээн үнэлжээ.

Зөвхөн эрүүл, шим тэжээлтэй бус калори болон давс ихтэй зарим бүтээгдэхүүнүүд ч энэ удаад цэснээс хасагдаж байгаа гэв. Хэрэглэгчдийн дунд нэр хүнд багатай, эрэлт удаантай цэсийг хассан нь олон сайн үр дагаврыг авчирна хэмээн ихээхэн хүлээлт үүсгэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Burger King ч өнгөрөгч 12-р сараас шинэ ногооны салатыг цэснээсээ хасах зэргээр цар тахлын дэгдэлтийн дараачаас зөвхөн McDonald’s төдийгүй АНУ-ын бусад ресторанууд хэрэглэгчдэд санал болгодог цэсний тоогоо цөөрүүлэх арга хэмжээг авсаар байгаа юм.

Зах зээлийн судалгааны Datacentre фирмийн мэдээлснээр корона вирусийн дараа нийт нийтийн хоолны бизнес эрхлэгчид цэсний тоогоо дунджаар 10 гаруй хувиар бууруулаад байгаа ба өнгөрсөн жил л гэхэд 10 ресторан тутмын 6 нь гол нэрийн хоол болон амттан, уух зүйлийн нэр төрлийн тоогоо дунджаар 37 хувиар бууруулсан байна.

Эх сурвалж: Asiae

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ядраад байвал бүхнийг мартаад нутаг руугаа нэг явчихаад ирээрэй DNN.mn

Үе үехэн нутаг усаа бодож, тэртээх сайхан дурсамжууд тань нэхэн санагдаж байвал та ажлын хэт их ядаргаанд орсон байна гэсэн үг. Ажлын хэт их ядаргаа гүнзгий шатандаа орвол мэргэжлийн гаралтай мэдрэлийн архаг өвчин тусах ч эрсдэлтэй байдаг аж. Уг мэдрэлийн архаг өвчлөл нь хүнд шатандаа хүнийг солиоруулах, сэтгэц мэдрэлийн эмгэгтэй болгодог байна.

Энэхүү өвчлөл нь сүүлийн үед дэлхий нийтээр ихэсч байгааг ч олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулаад байгаа юм. Дэлхийн томоохон компаниуд ч энэхүү өвчлөлөөс ажилчдадаа урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын цагийг багасгаж, аль болох амралтын цагаараа гэр бүлтэйгээ онгон зэлүүд байгалиар аялахыг уриалсан байна. Монголд ч гэсэн сүүлийн үед ажил, мэргэжлийн гаралтай мэдрэлийн өвчлөл ихсэх болсон. Магадгүй амьдралын олон замын хаагуур нь явахаа ч мэдэхгүй үе бидэнд бишгүй дээ л байдаг. Амьдрал бол сонголт, сонголт бол хувь тавилан хэмээн нэгэн аугаа сэтгэгч хэлсэн удаатай. Түүн шиг ажлын хэт ядаргаанд орсон, эсвэл амьдралын хүнд хэцүү үе тохиолдож шийдвэр, гарц хайж байгаа бол төрсөн гэртээ эсвэл нутаг руугаа нэг явчихаад ирэхэд гэмгүй юм.

Монголын сор болсон сэхээтнүүд, утга уран зохиолын их мастерууд, дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж яваа оюуны их хүмүүн бүгдийн онгод, уран бүтээлийн ололт амжилтын охь ундарга нь ямагт төрж өссөн нутаг, уул, усных нь их энерги түшиц байдаг. Хүний унасан газар, угаасан ус гэдэг хүйн холбоотой учраас аливаа бүхнийг эргэцүүлэн тунгааж, амьдралыг өөр өнцгөөс нь харах ухааны мэлмийг нээдэг гэнэ. Тэр дундаа монголчуудын хувьд энэхүү байгаль дэлхийтэйгээ холбогдсон хүйн холбоо бусад үндэстнүүдээс илүү байдаг нь бидний нүүдэлчин ахуйтай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг.

Тиймээс л монгол ээжүүд бүгд л үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Нутгийн минь заяа хүүг минь түшиг ээ” хэмээн уул, ус, хангай дэлхийдээ залбирдаг байх. Ямартаа ч энэхүү нийгмийн гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд танд амралт хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Д.Болд: Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ DNN.mn

Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээлж байна.

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “Хятадаас жимс, нарийн ногоо ачсан эхний 17 вагон Улаанбаатар ирсэн. Эрээнд халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 200 гаруй нь шинж тэмдэггүй байна. Халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгааг мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдал хумигдаж байна гэж харж байна. Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш нарийн ногоо, жимсний экспорт зогссон байсан. Энэ сарын 11-нээс хэвийн болж, нутгийн гүнээс орж ирж буй нарийн ногоог Эрээнд тусгаарлагдсан ажилтнууд ачилт хийж байна.

