Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заадаг болъё DNN.mn

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр Ч.Ундрам гишүүн ЕБС-ийн сурагчдад бага ангиас нь эхэлж англи хэл заадаг болох тухай их зөв зүйтэй санаа дэвшүүллээ. Тэрээр “Улсын сургууль, хувийн хэвшлийн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн хооронд англи хэлний чадварын ялгаа өндөр байгаа юм. Англи хэл нь сайн хүүхэд цаашдаа олон улсын мэдлэг, мэдээллийн сангаас өөртөө шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авах чадвартай, гадаадын их, дээд сургуульд элсэх боломжтой, маш их боломж тэр хүүхдэд гарч ирдэг. Англи хэл нь сайн боловсон хүчин бол англи хэлгүй боловсон хүчнээс дунджаар 20-30 хувь илүү цалин авдаг. Ийм судалгаа байна. Тэгэхээр бид улсын ЕБС-д бага ангиас нь, магадгүй нэг, хоёрдугаар ангиас англи хэл заамаар байна. Ингэхийн тулд бид эхлээд багшаа бэлдмээр байна. Монгол хүүхэд бүрийг маш сайн англи хэлтэй арванхоёрдугаар анги төгсдөг болгомоор байна” гэсэн юм. Үүнийг салбарын сайд нь ч дэмжиж, чухал асуудал хөндлөө гэв. БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Манай боловсролын хөтөлбөрийн нэг сул тал бол англи хэлний чадварын асуудал. Эхний ээлжинд англи хэлний багш нарынхаа чадварыг сайжруулж байж л англи хэлээ сайжруулна. Төрөлх англи хэлтэй Канад, АНУ, Австрали, Англи улсын Элчин сайд нартай уулзалт хийж, англи хэлний боловсролыг сайжруулах лобби бүлгийг гишүүн Х.Булгантуяа байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна. 2022, 2023, 2024 он гэхэд ЕБС бүр англи хэлний багштай байх боломжийг бүрдүүлж ажиллая гэж бодож байна” гэсэн хариулт өгч байлаа.

“Forbes” сэтгүүлийн судалгаагаар монголчууд IQ буюу оюуны чадамжаараа дэлхийд 12 дугаарт орж байгааг, бичиг үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд 11 дүгээрт явж буйг зарласан. Үүнээс үзэхэд монголчуудад боловсрол эзэмших оюуны чадамж хангалттай, эзэмшсэн боловсролоо мэдлэг болгох тархины нөөц бүрэн байгаа ч бодит амьдрал дээр түүнийгээ ашиглаж чаддаггүй нь харамсалтай. Учир нь ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр Монгол Улс 187 улсаас 130 дугаар байрт жагсдаг. Ур чадвартай ажиллах хүчингүй байгаагийн нэг шалтгаан бол “Англи хэлний мэдлэггүй” гэх тодорхойлолт. Уг нь монгол залуусын 92 хувь нь интернэт ашигладаг гэдэг боловч тэд интернэтийн эх хэл болох англи хэлээр хангалттай мэдээлэл, мэдлэг авч чадахгүй байгааг энэ бүхэн харуулж байна. Өндөр оюуны чадамжаа ашиглаж хангалттай мэдлэг, чадвартай болж чадахгүй байгаад хамаг учир байна. Дэлхийд IQ түвшнээрээ дээгүүрт ордог хүүхдүүддээ англи хэлийг нэг, хоёрдугаар ангиас нь зааж өгөөд хэлний мэдлэгээ мэдлэг, чадвар болгох үндэс суурийг нь одооноос бэлтгэж өгцгөөе. Англи хэлийг бага ангиас нь эхэлж заах нь маш зөв. Мэдээлэл авч байгаа ганц суваг нь интернэт, гар утас. Интернэт орчны ганц том хэл нь англи хэл. Бүх мэдээлэл англи хэл дээр байгаа учир англи хэлийг хүүхдүүддээ багаас нь сургахаас өөр гарц бидэнд үгүй. Улс орнуудын хөгжилд хүрч, хөгжингүй болж буй явцыг нь ажиглахад англи хэлтэй улс орнууд бусдаас илүү, түрүүлж хөгжөөд байна. Нэг үгээр англи хэл бол хөгжилд түргэн хүргэх цахилгаан шат. Тиймээс Монгол Улс албан ёсны хоёр дахь хэлээр англи хэлийг зарлах цаг болчихлоо. Кирилл үсгийг албан ёсны бичиг, англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл гэж зарласан цагаас бид тэр цахилгаан шатны дээшээ явах товчлуурыг дарах эрхтэй болчихно гэсэн үг.

