Өмнөговь аймгийн Ханбогд сум хотын статустай болох цаг ойртжээ. Ханбогдыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. Мега төсөл хэрэгждэг энэ суманд сайхан амьдрал хайсан залуус Монголын аймаг бүрээс нүүж суурьшжээ. Энэ утгаараа Ханбогдыг Монголын хамгийн интернационал сум гэчихэж болно. Бусад сумдаас ялгарах ийм тод өнгөтэй Ханбогдын нэг өдрийг манай сонин “Өдрийн сурвалжилга” буландаа онцолж байна. Айл бүр нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдох боломжтой цор ганц сум
Орчин үеийн орон сууцны хороолол сүндэрлэж, засмал замаар машин техникүүд сүлжилдсэн, хүний хөл хөдөлгөөн ихтэй том сум юм, Ханбогд. Аймгийн төвийн дайтай тэлсэн энэ сумын суурин хүн амын тоо найман мянга давчихаж. Ханбогдод бүх төрлийн үйлчилгээ байна. Худалдаа үйлчилгээний төв, Улаанбаатарт төвтэй тансаг зэрэглэлийн ресторан, сүм хийд, томоохон эмнэлэг, цэцэрлэг, сургуулиуд гээд бүгд л байна. “Орчин цагийн Монголыг дэлхийн газрын зураг дээр тамгалсан мега төслийн их бүтээн байгуулалт өрнөж байгаа сум гэдэг утгаараа хөгжлөөрөө түүчээлэхээс аргагүй дээ” гэсэн бодол төрж явсныг энэ дашрамд онцолъё. Ханбогд цаг агаарын хувьд хамгийн таатай нутаг аж.
Газар зүйн байршлын хувьд ч урд хилтэй ойр гэх мэт давуу тал олонтой. Энэ утгаараа хот болж хөгжвөл Монголын эдийн засагт том нөлөө үзүүлж чадна гэж учир мэдэх хүмүүс онцолдог.
Ханбогд сумын үе үеийн удирдлагууд сумаа хот болгох том мөрөөдөлтэйгөөр орон нутгийнхаа хөгжлийг харсаар өнөөдрийг хүрсэн нь тэнд өрнүүлсэн бүтээн байгуулалтуудаас тод харагдахаар юм билээ. Дэд бүтцийн ажлуудыг нарийн төлөвлөлттэйгөөр хийж чадсан нь анхаарал татаж байв. Газар доорх инженерийн шугам сүлжээг байгуулснаар айл өрх, албан байгууллагууд цэвэр, бохир усны хоолойд холбогдоод эхэлчихэж.
“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” болон Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийгдсэн ажлууд олон аж. Оюу толгой Ханбогдыг холбосон 35 км-ийн хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, Малын эрүүл мэндийн төв гээд жагсаавал цөөнгүй том бүтээн байгуулалт өрнөжээ, Ханбогдод. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Оюу толгойтой хамтраад инженерийн шугам сүлжээ, Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламжийг шийдэж өгсөн байна. Ханбогд сум 35 мянган хүн амьдрахад хүрэлцээ бүхий цэвэр ус, цэвэрлэх байгууламжтай болчихож. Товчхондоо Ханбогд айл бүр нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдох боломжтой цор ганц сум болж чаджээ.
Ханбогд сум хот болсноор нийслэл Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг сааруулах нь тодорхой болжээ. Уул уурхайн том төслийн өгөөж дагасан их нүүдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Ханбогдын хүн амын өсөлтөөс харчихаж болно. Наад захын жишээ гэхэд л сум руу чиглэсэн нүүдлийг дагаад сумын төвд газрын олдоц тааруу болжээ. Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө энэ сум 2000 хүрэхгүй хүн амтай байсан бол өнөөдөр дөрөв дахин нэмэгджээ. Хуучин цагт нутгийн иргэд биенээ анддаггүй байсан бол одоо хот хүрээ газар шиг хөрш айлуудаа ч таньж мэдэхгүй болтлоо өргөжсөн том суурин болж.
