Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт 190.117 иргэн хамрагджээ DNN.mn

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 190,117 хүн хамрагджээ. Үүний 46.1 хувь нь эрэгтэйчүүд бол 53.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улаанбаатар хотод 93,399 /49.1%/, орон нутагт 96,718 /50.9%/ иргэн үзлэг, шинжилгээндээ хамрагджээ.

Насаар нь ангилбал:

  • 27,032 (14.2%) нь 0-5 нас
  • 116,192 (61.1%) нь 6-17 нас
  • 16,594 (8.7%) нь 18-30 нас
  • 10,895 (5.7%) нь 31-45 нас
  • 10,035 (5.3%) нь 46-60 нас
  • 9,369 (4.9%) нь 61-ээс дээш насны иргэд хамрагдсан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Айрагдаагүй ч бэлэгтэй наадам DNN.mn

Миний үзсэн хамгийн сайхан наадам гээд бодмогц ихэвчлэн тэмээний наадам санаанд бууж байна. Говь нутгийн минь чимэг болсон сүрлэг сайхан тэмээгээ уралдуулж, сайхан хос, сайхан ингэ, сайхан буур, сайхан атаа шалгаруулж өвөлдөө бид өргөн дэлгэр сайхан нааддаг. Манай удмынхан үе дамжин буянт сүргээ өсгөж, тэр дундаа тэмээг голчлон малладаг билээ. Харин би энд үзсэн гэхээс илүү өөрийн биеэр наадсан наадмаа бичихийг хүссэн юм.

2005 оны зун, сургуульд орохын өмнө жил ах нарыгаа дагасаар морь унаж сурлаа. Би уул шиг түшигтэй зургаан сайхан ахтай. Хоёр бага ах болох М.Амартүвшин, М.Амарсанаа нар намайг морь унахад сургалаа. Тэр зун зургаан даага сургаж, бид халтар даагаа мянгатын наадамд сойхоор болов. Морин дээрээс шороо амсаж үзээгүй хөлний хий, сэтгэлийн хөөрөл хоёр нь дарагдаагүй “Нөхөр” ахыгаа дагаж Мянгатын наадамд явахаар болсон юм. Манай нутагт аагим халж, долдугаар сарын сүүлээр арайхийн хур хайрлав. Хур оров уу үгүй юү маргааш өглөө нь таана шазайж, хүн малын сэтгэл тэнийж, уужим тал нутаг минь өнгө засах нь урамтай. Миний нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Манайх сумаас зүүн урагш 50 гаруй км зайд Их уул, Хээрийн булгийн араар зуншина.

Хур орсон тул мянгатууд найр, наадмаа хийхээр зэхнэ. Найр, наадмын уур амьсгал орж хавийн харчуул морь уядаг нь морио, барилддаг нь биеэ бэлдэцгээнэ. Ах бид хоёр ч бас. Нагац ах М.Амартүвшин маань цэргээс халагдаж ирээд удаагүй анхны наадамдаа халтар даага, хул шүдлэн үрээ сойлоо. Харин би унаач хүүхэд нь. Анхны наадам учир шөнийн зүүд, өдрийн бодол минь тэдний адил бэлдэцгээн наадамд түрүүлэх байлаа. Өвөө, эмээ, ээж минь ч надтай хамт наадамд бэлтгэнэ. Өвөө шинэ эмээлийн мод засч, ээж олонцоглоно. Эмээ олом жирэм сүлжинэ. Өвөөг минь Төгсийн Маниа, эмээг Д.Элбэг, ээжийг М.Азжаргал гэдэг. Ах бид хоёр өглөө, оройгүй морины ажлаа хийсээр л.

Өглөө нар мандахтай зэрэгцэн босч эмээлээ үүрээд, ахтай мориндоо явна. Нэг орой морио тавьчихаад орж ирэхдээ эмээлээ гэрийн үүдэнд тавиад ороод ирж. Уг нь тэмээн тэргэн дээр тавих ёстой. Маргааш өглөө нь эмээ намайг дуудахаар нь очтол “Хурдан морины хүүхэд чинь эмээлээ гэрээс урагш тавьдаггүй юм, дээш нь тавьж бай миний хүү. Тэгэхгүй бол энийг хар даа” гээд хайртай шинэ эмээл рүү минь заалаа. Гэтэл миний эмээлийн ган нь ханхалсан ганзагыг эрх цагаан ямаа маань идчихэж. Уйлах, инээх хоёрын дундуур юм болж билээ. Тал нь алга болж, шүдний ором үлдсэн ганзага руугаа харахаар л өөртөө гомдож нулимсаа залгимаар, эсвэл эрх ямаагаа зодмоор санагдана.

Бид олон хоног бэлдсэний эцэст мянгатын наадам ч хаяанд ирлээ. Наадмын өглөө ах бид хоёрын ходоод руу хоол битгий хэл цай ч орохгүй. Эмээ сүүгээ өргөөд, ээж миний хамаг гангарааны хувцас болох жийнсэн хослол, цагаан пүүзийг өмсгөж, гэзгийг минь хоёр сүлжиж өглөө. Өвөө болгоомжтой уралдахыг захиад, зүүн хацрыг минь үнэрлэн хөдөлгөв.

Бид хоёр морь уяж, унаж байгаа тул наадамд хамаг хүнээс эрт очих ёстой. Тэр наадамд бидний араас хонь, тэмээгээ усалчихаад өвөө, эмээ, ээж гурав очсон эсэхийг ч би санадаггүй юм. Ах бид хар үүрээр хоёр хос жороо морио унаад уралдуулах халтар даага, шүдлэн үрээгээ хөтөлсөөр саахалт айлыг зорилоо. Саахалт айл нь өвөөгийн отгон дүү Төгсийн Мөнхбатынх. Т.Мөнхбат ахын хүүд нар ч бас морь уяж байгаа, бид хамт явна. Ахын шон дээр очоод мориноос буухтай зэрэгцэн надтай үе тэнгийн хөвгүүн М.Сумъяа гүйж ирээд “Чамаар нэг ах азарга унуулна гэсэн” гэв. Би ч итгэсэнгүй “Худлаа ярь” гэчихээд гэр рүү орлоо. Гэр рүү ортол томчууд ч хэлж байна. Шон дээр сонссон хов үнэн болоод явчихлаа шүү.