Монгол Улсад албан ёсоор зарлаж, тунхагламаар гурван гол зүйл байдаг юм. Нэгдүгээрт, улсын нийслэлийг Улаанбаатар. Хоёрдугаарт, албан ёсны бичиг үсэг нь кирилл. Гуравдугаарт, албан ёсны хоёр дахь хэл нь англи хэл гэж. Энэ гурвыг хэзээ ч хөдөлшгүйгээр ингэж тогтоож, албан ёсоор зарла. Ингэхгүй бол энэ гурвыг нааш цааш түлхэж, нийтийн оюун санаагаар дүүжин даажин хийсэн, санаа бодлыг нь хоёрдуулж, үл ойлголцлыг нийгэмд үүсгэх гэсэн хатгааснууд байгааг бараг бүгд анзаардаг болсон байх. Энэ нь зориуд хаос үүсгэх гэж, нийгмийг задалж, тэр хэрээр үндэстэнг хүчгүйдүүлэх гэсэн чиглэлтэй ажиллагаа ч юм шиг хар төрүүлдэг.

Бүхий л салбарт, бүх л үйл хатгааснууд явдалд ингэж хаос үүсгэж, талцуулдаг нь бүр энгийн үзэгдэл болчихоод байна.

Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлье гэж ярихаар “Нийслэлийг нүүлгэнэ, тэр улсын тэр нийслэл нүүсэн юм гэнэ. Тэрэн шиг нийслэлээ нүүлгэе. Улаанбаатар хот тэлэх боломжгүй. Тэлж болох өөр цэгт шинээр нийслэл босгоё” гэсэн үзэл санааг гаргаж ирж, зүтгүүлдэг нь нийслэлийн хөгжилд асар хортой.

Бичиг үсгийн тал дээр “Кириллээс илүү уйгаржин монгол бичиг бидэнд хамаатай. Төрийн бүхий л бичиг цаасны ажил уйгаржинаар явна” гээд нэг хэсэг нь албадлагын шинжтэйгээр уламжлал, соёл, түүхээр түрий барьж байгаа нь эргээд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэчихээд байгаа юм. Иргэд “Тэгээд аль бичгийг нь сурах болж байна” гэж эргэлзэж асууж байна. Кириллээс уйгаржин руу шилжинэ гэдэг нь бодит амьдралтай яавч уялдахгүй шийдвэр. Олон улсын томоохон судалгаануудад ч “Уйгаржин бичигт шилжих боломжгүй” гэж дурдсан байдаг. Энэ нь ч үнэн. Ард иргэд нь кириллээр бичиг үсэг тайлагдсан болохоос биш уйгаржин бичгээ мэдэхгүй шүү дээ. Энэ мэтээр ямар нэгэн асуудлыг шийдэх явцад нөгөө талаас нь зориуд, зөрүүд гэмээр үзэл бодол тулгадаг нь ихэнхдээ тухайн асуудлыг урагш явуулах биш хоёрдуулж, хүчийг нь сулруулах нь олонтаа. Жаахан бүдүүлэгдүү хэлбэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, алцгануулаад хаячихаж байгаа юм л даа. Даруй шийдэгдэх ёстой олон асуудалд ийм хаос юмнууд үүсээд байдаг учир дээр хэлсэн гурван зүйлийг зарлаж тогтоо гээд байгаа юм.

Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл гэж зарлах хэрэгтэй байна. Англи хэлээр л орчин үеийн мэдлэгийн уурхай, мэдээллийн орчинтой холбогдоно. Аж үйлдвэрийн IV хувьсгалаас Монгол Улс, монголчууд хоцорч болохгүй. Энэ хувьсгалаас хоцрохгүй, хөл зэрэгцэн орохын тулд англи хэлтэй байх ёстой.

Улсын нийслэл нь Улаанбаатар, кирилл бол Монгол Улсын албан ёсны бичиг үсэг, англи хэл бол албан ёсны хоёр дахь хэл мөн гэдэг дээр бодлого гаргаж, энэ үзэл санаан дээр хатуу байр суурьтай зогсох хэрэгтэй.

Энэ гурван асуудал дээр амтай болгон дур зоргоороо ярьж, хаос үүсгэж, нийгмийн оюун санаанд хөөс үүсгэх замаар хөгжлөөс хойш татах гэсэн буруу үзлээ тулгадгийг нь болиулах хэрэгтэй. Олон ургальч үзэл байх ёстой ч энэ гурван зүйлээр хэн дуртай нь оролдоод баймааргүй байна. Оролдуулмааргүй байна.

Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээрээ зарлаж, хүүхдүүдээ бага ангиас нь англи хэлтэй болгох нь цаг хугацааны л асуудал байсан. Тэр цаг нь болчихлоо.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана DNN.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дараах Байнгын болон түр хороо хуралдана.