Тяньжин далайн боомтод 7,000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээллийг Хятадын талаас мэдээлсэн. Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж буй. Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэд сайн дураараа Туул гол, Сархиа уулыг цэвэрлэжээ DNN.mn

Амралтын өдөр (2022.6.12)-ийн 14 цагийн орчимд Зайсангийн гүүрний дэргэд цагаан хувцсаар жигдэрсэн, ажлын бээлий өмсөж, урт төмөр чимхүүр бариад баяр хөөртэй байсан залуус бол хог цэвэрлэхээр цугласан WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд байлаа.

“Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, тэдний ар гэр, хөрш гээд ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцлоо.

Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Үзмээ: “WeLoveU” олон улсын байгууллагаас өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул гол орчимд цэвэрлэгээ хийхээр олон гишүүд нь оролцож байгааг харахад сэтгэл хөдөлж байна. Цаашид энэ хөдөлгөөнөө олон удаа зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран ажиллахыг хүсэж байна. Амралтын өдрөөрөө байгаль орчноо хамгаалах, цэвэр байлгахад цаг гарган ирж, ийм сайхан ажилд сайн дураараа оролцож байгаа та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэв. Сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөнд оролцсон Хан-Уул дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл: “Өнөөдөр WeLoveU байгууллагын залуус Туул голоо цэвэрлэсэн нь маш чухал. Туул дэлхийн бохирдолтой голуудын тоонд ордог. Үүний гол шалтгаан бол хог хаягдал, химийн бодис юм. Энэ хог хаягдлаас болж Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бохирдож байна. Загас жараахайнууд нь багасаж, голын эрэг орчмоор хогийн ургамлууд ургаж байгааг судлаачид тогтоосон. Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” уриаг дэвшүүлж, хог хаягдлыг багасгах, бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бидний энэ зорилготой нэгдэж хамтран ажиллаж байгаа залуустаа талархсанаа илэрхийлье. Цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ

“Цэвэр дэлхий” хөдөлгөөний үйл ажиллагаа Улаанбаатар төдийгүй Эрдэнэт хотод нэгэн зэрэг өрнөсөн. WeLoveU байгууллагын Эрдэнэт хот дахь сайн дурын гишүүд Сархиа уулын хог хаягдлыг цэвэрлэсэн хэмээн тус байгууллагаас мэдээлэв

Categories
гадаад мэдээ

Ангела Меркелийн анхны бүрэн ярилцлага ба хэвлэл, мэдээлэл DNN.mn

Германы канцлер асан Ангела Меркель энэ сарын 7-нд Берлин хотын “Шаубюне”театрын тайзнаа гарч, тэтгэвэрт гарснаасаа хойш анх удаагаа томоохон ярилцлага өгсөн юм.Түүний ярилцлагыг нэр хүндтэй хэвлэлүүд юу гэж дүгнэв?


Германы “Süddeutsche Zeitung” сонин: Хатагтай Меркель та Путины сул талыг эртнээс ингэж сайн мэдэж байсан юм бол эх орноо яагаад ингэж Оросын нефть болон хийнээс хэт хамааралтай болгосон юм бэ? Путинтэй эцсийн мөч хүртэл яриа хэлэлцээ хийх нь зөв байсан юм байж. Харамсалтай нь канцлерын удирдаж байсан “том эвсэл” Кремлийн харилцан ярилцагч нь Крымыг хүчээр булаан авснаар харилцан ярилцагч бус ардчилсан улсуудад дайн зарлагч болсныг огт анзаарсангүй. Меркель Путины муу хүн болохыг тийм эрт мэдсэн юм бол яагаад түүнээс эрчим хүчний ийм хэт хамааралтай болж батлан хамгаалах зардлаа хайр найргүй танан Германы армийг эх орноо болон НАТО-гийн гишүүн улсуудыг хамгаалах чадваргүй болгосон байх вэ? Украины энэ аймшигт дайн Меркелийн удирдагч байхад нь бий болсон өөгүй цагаан нэр хүндийг өдөр өдрөөр харлуулж байгаа нь үнэн.

Германы “Mitteldeutsche Zeitung” сонин: Меркель буруугаа шударгаар хүлээх нь зүйд нийцэх байсан.Тэр Оросын “Хойд урсгал-2” шугамыг эцсээ хүртэл дэмжиж байсан. Энэ бол яах аргагүй том алдаа. Гай нь олон жилээр үргэлжлэх энэ алдаатай шийдвэрээс зайлсхийх боломж түүнд бүрэн байсан.

Германы “Allgemeine Zei­tung” сонин: Ангела Меркель Оростой харилцаж байсан харилцаандаа шүүмжлэлтэй хандахаас улайм цайм бултаж байгаа нь “гөжүүд”, “хэт өөрийнхөөрөө зүтгэж буй” увайгүй явдал. Түүний явуулж байсан улс төрийн үр дүн өдөр ирэх бүр хүний амь нас, гай гамшгаар төлөгдөж байхад тэр хариуцлагаа хүлээх ёстой болох нь дамжиггүй. Мөн Германы “Badische Neueste Nachrichten” сонин: Меркель Путинд “гэнэн хонгор” зан гаргасан. Nürnberger Nach­richten сонин: Меркель Путиныг муу хүн болохыг эрт мэдсэн гэдэгт итгэж байна. Харин үүндээ дүгнэлт хийн зөв шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг тэр огт ойлгоогүй байна.

