Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр нэг цэгт 32 багийн 111 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр нэг цэгт 32 багийн 111 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-ОХУ болон Укрианы дайнаас үүдэн Европын холбоо ОХУ-д шат дараатай хориг арга хэмжээ авч байгаа. Тус хориг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийг манай улсад сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн таамаг зарим судлаачид дэвшүүлсэн. Харин миний бодлоор бид үүссэн нөхцөл байдлыг ашиглаж чадвал манайд олон эерэг үр дүн ажиглагдах боломжтой. Хамгийн гол нь тэр боломжийг төр засгийн удирдлагууд ашиглаж чадах эсэх нь анхаарал татаж байна. Манай улсын хувьд ОХУ-аас шатахууны хараат байдал хамгийн өндөр байдаг. Тэгвэл Европын холбоо ОХУ-ын газ, шатахуун, нефтийн худалдаанд хориг тавьсан. Энэ юуг илтгэж байна гэхээр ОХУ-д хориг тавиагүй Хятад, Монгол, Энэтхэг, Иран гэх мэт орнуудад дээр дурдсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь буурах боломжтой. Гэхдээ бодит байдал дээр Европын холбоо ОХУ-д хориг тавьсан гэж байгаа боловч ОХУ-ын шатахуун, газны борлуулалт он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гурав дахин өсчихсөн байна. Өмнөх оны мөн үед 30 орчим тэрбум ам.долларын газ,нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ гадагшаа гаргаж байсан бол хоригт орчихсон байгаа энэ үеийн эхний дөрвөн сарын байдлаар 96 тэрбум ам.долларын газ, нефть гадагш гаргасан байна. Манай улсын нөхцөл байдал маш тодорхой. ОХУ-аас “Европын холбооноос тавьсан хоригийг дэмжээгүй орнууд болон найрсаг харилцаатай орнууддаа газ, нефтийнхээ үнийг хямдруулна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ боломжийг богино хугацаанд ашиглаж чадаагүй. Иргэд шахаж шаардсанаар УУЯ-ны дэд сайд Орос руу очиж хэлэлцэл хийсэн. Ийм байж болохгүй. Манайд шатахууны үнэ өсөх ямар ч боломж байхгүй. Тэр ч бүү хэл шатахууныхаа үнийг ОХУ-ын талаас бууруулах тухайгаа олон нийтэд мэдээлсэн учраас манай дотоодын компаниудын шахалтаар шатахууны үнийг нэмэх ямар ч боломжгүй болсон. Нэг ёсондоо дотоодын компаниуд дайны байдлыг ашиглаж тоглолт хийх боломжгүй болсон нь манайд эерэгээр нөлөөлж байна. Цаашид ч шатахууны үнийг бууруулах боломж бий.Харин яагаад хямдруулахгүй байгаа нь сонин байна. Өөрөөр хэлбэл, төр барьж байгаа нам нь лобби хийдэг компаниудаас санхүүждэг учраас тэдний үгээр явдаг нь ойлгомжтой байна. Нэг ёсондоо өсөх ёстой байсан шатахууны үнийг өсгөхгүй байгаа бус харин ч буурсан байх ёстой үнийг барьж байгаад л асуудал бий. Манайд эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа бол ОХУ-д хориг тавьсан Европын орнуудад газ нефтийн үнэ 15 хувь хүртэл өссөн нь түүхэнд байгаа өсөлт.Европын орнуудад эдийн засаг нь 5-10 хувь өсөхөд л байдал хүндэрч, иргэд маш их реакци үзүүлдэг. Харин манайд эдийн засаг нь 20 хүртэл хувиар савласан ч тоодоггүй. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 30-40 хувь хүрчихээд байхад ч юман чинээ тоодоггүй. Тиймээс манай төр засгийн удирдлагууд туйлын дуулгавартай иргэдтэй учраас нэг талаараа азтай юм.
-ОХУ-ын борлуулалт өмнөхөөсөө гурав дахин өссөн дүнтэй байхад яагаад Европын орнуудад шатахууны үнэ 15 хувь хүртэлх хувиар өссөн нь сонирхолтой санагдаж байна?
-Таны зөв. Учир юу байна гэхээр өмнө нь ОХУ-аас шууд Европын орнуудад нийлүүлдэг байсан бол өөрсдийнх нь тавьсан хоригоос үүдэн бусад орнуудаар дамжуулж авч байгаа учраас үнэ нь өсчихөөд байгаа юм. Харин ОХУ-ын экспорт өссөн дүнтэй байгаа юм. Энэхүү өсөлт ганцхан Европын хоригтой ч холбоотой бус. Хориг тавиагүй орнууд ОХУ шатахууныхаа үнийг бууруулсан дээр нь экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, нөөцөлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Хэрэв Европын холбоо ОХУ-д хориг тавиагүй байсан бол ОХУ-ын шатахууны импорт гурав дахин өсөхгүй л байсан болов уу. Европын орнууд ОХУ-аас өөр эх үүсвэрээс газ, шатахуун авах боломж одоогоор байхгүй. Шинэ эх үүсвэр гаргахын тулд Европын холбоонд 4-5 жил шаардагдана. Тийм олон жил хүлээх нь байтугай хэдэн сар тэсэхэд хүндрэлтэй байна шүү дээ.