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
  3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  7. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-нд, Засгийн газар 2019.04.30-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн 2021.04.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

13.30 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
  2. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022.05.06-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-нд өргөн мэдүүлсэн/
  4. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

15.00 цагаас Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

  1. Цаг үеийн мэдээлэл сонсох
  2. Үйл ажиллагааны төлөвлөгөөний санал хэлэлцэх
Categories
мэдээ цаг-үе

АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 422 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 124 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 298 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, есөн мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлэв DNN.mn

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, улсын хэмжээнд сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа.

“Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авдаг, өөрсдөө 500 гаруй үнээтэй болж өргөжжээ. Мөн өнгөрсөн онд долоон хоршоо байгуулсан бол энэ онд 10 хоршоо болгон өргөжүүлж, илүү олон малчин хамтарч хөдөлмөрлөх, мал, малын ашиг шимийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах гэнэ.

“Сүү” компанийнхны оруулж ирж, Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7,500-14,000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 килограмм татдаг байна.

Монгол хүн жилдээ жилдээ 168 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэх заалт бий ч өнөөдрийн байдлаар 80 орчим кг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүн ардын сүүний хэрэгцээг ахиулахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, кластераар нь дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг фермийнхэн онцолж байна.

Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн сайн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал.

Урамшууллын талаар “Сүү“ компанийн захирал М.Болод “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг үргэлжлүүлэх, зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ.

Сүүний үйлдвэр 1,800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2,300 төгрөгөөр үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Чинзориг: Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Тэтгэвэр өвлүүлэх буюу тэтгэврийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд буцаагдлаа. Засгийн газраас уг хуулийг яагаад татах болов. Уг нь нийгмийн хүлээлт их байсан хууль шүү дээ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийнэ гэсэн зорилт тусгагдсан байдаг. Нөгөө талдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоё гэдэг чиглэл олон жил яригдлаа. Энэ хүрээндээ Засгийн газраас дээрх хуулийн төслийг оруулж ирсэн. Уг хуулийг УИХ-д хэлэлцэж эхлээгүй, наана нь намын бүлэг дээр яригдсан. Улмаар уг хуулийн төсөл дээр нэмж тусгах, тооцоо судалгаа хийх зүйл олон байгаа учраас буцааж, илүү нарийн боловсруулж оруулж ирье гэдэг санал гаргаж, буцаагдсан байгаа. Өмнөх хуулийн төслийг яагаад татсан бэ гэхээр нэгдүгээрт, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал бүрхэг байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шинэчлэл хийе гэвэл хөрөнгө санхүүгийн хувьд асуудал тулгарна гэсэн үг. Хоёрдугаарт, одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад зарим заалт зүйл нь улам дордсон асуудал байсан. Тухайлбал, тэтгэвэр бодогдох цалингийн дундаж долоон жил байсныг 10 жилээр тооцон бодох заалт орж ирсэн. Үүнийг хэрэв баталбал нийгэмд нэлээд их шүүмжлэл дагуулахаар заалт болох юм. Зарим Их хурлын гишүүд үүнийг таван жил болгох гээд үзээд байхад бүр 10 болгоно гээд ороод ирэхээр байж болохгүй асуудал гэж үзсэн. Нөгөөтэйгүүр одоогийн хуулиар нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн иргэн тэтгэврээ 45 хувиар бодуулна гэж байгаа. Гэтэл үүнийг 41 хувь болгосон байна лээ. Өөрөөр хэлбэл, хүрсэн түвшинг нь дордуулсан байна гэж үзсэн. Энэ мэт дордуулсан заалт, зүйлүүд байсан учраас Засгийн газар төслөө татаж аваад боловсруулаад дахин оруулъя гэсэн. -Тэтгэврийг өвлүүлэх тал дээр тодорхойлж ярихгүй юу?

-Миний хувьд тэтгэвэр өвлүүлэх асуудал дээр энэ цаг үед санал нийлэхгүй байгаа. 1995 оноос хойш мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хууль өөрөө хуваарилалтын тогтолцоон дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлээр иргэдийн тэтгэврийг шууд тавиад явдаг гэсэн үг шүү дээ. Ийм тогтолцоотой үед тэтгэврийг шууд өвлүүлнэ гэдэг зарчимд нийцэхгүй асуудал. Цаашдаа тэтгэврийн санг хагас болоод бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлж байж тэтгэвэр өвлүүлэх асуудлыг шийдэж болно.

-Нийгмийн даатгалын сан гэж үе үе асуудалд орж байдаг төрийн нэг бүтэц байна. Энэ санг удирдаж, зохион байгуулах гэж очсон албаныхан асуудалд орох нь их юм. Сүүлд уг сангаас “Капитрон банк” санхүүжиж, улмаар дампуурлаа шүү дээ. Ер нь тус сангийн асуудал тогтолцоонд байна уу, очсон дарга, удирдлагууддаа байдаг юм уу?

