Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа DNN.mn

Өчигдөр цахимд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдсан. Уг бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Шалгатын ажиллагаа хийгдэж байгаа. Зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж байгаа” гэв.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын соёлын нээлттэй өдөрлөг олон нийтэд үнэ төлбөргүй хүрч байна DNN.mn

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж “Америкийн өдрүүд” соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулж буй юм. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Америкийн хоолны соёлыг сурталчлах өдөрлөг болж байна. Харин маргааш Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга болоод Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд, Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч төгсөгчдийн яриа, Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad), Open Mic: Яруу найргийн цаг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн зургадугаар сарын 23-нд Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд зохиогдох аж. Тодруулбал,

12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA)

13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд

15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, төгсөгчийн яриа болох юм байна.

Зургадугаар сарын 24-ний өдөр Америкт суралцъя – Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл сэдвийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls

13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга

14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа зохиогдох ажээ.

Харин 26-30-ны өдрүүдэд АНУ-ын Цэргийн хамтлагийн тоглолт болох юм байна. Тодруулбал, 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохиогдох уг тоглолт 28-ны өдөр Дархан хотын “Залуучууд театр”-т, 30-ны өдөр Улаанбаатар хот дахь Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд мөн болох ажээ.

Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох эдгээр арга хэмжээ нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар зохион байгуулагдах юм байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-19-ний хооронд Америкийн баримтат кино өдрүүдийг Тэнгис кино театрт зохион байгуулсан юм.


Р.ХИШИГ

А.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Д.Өнөрболор: Нэг алхам урагшлаад хоёр алхам хойшилж болохгүй DNN.mn

Дэлхийн банкны энэ оны 1-р сард гарсан дүгнэлтээр манай улсын эдийн засгийн өсөлтийг 4.2% гэж төсөөлж байсан бол саяхан 5-р сарын байдлаар 2.9% болгож бууруулж, 2023, 2024 онд өсөлт 3 хувьтай байна гэж төсөөлж байна.Эдийн засгийн өсөлт ийм доогуур түвшинд байхад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн эргэлзээтэй болж байна.

Ерөөс Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт учирсан хор хохирол, Орос-Украйны дайнаас үүдэлтэй эрчим хүч, хүнсний хомсдол, үүнийг дагасан үнийн өсөлт дэлхийн эдийн засагт ч маш том ангал үүсгээд байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн 38 орон өргөн хэрэгцээний бараа, үйлчилгээ багтаасан үнийн өсөлтийг 8.5% гэж тооцож, инфляци 4.2%-тай, бодлогын хүүгээ 0.5% өсгөж байгаагаа зарлалаа. Ажилгүйдлийг 4%, үнийн өсөлтийг 2% буулгаж чадвал амжилт гэж үзнэ гэдгээ илэрхийллээ.

Холбооны нөөцийн системийн захирлуудын зөвлөл (FRB) төсөөлж байснаас хавьгүй илүү инфляци бодитой харагдаж байгаа тул бодлогын хүүгээ 0.75% нэмж байна гэж зарлалаа. Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC)-ийн энэ шийдвэр 27 жилийн дараа болж байгаа үйл явдал.

Хар тэнгисээр дамжин өнгөрдөг буудайн урсгал зогсч одоогийн байдлаар 75 сая тонн улаан буудай Украйнд түгжигдэж, хэрэгцээнийхээ томоохон хувийг авдаг Африкт өлсгөлөн, ядуурал улам газар аваад байна. OECD “ эдийн засгийн эрсдэл төдийгүй ядуурал, өлсгөлөн газар авч хүмүүнлэгийн эмгэнэл бодитой бий болох нь тун ойрхон боллоо” гэж анхааруулжээ.

Эдийн засгийн уналт доройтол ужгирч байна.

Ийм цаг үед манай улс эдийн засгаа хэвийншүүлэх, өмнөө тавьсан хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд төсөвт ачаалал болохгүй, өрийн таазанд нэмэлт дарамт болгохгүй шийдвэрлэх арга зам бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цэгцтэй, найдвартай, олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм.

Саяхан Засгийн газар, Сангийн яамнаас УИХ-д “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төслийг өргөн барив. 9 бүлэг 60 зүйлтэй.Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт ТХХТ-ийн төсөл хэрэгжүүлэх юм байна. Олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой зарим салбаруудыг хязгаарлаж байгаа юм. Гэсэн атлаа хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байхыг шаардаж байгаа юм. Төсөл нь урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ гэсэн 2 шаттай, шат бүр дээр Сангийн яамнаас зөвшөөрөл авч байна. Гэх мэтчлэн бүхий л эрх мэдэл оролцоог төрийн төв байгууллага дээр төвлөрүүлсэн, орон нутгийн байгууллагууд бие даан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүхэлд нь хаасан, цаашлаад ТХХТ-ийн асуудал хариуцсан байгууллага нь төрийн өмчит хуулийн этгээд байхаар зохицуулж өгчээ.

