Categories
мэдээ цаг-үе

Татварын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ DNN.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Энэ онд нийтдээ 52747 иргэнд ногдох 50.7 тэрбум төгрөгийн орон сууц, сургалтын төлбөр төлсний татварын хөнгөлөлт иргэдийн дансанд орж эхэлжээ.

Нийслэл хотын оршин суугч 27,261 иргэний 30.7 тэрбум төгрөгийн буцаан олголт өчигдөр/2022.05.09/-өөс иргэдийн дансанд орж эхлэв. Улсын хэмжээнд 32’270 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 43.2 тэрбум төгрөгийг буцаан авах бол 20’477 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 7.5 тэрбум төгрөг буцаан авах гэнэ.

Categories
гадаад мэдээ

“Их долоо” нэгдсэн шийдвэрт хүрлээ DNN.mn

“G7” гэгддэг “Их долоо”-гийн улсууд нэгдэн Оросын газрын тосны импортоос аажмаар татгалзах, эсвэл хориглох үүрэг хүлээцгээв. Энэ тухай “G7”-ийн улсуудын удирдагчдын цахим бага хурлын дараа нийтлэгдсэн Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

Учир нь Европын Холбооны байнгын төлөөлөгчид хэд хоног хэлэлцсэний эцэст Оросын эсрэг нефтийн хориг тавих тухай нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зарим улсын нефть хангамжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг судлах ажил эхэлсэн гэж тус холбооны Зөвлөлийг даргалж буй Франц улс болон Европын Комисс тавдугаар сарын 8-нд мэдэгдээд байна. Мөн тэд сүүлийн хэдэн өдөр харилцан буулт хийх саналуудыг идэвхтэй хэлэлцэж, үр дүнд нь томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг онцолсон юм.

Тус цахим хуралд мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой хамт цахимаар оролцжээ. Энэ үеэр АНУ-аас Оросын Сбербанк, Газпромбанкны менежерүүд, түүнчлэн Оросын телевизийн гурван сувгийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна. “АНУ “Нэгдүгээр суваг”, “Россия-1”, “Телевизийн НТВ компани” гэсэн хамгийн олон үзэгчтэй, шууд болон шууд бусаар төрийн хяналтад байдаг гурван сувагт хориг арга хэмжээ авч байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. АНУ-ын эрх баригчид мөн цөмийн аж үйлдвэр зэрэг Оросын хэд хэдэн салбарт бараа бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Түүнчлэн Орос, Беларусийн 2600 албан тушаалтан шинэ хоригт өртсөнөөс гадна оросуудад зөвлөх, зар сурталчилгаа, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхийг АНУ-ын компаниудад хориглосон байна.

ХБНГУ “G7”-г даргалж эхэлснээс хойш тус бүлгийн удирдагчид гурав дахь удаагаа уулзсан нь энэ юм. Хурал Дэлхийн II дайн Европт дууссаны ойн үеэр болж байгааг Берлин дэх Холбооны засгийн газрын албан ёсны төлөөлөгч уулзалтын өмнө онцолсон байна.

Тэрээр 77 жилийн өмнө дууссан дайн Европ тивд урьд өмнө байгаагүй аймшигт үхэл, сүйрлийг авчирсан тул өнөөдөр “G7”-ийн эв нэгдэл “урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болоод байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Харин энэхүү уулзалтад оролцсон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Өнөөдөр Украинд газар нутгаа хамгаалаад зогсохгүй эзлэн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа хөөн гаргах зэр зэвсэг хэрэгтэй болоод байна” гэж мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Маргаашийн нарыг харна DNN.mn

Хахир хатуу хаврын дараа дэлгэр сайхан зун ирнэ гэдгийг мэддэг учраас хүмүүс итгэл найдвараа алддаггүй. Шороон шуурганд хийстлээ нүдүүлэвч зөөлөн борооны үнэрийг сэтгэлдээ тээж явдаг билээ. Ерөөс итгэл найдвар гэгч хүмүүн төрөлхтнийг төдийгөөс өдий хүргэсэн аугаа их шид юм.