“Хурдны морь унаж уралдаж үзээгүй надаар хэн морь унуулах вэ дээ” гэж бодсоор Цэций уулынхаа зүүн дэнж Эрэгийн зоон дээр ирлээ. Наадмын комиссоос “Эхлээд азарга уралдана шүү” гэж байна. Тэр үед манай сумын уул уурхай хараахан хөгжөөгүй, хаашаа л харна таньдаг хүмүүс. Энд тэндээс хүн ирээд “Энэ хэний хүүхэд вэ”, “Маниагийн өвөрт явдаг байсан бор охин ийм том болчихсон юм уу” гээд л ахтай сонин сайхан ярина.

Наадам ч албан ёсоор эхэллээ, нутгийнхан ч олуулаа цуглажээ. Энэ бол манай сумын Сийрст багийн Улсын аварга малчин Ц.Наранцэцэг гуайн мянгатын наадам.

Наадмын нээлтийн үеэр том хар машинтай, 40 эргэм насны бор ах ирээд “За сайн уу, миний дүү. Чи байх нь ээ, миний морины хүүхэд” гээд инээлээ. Тэр бол манай нутгийн хурдан хул азаргатай, Билгэх багийн малчин, уяач Б.Самба ах байсан юм. Агаа тэр хоёр ярилцаж надаар Б.Самба ахын алдарт хурдан хул азаргыг унуулах болов. Би огт азарга унаж үзэээгүй болохоор их айсан “Тийм хурдан азарга юм бол түрүүлчих юм биш үү” гэж догдолно. Үдээс өмнө азарганы уралдаан эхэллээ. Миний санаж байгаагаар 30 орчим азарга уралдсан юм. Хул азаргаа унаад гарааны зураас руу хөдөллөө. Би туршлагагүй унаач бүх азарганы хамгийн түрүүнд нь явж байтал нэг мэдсэн чинь хүүхдүүд “Гүүглээд” л буцаад харвачихдаг юм даа. Гарааны зураас дээр очоогүй байхад дутуу эргэчихсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч олон наадмын нүүр үзсэн хул азарга маань аль хэдийнэ мэдээд эргээд давхичихав. Гайхах, яарах хоёр зэрэгцэж ахын захиасыг ч бодож азаргаа зам дөхөөгүй байхад гуядсангүй. Замын голоос хэтрээд явж байтал Самба ах мотоцикльтой миний харалдаа ирчихсэн гараараа гуядаж үзүүлж байна. Би ч “Одоо болох юм байна” гэж ойлгоод суран ташуураараа баруун, зүүнгүй гуядсаар барианд есөөр оров. Бодсоноос муу уралдсан тул сэтгэл гонсгор “Арай ч дээ, наадам ийм байдаг юм уу. Ингэж дутуу эргэдэг юм уу” гэж шар гозойгоод нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой зангираад үг ч гарсангүй.

Б.Самба ах “Миний охин сайн уралдлаа. Өөрөө гэмтээгүй, эхний аравт орно гэдэг чинь амжилт” гээд л намайг аргадаж зуугийн шар тор дүүрэн бэлэг авч өгсөн юм. Удалгүй ах бид хоёрын уяж байгаа шүдлэн насны уралдаан эхэллээ. Өмнө нь нэг уралдаад тодорхой хэмжээний туршлагатай болчихсон нөхөр бүх шүдлэнгийн сүүл мушгаад, их болгоомжтой гарааны зураас руу явсан юм даг. Бас л 20 гаруй шүдлэн үрээ уралдсаныг санагддаг. Хамаг тактикаа ашигласан ч 15 дугаарт хурдаллаа. Бас л сэтгэл гонсгор “Одоо даагатайгаа сайн уралдана аа” гэж бодоод дуртай дургүй мориноосоо бууж ирсэн. Ах намайг зоригжуулж ундаа уулгаж, наадмын хуушуур идүүлээд “Айрагдах хамгийн сүүлийн боломж, ахын дүү хамгийн гол нь болгоомжтой яваарай” гээд дааганд мордууллаа. Тэр хүйтэн коланы сайхан амт хуруу дарах тооны төв орж үзсэн, хөдөөгийн хургачин охин надад амттаны дээд нь юм шиг санагдаж билээ.

Даага уралдах цаг болж бид гарааны зураас руу явлаа. Хэд орчим даага уралдсаныг одоо санадаггүй ч нэг их олон даага бол байгаагүй.

Даага барианаас эргээд л давхиж өглөө. Ах бид хоёр даагаа олон хоног сойгоогүй хөөрхөн “Холхгор” даага байсан юм. Халтар даага бид хоёр хичнээн хичээсэн ч баян ходоодонд орсон. Барианд ороход хүмүүс хоёр талаар эгнээд зогсчихсон “Хоёр хөөрхөн юмыг хар даа” гээд л өхөөрдөж байсан ч надад нүүр хийх газар байсангүй. Ичсэндээ барианы зураасны хажуугаар явж байтал морь бариач цогьж ирээд “Ингэж болдоггүй юм, бариандаа орох ёстой миний дүү” гээд цулбуурнаас минь хөтлөөд бариан зураасаар алхуулав.