-Манайх ОХУ шатахууны үнээ одоогийнхоос бууруулсан ч бусад улс орон шиг хэдэн жилийнхээ хэрэглээг нөөцлөх агуулах сав байхгүй шүү дээ?
-Яг тийм. Гэтэл үүнийг төрийн удирдлагууд яагаад сэтгэхгүй, хийхгүй байна вэ. Нэгдүгээрт шатахуун, газ нөөцлөх агуулах савныхаа тоог нэмэгдүүлэх алхам хийгээгүй. Хоёрдугаарт, шатахууны үнийг бууруулах ашиг сонирхол иргэд л байна уу гэхээс түүнийг худалдан борлуулдаг компаниуд, төр засаг, намд лав байхгүй. Яг одоо ОХУ-тай бид бүхий л талаар хэлэлцээр хийхэд тохиромжтой үе. Нөхөрсөг харилцаатай орнууддаа онцгой үнээр нийлүүлнэ гэдгээ ОХУ зарлачихаад байна шүү дээ.
-Тэгвэл хүнсний үйлдвэрлэл, улаанбуудайн асуудал дээр манайд үүсэх хүндрэл юу байх бол?
-Энэ асуудал бүр ч аятайхан болчихоод байна шүү дээ. ОХУ энэ дайныг гэнэт л нэг өглөө босоод эхлүүлчихээгүй. Угтаа 2014 оноос хойш бэлдсэн. Тийм учраас ОХУ-д хүнсний хомсдол огт алга. Тэр ч бүү хэл дайн тулаангүй манай улсаас бараа бүтээгдэхүүний үнэ 1.5-2 дахин хямд байна шүү дээ. ОХУ-д дайн болж байгаа ч үр тарианы илүүдэлтэй байна. Өнгөрсөн жил Монголд ч, ОХУ-д ч үр тариа сайн ургасан. Тиймээс үр тариа, мах, махан бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох боломж байна. ОХУ хоригт байгаа учраас манайхаас цэргийн хүнснийхээ махыг экспортлох хүсэлтэй байгаа. Гэтэл манайхан малынхаа өвчнийг тавиад туучихсан байна. Иймээс гарч ирж байгаа боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Наад зах нь малаа богино хугацаанд эрүүлжүүлэхэд анхаармаар байна. Түүнчлэн ОХУ манай экспортын бүтээгдэхүүнд маш өндөр татвар буюу 40-70 хувийн татвар ногдуулдаг. Тэгвэл уг татварын хэмжээг бууруулах боломж бүрдчихсэн байхад одоо ч ашиглахгүй байгаа нь гайхмаар. Үнэндээ Оросын татвар өндөр байгаа нь монголчууд биднээс болсон. Зарим нэг бүлэглэлүүд өөрсдийнхөө бизнесийг өргөжүүлэхийн тулд ОХУ-тай хийх худалдаан дээр өндөр татвар манай улс төлдөг байх тогтолцоо гаргасан. Энэхүү байдлыг засахаас илүү энэ хэвээр нь байлгах сонирхолтой хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Угтаа манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон бол ОХУ 2012 онд тус байгууллагын гишүүн болсон түүхтэй. Манайх ОХУ-ын хөрш, дээрээс нь тус байгууллагын гишүүн болоод 15 жил болчихсон учраас ОХУ-ыг тус байгууллагын гишүүн болох эсэхийг зөвшөөрөх, түдгэлзэх эрх нь бидэнд байсан. Гэтэл 2012 онд ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болоход ямар нэг санал, түдгэлзэх асуудал бий юү гэж асуухад манайхан үг дуугүй зөвшөөрсөн. Тэр үед ч татвартай холбоотой асуудлыг хөндөж болох байсан. Одоо ч байна. Харамсалтай нь бид өөрсдөөс шалтгаалах алхмуудаасаа юу ч хийгээгүй байж ОХУ л манай улсыг хөгжүүлэхгүй байгаа мэтээр тэднийг гүтгэдэг. Ингэж болохгүй.
-Тэгвэл ОХУ Европын хоригоос үүдэн бараа бүтээгдэхүүнээ зөвхөн рублиэр худалдаалж байгаа нь манайд хэрхэн нөлөөлж байна?
