Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Амьдралын 12 дүрэм буюу Хаосын эсрэг ерөндөг DNN.mn

Жордан Б.Питерсоны “Амьдралын 12 дүрэм” гэдэг номыг та бүгдэд ярьж өгье. Энэ номыг дэлхий даяараа шимтэн уншиж маш их борлуулалттай номоор тодруулсан гэжээ. Мэдээж та нэрнээс нь юун тухай ном бэ гэж мэдэж байгаа. Энэ бол амьдралын дүрэм. Амьд явах нийгэмд ямар байр суурьтай явах, чи хэн байх тухай сургаал юм. Тэр сургаалууд бүгд 12 байгаа. Ном их том 430-аад хуудастай, дээрээс нь их сайн бодож уншихаар. Гэхдээ сайн уншаад ирэхлээр манай социализмаас өмнөх үед хүүхэд насаа үдсэн хөгшидийн сургаал шиг л санагддаг юм билээ. Тэр хөгшид л муу явбал чи муухай л амьдарна даа гэж байдаг. Ааш муутай байвал хүн тоохгүй, хувиа хичээгээд байвал хүн чамтай нөхөрлөхгүй шүү, нөхөргүй хүн амьдарч чаддаггүй, чадсан ч хүний шаар л байсаар дуусдаг гэх мэтчилэн. Хүн хүндээ тус дэм болж байж амьдардаг, тэгэхгүй бол чамайг хүн тоохгүй, чи хар даа ганцаараа хэн ямар байна гээд л загнаж байдаг даа яг тэрэн шиг сургаал юм. Гэхдээ иймэрхүү сургаалыг одооны эцэг эхчүүд мэдэх ч үгүй, мэдэхгүй болохоор хүүхдүүддээ ч хэлдэггүй. Одооны эцэг эхчүүдэд аав ээж нь хэлээгүй болохлоор мэддэггүй, тэд ийм сургаалийг хуучны хоцрогдсон хар шар феодалын үзэл бодол гэж социализмаар заалгасан учир нуугаад таг дараад өнгөрөөсөн. Тиймээс одооны шинэ үе их өөр болж гэж бид халаглаад байдаг нь ийм учиртай юм. Ердөө аав ээж нь нийгэмд яаж амьдрахыг заагаагүй, тиймээс мэдэхгүй л байгаа учраас хуучин хүмүүст их өөр юм шиг харагдаад байдаг болсон, залуус. Хайрлаж дурлаж уйлж дуулж, шунаж хүсэж, идэж ууж л байгаа бол нэг их ялгаа байхгүй юм л даа, залуу үе бол. Хүмүүс хэзээ ч өөрчлөгддөггүй гэж “Мастер, Маргарита хоёр” гэдэг зохиол дээр 1300 жилийн дараа дэлхий дээр ирсэн буг хэлж байдаг даа.