-Очсон хүн ч юмуу одоо ажиллаж байгаа хүмүүсээс болж Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын байгууллага муу ажиллаж байгаа гэж бодохгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтолцоо нь ерөөсөө л ийм хуваарилалтын зарчимд суурилчихсан. Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын ач холбогдлыг бууруулах, олон нийтэд харлуулах ажлыг зохион байгуулалттай хийсээр байна. Зарим хүмүүс гуч, дөчин жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байхаар үүнийгээ банкинд хүүтэй хадгалуулчихсан нь илүү ашигтай гэж ярьсан. Үүгээрээ нийгмийн сэтгэл зүйг буруу зүгт чиглүүлэх ийм үйлдлүүд гарч байсан. Тиймээс нийгмийн даатгал төлснөөр ямар ач холбогдолтойг одоогийн тус байгууллагыг хариуцан ажиллаж байгаа хүн бүр олон нийтэд сурталчилж, таниулах учиртай. Манай иргэд нэг зүйлийг буруу ойлгодог. Нийгмийн даатгалын шимтгэл гуч, дөчин жил төлсний дараа тэтгэвэртээ гараад л үр шимийг нь хүртдэг гэсэн ойлголттой байдаг. Энэ тийм биш шүү. Улсад шимтгэл төлж эхэлсний маргаашаас л та үр шимийг нь хүртдэг. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн эх цалинтай ээжийн мөнгө авдаг, үйлдвэр, мэргэжлийн онцлогоос шалтгаалж хөдөлмөрлөх чадвараа алдсан иргэн тэтгэмж авдаг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх мэтээр ярьж болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдэг бол тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно. Тухайлбал, хөдөлмөр эрхэлж байсан эцэг, эх нь бурхан болоход үлдэж байгаа үр хүүхдүүд нь насан туршид тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Энэ бол тухайн эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсны л ач. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэсэн үг.

-Нийгмийн даатгалын сан өөрөө үеийн үед л алдагдалтай ажилладаг шүү дээ. Үүнд та тодорхой тайлбар өгөөч?

-Энэ асуудлаар ч гэсэн олон нийтэд зөв мэдээлэл, зөв ойлголтыг өгөх ёстой. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа нь ажилчид муу ажиллаж байгаа зүйл огт биш. Ерөөсөө одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тогтолцоотойгоо холбоотой асуудал. Сан яагаад алдагдалтай байна гэхээр хоёр зүйлийг ярьж болно. Нэгдүгээрт, цэргийнхэн буюу цэргийн алба хаагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Үүнийг төр өөрөө хариуцаж, төсвөөс гаргадаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлын нэг хэсэг нь энэ цэргийн алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс гаргаж байгаа асуудал. Хоёрдугаарт, 1995 онд Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө иргэд цалин хөлснөөсөө даатгал төлдөггүй, үүнийг 100 хувь төр хариуцдаг байлаа шүү дээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг төр хариуцдаг. Ийм хоёр зүйлээс болж нийгмийн даатгалын сан алдагдалтай байдаг. Үүнийг л манайхан уг санг алдагдалтай ажилладаг гээд ойлгочихсон.

-Алдагдал тогтолцоонд болон хуулиндаа байгаа гэж ярилаа. Тэгвэл нэн яаралтай энэ тогтолцоо, хуулийг нь шинэчлэх, өөрчлөх шаардлагатай юм биш үү?

-Хуулиа шинэчлэх, тогтолцоог нь өөрчлөхтэй бүрэн санал нэг байгаа. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн гол зүйл нь Нийгмийн даатгалын санг арвижуулах, менежментийг нь хэрхэн зөв явуулах вэ гэдэг дээр тогтох ёстой. Энэ бол уг хуулийн шинэчлэлийн амин сүнс. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын санг арвижуулах арга хэлбэр нь арилжааны банкнуудад хүүтэй байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас худалдаж авах гэсэн зохицуулалт бий. Үүгээр бол сүүлийн 10 гаруй жил Засгийн газар бонд гаргаагүй. Тэгэхээр бонд худалдаж аваагүй гэсэн үг. Монголбанкнаас үнэт цаас авъя гэхээр хуулиараа тус банкнаас зөвхөн арилжааны банкнууд үнэт цаас авдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр үнэт цаас авч болохгүй гэсэн үг. Тэгэхээр ганц үлдэж байгаа нь арилжааны банкинд хүүтэй байршуулах хэлбэр юм. Үүнээсээ болоод иргэдийн шүүмжлэлийг их дагуулдаг. Цаашид үүнийг нэлээд боловсронгуй болгох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиа иргэд буцааж авахаар болсон. Үүнийг ажилчдад нь биш, ажил олгогчдод олгох нь илүү үр дүнтэй гэж ярьсан. Яагаад заавал ажил олгогчид авах ёстой гэж?