Тэр өдрийн наадамд хэн хэн байсан, хэдэн гэр байсныг, морины уралдаанаас өөр юу болсныг ч огт санадаггүй. Учир нь миний хамгийн гол зорилго уралдаанд түрүүлэх л байлаа. Уралдаанд түрүүлж чадаагүй ч баян ходоодонд орсон дааганд бэлэг өгдөг юм билээ. Ууттай бэлэг, жижигхэн бор хувцасны чемодантай болсон. Ямартаа ч анхны наадмаасаа бэлэгтэй харьсан юмдаг. Ах бид хоёрыг гэртээ очиход өвөө, эмээ, ээж минь гоёо түүгээд арилгачихсан, бүр дүрж идэх таргийг нь бэлдээд “Миний хүүхдүүд сайхан наадсан уу” гэсээр угтаж билээ. Баян ходоодонд орсон халтар даага минь одоо арав гаруй настай бүдүүн морь болж адуун сүрэгтээ идээшлэн бий. Зуны амралтаар хаа нэг адуугаа эргэхэд андаад гүйгээд ирдэг юм. Тэр жилийн наадмаас ийм гэгээн дурсамж үлдэж. Наадам дөхсөн өдрүүдэд таван настай балчир охин халтар даагаа унаад саахалтын хөвгүүдтэй ана мана тарлаж явсан тэр дурсамж сэтгэлд илүү тодорч харагддаг юм. Наадам гэдэг айрагдаж, түрүүлэхдээ гол нь биш хатуу өвөл, хахир хаврын их ажлыг давж, дэлгэр зунтай золгосны баяр юм билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван үерлэж байна DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.

Түүнчлэн өнөөдөр Туул гол Алтанбулаг, Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкийн хоолны соёл нь тухайн орон нутаг, газарзүйн байрлалаасаа хамааран өөр өөр байдаг DNN.mn

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Америкийн өдрүүдийн хүрээнд “Америкийн баримтат кино өдрүүд” арга хэмжээг зургадугаар сарын 15-19-ний хооронд Тэнгис кино театрт зохион байгуулсан. Америкийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй хаалганы өдрүүд” арга хэмжээг өчигдрөөс эхлэн 24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд иргэдэд үнэ төлбөргүй хүргэж эхэлсэн юм.

Энэ удаад “Америк хоолны соёл” сэдвээр нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. “Америкийн соёл мэдээллийн төв”-ийн хөтөлбөрийн номын санч Б.Шүрэнбагана “Энэ долоо хоногийн турш 21-25-ны өдрийг дуустал Америк Монголын харилцааны 35 жилийн ойд зориулан Америкийн нээлттэй хаалганы өдрүүдийг Улаанбаатар дахь Америкийн төв зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас Америк дахь сургуульд урт, богино хугацаагаар төгсөж ирсэн төгсөгчдийн мэдээ мэдээллийг, мөн солилцооны хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг өгөх гэх мэтчилэн арга хэмжээнүүд бий. Өнгөрсөн долоо хоногт Тэнгис кино театрт “Америкийн кино өдрүүд” арга хэмжээг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулсан. Кино өдрүүдийн арга хэмжээгээр монгол найруулагч болон киноны чиглэлээр ажиллаж буй уран бүтээлчдийг хамруулахыг зорьсон. Нээлттэй хаалганы өдрүүд өчигдрөөс Улаанбаатарын Америкийн төвд эхэлж байгаа. Соёлын хөтөлбөрүүд болон “Open­mic” гэх хөтөлбөр бий. Тухайн хөтөлбөрт оролцож Америк болон Монголын соёл хоорондоо ямар ялгаатай байна гэх мэтчилэн мэдээллийг авснаараа бидэнд ямар ач холбогдолтой болох, Монголын соёл урлагийнханд ямар давуу талтайг харьцуулж мэдэх боломжтой юм. Өдөрлөгт хүссэн хүн бүр ирэх боломжтой” гэв. Тус Нээлттэй хаалганы өдөрлөгийг Фулбрайтын англи хэлний туслах багш Оодри Кулберг “Цагаан хоолны соёл”-ын талаарх илтгэл тавьж эхлүүллээ. Түүний сэтгэгдлийг сонсоход “Би одоогоор Фулбрайтын англи хэлний туслах багшийн хөтөлбөрөөр монгол коосэн технологийн коллежид ажиллаж байгаа. Арга хэмжээ маш сайхан болж байна. Би цагаан хоолны талаар илтгэлээ тавьсан, миний илтгэлийг ийм олон хүн сонирхож ирнэ гэж ерөөсөө бодоогүй. Хоол бол амьдралын хамгийн гол хүчин зүйл. Гэхдээ ихэнх хүмүүс хоол идэхдээ өөрийн эрүүл мэндээ бодож иддэггүй байх. Өөрт нь ямар сэтгэгдэл илүү төрүүлж байгаа, өөрийн сэтгэл хөдлөл, өөрийг нь хэрхэн аз жаргалтай болгож байна гэдгээс хамаарч хоолоо сонгодог. Би хэдийгээр цагаан хоолтон ч ганцхан эрүүл байхын тулд энэ сонголтыг хийгээгүй. Хоол гэр бүлийн уур амьсгал, найз нөхөдтэйгөө байх орчинг илүү утга учиртай болгож өгдөг гэж боддог. Би анх зүгээр л мах иддэг байсан. Цагаан хоол идэх шийдвэр гаргаж, цагаан хоолтон болсноос хойш бие физиологийн талаас илүү хөнгөн, эрч хүчтэй болж байгаа мэт санагдсан. Мэдээж мах идэхээ больж байгаа учраас тодорхой амин дэм витаминуудыг авахгүй болохоор нэг хэсэгтээ хүнд юм билээ. Түүнийгээ дараа нь зохицуулж сурсан. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ч бас намайг илүү өөртөө итгэлтэй болгож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Одоогоор энэ сэдвээр олон судалгаа хийгдэж мэргэжилтнүүд олноор ирж байгаа. Энэ талаарх сонирхолтой “TED talk”-уудыг ч сонирхож үзвэл илүү ихийг сурч мэдэх байх” хэмээв.