За ингээд ямар 12 дүрэм байдаг талаар зүгээр л нэрлэе, тэгэхгүй бол багтахгүй. Нуруу цэх мөр тэнэгэр яв, Чамд тус хүргэх үүрэг хариуцлага хүлээсэн хүн нь чи өөрөө мэт бай, Өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхөрлө, Өөрийгөө өнөөдрийн хэн нэгэнтэй бус харин өчигдөр хэн байсантайгаа харьцуул, Дургүйг чинь хүргэх зүйлсийг хүүхдээрээ бүү хийлгэ,Бусдыг шүүмжлэхээсээ өмнө орон гэрээ бүрэн төгс цэгцэл, Ашиг хонжоо хайх бус, утга учрыг эрэлхийл, Үнэнийг хэл, үгүй дээ л худал бүү хэл, Өөдөөс чинь хараад ярьж байгаа хүн мэдэхгүйг чинь мэдэж байж болохыг тооц, Үг хэлээ оновчтой байлга, Скейтбордоор гулгаж буй хүүхдэд бүү саад бол, Гудамжинд муур тааралдвал илж эрхлүүлж бай, Кода буюу төгсгөл гэсэн сургаалууд байдаг. За жишээ болгож нуруу цэх, мөр тэнэгэр яв гэдэгт юу гэж хэлэв гээд үзье. Үүнд хавьчаар жишээ татсан байдаг. Яагаад хавч гэвэл тэр амьтан энэ орчлон дээр 350-иад сая жил амьдарсан гэнэ. Одоохондоо ийм урт амьдарсан амьтад ховор. Үлэг гүрвэл 60 сая жил амьдарсан гээд л бодчих. Бас жишээ татчихаар өөр танил нь ч тийм олон биш аж. Бүх л байгаль дахь амьдрал зэрэг дэвтэй, амьдралын төлөө өрсөлдөөнтөй, тэрэнд дийлж гарсан нь үр удмаа үлдээж цаашид оршин тогтнодог. Манай хавчнууд мэдээж амьдралын сайн сайхны төлөө тулалддаг. Ялсан хавч цээж тэнэгэр сүүл моодгор их амьтан болно. Ингэхэд юу түүнд нөлөөлөв, серотонин түүнд ихээр ялгарах тул ингэдэг аж. Ялагдсан хавчинд октопамин ялгарна. Биеэ хураасан бээцийсэн сүүлээ гуядан хөлөн доороо хийдэг амьтан болгоно. Энэ хүнд ч бас нөлөөлнө. Яг адилхан гэсэн үг. Ялагч байхын тулд та октопамин ялгарахад үүсдэг хэв шинж болох цээжээ хумин доошоо харан буланд суух хэв шинжээсээ салах хэрэгтэй. Та серотонин ялгаруулагч шиг нуруу цэх, мөр тэнэгэр яв. Ингээд яваад эхлэхэд хар аяндаа таньд сиротонин ялгарч эхэлнэ. Та урам зоригтой болно, мөрөөдөгч болно. Түүнээ ч биелүүлэхэд зүтгэх урам зориг танд ундарч эхэлнэ. “Бүхнийг эзэмшсэн нэгэн бүр ихийг хүртэнэ, юмгүй хоосон нэгний үлдсэн бүгд нь хураагдана” гэж номлосон шашны сургаал хүртэл байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Казахстаны гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов DNN.mn

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нурсултан хотноо хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин, БНКУ-ын Гадаад хэргийн дэд сайд Р.Василенко нар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замууд болон олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тэр дундаа дэлхийн зах зээл дээр хомсдол үүсч болзошгүй гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг бүрдүүлэх, нийлүүлэх боломжийг хөндөн ярилцаж, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстаны Худалдаа, интеграцчлалын Тэргүүн дэд сайд Е.Е.Баттаковтэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хамтарсан замын зураглалыг тохиролцох, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр, ложистик, хорио цээрийн асуудлыг хөндөн ярилцав.

Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал К.Сарыбайтай уулзаж, тус байгууллагын хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны дээрх механизмыг ашиглан бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн гурван эмэгтэй дэлхийн чансаа олгох тэмцээнээс медаль хүртлээ DNN.mn

Чөлөөт бөхийн гурван эмэгтэй дэлхийн чансаа олгох тэмцээнээс медаль хүртлээ

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод өчигдөр эхэлсэн.

Манай улсаас өчигдөр эмэгтэй дөрвөн бөх барилдсанаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов. 68 кг-д медальтнууд гурван биенээ тойрч ялсан ч оноо тоолоход Азийн хошой аварга Энэтхэгийни Дивья Какран манай бүсгүйчүүдийн дээр зогссон юм.

Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа медаль хүртэж чадсангүй. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд болно.

Categories
мэдээ цаг-үе

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг даваа гаригаас эхлүүлнэ DNN.mn

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн.

Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд:

зураг

зураг

зураг

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна гэж нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөсөн цирктэй Монгол DNN.mn

Монголын циркчид мөсөн талбайн анхны бүрэн хэмжээний “Сүүлт одны нууц” циркийн тоглолтыг Эх үрсийн баяраар толилууллаа. Дэлхийд АНУ, ОХУ, Канад гэсэн гуравхан улс мөсөн циркийг хөгжүүлсэн түүхтэй байсан бол эдүгээ мөсөн цирктэй дөрөв дэх улс нь Монгол болж байгааг энэ тоглолтоор зарлалаа.

