Categories
гадаад мэдээ

АНУ-д зорчих иргэдээс ковидын шинжилгээний сөрөг хариу шаардахгүй DNN.mn

АНУ-ын Засгийн газар болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ сарын 12-ны өдрөөс эхлэн АНУ-д зорчих иргэдээс Ковид-19 вирусний шинжилгээний сөрөг хариу болон уг вирусээр өвдсөн бол эдгэрсэн тухай нотолгоог шаардахгүй болж байгаагаа зарлав. Тус шинэ журам нь бүх агаарын тээвэрлэгчдэд хамааралтай юм.

Харин иргэний харъяаллаас үл хамааран вакцинд хамрагдсан тухай нотлох баримтыг шаардсан Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.02 сая төгрөг байна DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 5-р сард өмнөх сараас 0.9 хувиар буурчээ. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.14 сая төгрөгөөс 3.48 сая төгрөгийн хооронд байна. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.02 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Бурхан багшийн их дүйчэн өдөр цээрлэх ёстой 10 үйлдэл DNN.mn

Бурхан багшийн их дүйчэн өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай


Бурхан багшийн их дүйчэн өдрийн утга учир

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Манай улс Бурхан багшийн Их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон бөгөөд ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн .

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг  туурвих учиртай“

Шинийн 15-ны энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.

Бурхан багшийн их дүйчэн өдөр гурван том тэмдэглэлт явдал давхацдаг:

Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
Номоо номлож хутгийг олсон,
Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ГУРВАН ТОМ ТЭМДЭГЛЭЛТ ЯВДАЛ ДАВХАЦДАГ

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  1. Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  2. Номоо номлож хутгийг олсон,
  3. Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

САХИЛ САХИХ НЬ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН МУУ ҮЙЛИЙГ НОМХОТГОХ НЭГ АРГА


Бурхан багшийн Их дүйчэн өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг.

Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж.

Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.

Мөн энэ нь бурхан багшийн үйл намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ


Сэтгэл гэдэг зүйл дээр л хүмүүний аливаа үйл хэрэг тогтож байдаг.

Тэр дундаа бусдыг хорлох гэсэн хомхой санаа, буруу үзэл нь сэтгэлээс гарч буй нүгэл бөгөөд хомхой сэтгэл үүсэн бий болж, хүчээ авснаар л бие, хэлийг хөдөлгөж, болохгүй бүх муу муухайг хийн, гэгээлгийг унтраахад хүргэдэг аж.

Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх явдал нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна.

Тухайн өдөр нүглийг тэвчиж буйгийн хамгийн гол нь утга нь, гагцхүү бусад өдрүүдийг ч энэ өдрөөр жишин ямагт ч муу, муухай үйлээс өөрийгөө сахин хамгаалж явах учиртайг сануулахад оршино.

Дүйчэн өдрөөр зохиогдох арга хэмжээ:

08:30-09:30 цагт Сүхбаатарын талбай дээр бясалгалын Флашмоб болно.

09:30-10:30 цагт “Энэрэл хайрыг түгээе” уриатай баярын парад явна. Чиглэл: Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү

10:30-14:00 цагт Гандантэгчэнлин хийд дээр Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын нээлт, ёслол хүндэтгийн үйл ажиллагаа болно

11:00 цагт Батцагаан дуганд Энэтхэг улсаас залж авчирсан Бурхан багшийн эрдэнийн их ринсрэлийг залж, сүсэгтэн олноо толилуулна

13:00 цагт Жавзандамба хутагт төвөөс эрхлэн гаргасан “Цогт Наландрын 17 бандида нарын намтар” номын нээлт

11:00-19:00 цагт Жавзандамба хутагт төв болон Буддын шашны байгууллагууд, сүм хийдүүд асар майханд үйл ажиллагаагаа танилцуулж, номын худалдаа явуулна.

Categories
мэдээ цаг-үе

Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийв DNN.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түрүү булчирхайн дурангийн мэс заслыг анх удаагаа хийлээ.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийг бөөр, шээсний замын дурангийн иж бүрэн аппарат, багаж хэрэгслээр хангасан. Мөн Улаанбаатар хотоос эмч, сувилагчдын баг Баян-Өлгий аймагт ирж дурангийн хагалгааны аппарат, багаж хэрэгслийг хэрхэн ашиглахыг эмч нарт зааж байгаа.

Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвийн эмч Г.Ганболд, сувилагч Т.Алма, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч З.Исагул, мэс заслын эмч Хари, мэдээгүйжүүлгийн эмч Сураужан, сувилагч Лена, Гүлсара, Бергентай, Армангүл, Меруерт, асрагч Төлеу нарын эмч, сувилагчдын баг 78 настай иргэн А-д түрүү булчирхайг дурангаар авах мэс засал хийж, энэ төрлийн үйлчилгээг орон нутагт анх удаагаа нэвтрүүлсэн хэмээн өнөөдөр мэдээллээ.