Швейцарийн “Neue Zürcher Zeitung” сонин: “Шаубюне”-д Меркелийн “бишрэн шүтэгч” бус сэтгүүлч түүнээс асуулт, хариулт авсан бол энэ ярилцлага огт өөр ярилцлага болох байсан нь ойлгомжтой.

Польшийн “Rzeczpos­polita”: Меркелийг Оросын асуудалд алдаа гаргаснаа шууд хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байсан ч арай ч ийм улайм цайм өөрийгөө зөвтгөсөн ярилцлага өгнө гэж санасангүй. Түүний ярьж буйгаар “Минскийн хэлэлцээр”-ийн ачаар дайнд бэлдэх бүтэн долоон жилийн боломж олдсон тул украинчууд Меркельд баярлахаас өөр аргагүй хэрэг үү?!

Америкийн “Wall Street Journal”: Хэн нэгэн улс төрчийн гадаад бодлогын нэр хүнд канцлер Ангела Меркелийнх шиг ийм богино хугацаанд ингэж орвонгоороо эргэж байсан удаагүй. Түүний гол алдаа нь 16 жил төр тэргүүлэхдээ Владимир Путины их гүрэн байгуулах хүслийг хазаарлаж болно гэж андуурсан явдал. Үр дүнд нь Герман төдийгүй Европыг Путины эрчим хүчний шантаажид оруулж, Киевыг эзлэхэд бүх европчууд үүнийг эсэргүүцэхгүй гэж Путиныг итгэхэд хүргэсэн явдал… Меркель Европын эрх чөлөөнд “баавгай”-н саврын хүчийг мэдрүүлэх нөхцөлийг бий болгосон.

Эцэст нь нэмэхэд, Ангела Меркелийн ярилцлагын дараа Холбооны Герман улсад суугаа Украины Элчин сайд Андрей Мельник Украины дайн эхэлснээс хойш ХБНГУ-ын ОХУ-аас авсан импорт 40 хувь өсч, Путин нэмж зургаан тэрбум еврогийн орлого олон дайндаа ашиглаж, харин Украин-Германы худалдаа 11 хувь буурсан болохыг дэлхий нийтэд албан ёсоор мэдэгдсэн.

Энэ нь Путин бол Меркель тэргүүтэй тухайн үеийн барууны улстөрчдийн гардан бий болгосон “биелсэн чөтгөр” бөгөөд тэд АНУ-аас хамааралгүй улс төр явуулж байгаагаа “гайхуулан”, сонгогчдынхоо өмнө үнэгүй тоглосон “улс төр, эдийн засаг тусдаа байх ёстой” гэсэн эмгэнэлт жүжгийн гай өнөөдөр ч үргэлжилсээр байна гэсэн үг юм. Энэ нь тухайн үедээ сонгогчдод таалагддаг ч хожим нь гай болох харалган шийдвэр гаргагчдыг улс төрд популистууд гээд байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

“Элэгний дельта вирусын халдвартай иргэдийг оношилгоо, эмчилгээнд хамруулна” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

С.Энхболд: Элэгний дельта вирусын халдвартай иргэдийг оношилгоо, эмчилгээнд хамруулна

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар танилцуулав. Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусын халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусын оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг салбарын сайд тодотгоод 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусын халдвар эзэлж байна.

Гепатит В вирусын халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусын халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна гэж байлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусын халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг найман лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна.

Үүнд, элэгний В вирусын таван нэрийн найман төрлийн эм, элэгний С вирусын гурван нэрийн найман төрлийн эм олгож байна. Үүний нэгэн адил элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна. Hepcludex эмийг 2021 оны А/347 дугаар тушаалаар хоёр жилийн хугацаагаар өнчин эмийн жагсаалтад оруулсан.

Ингэснээр Монгол Улс уг эмийг импортлон эмчилгээнд хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэхүү эм нь 1995 оноос эхлэн судлагдаж, 2014 оноос Европын орнуудад эмнэлзүйн туршилтыг эхлүүлэн, 322 өвчтөнд хэрэглэсэн бөгөөд эрүүл мэндийн ноцтой хүндрэл гараагүй, эмчилгээний үр дүн сайн гэж үнэлэгдсэн гэж байлаа.

Эрүүл мэндийн сайд хорт хавдарын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэж улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаарх мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлж, хувь хүний онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх, оношлох тогтолцоог бүрдүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан байна.

2022 онд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ”-г тус тус баталсан гэдгийг дурдлаа.

Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгоод эрүүл мэндийн даатгалын багцад орсон үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой.

