Categories
мэдээ нийгэм

Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,
  • 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,
  • Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,
  • 15 багш, дасгалжуулагч ажиллаж байна.

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна.

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ.

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна.

Циркийн барилгын асуудлаар:

Монгол Улсад циркийн урлагийн зориулалтаар барьсан ганц барилгыг 2005 онд Улсын Их Хурал хувьчлах жагсаалтад оруулж, 2008 онд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Аса консалтинг” ХХК-д шилжүүлсэн байдаг. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч 2020 оны 7-р сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Байр талбайн хомсдолоос үүдэн мэргэжлийн циркийн урлагийн төрөл хэлбэр цөөрч, орон зай шаардсан томоохон үзүүлбэрүүд хасагдсан нь мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсгэж цаашдаа циркийн урлагийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Соёлын яам дүгнэж байгаа юм.

Мөн циркийн урлаг тайзны хэлбэрт шилжиж, тоглолт хийх нөхцөл багасаж, тоглолтын тоо эрс буурч, урын сангийн бодлого алдагдан, орон зай шаардсан агаарын үзүүлбэрүүд тоглогдохгүй байгаа талаар Соёлын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам “Аса консалтинг” ХХК-д хандан засварын үйл явц, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ирүүлж, циркийг зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардаж ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны төгсгөлд 975 автобусыг ашиглалтаас хасна DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд 2024 оныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчлэх чиглэл өгчээ. Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга мэдээлэл өгч байна.

Тэрбээр, Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг 8-р сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн гэв.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөлнө DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.

УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.

Ингэснээр жижиглэн худалдаалж буй элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл 100 хувь хийж гүйцэтгэх үүрэг өглөө DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой 2024 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг сонссон. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гарч байна.

Тавдугаар сараас цахим багц хууль хэрэгжиж эхэлсэн. Дагалдах журмыг баталлаа. Өмнөх долоо хоногт 4,491 иргэн 11-11 төвд хандсан байна. Хамгийн их санал хүсэлт авч байгаа байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм. Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ хамгийн их хандалтыг авч байна. Ерөнхий сайд иргэдийн өргөдөл гомдлыг аль болох шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хил дээр байгаа 75 хүүхдийн автобусыг сарын хугацаанд татан авч, үйлчилгээнд явуулна DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын зүгээс танилцуулга хийлээ.

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1,200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Тиймээс хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.

2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна” гэлээ.

Хотын зүгээс парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 591 автобусыг олон улсын санхүүгийн хэлбэрээр авна. Хоёр жилийн хугацаатай авсан 40 орчим сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг өөрийн ашиглалтаар нь төлж дуусгах санхүүгийн схем гаргасан гэдгийг мөн хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Ухаалаг картыг хэрэглээнээс хална DNN.mn

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн Засгийн гзарын хуралдаанд оролцжээ. Тэрээр нийтийн тээврийн паркийг хэрхэн шинэчлэх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна гэв.

Хүүхдийн 75 автобус хил дээр иржээ. Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр логистикт үүссэн гацаа нийтийн тээврийн шинэчлэлийг хойшлуулсан байна. Нийслэлд нийт 1400 шинэ автобус хэрэгтэй. Ерөнхий сайд үүний талыг энэ онд, 2023-2024 онд үлдсэн автобусыг худалдан авах чиглэлийг хотын даргад өгчээ.

975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа хэтэрсэн буюу эдгээрийг бид 10-аас дээш ажил ашигласан. Иймд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдэх болжээ. Олон улсын байгууллагаас хоёр жилийн хугацаатай, 40 орчим сая ам.долларын зээл авна. Зээлийг төслийн өөрийн орлогоор эргүүлэн төлнө. Мөн хотын төсвөөс 60 тэрбум төгрөгийг шинэ автобус авахад зарцуулах юм байна.