Хагалгаа амжилттай болсон ба өвчтөний биеийн байдал сайн байгаа ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд “Сүүж уул”-нд бэлтгэлээ эхлүүллээ DNN.mn

Илүү сартай зуны эхэн сар шувтарч, түүх соёлын цогц гайхамшиг болсон Монгол наадам айсуй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс болж Ардын хувьсгалын түүхэнд тасарч үзээгүй Үндэсний их баяр наадам бүтэн нэг жилээр хойшилж, өнөө жил 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Наадам дөхсөн энэ өдрүүдэд манай сонин уламжлал ёсоор бөх, морь, сурын галуудаар зочлон, ээлжит сурвалжилгуудаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн галаар зочилсон сурвалжилгаа хүргэж байна. Улаанбаатар хотоос зүүн хойшоо 70 гаруй киллометрт Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж уул”-нд гарсан хүчит бөхийн галаар зочиллоо. Энэ жилийн зуны эхэн сар нийт нутгаар сэрүүвтэр, хур бороо ихтэй учраас бөхчүүд яаран гал болж, бэлтгэл сургуулилтаа бүрэн эхлээгүй байгаа аж. Угтаа өдийд “Сүүж уул”-нд бөхийн зургаа, долоон гал гарчихсан бэлтгэл сургуулилалтаа хэдийнэ эхлүүлчихсэн байдаг аж. Харин биднийг очиход Ховд аймгийн “Ховд” бөхийн дэвжээ болон Завхан аймгийн “Даян” бөхийн дэвжээний бөхчүүд галын нээлтээ хийж байлаа.

Монгол Улсын заан Дасрангийн Мягмар, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, улсын харцага Ганбатын Алтангэрэл нараар дасгалжуулсан улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын харцага Оргихын Хангай, Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй “Ховд” дэвжээний бөхчүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Бүдээбазарын Адьяахүүгээр дасгалжуулсан, Монгол Улсын хүчит гарди Батнасангийн Гончигдамба, улсын харцага Шүхэртийн Уламбаяр, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ийн “Сүүж” ууланд хамгийн эхэнд гал болон бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байгаа ажээ.

Энэ үеэр Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын хүчит заан Ч.Батзориг: -Манай Ховдын бөхчүүд жил бүр л уламжлал ёсоор энэ сайхан хайрхныхаа өвөрт нэгдэн нийлж, бэлтгэл сургуулилтаа базаадаг даа. Олон жил ч болж байна. Миний багш Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх сайхан хүн намайг энэ л хайрхны хормойд бөхийн эрдмээсээ зааж, бөхийн өндөр амжилтад хүргэсэн хүн байж билээ. Тэр хүний эрдэм ухаанаар “Сүүж” хайрхны өврөөс улсын цолтой олон сайхан бөхчүүд төрөн гарсан даа. Одоо ч энэхүү уламжлал, заах арга зүй өөрчлөгдөөгүй. Энэ сайхан хайрхны хийморь, сүлдээр олон сайхан улсын цолтой бөхчүүд төрсөөр байна. Энэ

жилийн наадам ч гэсэн цолтой нь цолоо ахиулсан, шинэ цолонд хүрсэн, амжилтыг ар араасаа дагуулсан сайхан наадам болох байх аа. Улсын наадам, заал танхимын барилдаанд сайн барилдаж байгаа манай Ховд дэвжээний бөхчүүд олон бий. Ард түмэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Бат-Заяа нарыг цолоо улам ахиулан барилдаж, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг өндөрт дуудуулж явах байх аа гэсэн итгэл дүүрэн байгаа. Дүү нарынхаа болон “Ховд” дэвжээний бөхчүүд, нийт бөхчүүддээ амжилт хүсье ээ. Уран мэхийг уралдуулан хийж, үнэн сэтгэлээр хүчийг үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэн барилдаарай. Удахгүй болох наадмын дараа баяртай мэдээгээр дахин уулзъя.

Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн: -Олон жил шинэ залуу бөхчүүдэд бөхийн ёс, жудаг, барилдах арга, техникүүдийг зааж, сургаж байна. Үндэсний бөх гэдэг өөрөө их гайхамшигтай өв соёл. Бөхийн гал ч гэсэн тусгай журам, дэгтэй, өвлөгдөж ирсэн үнэт өв. Залуучууд, дүү нартаа хандаж бөхийн ёс жудгийг их дээдлэх хэрэгтэй гэж захимаар байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн зарчим лугаа адил гэдэг шиг өв соёлоо мэдэхгүй хүн Үндэсний бөхөөр амжилт гаргана гэдэг хэцүү. Өөрөөр хэлбэл, дан ганц биеийн хүчний дасгал хийгээд амжилт гаргачихдаг зүйл биш гэсэн үг. Бие, сэтгэл, оюуны хүчээр л амжилтад хүрнэ шүү дээ. Тиймээс шавь нартаа, дүү нартаа бөхийн дасгал сургуулилтаа сайн хийхийн хажуугаар ёс жудаг, өв соёлоо ухаарч танин мэдэх хэрэгтэй шүү гэдгийг захья. Наадмаас наадмын хооронд бөхийн бэлтгэл тогтмол сайн байдаг болсон. Тэр нь энэ олон заал танхимын барилдаануудтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр наадмын бэлтгэл гэдэг бусад барилдааны бэлтгэлүүдээс тэс ондоо зүйл байдаг. Наадмын бөхийн од гэж манайхан их ярьдаг. Тэр нь угтаа наадмын бэлтгэлээ маш сайн базаасныг хэлж байгаа хэрэг. Наадмын бэлтгэл дан ганц биеийн хүчний дасгал хийхээс гадна сэтгэл санааны дасгалуудыг маш сайн хийж өгдөг. Тиймээс л наадмын бэлтгэл бусад бөхийн барилдааны эсвэл өдөр тутмын бэлтгэл сургуулилтаас өөр гэж хэлээд байгаа юм. Энэ жилийн улсын баяр наадам түүхэн ой тохиож байгаагаараа онцлогтой. Мөн тэгш ойн жил учраас 1024 бөх барилдана. Мэдээж 512 бөхийн барилдаантай харьцуулахад өөр л дөө. Улсын арслан цолтой бөх түрүүллээ гэхэд шууд даян аварга цолтон болно. Аймгийн цолтой юм уу эсвэл цолгүй залуу бөх түрүүллээ гэхэд шууд аварга цолонд хүрэх боломжтой. Ийм сонирхолтой, боломжоор дүүрэн наадам болох гэж байна. Тиймээс нутаг нутгийн бөхчүүд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх нь гарцаагүй юм. Манай нутгийн бөхчүүд болон манай дэвжээний бөхчүүд ч гэсэн бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Шавь нартаа нийт бөхчүүдэд цолонд хүрч өндөр амжилт гаргаарай гэж хүсье.

Монгол Улсын харцага Г.Алтангэрэл: -Ардын хувьсгалын түүхэн ойн жил өнөө жил тохиож байна. Улс аймгийн алдар цолтой 1024 бөх барилдахаар байгаа. Бөхчүүд эхнээсээ наадмын бэлтгэл сургуулилтдаа гарч байна. Шинэ залуу бөхчүүд ч дээшээ гарч барилдах боломж хэн бүхэнд л байдаг. Хамгийн гол нь бэлтгэлээ үр дүнтэй хийх нь чухал. Манай дэвжээнээс дээшээ явж барилдах бөхчүүд олон бий. Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт яригдаж байгаа бөхчүүд ч бий. Ард түмнийхээ энэ их итгэлийг алдахгүйн төлөө л бөхчүүд маань хичээх хэрэгтэй. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр болоогүй байгаа наадмын өмнөөс ийм, тийм гэж ярих арай эрт л байна. Ямартаа ч наадмынхаа бэлтгэлд гарчихсан, бөхчүүдийн бэлтгэл дөнгөж эхэлж байна. Цар тахал гээд өнгөрсөн жилийн наадам хойшлогдсон. Тиймээс бөхчүүдийн хувьд энэ жилийн наадам их хүлээлтэй байгаа нь ойлгомжтой. Бөхчүүд ч гэлтгүй ард түмний хувьд ч энэ жилийн наадам үзүүштэй сайхан наадам болно гэсэн хүлээлт их байна. Тиймээс аль аль талдаа энэ монгол түмний их баяр наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр анхаарч, аливаа маргаан, хар цагаан хэл ам холуур байх болтугай л гэж бодож сууна даа. Манай дэвжээний хувьд энэ жил улсын цолонд ойрхон яваа хэд хэдэн аймгийн цолтой бөхчүүд бий. Гэхдээ одоо нэр усыг нь хэлээд яах вэ. Тэртэй тэргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Дахин хэлэхэд, бэлтгэлээ л үр дүнтэй маш сайн хийх хэрэгтэй л дээ.

Улсын манлай заан Б.Пүрэвсайхан: -Уламжлалт ёсоороо энэ сайхан хайрхныхаа дэргэд бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байна. Нутгийнхаа бөхчүүдтэйгээ гал болон гарч, бэлтгэлээ эхлүүлэх сайхан байдаг. Цар тахал гээд өнгөрсөн жилийн баяр наадам болоогүй. Тиймээс бөхчүүд болон үзэгчид, Монголын ард түмэн өнөө жил болох наадмаа тэсэн ядан хүлээж суугаа нь тодорхой байх. Юутай ч энэ жилийн наадмаар урамтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэл, захиасыг алдахгүйн тулд хичээх болно. Намайг дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж, та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай гэж ерөөе өө.