Дараагийн илтгэгчээр АНУ-ын Төрийн департментын дадлагажих хөтөлбөрийн оролцогч Иан Найт америк хоолны соёлын талаар ярив. Тэрээр “Энэхүү арга хэмжээг Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны хамт олон зохион байгуулж байгаадаа их баяртай байгаа. Тус үйл ажиллагаанууд нь АНУ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна. Америкийн соёлын өдрүүдийг бид Америкийн соёлын төвд зохион байгуулж, бусад орон нутагт байдаг Америкийн соёл, мэдээллийн дөрвөн төвд шууд дамжуулж байгаа. Би Америкийн үндэсний хоолны талаар Америкийн хоолны гарал үүсэл, ард иргэд ямар хоолыг давамгайлж хэрэглэдэг болон муж мужаас ямар ялгаатайгаар хоол хүнс хэрэглэдэг талаар илтгэлээ тавьсан. Америкийн хоолны соёл нь орон нутаг газарзүйн байрлалаасаа хамааран өөр, өөр байдаг. Тухайлбал, хот суурин газрын хоол нь шилжин нүүж ирсэн хүмүүсийн соёлоос хамааран амтлагч ихтэй, олон төрлийн хурц амттай, хурдан болцтой байдаг. Харин хөдөө орон нутгаар тал газарт буй америкчууд илүү энгийн амтлагчгүй зөвхөн мах будаа, гурилтай ердийн ногоотой хоолыг хэрэглэх нь түгээмэл байдаг. Энэ боломжийг ашиглан олон нийтийг манай Америкийн өдрүүдэд хүрэлцэн ирэхийг уриалж байна. Өнөөдрөөс эхлэн Америкийн Элчин сайдын яамнаас явуулдаг соёл, урлаг боловсрол болон консулын үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохионо. Ирэх долоо хоногоос АНУ-ын цэргийн найрал хөгжмийн хамтлаг үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ. Эдгээр үйл ажиллагаанд ард түмэн нээлттэй бөгөөд өргөнөөр хамрагдана гэж найдаж байна” хэмээв.

Тус өдөрлөгийн үеэр илтгэлд оролцсон иргэдээс сэтгэгдлийг нь тодрууллаа. ХУД-ийн 7 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Бямбаа “Энэ долоо хоногт АНУ болон Монгол Улсын хамтын ажиллагааны 35 жилийн ойн арга хэмжээ болж байна. Би таван жилийн өмнө ч гэсэн 30 жилийн арга хэмжээнд оролцож байсан. Миний хувьд англи хэлний багш учраас 2017 оноос хойш энэ хөтөлбөрүүдэд тогтмол ирж мэдээлэл авч ирсэн. Өөрийн мэргэжил боловсролдоо анхааран англи хэлний багш нарын заах арга зүйн сургалтад ч хамрагдаж ирсэн. Үүгээр дамжуулаад сурагчдаа АНУ-тай холбоотой мэдээллийг аваасай гэж эцэг, эх, сурагчдад үргэлж дамжуулдаг. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа нь хүүхдүүдэд олон нийтийн ажилд оролцох, мөн хүнтэй харилцаж сурах болон англи хэлний мэдлэгээ дээшлүүлэн тухайн Native speaker-ээс асуулт асуух зэрэг давуу талтай байдаг. Тиймээс дараа дараагийн үйл ажиллагаанд бүх салбарын хүмүүс олон нийтэд үнэ төлбөргүй байдаг учраас ирж оролцоосой гэж хүсье. Гадаад руу ямар зорилгоор ажиллаж амьдрах, сурах гэх зэрэг мэдээллийг эндээс бүрэн авах боломжтой. Олон нийтэд нээлттэйгээр болж байгаа үйл ажиллагаанд монголчуудыг идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн 11г ангийн сурагч Ч.Хонгор “Анх эгчээсээ ийм өдөрлөг болдог гэж сонссон. Энэ удаа намайг яваад үз гээд, сонирхоод ирлээ. Хоолны талаар мэдлэг боловсрол олгож байгаа нь маш сонирхолтой санагдлаа. Хоол хүний дурсамж, бүтээлч сэтгэлгээ, эрүүл мэнд, соёл, нийгмийн харилцаанд бүхий л ул мөрөө үлдээдэг гэдгийг сануулсанд талархах нь зүйтэй болов уу. Иймэрхүү хоолны талаар өмнө нь ингэж нарийн судалж үзээгүй юм байна лээ. Америк гээд бодохоор хамгийн түрүүнд хоол хэзээ ч бодогдож байгаагүй. Вэган хоол буюу цагаан хоолыг монголчууд дийлэнх нь сонирхдоггүй ч энэхүү өдөрлөг үнэхээр сайшаамаар мэдлэг өглөө. Энэ долоо хоногт үргэлжлүүлээд сууна аа. Ирэх өдрүүдэд Америкт сурах боломжийн талаар яриа, мэдээлэл өгнө гэсэн. Би өөрөө арван жилийн сурагч болохоор надад маш гайхалтай байна” хэмээв.


Уншигчид та бүхэндээ Америкийн өдрүүдийн хүрээнд цаашид зохион байгуулагдах арга хэмжээнүүдээс хуваалцъя.


Зургадугаар сарын 23-ны өдөр Англи хэл, мэргэжлийн солилцооны хөтөлбөр сэдвийн хүрээнд төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA), англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook live, You­Tube сувгийн хичээлүүд, мэргэжлийн солилцооны Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга тус тус явагдана.

Зургадугаар сарын 24-ний өдөр Америкт суралцъя-Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл сэдвийн хүрээнд ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүд болох Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls, ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулгыг хүргэх юм.