2022 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 9-ний байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 170 778 хүн хамрагдсанаас 46.2 хувь нь эрэгтэйчүүд, 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Байршлаар нь харуулбал 86 739 буюу 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 84 040 буюу 49.2 хувь нь орон нутагт хамрагдсан. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар өвчлөлийн 71643 тохиолдол бүртэгдсэнээс 51711 буюу 72.1 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7.5 хувийг дотоод шүүрлийн эмгэгүүд, 5.2 хувийг амьсгалын тогтолцооны эмгэг, 2.9 хувийг зүрх судасны эмгэг эзэлж байна гэв.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан иргэд эх орондоо оношлогдон эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орчин үеийн үндэсний оношилгоо, эмчилгээний төвүүдийг байгуулах ажлын явцын талаар мэдээлэв.

Мөн мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн гавлын суурийн мэс засал, тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед ашиглагддаг, эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага, тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авах сүүлийн үеийн шинэ технологи “Мэдрэлийн болон чих хамар хоолойн мэс заслын навигацийн төхөөрөмж”-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын нэгдсэн I,II,III төв эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна гэж байлаа.

Түүнчлэн 2016 оноос Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээг Улсын нэгдсэн III төв эмнэлэгт хийж эхэлсэн. 2021 онд энэ эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетер аблаци”-ийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, эмчилгээ үйлчилгээ хийхэд бэлэн болгосон гэв.

Нарийн гэдэсний оношилгоо хийхэд хүндрэлтэй байдаг байсан өндөр өртөг бүхий “нарийн гэдэсний дуран” тоног төхөөрөмжийг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, дурангийн оношилгоо, эмчилгээ хийж эхэлсэн. Үндэсний хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд удамшлын эмгэг, хромосомын эмгэгийг цитогенетик, молекул биологийн аргаар оношлох, пренатал скрининг, оношилгоо хийх зорилготой жирэмсний 1 ба 2 дахь гурван сард хийгдэх удамзүйн шинжилгээний цогц аргаар шинжлэх, удамзүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, удамшлын эмгэгийн өнөөгийн байдалд тандалт хийх “Удам зүйн лаборатори”-ийг 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улсын төрөх эмнэлгүүдэд суурилуулж байна. Коронавируст халдварын эмчилгээ, эрчимт эмчилгээний зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг С.Энхболд сайд мэдээлэлдээ дурдлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Баярсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сарангэрэл: Манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг би бардам хэлнэ DNN.mn

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Өмнө нь та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Тэр утгаараа саяхан хэрэгжиж эхлээд байгаа нийт иргэдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношилгооны ажил ямар хэмжээнд явж байна вэ. Үүнд 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үр дүнтэй ажил гэж харж байна уу?

-Эрүүл мэндийн салбарын суурь бодлого бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал. Эмнэлэг нэмж барихаас ч илүү чухал ажил. Тиймээс ч сайдаар ажиллаж байхдаа энэ чиглэлд онцгойлон анхаарсан, бодит алхмуудыг ч хийсэн. Тухайлбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг дахин гурван жил ашиглалтад орох хугацааг хойшлуулах санал орж ирснийг хүлээж

авалгүй төслийн багийг бүрэлдэхүүнээр нь өөрчилж бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан эмнэлгийн багт үйл ажиллагааг нь шилжүүлсэн. БНСУ-ын оролцогч талыг ч шахсан. Үр дүнд нь гурав биш, есөн сарын хугацаанд тус төв ашиглалтад орсон. Одоо энэ төв үндэсний хэмжээнд үйлчилж, хөдөө орон нутгийн иргэд ч ирдэг болсон. Арван жил гацсан 300 ортой эмнэлгийг ч бид ашиглалтад оруулсан. Энэ бүхнийг хэлээд байгаа учир нь оношилгооны чадавх эрс дээшилсэн үед иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт орж байна. УНТЭ, УХТЭ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих” төв байгуулсан. Өөрөөр хэлбэл, эрүүл байгаа эсэхээ шалгуулах гэж байгаа хүмүүс өвчтөнүүдтэй зэрэгцэж үзлэгт орохыг таслан зогсоох ажлыг эхлүүлсэн. Эс бөгөөс иргэд оочер дараалалд төвөгшөөгөөд мөн элдэв халдвар авахаас болгоомжилж үзлэгт орж өгдөггүй.

Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэлээ. Нийтээр явагдаж байгаа эрүүл мэндийн үзлэг үнэхээр үр дүнтэй явагдаж байна уу. Үр дүн гаргахын тулд яах ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хүний нас,хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилж явуулах нь, үр дүнтэй байдаг. Жишээ нь умайн хүзүүний хорт хавдраар 30 наснаас өвдөх магадлал бий болж, 50 наснаас дээш эрсдэл өндөр болдог учраас энэ зорилтот бүлэг рүү илүү анхаарал хандуулах учиртай. Саяхан Багануур дүүрэгт ажиллалаа. Үзлэг маш амжилттай явж байна. Эрүүл мэндийг дэмжих төвөө байгуулчихсан, үзлэгээ шуурхай,чирэгдэлгүй хийж байна. Ер нь “Нийгмийн эрүүл мэндийн төв”-ийг эхний ээлжинд 21 аймаг, есөн дүүрэгтээ байгуулах хэрэгтэй. Хуулийн зохицуулалт ч бий. Зарим газар айхтар их хөрөнгө гаргахгүйгээр зохион байгуулалт хийгээд байгуулчих боломжтой. Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг нэн шаардлагатай. Гагцхүү үр дүнтэй зохион байгуулах нь чухал. Энд мэргэжлийн хүмүүсийн үг маш чухал. Хэлэлцүүлэг, зөвлөгөөн хийж явцаа дүгнэж, эдийн засгийн үр ашгаа тооцож, алдаа оноогоо дэнслэн, засах шаардлагатай бол хурдан өөрчилж, эрүүл мэндийн байгууллагууддаа мэргэжил арга зүйн нэгдсэн зөвлөгөө өгөөд яваад байх хэрэгтэй. Бид үзлэг зохион байгуулж байсан. Ковидын улмаас зогссон.

-Алслагдсан малчин өрхүүд яаж энэхүү үзлэгт орох вэ гэдэг нь их чухал байгаа шүү дээ?

-Хөдөө, орон нутагт явуулын баг ажиллуулахгүй бол малчид, иргэд үзлэгээс орхигдоод байдаг. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 170 мянган хүн үзлэгт хамрагдаж тэдгээрээс 70 мянга гаруй нь ямар нэгэн өвчинтэй нь тогтоогдож, мөн 70 гаруй хорт хавдрын тохиолдлыг илрүүлжээ.Олон нийт, ард иргэд рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил урьдчилан сэргийлэлтэд хамгийн чухал. Нийгмийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг соён гэгээрүүлэх ажил байдаг. 2022 онд өвчнийг эрт илрүүлэх үзлэгт 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгийг зөв зарцуулж чадвал хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлөхөөс гадна эмнэлгийн ачаалал багасгаж, зардал бууруулах ач холбогдолтой. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор урьдчилан сэргийлэхэд 150 мянган төгрөг зарцуулах нь өвдсөн үед нэг хүний эмчилгээнд зориулах 11.2-12.3 сая төгрөгийг хэмнэнэ гэж гарсан байна лээ.

-Та ковид анх дэгдэж байхад сайдаар ажиллаж байсан хүн. Одоо Монгол Улс ковидыг яг ялан дийлсэн үү. Бид одоо ковидоос айх шаардлагагүй юу. Ковидтой холбоотойгоор дэлхий нийтийн хандлага хэвийн болсон уу?

-Өнөөдөр энэ асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байна. Салбар хариуцсан сайд “Энэ намар халдварлах болон хоруу чанартай, нас баралт өндөртэй коронавирусийн халдвар тархана” гэсэн. Олон улсын түвшинд яригдаж буй учраас ийм мэдээлэл хийсэн хэрэг. Бид тайвшрах болоогүй гэж бодож байна. Урд хөрш болон БНАСАУ, бусад улс оронд байдал амаргүй байгаа мэдээлэл гарсаар байгаа. Америкт дахиад амны хаалт зүүгээд эхэлсэн байна. Энэ талаас нь аваад үзвэл бид хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч Монгол Улсыг коронавирусийн үе шат бүхэнд оновчтой шуурхай арга хэмжээ авч, хохирол багатай даван туулсан орон гэж үнэлсэн. Бид хүнд үеийг даван туулсан шүү дээ. Эргээд бодоход эрүүл мэндийнхэнтэйгээ хамт бүх боломжоо шавхаж ажилласан санагддаг юм. Энэ цагаас хойш эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард түмэн,улс орныхоо аюулгүй байдлын төлөө цаг наргүй зогссон. Түүхэнд үлдэх гавьяа байгуулсан шүү, манай цагаан нөмрөгт баатрууд.

-Анх ковид манайд гарч халдварын тархалт нэмэгдэх үед нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулсан талаарх шүүмжлэл их гарсан шүү дээ…