Хуулийн төсөл бүхэлдээ зөвхөн төрөөс санхүүжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг ТХХТ-ийн зарим хэлбэрээр хэрэгжүүлэн зохион байгуулах, төслөөр бий болсон бүх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэх, улмаар уг харилцаанд төрийн оролцоо хяналтыг чангатгах, төвлөрүүлэх байр суурьд илүү ач холбогдол өгч боловсруулсан нь үзэл баримтлалтайгаа нийцээгүй, улс орны эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж төсвийн ачааллыг буруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн дутууг нөхөж, төр хүлээх эрсдэлийг багасгах эрх зүйн шинэ орчин механизм болох талаас ихээхэн дутагдалтай болсон байна гэж миний бие дүгнэж байгаа юм. Үндсэндээ 1 алхам урагшлаад 2 алхам ухарсан төсөл гэж хэлж болно.

(Уг төсөлд зөвхөн “зөвшөөрөл” гэсэн үг 53 удаа, “хянах, хяналт тавих” гэсэн үг 46 удаа орсон байгаа нь хувийн хэвшил хөрөнгөө томоохон төсөлд оруулахаас болгоомжлоход хүргэхээр болжээ. )

ТХХТ-ийн хуулийн төслийг өнөөдөр мөрдөж байгаа бусад хууль эрх зүйн орчинд уг хуулийн үзэл санаатай уялдуулсан зохицуулалт хийх,талуудын үүрэг хариуцлага тодорхой байх, далд байдлаар аль нэг төрийн байгууллага давуу эрхээ хадгалж үлдэх гэж эрмэлзэх биш харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг улс орны хөгжилд аль болох түлхүү оруулах, нэмэгдүүлэх итгэл үнэмшил төрүүлэхэд чиглэх ёстой болов уу.Төр төвтэй хууль байх уу, хувийн хэвшил бизнес дээр төвлөрсөн хууль байх уу. Шинэ хууль эрхийн орчин бий болгох уу, концессын хуулиа үл ялиг шинэчлээд батлах уу.Бид уламжлалт, гал унтраах маягийн богино хугацаанд аргацаасан системтэй явах уу, эсвэл бүхэлд нь реформ хийх үү, ийм сонголттой тулаад байна. Стратегийн түвшинд, бодлогын түвшинд хэрэгжилтийн түвшинд асуудлаа зааг ялгаатай авч үзэж сурмаар байгаа юм.

Төсөлд оролцогч бүх талуудын хүлээх үүрэг, хариуцлага, эрсдэл хуваарилах зарчим, оролцооны хүрээ, сонгон шалгаруулалт, үнэлгээ, дүгнэлтийг олон улсын стандартад заасан хэмжээнд нийцүүлэх, шийдвэр гаргах эрх мэдлийн хязгаар, хүрээг нарийн хуульчилан тогтоон өгч, давхардалгүй, төрийн албан хаагчдын оролцоо багатайгаар юуны өмнө зохицуулах шаардлагатай байна.

Уг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсанаар манай улсад бодитоор нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, коронавирусийн улмаас үүссэн сөрөг нөлөөллийг арилгах, Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч, эрчимжүүлэх үндсэн механизм, дэмжлэг болох эрх зүйн орчин сайжрах учиртай. Үүнийг төр ч бизнес эрхлэгчид ч хүлээж байгаа болов уу.

Миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ТХХТ-ийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Манай ажлын хэсэг ихээхэн судалгаа хийж, олон улсын болон манай орны нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн санал бодол, байр суурь, туршлагатай танилцаж, санал солилцож “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг боловсруулсан юм.

Одоогоор сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НҮБ болон зарим төрөлжсөн байгууллагууд, худалдааны танхимуудын тэргүүн, холбогдох албаны хүмүүс, Япон, АНУ,Казахстан,БНСУ, БНСВУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Энэтхэг улс гээд арав шахам улсын ЭСЯ, Элчин сайд нартай, Монгол Улсад бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын төлөөлөл гээд 40 гаруй байгууллага хамт олны 200 гаруй төлөөлөлтэй биечлэн болон онлайнаар уулзаж санал бодлыг нь сонслоо.БНСУ-д өөрийн зардлаар очиж туршлага судаллаа.

Мөн салбарын яам, агентлаг, газрууд зэрэг төрийн 20 шахам байгууллага, МХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, салбар бүрийн мэргэжлийн холбоод гээд нийтдээ 50 шахам байгууллагаас санал бодлыг бичгээр авч танилцсан болно.

