Categories
мэдээ нийгэм

МИАТ: Ирэх сарын 7-ноос эхлэн Хонконг руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Хонконг руу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Ингэснээр долоо хоног бүрийн Мягмар гарагт Хонконг руу нислэгтэй байх нь. Цар тахлын тархалт дэлхий нийтэд буурч тус компанийн нислэгийн тоо нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал Франкфурт хот руу нислэгийн тоогоо нэмэгдүүлж, зургаадугаар сараас эхлэн 7 хоногт таван удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт “Боинг 767-300” агаарын хөлгөөр зогсолтгүй шууд нислэг үйлдэхээр болсон билээ.

COVID-19 цар тахлаас шалтгаалан хамгийн түрүүнд нэрвэгдэж буй салбар нь агаарын тээвэр. МИАТ компани 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орсныг тухайн үеийн удирдлага мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 111 жолооч согтуугаар жолоо барьж, 169 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 10-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1385, хулгайтай холбоотой 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 127, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 111, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 128, хүний биед халдсан 38, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 61, эрүүлжүүлэх байранд хоносон 169, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар марафонд оролцогчдын бүртгэл эхэлжээ DNN.mn


Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.

2014 оноос эхэлсэн марафон гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр иржээ. 2014 онд 16.839, 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 гаруй иргэн оролцжээ. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.

Олон улсын гүйлтийн тэмцээнийг угтан Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 60 хоногийн хугацаатай аялуулж байна. “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.marathon.ulaanbaatar.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж буй. Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 2022 оны марш, тусгай бэлтгэлийн аваргууд тодорлоо DNN.mn

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд зургаан хоногийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө. Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нарын хүндэт зочид төлөөлөгчдөөс гадна Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй алба хаагчид оролцлоо.

Цэргийнхний олимп болсон энэхүү тэмцээний эхний гурван өдөрт оны аварга эрэгтэй, эмэгтэй офицер, ахлагчаа шалгаруулж, үргэлжлүүлэн гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгав. Сүүлийн гурван өдөрт нь цэргийнхний мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, эр зориг, хурд хүч шаардсан гол тэмцээнээр амжилттай буухиалав.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм.

Зэвсэгт хүчний 2022 оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний

“Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд:

  • тэргүүн байрт ахлагч М.Энхбат (186)
  • дэд байрт ахлах ахлагч Г.Пүрэвдорж (150)
  • гутгаар байрт ахлагч П.Элбэгдорж (327)

“Эмэгтэй ахлагч”-ийн төрөлд:

  • тэргүүн байрт ахлагч Э.Ариунтунгалаг (011)
  • дэд байрт ахлагч П.Мөнгөнсаран (189)
  • гутгаар байрт ахлагч С.Баярцэцэг (016) нар шалгарав.

“Эмэгтэй офицер” төрөлд:

  • тэргүүн байрт дэслэгч У.Энх-Оюун (310)
  • дэд байрт ахлах дэслэгч Н.Ууганцэцэг (311)
  • гутгаар байрт спортын дэд мастер, ахлах дэслэгч Ш.Отгонцэцэг (119)

“Салааны захирагч”-ийн төрөлд:

  • тэргүүн байрт дэслэгч А.Бат-Эрдэнэ (311)
  • дэд байрт дэслэгч С.Идэрболд (327)
  • гутгаар байрт дэслэгч Ц.Ганбаатар (256)

“Ротын захирагч”-ийн төрөлд:

  • тэргүүн байрт ахмад Б.Ариунболд (016)
  • дэд байрт ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн (256)
  • гутгаар байрт ахлах дэслэгч С.Төртогтох (150),

“Батальоны захирагч”-ийн төрөлд:

  • тэргүүн байрт цэргийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350)
  • дэд байрт ахмад Б.Даваадорж (016)
  • гутгаар байрт хошууч Р.Ариунбаатар (150)

Эмэгтэй багийн төрөлд:

  • хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
  • хурандаа А.Бүрнээбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги
  • хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн баг тамирчид эхний гурван байрыг эзэлж, дайчин нөхдийнхөө өмнө шагналаа баяр, бахдалтайгаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болороос гардан авлаа.

Харин эрэгтэй багийн төрөлд:

  • бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл
  • дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги
  • хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг эзэлж, олныхоо алга ташилт, уухайн түрлэг дунд алдар, гавьяагаа дуудуулан шагналын тавцан өөд гүйцгээлээ.

