Categories
мэдээ нийгэм

“Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа доноруудын гэр бүлээс ирүүлсэн гомдлыг ёс зүйн хороо шийддэг байх ёстой” гэв DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахтай холбоотой заалтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллана гээд заачихаар эргэлзээ төрөөд байна. Зүгээр хяналт тавих үүрэгтэй ёс зүйн хороо гээд байгаа ч эд, эрхтэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэхээр ямар нэгэн дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох ч юм уу эцсийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал болоод байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Өнөөгийн байдлаар дэлхийн 90 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Тэдгээр улсуудад энэхүү эмчилгээ үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж буй эсэх, иргэд олон түмнээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, амьд донор, түүнийг хүлээн авагч хоорондын харилцаанд үүсэж буй асуудлууд, амьгүй донорын эд эрхтний эрх тэгш, үнэнч шударга хуваарилж буй эсэхэд хяналт тавин ажилладаг Ёс зүйн хороо байдаг. Энэ хороо нь ихэнх улс оронд эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажилладаг юм байна.

Эрүүл мэндийн яамны дэргэд шинээр байгуулагдах Ёс зүйн хороо эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй эсэхэд хяналт тавьж, дэмжин зөвлөж, тулах эрсдэлээс хамгаалан хамтран ажиллах ёстой юм. Ард иргэдээс, эмнэлэг хооронд үүссэн асуудал, эсвэл энэ зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудаас гомдол, хүсэлт гаргавал тэр гомдлыг шийдвэрлэх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх юм.

Тийм учраас бид шийдвэрлэх гэдэг үгийг зориуд тавьж өгсөн гэсэн тайлбарыг хийсэн. Ажлын хэсгийн гишүүд, Ер нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа донор болон реципентийн гэр бүлээс, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн гэр бүлээс олон гомдол, санал, хүсэлт ирдэг. Энэ асуудлуудыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороо шийддэг байх ёстой гэж ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцсан гэсэн тайлбарыг нэмж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ер нь эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах процесс өөрөө зөвхөн нэг эмнэлгийн нэг тасаг хийдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгээрээ хийдэг ажил. Тэр эмнэлгийн үйл ажиллагаа хэр оновчтой зөв явж байгаа, чанарын шаардлага хангаж буй эсэх, ёс зүйн дэглэмээ барьж байна уу, хүмүүсийн эд, эс, эрхтнийг өгөхдөө дарааллыг харгалзаж байна уу, ямар нэг ашиг сонирхол, зөрчил орж байгаа эсэхэд хяналт тавих Ёс зүйн хороо байх ёстой. Ёс зүйн хороо нь энэ бүхнээс гадна эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийн асуудлыг хүртэл ярих учиртай. Тийм учраас бид шийдвэрлэх гэж оруулах саналтай байгаа юм гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх замын нээлээ DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг хаасан билээ. Тэгвэл тус замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажил хийгдэж дууссан тул замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээсэн байна

Categories
мэдээ нийгэм

Автомашины “азын” дугааруудыг 50 мянган төгрөгөөс худалдаалж эхэлнэ DNN.mn

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн хооронд

  1. Дуудлага худалдааны цахим хаяг: Аuction.transdep.mn
  2. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
  3. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
  4. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
  5. Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
  6. Лавлах утас 70070030, 1900-1234

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Ойрын хоногуудад говийн бүс нутгаар аагим халуун болж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 06 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байна DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь манайд түгээмэл үзэгдэл болж. Ганц шөнийн хугацаанд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 зөрчил илэрч байна. Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага зөөлдөөд байна уу. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Эхлээд согтууруулах ундааны хэрэглээний талаар товчхон дурдъя. Согтууруулах ундаа нь тухайн хүний хариу үйлдэл аа үзүүлэх болон самбаачлах чадварыг хязгаарладаг. Тиймээс тээврийн хэрэгслийн осолд орох эрсдэл нэмэгддэг. Ингэснээр та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хувь заяаг согтуу ухаандаа найдаж байгаа хэрэг юм. Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээний улмаас гарч буй гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг энд онцолъё. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт болох Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг.

Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйлийн 3.7-ын а/-т “… согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох …”-ыг хориглоно гэж заасан. Жолооч нь дээрх хориглосон хэм хэмжээг зөрчиж, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар хариуцлага үүрдэг.Мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зохицуулсан байдаг.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд болон зохих журмын дагуу шалгуулахаас татгалзсан бол эрх хасах, торгох хариуцлага байдаг. Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “…жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг……зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан…” бол тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж гурван төрлийн ялаас сонгож, ял оноодог.

Дээрх зохицуулалтын гол нөхцөлүүдийн нэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардаж байгаа юм. Хохирогчид хүндэвтэр хохирол учирсан эсэхийг Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоо но.

Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл гэдэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “… гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, …”, 2.3.2-т “… ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан…” гэх шалгуур үзүүлэлтийг шаарддаг.

Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан жолоочид торгох, эрх хасах болон нэг сараас нэг жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна. Харин согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэнд тооцон жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Дээр дурдсан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан байна. Согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан.

-Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэвтэр гэмтэлд оногдуулах ялын хэмжээ, хүнд гэмтэлд оногдуулах ялын хэмжээ болон амь нас хохирсон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг чангатгах шаардлагатайг хуульчид онцолдог. Таны байр суурийг сонсъё.

-Дээр дурдсанаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдуулсан тээврийн хэрэгсэл жолоодож, хууль зөрчсөн хүнд оногдуулах хариуцлагын дээд хэмжээг зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосон. Нэг талд бүхэл бүтэн хүн хөдөлмөрийн чадвараа 15-30 хувь алдчихаад байна шүү дээ.

Нөгөө талд холбогдогч торгуулах, эсхүл зорчих эрхээ хязгаарлуулах гэдэг нь хохирогчийн зүгээс шударга санагдахгүй байх тохиолдлууд ч байдаг. Шүүхийн байгууллага хуульд заасан хэмжээнд л ял шийтгэл оногдуулдаг. Иймд манай улсын хувьд хуульд заасан хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг судлах шаардлагатай байна.

Хүндрүүлэх зүйлчлэл буюу энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.Энэ нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил…” гэж заасан гэмт хэргийг Хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ гэдэг тодорхойлолтод нийцэж байгаа юм.

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож болно” гэж зохицуулсан.

Нэг үгээр бол Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч болно гэсэн үг юм.Миний зүгээс энэ зохицуулалтыг сайтар нягталж, судалгаа хийж, ялын дээд хэмжээнд өөрчлөлт оруулахыг хүсдэг.

Нэг талд хохирогч амь насаа алдсан бол нөгөө талд хорих ял эдлэхгүйгээр тэнсэж байгаа биз. Согтууруулах ундаа хэрэглэсэн, хоёр ба түүнээс олон хүний амь нас хохирсон бол тэнсэхдээ орохгүй ч оногдуулах хорих ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил хүртэлх хугацаатай байхаар заасан. Ямар үйлдэлтэй гэмт хэрэгт хоёр жил, ямар үйлдэлд найман жил оногдуулах вэ? гэдэг асуултыг гагцхүү шүүх, прокурорын мэргэн ухаанд л даатгахаар болж байгаа юм. Харин хүн бүр мэргэн ухаанд захирагдаж чаддаг билүү гэдгийг бодох л асуудал байх.

-Бусад улс оронтой харьцуулахад манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлага зөөлдөж байна уу?

-Монгол Улсын эрх зүйн эх сурвалжуудыг Герман улсаас эхтэй гэж үздэг. Герман улсын замын хөдөлгөөний дүрэмтэй харьцуулж үзэж болох юм.Германы архины хууль, хар тамхины хууль маш хатуу байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл хар тамхи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах шийтгэл маш хатуу байдаг. Торгуулийн хэмжээ нь 500-гаас 1500 еврогийн хооронд хэлбэлздэг. Нэмж дурдахад, жолоо барихыг удаан хугацаагаар хориглож, олон оноо авдаг.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Канадын төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар огцом өсгөв DNN.mn

Канадын төв банк зургаадугаар сарын 1-ний өдөр бодлогын хүүгээ 1.0 хувиас 0.5 нэгж хувиар огцом өсгөж, 1.5 хувьд хүргэсэн байна.