Японы хөрөнгө оруулалттай компаниудын төлөөллүүдтэй уулзаж ярилцахад төр хувийн хэвшил хоёрын түншлэл асар их зөрүү ойлголт дунд, хүнд суртал дунд, ажлын арга барилын маш өөр орчинд өрнөж байдаг тухай ярьж байлаа.

Гадаадын хөрөнгө оруулагчид татвар өндөр, сайн инженер техникийн ажилтан урих хүндрэлтэй, маш жижиг зах зээлтэй атал машины худалдааны зах зээлийг шинэ хуучнаар нь ангилж үздэг, монгол компаниудтай хамтарч ажиллахад итгэлцлийн маш том асуудал байдаг. Итгэлцлийн мэдээллийн санг гуравдагч этгээдэд тодорхой хэмжээнд нээлттэй ил тод болгохыг хүсч байгаагаа ярьж байлаа. Мөн гэрээгээ зөрчих нь хэвийн үзэгдэл, үнэ тариф байнга өөрчлөгдөж байдаг, төлбөрийн нөхцөлөө өөрчил, тусгай зөвшөөрлийг чинь цуцлана гэх мэт дарамт байнга ирдэг, тэр нь хөрөнгө оруулагчдад хүндээр тусдаг тухай ярьж байлаа.

Мөн хөдөө орон нутагт дэд бүтэц муутай, орон нутгийн төрийн байгууллагын хүнд суртал, ажлын арга барилын хоцрогдол зарим улс орны хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй байдаг тухай ярьж байсан юм. Ёс зүй, дур зорго, авилгын асуудал ужгирахаас сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг уулзсан хөрөнгө оруулагчид онцгойлон тэмдэглэж байсан юм.

Энэ бүхэн олон улсын жишигт нийцсэн, төрийн бодлого, дэмжлэг дор улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай томоохон төслүүдийг хувийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бололцоо нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн,шудрага, ил тод, авлигаас ангид, найдвартай түншлэлийн харилцааг бий болгосон хуулийн орчныг бий болгох хэрэгтэй байгааг хэлж байна.

Эцэст нь төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээг өгүүлье.

БНСУ-ын нийслэлийг Инчон нисэх онгоцны буудалтай холбосон 40 км урт зам, гүүр байдаг. Энэ гүүр байгууламж бүхэлдээ ТХХТ-ийн зарчмаар баригдсан сонгодог жишээ юм.Энэ гүүрийг барихад БНСУ Засгийн газар ямар ч баталгаа гаргаагүй, эрсдэл хүлээгээгүй. Харин төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээгээ шуурхай үзүүлж олон улсад “энэ бол БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй төсөл шүү” гэж зарлаж өгсөн байна.

БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ гүүрийг барихад шаардлагатай бүх лиценз зөвшөөрлийг төсөл санаачилсан компанид өгсөн, уг компанитай төсөл хэрэгжүүлэх гэрээг ТХХТ-ийн зарчмаар хийсэн, гүүрээр гарах тээврийн хэрэгслийн төлбөрийг тогтвортой байлгахаар тохиролцсон, мөн ийм гүүрийг ойрын 40 жилд барих зөвшөөрлийг өөр төсөлд өгөхгүй гэж үүрэг хүлээсэн, төслийг хэрэгжүүлэхэд бүх шатны төрийн байгууллага дэмжлэг үзүүл гэдэг шийдвэр гаргасан, ард иргэддээ дэмжлэг үзүүлэхийг хүссэн уриалга гаргасан, төслийн хэрэгжилтийг Засгийн газрын зүгээс Зам, тээврийн яам хариуц гэдэг шийд гаргасан ийм л зүйл.

Ийм учраас төсөл хэрэгжүүлэгч шаардлагатай хөрөнгө оруулалтаа төрийн батлан даалтгүйгээр босгож төслөө хэрэгжүүлсэн.

Төслийн баг гүүр барих хөрөнгийнхөө 50 хувийг АХБ-аас маш хөнгөлөлттэй зээлээр (төсөл нь өөрөө баталгаа болж өгсөн), 25-30 хувийг олон улсын хөрөнгийн биржээс, үлдэх 20- 25 хувийг өөрсдөө босгосон юм.

Төслийн хэрэгжилтийн санхүүгийн хяналтыг АХБ-ны баг маш хатуу хянаж, тайлагнуулдаг байсан нь үргүй зардал, шамшигдуулалтыг хааж байсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө босгосон учраас авлига, хахууль өгөх сонирхол, шаардлага байсангүй.

Ингэж ажиллах боломжийг БНСУ-ын ТХХТ-ийн хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ.