“Степпе Арена”, “МАК” зэрэг үндэсний томоохон компаниуд нэгдэж Монголын мөсөн спортын түүхэнд өнгө нэмсэн Мөсөн өргөөг ашиглалтад оруулаад хагас жил гаруйн нүүрийг үзэж буй юм. Хоккей, уран гулгалт, шорт трек зэрэг мөсөн спортын төрлүүдээр монгол тамирчид анх удаа эх орондоо олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайд бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож эхлээд удаагүй байгаа.

Тэгвэл энэ удаа циркийн жүжигчид цоо шинэ талбар болох мөсөн талбай дээрх үзүүлбэрүүдээ үзэгчдэдээ толилуулах боломжтой болжээ. Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Урлаг, спорт, гоо зүйн шинэ дэвжээг бүтээж байгаа “Мөсөн цирк” тоглох мөрөөдлийг биелүүлсэн “Мөсөн өргөө”-г цогцлоогч “Степпе Арена”-гийн хамт олонд давхар талархал илэрхийлж, нийт хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт хүсье. Мөсөн цирк манай улсад анх зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай урлаг, спортын хувьд түүхэн үйл явдал болж байна. Мөрөөдөл бол хязгааргүй, бас гэгээлэг. Хэн мөрөөдлийнхөө төлөө хичээн хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж чадна, тэр хүн мөрөөдлөө биелүүлдэг. Манай циркчдийн хувьд мөсөн цирк тоглоно гэдэг ч бас мөрөөдөл байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Мөсөн дээр цирк тоглоно гэдэг циркчдээс маань нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, төвлөрөл, ур чадвар шаардсан, амаргүй ажил байсан нь тодорхой. Энэ мөсөн дэвжээнээс, энэ мөсөн театраас, энэ мөсөн циркээс Монголын маргаашийг дэлхийд таниулах, эх орныхоо суу алдрыг ертөнцөд дуурсгах, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их мастерууд төрөн гарна гэдэгт бид итгэж байна” гэв.

Тоглолтод 13-аас дээш насны 70 орчим жүжигчид 11 төрлийн үзүүлбэрээр хүүхэд багачуудын нүдийг баясгаж, сэтгэлийг хөөргөсөн билээ. Уран нугаралт, акробат, жонглёрчид, трюк мөсөн дээр амилах гайхалтай хийгээд сүрдмээр, жүжигчдийн өмнөөс ч эмээмээр. Жүжигчдийн олонх нь циркийн сургуулийн сурагчид. Тэд богино хугацаанд чадамгай суралцаж, үзүүлбэрүүдээ мэргэжлийн хэмжээнд толилуулсныг ахмад циркчдээс эхлээд ам сайтай байсан юм.

Найруулагч Ю.Гэрэлбаатар энэ тухай онцлохдоо “Яалт ч үгүй бид түүхийн хуудсын нэгэн гэрч болж байна. Мөсөн талбай гэдэг циркчдийн хувьд гайхамшиг байдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. Мөсөн дээрх тоглолтын бэлтгэл удаан хугацаа шаарддаг. Гэтэл бид гурван сарын хугацаанд программаа гаргаж чадлаа. Бэлтгэлийн үеэр манайд “Walt Disney”-гийн дэд ерөнхийлөгч зочилсон. Тэдний мөсөн циркэд нэг программ 30-40 сая ам.долларын өртөгтэй босдог юм байна. Харин манайд бол 20 мянган ам.доллараар босч байна гэхэд тэрээр үнэхээр гайхсан. Хамгийн гол нь ийм богино хугацаанд бүрэн хэмжээний тоглолт тавьж байгаад бүр ч их цочирдсон шүү/инээв/. Манай циркчдэд маш их боломж бий. Жилийн дараа гэхэд бид мөсөн цирк хөгжсөн улсуудыг хол хаях амбицтай байна” хэмээв.