591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн гэж хотын дарга мэдээлэв. Гэвч Нийслэлийн худалдан авах ажил удааширсан тул хурдлуулах үүрэг өгчээ. Шууд худалдан авалт хийж, үйлдвэрлэгч, албан ёсны эрх бүхий дистрибютертэй хамтран ажиллана. Эхлээд 110 цахилгаан автобус, дизель хөдөлгүүртэй 400 орчим автобус авна юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 98 тохиолдол батлагджээ DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 98 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинэ тохиолдлын

  • 65 нь нийслэлд
  • 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 923,410 болсныг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан мэдээлжээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт “Говийн байгаль, түүхийн музей” нээлтээ хийлээ DNN.mn

Оюутолгой компани “Говийн байгаль, түүхийн музей”-гээ нээлээ

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан /Gobi Oyu Development Support Fund/-гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” өнөөдөр нээлтээ хийлээ. Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байгуулагдсан энэ музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ.

Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсээс музейд дэлгэсэн байна.

Мөн музейд улсдаа алдартай Ноён Сэврэйн дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой.

Музей нийт 18 ажилтантай бөгөөд жилдээ гадаад дотоодын 20 мянга гаруй үзэгчид соёлын үйлчилгээг түгээхээр төлөвлөсөн. “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 онд байгуулж, жил бүр таван сая ам.долларыг энэхүү сангаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү DNN.mn

Хүүхдийн зуугийн гудамжинд шөнийн 03:00 цагт залуухан бүсгүй уйлан сууна. Царай зүс, өмсөж зүүсэн хувцаснаас нь боломжийн амьдралтай гэж шууд уншигдав. Ноолууран хүрэмнийх нь зүүн талын хормой хөндлөн чигтээ хүү татагджээ. Халдлагад өртсөн байх вий хэмээн эмээж түүн рүү дөхөн эвээр асуулаа. Урдаас цөхөрсөн харцаар цоо ширтэн том, том нулимс унагаснаа “Утсаараа ганц яриулчих тэгэх үү. Би зөрж өнгөрсөн хүмүүсээс гуйсан боловч бүгд татгалзах юм” хэмээн эхэр татав. Гар утасныхаа түгжээг тайлаад бүсгүйд өгтөл хэн нэгэн рүү залгаад “Би байна аа. Намайг эндээс ирээд аваач. Тэр миний хэтэвч, утас, машины болон гэрийн түлхүүрийг аваад намайг ийм болгочихоод орхиод явчихлаа” гэв. Хэн түүнийг ийм болгов, цагдаа дуудаж, эмнэлэгт хандах уу гэж асуутал “Хэрэггүй ээ, баярлалаа. Манай найз залуу намайг харанхуй шөнө хаяад явчихлаа. Манай гэр Нэгдүгээр сургуулийн хажууханд байдаг. Бид уг нь маргалдаж шалиагүй юм. Намайг гэр рүүгээ дагуулж явах гэхээр нь би татгалзсан. Гэтэл намайг ингэж хорлох юм” гээд гомдонгуй ярив. Хориод минутын дараа найз бүсгүй нь сандарсаар ирлээ. Тэд тэврэлдэн уйлалдав. Бүсгүйчүүд дөнгөж 20 хүрч байгаа оюутан юм билээ.

Харанхуй шөнө, эль хуль гудамжинд сэтгэлт бүсгүйгээ юу ч үгүй хаяад явдаг тэр залуу ямар харгис юм бэ. Түүнийг ийм болгон өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аав нь хамгийн их буруутай юу гэсэн бодол байн байн орж ирнэ. Хэрэв миний хүү айлын охиныг ингэж уйлуулаад зовоовол яах вэ. Хэрэв миний охин хэн нэгэнд дарамтлуулаад ингээд уйлаад сууж байвал яах вэ гэх бодлууд сэтгэлийг минь өвтгөнө. Судалгаанаас харахад манай нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан сайн мэдээтэй ч хохирогчдын жендерийн хувьд хэвээр байдаг нь том асуудал юм.

Ирээдүйн иргэд маань инээд жаргалаар дүүрэн, элэг бүтэн амьдрах тэр сайхан замыг зөвхөн эцэг, эхчүүд л бид тавьдаг. Үгээрээ, үйлдлээрээ зөв үлгэрлэж, үр хүүхдээ хайр, халамжинд бөмбөрүүлж өсгөхийг эрхэмлэцгээе. Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Барилгын кран зэргэлдээх орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны 20:45 цагт аймгийн Онцгой байдлыг газарт өгчээ.

Баригдаж буй байрны зүүн талын 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах гэж байсан учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авчээ.

Хугарсан краныг буулгах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн нэг ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.