Дээр дурдсанчлан АНУ-ын цэргийн хамтлаг аялан тоглолтоо зургадугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд, 28-ны өдөр Дархан хотын “Залуучууд теарт”-т, 30-ны өдөр Улаанбаатар хотын Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд хийх аж.

Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE-аар түгээгдэж буй юм.

Ц.УЯНГА

Э.БААСАНДУЛАМ

Categories
гадаад мэдээ цаг-үе

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Британийн иргэн, 42 настай эрэгтэй юм байна.

Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.

Сингапурт үүнээс гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ.

Өчигдөр бас гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчний вирус анх удаа илрүүлснээ Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам халдварт өвчнүүдийг аюулын зэрэглэлээр нь дөрөв ангилдаг юм.

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогоор 200 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ DNN.mn

Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн.

Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202,834 иргэнд тоон гарын үсэг олгоод байгааг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зургадугаар зүйл. Тоон гарын үсгийг хэрэглэх

  • 6.1.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно.
  • 6.2.Тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ бүхий иргэн, хуулийн этгээд хэрэглэж болно.
  • 6.3.Төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд цахим баримт бичгийг бусдад шилжүүлэх, дамжуулахдаа зөвхөн тоон гарын үсэг хэрэглэнэ.
  • 6.4.Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг Засгийн газар батална.
  • 6.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч нь хуулийн этгээд бол цахим баримт бичигт тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгийг хэрэглэнэ.
  • 6.7.Тоон гарын үсгийг хэрэглэхтэй холбогдсон, энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

Долдугаар зүйл. Тоон гарын үсгийн хэрэгсэл

7.1.Тоон гарын үсэг тухайн тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч этгээдэд хамаарах эсэх болон тухайн цахим баримт бичиг бүрэн бүтэн эсэхийг тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглан шалгана.

7.2.Тоон гарын үсгийг бүтээх болон тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид “хувийн түлхүүр” гэх/-ийг хадгалахад дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгсэл ашиглана:

  • 7.2.1.тоон гарын үсэг бүхий цахим баримт бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжтой байх;
  • 7.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг таних боломжтой байх;
  • 7.2.3.тоон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байх;
  • 7.2.4.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх нөхцөлийг хангасан байх;
  • 7.2.5.хувийн түлхүүр болон тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид “нийтийн түлхүүр” гэх/-ийг үүсгэх, дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шүүмжлэл нь доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид ээ, та нарыг хэн ч биш болгох, шоронд хийж, шонд дүүжлэх Эрүүгийн хуулийг эрх баригчид батлах гэж байна. Маш товчхондоо шүүмжлэлийг чинь доромжлол гэж мушгин Эрүүгийн хуулиар хариуцлага онооно. Ажил хэрэгч шүүмжлэл гэсэн ойлголт арчигдахад хүрэх нь. “Сайн шүүмжлэгчтэй байсандаа би өдий зэрэгт хүрсэн” гэж амжилтын оройд гарсан олон хүн ярьдаг юм. Бүр дэлхийгээр дүүрэн тэгж ярьсан алдартан, суутнууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид байна. Гэтэл өнөөдрийн Монголд ийм индэр, чөлөөт хэвлэл, сэтгүүлч, шүүмжлэгчид байх ёсгүй хэмээн үзэж, хуульчлах гэнэ.

Батлагдах боломжтой баримт, зөвшөөрөгдсөн үнэн, цаг хугацаа шаардсан хууль бус үйлдлийг, тийм хандлагыг өөр өөрийн арга барил, ур чадвар, өнгө аясаар нийгэмд хүргэх нь доромжлол биш гэдгийг эхлээд хэлье. Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, нийтлэлчид өөр өөрийн арга барилаар мэдээллийг хүргэдэг. Түүнийг нь хөгжсөн хийгээд хөгжиж байгаа улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Намайг Батаа доромжилсон гэдгийг хувь хүн өөрөө эхлээд нотолдог Олон улсын хуулийн практиктай. Үүнээс л Монгол зөрөх нь коммунизмын эхлэл юм. Иргэн эхлээд доромжлуулснаа нотолдог хуулийн шалгарсан практикийг өнөөдөр Монголд Эрүүгийн хуулиар л доромжилсон эсэхийг нотолж, ял оноох ёстой гэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ.

Ингэж болохгүй, Их хурлын гишүүд ээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар аа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Энэ бол хэнд ч ойлгогдох хуулийн үзэл санаа шүү дээ. Улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан хэн бүхнийг хуулийн заалтаар залхаан цээрлүүлнэ гэсэн үг.

Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл 2016 оноос хойш их болсон нь эцэстээ ийм л хууль гаргах оршил нь байжээ. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах бэлтгэл ажил байжээ.

Хүнийг доромжлох асуудал нь иргэний маргаан байдлаар шийдэгдээд, гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явдаг Зөрчлийн хууль нь өөрөө чангадсан байтал шүү. Одоо ингээд эрх баригчид шүүмжлэхийг хуульчилбал иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар хардах эрх нь хаагдана. Сошиалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлдэг байдал хумигдана, улмаар арчигдана. Хүчирхэг хэвлэл мэдээллийн редакциудыг буланд шахна. Шүүхийн үүдэнд сууж цагийг өнгөрөөх болно. Сэтгүүлчид шууд Эрүүгийн ялд унана. Энэ хууль батлагдсанаар хоёр жилийн дараа буюу 2024 оны сонгууль гэхэд чөлөөт хэвлэл, чөлөөт үзэл санаа шоронд орсон байна. Сонгуулиар эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж Монголын нийгэмд нэгэнт бүрдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө төгсөж, Үндсэн хуулийг зөрчих нь эрх баригчдын хувьд энгийн үйлдэл болно. Үндсэн хуулийн үзэл санаа бус Эрүүгийн хуулийн үзэл санаагаар бүгд явна. Эрүүжсэн нийгэм, систем тогтож, эр зориг бүхэн мохож үгүй болно. Ирээдүй ердөө л энэ.