Өвдсөн хүн эм уугаад эдгэнэ гэдэгтээ итгэдэг. Бүдэрсэн хүн дахиж ийм алдаа гаргахгүйгээ мэддэг. Хүлээсэн хүн нь ирнэ гэдэгт итгэдэг учраас хэн нэгэн замын дундаас цөхөрч буцсангүй. Ээж нь хүүгээ алсад үдэхдээ хамаг эрдмийг хамж сураад ирнэ гэдэгт эргэлзэж байсангүй. Ийм л итгэлийн тойргоос гажиж далийсан хүн үгүй юм. Тиймдээ ч өнөөдөр бүтэлгүйтсэн ч маргааш илүү сайн болно гэдэгт хэн хүнгүй ямар ч эргэлзээгүй итгэдэг юм.

Өнөө өглөөхөн болсон нэгэн яриа ч итгэл гэгч ямар хүчтэй болохыг батална. Орос, Украины дайнаас болоод түүхий эдгүй болох дөхсөн компанийн захирал “Яаж ийж байгаад түүхий эдээ татаад авчихвал манай бизнес бүр л томорно” гэж ярьж байх.

Дэлхий нийтэд хаалгаа хаасан Оросоос Монголын бизнесмэн түүхий эдээ яаж ийж байгаад татаж авах нь тодорхой юм. Яагаад гэвэл түүнд дүүрэн итгэл байна. Бизнес нь ч томрох нь ойлгомжтой.

Орой унтахдаа хүмүүс маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэдэг. Маргаашийн нар илүү тод гэрэлтэнэ гэдэгт ч итгэдэг билээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Эверестийн 8800 метрийн өндөрт цаг уурын станц байрлуулжээ DNN.mn

Хятадын цаг уурын алба Эверестийн 8800 метрийн өндөрт ажиглалтын станц байрлууллаа. Дэлхийн хамгийн өндөрт байрлуулсан станцын тухай Хятадын төв телевизээр мэдээлжээ.

Мэдээ - Mongol

Өмнө нь дэлхийн хамгийн өндрийн станцаар АНУ-Их Британийн цаг уурчдын 8400 метрийн өндөрт байрлуулсан байгууламжийг тооцож ирсэн юм. Хятадын цаг уурын станц нь найман хэсгээс бүрдэх бөгөөд салхины хурд болон чиглэл, агаарын чийгшилтийг тандах юм.

Эверест дэлхийн дулаарлын нөлөөнд автаж буйг хятад мэргэжилтнүүд анхааруулж байна. Хамгийн өндөр цэгт агаарын хэмийг илүү нарийнаар хэмжиж болно гэсэн онолоо тэд шинэ станцаар батлах ажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын тэргүүн хатагтай Украинд айлчлав DNN.mn

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден өнгөрсөн ням гаригт Украинд айлчилж, тус улсын тэргүүн хатагтай Олена Зеленскийтэй уулзжээ.

Тэрбээр “Би Ээж нарын өдрийг тааруулан энд ирлээ. Энэхүү харгис дайныг зогсоох ёстой, Украины ард түмэнтэй АНУ-ын ард түмэн эв санааны нэгдэлтэй байгааг харуулах гэж би энд ирээд байна” гэж хэлсэн байна. Олена Зеленский Жилл Байденд зоригтой алхам хийж ирсэнд нь талархал илэрхийлээд “Цэргийн ажиллагаа өдөр бүр болж, агаарын дуут дохио дуугарч байгаа дайны үеэр АНУ-ын тэргүүн хатагтай энд ирсэн нь бидэнд том итгэл найдвар өгч байна” гэжээ. Тэргүүн хатагтай нар Украины дүрвэгсэд болон хүүхдүүдийн талаар ярилцав. Ингэснээрээ Жилл Байден Украины дайн болж буй нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа билээ.

