Categories
мэдээ нийгэм

Он гарсаар хурдан морины уралдааны улмаас есөн хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан DNN.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Таван байгууллага хамтран Нэгдүгээрт хүүхэд нөлөөллийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг ирлүүлэх, хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас таван газартай хамтран зургаадугаар сарын 9-нөөс эхлэн хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар зөвлөн туслах ажлыг хийгээд дууслаа.

Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Яах аргагүй эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалж болох эрсдэлд учруулаад байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Тухайлбал, Баяр наадмын үйл ажиллагаа сүүлийн 2-3 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүйтэй холбоотойгоор энэ жил нэлээд олон баяр наадмын үйл ажиллагаа товлогдсон төдийгүй таван бүсэд хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдахаар болжээ. Мөн хурдан морины уралдаанд оролцох морьдын тоо ч нэмэгдсэн гэх мэдээлэл байна.

2022 он гарсаар хурдан морь уралдаанч хүүхдийн программд 82 уралдаан бүртгэгдэж, түүнд 3,816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад есөн хүүхэд бэртэж гэмтэж, нэг хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнтэй зэрэгцэн бүртгэлгүй хурдан морины уралдаан зохион байгуулах тохиолдол гарсаар байгаа тул аймаг, орон нутгийн Засаг дарга нар болон хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд орон нутагтаа зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаан, сунгааг заавал бүртгэлжүүлж холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын хэсэг гарган тодорхой хяналт дор ийм үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.

Учир нь бүртгэлтэй уралдаанд хүүхдийн эрсдэл арай бага байдаг бол бүртгэлгүй уралдаанд хүүхэд унаж гэмтэх нь илүүтэйгээс гадна хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унуулах тохиолдол байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгажээ DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нь нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ.

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны зургаадугаар сарын 13-нд болсон байна.

Шүүх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна. Хуульч Н.Эрхэмбаяр нь П.Сүхбат агсны цолыг нөхөж олгуулах тухай санаачилж, улмаар түүний гэргийтэй хамт хуулийн итгэмжлэлийн дагуу шүүхэд хандсан аж.

Сануулахад, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди П.Сүхбат агсан нь Үндэсний бөхөөр

  • 1984 онд Аймгийн арслан цол
  • 1988 онд Улсын баяр наадамд зургаа давж, “Улсын өсөх идэр начин” цол
  • 1990 онд Улсын баяр наадамд долоо давж, “Улсын заан” цол
  • 1991 онд Улсын баяр наадамд найм давж үзүүрлэн, “Үлэмж бадрах” чимэг
  • 1992 онд Улсын баяр наадамд долоо давж,”Саруул сайжрах” чимэг
  • 1993 болон 1994 онд онд Улсын баяр наадамд зургаа давж, “”Хуурнин шуугигч” чимэг
  • 1997 онд Услын баяр наадамд тав давж “Хурдан шаламгай” чимэг
  • 2001 онд Улсын баяр наадамд тав давж, “Үнэн зоригт” чимэг
  • 2003 онд дээрх амжилтаар “Улсын гарьд” цол тус тус хүртэж байсан төдийгүй 1990 онд Япон улсын Токио хотноо болсон чөлөөт бөхийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаар шалгарч 1991 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж байв.

Categories
мэдээ улс-төр

“Замын-Үүдэд чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол хоол, буудлынхаа 1.3 тэрбумыг төлөөч ээ” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт олон улсын тээврийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Замын-Үүд дэх нөхцөл байдалд анхаарах хэрэгтэйг онцлоод, асуултад асууж, холбогдох албаны хүнээс хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Нэгдүгээр асуудал, гурван улсыг холбосон Н3 хатуу хучилттай зам хэзээ баригдаж дуусах вэ. Энэ баригдаж дуусаж байж транзит ачааны гаралт нэмэгдэнэ. Манайх босоо тэнхлэгийн төмөр замаараа тээврээ хийж чадахаа болиод байна.