Нэгэнт ийм болчихсон нийгэмд иргэд яадаг гээч. Хүн өөрөө өөрийгөө хянах цагдах, хий хоосноос айх, үзэл санааны боолчлолд өөрөө мэдэхгүй ордог юм. “Би ингээд биччихвэл торгуулна, шоронд орно, тэгж ажил, амьдралаа дуусгаад яах вэ” гэсэн боолчлолд. Энэ тухай нийгмийн сэтгэл зүй судлаачид тодорхой ярьж, бичих цаг одоо болсон. Ард иргэдийн зүгээс шүүх, цагдаа, хууль хүчнийхнийг муулж болохгүй. Ийм л аюултай нийгэм бий болдог учраас 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс доромжлох, гүтгэх заалт нь Эрүүгийн хуульд байх ёсгүй гэсэн зөвлөмжийг Монголд ирүүлсэн юм. Ингээд Монголын парламент тухайн үедээ Эрүүгийн хуулиас хоёр ноцтой заалтыг хассан билээ. Тэгсэн одоо буцаан сэргээж байна. Олон улсад хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Ганц Монгол Улс л Эрүүгийн хуулиар зохицуулж эргүүтэх нь. Энэ бол Монголын өнөөдрийн эрх баригчдын байгаа царай, сайн удамшсан дарангуйлагч хандлага биз ээ.

Ард иргэдийн амьдрал улам муудаж, Монголд маш олон хүнд асуудал улстөрчдийн мулгуу шийдвэр, бодлогогүй алхам, алсын хараагүй үйлдлээс болж уналтад орж байна. Энэ харанхуйлал нийгмийн бухимдлыг ирэх жилүүдэд улам их нэмнэ. Бүр дээд цэгтээ ч хүрч мэднэ. Үүнээс сэргийлэх ганц дархлаа бол аль ч улс оронд чөлөөт хэвлэл, сэтгүүлчид байдаг. Тэд буруу бүх зүйлд нүд хурц, хараа сонор байж нийгэмд хүргэж байдаг. Ямар ч байсан тэд дуугарч байдаг. Тэр дотор нь алдаа, оноо, хэтрүүлэг, зүйрлэл… бүгд бий. Олон улс өөрөө ийм юм, сэтгүүлчдийнхээ характер, харизмыг дагадаг. Иргэд хүссэн хүсээгүй сэтгүүл зүйгээс “юм” хүлээдэг учраас тэр. Энэ нь хүний нийгмийн харилцаанд нэгэнт тогтсон зүй тогтол билээ. Дарангуйлагчтай нийгэмд мэдээллийн энэ дэд бүтэц рүү, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү, редакци руу фокусалж, аль болох дарамтлах, дарж байх санааг агуулж байдаг нь үнэн. Зарим оронд сэтгүүлчдээ шоронд хийж, шонд дүүжилж байгааг хөршүүдийн жишээнээс харж байна. Ийм аймшиг руу Монголын нийгэм явж байгаа учраас сэтгүүлчид өөрсдийн индрээ хамгаалах ариун “дайн”-д мордох цаг болжээ. Иргэд ч айхгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө сэтгүүл зүйг дэмжих ёстой. Ямар ч айдасгүйгээр үгээ хэлэх тийм л нийгэм монголчуудад өнөөдөр хамгийн эрхэм чухал. Хөгжсөн улс орнуудад бол хууль нь иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм л хуулийн үзэл санаа үйлчилдэг. Харин өнөөдөр Монголд огт эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг хууль үйлчилж байгаа нь энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд …доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол… гэх өөдгүй заалтаас харагдаж байгаа биз. Эрүүгийн хуулийн энэ нэмэлтийг устгахын төлөө тэмцэцгээе, сэтгүүлчид ээ. Тэгэхгүй бол бидний эрүүл шүүмжлэл бүхэн доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ.

Б.Доржсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаан болж байна.

Өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг авч хэлэлцсэн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй 26 асуудлыг авч хэлэлцээд, тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн. Мөн тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгсөн. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан.

Асран хамгаалагчдад 123 мянган төгрөг өгдөг бол насанд хүрсэн иргэнд 85 мянган төгрөг төлдөг. Үүнийг хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадварын хувь алдалтаас шалтгаалж өөр, өөр дүнгээр тогтоох чиглэл Ерөнхий сайд өгсөн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Дефолт зарласнаар хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсож, хамгийн аюултай нь газар нутгаа алдах эрсдэл үүсдэг DNN.mn

– ДЕФОЛТ ЗАРЛАСАН УЛС ОРНЫ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАРИЛЦАА ЗОГСОЖ, УЛС ТӨР БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛД ОРДОГ –