Жилл Байден, Олена Зеленский нар дайнаас дүрвэгсдийн хоргодох байр болсон дунд сургуулийн байранд хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд бэлэг тараасан байна.Энэ өдөр бас Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ. Тэрээр Киев хотод Канадын Элчин сайдын яамаа дахин нээж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа тус улсад үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа 36.7 сая евро болгон нэмэгдүүлж буйгаа дуулгасан байна. Трюдо мөн Оросын цэргүүд энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн Ирпин тосгонд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Энэ өдөр мөн Ирландын дэлхийд алдартай “U2” рок хамтлагийн гишүүд бөмбөгдөлтөөс хоргодох байр болон ашиглагдаж буй Киевийн метроны өртөөн дээр тоглолтоо хийсэн нь гэнэтийн сонин үйл явдал байлаа. Тус хамтлагийн гоцлол дуучин Боно, гитарчин Дэвид Ховел Эванс нар хэд хэдэн хит уран бүтээлээ украинчуудад хүргэсэн юм. “Украины ард түмэн зөвхөн өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө бус, эрх чөлөөнд хайртай хүн бүхний өмнөөс тулалдаж байгаа” гэж Боно хэлжээ. Тэрээр энэ үеэр төрөлх Ирланд нь түүхийнхээ турш Их Британитай хэрхэн дайтаж байсан, өнөөдөр эдгээр улсууд ямар тайван амгалан амьдралтай болсныг дурдсан байна. “Та бүхнийг ийм амар амгалан амьдралтай хурдан золгуулахын төлөө бид залбирч байх болно” гэж Боно тоглолтынхоо үеэр хэлжээ. Боно Украинд тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийн урилгаар ирснийг “U2” хамтлагийн твиттер хуудсанд мэдээлсэн байна.

Барууны улсын томчууд ээлж дараалан Украинд айлчилж, Киев хотод элчин сайдын яамдаа дахин нээж байгааг олон улсын шинжээчид эдгээр улсууд Путины цөмийн цохилт төдийгүй ерөөс Оросоос айхгүй болсны илрэл. Урьд нь барууны улсуудын удирдагчид бүгд “Путиныг бүү буланд шах. Түүнийг бүү уурлуул” гэдэг байсан. Харин одоо Украин заавал ялах ёстой гэдэг болсон. Энэ бол цоо шинэ үзэгдэл хэмээн дүгнэн бичицгээж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Э.Мөнгөншагай: Том бүтээн байгуулалтад оролцож яваа залуус бол жинхэнэ эх орончид DNN.mn

Оюу толгой төслийн удирдах түвшний, өндөр мэргэшил чадвар шаардсан ажилд гадныхан голдуу ажилладаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ байдал өөрчлөгдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж буй энэ өдрүүдэд дэлхийн хэмжээний уг төслийн удирдлагын багт монгол залуус ажиллаж эхэлж байгаа нь яалт ч үгүй сайн мэдээ юм. Тэдний нэг бол Э.Мөнгөншагай. Оюу толгойн гүний Уурхайн Босоо Амны ашиглалт, ложистикийн менежерээр ажилладаг түүнийг “Шинэ цагийн монгол” буландаа урилаа.


-МАНАЙ БАГИЙНХНЫ САНААЧИЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛЛАГАА “РИО ТИНТО”-ГИЙН БУСАД УУРХАЙД ХЭРЭГЖИХ ГЭЖ БАЙГАА-

-Таны Оюу толгойтой анх холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?

-Би 2012 онд Оюу толгойн баяжуулахын төсөлд ажиллаж эхэлж байлаа. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн төсөл дээр ажиллаж байсан юм. Ерөнхийдөө уул уурхайн том машин, механизмын суурилуулалт тохируулгыг хариуцаж ажилладаг байсан л даа. Тэр ажил маань дуусаад байтал 2016 онд Оюу толгой уурхайд “бүүм” болсон. Залуу хүний хувьд тэсрэлт болж буй ийм гал тогоонд орж ажиллахыг хүссэн. Ингээд уурхайн талбарт ирж ажилласан юм. Өнгөрсөн хугацаанд гүний уурхайн босоо амны бүтээн байгуулалтууд өрнөлөө. Надаас “Жинхэнэ эх орончид гэж хэнийг хэлэх вэ” гэж асуувал ямар ч эргэлзээгүйгээр “Эх орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа залуус” гэж хэлнэ.