Хоёрдугаарт, Замын-Үүдэд анхаармаар байна. БНХАУ-ын тал 0 цэг дээр терминалаа өргөтгөсөн байхад манайх өргөтгөөгүй байгаа. Хятад талаас чингэлгээ нэмэгдүүлмээр байна гээд байхад Монголын тал хүлээж авах терминалаа өргөтгөж чадаагүй байна. Замын-Үүд хоосон чингэлгээр дүүрлээ. Энэ асуудлаа яриач ээ, мөн л ялгаагүй олон улсын тээвэр шүү дээ.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахын тулд 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ дагуу олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн 10, Монгол төмөр замын хоёр, ХХЕГ-ын 27, зэвсэгт хүчний 57 , ЦЕГ-ын 10 гэх мэт олон хүн очиж ажилласан. Та нар Замын-Үүдэд буусан буудлын болон хоолны мөнгийг төлөөч ээ. Нэртэй устай нь Замын-Үүд сумын Засаг дарга зарлана шүү гэдэг асуудал яригдаж байна. Замын-Үүд та нарын идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Та хэд ажил зохион байгуулсан бол, чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төлөөч ээ, өмнөөс чинь ичиж байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан: Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулагдсан. Замын-Үүдэд гурван сарын хугацаанд тээвэр гацаад байсан. Үүнийг зохион байгуулан, энэ оны нэгдүгээр сарын 11-нээс тээвэрлэлтийг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд 6.6 тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу гурван сарын хугацаа буюу дөрөвдүгээр сарын 11-н хүртэл тээвэр зохион байгуулалтыг төрөөс хариуцсан. Тодруулбал, тээврийн хэрэгслийн түрээс, жолооч нарын тусгаарлалт, хоол хүнс зэрэг багтсан. Үүнээс 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нь шийдвэрлэгдсэн. Үлдсэн 2 тэрбум төгрөгийн асуудал нь Сангийн яамнаас санхүүжилтээ хүлээж байна. Баримтуудаа бүрдүүлж илгээсэн байгаа. Үүн дээр нэмээд дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 16-н хүртэл гарсан нэмэлт зардал 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдээгүй. Маргааш Шадар сайдын ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэхээр болсон.

Чингэлэг шилжүүлэн тээвэрлэх талбайд эхний ээлжид 100 орчим чингэлэг солилцох байдлаар явсан. Харин энэ нь цаашид ч үргэлжлэхээр байгаа тул талбайг өргөтгөх саналыг БНХАУ-ын талаас тавьж, эхний ээлжид тус улс ажлаа эхлүүлсэн. Хоёр сарын хугацаанд хийгдээд энэ долоо хоногт дуусах гэж байгаа. Үүний дараагаар манай талаас залгуулаад сар гаруй хугацаанд хийх тул наймдугаар сар гэхэд терминалийг өргөтгөж дуусна.

Categories
мэдээ цаг-үе

Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна DNN.mn

“CLEAN UP-2” төсөлд сайн дурын ажилтан шалгаруулж авахаар болжээ.

Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байжээ. Тухайн үед 1,700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын таван байршилд гурван цагийн дотор 200 тонн хог амжилттай цэвэрлэж, цаашид төслийн баг болон ажиллахаар болсон байна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 17-25 настай байх
  • 2022 оны наймдугаар сарын 1-30-н буюу төслийн хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх
  • Төслийн хугацаанд идэвхтэй оролцох чин хүсэлтэй байх
  • Байгаль орчны чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг бол давуу талтай
Өргөдлийг 2022 оны долдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

зураг

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn

Амралтаараа та хаашаа аялах гэж байна. Төрсөн нутгаасаа эхлээд Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар аялахаар төлөвлөж байгаа биз ээ. Хаашаа л харна цэлийсэн хөх униар татаж, хөхөө донгодсон зун цаг хэн хүнийг хөдөө тийш даллан дуудаж байна.

Гэхдээ та хөдөө гадаа аялахдаа нэг л зүйлийг анхаараарай. Аяны ядаргаагаа тайлж энд тэнд цайлахдаа, амарч хоноглохдоо авчирсан хогоо эргээд ачаад яваарай. Таны машинд багтаад ирсэн идээ ундааны баглаа боодол буйран дээр чинь хог новш болон үлдэх нь цаашдын зам мөрт чинь бага гэлтгүй тээг саад болсоор байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. Манайхан жигтэйхэн улс. Цайны дээжээ өргөн сүжиглэж байгаад явахдаа сүүний савнаас эхлээд бүхий л хогоо машинаасаа гаргаж хаячихаад давхиад явдаг. Машинаа цэвэрлэж байгаа ч байгаль дэлхийгээ бохирдуулаад, лус савдагийг нь уурлуулж орхидог. Ингээд таны цаашдын аялалд ямар нэгэн зүйл тохиолдож эхэлдэг. Дугуй хагарах, замаа олохгүй төөрөхөөс эхлээд зам хийсэн нөхөд үг хэлээ ололцохоо болих, аялалдаа сэтгэл дундуур үлдэх гээд бүтэлгүйтэл тойрч бүчдэг.