Аймгийн начин Д.Балжинням: -Миний хувьд энэ жил аймагтаа зодоглохоор байгаа. Бэлтгэл сургуулилт Ховд нутагтаа үе тэнгийн залуучуудтайгаа харгүй сайхан барилдаж, сайхан наадна.

Бөх сонирхогчид, ард түмэн энэ жилийн наадмаар заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг улсын заан Б.Пүрэвсайхан, Ховдын хоёр харцага хэмээн нэрлэгдээд буй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Говь-Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай нарыг цолоо ахиулан барилдаж, магадгүй түрүү, үзүүрт хүрч барилдах боломжтой гэж магтдаг. Ховдын цэнхэр хязгаараас улсын баяр наадмын түрүүг тэртээ 80 жилийн өмнө улсын арслан Шаравын Ванчинхүү авч байсан түүхтэй. Тиймээс өнөө жил ид барилдаж, түмэн олныг шуугиулаад буй Ховдын бөхчүүд Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадмын түрүүг авахгүй гэх газаргүй билээ.

Сүүж ууланд бэлтгэл гарсан Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд ч өнгөтэй харагдана. Улсын хүчит гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завханы бөхчүүдээс өнөө жил улсын цолонд хүрч, улмаар цолоо ахиулан барилдах олон залуучууд байгааг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Тэдний нэг нь цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл билээ. Тэрбээр өнөө жилийн Бүх цэргийн баяр наадмаар хоёр дахь удаагаа түрүүлж хурц чимэг нэмсэн, Завхан нутгаас ид барилдаж яваа залуу хүчтэн юм. Тиймээс өнөө жилийн баяр наадмаар улсын цолонд хүрч улмаар цолоо улам дээшлүүлэн барилдана гэсэн ард түмний хүлээлт өндөр буй юм. Юутай ч нутаг нутгийн бөхийн галуудын үе үеийн бэлтгэл сургуулилтын бааз болсон “Сүүж” ууланд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлээ эхлүүлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Нарантуул, Дүнжингарав амарч, бусад зах ажиллана DNN.mn

Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр, бүх нийтээр амралтын өдөр тохиож байна.

Энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. “Sunday” 1, 2 худалдааны төв, Хархорин зах, Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төвүүд ердийн цагийн хуваариар ажиллах бол, Дүнжингарав, Нарантуул захууд амрах юм байна.

Дүйчин өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээ яг одоо төв талбайд үргэлжилж байна. 11 цагаас эхлэн Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганад Энэтхэг улсаас өчигдөр /2022.06.13/ залж ирсэн Бурхан багшийн ринсилд /чандарт/ сүсэгтэн олонд сүслэх үйл ажиллагаа нээгдэх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулна DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2022.06.13/ хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид даалгахаар төсөлд тусгасан байв.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал,хүсэлт ирж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Үүнийг дурдаж баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ордонд Завханы тарган түшээдийг төсвөөр тураах тухай хэлэлцэх зуур гадаа ээжүүд саажилтын мөнгө хүүхдэдээ гуйн жагсана DNN.mn

Монголын улс төрийн нөхцөл байдал ард түмний амьжиргаа иймэрхүү маягтай л байна. Завханы төрийн түшээд нь таргалчихсан юм байх. Сонгогдсон гишүүнийх нь хэлж байгаагаар гэдсээ дааж чадахаа больсон юм байна. УИХ-ын эрхэм гишүүн Б.Баярсайхан өөрийг нь парламентад сонгож өгсөн Завханы төрийн түшээдийн хэт таргалалтад санаагаа чилээж, тураахад зориулж 70-80 сая төгрөг төсөвт суулгуулахаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж байжээ. Төсвийн мөнгийг ингэж зоргоороо үрж болохгүй учраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Баярсайхан гишүүний хүсэлтээс татгалзаж. Гэвч Б.Баярсайхан гишүүн “Тойргийнх нь төрийн түшээдийг тураахад зориулж 70, 80-хан сая төгрөг төсөвт тавиад өгсөнгүй” гэж “дан дээл”-тэй Эрүүл мэндийн сайдыг толгой түрийгүй загнав. Түүний хэлж, бүр уурлаж байгаагаар бол татвар төлөгч бидний мөнгөөр Завханы тарган түшээдийг тураах юм гэнэ. Үнэхээр л хэцүү байгаа бол тэд өөрсдийнхөө зардлаар турах хэрэгтэй. Ямар үндэслэлээр татвар төлөгчдийн мөнгөөр турах гээд байна вэ. Шаардлагатай байлаа ч энэ өнөөдөр Монголын нийгэмд тулгамдсан шийдэх ёстой хамгийн чухал ажил мөн үү. Бидэнд төрийн түшээдийг тураах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал болчихсон хэрэг үү. Ард түмний дуу хоолой нүд чих болно гэж сонгогдсон гишүүд өнөөдөр төрийн түшээдээ тураамаар байна гээд хээв нэг хэлээд сууж байх юм.