Төв банкны мэдэгдэлд: “Дэлхий даяар өрнөж буй эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт нь Канадын инфляцад нөлөөлсөөр байна. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар нийт инфляц 6.8 хувьд хүрсэн нь Төв банкны төсөөллөөс хавьгүй өндөр байсан бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийн бараг 70 хувь нь 3-аас илүү хувийн өсөлттэй байгаа бөгөөд Төв банкны зүгээс инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах болно. Дэлхий даяар инфляц өсөж, эдийн засаг удааширч байна.

Орос, Украины дайн болон БНХАУ-ын тэг ковид бодлоготой холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ Канадын эдийн засаг идэвхжиж, эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан инфляц ужгирах төлөвтэй байгаа тул бодлогын илүү хүчтэй арга хэмжээг авч ажиллахад бэлэн байна” гэжээ.

Канадын Төв банк инфляцыг 2 хувийн орчимд барихыг зорьдог бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаарх 6.8 хувийн инфляц нь сүүлийн 31 жилд тохиогоогүй өндөр өсөлт болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл сонсоно.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ө.Бүрэнтөгс: Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар байвал 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй DNN.mn

Нийгмийн ухааны доктор, эдийн засагч, улс төр судлаач Ө.Бүрэнтөгстэй ярилцлаа.


-Таныхаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал ямар түвшинд явна вэ. Дээшилсэн үзүүлэлттэй явна уу, уруудсан түвшинд хэмжигдэж байна уу?

-Олон улс дахь хүндрэл, дотоодын зөв зохион байгуулалттай бодлогогүйгээс болж улс нийтээрээ нэлээд хүндхэн үе рүүгээ гулсчихлаа л гэж харж байна. Зах зээлийн нийгэмд шилжээд гуч гаруй жил боллоо. Энэ хугацаанд өнөөг хүртэл бид нэг онож, хоёр алдсаар байна. Өөрөөр хэлбэл, нэг зөв шийдвэр гаргачихаад үр дүнг нь үзэлгүй өөр бодлого гаргаснаар хугацаа, тооцооллын хувьд хоёр алдчихаж байгаа гэсэн үг юм. Нийгмийн амьдрал үнэхээр хүнд байна. Хүнд байгаа нь хүний амьдралын, өрх гэрийн орлого зарлагын баланс хэрхэн хангагдаж байгаагаас л харчихна шүү дээ. Үнийн өсөлт тэнгэрт хадчихсан атлаа цалин яг хэвэндээ. Одоогоос 10 жилийн өмнөх нийгэмд бид ийм цалингаар амьдраад байж болох л байсан байх. Гэтэл өнөө цагт яагаад ч болохгүй байна шүү дээ. Үнийн өсөлт эдийн засгийн зарчмаараа л өсдөг. Өслөө гээд үүнийг буруутгах арга байхгүй. Гэтэл үнийн өсөлт бодитоор өссөн энэхүү системтэйгээ уялдуулсан төрийн бодлого алга байна. Ерөнхийдөө сүүлийн таван жил улс орны хэмжээнд эдийн засаг, нийгмийн менежмэнтийн бодлого алдагдсанаас болж одоо эхний сөрөг нөлөөллүүд нь гарч ирж байна. Түүний нэг нь иргэдийн худалдан авах чадвар, инфляци юм. Үүнийг маш нарийн зөв зохион байгуулалттайгаар хатуу бодлогоор засахгүй бол цаашид өнөө маргаашаа аргацаасан шийдвэр бодлогоор засна гэж байхгүй. Улам л нийгэм, улс орны амьдрал ухрах болно.

-Манай улс жил бүр л алдагдалтай төсөв баталдаг. Энэ нь улсын эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу?