Сумын сурагчид British school-ийнхний хэрэгжүүлдэг англи хэлний хөтөлбөрөөр хичээллэж эхэлжээ
Төв суурин газраас алс хөдөө нутагт ирж амьдрах иргэд хамгийн түрүүнд эмнэлэг, сургуулийн чанарыг чухалчилдаг. Ханбогд сумын сургуулийн орчинтой танилцахаар нэгдүгээр сургуулийг зорив. Яг л хотын төвийн сургуульд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Энэ сургуульд англи хэлний хичээлийн олон улсын хөтөлбөр хэрэгждэг нь анхаарал татав. Улаанбаатарын өндөр төлбөртэй, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын явуулдаг программаар хичээллэж эхэлжээ. Бүр тодруулбал British school of Ulaanbaatar-ийн англи хэлний хөтөлбөрөөр Ханбогдын сурагчид хичээллэж байгаа аж. Англи хэлний багш нарын нэг нь Австралийн Күисландийн их сургуулийг төгссөн Д.Давааням. Тэрбээр “Би 2019 онд Оюу толгойн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт зарлагдахад шалгарч, Австрали улсын Күисландийн их сургуульд хоёр жилийн магистрын хөтөлбөрөө амжилттай дүүргээд ирсэн.
Ханбогд сумын нэгдүгээр сургуульд 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. 5-10 дугаар ангийн сурагчдад англи хэлний хичээлийг олон улсын хөтөлбөрийн дагуу зааж байгаа. Дэлхийн хэмжээний том уурхайг түшиглээд хөгжиж яваа сум учраас хүүхдүүдийн хувьд давуу тал их бий гэж хардаг. Энэ сумын хүүхдүүд үнэхээр азтай. Оюу толгойгоос зарласан 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн хүн шалгарсан. Бидний гурав нь Ханбогд сумын нэг болон хоёрдугаар сургуульд багшилж байгаа. Нөгөө төгсөгч маань эмнэлгийн удирдлагын чиглэлээр төгссөн болохоор сумын эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажилладаг. Бид өндөр хөгжилтэй оронд сурч мэдсэн, тэнд хэрэгждэг хөтөлбөрүүдийг Ханбогд сумын хөрсөнд буулгахын тулд хичээж ажиллаж байгаа. Англи хэлний хичээлээ Жоли Фоликс гээд авиа зүйн системээр явуулдаг. Энэ сургалтын арга зүй нь Улаанбаатар хот дахь өндөр төлбөртэй, олон улсын стандарттай сургуулиудад хэрэгждэг л дээ.
Манай нийгэмд улсын болон хувийн сургуулийн хүүхдүүдийн англи хэлний түвшин ялгаатай байдаг шүү дээ. Гол нөлөөлдөг хүчин зүйл нь сургалтын арга зүйтэй шууд холбоотой. Манайхан анхнаасаа уламжлалт арга барилаар буюу “a, b, c, d” гээд үсэг үзээд эхэлдэг. Монгол хэлэнд “А” үсэг “а”-гаараа дуудагддаг. Харин англи хэлэнд үсэг яг дуудлагаараа дуудагддаггүй. Тийм болохоор улсын сургуулийн хүүхдүүд маань анхнаасаа шууд үсэг үзчихээр холбож уншихдаа буруу хэлдэг. Ингээд дуудлагаасаа санаа нь зовоод тэр бүр яриагаа хөгжүүлж чаддаггүй. Тэгээд ч зогсохгүй, өөртөө итгэлгүй болно. Энэ нь цаашдаа ярианы, бичгийн гээд англи хэлний бүх л чадварт нь сөргөөр нөлөөлдөг. Ханбогд сумын хүүхдүүд азтай гэж дээр хэлсний учир нь тавдугаар ангиасаа эхлээд олон улсын стандартад нийцсэн буюу Австрали, Америкт хэрэгждэг системээр суралцаж байгаа юм. Иймд сурагчдын маань ирээдүйд маш олон давуу тал бий болно. Одооны тавдугаар ангийнхан маань их, дээд сургуульд элсэн элсэлтийн ерөнхий шалгалтдаа дээгүүр жагсаж чадна. Өөртөө итгэлтэй англи хэлтэй болно. Оюу толгойд хэлний хувьд гологдохооргүй ажиллах хүч нь болж чадах байх. Зөвхөн Оюу толгойд гэж хязгаарлахгүй, олон улсын тэтгэлэг аваад, гадагшаа сурч, дэлхийн иргэд болоход нь багш хүний хувьд чадах, мэдэх бүхнээ өгнө гэж боддог. Энэ бол миний ажлаасаа авч байгаа хамгийн том сэтгэл ханамж” гэв. Түүнтэй хамт тэтгэлгээр суралцаж төгссөн багш нарын хувьд сургуульд ажиллахын зэрэгцээ англи хэлний ярианы клубийг Ханбогд суманд байгуулжээ. Клубийн шийдлээр дамжуулж сумын сургуулийн 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийн англи хэлний ярианы ур чадварыг сайжруулах ажил хийгдэж эхэлсэн гэнэ.