-“Ам нээвэл уушги нээ” гэж нэг хүний эмчилгээнд найман сая төгрөг зарсан гэх мэдээллүүд их гарсан. Шинэ өвчин, шинэ вирус тархсан эхний үед дэлхий даяараа эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд орсон байсан. Азийн хөгжлийн банкны тооцооллоор ковидын халдвар дэлхий дахинаа зургаан сарын дотор 8,8 их наяд долларын хохирол учруулах эрсдэлийн тооцоолол гаргасан байлаа. АНУ-д 35-45 мянган доллар, БНСУ-д 10 мянган воноор эмчилж байв. Манайд хэвтэн эмчлүүлэх ор хоног эхний үед 60 хоног байсан. Ер нь дунджаар 27 өдөр болж байсан. Таван төрөлд буюу цус, шээс, шүлс, өтгөн, хамар хоолойд вирус илрэхгүй үед л эмнэлгээс гаргаж байсан. Эмч мэргэжилтнүүд маань монголчуудынхаа дунд халдвар гаргахгүй гэж л ийм шийдвэр гаргасан хэрэг. Ингээд нэг өвчтөн дээр өдөрт гурваас доошгүй удаа эмч, сувилагч нийлсэн 5-8 хүн орж тусламж үйлчилгээ үзүүлдэг, ингэхдээ нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, комбинзон, нүдний шил, маск, усны гутал, малгай өмсөнө. Вирус,нянгийн эсрэг эм тариа, суурь өвчтэй хүндэрсэн хүмүүст өндөр үнэтэй эм тариа хэрэглэх, хоол унд, эмнэлгийн ажилтнуудын илүү цаг гээд бүх зардлыг тооцсон дүн л дээ. Хүн амын дунд халдвар гараагүй байсан учраас эрүүл мэндийн салбарт одоогийнх шиг их наядаар хэмжигдэх төсөв байсангүй. Гэхдээ бэлтгэл хангах шаардлагатайг ухамсарлаж байсан учраас бид шантраагүй зүтгүүлсээр олон асуудал шийдсэн. Нийт 217 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн. Үүний 14 тэрбум нь Засгийн газрын нөөцөөс гарсан. Энэ санхүүжилтээр уушги орлуулах экмо аппарат, амьсгалын аппарат, дусал, тарианы автомат памп, дижитал рентген аппарат, пульс оксиметр, хяналтын монитор, ариутгалын автомакс, эм, тариа, тариур, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж улмаар 21 аймаг, есөн дүүрэгтээ хуваарилсан. Үлдсэн санхүүжилт нь бэлэн мөнгөөр бус тоног төхөөрөмж байдлаар төсөл хөтөлбөрөөр орж ирэх ёстой байсан. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт цаг хугацаа шаарддаг, шат дамжлагатай учраас гэрээ хэлцэл хийсэн хангалтууд намайг ажил өгснөөс хойш зарим нь орж ирсэн. Тодруулж хэлбэл, манай багийн бэлтгэл дээр дараагийн сайд, удирдлагын баг коронатай тэмцсэн гэдгийг би бардам хэлнэ. Үүнийг мэдэх хүн дэндүү олон. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгдүүлж байлаа. Энэ мэтчилэн хагас жилийн хугацаанд гэрээ мартаж ажилласан даа, манайхан.

-Цар тахал эрчимжих үед бүх нийтээрээ энэхүү өвчний эсрэг тэмцсэн. Маш олон төсөл хөтөлбөр, хандивын арга хэмжээ болсон шүү дээ. Зарим иргэд хандиваар цугларсан мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан бэ гэдгийг асууж, шүүмжилж ирсэн. Хандивын мөнгөөр яг юу хийсэн бэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагаас “Ковид-19”-ийн үед ажиллаж байсан төрийн 10 гаруй байгууллага болон Улсын онцгой комисст нийт дүнгээр 12 тэрбум, иргэд 489 сая төгрөг өгсөн дүн гарсан байна лээ. Ихэнх хандив эмнэлэг болон төрийн аль байгууллагад өгөхөө шууд нэр зааж байсан. Онцгой комиссын дарга хандив сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас улсын комисс, яамдууд өөр дээрээ төвлөрүүлэх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн. Харин Улсын онцгой комиссын хурал бүр дээр төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонсож, Шадар сайд олон нийтэд нэгтгэн мэдээлж байсан. Иргэдийн хандивын дийлэнх нь хонь мал, цагаан идээ, витамин, ундаа байсан . Ширхэг зүүг ч 11 цагийн мэдээний үеэр олон нийтийн өмнө авч, тэр дор нь эмнэлгүүдэд хуваарилж байсан. Тиймээс энд нууж хаагаад байх зүйл байхгүй.

-Монголын эрүүл мэндийн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ. Бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллага ачаалал ихтэй харагдах юм. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал их байна. Ер нь одоо томоохон хүүхдийн эмнэлэгтэй болох боломж байхгүй юу. УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн өвчлөл, хүүхдийн эмчилгээ, эмнэлгийн асуудлын талаар санаачилга гарган ажиллахгүй юм уу?