Үргэлжлүүлэн хурандаа Д.Цог-Эрдэнэ багийн төрөлд буюу 15 байнгын бүрэлдэхүүний салаа, 16 хугацаат цэргийн алба хаагчдын салаа болон 16 эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгаас манлайлагчдыг зарлаж, шагналыг нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй удирдлагууд гардуулсан юм.

Хугацаат цэргийн алба хаагчдын салааны:

  • тэргүүн байрт хурандаа А.Бүрнээбаатар захирагч, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг (1:22:10.68)
  • дэд байрт хурандаа Х.Энхболд захирагч, дэслэгч Л.Мөнхбат салааны захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг (1:24:51.98)
  • гутгаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч Б.Төвжаргал салааны захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн (1:28:04.07) хугацаат албаны дайчид шалгарлаа.

Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн:

  • тэргүүн байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч П.Цамбагарав ахлагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасаг (0:36:00.82)
  • дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагч, ахлах дэслэгч Т.Номунзаяа ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тасаг (0:42:26.30)
  • гутгаар байрт хурандаа Ц.Буянжаргал захирагч, ахлах дэслэгч Н.Ууганцэцэг ахлагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тасаг (0:44:18.97) шалгарч, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа тэргүүлэв, тэд.

Байнгын бүрэлдэхүүний салааны:

  • тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлах дэслэгч С.Цэрэнням салааны захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг (1:08:30.72)
  • дэд байрт дэд хурандаа А.Гүрбадам захирагч, ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн баг (1:12:41.87)
  • гутгаар байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагч, дэслэгч Т.Тэмүүлэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид (1:14:54.67) шалгарч, шагналаа гардан авав.

Спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн эрхэм хамтрагчдад дараа жилийн уралдаан даанч хол байна гэлцсээр тарлаа.

Categories
мэдээ нийгэм

​Г.Ёндон: Төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгтгэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олгосон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүн дотор Үндэсний баялагийн сангийн тухай концепцыг оруулж ирсэн. Бид хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялагийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлт зэрэгтэй уялдуулсан. Тус хууль нь хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэх бодлоготой нийцсэн. Хууль өргөн барьсантай холбоотойгоор хөгжлийн сан нь “Эрдэнэс Монгол” ХХК бүтэцтэй тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж ирж байгаа. Үндэсний баялагийн сантай холбоотой хэлэцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна. Энэ хууль Шинэ сэргэлтийн бодлого дотор орсон хуулиудын нэг. “Эрдэнэс монгол” компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын гадаад худалдаа 10.1 хувиар өсчээ DNN.mn

Хятадын нийт импорт болон экспорт энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар өсөн 12.58 их наяд юаньд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.Хятад улсын ам.доллараар төлбөр хийсэн гадаад худалдаа энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөнөөр 1.98 их наяд ам.долларт хүрсэн байна. Экспортын хэмжээ 1-4 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар өссөнөөр 6.97 их наяд юань болсон бол импортын хэмжээ 5 хувиар өссөнөөр 5.61 их наяд юань болж, гадаад худалдаа нь 1.36 их наяд юанийн ашигтай гарчээ.

БНХАУ-ын бүтэн жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, гадаад худалдаагаа сайжруулах зорилт амжилттай хэрэгжиж байна гэж тус улсын ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь хэлэв. Гэхдээ “Ковид-19” цар тахлын омикрон хувилбарын давлагаа, цар тахалтай тэмцэх арга хэмжээ, гадаад эрэлт буурч, экспортын шинэ захиалгууд багасаж буй зэрэг хүчин зүйлсийн улмаас Хятадын экспортын өсөлт тавдугаар сард үргэлжлэхгүй байж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Эдийн засгийн сэргэлт хүчтэй салхитай нүүр тулж буй энэ үед мужуудын засаг захиргааныхан гадаад худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг тогтворжуулах арга замыг эрэлхийлж, компаниудад захиалга олж өгөхөд нь туслах, ложистикийн хэвийн ажиллагаа, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь чухал байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа хэлжээ.

АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо, Европын холбоо /ЕХ/ болон АНУ нь Хятад улсын худалдааны хамгийн том түнш хэвээр байна. Тэдгээртэй хийсэн Хятадын худалдаа энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өсөлтийн хурдаа хадгалж чаджээ. БНХАУ АСАЕН-ы орнуудтай 1-4 дүгээр сард 1.84 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар, ЕХ-той 1.73 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар, АНУ-тай 1.56 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. Мөн БНХАУ болон ОХУ хоорондын худалдааны хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар өсч 51.09 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-аас Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нефть, байгалийн хий болон нүүрс эзэлжээ. Харин Хятад улс ОХУ руу маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж буйн дийлэнх хувийг нь ухаалаг гар утас, аж үйлдвэрийн техник хэрэгсэл, тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч болон компьютер эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Д.Сосорбарам: Над руу цагаан гурил цацлаа, сайхан сэтгэлтэй юм DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгууллаа.

Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад дээлтэй залуус түүн рүү гурил цацлаа.

МУГЖ Д.Сосорбарам гурил цацсан залууст хандан “Над руу гурил цацсан муусайн гурилнууд Сталины гар хөл болж, Монголын сор болсон охид хөвгүүдийг хядсаныг та нар өмөөрөөд явж байна. Ичиж, далд ор. Орос руу тонил. Х.Баттулгатайгаа зайл, та нар. Та нараас айхгүй.

Монгол хүн болохоор чинь та нарыг өрөвдөж байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг алсан шиг та нарыг алах вий гэж харамлаж байна. Бас арай ч улаан юм цацсангүй. Цагаан гурил цацлаа, сайхан сэтгэлтэй юм. Та бүхэнд сайн сайхныг ерөөе баярлалаа” гэв

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт нэгжлэг хийжээ DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт /ХХҮЕГ/ Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ХХҮЕГ-ын тус газрын дарга Л.Дашдэмбэрэл болон нэр бүхий хэлтсийн дарга нарыг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид мөнгө олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд санхүүгийн баримт бичгүүдийг хураан авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхдэлгэр: Оюу толгой дээр төрийн хяналт хэзээ ч суларч алдагдаагүй DNN.mn

Оюу толгойг орд ашиглалтад орж зэсийн баяжмалаа экспортод гаргах үйл явцад төрийн хяналт сул байдаг хэмээн зарим иргэд ойлгох нь бий. Тэгвэл зэсийн баяжмалд хэрхэн хяналт тавьдаг талаар Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Ерөнхий инженер Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.


-Геологийн төв лаборатори ТӨҮГ Оюу толгой компанийн экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Анх хэзээнээс тус компанитай хамтарч ажиллах болсон бэ?

-Бид эрдсийн шинжилгээний 65 жилийн туршлагатай мэргэшсэн хамт олон. Геологийн төв лаборатори нь Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн судалгааны ажлын цогц шинжилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хяналт болон гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Үндэсний болон олон улсын “MNS ISO/IEC 17025”, “ISO 17034”, “ISO/IEC 17043” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, эрдсийн шинжилгээгээр мэргэшсэн Монгол Улсын төрийн өмчийн цор ганц лаборатори юм. Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Чанар, хяналтын лаборатори нь Оюу толгой компанийн экспортын зэсийн баяжмалын савлах үйлдвэрт хяналтын чиг үүрэгтэйгээр байрлаж ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн 44 дүгээр тоот тогтоолын дагуу Оюу толгойн экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт тавих үүргийг Геологийн төв лабораторид үүрэг болгосон. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тухайн оны зургадугаар сард хоёр тал гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

-Тухайн гэрээний хүрээнд ямар ямар ажил хийгдэж байна вэ?

-Оюу толгойн зэсийн баяжмалын багц (LOT) бүрээс дээж бэлтгэх, чийг тодорхойлж, шинжилгээнд дээж илгээх, мөн Улаанбаатар хотод байрлах Геологийн төв лабораторид экспертиз шинжилгээг гүйцэтгэн хариуг илгээх зэрэг үүргийг гэрээний дагуу хүлээдэг. Манай хамт олон энэхүү ажил үүргийг 2013 оноос хойш тасралтгүй есөн жилийн хугацаанд тогтвортой явуулж ирлээ.

-Экспертиз шинжилгээ гэхээр бусад шинжилгээнээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой байдаг вэ?