Англи хэлний шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл нэмэгдэж, хандлага нь ч өөрчлөгджээ. Өмнө хичээлдээ дургүй, идэвх муутай оролцдог байсан хүүхдүүд англи хэлний хичээл гэхээр нүд нь сэргээд ирдэг болж. Хүүхдүүдийг ширээний ард суулгаж багш самбарын өмнө зогсож заадаг уламжлалт хэлбэрийг халсан энэ хөтөлбөрийн үр дүн маш өндөр байгаа гэж Д.Давааням багш ярив. Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчидтай уулзахад бүгд л англи хэлний хичээлдээ дуртай болсноо ам булаалдан ярив. Яриа талаасаа илүү сайжирч байгаа гэж хэлэх хүүхэд олон таарлаа. Тус сургуулийн төгсөх ангийн сурагч А.Намуун “Хичээл энэ улирлаас үнэхээр сонирхолтой байдлаар ордог болсон. Ингээд сонирхолтой болчихоор англи хэлээ сурмаар санагдаад байдаг юм байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Ц.Алтанбаяр: Сумынхааэмнэлгийг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдчихсэн
Ханбогд сумын эмнэлэг улсын эмнэлгээс дутахааргүй том юм. Уул уурхайтай сум гэдэг утгаараа хөдөлгөөнт хүн амын тоо оргил үедээ 32 мянгад хүрдэг аж. Тэр утгаараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд ч олон байдаг аж. Нүүрсний 200 гаруй км замын 140 км нь Ханбогдын нутаг дэвсгэрт багтдаг учраас тээвэрлэлт идэвхжингүүт ослын дуудлага зонхилдог байна. Тэр хэрээр яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болдог гэнэ. Тэр утгаараа эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд хангалттай хэмжээнд байх шаардлагатай гэж эмнэлгийнхэн ярьж байв. Энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэж Ханбогдын сумын эрүүл мэндийн төвийн чанарын менежер, эмч Ц.Алтанбаяр ярилаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Оюу толгойгоос зарласан гадаадын тэтгэлэгт тэнцэж чадсан дөрвөн хүний нэг юм. Австралид эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр суралцаад ирсэн тэрбээр орон нутгийн эмнэлгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна. Ц.Алтанбаяр сүүлийн долоон жил эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээг Ханбогдод авчирсан нь сумын эмнэлгийг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болжээ. Энэ тухай Ц.Алтанбаяр “Сумын эрүүл мэндийн төв маань гурван жилийн өмнөөс Оюу толгойн ажилчдад хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийж эхэлсэн. Оюу толгойд ажилд орох хүмүүсийг ажлын байрандаа эрүүл мэндийн хувьд тэнцэхээр байна уу, ажлаа хийж байх явцад орчны нөлөөгөөс эрүүл мэндэд нь ямар нэгэн эрсдэл учирч байна уу гэдгийг байнгын хянаад явдаг.
Оюу толгойн хувьд ажлын байрны онцлогоос хамаараад харилцан адилгүй давтамжтайгаар ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Ийм үйлчилгээг Улаанбаатар хотод хувийн эмнэлгүүд үзүүлдэг байсан. Бидний хувьд энэ үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвд нээх зорилготойгоор ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар бэлтгэл бүрэн хангагдсан. Эрүүл мэндийн үзлэг бол төлбөртэй үйлчилгээ. Тиймээс сумын эмнэлэгт нэмэлт орлогын эх үүсвэр бий болно гэсэн үг. Ханбогдын Эрүүл мэндийн төв маань төсөвт байгууллага. Тэр утгаараа тоног төхөөрөмж авах гэхээр санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Харин энэ үйлчилгээний нэмэлт орлого сумын эмнэлгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт болж чадна” гэлээ. Ханбогд сумын эрүүл мэндийн төв нь их эмч, бага эмч нийлээд арав гаруй нарийн мэргэжлийн эмчтэй аж. Сумын эмнэлэг гэхэд тоног төхөөрөмжийн хувьд ч дажгүй түвшинд хүрчээ. Хот болох төлөвлөгөөтэй сум гэдэг утгаараа эмнэлгийн барилгыг томоор төлөвлөж барьжээ. Эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Оюу толгой болон, Оюу толгойтой гэрээтэй ажилладаг компаниудын тусламж дэмжлэгээр шийдсэн байна.