Нэг их сүйдтэй юм биш боловч жижиг сажиг ийм зүйлс нэгдээд ямартаа ч хог хаясан хүмүүсийг тав тухгүй болгож дөнгөдөг гэж байгаа. Яагаад ингэдэг гэхээр нутаг усны лус савдагийн гомдол ийн дагадаг байна.

Харин буусан суусан газраа цэмцийтэл цэвэрлээд явдаг хүмүүсийн аян зам санасан ёсоор өлзий дүүрэн байж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэнэ. Мөн нутгийн уул усны эзэн савдгийн баярласан сэтгэл ийм өгөөмөр шагнал болон ирдэг. Энэ бол үхэхээс бусдыг үзсэн буурал эмээгийн яриа юм. Эмээ хэн нэгнийг айлгах гэж ийм зүйл ярьдаггүй. Орой бүр ярьдаг үлгэр домгоороо дамжуулан үр хүүхдэдээ сургадаг сургаал нь юм.

Нээрэн ч та машиндаа багтаагаад аваад ирсэн юм чинь элдэв хогоо буцаагаад ачаад яваарай. Замд ойр ойрхон таарах төвлөрсөн хогийн саванд хогоо хийчихээд явахад нэг их ажил гардаггүй юм шүү.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn

Г.Занданшатар: Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсэг байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгөв.
Тэрбээр, УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт түр завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Иргэдийн ярьж байгаа хамгийн бол зүйл бол үнийн өсөлт. Нефтийн бүтээгдэхүүний үнэ, тээвэр логистикийн хүндрэлээс болж, инфляци өнгөрсөн оны мөн үед 6.2 хувь байсан бол өнөөдөр 16 хувьд хүрлээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ.

Тухайлбал, /2021 оны мөн үетэй харьцуулснаар/

  • Төмс 900 төгрөгөөс 2500
  • Лууван 2000-аас 4700
  • Ургамлын тос 4300-гаас 9800
  • Байцай 2300-гаас 5000
  • Атар талх 1280-аас 1700
  • Цагаан будаа 3650-иас 4600 төгрөг болжээ.

Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрч болзошгүйг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас анхааруулж байна.
Инфляци 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, иргэдэд ирэх дарамтыг бууруулах арга хэмжээний талаар судлах хэрэгтэй байна.
Ард түмний амьдрал өдөр ирэх бүр уруудаж, үнийн өсөлтөд нэрвэгдэж байхад гишүүд найр наадмын хууль батлах тухай ярьж байна гэж иргэд УИХ-ын гишүүдийг маш их шүүмжилж байна.
Шатахуун, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан ажиллана гэж танилцуулав.

Categories
мэдээ цаг-үе

“NAADAM NIGHT-2022” үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn

“NAADAM NIGHT-2022” арга хэмжээний тасалбар худалдаанд гарч эхэллээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд “NAADAM NIGHT show” үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар болсон талаар мэдээлж байсан. “NAADAM NIGHT”, “Монголын нэг өдөр” үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй. Энэхүү тасалбарыг “One ticket, One tree” хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортоготой модны суулгац дагалдах юм.