Бид дэлхийн хэмжээний уурхайн босоо амыг ашиглалтад орууллаа. Горимыг нь алдагдуулахгүй цааш аваад явах нь хамгийн том сорилт юм. -Таныг дороос удирдлагын түвшинд гарч ирж чадсан цорын ганц менежер гэж сонсоод уулзъя гэж зорилоо л доо. Монголчууд дэлхийн топ компанийн өндөр босгыг давж чаддаг гэдгийг харуулж яваагаар тань бахархаж байна. Ер нь Оюу толгойд монгол менежерүүд хэр олон байдаг бол?

-Надаас гадна гэвэл баяжуулах үйлдвэрт олон жил менежер хийж байгаад ирсэн монгол залуу бий. Миний хувьд одоогоор доод түвшнээс менежер болсон анхдагч нь гэх үү дээ. Монголчууд удирдлагын түвшинд ажиллаж чаддагийг харуулахын тулд үлгэрлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгойгоо монголчууд өөрсдөө удирдаж чадахгүй, гадныхнаар удирдуулаад явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг. Энд жинхэнэ ур чадварын цагаан буюу зөв, эрүүл өрсөлдөөн явдаг. Хэн ур чадвартай байна, тэр хүн тодорч гарч ирэх боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийдэг хүмүүст амжилт ойрхон байдаг. Түүнээс биш монгол, гадаад гэж ялгаварладаг хандлага Оюу толгойд байхгүй. Оюу толгойд ажилласнаар дэлхийн хэмжээний боловсон хүчин Монгол Улсаас төрж байгаа нь бидний хувьд маш том давуу тал. Манай баг гэхэд 300 гаруй хүнтэй. Канад, Австрали, Англи, Өмнөд Африкаас ирсэн залуус ч бий. Багийн бүрэлдэхүүний 30-аад хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн тусгай хэрэгцээт хүмүүс манай багийн бүрэлдэхүүнд нэгдэн амжилттай ажиллаад явж байна. Хүйсийн байдал, нийгмийн гарлаас үл хамааран тэгш боломжийг олгож, хөдөлмөр зүтгэлийг үр дүнгээр нь үнэлээд явдаг тогтолцоог бүрдүүлэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг. Ийм олон орны хүмүүстэй монголчууд маань хамт ажиллаад, гадны экспертүүдээс суралцаад, буцаагаад тэдэнд заагаад явж байгаа нь сайхан. Оюу толгойн гүйцэтгэх удирдлагаас оператор хүртэл монголчууд ажиллаж байгаад нь хамт олноороо үнэхээр бахархдаг. Дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтыг монголчууд босгож, хийж бүтээж чадаж байна гэдэг бол гайхамшиг.

-Таны удирддаг хүмүүсээс хэчнээн нь гадны иргэд вэ?

-Миний удирдлага дор ажиллаж байгаа 300 гаруй хүний дотор гадаадын 20-иод мэргэжилтэн байна. Хэлний бэрхшээлээс үл харгалзаад хоорондоо ойлголцоод ажиллаж чадаж байна. Аюулгүй ажиллагааг алдахгүй, хүний амь нас эрсдүүлэхгүй, бэртэл гэмтэл гаргахгүй явж байгаа нь том үзүүлэлт. Сониноос өнгөрсөн жил Оюу толгой аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр “Рио Тинто”-д номер нэгд шалгарсан. Монголчууд бусад орны хүмүүстэй хэрхэн яаж хамтарч ажиллаж чаддагийг, хэр өндөр чанартай ажилладгийг тодоор харуулсан үнэлэмж гэж бодож байна.

-Танай баг яг ямар ажил хариуцдаг юм бэ?