Ч.Амгалан: Манай суманд ирсэн улсын амьдрал нүдэн дээр цэцэглэхийг харах сайхан байдаг
Ханбогд сум 441 ахмадтай ажээ. Тэд сар бүрийн 10, 20, 30-нд Ахмадын өргөөндөө цугладаг гэнэ. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, спорт аялал хийхийн зэрэгцээ нийгмийн сайн үйлсэд ч оролцдог юм байна. Ковидоос болж хоёр жилийн хугацаанд нийтийн арга хэмжээ зохиож чадаагүй сумын ахмадууд одооноос нэгдэж цуглана гэсэн яриа хөөрөө үүсгээд эхэлжээ. Ахмадын хороог даргалдаг Ч.Амгалантай уулзахаар залгатал биднийг гэртээ урив.
Шүлэг, зохиол бичих авьяастайн дээр гэрэл зургийн мэдрэмжтэй нэгэн аж. Тэрээр “Ханбогд хайрханыг минь шүтэж, дээдэлж ирсэн хүмүүсийн амьдрал ахуй өсөн дэвжиж, өнгөлөг сайхан явдаг даа. Манай сум үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй байгаа биз. Хуучин цагт сумын төвийнхөн маань бие биенээ сайн мэддэг байсан. Харин одоо тэр үе түүх болжээ. 21 аймгаас иргэд ирж суурьшиж байна. Манай хойд руу “Увс хороолол”, “Ховд хороолол” гэж нэрлэсэн хэсэг хүртэл бий. Баруун аймгийнхан нэгнийгээ татаж, дэмжихдээ сүрхий улс юм. Солонгост очсон монголчууд нэгнийгээ татдаг шиг Ханбогдод ирсэн өөр аймгийнхан ах, дүү, танил нөхдөө татна шүү дээ. Манай суманд ирсэн улсын амьдрал ахуй нүдэн дээр цэцэглэхийг харахад сэтгэл өег сайхан байдаг юм. Ханбогд сум маань түүхийн баялаг дурсгалтай нутаг.
Долоон сүм хийдтэй байсан гэхээр эрдэм номд шамдсан хутагт, хувилгаад олон байсныг гэрчлэх байх. Данзанравжаа хутагт баруун хойд зүгт миний амьдарч болох газар байгаа юм байна гээд энд ирсэн гэдэг. Равжаа хутагт Галбын гурван хийдийг байгуулж, хятад барилгачдаар бариулсан түүхтэй. Манай сумаас төрсөн олны танил эрхмүүд цөөнгүй бий. П.Даш генерал байна. Хөдөө аж ахуйн ухааны доктор Ц.Отгон, Р.Цагаанхүү, Н.Банди гуай, хэл бичигийн ухааны доктор Д.Төмөртогоо, Х.Сүглэгмаа, гавьяат малчин Д.Хүүхэнхүү нарын эрдэмтэн судлаачдыг нэрлэж болно. Мөн улсын хэмжээнд сумдын соёлын төвүүдээс Монгол Улсын соёлын гавьяат цолтон тодорсон. Ханбогдын соёлын төвийг олон жил авч явсан И.Нарангэрэл гэж хүн байлаа. Арваад жилийн өмнө бурхан болсон доо. Манай сум чинь гоёо, хармаг зэрэг эмийн чанар жимс, ургамал элбэгтэй. Бас хайлс гээд модлог ургамал байна. Олон жилийн настай энэ ургамал манай сумын нутагт нийтдээ мянга гаруй бий. Дээр үед малын эмч Раднаа гэдэг хүн явган явж нэг бүрчлэн тоолсон гэдэг” хэмээн хууч дэлгэв.
Монголын хотуудын тоог нэгээр нэмэх нь тодорхой болсон Ханбогдын нэг өдрийг сонирхоход ийм өнгө тодорч байна.