-Гайхалтай эерэгээр нөлөөлж байгаа. Манай улсын валютын нөөц өдрөөс өдөрт багасч байгаа. Гэтэл ОХУ бараа бүтээгдэхүүнээ рублиэр худалдаалж байгаа нь долларын нөөц болоод үнэд эерэг нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, доллар өслөө, валютын нөөц багаслаа хэмээн орилдог манайханд энэ шийдвэр ашигтай тусч байгаа. Харин Европын холбоо хоригоо цуцлах үед ч рублиэр тооцоогоо хийдэг байхад анхаарч ажиллах нь зүйтэй.Үнэндээ ОХУ бусад улс орнуудаас үл хамаарч хэрхэн яаж бие дааж оршихоо аль хэдийнэ мэдчихсэн байна. Харин хориг тавьсан улс орнууд нь эсрэгээрээ өөрсдөө хүндхэн байдалд орж, эдийн засгийн хохирол амсаад эхэлчихсэн байна. Манай хувьд импортын 30 орчим хувийг ОХУ, экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-аас хамаардаг. Тиймээс ОХУ-д худалдаалж болох бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх боломж одоо бүрдчихээд байна. Оросууд ч манайхаас хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах, олон зүйл дээр оросууд тохиролцох сонирхолтой байна.Түүнийг нь ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай олон талаар харилцаагаа лавшруулах алтан боломж тохиож байна. Энэ боломжийг Засгийн газар ашиглах ёстой.
Ням гаригт Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт архи, согтууруулах ундаа худалдахгүй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд явагдана.
Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 19-ний ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.
Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.
-Эрчим хүчний асуудал “толгойны өвчин” болоод удлаа. Салбарын сайд нь ирэх өвөл хязгаарлалт хийж болзошгүй гэх түгшүүртэй мэдээлэл өнгөрсөн хавар өгч байсан. Ирэх өвөл нийслэлчүүдийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?
-Монголчууд бидний түүний дотор төр засгийн үүсгэсэн толгойны өвчин. Эмчилгээ хийхгүй бол цаашид улам хүндрээд хорт хавдраар бол IV үедээ орчих вий гэж санаа зовж явдаг. Ирэх өвлийн хувьд Н.Тавинбэх сайд хязгаарлалт хийж болзошгүй тухай хэлж байсан нь үнэн. Тэрээр энэ зунаас үнэ нэмэх талаар шургуу ярьж байсан нь салбарыг эмчилж эхлэх цаг болсныг мэдэрсэн хэрэг. Миний бодож байгаагаар ирэх өвлийг яаж ийгээд давна л даа. Өнөөдөр салбарын чадлын дутагдал өнгөрсөн жилтэй харьцуулахад их нэмэгдсэн байгаа. ДЦС-4 дээр 120 МВт-ын блок трансформатор гэмтсэнээс ажилгүй болчихсон. Залуус маань шинэ трансформатор оруулж ирэх гээд бөөн ажил болж Орос-Украины асуудлаас болж саад бэрхшээл ихтэй байх шиг. Өвлөөс наана амжаасай билээ. Ер нь ирэх өвөл гэсэн ойрхны асуудлаас гадна цааших өвлүүдийг яаж давахыг бодох хэрэгтэй. Энэ нь цахилгаан, дулааны үнийг нэмэхээс эхлэх ёстой. Тэгэхгүй бол тэг зогсолт хэзээ нэгэн цагт болж л таараа.
-Эрчим хүчний салбар хүнд нөхцөлөөс гарах хамгийн ойрын гарц юу вэ?
-Монгол Улс өөрийн эх үүсвэрээрээ чадлын дутагдлыг нөхөж чадахгүй учир импортоо нэмэх, бэхжүүлэх хэрэгтэй. ОХУ-аас авч болох чадал дээд хэмжээндээ тулчихсан байгаа. 345 МВт чадал тодорхой хугацаагаар авч болно гэсэн үг. БНХАУ-Оюу толгойн 220 кВт-ын агаарын шугамыг төслийн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх хэрэгтэй. Тодорхой техник, зохион байгуулалтын арга хэмжээ энэ шугамаар авах чадлаа нэмж болно. Зөвхөн Оюу толгой биш, бусад чухал хэрэглэгчийг энэ шугамд уях хэрэгтэй.
-Засгийн газрын хуралдаанаар саяхан эрчим хүчний тарифыг нэмэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн шүү дээ. Ер нь хуулиар Засгийн газрыг оролцуулахгүйгээр тарифыг шийдэх бүрэн боломжтой гэх юм. МАН ард түмэнд таалагдах гэж шийдвэр гаргаад байна уу?
-Анх бид 1998 оноос Эрчим хүчний тухай хууль хийж байхдаа Эрчим хүчний зохицуулах байгууллагыг УИХ-ын мэдлийн байгууллага байх, зохицуулагчдын томилогдох, ажиллах хугацааг сонгуулиас зөрүүлэх гэх мэтээр нэлээд чухал санаануудыг оруулсан л даа. Гэтэл 2001 онд батлагдсан хуульд Засгийн газрын байгууллага болгочихсон юм. Засаг үнийн асуудалд оролцоод байгаа нь хууль зөрчсөн асуудал биш ч үнэ нэмэхийг хойшлуулаад байгаа нь түрүүн хэлсэн шиг муу үр дагавартай.