-Оюу толгой уурхай дахь газрын гадарга, дунд, гүнд нь гээд аль ч түвшинд үйл ажиллагаа явуулдаг баг л даа, манайх. Ерөнхийдөө гүний уурхайд таван босоо ам хэвийн үйл ажиллагаанд орох ёстой. Одоогоор гурван босоо ам ашиглалтад орсон. Үйлдвэрлэлийн ам маань дэлхийд топ гуравт орох өргүүрийн систем бүхий механизмтай. Өндөр даацын чадвартай гэсэн үг. Дэлхийн хэмжээний топ үйлдвэрлэлийн амны үйл ажиллагааг хариуцаад явж байгаа багийнхаа хамт олноор үнэхээр бахархдаг (инээмсэглэв).

-Газрын хөрснөөс километр гаруйн гүнд хүн, ачаа бараа тээвэрлэсэн машин механизмууд хөлхөлдөж байна гэхээр асар том бүтээн байгуулалт өрнөжээ. Хүн, машин нэмэгдэхийн хэрээр түгжрэл гэх мэт асуудлууд үүсэх үү?

-2016 онд төслийн үйл ажиллагаа буцаж сэргээд уурхайн амны үйл ажиллагаа маань нэлээд эрчимжиж эхэлсэн. Тэр үед ганцхан автобустай уурхайчдаа тээвэрлээд явж байсан. Харин одоо 15 автобусаар 90-ээд км нэвтрэлт хийсэн уурхайгаар тээвэр хийж байна. Тоо нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний нарийн механизмыг зохион байгуулах шаардлага үүсэх нь ойлгомжтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд гүний уурхайн ложистикийн автобус тээврийн системийг бий болгосон. Уурхайн тунельд замын хөдөлгөөний хоёр эгнээ урсгал гэж байхгүй. Зөвхөн нэг эгнээтэй. Мэдээж түгжрэл гарна. Үүнээс болж уурхайчдын ажлын цаг хорогдоно. Тиймээс хүмүүсээ ажлын талбарт нь саадгүй хүргэж өгч, олон цагаар ажиллах боломжийг нь хангах том сорилттой тулгарсан. Гэхдээ автобусны нарийн хуваарь гаргаснаар энэ асуудлыг шийдэж чадсан. Метроны системээр төлөвлөсөн нь амжилттай хэрэгжиж байгаа. Уурхайчид маань ажлын байрандаа аятай тухтай ажиллах боломжтой болсон.

-Уурхайн ажлын өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Ээлжийн эхэнд ажлын даалгавруудаа авах хурлаа хийнэ. Аюулгүйн заавар зөвлөмжүүдээ аваад, хийгдэх ажлуудын даалгавраа аваад уурхай руу орцгоодог. Уурхайд оронгуут манай автобуснууд уурхайчдаа аваад ажлын байранд нь хүргэнэ. Ерөнхийдөө нэг ээлж 12 цагийн циклд ажилладаг.

-Хүн тээврийн хувьд асар том бүтэцтэй гэж та хэллээ. Харин түүхий эдийн хувьд нэг удаадаа хэдэн тн-ыг зөөвөрлөдөг вэ?

-Үйлдвэрлэлийн өргүүрийн систем маань нэг удаадаа 60 тн-ын чулуулаг шууд гаргаж ирэх боломжтой. Үйлчилгээний клеть маань уурхайчдыг газрын гадаргаас гүн рүү 3 минут хүрэхгүй хугацаанд тээвэрлэдэг. Үйлдвэрлэлийн амны нийт өндөр нь газрын тэг түвшнээс 1285 метр. Үйлчилгээний ам болохоор 1385 метрийн урттай. Хүмүүст илүү ойлгомжтой байдлаар тайлбарладаг л даа, бид. Хотын төв дэх “Блью скай” барилгыг 12 давхарласантай тэнцэхээр гүн, арван метрийн диаметртэй гэсэн үг. Нэмэлтээр туслах өргүүр маань ажиллагаанд орохоор ачаалал хэмнэнэ. Бүтэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 28 мянган тн чулуулгийг үйлдвэрлэлийн амаар дангаараа гаргах хүчин чадалтай. Нэг ээлжиндээ 1200 хүртэлх уурхайчин ажиллах төлөвлөгөөтэй. Тэгэхээр өдөрт 2400 хүнийг уурхай руу оруулж, гаргаад өдөр, шөнийн ээлжээр ажиллаад явах боломжтой.