-Экспертиз шинжилгээ нь үр дүнгийн нарийвчлал, үнэн зөв байдлыг хангаж чадахуйц олон зэрэгцээ шинжилгээний үр дүнгээр тулган баталгаажуулдаг, мэргэжлийн өндөр чадвар, туршлага шаардсан, олон лабораторийн үр дүнгийн зөрүүг залруулан баталгаажуулдаг “лавлагаа” шинжилгээ юм. Экспертиз шинжилгээний үр дүн нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар болон гаалийн хяналтын татварын хэмжээг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

-Экспертиз шинжилгээ хийхэд ашигладаг багаж, тоног төхөөрөмж нь олон улсын стандартад нийцсэн байдаг уу?

-Олон улсын стандартад бүрэн нийцсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан шинжилгээг гүйцэтгэдэг.

Тухайлбал, манай хамт олон Оюу толгойн зэсийн баяжмалд экспертиз шинжилгээг гүйцэтгэхдээ үйлдвэрээс гарч байгаа багц бүрээс дээж авч шинжилдэг. Тиймээс шинжилгээ хийгдээгүй багц экспортод гарах ямар ч боломжгүй. Экспертиз шинжилгээгээр худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агуулга болоод дагалдах 20 элементийг хамгийн орчин үеийн багажит шинжилгээ болон нойтон химийн сонгомол аргаар хослуулан гүйцэтгэж байна. Эдгээр шинжилгээний арга нь олон улсын стандартаар баталгаажсан, нотлогдсон арга аргачлал юм.

-Оюу толгой компани 2022 оны нэгдүгээр сараас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж эхэллээ. Гүний уурхай бүрэн ашиглалтад орвол цаашид зэсийн баяжмалын хэмжээ өсөх нь тодорхой. Та бүхэн бэлтгэл байдлаа хангаж байна уу?

-Бид Оюу толгой компанитай 2013 онд гэрээ байгуулсан цагаасаа өнөөдрийг хүртэл 6.5 сая тонн орчим зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэсэн байна.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр Геологийн төв лабораторид гүйцэтгэх зэсийн баяжмалын экспертиз шинжилгээний ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Бид шинжилгээний ажил нэмэгдэхтэй уялдуулан техник технологийн хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлэх, мөн мэргэшсэн хүний нөөцөө бэлтгэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байна. Одоогоор Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж байна. Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэнтэй шууд холбоотойгоор хоёр байгууллага шинжилгээний ажил гүйцэтгэх, дээж бэлтгэх гэрээгээ 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан.

-Гэрээ шинэчилсний үр дүнд онцлог зүйл заалт юу байв. Өмнөх гэрээнээсээ юугаараа ялгаатай вэ?

-Шинэчилсэн гэрээнд хэд хэдэн онцлог зүйл заалт тусгаж өгсөн. Гэрээг олон улсын жишигт нийцүүлж чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Геологийн төв лаборатори ТӨҮГ нь Оюу толгойн баяжуулах үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалаас дээж бэлтгэх болон экспертиз шинжилгээ хийх гэсэн үндсэн хоёр ажлыг өмнөх гэрээгээр гүйцэтгэдэг байсан. Бид шинэчилсэн гэрээндээ дээрх ажлуудыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан.

Мөн өмнөх гэрээнд тусгаж чадаагүй байсан зүйл бол валютын ханшийн өөрчлөлт бөгөөд төгрөгтэй харьцах долларын ханшийн өсөлт нь гэрээний үнэлгээ тогтмол буурахад гол нөлөө үзүүлж байсан. Шинэчилсэн гэрээнд хэрэглээний үнийн индекс болон валютын ханшийн өөрчлөлтийг тусгаж оруулсан нь нэг том ололт, ахиц дэвшил юм. Хамгийн гол нь экспертиз шинжилгээний ач холбогдол ямар чухал вэ гэдгийг бид бүгдээрээ мэргэжлийн түвшиндээ ойлголцсон учраас экспертиз шинжилгээ гүйцэтгэдэг олон улсын жишиг үнийг гэрээндээ тусгаж өгч чадсан нь хамгийн чухал зүйл.