-УИХ-аар жил бүр Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталдаг. Ингэхдээ олон жил явсан схем дээрээ суурилаад л улсын төсвийн нэгдсэн тооцооллыг гаргачихаад байгаа нь л бидний алдаа. Эдийн засаг гэдэг цаг, минут бүр суурь нөхцөл нь өөрчлөгдөж түүндээ тулгуурласан бодлого явуулахгүй л бол сөнөж байдаг салбар. Гэтэл манайд тийм зүйл алга. Цаг үе, орчин нөхцөл, нийгмийн бодит хэрэгцээ шаардлага, дэлхий нийтийн эдийн засгийн байдал өөр болж байхад манайх аль арав, хорин жилийн өмнө зураглаж байсан төсвийн схемээ наад захын мөнгө хөрөнгийн тоог нэмэгдүүлж өөрчлөөд л баталчхаж байна. Энэ бол бодлогын түвшинд гарч байгаа маш том алдаа. Бид улсын төсөв батлахдаа схемээ дахин шинээр гаргаж ирэх ёстой. Яг дэлхийн болон дотоодын эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал ямар байна. Түүнд нь тааруулж, өөрөөр хэлбэл орлого, зарлагаа бодитоор гарган ирж байж л төсвөө батлах ёстой юм. Бид харин ингэж ажиллахгүй байна. Хуучны барилгын зураг барьчхаад орчин цагийн барилгын материалаар байшин барилга барих гэж байгаатай л адилхан гэсэн үг. Тэгэхээр суурь тогтолцоо, схем, системээ өөрчилж, магадгүй хариуцсан мэргэжилтнүүдийг чанаржуулж байж бид төсвийн алдагдалгүй болно. Ер нь төсөв алдагдалгүй батлах шиг амархан ажил байхгүй шүү дээ. Гол нь тооцоолол, судалгаа, ирээдүйн чиг хандлага гээд олон зүйлийг л харж тусгах ёстой юм.

-Ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ирэх жилээс эхлээд манай улс гадаад өрнүүдээ эхнээс нь төлөхөөр байгаа шүү дээ. Гадаад өрийг өрөөр төлөх нь зөв үү. Өөрөөр яаж төлөх вэ?

-Валютын ханш цаашид ч улам эрчимтэй нэмэгдэнэ. Үүнийг зогсоох ганцхан арга бол дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л юм. Өөрөөр хэлбэл, гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүнээ багасгаж, харин дотоодоосоо гадагшаа бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргах ёстой юм. Маш энгийнээр ингэж л ойлгох хэрэгтэй. Аль хэдэн арван жилийн өмнө эхэлчих ёстой байсан төмөр зам болон эрчим хүч, хүнд үйлдвэрүүдийн сөрөг нөлөөлөл одоо манай улсад бодитоор бий болоод байна. Хэдэн тэрбумын ашиг олох боломжоо бид алдсан шүү дээ. Монгол Улс товчхондоо эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцийн хувьд өнөөгийн дэлхийн хөгжлөөс нэгэн эрин үеэр хоцорчихоод байна. Уул, уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад л бид ашиг олох нь битгий хэл санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ бол төрийн бодлогын зуун хувь буруу. Тодруулбал, улстөрчдийн буруу. Цаашлаад миний таны нийгмийн буруу. Бид л улстөрчдийг өөгшүүлэн гаргаж ирсэн. Гоё сайхан ярьсныг нь сонгосон. Амаараа ажил хийдэггүй, гараараа ухаанаараа ажил хийдэг гэдгийг бид одоо болтол ойлгоогүй л явна. Ирэх сонгуулиар ч гэсэн амаараа гарч ирэх улстөрчид цөөнгүй л байна. Ийм маягаар явбал манай улс үнэхээр хөгжихгүй ээ.

-Гадаад өрийн тухайд тодруулахгүй юу?