-Эрчим хүчний салбар дахь төсөл хөтөлбөрүүд урагштай байгаа гэж байсан. Ойрын хугацаанд хэрэгжих эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт юу байна вэ?
-Таван толгойн дахин зарлагдсан тендерт оролцогч орж ирэх эсэхийг би тааж хэлж чадахгүй. Багануур өчнөөн саад бэрхшээл дундуур явж явж санхүүжилт нь гацсан сураг байсан. Эрдэнэбүрэнг бариулахгүй байх ашиг сонирхол маш хүчтэй хэвээр байна. Шинэ сэргэлтээр зөндөө төсөл яригдсан ч энэ жилдээ байтугай ирэх жилд ашиглалтад орчих төсөл алга. Цаашдаа яах нь санхүүжилтээс хамаарна.
-Эрдэнэбүрэнгийн УЦС ирэх намар эхэлнэ гэж байсан шүү дээ. Таван толгойн цахилгаан станц бас өнөө жил эхэлчихэж магадгүй гэж яригдаад байгаа. Шүүхийн маргаан нь дууссан гэв үү. Тэгэхээр Засгийн газар шууд хувийн хэвшлүүдийг татан оролцуулах эрх нь үүссэн гэсэн үг үү?
-Ерөөсөө хувийн хэвшилгүйгээр нэг ч төсөл явахгүй гэдгийг зоригтойгоор хэлчихье. Засаг хувийн хэвшлийг татан оролцуулах биш, тэд татагдаад ороод ирэх нөхцөлийг л бүрдүүлэх ёстой. Концесс гэдэг зүйл бол нэг их муу хэлээд байх зүйл биш шүү дээ. Хууль нь ч боломжийн. Барих-ашиглах-шилжүүлэх хувилбар эрчим хүчинд нэлээн нийцтэй юм уу гэж боддог. Эрдэнэбүрэн эхлээсэй гэж чин сэтгэлээсээ мөрөөдөж байгаа ч саад тотгор бүрэн арилсан гэсэн итгэл төрөхгүй л байна. Таван толгойн тухайд түрүүн хэлсэн дээр нэмэх юм алга.
-Цаасан дээр царцсан цахилгаан станцуудыг хэзээнээс амь оруулах бол. Түрүүнд таны хэлсэн Таван толгойн, Багануурын станцаас гадна Эгийн голын УЦС зэргийг асуумаар байна л даа. Мэргэжлийн хүний үгийг сонсъё?
-Хугацаа хэлэх хэцүү. Дор бүрдээ өөр өөр учир шалтгаантай. Тавдугаар ДЦС-ын оронд ДЦС-3 дээр 300 МВт чадалтай шинэ станц барих болсон. Оросууд ТЭЗҮ хийж байгаа. Гэхдээ оросуудын санал болгосон үнээр бол бүтэхээргүй л харагдсан. Энэ жилдээ багтаад яах нь мэдэгдэх байх. Багануурыг би дээр хэлсэн. Хятадууд нэг аргаа олох болов уу. Эгийн голын Биологийн олон зүйлд нөлөөллийн судалгааг дуусгана гэж Н.Тавинбэх сайд мэдээлж байсан. Одоо аль шатандаа яваа юм бол доо.
-Томоохон станцуудыг гацаагаад байдаг шалтгаан нь юу юм бэ. Хойд хөршийн бодлого яваад байна уу гэсэн хардлага нийгэмд бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Гацаах шаардлагатай гэж үзвэл чадна шүү дээ. Тэрэнд нь туслах монголчууд ч хангалттай бий.
-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр манай улс сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна. Нар, салхины нөөц арвин баялагтай орон хэрнээ төдийлөн массыг хамарч хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Сэргээгдэх эх үүсвэрийг төвийн системд их хэмжээгээр холбохоор чадлын зохицуулалт хүндрээд байгаа. ОХУ ч юмуу, БНХАУ-ын том системүүдэд ийм асуудал байдаггүй. Манай Монголын нэг ГВт илүүхэн чадалтай системийн хувьд “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг л юм болоод байгаа. Бух болохын тулд Эгийн гол, Шүрэнгийн УЦС нь хэрэгтэй байдаг. Харин сэргээгдэх чадлыг устөрөгч, метан хий зэрэгтэй хослуулбал энэ их бурхнаас заяасан нөөцөө их хэмжээгээр ашиглаж чадах боломж нээгдэнэ. Тийм учраас мань мэт нь нүүрсний давхарын метан болон устөрөгчийн хөгжилд өөрийгөө зориулаад 11 жил болж байна.