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай Монгол Улсын эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд олон улсад болж байгаа үйл явц, хил, гаалийн хаалттай нөхцөл байдал болон дэлхий нийтээр цар тахалтай байгаа учраас хүндхэн байна гэж ярьж байна. Энэ бол асуудлын нэг талын л шалтгаанууд. Өнөөдөр манай улсад үнийн өсөлт 200-300 хувиар нэмэгдчихсэн үзүүлэлттэй байна. Инфляци 15.1 хувьтай, төгрөгийн ханш уналттай. гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал таамаглал, төсөөллөөс ч илүү хүнд байдал руу орчихсон гэж харж байна. Эдийн засаг ингэж хүндэрч байгаагийн нэг талын шалтгаан бол гадаад нөхцөл байдал болон цар тахал. Гэхдээ энэ бол үндсэн гол шалтгаан биш. Хамгийн гол шалтгаан бол Монгол Улс сүүлийн гуч гаруй жил хөгжлийн үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдэдээ хөгжүүлж ирээгүйн нөлөө одоо гарч ирж байгаа юм. Энэ бүх зүйлээс харахад манай улсын төр засагт хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны бодлого гэж алга. Үндсэндээ төрийн бодлого гэж байхгүйтэй адил байдлаар явж ирлээ. Үүнээс болж үндэсний үйлдвэрлэл, үндэсний баялаг бүтээгчид гэж байхгүй болсон. Дандаа гаднаас хамааралтай, гаднаас бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж авсаар өдийг хүрлээ шүү дээ. Улсаараа олж идэж байгаа ганц салбар нь уул уурхай. Ганцхан энэ салбарын зах зээлээс улсын орлого нь хамааралтай болчихсон, импорт нь ганцхан улсаас хамааралтай ийм улс учраас өрийн хавх, валютын ханшийн дарамт улсын эдийн засаг, хөгжилд үнэхээр хүндхэн нөлөөлж байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад асуудлыг шийдэх төр засгийн бодлого гэж үнэхээр алга. Угтаа төрийн бодлого гэдэг бол нэг ам.долларыг гурван ам.доллар болгох зарчимд тулгуурлах ёстой. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортоо дэмждэг ийм байх ёстой юм. Гэтэл бид өнөөдөр буруу замаар товчилсноос болоод эдийн засгийн байдал хүндэвтэр үеэс маш хүнд үе рүү гулсаад орчихлоо. -Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд үе рүү орлоо гэж байна. Энэ хүнд үеэс гарах боломж байгаа гэж харж байна уу. Бид цаашид эдийн засгаа яаж сэргээх ёстой юм бэ. Боломж бий юү?

-Мэргэжлийн эдийн засагч хүний хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах чиглэл рүүгээ явж байна гэж үнэхээр харагдахгүй байна. Төгрөгийн ханшаа нэмэгдүүлэх, чангаруулах, валютын урсгалыг багасгах талын ажил хийгдэж байна уу гэхээр тийм зүйл алга. Импортын хэмжээг буулгах боломж, үнийн өсөлтийг барих зэрэг эдийн засагт эергээр нөлөөлөх ажлуудыг хийж байгаа нь үнэхээр харагдахгүй байна. Эдгээр хүндрэлтэй зүйлээс илүү Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал үнэхээр аюултай түвшинд хүрлээ. Саяхан Шри Ланка улс дефолт зарлачихсаныг бид хараад л сууна. Тэр улсын нөхцөл байдлаас илүү хүндхэн асуудал бидний өмнө байна. Монгол Улсын гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад өр яагаад аюулын харанга дэгдээж байна вэ гэхээр Засгийн газрын өр 80 хувиас давчихсан байна. Угтаа олон улсын зөвшөөрөгдөх дээд хэмжээ бол 40 хувь л байдаг. Гэтэл манай улс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хоёр дахин илүү гадаад өртэй болчихоод байгаа нь Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Нөгөөтэйгүүр гадаад өр аюулын харанга дэгдээж байгаа нь асуудал биш боллоо. Хамгийн гол асуудал нь Монгол Улсад гадаад өрөө төлөх чадамж, потенциал байна уу гэхээр байхгүй нь асуудал болж байна. Үндэсний үйлдвэр, импортыг орлох үйлдвэр, экспортыг нэмэгдүүлсэн үйлдвэр гэж Монгол Улсад алга. Тиймээс гадаад өрөө төлөх боломжгүй гэж харагдаж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 250 хувь, экспортынхоо орлогын 400 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өртэй байна гэдэг бол үнэхээр асуудал бидний төсөөлснөөс хол илүү хэтэрчихээд байгаа юм. Гадаад өр яагаад ийм хэмжээнд хүрчихэв. Ерөөсөө бид өрөө өөрсдөө төлөх гэхээс илүү өрийг өрөөр төлж явж ирсний гор одоо ирж байна.

-Яг ямар өрийг өрөөр төлж ирсэн юм бэ?

-Тухайлбал, Хөгжлийн банкны бондыг анх 2012 онд авсан. Уг банкны нөлөөллөөр улсын эдийн засаг сэргэж, дотоодын үйлдвэрлэл бий болж, импортыг орлох, экспортыг дэмжих томоохон үйл ажиллагаа боллоо гэж зарлаж байсан. Гэвч өнөөдөр зорьсон зорилгоосоо эсрэг зүгт явж ирснийг бид нийтээрээ хараад сууж байна шүү дээ. Чингис бондыг төлөх хугацаа болоход Гэрэгээ бондыг авсан.

Хөгжлийн банкны бондоо төлөхийн тулд Хуралдай бондыг авсан. Улмаар Самура бонд гэх мэт ар араас нь бондууд авч, өрөө нэмэгдүүлсэн. Энэ мэт гадаад өрөө төлөхөд анхаарах биш, өрийг өрөөр дарах буюу өнөөдрийн асуудлыг маргааш болгож хойшлуулах зүйлийг л хийж ирсэн. Үүнээс болоод өнөөдөр гадаад өр таазнаасаа хэтрээд бидний барих боломжгүй орон зай руу орчихсон байна. Өнөөдөр манай улсын нэг хүнд ногдох гадаад өр 10 мянган ам.долларт хүрлээ. Гэтэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр дөрвөн мянган ам.доллар атлаа гадаад өр нь 10 мянга хүрчихсэн гэхээр үнэхээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн асуудал болоод байна.

-Та түрүүн хэлсэн. Ганцхан уул уурхайн салбараас орлогоо бүрдүүлж байна гэж. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад ч бид хүссэн хэмжээндээ ашиг олж чадахгүй байна шүү дээ?