-Зарим иргэд Оюу толгойн зэсийн баяжмалд төрөөс хяналт тавихгүйгээр хэдэн зуун сая тонныг гадагш нь гаргадаг хэмээн ойлгодог. Тэгвэл төрийн хяналтыг танай хамт олон сайтар хийж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Төрийн хяналт хэзээ ч сулраагүй, хэзээ ч алдагдаагүй. Ямар нэгэн байдлаар хяналтгүй, шалгалтгүй Монголын баялгийг гадагшаа гаргаж, төрийн хяналт байхгүй мэтээр ойлгож байгаа бол маш буруу ойлголт гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Геологийн төв лабораторийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, савлагдсан зэсийн баяжмалын шуудай бүрт хөндлөнгийн хяналт тавьж байна. Мөн биднээс гадна Гаалийн ерөнхий газар, Эрдэнэс Оюу толгой компани зэрэг төрийн болон төрийн өмчийн байгууллагууд Монгол төрийн нүд чих нь болж ажиллаж байна. Оюу толгойн зэсийн баяжмалын хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэхдээ зэсийн баяжмалын шуудай бүрээс дээж авч холиод түүнээсээ нэг багц дээжийг төлөөлүүлэн авч, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, Геологийн төв лаборатори гэх мэт хэд хэдэн лабораториудад илгээдэг. Лабораториудын шинжилгээний үр дүн ялимгүй зөрөх тохиолдолд бид нөгөө л экспертиз шинжилгээгээр маргаан таслах шинжилгээг гүйцэтгэдэг.

-Экспертиз шинжилгээ хийх мэргэшсэн хүний нөөцийн хүртээмж хэр байна вэ?

-Олон улсын стандартад нийцсэн шинжилгээний арга, аргачлал гэж бий. Тоног төхөөрөмжийн хувьд байнга шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай тоног, төхөөрөмжөөр шинжилгээг гүйцэтгэж байгаа нь шинжилгээний ажлын чанар, үнэмшилтэй шууд уялддаг. Тиймээс сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглахыг зорьж байна. Геологийн төв лаборатори ТӨҮГ 160 гаруй ажилтан алба хаагчтай. Үүний 50 орчим хувь нь байгалийн шинжлэх ухааны салбарт нарийн мэргэшсэн инженер техникийн ажилчид юм. Одоогоор химич инженерээр 30 орчим инженер ажиллаж байна. Үүнээс 10 орчим инженер нь зэсийн баяжмалын экспертиз шинжилгээгээр нарийн мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүд юм. Геологийн төв лабораторийн хүний нөөцийн чиглэлийн хамгийн ойрын зорилго бол бусад инженерүүдээ экспертиз шинжилгээнд нарийн мэргэшүүлэн сургах юм.

-Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай лабораториуд олноор байгуулагдаж байгаатай холбоотойгоор төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг өндөр цалин хангамжаар өөрийн компанидаа авч ажиллуулах тохиолдол олон байгаа талаар сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?

-Сүүлийн жилүүдэд хоолой дээр тээглээд байгаа асуудал бол хүний нөөцийн асуудал байна. Манай байгууллага төрийн өмчийн байгууллага учраас мэргэшсэн инженерүүдийнхээ цалинг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж хараахан чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээ лабораториуд олноороо байгуулагдаж, манай салбарт өрсөлдөөн их болсон. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай лабораториуд манай бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг санхүүгийн боломжоор нь хөшүүрэг хийж өөрийн компаниуддаа авч ажиллуулах болсон. Бидний мэддэг, чаддаг бүхнээ зааж мэргэшүүлсэн чадварлаг инженерүүд маань бидний өрсөлдөгч лабораториудад ажиллаж байна гэсэн үг л дээ.

Ер нь их, дээд сургуулиудад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутны тоо жилээс жилд багасч байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл ойрын 5-10 жилийн дотор геологи уул уурхайн салбар хүний нөөцийн хомсдолд орж, мэргэжилтнүүдээр дутах нь. Иймд төрөөс байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, мэргэжлээ сонгох гэж байгаа залуус хими, физик, инженер, геологи, уул уурхайн чиглэлийн мэргэжлүүдийг сонирхон судлаасай хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан:”Кью Эс Си” компани Хөгжлийн Банкинд 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгдсэн DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компаниас төлөхөө мэдэгдсэн.

Цаашид Хөгжлийн Банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай институц тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн. ОУВС ингэж хэлж байна гэдэг нь хөрөнгийн зах зээлд ийм мессеж очих эрсдэлтэй. Иймээс энэ онд балансаа сайжруулахын төлөө хичээж ажиллана” гэлээ.

Манай улс “Сэргэн мандалт” бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондыг төлөх ёстой юм. Үүнээс “Самурай” бонд нь Засгийн газрын баталгаатай тул чанаргүй зээлийг зээлдэгчдээр яаралтай төлүүлж, уг өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлээс сэргийлэхээр холбогдох албаныхан ажиллаж байна.