-Ингэхэд үйлчилгээний болон үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө ямар сорилттой тулгарч байв?

-Үйлчилгээний амыг ашиглалтад орох хүртэл үйлдвэрлэлийн ам маань уурхайн гол гогцоо болно гэж үзэж байсан. Нэг ээлжиндээ 400 хүн ажиллаад, 800 метрийн ахилттай явж байхад тэрнээс илүү хүчин чадлаа даахгүй гэсэн анхны ТЭЗҮ-ийн судалгаа байсан л даа. Манай монгол инженерүүд гадаад мэргэжилтнүүдтэйгээ хамтарч ажиллаад бүх гогцоонуудыг шийдсэн. Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө нэг ээлжиндээ 700 ажилчин аваад сарын 1500 метр хүртэл ахилтуудыг хийгээд явж байсан том рекордуудыг тогтоосон. Босоо амны ашиглалтын дэлхийн топ стандарт 92 хувьтай байдаг. Харин манай босоо ам 95 хувь хүртэл ашигтай үйл ажиллагаа явуулсан.

-Гүний уурхайн туузан дамжуурга ашиглалтад орсноор ажлын үр дүн ямар байна вэ?

-Сая манай анхдагч бутлуурыг улсын комисс хүлээж авсан. Туузан дамжуурга үндсэн гол механизмын нэг хэсэг байгаа. Энэ маань ашиглалтад ороод ирэхээр олборлосон хүдрээ газрын гадарга руу илүү үр ашигтай гаргах бололцоо бүрдэж байгаа юм. Туузан дамжуургын тухайд хүнээс шалтгаалсан алдаа дутагдал гарна гэсэн асуудал бага. Хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр зөөхөд техникийн эвдрэл, гэмтэл гэнэтийн зогсолт байдаг. Туузан дамжуургад эхлээд оруулах хөрөнгө өндөр ч ашиглалтын зардал бага байдгаараа давуу талтай.

-Оюу толгойн гүний уурхайд дэлхийн хаана ч байхгүй хүргэлтийн шинэ систем нэвтрүүлсэн гэл үү?

-Ложистикийн шинэ soft­ ware system хөгжүүлсэн л дээ. Энэ нь “Амазон”-ы үйлчлүүлэгчдэдээ суурилсан систем дээр үндэслэсэн загвар юм. Бид цоо шинэ системийг бий болгосон. Жишээлбэл, уурхайн гүнд маш олон багууд ажиллаж байгаа. Засвар үйлчилгээний багт гэхэд цахилгаан, хөдөлгөөн тоног төхөөрөмж гээд дотор нь таван өөр машин тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч байна. Бүгд өөр, өөр материалтай. Бүгдийнх нь карго түгээлтийг +90 км дотор хийх юм бол нэлээд бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Тэнд нэг талд нь барилгын ажил, нөгөө талд нь уул уурхайн нэвтрэлтийн багууд ажиллаж байгаа. Тэр болгонд аль материал нь хаана яаж хүрэх үү гэдгийг soft­ангилж, ялгах нь том комплекс асуудал байдаг. Тэр асуудлыг шийдэхээр уурхайн iLogistics software хөгжүүлсэн. Энэ бол цэвэр манай багийнхны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юм. Уг хөгжүүлэлт маань “Рио тинто”-гийн бусад уурхайд хэрэгжээд явах боломжтой болсон.

-Газрын гадаргаас 1000 гаруй метрийн гүнд ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэрхэн шийдсэн бол?