Завхан аймгийн төрийн түшээдийг төсвийн мөнгөөр тураах тухай Төрийн ордонд ярьж байх зуур ордны гадаа нь аргаа барсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ тэврээд хонон өнжин жагслаа. Хүүхдүүдийнх нь тархины саажилтад уудаг эм нь тасраад хоёр жил болж холбогдох газруудад нь хандаж энэ асуудлыг шийдэж өгөөч гэж гуйж, бас шаардаж. Гэвч илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдгийн адилаар тэдний гомдол шаардлагыг нь тоосонгүй. Тиймээс аргаа барсан ээж, аавууд Төрийн ордны гадаа хүүхдүүдээ тэвэрч жагсан гомдол цөхрөлөө илэрхийлж байж төрийн түшээдийг хөдөлгөлөө. Монголчууд бид ийм л амьдралаас тасарчихсан төрийн түшээдтэй болжээ. Тэд төсвийн мөнгөөр доод түшмэдүүдээ тураах л чухал асуудал гэж боддог болж. Иргэдийнхээ аргыг барж байж асуудлыг нь мэддэг шийддэг болж.

Дээхнэ үед Францад ард түмэн нь талх нэхэн жагсахад Хатан хаан нь “Талхгүй бол торт идэж болдоггүй юм уу” гэж асууж байсан түүхтэй. Хатан хаанд бүх зүйл байсан бөгөөд хүссэн бүхэн нь биелдэг байсан учраас ингэж хэлсэн хэрэг. Ордных нь гадаа юу болж байгаа, хүмүүс хэрхэн амьдарч байгааг мэдэхгүй бодит амьдралаас тасарчихсан байж. Манай эрх баригчид яг үүн шиг бодит амьдралаас хэт хол тасарчихжээ. Угтаа бол 70-80 сая төгрөгөөр ганцхан аймгийн төрийн түшээдийг тураана гэхийн оронд тэр мөнгийг тархины саажилттай бяцхан хүүхдүүддээ зарцуулъя гэх байсан юм. Энэ бол тэр хүүхдүүдэд олдохгүй их мөнгө болов уу.

Улстөрчид амьдралаас тасарсны бас нэг жишээ нь Төрийн ордны гадаа жагссан ээж, аавуудтай уулзаж буй УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн байр суурь. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо бол нийгэмд болж буй хамгийн тулгамдсан асуудлуудыг мэдэрдэг, олж хардаг, анхаарлаа хандуулдаг, шийдэл гаргадаг бүтэц байх ёстой. Гэвч энэ Байнгын хорооны дарга нь аргаа барахдаа өвчтэй хүүхдүүдээ тэврээд Төрийн ордны гадаа жагссан аав, ээжүүдтэй уулзахдаа “Та нар битгий улстөрж” гээд хэв нэг зогсож байх юм. Хүүхдийнхээ өвчин шаналлаар улс төр хийнэ, хийж байна гэж түүний толгойд яаж багтаж, бүр амаар нь дамжин гарч байна аа. Бодож болох ч аргаа барсан хүмүүсийн өмнөөс амыг нь асууж, тавлаж байгаа мэт “Та нар битгий улстөрж” гэж хэлээд зогсоно гэдэг дэндүү мэдрэмжгүй, дэндүү амьдралаас тасарсны илэрхийлэл. Тэдэнд эм хэрэгтэй болохоос ямар нам эрх барьж байгаа нь падлийгүй.

Манай төрийн түшээд үнэхээр амьдралаас тасарч, Монголын ард түмний амьдралыг төлөөлж мэдэхгүй байна. Энэ бол хэт олон хүнийг төлөөлж хэт цөөхөн байгаагийн гор гэж харахаар байна. Хэдэн сая хүнийг 76-хан гишүүн төлөөлөхөөр ард иргэдийн амьдралыг олж харах нь байтугай байдаг юм биш үү. Иргэдийг төлөөлөх бодит амьдралыг харж чадах олон төлөөлөл Их хуралд хэрэгтэй байна. Угтаа УИХ-ын гишүүд ард түмний амьдрал ямар байгааг толь мэт мэдэж байх ёстой.