Үнэхээр ч анхны мөсөн циркийн тоглолт үзэгчдээ уулга алдуулсан олон үзүүлбэртэй байлаа. Циркийн манежнаа нэгэн насаа зориулсан ахмад циркчид ч баяртай байсан билээ. Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, ХХ зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу “Эх үрсийн баярт өдрийг тохиолдуулан Монголын анхны мөсөн циркийн тоглолт нээгдэж байна. Цирк бол зарим төрлөөрөө хөгжиж байгаа, зарим нь уруудаж байгаа. Энэ бол байр савтай холбоотой. Энэ сайхан өргөөг барьж байгуулсан хамт олонд талархаж байна. Хүүхдүүд маань ийм богино хугацаанд гулгаж сураад циркийнхээ номерыг хийж байгаад бахархшуутай. Анхны гараа ийм сайхан эхэлж байгаа болохоор цаашид дэлхийн мөсөн циркийн хэмжээнд хүрч хөгжинө гэж найдаж байна” хэмээсэн бол МУГЖ Ж.Жанчивдорж “Мөсөн циркийн анхны үзүүлбэрүүдийг толилуулж байгаа залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Бүх үзүүлбэр найруулга нь цогц сайхан боллоо.

Мөсөн дээр уран нугарч, акробатаа хийж байна. Энэ бүхэн дөнгөж эхлэл шүү дээ. Циркчдийг маань цаашид илүү сайхан ирээдүй хүлээж байгаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа. “Үнэхээр гайхамшигтай өдөр болж байна. Монгол Улсад анхны мөсөн цирк бий болсон гэдэг хамгийн баяртай мэдээ. Энэ бол хүүхэд залууст маш хэрэгтэй зүйл. Циркийн урлагийн 80 жилийн түүхэнд болж байгаа том үйл явдал. Циркийн багш нартаа, энэ ордныг бүтээн байгуулсан Степпе Арена компанийн хамт олонд талархаж байна” хэмээн МУГЖ Г.Доржнамжил хэлж байлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Аксель Никэйз: Монгол Улсад 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байна DNN.mn

Европын холбоо анх 1957 онд Европын эдийн засгийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдахдаа зургаан гишүүн оронтой байсан бол өдгөө эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон байгууллага болон хувирчээ. Манай улсад Европын холбооны ХБНГУ, Франц, Унгар зэрэг долоон гишүүн улс Элчин сайдын яамтайгаас гадна хэд хэдэн орны өргөмжит консулууд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг болж, 70 асарт 12 улс танилцуулгаа хийснээс гадна Германы эрдмийн солилцооны алба, Монгол дахь Францын сургууль, Франц-Монголын соёлын төв зэрэг соёл, боловсролын байгууллагууд, Европын холбооны бараа, бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага, жишээ нь “Урбанек” Польшийн, “Оргил” супермаркет Францын “Казино” зэрэг брэндийг төлөөлж оролцжээ. Өдөрлөгийн үеэр түүнчлэн Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төслийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд танилцуулсан юм. Тус холбоо манай улсад ойжуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гээд 2027 он хүртэлх олон төсөл бүхий хөтөлбөрөө саяхан баталсан юм.


Европын холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзтэй өдөрлөгийн үеэр уулзаж ярилцлаа.


-Европын өдөрлөг бороотой өдөр тохиолоо. Та өдөрлөгийг нээж үг хэлэхдээ монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гээд ихэд бэлгэшээдгийг дурдсан. Улаанбаатарын төв талбайд болж буй энэ өдөрлөг бороо авчирсан нь мэдээж бэлгэ дэмбэрэлтэй зүйл боллоо. Тэгвэл Европын холбоо манай улсад юу авчирсан гэж та боддог вэ. Ер нь Европын холбоо Монголтой хэрхэн харьцаж, ямар бодлого явуулж байна вэ?