-Бидний ганц олж байгаа орлого бол уул уурхайн бүтээгдэхүүнээс л орж ирж байгаа. Энэ салбарын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тааламжтай байлаа гэхэд бидэнд хоёр асуудал үүсдэг. Нэгдүгээрт, Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж чаддаггүй. Бид өнөөдөр нүүрс, зэс, алт зэрэг голлох бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр зарж байна. Бид эдгээр бүтээгдэхүүнээ гадагшаа хэмжээний хувьд яаж нэмэгдүүлж гаргах вэ гэдэгтээ анхаардаг. Угтаа яаж дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах вэ гэдэгтээ анхаарах ёстой юм. Хоёрдугаарт, хил, гаалийн гацаанаас болж бид хүссэн хэмжээндээ уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжгүй болчихоод байна.

Ирэх жилийн хувьд уул уурхайн салбараас төсвийн орлогоо биелүүлж чадахгүй. Нөгөөтэйгүүр бид олсон орлогоо зөв зохистой зарцуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судалгаа тооцооллын үндсэн дээр зарлага гаргахгүйгээр улс төрийн өнгө аясаар орлогоо зарцуулаад байна гэсэн үг. Ингэж явахаар улсын эдийн засаг улам бүр л хүнд байдалд орохоос өөр яах билээ.

-Дэлхийн банкнаас хэд хэдэн улс орныг дефолт зарлах магадлалтай болсныг анхааруулж байгаа. Үүн дотор Монгол Улс багтаж байна. Ер нь дефолт зарлана гэдэг эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавартай юм бэ?

-Аливаа улс орон Дэлхийн банк, олон улсын валютын сан, дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, бусад улс орноос авсан зээлээ төлж чадахгүй, боломжгүй байдалд орсон бол дефолт зарладаг. Шри Ланка улс саяхан дефолт зарласан. Энэ улс мөн адил бусад улс орноос авсан зээлээ төлөх боломжгүй болсон учраас ийн дефолт буюу дампуурлаа зарлаж байгаа юм. Тус улсын гадаад өр 40 гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувьтай тэнцэх хэмжээний өрийг БНХАУ-д тавьсан нь Үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж эхэлсэн. Дэлхийн банкнаас бол ерөнхийдөө 10 гаруй улс орныг хүнд байдалд орсон гэж зарлаад байгаа юм билээ. Үүн дотор манай улс орчихсон явж байгаа. Нөгөөтэйгүүр нэг улсаас хэт их өр, зээл авна гэдэг бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал бий болгодог.

-Ер нь дефолт зарласнаар яах вэ?

-Хамгийн түрүүнд улс төр, эдийн засгийн том хүндрэлд ордог. Төсвийн зарлага нь огцом унадаг. Олон улсын байгууллагуудын эдийн засгийн хамтын ажиллагаа бүгд цуцлагддаг. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсдог зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүнээс шалтгаалж мэдээж иргэдийн амьжиргаа улам муудаж эхэлнэ. Нийгмийн уур амьсгал таагүй түвшинд хүрнэ. Дотоодын гэмт хэргийн гаралт ихэснэ. Нийгэмд янз бүрийн сөрөг нөлөөлөл бий болно. Улс төрийн болон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орох үндсэн нөхцөл, орчинг үүсгэдэг аюултай. Цаашлаад улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлдэг. Хамгийн аюултай нь газар нутгаа алддаг. Валютын урсгал, эдийн засгийн эх үүсвэр болсон боомтуудаа алддаг. Иймэрхүү жишээ олон улсад их бий. Тухайлбал, өнөөдөр Хятад улс хамгийн их гадаад зээл гаргасан орныг тэргүүлж байна.

Хятад улс дэлхийн 150 орчим улс оронд 1.5 их наяд орчим ам.долларын зээлийг гаргасан байна. Тиймээс эдгээр улс орон Хятад улсаас тодорхой хэмжээнд хараат байна гэсэн үг шүү дээ. Манайх ч мөн ялгаагүй. Миний харж байгаагаар 1990-ээс 2018 оны хооронд Монгол Улс Хятадаас 4.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж авсан байдаг юм билээ. Үүнээс хойш тус улсаас мөн цар тахал гэж олон сая ам.доллараар хэмжигдэх вакцин, эм тариа, бусад бараа бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар авсан. Энэ бүгд нэмэгдээд л явж байгаа. Хятад улс бусад улс оронд зээл олгохдоо хэмжээ, эргэн төлөх хугацаа зэргийг маш хатуу бодлогоор нууцалдаг. Энэ утгаараа яг хичнээн хэмжээний өр төлбөртэй байна, зээлтэй байна гэдэг өөр том асуудал болчихож байгаа юм. Энгийн бодит мэдээллээс харахад манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг Хятад улсаас авсан. Энэ бол яах аргагүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний том аюул, эрсдэл. Саяхан дефолт зарласан Шри Ланка улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 16 хувьд нь хүрсэн зээлээ сулруулахаар арга хэмжээ авсан. Тэгэхээр манайд 21 хувь байгаа нь үнэхээр аюул. Хятад улсын хувьд бусад оронд зээлсэн хөрөнгөө буцааж авч чадахгүй бол оронд нь газар нутгийг нь авдаг жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Хятад улс Казахстан улсаас 1158 хавтгай дөрвөлжин газрыг уул уурхай, ашигт малтмалтай нь авчихсан. Шри Ланкаас сая 15 мянган га газрыг мөн далайн боомтыг нь есөн жилээр түрээслэхээр шийдвэр гарчихсан байна шүү дээ. Зарим улс орон нисэх будлаа өгчих гэх мэт олон жишээ байна.

Манайх ч энэ байдлаар эдийн засгийн эргэлт ихтэй, валютын урсгал өндөр ийм боомтуудаа Хятад улсад алдахад ойрхон ирчихсэн байгаа шүү. Тиймээс энэ бол үнэхээр улс орны хувьд хүсэх зүйл огт биш. Дэлхийн банкнаас ийм анхааруулгатай, сануулгатай явна гэдэг ч тийм таатай үйл явдал биш шүү.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 24, дэлгэрүүлэгч одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урд мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес 17 цаг 45 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.