-Устөрөгчийн эрчим хүчний ирээдүйн талаар ярихгүй юу. Монгол ашиглаж байсан туршлага байдаг уу. Энэ салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхол ямархуу байдаг вэ. Цаашид манай улс устөрөгчийн эрчим хүчийг ашиглалаа гэхэд хууль гаргах шаардлагатай юу?
– ДЦС-4 1983 оноос устөрөгч үйлдвэрлэж генераторын хөргөлтөд ашиглаж байна. Гэтэл устөрөгч бол нэг кг нь 27800 ккал илчлэгтэй, шаталтын бүтээгдэхүүн нь ус байдаг онцлог шинж чанартай түлш юм. Уснаас гаргаж аваад шатаахад эргээд ус болдог энэ түлш өнөөдөр дэлхийн тренд болж байна. Сэргээгдэх эх үүсвэр ашиглаж ногоон устөрөгч гаргаад түүнийгээ хийн турбинд шатаах замаар цахилгаан системийн нар, салхины чадлыг шингээх чадварыг хэд дахин нэмэх тийм үе ирээд байна. Хөрөнгө оруулагчид аль хэдийнэ ороод ирчихсэн байна. Засгийн газраас хөрөнгө шаардлагагүй, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар явагдах төслүүд. Гэхдээ Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Бидний судалгаагаар шинэ хууль шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Тайланг ЭХЯ-нд өгсөн байгаа.
-Дэлхий дахинд нэвтэрч байгаа эрчим хүч гаргаж авах шинэ шийдлүүдийн талаар сонирхуулахгүй юу?
-Бүр шинэ гэвэл ARES гэдэг төмөр замын цахилгаан станц байна. Чадал илүүдсэн үед хөдлөх бүрэлдэхүүнийг цахилгаан хөдөлгүүрийн горимоор өндөрлөг газар гаргаад чадлын дутагдалтай үед генераторын горимоор доош нь буулгаж цахилгаан үйлдвэрлэх юм. Одоо АНУ-д туршигдаж байна. Усгүй УЦС л гэсэн үг, адилхан гравитацийн хүчийг л ашиглаж байгаа учир. Халуун цөмийн урвалыг хэлж болох юм. Хэт халууныг тэсвэрлэх материал гарчихвал хөгжих гээд байж байна. Ер нь маш олон технологи туршилтын шатанд байгаагаас устөрөгчийн эрчим хүч л сүүлийн хэдэн жил маш их яригдаж, судлагдаж, туршигдаж байна. XXI зууны эрчим хүчний гол шийдэл гэдгийг дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч устөрөгчийн хөгжлийн стратегийн бичиг баримтаа батлан бодит ажил болгох замдаа шуудран ороод байна.
-Сэтгүүлчид нэгдэж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг харуулна-
Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.
-Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, мэдээлэл бэлтгэхэд саад учруулсан томоохон асуудал дэгдлээ. Ер нь энэ үйл явцад ямар эрхүүд зөрчигдөв?
-Монгол хүний Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө гэж байдаг. Цагдаагийн байгууллага сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхэд халдсан үйл явдал шууд утгаараа хүний эрхийн асуудал. Үг, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд бүгд хөндөгдсөн гэсэн үг.
Аливаа нийгмийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индекс ямар түвшинд байгааг хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс нь тольдож болдог. Гэтэл сэтгүүлчид нь гарч ирж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг түвэггүй ойлгож болно. Хэвлэн нийтлэх, үг үзэл бодлоо илэрхийлэх эрх хоёр хоорондоо салшгүй, шалтгаант холбоотой гэж болохоор эрхүүд. Жишээ нь, хүн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхтэй. Мөн мэдэх эрхийнхээ хүрээнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар ч хүн эдэлнэ, ялангуяа сэтгүүлчид. Өмгөөллийн хуулийн 26 дугаар зүйлд заасан өмгөөлөгчид үйл ажиллагаагаа явуулахад аливаа нэгэн байгууллага, албан тушаалтнууд саад учруулахгүй байх баталгаатай эрхийг эдэлдэг. Үүнтэй адил сэтгүүлчид ийм эрхийг эдэлдэг. Энэ үйл явдал бол сэтгүүлчид цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэл гаргаагүй, гагцхүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө хүрээнд ажлаа хийснийх нь төлөө хүч хэрэглэсэн асуудал.
-Хүний эрхийг хамгаалах фронтын тэргүүн эгнээнд явдаг сэтгүүлчид зөвхөн ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө эрх, эрх чөлөөгөө хасуулаад зогсохгүй халдлагад өртлөө. Үнэхээр таны хэлснээр сэтгүүлчид нь эрхээ шаардаж жагсана гэдэг бол иргэний бусад олон эрхийн тухай яриад ч хэрэггүй биз?
-Харамсалтай нь урьд хожид болж байгаагүй үйл явц болж өнгөрлөө. Тухайн нийгмийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг үзэл бодлоо илэрхийлэх, өмгөөлүүлэх эрхэд ингэж халдаж байгаа процесс нэг дор болсон.