-Зун болчихоод байхад ханиад томуутай, эмнэлгийн ачаалал өндөр хэвээр байна. Энэ гарцаагүй анхаарах ёстой асуудлын нэг. Учир нь тавдугаар сарын эх гэхэд томуу татарч эхэлдэг. Коронавирусийн хувилбар болон томуу үргэлжлээд байгаа асуудлаар судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа чухал шүү. Коронагийн зөөвөрлөгдсөн тохиолдолтой үед ч бид судалгаа хийж байсан. Хүүхдийн эмнэлгийн тухайд 300 ортой эх, хүүхдийн лавлагаа шатны эмнэлэг байгуулагдаад ашиглалтад орсон. Манай эмэгтэй гишүүдийн хичээл зүтгэл 10 жил гацсан энэ эмнэлгийг ашиглалтад оруулахад их байсан. Энэ бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дараа орох 34 мянган метр квадрат талбайтай, шаардлагатай үед 1500 ор дэлгэх хүчин чадалтай эмнэлэг. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ мэтчилэн хүүхдийн ор нэмэгдсээр байгаа. Дулааны улиралд насанд хүрэгчид эмнэлэгт хэвтэх явдал эрс багасдаг судалгаа бий. Хүүхдийн ачаалал их байгаа үед бодлогын яам зохицуулалт хийх бүрэн боломж бий. УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нийгмийн өмнө тулгамдаж буй ялангуяа ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Одоо П.Анужин гишүүн маань ахлаад амаржих газрын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийг сайжруулахаар бид ажиллаж байна.

-Эмийн асуудлаар сүүлийн хэдэн өдөр эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эхчүүд жагсаж байна. Саажилтын эм байхгүй зэрэг тэдний тавьж буй асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй би уулзсан. Манай хэд хэдэн гишүүн мөн ярилцсан. Эцэг, эх хүний амьдралын зорилго үр хүүхдүүдийн маань сайн сайхан юм шүү дээ. Уналт таталт, булчин сулралын 29 эмийн хүртээмжийн асуудлыг эцэг,эхчүүд тавьсан. Эм нь байгаа ч үнэ нь дийлдэхгүй асуудал бас байна. УИХ-ын чуулган дээр энэ асуудлыг гишүүнийхээ хувьд хөндөж ярьсан. Эцэг, эхчүүдтэй Ерөнхий сайд мөн уулзаж эдгээр эмийн үнийг 100 хувь төр хариуцах болно гэдгээ мэдэгдээд байгаа.

-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, цаашлаад эмч, ажилчдынх нь мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тал дээр тодорхой бодлого гаргаж ажиллах уу?

-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өрхийн эрүүл мэндийн төвүүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Манай улсад 4459 эрүүл мэндийн байгууллага байгаагаас 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажиллаж буйн 22.3 хувь нь анхан шатанд байна. Эдгээр тоогоор өрхийн эмнэлэг нийгэмд ямар их үүрэгтэй мөн шаардлагатай болохыг харж болох юм. Өрхийн эмнэлэг байгуулагдаад 20 жил болж байна. Энд чадалтай, сэтгэлтэй хүмүүс ажилладаг. Тогтвортой ажиллах нөхцөл, цалин урамшууллын асуудлыг шийдэх шаардлагатай. 2014 оноос хойш энэ салбарын цалин мөнгө огт өөрчлөгдөөгүй байсныг 2018 онд Засгийн газар цалингийн сүлжээг өсгөж, мөн цалинг 40-60 хувиар нэмэгдүүлсэн. Үнийн өсөлтийн индекстэй уялдуулан дахин нэмэх шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулах, гадаад улс оронд туршлага судлуулж мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой.

-Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд өнөөгийн засгийн газрын бодлого, зорилтуудыг тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг та хэрхэн хүлээн авч байна. Улстөрчдийн зүгээс Засгийн газрыг бодлого, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд л ярьсан сайд нар байна. Яг амьдрал дээр ажил хийж байгаа нь ховор байна гэсэн шүүмжлэлийг их ярих боллоо?

-Муу ажиллая гэж боддог Засгийн газар, сайд гэж үгүй л дээ. Дотоод, гадаад нөхцөл байдал, ур чадвар, удирдах ухаан гээд олон хүчин зүйл Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энэ талаас нь аваад үзвэл ковид, олон улсын хурцадмал байдал зэрэг гэнэтийн хүчин зүйл зөвхөн Монголын бус дэлхийн бүх улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ үед эдийн засгийн хараат байдал бидэнд илүүтэй мэдрэгдэж байна. Шинэ сэргэлтийн бодлого энэ байдлаас гарахад чиглэсэн, алсаа бодсон шийдэл гэж үзэж байгаа. Үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Шивээхүрэнгийн боомтыг өргөтгөж байна. Таван толгой-Гашуунсухайтын 233,6 км төмөр замыг барьж дууслаа. Үр дүнд нь ачаа тээвэрлэлт, бараа эргэлт нэмэгдэнэ. Ирэх хагас жилд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа даадаг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ер нь боомтын сэргэлтийн хүрээнд төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоолол бий. Энэ зорилгодоо хүрсэн байхад эдийн засаг илт сэргэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

-Монголын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Урд, хойд хөрш хилээ хаахад л манайд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн өсөлт хэт явагдаж байна шүү дээ. Энэ байдлаас бид яаж гарах вэ?