-Төсвийн тодотголоор ийм санал орж ирсэн. Эдийн засаг хүнд үед иргэдийнхээ орлогыг ингэж дэмжиж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ ийм хүнд цаг үед ажилчид гэхээс илүү ажил олгогчдыг дэмжих нь илүү үр дүнтэй гэсэн бодолтой байсан. Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь буцаан олгосноороо иргэд ажлын байртайгаа байх, хадгалах, нэмэгдүүлэх, цалин хөлсөө тогтвортой авах зэрэг боломжууд бий болох байсан л даа. Нийгэмд энэ чиглэл нь илүү үр дүнтэй байсан юм болов уу л гэж харсан. Ер нь улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь 10-аас доош ажиллагсадтай, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээр жижиг үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого төрөөс явуулах учиртай. Энэ утгаараа л уг 50 хувийн буцаан олголтыг ажил олгогчдод нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Монголд ажил хийх хүнгүй боллоо. Залуучууд нь гадагшаа гарч ажиллахаар байдгаа барж байна гэдэг. Дотооддоо ажиллах хөдөлмөрчдийг төрөөс ямар бодлогоор зохицуулах ёстой юм бэ?

-Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсад байна. Үүний 50 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчид байдаг. Манай эдийн засаг ийм сонин бүтэцтэй. Аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь 10-аас доош ажилчинтай, жижиг нэгжүүд байна л даа. Тэгэхээр цаашид иргэдийг ажлын байраар бүрэн хангая гэвэл хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, ажиллах хүчний шингээлттэй хөнгөн үйлдвэрүүдийг сайн дэмжих ёстой. Нуулгүй гэж хэлэхэд, бид сүүлийн гучин жил дандаа уул, уурхай л ярьж ирлээ. Үүнийг дагаад ажлын байр дорвитой нэмэгддэггүйг бид мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний шингээлт багатай салбар бол уул, уурхай. Тиймээс өнөө цагт бид мал, аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ажиллах хүчин олдохгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч нөгөө талдаа ажлын байр сайн нэмэгдэж өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн үнэлэмжийг сайн бодох ёстой. Цалин хөлс багатай байгаагаас болж залуучууд ажлын байраа голж байна.

-Халамж хавтгайрснаас болоод хөдөлмөрлөх иргэд олдохгүй байна гэдэг шүү дээ…

-Нийгэмд халамж хавтгайрлаа гэдгийг би хувьдаа сайн ойлгодоггүй. 1995 оны судалгаагаар манай улсын нийт иргэдийн 35 хувь нь ядуу байна гэж гарсан байдаг. Үүнээс хойш гучин жил өнгөрлөө. Дахиад ийм судалгаа явуулахад хүн амын 29 хувь нь ядуу байна гэж гардаг. Тиймээс халамжийн бодлого байхаас өөр аргагүй. Харин ч муу сайн хэлэгдээд байгаа халамжийн бодлогын үр дүнд тэр гучин хувийн ядуу иргэдээ нэн ядуу түвшин рүү оруулчихгүйхэн шиг бариад явж ирсэн. Түүнчлэн халамжийн бодлого уу, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого уу гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манайхан хүнд очиж байгаа мөнгө бүрийг халамжийн бодлого гэж хардаг. Тухайлбал, хүүхдэд өгч байгаа 100 мянган төгрөг бол халамжийн бодлого биш. Энэ бол цөөхөн монголчуудыг олон болгох гэсэн хүн амын өсөлтөө дэмжсэн бодлого. Үнэхээр халамжийн бодлогыг шүүмжилье гэвэл нэг зүйлийг хэлж болох л юм. Тэр нь халамжийн бодлого үнэхээр шаардлагатай зөв хүндээ очиж чадаж байна уу л гэдэг асуудал. Түүнээс өөр шүүмжлэх зүйл байхгүй, явах ёстой зарчмаараа л явж байгаа.

-УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын хяналт, шалгалтын хуулиар Засгийн газрын үйл ажиллагааг хянаж, УИХ-аас батлан гаргасан хуулийн хэрэгжилт биелж байна уу, үгүй юү гэдгээ авч хэлэлцдэг. Энэ түр хороо байгуулагдсанаараа ямар ач холбогдолтой юм бэ?

-УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталчихсан. Үндсэн хуулиар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүрэг нь УИХ-д байдаг. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү бүрэн эрхийг баталгаажуулах зохицуулах дагалдах хууль тогтоомж байгаагүй учраас дээрх хуулийг УИХ баталсан шүү дээ. Гэхдээ уг хууль батлагдсанаараа зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ерөөсөө хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн хууль гэж хэлж болно. Уг хуулиараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүний хувьд Хөгжлийн банктай холбоотой асуудалд ямар байр суурьтай байна. Ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн ч та хэд олонхоороо аваад үлдчихлээ. Ер нь прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад гишүүдийг явуулчихаж болдоггүй юм уу. Гэм буруутай эсэх нь шүүхээр шийдэгдээд буруугүй бол буцаад л ороод ирнэ биз дээ?