Жишээ нь, миний бие ажлаа хийснийхээ төлөө цагдаагийн байгууллагад яллагдагчаар татагдсан. Зөвхөн ажлаа хийснийхээ төлөө өмгөөлөгчийг хүртэл яллагдагчаар татчихаар эрхээ хамгаалуулах жирийн иргэд яах вэ. Гэтэл өнөөдөр хар. Сэтгүүлчдийн хуулиар хамгаалагдсан үндсэн үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэдэг бол ардчиллын үнэт зүйл болох хүний баталгаатай эдлэх олон эрх, халдашгүй байдалд маш бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Энэ бол Монгол Улсын ардчилал ямар түвшинд очсон, яаж доройтож байгааг харуулах том жишээ болж байна.
Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар хариуцлага хүлээх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхэд ноцтой халдсан энэ үйлдлийн төлөө тэд ажил, албан тушаалаасаа огцрох ёстой. Хүний эрх, эрх чөлөөний байдал үүнээс илүү дордоно гэж юу байх вэ.
Энэ дашрамд, хүний эрх чөлөөг хамгаалах тэргүүн эгнээнд зогсдог хууль зүйн мэргэжлийн тулгын гурван чулуу болсон өмгөөлөгч, хуульчид нэгдэж сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж дуугараасай гэж уриалмаар байна. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн эрх биш шүү. Хүний эрх гэдэг хэвлэн нийтлэх эрхээс эхэлдэг юм шүү.
-Өмнө нь жагсаал цуглаанд оролцсон залуусыг олноор баривчилсан. Биед нь гэмтэл учруулсан, үндэслэлгүй цагдсан гээд олон асуудал ундарсан. Та бол цагдаагийн байгууллагын реформын тухай яриад удаж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль сахиулагчдыг бий болгох нь энэ салбарын том асуудал болж байгааг олон түвшинд ярьж байна?
-Цагдаагийн байгууллагын реформыг зайлшгүй хийх ёстой. Хүлээх шаардлагагүй. Цаашид улам дордоно. Бид өнгөрсөн жилээс цагдаагийн байгууллагын шинэчлэл буюу #YesPoliceReporm гэж цахимаар уриалаад байгаа. Үүнийг олон нийт дэмжээд өгөөсэй. Цагдаагийн байгууллагын удирдлагаас нь эхлээд эрх зүйт нийгмийн жишигт хүрсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг шинэчлэлийг бид шаардаж байгаа.
Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш, маргааш таны ч асуудал болж босч ирнэ гэдгийг хаана хаа ойлгох хэрэгтэй. Хариуцлага тооцохдоо цагдаагийн жирийн албан хаагчдаар туг тахидаг, нөгөө л төрийн албаны бугшсан, иргэдийг хуурсан, урхидсан арга технологио ашигл дээд шатны байгууллага, албан тушаалтныхаа тушаал заавраар ажилладаг. Тэдгээр тушаал шийдвэр өгсөн хүмүүст хариуцлага тооцохгүй, жирийн албан хаагчдад нь ажлаа өгөөд өнгөрч байгаа явдлыг халах ёстой.
-Тогтолцоог өөрчлөх эхний алхам юу байх ёстой юм бэ?
-Шинэчлэл гэдэг бол тэр чигээр нь үндсээр нь өөрчлөхийг хэлж байгаа. Нэгэнт хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм бол хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагыг хууль хэрэгжүүлдэг, хууль сахиулдаг, иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдэг стандарт руу оруулах ёстой. Цагдааг бид төрийн цагдаа, хүчний байгууллага гээд буруу нэршлээр яваад ирчихсэн. Зүй нь бол цагдааг хараад айдасгүйгээр биднийг хамгаална гэдэг иргэний сэтгэл зүйгээр хандах ёстой. Цагдаа гэдэг үгийг ч болих ёстой. Сэргийлэх гэдэг үг хамгийн тохиромжтой.
Шинэчлэл хийнэ гэдэг цагдаагийн жирийн албан хаагчийн нийгмийн баталгаанаас эхлэх ёстой. Жишээ нь, АНУ-д цагдаагийн жирийн албан хаагчийн дундаж цалин 10.000 ам.доллараас эхэлдэг. Манайд бол 850.000 төгрөг л байна. Дээр нь яг ижилхэн чиг үүрэгтэй АТГ-т ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалинтай. АТГ-ын албан хаагчдаас цагдаагийн албан хаагчид бараг илүү цагаар ажилладаг.