-Мэргэжлийн хүний хувьд Монгол Улсын гадаад өрийг сонсоход үнэхээр сэтгэл эмзэглэж, цаашдаа манай улс яана вэ л гэж санааширдаг. Үнэхээр гадаад өр таазнаасаа хэтэрчихсэн. Дөнгөж төрсөн хүүхэд л 35 сая төгрөгийн өртэй байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тоон үзүүлэлт шүү. Би нэг зүйл гайхдаг. Одоог болтол төр засгийн өндөрлөгүүд энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын хурал яагаад зарлахгүй байна вэ. Энэ өр хэрвээ нэг улсаас хамааралтай байсан бол бид хэдийнэ олон улсын эрх зүйн зарчмаар газар нутгаа өрөндөө алдчихсан байгаа. Гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсаас авсан өр эзэлдэг. Энэ хувь хэмжээ өссөөр л байвал бид газар нутгаараа өрөө төлөхөөс өөр аргагүй байдал хүрнэ. Газар нутгаараа өрөө төлнө гэдэг бол улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн үг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж яриад байгаа хэрэг шүү дээ. Тиймээс даруйхан Үндэсний аюулгүй байдлаа хуралдуулж гадаад өр төлбөрөө төлөх асуудлаа ярилцах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаад өрийг өрөөр төлөх нь цаг хугацааны хувьд хойшлогдож болох талтай ч өр улам нэмэгдэх эрсдэлтэй юм. Тиймээс зарим тулгамдсан өрөө өрөөр дарж, зарим өрийг дотоод нөөц бололцоогоо шавхаад ч хамаагүй барагдуулах ёстой.

-Уул уурхайн бүтээгдэхүүн өссөн үед ч би санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна гэлээ. Үүнд хил, боомтуудын хаалттай байдал бас нөлөөлөөд байгаа биз дээ?

-Хилийн асуудал хүнд байгаа нь тодорхой хэдхэн шалтгаантай. Нэгдүгээрт, манайхаас нөлөөлөхгүй хүчин зүйл гэж байна. Тэр нь мэдээж цар тахал, дайн байлдаан шүү дээ. Хоёрдугаарт, нөгөө л манай төрийн бодлого энэ чиглэлд сул явж ирсний хар гай шүү дээ. Улс орны бодлого одоогоос зуу, хоёр зуун жилээ харсан бодлого байх ёстой. Гэтэл манайд өнөөдөр л нэг юм ийм бодлоготой болох гэж хичээж байна. Энэ бол маш харамсалтай. МАН-ын намын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого одоогоос 30 жилийн өмнө гарчихсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй ч байж мэдэх л байсан. Гэтэл бүхэл бүтэн эрин үе солигдчихоод байхад бид тэртээд гаргачих ёстой байсан бодлогоо одоо л ярьж байна шүү дээ. Бусад улс орон бараа бүтээгдэхүүнээ орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан зөөж байхад манай улс үхэр тэргээр л зөөж байх жишээтэй. Яг л ийм хөгжлийн ялгаа бидэнд бий болчихоод байна. Тиймээс тэрхүү үхэр тэргээ даруйхан техник, машин болгож, хоцорсон хөгжлийнхөө араас тасралтгүй нэхээд л байх ёстой. Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах харилцаа бодлогын түвшинд үнэхээр алдагдсан. Энэ бол сүүлийн арван жилд гадаад бодлого дээрээ сул хүмүүс тавьж ажиллуулсны л гор. Улсаа гэсэн сэтгэлгүй хүмүүс гадаад бодлого яаж гаргах билээ дээ. Манай улсын гадаад харилцаа дэндүү албархаг болсон. Угтаа яг л ах дүүсийн харилцаагаар, анд нөхдийн журмаар л гадаад харилцаа явах ёстой. Нэг л зүйлийг хэлмээр байна. Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар л байвал бид ирэх 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй болж байна.

Төр засгийн удирдлагууд улс орныхоо өмнө тулгамдчихаад байгаа гадаад өр, эдийн засгийн нөхцөл байдал, хилийн хориг зэрэг асуудлаа ард түмнийхээ өмнө нээлттэй болгож, салбар бүртээ мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй байна. Дан ганц намынхаа, бүлгийнхээ, яам, агентлагийн түвшинд асуудлаа яриад нэмэргүй. Эндээс бодитой шийдвэр яагаад ч гарахгүй. Тиймээс л эдийн засгаа сэргээх, гадаад өрөө зохицуулах асуудлаар улс даяар нэгдсэн томоохон чуулга уулзалт, хэлэлцүүлгийг хийж, гарц шийдлээ ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 17, элдэв тэнгэртэн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 4:52 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.