-Хөгжлийн банкны асуудалд төр онцгой анхаарал хандуулах ёстой. УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт миний бие орж ажилласан. Энэ үеэр Хөгжлийн банкны асуудлаар төрөөс цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна гэдгийг ажигласан. Импортыг орлох, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого үр дүнтэй болж чадсангүй. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийн хугацаа хэт богино байна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд 5-9 жилийн хугацаатай уг зээлийг авч. Энэ хугацаанд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Тиймээс цаашид төсөл хэрэгжүүлэх хугацаанд нь илүү анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зээлийн хүү тийм ч бага биш юм байна лээ. Жилийн 10-13 хувийн хүү, валютын хүү нь есөн хувь байсан. Эдгээр хүүгээ төлөхийн хажуугаар үйлдвэрлэлээ, төслөө хөгжүүлнэ гэдэг их хэцүү. Гуравдугаарт, Монголбанк, Хөгжлийн банк эдгээр төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохдоо санхүүгийн менежмэнтийг их муу хийсэн гэдэг нь ажиглагдсан. Тухайлбал, валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүдэд сүүлийн үеийн валютын өсөлт үнэхээр хүнд дарамт болж байна. Хөгжлийн банкнаас валютаар зээл авсан зээлдэгчдийн эргэн төлөх дүн валютын өсөлтөөс шалтгаалж 640 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр бий болчихсон байна. Тиймээс цаашид зээл олгохдоо ханшийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгээ нэн онцгой анхаарах ёстой. Энэ бол цэвэр мөнгөний бодлого, төрийн оролцоотойгоор хийх ёстой ажил шүү дээ. Нөгөө талдаа төгрөгөөр зээл авсан зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл буюу хүүгийн эрсдэлийн 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрөө хариуцахаар болчихсон. Энэ мэт санхүүгийн менежмэнтийг үнэхээр муу хийжээ. Үүнд бол төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан гэж харсан.

-Хөгжлийн банкны зээлдэгчдийг буруутгаад байдаг. Таныхаар зээл олгосон этгээдүүд санхүүгийн менежмэнтийг муу хийсэн гэж ойлголоо. Гишүүдтэй холбоотой асуудлыг тодруулж ярихгүй юу?

-Гишүүдийг түдгэлзүүлэх санал анх прокуророос орж ирэхдээ нууцлалын зэрэгтэй байсан. Тиймээс миний хувьд ч гэх үү бусад гишүүдийн хувьд ийм, тийм байр суурьтай байсан гэдгийг хэлэх боломж алга. Ямартаа ч гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгсөн байх. Прокуророос орж ирсэн гишүүдийг түдгэлзүүлэх материалыг харахад дэлгэрэнгүй мэдээлэл, баримтууд байхгүй байсан. Ерөөсөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хэрэгтэй байна гэсэн ерөнхий мэдээлэл л байна лээ. Яг юу болсон, яасан бэ гэдэг мэдээлэл байхгүй. Мэдээж мөрдөн байцаалтын нууц юмнууд бий л байх. Бүх материалтай танилцах эрхтэй УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны гишүүд үзээд, хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн учраас УИХ дэд хорооны саналыг дэмжсэн. Ийм л зүйл.

-Прокуророос оруулж ирсэн саналыг хүлээж аваад байвал УИХ-ын дархлаа суларна гэж болгоомжилдог учраас гишүүд уг асуудлыг дэмждэггүй юм биш үү?

-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын дархлаа гэдэг зүйл байх ёстой. Гэхдээ дархлаа гэдгийг хувь хүний халдашгүй байдал талаас нь ойлгохгүй байна. УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ саналаар, тодорхой тойргоос төлөөлөл болж, тэдгээр иргэдийнхээ төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг алба шүү дээ. Иргэдийнхээ өмнөөс төрийн бодлогыг хэрэгжүүлэх онцгой эрхтэй хүмүүс учраас хэнээс ч хараат бусаар ажиллах, хамгаалагдах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхтэй. Энэ утгаараа л гишүүний халдашгүй байдал гэдэг ойлголт байх ёстой гэж боддог. Тиймээс дан ганц хувь гишүүнийг түдгэлзүүлэх асуудал биш болов уу гэж харж байгаа. Тэр гишүүний цаана түүнд саналаа өгч сонгосон мянга, мянган иргэний ашиг сонирхол, төр барих эрхтэй шууд холбоотой асуудал болохоор УИХ онцгой анхаарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, шалгах шаардлага байгаа ч цаагуураа сонгогчдын эрх ашигт халдчих гээд байгаа зүйл ажиглагдаж буй учраас прокурорын саналыг дэмжээгүй болов уу гэж ойлгосон.

-Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдээс сонгуулийн хуулиа өөрчил, Үндсэн хуульдаа нэмэлт оруул, тогтолцоогоо шинэчлээч ээ гэдэг санал, шаардлагыг сүүлийн үед их идэвхтэй нэхэх боллоо. Үүнд та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор намын бүлгийн түвшинд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал яригдаагүй байна. Нийгмийг харахад ийм санал, хүсэлтүүд их яригдах болсон юм билээ. Бид 1990 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгуулийг явуулсан. Ингэхдээ янз бүрийн сонгуулийн тогтолцоог сонгож явуулж ирсэн шүү дээ. Ер нь бол сонгууль болгоноор л сонгуулийн тогтолцоог өөрчилдөг. Үүнээсээ шалтгаалж олон сөрөг үр дагаврууд нийгэмд бий болдгийг бид сүүлийн гучин жилийн улс төрийн түүхээс харж болохоор. Тиймээс байнга сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага байхгүй. Тогтсон нэг системээр л явах учиртай. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн гэдэг асар их эрх мэдэлтэй хүмүүс байна. Тиймээс эдгээр хүмүүсийн эрх мэдлийг багасгах, сааруулах ёстой гэсэн хандлага байдаг. Гэвч УИХ-ын гишүүн гэдэг тийм ч дархан эрхтэй хүн биш шүү дээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн зарим эрхийг хассан байгаа. Тухайлбал, Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх эрхийг шилжүүллээ. Сайд нарыг УИХ хүн бүрээр нь хэлэлцэн томилдог байсныг болиуллаа. Төсөвтэй холбоотой онцгой эрхээсээ ч татгалзсан. Нэг үгээр хэлбэл, сүүлд нэмэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол УИХ-даа биш, Засгийн газарт л илүү их эрх мэдэл төвлөрсөн, хүчтэй болсон байгаа.

-Ерөнхий сайд эрх мэдэлтэй байгаа нь үнэн. Тэрээр төсөв хүндэрч байгаа шалтгааныг 76 тойрогтой холбож ярьсан шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Үнэхээр төсөв хүндрүүлж байгаа бол сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой юм биш үү?

-Улсын төсвийг 76 тийшээ цацаад байна гэдэг шүүмжлэлийг миний хувьд хүлээж авдаггүй. Монгол Улс чинь нэгдмэл нэг л улс шүү дээ. Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Тэр утгаараа 76 тойргоос сонгогдсон гишүүд иргэдийнхээ саналыг улсын бодлогод тусгах үүрэгтэй гарч ирж байгаа шүү дээ. Мөн төрийн үйлчилгээг тухайн сонгогдсон тойрогтоо л хүргэж ажиллаж байгаа. Тиймээс төсвийг 76 зүг тарааж байгаа гэж шүүмжлэх хэрэггүй юм. Нөгөөтэйгүүр хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг ч бид арилгах хэрэгтэй. Тэр утгаараа орон нутгаас сонгогдсон гишүүд төрийн үйлчилгээг хөдөөд хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр ажиллаж, тэдний дуу хоолойг сонсож, санал хүсэлтийг нь төрийн бодлогод суулгуулах ёстой. Өөр нэг зүйл бол манай улсын газар нутгийн болон хүн амын суурьшлын онцлог гэж байна. Сайн муугаараа хэлүүлээд байгаа тойргоос сонгогдсон гишүүд чинь хаа байсан уулын мухарт суугаа малчны эрх ашиг, саналыг төрд уламжилж яваа шүү дээ. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд тойрог гэж байхгүй болбол хэн тэр уулын мухарт байгаа малчны саналыг төрд тусгаж оруулах юм бэ. Тойргоос биш, намаас сонгогдсон гишүүд их сүрхий намын эрх ашиг, улсын эрх ашиг ярьсан нөхдүүд гарч ирнэ. Тэгэхээр зах хязгаарт байгаа сонгогчтой уулзах асуудал гэж байхгүй болно. Тэнд тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлнэ гэж бүр байхгүй. Тийм учраас том газар нутагт хүн ам нь сийрэг суурьшдаг учир Монголд одоохондоо 76 тойргоос гишүүдээ сонгох буюу мажоратори тогтолцоо илүү дээр.

-Ирэх жилээс Засгийн газар гадаад бондуудын эхний төлөлтийг хийх гэж байна. Хөгжлийн банкны асуудал шийдэгдэхгүй, төсөв санхүүгийн хямрал үргэлжилсээр байвал ирэх жил бид энэ гадаад өрөө яаж төлөх вэ?