-2019 онд зохион байгуулсан анхны өдөрлөгөөс хойш цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст Европын өдөрлөг дахин болж байна. Иймд хэдийгээр сэрүүхэн, бороотой өдөр тохиосон ч бид өдөрлөгөө зарласан хугацаанд явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өдөрлөг амжилттай өрнөж, монголчууд ихээр ирж сонирхож буйд баяртай байна. Тэгээд ч монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гэж хэлдэг дээ. Иймд Европын өдөрлөг Улаанбаатарт хур бороо дагуулсанд ихэд бэлгэшээж байна. Европын холбоо Монголд юу авчирч, ямар бодлого явуулж байгаагийн хувьд бид хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Тэдгээр нь цаг агаарын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой эдийн засгийг дэмжих. Танай улсын Гадаад харилцааны яамтай хэлэлцээ хийж, Монголын ойн нөөцийг хамгаалахын сацуу нэмж мод тарих ажлыг зохион байгуулж, шинэ ажлын байр бий болгох төслөө танилцуулсан. Үүнээс гадна Монголын эдийн засгийг төрөлжүүлэн ганц хоёрхон бус, олон салбарыг зэрэг хөгжүүлэн Европын холбоо руу гаргах экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ тээвэрлэлт, логистикийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч байгаа билээ. Европын холбоо үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамтай хэлэлцээ хийж, эдийн засгийн тунгалаг, ил тод байдлыг ханган авлига, хээл хахуультай тэмцэх арга замуудыг тодорхойлоход чухал ач холбогдол өгөн хамтран ажиллаж байгаа юм.

-Өнөөдөр дэлхий нийт манай хойд их хөрш ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсныг эрс буруушааж, Украинд тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж, ОХУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авч байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Украины эсрэг түрэмгийлэл” нэртэй тогтоолыг дийлэнх буюу 141 гишүүн орон дэмжиж, ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей гэх тавхан улс эсэргүүцэн 35 улс түдгэлзсэн билээ. Түдгэлзсэн санал өгсөн орны нэг нь Монгол Улс. Төв Азийн ардчиллын голомт гэж хэлж болох манай улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр аварга гүрний дунд хавчуулагдан оршиж, хойд хөршөөсөө бензин шатахуун, эрчим хүчний хэт их хамааралтай тул дээрх санал хураалтад түдгэлзэхээс өөр аргагүйг Европын холбоо ойлгож хүлээн авсан гэдэгт найдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улс хоёр их хөрштэйгөө харилцахдаа тэнцвэртэй хандах нарийн адармаатай зорилттой гэж би боддог. Танай улс туулж өнгөрүүлсэн түүхээ, мөн газар зүйн байрлалаа солих боломжгүй шүү дээ. Иймд маш мэдрэмжтэй ухаалаг гадаад бодлого явуулахаас өөр аргагүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейд ОХУ Украиныг түрэмгийлэн довтолсныг буруушаасан тогтоолыг батлахад Монгол Улс түдгэлзсэн санал өгснийг бид ойлгож байгаа. Европын холбоо танай улсын чухал гуравдагч хөрш болдгоороо бахархдаг билээ. Хэдийгээр газар зүйн хувьд алслагдсан ч бидэнд ардчилсан нийгмийн үнэт зүйлс гээд ижил төстэй зүйл их.

-Энэ удаагийн өдөрлөг өмнөхөөсөө юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?

-Эхнийхтэй харьцуулахад ямар байсныг би сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би тэр өдөрлөг зохион байгуулснаас хойш Монголд ирсэн. Ямартаа ч энэ удаагийн Европын өдөрлөгт 17 улс оролцож, манай холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж буйдаа баяртай байна.

-Манай иргэд Шенгений визийн талаар их сонирхдог. Виз олгох нэг цэгийн үйлчилгээ байдаг уу?

-“VFS Global” гэсэн компани бий. Зөвхөн Монголд ч биш, Бээжинд ч, ер нь дэлхийн олон оронд визийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани энэхүү өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа танилцуулсан байгаа. Харин манай төлөөлөгчийн газар виз гаргадаггүй тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг ойлгоно биз ээ.

-Европын холбоо Монголд хичнээн төсөлд хэдий хэмжээний санхүүжилт хийгээд байна. Хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн явц ямар байна вэ?

-Одоогийн байдлаар Европын холбооноос Монгол Улсад нийт 32 төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байгаа. Тэр нь зээл биш, буцалтгүй тусламж гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ер нь Европын холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг гурван үндсэн чиглэлд хуваан авч үзэх боломжтой. Эхнийх нь ногоон хөгжлийн төслүүд. Хоёрдугаарт, сайн засаглал, шүүх эрх зүйн орчныг сайжруулахад зориулсан төслүүд юм. Харин манай санхүүжилтийн хамгийн чухал хэсэг нь, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх буюу солонгоруулахад холбоотой юм.