Манай улсад эрх зүйн ийм нээлтэй орчныг бий болгох шаардлагатай байна. Үүнийг бий болгоход улс орныхоо хөгжлийг бодитой харж, үнэнд ойр, иргэд олон түмний хүсэл сонирхлыг харгалзаж үзсэн, дэлхийн жишигтэй ойр хараагаар харж хариуцлагатай ажиллахыг цаг үе шаардаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуультай болох нь сайн хэрэг юм, нэг алхам урагшилна харин хоёр алхам ухарч болохгүй.

Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд-2022” хаалтаа хйилээ DNN.mn

“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалтын бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе нар, бусад хүндэт зочид хүрэлцэн ирлээ.
Хаалтын ажиллагааг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд тусалж дэмжихийг эрмэлзэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож цэргийн алба хаагчдаа илгээж эхэлснээс хойш 20 жилийг үдэж байна. Олон улсын түвшинд танигдсан энэхүү сургууль нь энхийг сахиулагчдад мэдлэг, дадлага, туршлагаа харилцан солилцож, энхийн төлөө үйлсэд журмын анд нөхөд болж, цаашид хамтран үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жил тасраад байсан “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөж байна. Энэ удаагийн сургуульд Монгол Улсаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, ХБНГУ, Бангладеш, Малайз, Австрали, Швед, Франц, Турк, Канад, Сингапур, Балба зэрэг 15 улсын нийт 1000 гаруй цэргийн алба хаагчид ирж оролцлоо” хэмээн хэлсэн юмСургалт, дадлагын хүрээнд орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд гардан хэрэгжүүлэх салаадын хээрийн сургуулийг амжилттай явууллаа.
Мөн Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургуулиар “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулагдсан нь энэ удаагийн сургуулийн яахын аргагүй онцлог үйл явдал байлаа.
Сургуулийн төгсгөлд Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын командлагчийн орлогч дарга хошууч генерал Крис Смит “Хааны эрэлд” сургуулийн онцлог, ач холбогдлын талаар дурдаад, оролцсон нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот 67.292 тн шатахууны нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 140,142 тн шатахууны нөөцтэй байна.

Энэ нь А-80 автобензин 10,297 тн, АИ-92 автобензин 49,404 тн, АИ-95 автобензин 5,273 тн, ДТ 71,772 тн буюу АИ-92 автобензиний 37, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 62, ДТ-ний 26 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг.

Улаанбаатар хотод 67,292 тн шатахууны үлдэгдэлтэй бөгөөд А-80 автобензин 2,713 тн, АИ-92 автобензин 25,882 тн, АИ-95 автобензин 3,704 тн, ДТ 31,744 тн байв. Энэ нь АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ.

Шатахууны хувьд баруун бүсэд 13,756 тн, хангайн бүсэд 8,406 тн, төвийн бүсэд 34,051 тн, зүүн бүсэд 8,958 тн нөөцтэй байна.

Манай улс он гарснаас хойш 797.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 17.9 мян.тн, АИ-92 автобензин 267.8 мян.тн, АИ-95/98 автобензин 13.7 мян.тн, ДТ 396.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 76.3 мян.тн байв.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “Петрочайна Дачин Тамсаг” Газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид түймэр дээр ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултаръя DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд амласан. Нөгөө “Кофи Аннантай уулзлаа” буюу үхсэн хүнтэй уулзсан дуулиан шуугианаар тэрбум модны аян эхэлснийг бид мэднэ. Төрийн тэргүүний санаачилга шаардлагын улмаас Монголд тэрбум модны хөдөлгөөн өрнөж, ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна гэдэг шиг дээр дооргүй бужигнаж байна. “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Тиймээс цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга мод тарих” гэж Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс мэдэгдсэн.

Хэрвээ тэрбум мод тарих энэ ажил манай улстөрчдийн ээлжит шоу шиг үр дүнгүй хий хоосон зүйл болоод өнгөрвөл монголчууд бид дэлхийн хамгийн худалч үндэстэн болно. Ерөнхийлөгч нь юу ч хамаагүй ярьж байдаг, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гутамшигт орон гэж дэлхийд үнэлэгдэнэ. Тэгэхээр дэлхий нийтэд амласан амлалтаа Монгол Улс хариуцлагатайгаар биелүүлэх учиртай. Яг одоо бол тэрбум мод гээд хүн бүр уухичиж давхиад үр бүтээлтэй зүйл харагдахгүй байна. Хүрэлсүх ч өөрөө худлаа дүр эсгэж буй мэт олон нийтэд итгэл үнэмшилгүй сэтгэгдэл төрүүлээд төрийн албан хаагчид даргадаа, удирдлагадаа таалагдахын тулд мод тарьж байгаа байдал илт анзаарагдаж байна. “Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газрруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй болно. Түүнээс төрийн болон хувийн хэвшлүүдийг хүчээр шахаад, нөгөө газар нь дарга харахаараа мод тарьж байна гэж жүжиглээд байвал хий дэмий зарлага болоод дуусна” гэж эдийн засагч судлаачдын хэлээд байгаа үнэн.