Тэд УИХ-ын гишүүн болоод л амьдралаас тасарчихсан юм биш. Тэдний дунд ард түмний амьдрал дундаас сонгогдсон нэг ч хүн байхгүй. Бүгд л дарга хийж байсан, эсвэл бизнес хийж байсан баян хүмүүс. Ийм л хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогддог жишиг тогтоод удаж байна. Хуучин Ардын их хурал, Улсын бага хуралд эгэл жирийн ажилчин ангийн төлөөлөл сонгогддог байлаа. Тогтолцоо нь ч тийм байсан. Харин одоо УИХ-ын гишүүн болох хамгийн эхний шалгуур бол баян байх. Баян хүн амьдралаас тасарчихсан, тасраагүй юм аа гэхэд иргэдийн өдөр тутмын амьдралын нарийн асуудал, бэрхшээлүүдийг мэддэггүй. Ийм л учраас амьдралаас тасарсан улстөрчид ард түмнийг төлөөлж байна гэдэгтээ тун итгэж суугаа юм байх. Ийм төрийн түшээдээс ард иргэд юу хүлээх вэ. Юунд итгэж найдах вэ. Бодит амьдрал руу жаахан ч атугай өнгийж харахгүй гишүүд төр түшилцэж сууна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батбаатар: Нэг намын захиалгаар бусад намууд олны хэсэгт тоглож, дүр бүтээдэг боллоо DNN.mn


ИЗНН-ын дэд дарга Батын Батбаатартай ярилцлаа.


-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгвэл одоо дахин нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчлөх, мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар хэлэлцэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг санаачилгыг эрх баригч намын удирдлагуудаас олон нийтэд илэрхийлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахдаа засаглалын эрх мэдлийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр түлхүү анхаараад байна. Тухайлбал, Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлснээр сайд нарыг парламент дотроосоо томилох, мөн олон намын төлөөллийг УИХ-д оруулахын тулд пропорционал тогтолцоог Сонгуулийн хуульд оруулах сонгодог парламентад байдаг нэг зарчим болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулахын тулд түлхүү анхаарч байгаа нь анзаарагдаж байна.

Энэ сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудтай тодорхой хэлэлцүүлэг хийх, хэлбэрийн хувьд дэмжүүлэх замаар ажиллаж байгаа нь харагдаж байна. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвхөн засаглалын эрх мэдэл дэх өнөөдрийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор өөрчлөлт оруулна гэдэг нь учир дутагдалтай гэж үзэж байна. Засаглалд болон төрийн шийдвэр гаргах түвшинд асуудал үүсч байгаа бол төрийг, засаглалыг бий болгодог шударга тогтолцоог яаж бий болгох гэдэг дээр анхаарах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчлөх нь бүрэн тодорхойгүй байна. Монгол Улс сонгуулийн ардчилал руу явж байгааг яаж засаж, төгс ардчилсан болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэд төрийн эрхийг барих, хүний эрх, өмчийн эрхээ бүрэн эдлэх баталгааг ҮХНӨ-өөр хэрхэн шийдэх вэ? гэдгийг давхар бодолцохгүй бол болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ эдийн засгийн хувьд хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй, шийдэл ярьж өгөхгүй байгаа. УИХ, Засгийн газар, улс төрийн намууд ч энэ асуудлын талаар дорвитой гүйцэд илэрхийлж байгаа зүйл алга.

1990-ээд онд болсон өмч хувьчлалаас хойш энэ цаг хугацаанд иргэдтэйгээ бизнесээр өрсөлддөг, тэдний боломжийг хулгайлдаг, дээрэмддэг ийм засаг төртэй аль ч утгаараа эрлийз болсон эдийн засгийн суурийг бүтээсэн байна. Сүүлийн хориод жилд ЗГ болон УИХ-аас байгуулсан төрийн өмчит үйлдвэрийн тоо замбараагаа алдсан. Үүний үр дүнд өнөөдөр хичнээн их наяд төгрөгийн өр авлага алдагдал, далд эдийн засаг, авлига бий болсныг бид харж байгаа. ҮХНӨ-д Монгол Улсын Засгийн газар ашгийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг тусгах шаардлагатай. Засгийн газар юм уу УИХ нь төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, Засгаас газар, тусгай зөвшөөрөл монополь эрх, бүх төрлийн баталгаат зээлийн эх үүсвэр, санхүүгийн баталгаа, татаварын хөнгөлөлт, гадна дотны хөрөнгө оруулалтын баталгаа олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудад бүх асуудлыг нь Засгийн газраас шийдэж өгч байхад нөгөө талд нь иргэд яаж засагтайгаа өрсөлдөх болж байна. Эргээд төрийн өмчит үйлдвэрийн газар эзэн биегүй болоод хувирчихаад байгаа юм. Тухайн цаг үед эрх барьж байгаа улс төрийн хүчний санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгодог юм уу, улс төрийн хүчнийг эрх барих засаглалын хувьд амьдрах насыг нь уртасгахын төлөө ажиллаад эхэлж байна. Зах зээлд, бизнест төрийн оролцоо асар өндөр болчихлоо. Цаашлаад өмчийн тухай ойлголт, хүний эрхийн тухай ойлголтууд дээр анхаарах ёстой болсон.