-Европын холбооны гишүүн орнууд манай улсын залуу үе, оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зэргээр боловсролын салбарыг хэзээнээс дэмжсээр ирсэн. Энэ талаар тодруулна уу?

-Европын холбоо Монголын боловсролын салбарт Erasmus plus гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, нэлээд хэдэн их сургуультай хамтран ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө боловсролын салбарт ойрын ирээдүйд явуулах төслүүдийн тухай дэлгэрэнгүй төлөвлөгөө гарсан. Удахгүй бид энэ талаар мэдээлэх болно. Боловсролын хөтөлбөрийн хүрээнд бид монгол оюутнуудыг Европт суралцуулахаас гадна судлаачид, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан их, дээд сургуулиудын чадвар, чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ч мөн хэрэгжүүлдэг юм. Eras­mus plus-аас гадна дэлхийн, Европын улс орнууд төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгодог билээ. Мөн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв буюу МСҮТ-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай холбоо ирэх намар боловсролын үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буйг дуулгахад таатай байна.

-Хоёр талын соёлын хамтын ажиллагааг дурдалгүй өнгөрч болохгүй нь мэдээж?

-Энэ өдөрлөг бол соёлын арга хэмжээний нэг хэсэг шүү дээ. Монголын олон нийтэд Европын холбооны гишүүн орнуудын соёлыг түгээн бүтэн өдрийн турш соёл, урлагийн арга хэмжээг зохион байгууллаа. Манай холбооны гишүүн орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан урлаг, соёлын үзүүлбэрийг дэлгэн харуулсан. Европын холбооноос Монголд соёлын салбарт сүүлийн үед хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл гэвэл бид Чойжин ламын сүмийн музейтэй хамтраад виртуал буюу цахим 3D хэлбэрээр үзүүлэнгүүдийг нь байршуулах явдал юм. Санхүүжилтийг нь шийдчихвэл энэ нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий дахинд Чойжин ламын музейн яруу сайхан бүтээлүүдийг дэлгэн хүргэх том завшаан болно гэж үзэж байна. Ер нь “Ковид-19” цар тахал гарч хөл хориход хүрснээр дэлхийн олон музей, урлагийн галерей виртуал хэлбэрт шилжсэн билээ.

-Европын холбоо манай улс дахь төлөөлөгчийн газраа хэзээнээс нээсэн бэ. Дэлхийн хэдэн оронд төлөөлөгчийн газартай бол?

-Монголд Европын холбооны 27 орны долоо нь Элчин сайдын яамтай. Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа байгуулах шийдвэрийг 2017 оны арваннэгдүгээр сард гаргаж, дараа жил нь Улаанбаатарт нээсэн гэж бодохоор ердөө таван жилийн л нүүр үзээд байна. Гэхдээ Монгол Улс бүр 1989 онд Европын холбоотой дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 33 жил болж, урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн билээ. Европын холбооны төлөөлөгчийн газрууд өдгөө дэлхийн 140 гаруй улс оронд ажиллаж байна.

-Одоо хувь хүний тань талаар хэдэн асуулт тавихыг зөвшөөрнө үү. Та Европын яг аль улсын иргэн бэ. Манай улсад ирэхэд юу нь хамгийн түрүүнд нүдэнд туссан бол. Монголчуудтай харилцахад, Монголд ажиллаж амьдрахад ямар байна вэ?