Сум, дүүргүүдийн удирдлагууд дээд дарга нартаа мод тарьж байгаа, ажил хийж байгаа гэдгээ харуулах, яам агентлагийн дарга сайд нар, УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчдөө сайн хүн болох гэж үндсэндээ Хүүк даргаасаа улс төрийн оноо авах гэж хэдэн зуун мянган мод тарьсан болж ээлж өнгөрөөж байна. Шуудхан хэлэхэд, тэрбум үндэсний хөдөлгөөн хуучин социализмын үеийн уриа лоозон шиг ард түмнийг албадан ажиллуулсан, дарга нарын хэнээрхэл хэтэрсэн ямар ч үр дүнгүй хий хоосон зүйл болж байна. Энэ байдлаараа монголчууд тэрбум модыг тэрбум жил тарихаар байна.

“Мод тарих амархан ч ургуулах хэцүү. Тиймээс зүгээр суулгаад орхиж болохгүй. Гол нь тухайн модны ургах нөхцөл, ямар мод хаана илүү сайн ургах вэ гэдгийг бодолцож шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарих нь зүйтэй. Тэрбум мод гээд ус ч байхгүй газар сонгоод баахан мод суулгаж байна. Хэн усалж, хэн арчлах вэ гэдэг зохион байгуулалтын ажил тодорхой бус байна. Дээрээс нь мод тарина гэдгийг мод шилжүүлэн суулгахтай хольж хутгаад байна. Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр ажил” гэж бүхий л насаараа мод тарьж буй модны гол мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ хэлсэн бол ой судлалын доктор МУИС-ийн профессор Н.Батхүү “Тарьсан модоо 20-25 жилийн туршид арчилж тордох хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал болсон. Ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээ авахгүй бол хичнээн ч мод тариад нэмэргүй” гэж хэлсэн юм. Ойд судлалын эрдэмтэд модны мэргэжилтнүүд тэрбум модны талаар ийнхүү саналаа илэрхийлсээр байна.

Тэгэхээр Хүрэлсүх Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарих хөдөлгөөндөө шинжлэх ухаанчаар хандаж, хамгийн гол нь модны мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачдаа татан оролцуулах хэрэгтэй байна. Модыг даргадаа долдойдож ажил хийж буй дүр эсгэсэн албан тушаалтан бус шинжлэх ухааны эрдэмтэн хаана ямар газар, ямар цаг улиралд, хэрхэн үрслүүлж тарьж суулгахыг нь мэддэг юм шүү гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Гурван жил тарьц суулгацаа бэлдэж байж ургуулах газраа тарих ёстой гэдгийг эрдэмтэд хатуу хэлж байгаа. Гэтэл өнөөдөр юун гурван жил тарьц суулгацаа бэлдэх газар сайгүй, энд тэндгүй шууд л тарьж, асар их хөрөнгийг газар булаад хаяж байгаа нь үнэн. “Тэрбум модны 40 хувьд нь жимсний мод тарих чухал. Энэ нь эдийн засгийн эргэлтэд нөлөө үзүүлнэ. Ажлын байр бий болно. Монголчууд өнөөдөр жимс жимсгэний бүтээгдэхүүний 97 хувийг гаднааас авч байгаа.Цаашид дотоодын хэрэгцээгээ хангадаг болох хэрэгтэй. Жимсний аж ахуй эрхлэх хувийн хэвшилд газрыг нь шууд өгөх ёстой. Мод тарихад хөрс ус, уур амьсгал, газрын гадарга, агаарын даралт найрлага гээд олон хүчин зүйл нөлөөлдөг учир шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэдгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал доктор А.Буянбаатар хэлж байна.

Мод тарих энэ ажлыг хувийн хэвшилд хариуцуулах нь бодит үр дүнд хүрнэ гэдгийг модны мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн эрдэмтэд үзэж байгаа. Энэ бол хамгийн үр дүнтэй арга. “Та бүхэн энэ газарт мод тарь. Энэ газрыг ой болго” гээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд газрыг нь өгөх хэрэгтэй. Монголд юу л байна газар л байна. Төрөөс олгосон төдөн га газартаа тухайн компани шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн заавар зөвлөгөөний дагуу модоо тарьж, ном дүрмийн дагуу ой бий болгосны дараа тухайн газрыг нь бүр хувьчлаад өгчих нь зөв. Үндсэндээ төрөөс өгсөн газар тухайн компани аж ахуйн нэгжийн хувийн эзэмшил болоод Монголд бас нэг ой нэмэгдэнэ. Манай улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн гэдэг. Мод тарихад байгалийн бүс бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр хангайн бүсэд хоёр мянган ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг.