Улс төрийн нам засгийн эрх барих гол гүүр нь юм. Монголын улс төрийн намуудын ихэнх нь хувьчлагдсан, хувийн нам болчихоод байна. Нэг хүн сонгуулиар гарч ирээд тамга гаргаж ирээд хэрэглэдэг ийм улс төрийн намуудтай байх юм уу, үгүй юү гэдэг дээр анхаарах ёстой. Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх намын дотоод тоглоомын дүрмийг нэг болгох хэрэгтэй. Үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчим, мөрийн хөтөлбөрийн хувьд өөр өөр байх нь ойлгомжтой. Харин байгууллага гэдэг утгаараа тоглоомын дүрэм нэг байх ёстой. Энэ чиглэл рүүгээ явах хэрэгтэй.

-Монгол Улс пропорционал системээр сонгуулиа явуулбал жижиг улс төрийн намуудын төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бий болдог. Уг тогтолцоог ашигласнаар Засгийн газраа байгуулахад хүндрэл үүсэх сул талтай гэдгийг зарим судлаачид хэлдэг шүү дээ?

– Засгийн газар байгуулахад хүндрэл үүсэхгүй байх. Харьцангуй бага санал авдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй улс төрийн намууд байгаа юу гэвэл байгаа. Тэр намуудын дарга нар асуудалд хэтэрхий гэнэн хандаж байгаа. Пропорционал тогтолцоотой болчихвол би парламентын гишүүн болчихно гэдэг сонирхлоор хандаад байна.ҮХНӨ-ийг хэлэлцэхдээ пропорционал элементийг хэрхэн оруулах, намуудын жагсаалтыг хэрхэн хийх зэрэг сонгуулиар сонгогдох тоглоомын дүрмээ тодорхой болгож, хариулт өгөх ёстой. Зарим намын дарга нь солигддоггүй арав, хорь, гучин жил болчихсон. Даргаас нь өөр хүн харагддаггүй, нэг бол гишүүдээ дуртай үедээ нэмж хасаж байдаг намуудын тоо олшрох хандлага ажиглагдаж байна. Энэ нь яваандаа намын дарга болж, иргэдээс ахиу олон санал авахын төлөөх популизмын уралдаан бий болгох аюултай. Энэ мэтчилэн сөрөг талуудаа тооцох хэрэгтэй. ҮХНӨ-ийг батлахдаа юуг хөндөхгүй буюу ийм хандлага руу явуулахгүй гэдгээ эрт илэрхийлэх нь зүйтэй. Улс төрийн намууд өөр өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаараа ялгарч байх ёстой байтал ердөөсөө Ардын намын дарга аль эсвэл, Их хурлын дарга, бүлгийн зохион байгуулж байгаа урилга, заллаганд очоод “Бид дэмжиж байна” гэдэг ийм сүрэг шиг болчихсон. Үндсэндээ нэг намын захиргаадалтын дор бусад намууд дагаж, тойрч гүйдэг байдал руу явж байна. Манайхыг гаднаас нь харахад хэлбэрийн хувьд сонгуулийн ардчилалтай, олон ургалч үзэл, олон намтай байгаа хэдий ч бодит байдал дээр Ардын намын зохион байгуулж, найруулж байгаа жүжгийн олны хэсэгт тоглож байгаа тийм л дүрүүдийг бүтээж байна. Тийм учраас улс төрийн намууд анхаарах хэрэгтэй байна. Яг үнэндээ эрх баригч хүчинд үйлчлэх байдлаар явж байнa. Тиймээс ҮХНӨ болон Үндсэн хуулийг дагаж өөрчлөгдөх хуулиудын амин сүнс, зохицуулалтыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг концепцийг зарлах хэрэгтэй.