-Улс орнууд өөр хоорондоо харилцан хамааралтай байгаа олон жишээг дурдаж болно. Орос-Украины дайн олон орныг улаанбуудай, малын тэжээлийн хомсдолд оруулчихлаа. Европын орнууд хийн хангамжийн дутагдалтай боллоо. Манайх ч хүндрэлийг тойрохгүй дайрч байна. Ковид болон дайны улмаас дэлхийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Ийм үед зарцуулж байгаагаасаа илүү орлого олох, улс орон, ард иргэд дотооддоо эв нэгдлээ хадгалж, бие биенээ хүндлэх, дэмжих, туслах явдал чухал. Тиймээс бид хүнснийхээ 80 шахам хувийг гаднаас авдаг, нүүрсний экспорт буурахад хүндрэлд ордог зэрэг байдлаа бодлогоор засах хэрэгтэй болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын зорилго энэ л дээ. Гэнэт санаанаасаа зохиочихсон зүйл ч биш. Хоёр жил гаруйн хугацаанд 50 гаруй эрдэмтэнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг боловсруулж түүнээсээ хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлээ тодорхойлж шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж ирсэн байдаг.

-Хаврын чуулган удахгүй хаах гэж байна. Та энэ чуулганаар ямар хуулийн төсөл санаачилж ажилласан бэ.

-Олон хуулийн төсөл дээр гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэй гишүүд бид Гэр бүлийн тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, зарим хуулийн төсөл хэлэлцүүлгийн түвшинд явна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай, Улс төрийн намын тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай зэрэг олон хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Онцгой албан татварын тухай хууль батлагдсанаар хүүхдүүд зонхилон хэрэглэдэг, сургууль орчимд нь худалдаалдаг ундааны сахарын хэмжээ таван грамм хүртэл байхаар хуульчилсан.Үүнээс их байвал татвар нэмэгдэх юм. Дэлхийн улс орнуудын жишгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчилсөн тохиолдолд хуулиа цуцлах боломжтой. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын үйчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, орон нутаг, сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх ажлыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яаманд хариуцуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд рүү чиглүүлж өргөжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлд орсных нь дараа биш, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах боломж нөхцөлийг хуулиар нээж өгч байгаа юм. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэхээр D-parliament аппликэйшн болон сайтад санал авахаар тавьсан. Манай улсад “бизнес эрхлэгч эмэгтэй” гэсэн тодорхойлолт хууль, тогтоомжид байдаггүй, тэдэнд үзүүлэх төрийн дэмжлэг хангалтгүй байна. Тэр ч бүү хэл судалгаагаар эмэгтэйчүүд барьцаа хөрөнгөгүй, орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн хүний нэр дээр байдаг тул эмэгтэйчүүд найдваргүй зээлдэгчид тооцогддог. Амьдрал дээр авсан зээлээ эмэгтэйчүүд хамгийн сайн төлсөн байдаг. Хуультай болсноор аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд ээлтэй эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар УИХ-д өргөн барина . Энэ бол эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж байгаа чухал ажил болно. Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Гэрлэлт цуцлагдсан эсэхээс үл хамаарч эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэхэд санхүүгийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх ёстой. Хүүхэд өвдөхөд ганц бие эцэг, эхэд халамж асаргаа, эмчилгээний зардлын хүндрэл үүсдэг. Тэтгэлгийн хэмжээ албан татварт ноогдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээтэй байхаар төсөлд суусан.Тэтгэлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол банкин дахь данснаас нь үл маргах журмаар суутгаж авах, хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох зохицуулалт төсөлд суулгаж өгсөн. Хүүхдээсээ хоногийн хоол, эрүүл мэнд, сурч боловсрох хэрэгцээний мөнгийг харамлаж болохгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг идэвхтэй ярьж байна. Таныхаар Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах шаардлага үнэхээр байна гэж үзэж байна уу?

-УИХ болон бүлгийн түвшинд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ярилцаагүй байгаа. Парламентад суудалтай гурван нам болон бусад улс төрийн 24 нам хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг тодорхойлсон Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэнтэйгээ хамт хийх байр суурийг МАН илэрхийллээ. Хүний эрхийн асуудлыг шинэ шатанд гаргаж, хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн Цэцээр хамгаалдаг болох саналыг манай намаас дэвшүүлсэн нь маш чухал гэж бодож байна. Түүнээс гадна олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед төрийн дархлааг бэхжүүлэх, намаа бус улсаа бодсон, одоог бус ирээдүйг харсан өөрчлөлт хийх шаардлагатайг улс төрийн намууд нухацтай хэлэлцэж ярилцсан байна гэсэн дүгнэлттэй байна. Гэхдээ эцсийн эцэст эцэг хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Сонгуулийн тогтолцоог мөн ярьж байна. Монголд сонгуулийн ямар тогтолцоо нь илүү тохирох юм бэ?

-Сонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг,холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. Энэ бол нэг хүний л бодол. Олонхоороо түрж шийдэх асуудал биш, ард иргэдийн санаа бодол, байр суурь чухал.