-Би бельги хүн л дээ. Сүүлийн найман жил гадаадад амьдарч байна. Монголд ирэхээсээ өмнө халуун дулаан Вьетнам, Энэтхэг зэрэг улсад найман жил ажилласан л даа. Үргэлж сандаалтай, нимгэхэн даавуун хувцас өмсдөг байсан. Харин Монгол Улс маш эрс тэс уур амьсгалтай тул олон давхар, зузаан хувцас өмсөх болсон. Ажиллаж амьдрахад миний хувьд ийм л өөрчлөлт гарсан юм. Танай сайхан оронд ажиллахад маш таатай байна. Монголчууд бүх шатандаа нийцтэй тул ямар нэг хүндрэл, үл ойлголцол гардаггүй. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ зэрэг нь эрх чөлөөтэй, оюутан залуус, төрийн албан хаагчид, багш профессорууд гээд хэнтэй ч харьцсан нээлттэй хүмүүс байдаг нь таалагддаг. Дээр нь монголчууд сэтгэлгээний хувьд бидэнтэй маш олон зүйл дээр адилхан юм. Монголчууд хамтарч ажиллахад маш их идэвх зүтгэлтэй, динамик эрч хүчтэй хүмүүс гэж боддог шүү. Тэгээд ч Европын холбоо ч, Монгол Улс ч ялгаагүй ардчилал, хүний эрхийг дээдэлдэг ижил үнэт зүйлстэй тул хамтран ажиллахад ямар нэг хүндрэл гардаггүй юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 5, найралт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 4:56 цагт мандан, 20:45 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Онон голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн төрийн 13 байгууллагын 51 үйлчилгээ цахимд бүртгэгдлээ DNN.mn

Архангай аймгийн төрийн 13 байгууллагын 51 үйлчилгээ цахим буюу Е-Mongolia-д орлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран төрийн байгууллагуудын цахимд шилжсэн шинэ үйлчилгээнүүдийг танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Тухайлбал, аймгийн ИТХ, ЗДТГ болон Эрдэнэбулган сумын ЗДТГ, ЭМГ, ОБГ, ЦГ, ХХААГ, БОАЖГ, УБХ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Музей, Авто тээврийн төв, “Ар-Ус Ундарга” ХХК, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг 13 байгууллагаас гардаг зарим үйлчилгээ цахимжлаа.
Жишээ нь, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх дугаар захиалахдаа, авто машиныхаа татварыг төлөхдөө, ус ашиглах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авахдаа, гадаа паспорт захиалахдаа та өөрийн биеэр сумаас аймаг явалгүйгээр E-Mongolia утасны аппликейшнийг ашиглан гэрээсээ авах боломж бүрдлээ. Эсвэл өөрийн харьяа сумынхаа ЗДТГ-т очиж E-Mongolia сайтаас авах боломжтой юм.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд “Тоон гарын үсэг” олгов.
Categories
мэдээ нийгэм

Ховд аймгаас 420 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ DNN.mn

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсаас 20356 цэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй нь Монголчуудын бахархал билээ.

Даян дэлхийн энх амгалангийн төлөөх үйлсэд ийнхүү бодит хувь нэмэр оруулж, хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн цэргийн алба хаагчдын төлөөлөл Ховд аймагт олон бий. Тодруулбал, энэ хугацаанд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас давхардсан тоогоор 420 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Мөн одоо ч тус ангийн 25 алба хаагч энхийг дэмжих, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж явна.

Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон Олон үндэстний цэргийн ажиллагаанд цэргээ илгээж эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн болон Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн хугацаат цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, тэдний түүхэн амжилт, гавьяаг олон нийтэд таниулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр “Ард Аюушийн талбай”-д боллоо.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь анх “Ховдын хороо” хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй.

Өдгөө шинэ цагийн Зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн хөгжиж, Монгол Улсынхаа түүхийн бүхий л цаг хугацаанд төр түмнийхээ итгэлийг хүлээн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлагаар тэмцэж 100 жилийн арвин түүхийг бүтээгээд байгаа. Энэхүү Зэвсэгт хүчний анги байгууллагын алба хаагчдаас Ховд аймгаа төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд хамгийн олон удаа оролцсон тохиолдол зургаа байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, дадлага, туршлага өсөн нэмэгдэж байгаагаараа онцлогтой аж.

Зэвсэгт хүчний байгууллагаас цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд даян дэлхийд энх тайван, тогтвортой байхын ач холбогдлыг түгээх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулан, олон талт бүтээлч ажлыг өрнүүлж ирсэн. Энэ удаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачууд, иргэд олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Түүнчлэн зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн дэслэгч Л.Мөнхбат захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салааны “Гардан тулаан”-ы үзүүлэх тоглолт, бүжиг, спортын үзүүлбэр, ая дууны мэндчилгээ зэргийг сонирхуулж, шилдэг, тэргүүний алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулсан бөгөөд бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал хийлээ.