Гүржийн жишээг ярья л даа. Тус улс цагдаагийн байгууллагадаа том реформыг хэрэгжүүлсэн. Бүтцээр нь шинэчилж, цагдаагийн албан хаагчдаасаа шалгалт авдаг болсон. Тэр шалгалт нь тухайн хүнээс хамгийн түрүүнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэг нь ямар түвшинд байгааг үндсэн шалгуур үзүүлэлт болгодог жишигтэй. Ингээд ажиллах нөхцөлийг сайжруулаад, стрессгүй, яг л үйлчилгээний стандартыг ойлгуулаад ирэхээр аяндаа энэ салбар зүгширнэ. Түүнээс гадна цагдаагийн байгууллагын удирдлагын түвшинд аваад үзэхэд ЦЕГ-ын даргыг томилохдоо олон нийтээс санал авдаг жишиг байх ёстой. Энэ хүн үнэхээр хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байна уу. Ялангуяа хуульч мэргэжилтэй хүнийг тавих гэж байгаа бол нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох хэрэгтэй. Манайд өнөөдөр шууд тушаалаар хэн нэгний гар хөл болдог, эсвэл нутаг усны хүнийг томилдог. Тухайн хүн нь барьцаагаар хөдөлдөг, хууль бус тушаал шийдвэрээр ажилладаг нөхцөл байдал үүсчихээд байгаа нь нууц биш.
-Цагдааг бэлдэж байгаа тогтолцоо нь өнөөдрийн энэ үл ойлголцол, хүний эрхийн зөрчил рүү түлхээд байна уу?
-Нэгэнт тогтолцоо ярьсных цагдаагийн албан хаагчдын боловсролын асуудал ч хөндөгдөнө. Манай цагдаа нарыг дотоодод болон ОХУ-д бэлтгэдэг. Ингэснээр хуучны социалист школтой, КГБ-гийн арга технологид мэргэшчихсэн хүмүүс бэлтгэгдэж гарч ирээд байгаа юм. Түүний оронд АНУ, Герман, Англи зэрэг эрх зүйн системтэй оронд явуулж бэлдээч.
Эдгээр өөрчлөлтүүдийг хийж цөхөөд байх зүйл байхгүй. Өнөөдрийн эрх баригчдад зөвхөн сэтгэл зүрх дутаад байгаа юм. Тэд цагдаагийн байгууллагыг өөрсдийнхөө гар хөл болгож, ОХУ, Беларусьд хэрэглэгддэг дарангуйллын машин, зэвсэг болгож ашиглаад байна шүү дээ. Цагдаагийн байгууллагад тогтолцооны өөрчлөлт хийх юм бол жинхэнэ утгаараа хүний эрхийг хамгаалдаг субьект болж хувирна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их Нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан, бүтээн байгуулалт хийх “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд ажиллан, хэрхэн тохижуулах талаар мэдээлэл өглөө. Тохижилтын ажлыг наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Дугуй цагаан болон Туул голын эрэг орчмын тохижилттой танилцахад иргэд чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай, ногоон байгуулж бүхий амралт зугаалгын орчин байгуулах хүсэлт маш их тавьж байсан. Энэ үеэр “Энигма” компанийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтын ажилд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахал, эдийн засгийн байдал, ачаа тээвэрлэлтийн удаашрал зэргээс үүдэлтэй хүндрэл үүссэнийг ойлгож байгаа. Нэгэнт хөрөнгө мөнгөө зарцуулж, барилга байгууламжаа барьчихсан хувийн хэвшилтэй аль болох ойлголцож ажиллахыг хичээж байна. Хувийн өмч гэдэг бол хуулиар хамгаалагдсан зүйл учраас гомдол гарч байгаа боловч нөгөө талаас ард иргэдийн хүсэлтийг сонсож, түүнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Нийслэлийн хувьд хуульд заасан зүйл заалт, үндэслэлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлж, иргэдэд зориулан тохижуулах гэж байна. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой байршилд зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, барилга барьж болохгүй. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хотын захиргаа болон аж ахуй нэгжүүд нэг ширээнд сууж ирсэн. Цаашдаа ч мөн нийслэлийн зүгээс бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, засаж сайжруулах зүйл дээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана хэмээлээ.
Энэ үеэр “Энигма” ХХК, МҮИС-ийн захирал Л.Мөнхбат тус газрыг эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга “Ногоон байгууламж бүхий тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй. Та бүхнийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний агро парк, аялал жуулчлал хөгжүүлэх төв байгуулна гэж ойлгосон. Экологийн тэнцвэрт байдлыг хангасан байдлаар тохижилтоо хийгээрэй. Эдгээр тохижилттой уялдаж ажиллахад хот болон хувийн хэвшлийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гарахгүй. Эцсийн бүлэгт хот, аж ахуйн нэгжүүд иргэдийн ая тухтай байх эрхийг хангахад сэтгэл гаргаж ажиллавал өөр хүсэх зүйл алга” гэв.
Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн хөдөлгөөний талаар нийслэлд танилцуулахад Дугуй цагаан орчмын тохижилтын ажилд хамтарч ажиллах санал тавьсан юм. Бид долоо хоногийн турш олон нийтээс судалгаа авсан. Судалгааны үр дүнд суурилж, өмнө нь гарсан байсан зураг төслийг нэмж сайжруулсан. Дархан цаазат газрын угтах хэсгийн байгууламжид харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, мөн гудамжны хоолоор үйлчлүүлэх боломжтой талбайг төлөвлөсөн. Хуулиар Дархан цаазат газарт барилга байгууламж, ариун цэврийн өрөө барих боломжгүй учир үүдний хэсэгт эдгээр байгууламжийг төлөвлөлөө. Мөн усны урсгалын голдирлыг хадгалсан гүүрэн байгууламж, хоёр тоглоомын талбай байгуулна. Эдгээр тоглоомын талбайг байгалийн модон хийцтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тухлах саравч, амрах талбай зэргийг мөн байгуулна. Түүнчлэн уулын замд таван амралтын өртөө байгаа. Дугуй цагаанд залуучуудад зориулсан цэвэр модоор хийсэн, эко задгай театр төлөвлөсөн. Ингэхдээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, дан байгалийн модоор хийнэ” гэсэн юм.
Өнгөрөгч 5 дугаар сард явагдсан сонгуулиар Австралийн өмнөх Консерватив Засгийн газрыг 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 2005 оны түвшинтэй харьцуулахад 26-28 хувиар бууруулна гэсэн 7 жилийн өмнөх амлалтаа ахиулахаас татгалзсанаас нь болж сонгогчид нүүр буруулсан юм. Шинэ Ерөнхий сайд Энтони Албаниз улсынхаа 2030 он хүртэлх шинэ зорилтын талаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргад мэдээллээ хүргүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү шинэ зорилтыг нь бататгасан хуулийн төслийг мөн ирэх сарын 26-нд анхны чуулганаа хийх шинэ парламентад өргөн барина гэдгээ тэрбээр мэдээлжээ. Австралийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт гацаанд ороод 9 жил болж байгаа. Энэ нь тус улсын өмнөх Засгийн газрын үед уур амьсгалын асуудлаар нэгдсэн цэгцтэй бодлого шийдвэрт хүрч чадахгүй байснаас үүдсэн гэж “Ассошиэйтэд пресс”-ийн мэдээнд дурдсан байна.
Австрали нүүрс, нягтруулсан байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлэгч орны нэг. Тэр ч чанараараа, ашигт малтмалаас хамааралтай байдлаа бууруулна гэдэг тус улсын хувьд эмзэг асуудал болж хувирдаг аж. Тиймээс ч Жон Ховардын тэргүүлсэн өмнөх Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чинээлэг орнууд дундаа хамгийн хойгуур байранд ордог байжээ. Үүний зэрэгцээ Албанизын Засгийн газар энэ чиглэлд улам эрчимтэй бодлого зорилт дэвшүүлэх нөхцөлд, өмнөхтэй харьцуулахад илүү ногоон үзэл баримтлал давамгайлсан шинэ парламентын зүгээс шахалттай тулгарч болзошгүй байна.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Ой ба цөл” арга хэмжээг зохион байгуулж иргэдийн оролцоог хангах, тэдний үзэл бодлыг сонсох өдөрлөг болов. Уг арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, НҮБ-ын ХХААБ-ын Суурин Төлөөлөгч Винод Ахужа нар оролцож үг хэллээ.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Цөлжилт, газрын доройтол, гангын нөлөөг бууруулах, түүнээс сэргийлэх асуудал нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн тулгамдсан томоохон сорилтуудын нэг болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн зорилтоо тодорхойлсон. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна” гэлээ.
НҮБ-ын ХХААБ-ын Суурин Төлөөлөгч Винод Ахужа “Газар, усны нөөцөд үүсэж буй гамшгаас үүдэлтэй дарамт нь экосистемийн бүтээмжийг бууруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг доголдуулж, дэлхийн бүх бүс нутагт ядуурал, хоол тэжээлийн дутагдлыг нэмэгдүүлж байна. Бидний хэрэглэж буй Хүнсний 95 гаруй хувийг газар дээр тарьж, ургуулдаг бөгөөд хөрс, усны эрүүл мэндээс шууд хамааралтай” гэсэн юм.
Цөлжилт, газрын доройтлоос болж байгалийн тэнцвэрт байдал алдагдсан тухай, цөлжилтийг шийдсэнээр байгаль дэлхий хэрхэн сэргэж байгааг харьцуулсан зураглал бүхий видео, фото зураг байршуулж иргэдийн бодлыг сонсох юм. Уг арга хэмжээ өнөөдөр 19 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ өдөр эрдэм шинжилгээний хурал болон залуу эрдэмтдийн илтгэл, гарц шийдлийг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулсан бол, 21 аймгийн хүүхдүүдийн дунд 2 сарын турш зохион байгуулсан “Цөлжилт” фото зургийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ Францын ЭСЯ 17:00 цагт болно гэж БОАЖЯ-наас мэдээллээ.