Тус цэнгүүний үеэр,

  • Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт
  • Баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг
  • Алтай хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт
  • DJ set, үндэсний хоол зоог, идээ ундаа
  • Галтай шоу, айраг цагаа, дэмбээ хурууд
  • Хувцас загварын үзүүлбэр
  • Уламжлалт анагаах ухааны (Манба дацан эмнэлэг) алтан судрууд
  • Ковидыг анагаагч эм тан, судас оношилгоо, бариа засал
  • Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ зэрэг цогц наадам цэнгүүнийг зохион байгуулах аж.
Мод тарих үйл ажиллагаанд UBT garden, World garden Mongolia хамтран бүтээж, гадаад дотоодын жуулчид, үзэгчид өөрийн нэртэй модоо хэрхэн ургаж байгааг дэлхийн аль ч өнцгөөс камерын тусламжтай хянах дижитал үйлчилгээг давхар үзүүлнэ гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 54 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн халдварын

  • 33 нь Улаанбаатар хотод,
  • 21 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,862 болж нэмэгдэв.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 123 хүн эдгэрсэн бол одоогоор 703 хүн хяналтад байгаа гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарт сүүлийн сард гарсан ослуудын талаар болон Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандарт”-ын талаарх мэдээлэл танилцууллаа.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас дараах чиглэл, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар болов.

Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яамны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвлөгөө гарган ажиллах, мөн барилгын салбарт гарсан ослын шалтгаан, нөхцөлийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, ХАБЭА-н Үндэсний хорооноос мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах

2. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан ба үйл ажиллагаа эхлэх үед ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамд болон холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан, дагнасан байдлаар хянах, зөвлөн туслах, дэмжих арга хэмжээг зохион байгуулах, мөн аж ахуйн нэгж, байгууллага бүр дотоод хяналт, шалгалтыг зохих түвшинд сайжруулах

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан, ажил олгогч эзэд, ажилчин, туслах ажилчинд чанартай, тогтмол, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар иргэн бүрийг соён гэгээрүүлэх, дадал, төлөвшил олгох, мөн гэр бүлийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд шат шатны байгууллагууд анхаарч ажиллах

5. Сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, зохион байгуулалтын талаар зарим асуудлууд гарч байгаа тул энэ жил хяналт-шалгалтыг зохион байгуулах, ажлын хэсэгт Үндэсний хорооны гишүүд саналаар оролцох, цаашид сургалт зохион байгуулах талаарх дүрэм, журмыг судлан шинэчилж, тогтолцоог өөрчлөх, сайжруулах

6. Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх “Сайн туршлага”-ыг түгээх

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах

8. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчид болон олон нийтэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээрх ойлголт, мэдлэг, дадал, төлөвшлийг нэмэгдүүлэх чиглэлээр “Уриалга” гарган түгээх

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан бодлого, хэрэгжилт, үйл ажиллагааны талаар иргэд, байгууллагуудаас санал, гомдол, хүсэлтийг авч байгаа тул салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд Үндэсний хорооны гишүүд санал, хүсэлтээ ирүүлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, дэд сайд С.Зулпхар дээрх арга хэмжээнүүдийг тус яамны холбогдох газар, хэлтэс, харьяа газар болон холбогдох байгууллагууд хамтран, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах талаар чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn

Засгийн газраас БНХАУ-ын хоёр хот руу агаарын хилээ нээж байгааг нийтэд мэдээлсэн. Нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хуваарь болон коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагыг олон нийтэд танилцууллаа.

Улаанбаатар-Гуанжоу чиглэлд долдугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ний 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух хуваарьтай байна.

Гуанжоу хот руу нисэх иргэдэд тавигдах шаардлага:

БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Виз болон эрүүл мэндийн шаардлага

  1. БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
  2. Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол Улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
  3. Нислэгээс өмнө https://mp.weixin.qq.com/s/vBSwfThbAHQH-NoGHRkCDQ хаягаар нэвтэрч “Аялагчдын эрүүл мэндийн код, эрүүл мэндийн байдлын мэдүүлэгт өргөдөл гаргахад тавигдах сүүлийн шаардлага” хэсгээс мэдээлэл авсан байх
  4. Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх,
  5. Монгол Улсын хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авна уу. http://mn.china-embassy.gov.cn/…/t20220617_10705582.htm

Шинжилгээний шаардлага

2022 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.

Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.

Бүх шинжилгээг Элчин сайдын яамнаас томилсон дараах шинжилгээний байгууллагад өгнө.

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  2. Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
  4. Интермед эмнэлэг
Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.

Гуанжоу дахь тусгаарлалт:

  • Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тусгаарлана.
  • Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай.
  • Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.

Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд

Хилийн чанадаас ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3,000-10,000 юанийн хооронд байна.

Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10,000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаарлаж хянах ба 14 хоногийн хугацаанд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.