Төрөөс өгсөн газартаа аж ахуйн нэгжүүд хувийн орон сууц барьж, худаг гаргаад тухайн газартаа тэр чигээр нь мод тарьж, хуульд заасны дагуу хоёр мянган мод тарин хувийн ойг бий болгох. Хэдэн жилийн дараа ойжуулсан газрыг нь тухайн компанид бүр эзэмшил болгож өгөх ийм л гарц гаргалгаа харагдаад байна. Ингэж байж хувийн аж ахуй эрхэлж байгаа бүхэн өөрийн эдлэн газартай болж үр дүнд нь Монгол Улс ойн баялаг орон болно. Ийм зарчмаар явбал тэрбум мод үндэсний хөдөлгөөн бодит ажил болох учиртай.

Түүнээс хаа сайгүй мод тарьж Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжсэн дүр эсгээд, түүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй нөхдүүд очиж шалгасан болоод энэ байдлаараа явбал дэлхий нийтэд амласан монголчуудын тэрбум модны хөдөлгөөн үлгэр болно. Энд тэндгүй ухаж төнхсөн, газар сэндийчсэн хар нүх л үлдэнэ. Энэ бол ямар нэгэн улс төр биш, ард түмэн олон нийтэд таалагдах гэсэн ажил биш. Монгол төрийн тэргүүний НҮБ-ын индэр дээрээс хэлсэн хариуцлагатай үг. Иймийн учир төрийн албан хаагчид шахалт шаардлагаар мод тарьсан нэр зүүн ээлж өнгөрөөх биш харин хувийн хэвшлийнхэн итгэл үнэмшилтэйгээр өөртөө зориулж, өөрийнхөө үр удамд зориулж ойг бий болгох нь хамгийн үр нөлөөтэй. Эцэст нь дахин хэлэхэд, хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултрах нь хамгийн зөв арга.

Д.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, эдгээр уул нуруудаас эх авсан голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхтайваны гүүрнээс Олимпийн гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хаана DNN.mn

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ.

Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан өнөө шөнө буюу 2022 оны зургадугаар сарын 21-ны 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилтын ажлыг хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Сайн засаглал бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой юм DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар эхэлж асуумаар байна. Танай яамны хувьд уг хөтөлбөр дэх “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа гэл үү?

-Тийм ээ. Урт хугацааны хөгжлийн бодлогодоо туссан зорилгод хүрэхийн төлөө бид мөн л тодорхой төлөвлөлттэйгөөр ажиллах ёстой. Энэ асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн, байгаль орчны, засаглалын, бүсийн хөгжлийн, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн долоон зорилтот хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Холбогдох хууль болон засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Эрх зүйн шинэтгэл-II зэрэг бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлэхээр заасан боловч эдгээр нь өнөөдрийн байдлаар боловсруулж, батлагдаагүй байгаа. Иймд эдгээр баримт бичигт тусгагдах асуудлуудыг Хөгжлийн зорилтот хөтөлбөртөө шийдвэрлэх боломжтой юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдэд хуваагдан дээрх зорилтот хөтөлбөрүүдийг хариуцан боловсруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам “Засаглалын зорилтот хөтөлбөр” боловсруулах ажлын дэд хэсгийг ахалж ажиллаж байна. Мэдээж Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран, уялдаатай байдлаар ажиллаж байгаа.

-“Засаглалын зорилтот хөтөлбөр”-т ямар асуудлууд тусгагдаж байгаа вэ. Хэрэгжсэнээр манай засаглалын тогтолцоо яаж өөрчлөгдөх вэ?

-Бид таван чиглэлээр зорилгоо тодорхойлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төслийг боловсруулаад байна. Нэгдүгээрт, Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд Хууль тогтоох засаглалыг төгөлдөржүүлнэ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд болон шууд бус оролцоог нэмэгдүүлэх юм. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн байгууллагын бие даасан байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хангах, цогц чадамжтай, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Төрийн болон орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа, чиг үүргийн уялдааг хангах, оршин суугч, эдийн засгийн чадавхи, газар нутгийн алслалтын шалгуурыг хэмжээ, тоогоор нарийвчлан тодорхойлох замаар засаг захиргааны нэгж болох сумдын тоог цөөрүүлэх, Нийслэлийн эрх зүйн статусыг бие даан хөгжих боломжтой байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын бүтэц, бүрэн эрхийн талаарх оновчтой зохицуулалтыг бий болгох зэрэг зорилтыг тусгаад байна.