-Бие засах газар хэрэглэх асуудлуудын тухайд манай баг уурхайн үндсэн багтаа дэмжлэг үзүүлээд явж байгаа юм. Хоолны өрөөгөөр үйлчлэх, уурхайчид ээлжийнхээ дундуур хоолоо иднэ. Мэдээж хүний заяагдмал эрхтэй холбоотойгоор бие засах асуудал тавигдана. Уурхайд эмэгтэйчүүд олноор ажилладаг. Урьд нь эмэгтэй бие засах газар гэж тусдаа байгаагүй. Харин одоо эмэгтэй, эрэгтэй бие засах газартай болсон. Оюу толгойн гүний уурхай 20 хүн тутамд нэг ариун цэврийн өрөө ногдох стандарт барьж ажиллаж байгаа. Уурхай тэлээд явахаар ариун цэврийн өрөө нь зэрэгцээд баригдаад явдаг. Бохирынхоо асуудлыг зөөврийн аргаар шийдсэн. Соруулдаг машин бохироо авангуут цэвэрлэгээний баг араас нь ороод явдаг.

-Гүний уурхайгаас их хог хаягдал гардаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Хаягдал тодорхой хэмжээгээр гарна. Оюу толгойн стандарт өндөр учраас хогоо заавал ангилан ялгадаг. Тэгэхгүй бол галын эрсдэл учирч болзошгүй. Манай гүний уурхай тамхигүй орчинтой. Агаарын урсгал явж байдаг учраас галын эрсдэл хүнд асуудал байдаг л даа, гүний уурхайд.

-Уурхайчдын уух усны хэрэглээний хувьд сонирхолтой тоо гарах байх шүү…?

-Говьд халууны хямрал гэж явагддаг. Уурхайд олон цаг ажиллахаар халууны нөлөөнд өртөх нь бий. Байнга хөлс гардаг учраас усаа нөхөж байх ёстой. Цэвэр усны хэрэглээгээ үйлдвэрийн савлагаатай усаар шийдсэн. 7 хоногт 2000-3000 ширхэг жижиг савтай цэвэр ус хэрэглэдэг. Эндээс харахад хоосон савны хаягдал асар их байгаа биз. Харин уурхайд ашигласан усаа газрын гадаргад буцааж гарган саарал усаа дахин ашигладаг. Ер нь Оюу толгойн уурхайд бүх юм инженерчлэлийн шийдэлтэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Монголын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн Улаан-Үдэд болсон Ялалтын баярын жагсаалд оролцжээ DNN.mn

Тавдугаар сарын 9-ний өдөр Ялалтын баярын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод болсон жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон талаар baikal-daily.ru сайт мэдээлсэн байна. Өмнө нь энэ талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад сайдын тушаал гараагүй, тэр талаар мэдээлэл байхгүй гэж байсан ч ийнхүү ОХУ-д болсон баярын жагсаалд бие бүрэлдэхүүнээрээ оролцжээ.

Улаан-Үд хотод болсон уг жагсаалд зэвсэгт хүчний штаб, команд, удирдлагын анги, агаарын довтолгооноос хамгаалах болон цэргийн ангиудын жагсаалын багийнхан, дайнд оролцсон ахмад дайчид, хотын иргэд, зочид төлөөлөгчид гээд нийт 1,500 орчим хүн оролцсон байна.

Ялалтын баярын жагсаал Москва хотоос гадна 20 гаруй хотод болж нийт 65,000 хүн, 2,400 төрлийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 460 онгоц зэргийг жагсаалд оролцуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлээд буй.

ОХУ-ын Украинд хийж буй дайнтай холбоотойгоор Ялалтын баярын 77 жилийн ойн баярт дэлхийн улс гүрнүүд оролцоогүй бөгөөд хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнууд тэмдэглэхгүй болохоо мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлүүлнэ гэдгээ Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ ТӨХК-аас мэдэгдээд буй.

Хуваарь ёсоор ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс хязгаарласан бол 15-ны өдрөөс орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоох юм.

ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлж буй аж.

Есдүгээр сарын 15-нд айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 94 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн байдлаар КОВИД 19 халдварын 94 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 63 нь нийслэлд, 31 нь орон нутагт батлагджээ.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудсаас харна уу.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах иргэнд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно DNN.mn

Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • 2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
  • 2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
  • 2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
  • 2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
  • 2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
  • 2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.

Аж ахуйн нэгж, байгууллага:

  • 2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
  • 2.8. Ажил олгогч байгууллага

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх:

  • Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
  • Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн дөрөв болон есдүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.