-Тухайлбал улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн тухай хуульд ямар зүйл заалтуудыг тусгаж өгөх нэн шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сонгуулийн аргаар засаглалын эрх мэдлийг шилжүүлдэг нэгээс нөгөөд шилжих үйл явц хэр зөв зүйтэй явдаг гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Энэ эрх мэдлийг шилжүүлэх тэр процессыг их тодорхой болгох хэрэгтэй. Нөгөө талаасаа засгийн эрх, төрийн эрх мэдлийг бариад байгаа улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаа эрүүл зөв байх нь маш чухал. Тиймээс улс төрийн намуудын удирдлагын эрх мэдэл нэгээс нөгөөд шилжих тэр процессыг тодорхой болгож өгөхгүй бол өнөөдөр Дээд шүүх дээр маргаантай байгаа нам бол ганцхан Ардчилсан нам биш шүү дээ. Өөр намууд ч гэсэн бий. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэгтэй адил намын эрх мэдэл шилжих процесс нь буруу байгаа тохиолдолд төрийн эрх мэдэл шилжих процесс бас гажуудчихаад байгаа юм. Нөгөө талдаа төрийн эрх мэдэл, засгийн эрх мэдэл, тэнд байгаа нөөцийг ашиглаж намын эрх мэдлийг шилжүүлж авдаг ийм нөхцөл байдал бас үүсэх аюултай. Энэ бол хэлбэр талаасаа ардчилсан харагдах боловч бодит байдал дээр хөрөнгө санхүү, эрх мэдэл шуналын төлөөх бүлэглэлийн гарт Монгол Улсын төр засгийг атгуулчих эрсдэл үүсч байна.

Түүнчлэн Намын санхүүжилтийн тухайд хэлэхэд, татвар төлөгчдийн оруулж байгаа орлогоос намуудад хуваарилж өгөх асуудал нэлээд яригдаж байгаа. Үүнд зарим буруу талд байна. Жишээлбэл, намын дарга л болж байвал парламентын гишүүн болох боломжтой, цаашлаад, намд төрөөс өгөх төсвийн мөнгө санхүүжилтээр асуудлаа шийдээд, амьдрах боломжтой болно. Уг тогтолцоо хөгжингүй улс орнуудад байдаг боловч манайд нэвтрүүлэхэд намуудаа эрүүлжүүлэх, зөв болгох тэр намын тогтолцоог нь зөв болгох асуудлыг хөндөж чадах уу, үгүй юү “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг шиг харах ёстой.

Мөн улс төрийн намын гишүүнчлэлийг нээлттэй болгох хэрэгтэй. Улс төрийн намуудын гишүүдийн бүртгэлийг улсын бүртгэлийн газар, төрийн агентлагт нь хариуцуулах хэрэгтэй. Аль нэг намын гишүүн болсноороо хүн амын орлогын албан татвараас гадна дахиад нэг хувийг нэмж төлдөг бол тэр нэг хувь нь бүртгэлийн газрын бүртгэлд, Сангийн яамаар дамжаад миний гишүүнчлэлтэй намд очиж санхүүждэг болно. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгөнөөс намын санхүүжилтийг бий болгохгүй байх нөхцөл үүснэ. Тухайн намын дотоод ардчилал, дэвшүүлэн тавьж байгаа бодлого, зорилт хөтөлбөр, эрх барихдаа хэрэгжүүлж байгаа бодлого нь гишүүддээ таалагдахгүй бол намын гишүүнчлэл нь хорогдсоноор санхүүгийн орлогоо, гишүүд дэмжигчдээ алдах болно.

-ҮХНӨ-ийг энэ удаа ямар нэгэн байдлаар хийлээ гэхэд нэг, хоёр жилийн дараа дахин өөрчлөх асуудал үүсгэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Өөрчлөлт хийвэл хийсэн шиг хий. Хэрвээ үнэхээр болохгүй бол Тавдугаар Үндсэн хуулийг улс орон даяар өрнүүлж байгаад батлах хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг батлахын тулд улс төрийн намуудыг татан буулгах хэрэгтэй. Улс төрийн бүх намыг татан буулгаж, гарааны шинэ зурхай дээрээс үзэл баримтлал, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлс, зорилго чиглэлээрээ нэгдэж нам байгуулах нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Улс төрийн намуудыг татан буулгах юм бол өнөөдөр МАН, АН гэдэг ийм намын хашаан дотор хоригдчихсон, эсвэл орох гэхээр өмхий үнэртээд орж чаддаггүй энэ нөхцөл байдал өөр болно. Хэн ч хулгайч нартай нийлж нам байгуулахыг хүсэхгүй. Өнөөдөр намын дотор үүсээд байгаа маргаан юунаас үүдэлтэй гэхээр намын хашаан дотор байгаа саналыг төрийн эрх, засгийн эрхийг авахын төлөөх тоо болгож хувиргахын тулд л жонхуурсан заваан зүйл явж байгаа. Үзэл бодол, үнэт зүйл, ирээдүйн хөгжлийн төлөөх, улс орны төлөөх үнэхээр зөв бодлого энд гацчихаад байгаа. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцэд хийх хэрэгтэй. Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт бол 2020 оны Улсын Их Хурлын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өөрчлөлт байсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 14, Ангараг гариг. Билгийн тооллын 15, эрхтэний тэнгэрт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.