Хоёрдугаарт, эрх зүйт төрийг төлөвшүүлж, хүний эрхийн баталгааг хангах зорилгын хүрээнд хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд өөрчлөлт гаргах юм. Тухайлбал, хуулийн ангилал, төрлөөс хамааран хууль батлах квот буюу хувийг тогтооно гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн бодлого, хууль тогтоомж тогтвортой үйлчлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Түүнчлэн эдийн засаг, бизнесийн үйл ажилагааг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулах, энэ чиглэлээр хүний нөөц бэлтгэх, хуульч бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хохирол нөхөн барагдуулах механизмыг боловсронгуй болгох, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах, шашин шүтэх эрх чөлөөг баталгаатай хангахад дэвшилтэт алхам гаргахад чиглэсэн зорилт, арга хэмжээг тусгаад байна. Мөн энэ хүрээнд мөрдөх албыг байгуулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий тогтолцоог бүрдүүлэх, хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн байгууллагын ажил үүргийн давхцлыг арилгах, цомхон чадварлаг төрийн албыг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн тоог үе шаттайгаар бууруулна. Төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс ангид ажил үүргээ гүйцэтгэх, шатлан дэвших тогтолцоо нь иж бүрэн, нээлттэй тэгш өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх учиртай. Дээрээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана.

Дөрөвдүгээрт, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах зорилгын хүрээнд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, хэрэгжилтийг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс, нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх механизмыг сайжруулах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтыг тусгаад байна.

Тавдугаарт, төрөөс иргэний нийгмийн хөгжил, хамтын ажиллагаа, оролцоог хангах замаар бүлгийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах, хэрэгжүүлэх цогц бодлого, оновчтой механизмыг бий болгох зорилгоор төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаагаар дамжин төрийн бодлогод нийгмийн оролцогчдын олон талт сонирхлыг тусгах, төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог тодорхой болгох, нийгэмд өргөн хүрээний зөвшилцөл бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагын институцийн төлөвшилийг дэмжиж, улс төрийн нөлөөллөөс ангид тогтвортой, үр дүнтэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрийн чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар төрийг цомхон бүтэцтой болгох алхамыг эхлүүлнэ.Энэ зорилгын хүрээнд бодлогод суурилсан, улс төрийн соёл төлөвшсөн намуудтай болох, улс төрийн намын санхүүжилтийг тогтолцоог шинэчлэн, ил тод байдал, хяналт, хариуцлагатай бодлогын намууд бүхий олон намын систем төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байна.

-Хэрэгжих хугацааны хувьд та ярихгүй юу. Нийгэм хэзээнээс үр шимийг нь мэдрэх вэ?

-Ер нь зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа хуульд заасны дагуу арван жил байх юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой заасан байдаг. Зорилтот хөтөлбөр нь “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тул 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдаатай байх ёстой. Үүнийг ч баримтлан ажиллаж байна. Хэдийгээр 10 жилээр тооцож төлөвлөсөн ч зарим асуудал шууд үр дүн өгөх, зарим нь таван жилийн дараа, зарим 10 жилдээ гэх зэрэг байж болох талтай. Би мөн дээр хэлсэн, засаглалын зорилтод хөтөлбөрт туссан зорилго, зорилт, үйл ажиллагаа нь улсын хөгжлийн бүх асуудлын суурь болж өгөх тул шууд үр ашиг хүртэх нь бусад хөтөлбөрийг бодоход арай өөр байхаас өөрцгүй. Зарим зорилт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага үүсгэхийг үгүйсгэхгүй юм.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Та сая дээр хэлэхдээ “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулиийн системийг өөрчлөх асуудлуудыг дурдлаа. Үндсэн хуульд, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээний асуудал болох нь тодорхой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах зэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тодорхой үйл явц өрнөж байна. Энэ бүхнийг судалж, тооцоолж байж тусгасан гэдгийг энд хэлье. Бидний зорилго болгон тавьсан таван асуудлын хүрээнд тогтолцоог өөрчлөх, хандлагыг өөрчлөх, хамтын ажиллагааг дэмжих, иргэдийг эрхийг баталгаажуулах, нийгмийг дэг журмыг сахиулах энэ бүх үйл ажиллагааг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хийгдэнэ гэсэн үг.

-Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудал байнга л яригддаг сэдэв. Энэ хэзээнээс бодит ажил хэрэг болгох вэ?

-Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудлыг хууль тогтоох байгууллага ч, иргэд, олон нийт ч дэмжин хүлээн авч байгаа. Хууль батлагдах процессын дагуу явагдаж байна. Иймээс хэзээнээс хэрэгжих, бодит ажил болох асуудал нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна.

-Улс орны хөгжил авлигын индексээр тодорхойлогддог. Засаглалыг сайжруулснаар авлигын хэрэг буурах нь ойлгомжтой. Засгийн газрын зүгээс авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Авлигатай соён гэгээрүүлэх, мэдээлэх, олон нийтийн хяналт сайжруулах, хууль дүрмийг сайжруулах, ялангуяа ял шийтгэлийг бодлогыг чангаруулах аргаар тэмцэж байна. Бид зорилтот хөтөлбөртөө авлигатай тэмцэх, авлигыг бууруулах асуудлыг тусгайлан зорилго болгон төлөвлөөд байгааг дахин хэлье.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулан тусгасаныг та бүхэн мэдэх байх. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд яллах, эрүүгийн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэлмээр байна. Мөн энэ дашрамд дурдахад, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу тус тусын бие даасан хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр тусгагдсан боловч тус хөтөлбөрт тусгагдах зорилго, зорилт, арга хэмжээг энэхүү Засаглалын хөтөлбөрт бүрэн тусгах замаар шийдвэрлэхээр тогтоод байгаа. Ийм ч учраас тус байгууллагуудын санал, дүгнэлтийг нэг бүрчлэн хүлээн авч хамтран ажиллаж байна Авлигын асуудлаар “Транспаренси интернэшнл” төрийн бус байгууллагын мөн оролцуулан тэдгээрийн судалгаа, шинжилгээ, дүгнэлт саналыг тусгахыг хичээж байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа юм байна. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэх асуудал нь прокурорын эрхийн асуудал байдаг. Хуулийн төсөлд эдгээртэй холбоотой ямар зохицуулалт орсон талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэхүү хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуульд заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг бүхэлд нь чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтийг тусгаад байна. Таны дараагийн асуулт болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй холбоотой зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлт юм.

Яллагдагч зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хялбаршуулах хүсэлтээ өгөхөөр, түүнчлэн тухайн хүсэлтийг зөвхөн прокурорт гаргадаг байсан бол мөрдөгчид мөн гаргаж болохоор хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр гомдол, мэдээллийг шалгах явцад мөрдөгч тухайн хэргийг үйлдсэн яллагдагчид холбогдсон хэргээ ердийн болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг анхнаас нь нээж өгөх замаар яллагдагч, хохирогчийн эрхийг шуурхай хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн болно. Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн үйл ажиллагааг шуурхай явуулах, зардал, хүн, хүч хэмнэсэн байдлаар зохицуулах нь Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцнэ гэж үзэж байгаа. Прокурор хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа тул мөрдөгчийн хувьд энэ журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч байгаа нь хүний эрхийн аливаа зөрчил үүсгэхгүй гэж ойлгож болно.

Түүнчлэн хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.8 (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгаад байна.

-Татварын хэрэг, маргааныг Эрүүгийн хуульд оруулах нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулаад зогсохгүй, бизнес эрхлэгчдийг шорон руу ачих тактик гэж үзэх хүмүүс ч байсан?

-Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шинээр хуульчилж байгаа асуудал огт биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхой болгож, энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд үлэмж хэмжээ буюу 20 саяас нэг зуун сая хүртэлх төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол, хүндрүүлэх бүрэлдэхүүнд 1 зуун саяас дээш хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан үйлдлийг тооцохоор тусгасан. Үүний зэрэгцээ татвар төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг тусгаад байна. Энэ нь өөрөө нийгэмд хардлага үүсгээд байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дарамтлах, шоронжуулах бус харин эсрэгээрээ тэднийг хамгаалах зорилготой гэж ойлгож болно.

-Саяхан цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн биед халдсан. Энэ нь удаа дараа давтагдаж байгаа асуудал. Ард түмний мэдэх эрхийг боомилсон уг үйлдэл Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг сэтгүүлчид эсэргүүцэж тайван жагсаал хийсэн. Иргэдийн мэдэх эрхэд халдсан ийм асуудал дахин гарахгүй гэх ямар баталгаа байна вэ. Хэн нэгнийг албан тушаалаас нь буулгах биш, харин тогтолцоого өөрчлөхийг сэтгүүлчид шаардаж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Юуны өмнө гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үл нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах учиртай. Энэ асуудлын Засаглалын зориолтот хөтөлбөртөө ч тусгасан байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх зэрэг болон бусад асуудлаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалж байна. Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Уг төсөлд хууль сахиулах, нийгмийн дэг журмыг хангах чиг үүрэг бүхий байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгохоор ажиллаж байгаа.