-Бид улс нийтээрээ нэлээд хүнд нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байна. Цар тахал, хил гааль хаалттай хоёр жил боллоо. Дээр нь хойд хөршийн явуулж байгаа үйл ажиллагаанаас болоод олон улсын хоригт орсон байдал нь бидэнд ч нөлөөлж байна. Ковидын хоёр жилийн хугацаанд манай улсын эдийн засаг шалдаа буусан. Хүнээр бол ёстой л сэхээнд орсон шүү дээ. Одоо овоо гайгүй ч бие султай хүн шиг л эмчилгээтэй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс эдийн засгаа сэргээх, эдийн засгаа тэлэх, хил гаалийн нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо сайжруулах зэрэг эмчилгээнүүдийг шуурхай авч хийж байж бид сульдсан, буурсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадна. Хамгийн чухал зүйл бол бид экспортын орлогоо л дорвитой нэмэгдүүлчих хэрэгтэй байна. Ямар арга зам байна, ямар боломж байна бүгдийг л ашиглах ёстой. Хүнд амаргүй нөхцөл байдалд байгаа ч дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч байна. Энэ бол их азтай явдал шүү. Тиймээс даруйхан төмөр замын асуудлаа шийдээд хил, боомтынхоо нэвтрэх чадварыг нэмэгдүүлээд, уул уурхайн бүтээгдэхүүнээ ахиухан хэмжээгээр экспортлох шаардлагатай байна. Мөн Хөгжлийн банкны асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, зээлийг нь эргэн төлүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахгүй бол ирэх жил дахин хямралд орох магадлал өндөр байна шүү

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан морь өдөр DNN.mn

2022.5.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.17, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.11-20.26
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор болон Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үзэл баримтлалгүй нам тогтоол устай адил” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би улс орныг
босгоод өгье.
Надад ердөө
гуравхан
сар Ерөнхий
сайд, эсвэл
Ерөнхийлөгчийнхөө
местийг өгчих” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хэн нэгэн зайл
гэхээр зүгээр л
зайлаад өгөх
гэж би
32 жил улс
төрд зүтгээгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үзэл баримтлалгүй нам
тогтоол устай адил” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аар “Эмээлт” зах
дээрх нөхцөл байдлыг
сурвалжиллаа. Ноолуурын ченж “Хил хаалттай
байвал ноолуурын ханш цаашид ч
унана. Удахгүй 50000 болно” гэлээ.

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Өнөөдрийн хуулиараа
УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр
шалгах боломж байхгүй” хэмээв.

Бор цэргүүдийн хөлс хүчээр их бүтээн
байгуулалтууд урагшилсаар байна.

“Бяцхан мисс”
олон улсын хүүхдийн
байгууллагын захирал Э.Оюунтунгалаг: Өсвөр насны хүүхдүүд биднээс
тэдний асуудлыг сонсохыг л хүсдэг” хэмээснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийв DNN.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1092 аж ахуйн нэгжийн 1700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэж, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгвэл 77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ. Мөн Хот тохижилтын газар 52.9 га талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийв.

Мөн дүүргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулах үүрэг болгосон. Тэгвэл нийт 31 усан оргилуурын засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилга, байгууламжтай холбоотой өргөдөл хамгийн олон буюу 12 хувийг эзэлж байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирч байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хонконг руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд тус бүс нутаг руу зорчих гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

– Насанд хүрсэн гадаадын иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээтэй байна. Коронавируст халдвар /Ковид-19/ авч эдгэрсэн иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцины нэг тунд хамрагдах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрснээ нотлох бичгийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай.

– 12-17 насны хүүхдүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, баримт бичигтэй байна. 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй боловч хамт зорчиж буй асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

– Дамжин өнгөрөх болон Хонконг руу нэвтрэх иргэд нислэгт хамрагдахаас 48 цагийн өмнө хийлгэсэн бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байна. Шинжилгээний хариуг үндэслэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын www.chp.gov.hk/hdf/ цахим хуудсанд хандан эрүүл мэндийн асуумж бөглөж, QR код авах шаардлагатай бөгөөд энэхүү кодыг нисэх онгоцонд суух болон Хонконгийн хилээр нэвтрэх үед ашиглана.

– Бүх зорчигчдыг тусгайлан бэлдсэн зочид буудалд 7 хоног тусгаарлах бөгөөд дараах холбоосоор орж, тусгаарлах байрны захиалгыг урьдчилж хийх шаардлагатай. https://www.coronavirus.gov.hk/pdf/designated-hotel-list-v7_en.pdf?fbclid=IwAR0xtF_Y-s5LdMONha3jXCpH25bSRrcHjnLvN2bta_YZxt5CrN_45sjl128

– Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бх-ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 2-3 цагийн дараа гарна.

– Хонконгт ирсэн иргэд Хонконгоос БНХАУ болон Макао руу зорчих боломжгүйг анхаарна уу.

КОНСУЛЫН ГАЗАР